Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 48

 

О.Хт холбогдох

эрүүгийн хэргийн тухай     

                                                                                                                                 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

 

            Прокурор: Г.Энэрэл,

            Хохирогч: Б.Д,

            Хохирогчийн өмгөөлөгч: Ж.Жаргалсайхан,

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Батхуяг нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/73 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч О.Хт холбогдох, эрүүгийн 2019000000083 дугаартай, 1 хавтас, 120 хуудас бүхий хэргийг хохирогч Б.Дын гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, О.Х-д холбогдуулан Дорноговь аймгийн прокурорын газрын прокурор Г.Энэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Шүүгдэгч О.Х согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 4-р багийн нутаг дэвсгэр, сумын төвд 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр иргэн Б.Дын нүүрэн тус газарт өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Цагаан овогт Отгонжаргалын Хувьтөгөлдөрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Хийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 төгрөгөөр торгох ял шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Хт оногдуулсан 800 000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

 

шүүгдэгч О.Х энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж,

 

хохирогч Б.Д гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогч Б.Д давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...О.Х энэ хэрэгт гэрчээр асуугдсан Эрдэнэ-Очиртой бүлэглэн намайг зодож, гэмтэл учруулсан, танхайрсан байхад хөнгөн гэмтэл учруулсан зүйл ангиар шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. Мөн шүүх хуралдаанд хохирогч намайг оролцуулах боломжоор хангалгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хохирогч би шүдээ эмчлүүлэх зардал мөнгөгүйн улмаас өнөөдрийг хүртэл эмчилгээнд хамрагдаж чадахгүй байна. Миний хувьд эмчилгээнд шаардагдах төлбөрийн талаар мөрдөн байцаалтад холбогдох баримтыг өгсөн боловч шүүх миний хохирлыг барагдуулах талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүйд гомдолтой байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцааж, хохирогч миний биед гэмтэл учруулсан О.Х, Ц.Эрдэнэ-Очир нарын үйлдлийг сайтар шалгуулж өгнө үү” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Д 2 удаа буюу 1 удаа гэрчээр 1 удаа хохирогчоор мэдүүлэг өгөхдөө оролцогчдын талаар маш тодорхой мэдүүлсэн байдаг. Гэрч нарын мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэгтэй зөрүүтэй байна. Гэрч Оюунгэрэл, Баяраа нарын мэдүүлэгтэй зөрүүтэй байдаг бөгөөд хохирогчийн мэдүүлгээр нотлогддог. Шинжээчийн дүгнэлтээр Б.Дад гэмтэл учраагүй боловч хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой халцралт, зулгаралт гэсэн гэмтэл үүссэн байдаг. Иймээс хохирогчийн мэдүүлгийг нягталж бүрэн дүүрэн шалгаж нотолж чадаагүй, оролцогчдын хэр хэмжээг дутуу шалгасан байна. Б.Дын хэлснээр Бат-Эрдэнэ оролцоогүй боловч хөхүүлэн дэмжсэн гэдэг нь гэрч Оюунгэрэлийн мэдүүлэгт дурдсан байдаг. Бат-Эрдэнэ бол уг зодооныг хөндлөнгөөс харсан ч хөхүүлэн дэмжиж оролцсон үндэслэл байна. Нөгөө талаас Эрдэнэ-Очирын оролцоонд дутуу шалгагдсан үндэслэлүүд байгаа. Хохирогчийг шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй. Хохирогч Б.Д нийт 600000 төгрөгний баримтыг өгсөн гэдэг боловч хэрэгт энэ талаар баримт байгаагүй. Нөгөө талаар томографт харуулсан 120000 төгрөгний баримт байхгүй зөвхөн зураг байдаг. Б.Д зохих ёсны баримтаа гаргаж өгсөн байхад надад нэг ч төгрөг өгөөгүй гэж хэлдэг учраас энэ талаар нэмж тодруулах шаардлагатай учраас шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.

 

Прокурор Г.Энэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан хохирогчийн шүүх хуралдаан оролцох эрхийг хангаж, боломжит бүх хувилбараар мэдэгдсэн. Хохирогчийн мэдүүлэгт шүүх хуралдаанд оролцохгүй талаар мэдэгдсэн учраас анхан шатны шүүх хуралдааныг явуулж шийдвэр гаргасан. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр Б.Дын биед хөнгөн гэмтэл учруулсан талаар дурдагдсан. Эрүүл мэндэд учирсан хохирлын талаар О.Х нь Б.Дын нүүрэн тус газар 1 удаа өшиглөсөн талаар гэрч нар мэдүүлдэг. Эрдэнэ-Очир  Б.Дад гэмтэл учруулсан талаар мэдүүлдэггүй. Харин зодох биш эсрэгээрээ О.Х, Б.Д нарын зодооныг салгахаар “болиоч гэртээ орчих” гэж салгах байдлаар оролцсон талаар гэрчүүд мэдүүлдэг. Хохирол төлбөрийн хувьд хавтаст хэрэгт хохирол нэхэмжилсэн ямар нэгэн баримт авагдаагүй болохоор иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн байна. Иймээс хохирогчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэл, хохирогчийн давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Хавтаст хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад дүн шинжилгээ хийж, харьцуулан судалж үзэхэд шүүгдэгч О.Х согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 4-р багийн нутаг дэвсгэр, сумын төвд 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр иргэн Б.Дын нүүрэн тус газарт өшиглөж, эрүүл мэндэд “...үүдэн баруун дээд 1-р шүд хажуу хэсгийн эмтрэл, баруун дээд 2-р шүд уг хэсгийн хугарал/хх-21/ хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон байх ба шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч, гэрчүүд шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн талаар мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж мэдүүлжээ.

 

Харин О.Х, Ц.Эрдэнэ-Очир нарыг бүлэглэн хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх буюу гэрч Ц.Эрдэнэ-Очир /хх-ийн 29/, Б.Бат-Эрдэнэ /хх-ийн 33/, С.Баяраа /хх-ийн 39/, Э.Оюунгэрэл /хх-ийн 41/ нарын мэдүүлгээр шүүгдэгч О.Х нь хохирогчийн нүүрэн тус газарт өшиглөсөн хууль бус үйлдлийн улмаас хохирогч Б.Дын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан болох нь тогтоогдсон, гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж мэдүүлсэн байх тул “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн бодит байдал, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр бүрэн тогтоогдсон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм.  

 

            Өөрөөр хэлбэл гэрч Б.Бат-Эрдэнэ/хх-33/, С.Баяраа/хх-39/, Э.Оюунгэрэл/хх-41/ нарын мэдүүлгээр Ц.Эрдэнэ-Очирыг О.Хтэй бүлэглэж, хохирогч Б.Дын “үүдэн баруун дээд 1-р шүд хажуу хэсгийн эмтрэл, баруун дээд 2-р шүд уг хэсгийн хугарал” гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдохгүй байна.

 

             Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол “Бүлэглэн гүйцэтгэсэн” гэж үздэг учир дээр дурдсан нотлох баримт болон мэдүүлгүүдээр гэрч Эрдэнэ-Очир нь шүүгдэгч О.Хтэй бүлэглэн хохирогчийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэх үндэслэлгүй болно.

 

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүйн гадна гэмт хэргийн үйл баримтыг нотолжээ.

 

Тиймээс хохирогч Б.Дын “...О.Хийг гэрч Эрдэнэ-Очиртой бүлэглэн намайг зодож, гэмтэл учруулсан, танхайрсан байхад хөнгөн гэмтэл учруулсан зүйл ангиар О.Хийг дангаар гэмт хэрэг үйлдсэн мэтээр хэргийг буруу шийдвэрлэсэн” гэсэн гомдол үндэслэлгүй юм.

 

Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдээгүй тухайд, шүүхээс түүний гар утас руу удаа дараа залгахад холбогдох боломжгүй байсан учир ээжид нь мөн хэсгийн байцаагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн болох нь баримтаар тогтоогдож байх тул энэ талаарх хохирогчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Мөн хохирогчийн  “..би шүдээ эмчлүүлэх зардал мөнгөгүйн улмаас өнөөдрийг хүртэл эмчилгээнд хамрагдаж чадахгүй байна. Миний хувьд эмчилгээнд шаардагдах төлбөрийн талаар мөрдөн байцаалтанд холбогдох баримтыг өгсөн боловч шүүх миний хохирлыг барагдуулах талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй” гэсэн гомдлын тухайд хүлээн авах боломжгүй. Учир нь хохирогчийн эмчилгээнд шаардагдах төлбөртэй холбоотой баримт болон компьютер томограф хийлгэсний төлбөрийн баримт тус тус хавтаст хэрэгт авагдаагүй, мөн хэргийг мөрдөн шалгах явцад хохирол, төлбөртэй холбоотой баримтыг хохирогчоос өгөөгүй болохыг прокуророос шүүх хуралдаанд тайлбарласан болно.

 

Тиймээс анхан шатны шүүх хохирогчийг, хохирол төлбөртэй холбоотой асуудлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд хохирогчоос шүдээ эмчлүүлэх зардал, мөнгөтэй болох санхүүгийн боломжийг хүлээлгүйгээр, эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр холбогдох баримтыг бүрдүүлэн гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд болох шүүгдэгч О.Хөөс шаардах, нэхэмжлэх эрхтэй болохыг түүнд мэдэгдэж байна.   

 

Анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан гэж дүгнэж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцсэн, шүүгдэгч О.Хийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул эдгээр үндэслэлээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд улсын яллагчаас гэм буруугийн санал хэлсэн эсхүл хэлээгүй талаар тусгагдаагүй байгааг /гэхдээ хэрэгт улсын яллагчийн саналыг хавсаргасан байх тул энэхүү нөхцөл байдлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзсэнгүй/ анхан шатны шүүх цаашид анхаарахыг магадлалд тэмдэглэж байна.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/73 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Дын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 14.2, 14.3 дугаар зүйлд зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл хугацаанд шүүгдэгч О.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

 

                                                ШҮҮГЧИД                                   А.САЙНТӨГС

 

                                                                                                    Н.БОЛОРМАА