| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
| Хэргийн индекс | 186/2024/0538/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/668 |
| Огноо | 2024-09-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Булаг-Ундрал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 2024/ШЦТ/668
2024 09 23 2024/ШЦТ/668
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Г.Булаг-Ундралаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,
улсын яллагч Г.Булаг-Ундрал,
хохирогч М.Н ,
шүүгдэгч М.У нарыг оролцуулан эрүүгийн 2311 0222 80871 дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр нээлттэйгээр хянан хэлэлцээд
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
У /РД:/, Монгол Улсын иргэн, 1994 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, дуудлагын жолооч ажилтай гэх, ам бүл 3, эх, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 29-405 тоотод оршин суух хаягтай, урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/196 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.У нь 2023 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 00 дугаар хороо, 0 тоотод хохирогч М.Н гийн эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдсаны улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч М.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Эмчилгээний зардалаа нэхэмжилж байгаа. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсам тавьж миний биед халдсан. Тэгээд цагдаа дуудсан чинь зугтаад явсан. Тухайн үед асуудлаа шийдэх боломж байсан. Тэгсэн одоо 1 жил 3 сар болж байгаа. Өмнө хэл амаар байнга доромжилж байсан. Би маш их гомдолтой байгаа. Одоо эмнэлэгт үзүүлсэн 1.350.000 мянган төгрөг нэхэмжилж байгаа. Баримтаар 370.000 төгрөг нэхэмжилж байгаа.” гэв.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хохирогч М.Н , гэрч С.С , гэрч Б.Ж нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн Дугаар 12933 тоот дүгнэлт, шүүгдэгч М.У ын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:
Шүүх хуралдаанд шүүгдэгч М.У гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудлаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөх байр суурьтай оролцсон байна.
Шүүгдэгч М.У нь 2023 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 00 дугаар хороо, 0 тоотод хохирогч М.Н гийн эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдаж хүний биед хоёр нүдний ухархайн дотор хананы хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн Дугаар 12933 тоот дүгнэлтээр “...М.Н гийн биед хоёр нүдний ухархайн дотор хананы хугарал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. ...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” (хавтаст хэргийн 37-38 дахь тал) гэх дүгнэлтээр хохирогч М.Н гийн биед Хууль зүйн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Дугаар А/216/422 тоот тушаалаар батлагдсан “Гэмтлийн зэрэг тогтоох, цогцост шинжилгээ хийх” журамд заасан хөнгөн хохирол учирсан байна.
Энэхүү хөнгөн хохирол учирсан үйл баримтын талаар оролцогч нар мэдүүлэхдээ:
Хохирогч М.Н мэдүүлсэн: “...2023 оны 6 дугаар сарын 23-нд 12 цаг өнгөрч байхад Чингэлтэй дүүргийн 00 дугаар хорооны Булгийн 00 тоот хаяганд хаалга нүдээд байхаар нь би гарахад манай дүү Д ийг найз болох У нь дуудахаар нь би байхгүй гэж хэлэхэд байгаа би мэдэж байна гээд над руу уурлаад байсан. Тэгээд гэнэт манай хашааны хаалга өшиглөөд ороод ирсэн. Тэгээд манай гэрийн гадаа хашаан дотор намайг хөөж ирээд миний толгой хэсэг рүү гараа атгаж байгаад хэд хэдэн удаа цохисон. Тэгээд бас миний хөл гар луу цохиж зодож байхад манай ээж С гарч ирээд намайг зодож байхыг болиулсан би тухайн хүнийг танихгүй. ...Миний толгой хэсэг рүү гараа атгаж байгаад хэд хэдэн удаа цохисон. Мөн миний нүүр хэсэг дээр дэвсэж зодож цохисон”,
“...У а нь намайг харааж зүхэж байгаад цохиж аваад манай ээжийг бас цохиж аваад байсан. Тэгээд байж байтал нөгөө У атай хамтдаа ирсэн машины жолооч ирээд бид нарыг салгаж байсан юм. Тэгээд түүнийг хашаанаас гаргаж байгаад хаалгаа хаасан чинь У а нь эргээд хашаанд хаалга өшиглөж орж ирээд намайг дахиад зодож байсан. Тэр үедээ хашааны хаалгатай намайг давхараар нь өшиглөж би хаалгатайгаа хойшоо давхралдаад унаж байсан. Тэгээд тэр У а нь ирээд намайг дээрээс хөлөөрөө дэвсэлж өшиглөж байсан юм. Хажуунаас ээж болиочээ гэж хэлээд салгаж байсан юм. Тэгээд түүнийг хашаанаас гаргаж байгаад хаалгаа хаасан чинь У а эргээд хашаанд хаалга өшиглөж орж ирээд намайг дахиад зодож байсан. Тэр үедээ хашааны хаалгатай намайг давхраар нь өшиглөж би хаалгатайгаа хойшоо давхралдаад унаж байсан. Тэгээд тэр У а нь ирээд намайг дээрээс хөлөөрөө дэвсэлж өшиглөж байсан юм. Хажуунаас ээж болиочээ гэж хэлээд салгаж байсан юм. Тэгээд намайг зугтаагаад гэртээ орох гэж байтал У а нь араас ирээд өшиглөж байсан юм. Тэгээд би гэртээ ороод 00-н цаас аваад хажуудах ногоон өнгийн байшиндаа ороод ам хамраас цус гарсан байсан тэрнийгээ арчиж цэвэрлэж байсан тэгж байгаад нөгөө ногоон өнгийн байшиндаа унтаж амарсан юм. ...намайг хаалгатай хамтад нь хавсарч өшиглөөд газарт унасан байх хойгуур нь миний дээрээс цээжин хэсэгт 3-4 удаа дэвсэлж байсан. Тэр үедээ нүүрэн дээр бас дэвсэлж байсан. ...У а нь намайг зодож байхад манай ээж болиулж байсан ба нөгөө хамтдаа ирсэн гэх таксины жолооч нь хараад байсан. Тэр ах бид нарыг салгаж байсан юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9, 63-65 дахь тал),
Гэрч С.С мэдүүлсэн: “...Би Чингэлтэй дүүргийн 00 дугаар хороо Булгийн 00 тоот хаягт 2000 оноос хойш амьдарч байна. Би уг хаягтаа өөрийн охин Н , хүү Д нарын хамтаар амьдардаг юм. Би одоо хэзээ гэдгийг сайн санахгүй байна. Чингэлтэй дүүргийн 00 дугаар хороо Булгийн 00 тоот хаягтаа би охин Н , хүү Д нарын хамтаар унтаж амарч байхад шөнө дунд цагийг нь сайн санахгүй байна манай хашааны хаалга чанга нүдээд байхаар нь би гэрээсээ гараад хашааны хаалга дэрээ очиход У гэх манай хүү Д ийн найз эмэгтэй ирчихсэн Д гээд орилоод байхаар нь би Доржоо байхгүй гээд хэлсэн чинь У яахаараа байдаггүй юм гээд над руу орилоод хэрүүл хийгээд байсан чинь гэрээс манай охин Н гараад ирсэн. Тэгээд намайг өмөөрөөд У тай маргалдаад хашааны хаалгаа хаачихаад бэхэлгээ хийгээд сууж байтал У хашааны хаалгыг цаад талаас нь өшиглөсөн чинь Н гийн толгой дээр уначихсан юм. Тэгсэн Н уурлаад У тай муудалцаад хоорондоо барьцалдаж аваад бие биентэйгээ зодолдоод эхэлсэн юм. ...Манай хашааны хаалгыг У өшиглөөд тэгсэн хаалга нь Н гийн толгой дээр унасан юм. Тэгсэн Н уурлаад тэр хоёр хоорондоо маргалдаад үсдэлцээд зодолдоод байхаар нь би дундуур нь орж салгасан юм”,
“...Н гэрээсээ гараад Д байхгүй байна гэж хэлж байсан. Тэгээд тэр хоёр хоорондоо хэрүүл маргаан болоод байсан тэгж байтал хоорондоо хэрүүл зодоон болоод байхаар нь би дундуур нь ороод салгаж байсан юм. Тэгсэн чинь хамтдаа ирж байсан таксины жолооч нь бууж ирээд бас л салгаж байсан. Би түүнд чи энэ хүнээ аваачээ гэж хэлж байсан. Тэгээд бид нар У аг гаргачихаад Н нь хаалгаа хаагаад түгжиж байсан чинь цаанаас нь У а нь хаалгатай нь давхар өшиглөөд ороод ирсэн. Н хаалгандаа дарагдаад доор нь ороод унасан байсан. Тэр үедээ бас л У а нь Н гийн дээрээс хөлөөрөө дэвсэлж байсан. Би бас л салгаж байсан. Тэгээд сүүлдээ арга ядаад У аг гэртээ оруулаад үзүүлж байсан. Д байхгүй гэж хэлээд гэртээ оруулаад үзүүлсэн тэгж байгаад дараагаар нь У а нь жорлон ороод үзэж байсан чинь манай хүү Д бие засчихаад гарч ирж байсан юм. Тэгээд тэр хоёр маргалдаж байгаад У а нь манай хүүхдийг загнаад байсан тэгэж байгаад тэр хоёр нөгөө таксиндаа суугаад яваад өгсөн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14, 68 дахь тал),
Гэрч Б.Ж мэдүүлсэн: “...2023 оны 6 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө байсан ингээд би өөрөө өөрийнхөө машинаараа ажлаа тараад ажилчдаа хүргэж өгөөд хамгийн сүүлд нь нэг ажилчин Шадивлангийн зусланд хүргэж өгчихөөд буцаад гэртээ харих гээд явж байсан чинь шөнө 24 цаг өнгөрч байхад санагдаж байна нэг охин хойдох зуслангийн зам дээр гар өргөж зогсож байсан тэгээд тэрнийг машиндаа суулгаад аваад явж байсан чинь дэнжийн мянга орно гээд явсан тэгээд нэг айлын гадаа ирээд хаалга тогшиж байсан чинь нэг залууг дуудаад байсан тэгсэн чинь эхлээд ээж нь гарч ирээд байхгүй гээд байх шиг байсан. Тэгсэн чинь нөгөө охин болохоор байгаа ш дээ гээд байсан. Нэг залуугийн нэр хэлээд байсан. Би одоо тэр дуудаад байсан залуугийнх нь нэрийг нь мэдэхгүй байна. Тэгж байтал цаанаас гэр дотроос нь бас нэг эмэгтэй гараад ирсэн. Тэгээд нөгөө залууг нь байхгүй чи яваад өг зайлаачээ гээд хоорондоо хэрүүл маргаан болж байсан тэгж байгаад барьцалдаж аваад хоорондоо зодолдож байсан ямар ч байсан би тэр хоёрыг машинаасаа бууж очоод салаад байж байтал нөгөө залуу нь гараад ирсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54 дэх тал),
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дэх тал),
Шүүгдэгч М.У яллагдагчаар мэдүүлсэн “...2023 оны 6 дугаар сарын 23-ны шөнө хэсэг найзуудынхаа хамтаар гадуур явж байгаад бид нар пиво ууцгаасан. Тэр үедээ Д , М, Мө нарын хамтаар явж байсан. Тэгээд бид нар явж байгаад нэг мэдсэн бүгдээрээ тараад салаад явсан байсан. Би өөрийнхөө найз залуу болох Д гэгчийн араас нь гэрт нь очиж байсан. Тэднийх болохоор Дэнжийн мянгад байдаг. ...би очоод найз залуугаа дуудаж байсан чинь түүний эгч нь болох Н болон ээж С нар нь ар араасаа гарч ирээд хүүхдээ байхгүй гэж хэлээд байсан болохоор нь найз Д ийг гэртээ байгаа гэдгийг нь мэдэж байсан учраас түүнийг тухайн үедээ дахин дахин дуудж байсан тэгээд бид нар тэр шөнө хэрүүл маргаан болоод би эгч нь болох Н гэгчтэй хоорондоо зодолдож байсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 78 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч М.У нь хохирогч М.Н гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь хангалттай, хөдөлбөргүйгээр, бүрэн нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч М.У нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж өөрийн үйлдлээр хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэмт хэргийг санаатай үйлджээ.
Шүүгдэгч М.У ын үйлдэлд гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.У ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч М.У ын үйлдсэн гэмт хэргийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч М.У ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал:
Хавтаст хэрэгт хохирогч М.Н гийн эрүүл мэндэд гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигтай холбоотой Энто фарм эмийн сангаас 2 удаагийн худалдан авалтаар нийт 3840 төгрөгийн баримт (хавтаст хэргийн 52 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газарт 8000 төгрөг тушаасан баримт (хавтаст хэргийн 83 дахь тал), Бриллант эмнэлэгт 120.000 төгрөгөөр шинжилгээ хийлгэсэн баримт (хавтаст хэргийн 84 дэх тал) тус тус авагдсан байна. Шүүгдэгч М.У нь хохирогч М.Н д 132.500 төгрөгийг 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдөр түүний Хаан банк дахь төгрөгийн 5027......... тоот дансанд шилжүүлсэн баримт авагджээ. Хохирогч М.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ эмчилгээний зардалд 1.350.000 төгрөг нэхэмжилж байгаа баримтаар 370.000 төгрөг нэхэмжилнэ гэсэн боловч дээрх нэхэмжлэлд хамаарах санхүүгийн баримтууд хэрэгт авагдаагүй, баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж хохирогчийн эрхийг хангах зорилгоор нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийхэд цугларсан нотлох баримтуудтай танилцахад Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Дугаар 902 тоот дүгнэлтээр М.Н гийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг тодорхойлж өвчний түүхэнд үзлэг хийсэн байна. Энэхүү дүгнэлтээр хохирогч цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй гэсэн болохыг дурьдах нь зүйтэй. Шүүгдэгч М.У нь хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдсон гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч М.У д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгч М.У ын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч М.У нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрснийг харгалзсаныг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч М.У ыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулан, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилго, улсын яллагын санал зэргийг харгалзан шүүгдэгч М.У д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн уулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжыг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Шүүгдэгч М.У нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хэрэгт битүүмжилэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У /РД:/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч М.У д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.У д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Шүүгдэгч М.У нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч М.Н нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.У д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР