| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоогийн Баярмаа |
| Хэргийн индекс | 182/2024/03676/И |
| Дугаар | 001/ХТ2026/00067 |
| Огноо | 2026-02-26 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2026 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 001/ХТ2026/00067
| “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Н.Баярмаа, Э.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 191/ШШ2025/03827 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 210/МА2025/01885 дугаар магадлалтай, “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Ш” ХХК-д холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 891,059,867 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Ч, В.О, Ш.О, Б.Б, П.Ш, С.Б, Ц.Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, Б.Б, гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд С.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, түүний өмгөөлөгч Ц.Сайнбат, гуравдагч этгээд Б.Г-ийн өмгөөлөгч Н.Одонтуяа, гуравдагч этгээд Н.А-ийн өмгөөлөгч Г.Минжмаа, гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд Д.Ч, В.О нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О, гуравдагч этгээд н.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: 1. Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч “Ш” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 891,059,867 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг гаргаж, хариуцагч эс зөвшөөрч маргажээ. 2. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 191/ШШ2025/03827 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-т заасныг баримтлан хариуцагч “Ш” ХХК-аас 891,059,867 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч “Ш” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-17*** дугаарт бүртгэгдсэн, 00052*** тоот гэрчилгээний дугаартай, “Ш” ХХК-ийн эзэмшлийн *** хаягт байршилтай орон сууцны зориулалттай 75 хувийн гүйцэтгэлтэй, 2,121.12 м.кв талбай бүхий орон сууцны барилгаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,841,405 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 44,771,205 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ. 3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 210/МА2025/01885 дугаар магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 191/ШШ2025/03827 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, уг заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хариуцагч “Ш” ХХК-д холбогдох, барьцаа хөрөнгө болох “Ш” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй, *** хаягт байршилтай, 2,121.12 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай 75 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч “А” ХХК-ийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж шийдвэрлэсэн. 4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Ч, В.О, Ш.О, Б.Б, П.Ш нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172 дугаар зүйлийн 172.2.4-д заасны дагуу дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. 4.1 Анхан шатны шүүх Иргэний хуулийн 156 дугаар зүйллийн 156.1, 156.2-т заасан шаардлага хангаагүй гэрээ гэж үзэж үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хариуцагч болон нэхэмжлэгч талаас үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэх гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргасан бөгөөд тухайн үед гуравдагч этгээдээр оролцож буй иргэд захиргааны хэргийн шүүхэд улсын бүртгэлийн хэлтсийг хариуцагчаар татан барьцааны гэрээг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг захиргааны хэргийн шүүх хүлээн авсан ба шийдвэрлэх эсэх нь эргэлзээтэй байтал Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй буюу хуульд заагаагүй эрх эдэлсэн гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй. Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүх захиргааны хэргийн шүүхийн гаргах шийдвэрийг гаргасан гэж үзэн шийдвэрт өөрчлөлт оруулсан, захиргааны хэргийн шүүх нь иргэний хэргийн шүүх шийдэх ёстой гэж үзсэн. Хэргийг аль шүүх шийдэх нь тодорхойгүй байдлаар биднийг хохироож байна. 4.2 Давж заалдах шатны шүүх барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцааны гэрээтэй холбоотой маргааныг шийдвэрлэхийн хамт Улсын бүртгэлийг хариуцагчаар татсан эсэхээс үл шалтгаалан Улсын бүртгэлийн асуудлыг шүүхийн шийдвэрийн биелүүлэх арга журмыг тодорхойлон нэг мөр шийдэх боломжтой байсан атал өөрсдөөсөө зайлуулан захиргааны хэргийн шүүх шийдэх маргаан байсан мэтээр хандаж байгаад гомдолтой байна. Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн үнэлж, иргэний хэргийн маргаан гэж үзэж хуульд заасан эрхээ бүрэн хэрэгжүүлэн шийдсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ. 5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Б, Ц.Б нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалддах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.4-т заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. 5.1 Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасан үндэслэлээр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Магадлалын үндэслэл болсон захиргааны хэрэг нь Улсын дээд шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 101 дүгээр тогтоолоор “... иргэний хэргийн шүүхэд харъяалагдах маргаан ...” гэх үндэслэлээр гуравдагч этгээдээр оролцож буй Д.Ч-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгосон. Түүнчлэн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 164/ШЗ2025/0298 дугаартай захирамжаар П.Ш, Ш.О, С.Б, Ц.Б нарын нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.2-т заасны дагуу захиргааны хэргийн харъяаллын бус иргэний хэргийн шүүх шийдвэрлэх маргаан гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан үндэслэл байхгүй тул иргэний хэргийн шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.
5.2 Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлийн тухайд: Анхан шатны шүүх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй. Учир нь гуравдагч этгээд болох Ц.Б болон С.Б нар нь зээлийн гэрээ байгуулагдахаас өмнө “Ш” ХХК-тай захиалгын гэрээ байгуулж, төлбөрийг бүрэн барагдуулсан. Гэтэл хариуцагч нь Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6, 157.6.2-т заасан барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй. Гуравдагч этгээдүүдийн хувьд маргаан бүхий байрыг барьцаанд тавьсныг мэдээгүй бөгөөд “Ш” ХХК нь улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулсан тохиолдолд захиалагч нарын нэрсийг Улсын бүртгэлд гарган өгч урьдчилсан тэмдэглэгээг хийлгэх ёстой боловч энэ үүргээ хэрэгжүүлээгүй. Энэ үндэслэлээр гуравдагч этгээдүүдийг буруутгах үндэслэлгүй юм. Захиалагч нар төлбөрөө шилжүүлсэн байхад хариуцагч компани зээл төлөх боломжгүй байдал үүссэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд тэрээр зээл төлөх сонирхолгүй, захиалагч нарын байрыг зээлийн төлбөрт өгөх сонирхолтой байна гэж үзэхээр байна. 5.3 Зээлийн гэрээ болон барьцааны гэрээний хувьд: “Ш” ХХК болон “А” ХХК нарын хооронд 2021.07.23-ны өдөр ЗГ07232021 дугаартай зээлийн гэрээг байгуулагдсан. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.3-т “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна” гэж заасан бөгөөд тухайн цаг хугацаанд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай" хуулиар банк бус санхүүгийн байгууллагаас олгох зээлийн үйл ажиллагааг зохицуулж байсан. Өөрөөр хэлбэл “А” нь “Ш” ХХК-д зээл олгохдоо дээрх хуулийг мөрдөж ажиллахаар хуульчилсан. Гэвч гэрээний талууд дээрх хуулийн заалтыг гэрээ байгуулахдаа баримтлаагүй. Тухайлбал: Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т “Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, зээлийн хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно’’. 19.5-д “Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэжээ. Үүнээс үзэхэд “Ш” ХХК болон “А” ХХК нарын хооронд 2021.07.23-ны өдөр ЗГ07232021 дугаартай зээлийн гэрээ нь тус хуулиар тогтоосон журмыг биелүүлээгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл" хүчин төгөлдөр бус байхаар зохицуулсан. Түүнчлэн Мөнгө угаах болон тероризмыг санхүүжүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Энэ хуулийн 4.1-д заасан этгээд 20 сая төгрөг, түүнээс дээш үнийн дүнтэй бэлэн мөнгөний, гадаад төлбөр тооцоо болон виртуал хөрөнгийн гүйлгээний тухай мэдээллийг гүйлгээ хийгдсэнээс хойш ажлын таван өдрийн дотор батлагдсан маягт, журмын дагуу Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх үүрэгтэй” гэж заасан. Гэтэл “А” ХХК нь хуульд заасан мэдээлэх үүргээ хэрэгжүүлээгүйгээс гадна, нийт дүрмийн сангийн 40 орчим хувьтай тэнцэх 385,000,000 төгрөгийг ямар эх үүсвэрээс хэрхэн бэлнээр гаргаж өгсөн талаарх баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй, зөвхөн бэлнээр зээл олгосон гэх гар бичмэл хэрэгт авагдсан байдаг. Дээрх үндэслэлүүдээр талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл бөгөөд хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хэлцэл нь мөн хүчин төгөлдөр бус болох учиртай. Мөн барьцааны гэрээ нь Иргэний хууль болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй. Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-т “барьцааны гэрээ байгуулах үед барьцаалах хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн шаардлага байгаа бол түүнд барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх”-ээр хуульчилсан боловч захиалагч Ц.Б болон С Б нарт мэдэгдээгүй Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлд барьцааны гэрээнд тусгах зүйлийг хуульчилсан. Тус зүйлийн “11.1.9-д барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн эд хөрөнгийн эрх” барьцааны гэрээнд тусгахаар хуульчилсан боловч энэ талаар тухайн гэрээнд тусгаагүй. Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Энэ Хуулийн 11 дүгээр зүйл болон улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасан журмыг зөрчсөн гэрээг улсын бүртгэлд бүртгэхийг хориглоно”, 12.3-т “Улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчиж бүртгүүлсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж зохицуулснаас үзэхэд “А” ХХК болон “Ш” ХХК нарын хооронд 2021.07.23-ны өдөр байгуулсан БГ07232021 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэхээр байна. Иймд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шийдвэр магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ. 6. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 001/ШХТ2026/00202 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Ч, В.О Ш.О, Б.Б, П.Ш, С.Б, Ц.Б нарын гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ. ХЯНАВАЛ 7. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Ч, В.О Ш.О, Б.Б, П.Ш С.Б, Ц.Б нарын гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй. 8. Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч “Ш” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 891,059,867 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...2021.07.23-ны өдөр ЗГ07232021 тоот зээлийн гэрээ, БГ07232021 тоот барьцааны гэрээний дагуу үндсэн зээл 385,000,000 төгрөг, зээлийн хүү 423,423,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 82,615,867 төгрөг, нотариаттын төлбөр 21,000 төгрөг, нийт 891,059,867 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах үндэслэлтэй.” гэж тайлбарласан. 9. Хариуцагч “Ш” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “... Манай компани зээл авсан талаар маргахгүй боловч нэхэмжлэгч банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү хэт өндөр байгаагийн зэрэгцээ зээл авснаас хойш 20,000,000 төгрөг төлсөн ч үндсэн зээлээс хасагдаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.” гэжээ. 10. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүд шүүхэд гаргасан тайлбартаа: “... “Ш” ХХК-тай орон сууц захиалах гэрээг байгуулж, ... гэрээний дагуу төлбөрийг төлсөн. Уг байрыг улсын комисс хүлээн аваагүй байгаа ч “Ш” ХХК нь “А” ХХК-ийн барьцаанд тавьсныг сүүлд мэдсэн. Шүүхээс тус байрны орон сууцны өмчлөгчөөр нэр бүхий иргэдийг тогтоосон бөгөөд “Ш” ХХК-ийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн хариуцлагыг захиалагчийн хөрөнгөөр барагдуулах нь бидний өмчлөх эрхэд халдах үйлдэл болж, хууль ёсны эх ашиг хөндөгдөж байна.” гэжээ. 11. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу зээлийн гэрээний үүрэгт 891,059,867 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шийдвэрийн үндэслэлд: 11.1 “... “А” ХХК, “Ш” ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан харилцаа үүссэн. Зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал, зээл авсан эсэх, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол, төлбөрийн үлдэгдэл, ... 385,000,000 төгрөг бэлнээр хүлээн авсан зэрэгт хариуцагч маргаагүй. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. Иймд гэрээний 3.1-т ... хугацааг дуусгавар болгож, зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөр, ийнхүү дуусгавар болсноос хойших хугацааны хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй, мөн гэрээний 3.5-д Гэрээ болон барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэх эрх бүхий байгууллагад бүртгүүлэхтэй холбогдон гарсан зардлыг зээлдэгч хариуцна гэж тохиролцсон байх тул нотариатын үйлчилгээний хөлсийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй. 11.2 Харин барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-д заасан хэлбэрийн шаардлагыг хангасан гэж үзэхгүй. Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2019.11.01-ний өдрийн 01/1335 дугаартай албан бичгийг Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн байх ба албан бичигт “... орон сууцанд орохоор захиалга өгсөн 28 алба хаагч хамт олны хурлаар хэлэлцэн “Ш” ХХК-тай 2019.11.01-ний өдөр байгуулсан гэрээний 3.21-д заасны дагуу барилга, орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг арилжааны банкны барьцаанаас бүрэн чөлөөлж нийтийн эзэмшилд шилжүүлэх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож, дутуу баригдсан барилга, орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг “Ш” ХХК-ийн нэр дээр гаргуулахыг хүлээн зөвшөөрч байгаа болно.” гэж дурдсан. Гэвч захиалга өгсөн тус байгууллагын 28 алба хаагчид болон бусад захиалагч нарыг төлөөлөх эрх Хөвсгөл аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газарт олгогдоогүй, мөн хариуцагч “Ш” ХХК нь өмчлөх эрх үүссэн захиалагч нараас зөвшөөрөл авсан гэх үндэслэл тогтоогдоогүй хариуцагч нь татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүй..” гэж дүгнэсэн. 12. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулж буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т заасныг баримтлан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Магадлалд “... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.7-д заасан “зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаарх өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа” гэсэн үндэслэл илэрсэн байхад анхан шатны шүүх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахтай холбоотой шаардлагыг шийдвэрлэсэн нь буруу болсон. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 126/ШЗ2024/0418 дугаар захирамжаар “Ш” ХХК, “А” ХХК-ийн байгуулсан 2021.07.23-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бүртгэсэн улсын бүртгэгчийн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай Д.Ч-ын нэхэмжлэлээр Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн. Мөн Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн захирамжаар дээрх гэрээг хүчингүй болгуулах тухай П.Ш, Ш.О, С.Б, Ц.Б нарын нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэсэн бөгөөд эдгээр нэхэмжлэгчид нь энэ иргэний хэргийн гуравдагч этгээдүүд байна.” гэжээ. 13. Хоёр шатны шүүх барьцааны шаардлагад холбогдох нэхэмжлэлийг ялгаатай шийдвэрлэсэн. Тодруулбал, анхан шатны шүүх барьцааны гэрээ хэлбэрийн шаардлага хангаагүй үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бол давж заалдах шатны шүүх захиргааны хэргийн шүүх барьцааны бүртгэлтэй холбоотой маргааныг шийдвэрлэж байгаа үндэслэлээр уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн дүгнэлт өгсөн байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн ялгаатай шийдлийг дурдаж, давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэж гуравдагч этгээдээс хяналтын журмаар гомдол гаргасныг шүүх хуралдаанаар хэлэлцлээ. 14. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим үндэслэл тогтоогдож байх боловч гомдолд дурдсанчлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх боломжгүй байна. Тодруулбал, барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг иргэний хэргийн журмаар шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн талаарх захиргааны журам зөрчсөн үндэслэлээр хянагдаж буй захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлэсний дараа иргэний журмаар хэргийг шийдэхээр дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй. Захиргааны байгууллага, захиргааны чиг үүргээ зөрчиж ипотекийг бүртгэсэн эсэх нь хувийн эрх зүйн үүднээс барьцаалагчийн шаардах эрхийг тогтооход шууд нөлөөлөх эсэхийг иргэний хэргийн шүүх тухайн шаардлагыг хянан шийдвэрлэх явцдаа дүгнэх боломжтой. Түүнчлэн тус хэргийн тохиолдолд давж заалдах шатны шүүхийн үндэслэл болгон дурдсан захиргааны хэргүүд эцэслэн шийдвэрлэгдсэн байсан талаар хэргийн оролцогчид тайлбарлаж байна. 15. Анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж эхлэхээс өмнө бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Сайнбат шүүхэд хандан тус хэрэгтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгуулж байгаа талаар дурдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий баримт гаргуулах хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх хүсэлтийг хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д нийцсэнгүй. Олон тооны иргэдээс орон сууцны захиалга авч, урьдчилгаа төлбөр төвлөрүүлэхийн зэрэгцээ дуусаагүй барилгыг барьцаалан банк болон банк бус байгууллагаас зээлийн санхүүжилт авах замаар өмчлөх эрхийг ирээдүйд шилжүүлэхийг шаардах эрх бүхий сууц захиалагч, зээл, барьцааны эрхийг шаардах эрх бүхий зээлдүүлэгчтэй нэг үл хөдлөх эд хөрөнгийн талаар хоёр үүрэг зэрэгцүүлэн үүсгэх харилцаа түгээмэл тохиолдох болсон. Гэтэл ийнхүү хоёр үүрэг зэрэг үүсгэсэн барилгын үндсэн захиалагч буюу үл хөдлөх эд хөрөнгө хөгжүүлэгч нь эдгээр харилцааны үндсэн үүрэг болох эрхийн хязгаарлалтгүй орон сууцыг захиалагчид шилжүүлэх, гэрээнд заасан хугацаанд зээл, хүүгээ төлөх үүрэгтээ хайнга хандаж биелүүлж чадаагүйгээс шалтгаалсан хэрэг, зөрчил иргэний болон эрүүгийн хэргийн журмаар давхцан шийдвэрлэгдэж байна. Энэ нөхцөл байдал нь өөр хоорондоо нийцээгүй шүүхийн шийдвэр гарах шалтгаан болж, үл хөдлөх эд хөрөнгөд санхүүжилт хийсэн аль аль талын эрх ашигт сөрөг нөлөөлөх үр дагавартай байна. 16. Анхан шатны шүүх хуралдаанд гуравдагч этгээд нарын өмгөөлөгчийн дурдсанаар эрүүгийн журмаар шалгагдаж буй хэрэг нь тус хэргийн хариуцагч “Ш” ХХК нь захиалагч нарыг хууран мэхэлж, баримт бичиг бүрдүүлэн, зохиомол байдлыг зориуд бий болгон “А” ХХК-аас зээл авсан тухай гуравдагч этгээдийн гомдлоор үүссэн хэрэг гэжээ. Иймд эрүүгийн журмаар шалгаж байгаа дээрх хэргээс хүсэлтэд дурдагдсан баримтууд болох яллагдагчаар татсан тогтоол, хохирогч нарын хохирогчоор тогтоосон тогтоол, мэдүүлгийг татан авахуулах өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж, эдгээр баримт, зохигчийн тайлбар, бусад нотлох баримтад үндэслэн эрүүгийн хэрэгт иргэний журмаар нэхэмжлэл гаргасан эсэх, энэ хэргийг иргэний журмаар тусад нь хянан шийдвэрлэх нь эрүүгийн хэргийг шалгах ажиллагаанд нөлөөлөх эсэх байдлыг тодруулан үзсэний үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 17. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаахаар тогтов. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 191/ШШ2025/03827 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 210/МА2025/01885 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ш.О, С.Б, Ц.Б нар нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид Ш.О 2026.02.04-ний өдөр 70,200 төгрөг, С.Б 2025.12.15-ны өдөр 70,200 төгрөг, Ц.Б 2025.12.15-ны өдөр 70,200 төгрөг тус тус төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ ШҮҮГЧИД Н.БАЯРМАА Э.ЗОЛЗАЯА Б.УНДРАХ Д.ЦОЛМОН
|