| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2022/1493/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1103 |
| Огноо | 2024-10-15 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Ч.Батзориг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1103
2024 10 15 2024/ШЦТ/1103
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Ч.Б /томилолтоор/,
Шүүгдэгч Х.А, Ц.Б, тэдгээрийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл /ҮД:0463/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Бийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х.Аийг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2402 00444 0273 дугаартай 2 хавтаст эрүүгийн хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 19....... оны 03 дугаар сарын .......-ны өдөр Төв аймгийн ............ суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, автын инженер мэргэжилтэй, цэргийн байнгын тэтгэвэрт байдаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн ........дугаар хороо, ......... дугаар байрны ........... тоотод оршин суух хаягтай, 2011 онд Цагдаагийн ерөнхий газрын “..........”, 2016 онд Цагдаагийн ерөнхий газрын “............ 2”, 2017 онд Цагдаагийн ерөнхий газрын “Баярын бичиг”, 2018 онд Цагдаагийн ерөнхий газрын “............”, 2019 онд Цагдаагийн ерөнхий газрын “...........”, 2020 онд “Цэргийн хүндэт медаль”, 2021 онд “Цагдаагийн гавьяа тэмдэг”, 2023 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Баярын бичиг”-ээр тус тус шагнагдаж байсан, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Хгийн А /РД:............/,
2. Монгол Улсын иргэн, 19........ оны 04 дүгээр сарын ...........-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, цэргийн байнгын тэтгэвэрт байдаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн ......... дугаар хороо, ......... дугаар байрны......... тоотод оршин суух хаягтай, 2004 онд Цагдаагийн ерөнхий газрын “Хүндэт жуух”, 2007 онд Цагдаагийн ерөнхий газрын “Спортын алдар”, 2009 онд Цагдаагийн ерөнхий газрын “Баярын бичиг”, 2016 онд Цагдаагийн ерөнхий газрын “Цагдаагийн гавьяа” тэмдэг, 2017 онд Цагдаагийн ерөнхий газрын “Албаны төлөө 2”, 2019 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг”, 2020 онд байгууллагын “Баярын бичиг”, 2021 он Хууль зүй, дотоод хэргийн яамны “Цагдаагийн алдар” хүндэт тэмдэг, 2022 онд Цагдаагийн ерөнхий газрын “Албаны төлөө 1”, 2022 онд байгууллагын “Ажил мэргэжлийн аварга”, 2023 онд “Цэргийн хүндэт медаль”-аар тус тус шагнагдаж байсан, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Т овогт ЦБ /РД:.............../,
Хэргийн товч агуулга:
1. Х.А нь Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн техникийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа танил дүү болох Ц.Аын Бүгд Найрамдах Солонгос Улсын Элчин сайдын яаманд виз мэдүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.6 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 37.1.1, 37.1.2 дахь хэсэг, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг 7.1.1-д заасан “албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх” гэснийг,
7.1.6-д заасан “7.1 .б.албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэснийг,
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны А/201 дугаартай тушаалаар батлагдсан “Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэм’’-ийн 1.4 дэх хэсэгт заасан “Энэ дүрмийг алба хаагч үйл ажиллагаандаа мөрдлөг болгох бөгөөд байгууллагын нэр хүндэд харшлах аливаа зохисгүй үйлдэл гаргахгүй байх, хууль, цагдаагийн алба хаагчийн нэр төр, ёс зүйг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлнэ” гэснийг,
мөн дүрмийн 2 дахь зүйл 2.1.7-д заасан “Хууль зөрчсөн, авлига авсан, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэн ашигласан аливаа үйлдэлтэй эвлэрэхгүй байх бөгөөд албан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэхэд нөлөөлсөн аливаа дарамт, шахалт, аливаа нөлөөллийн талаар өөрийн удирдах албан тушаалтан, эсхүл эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх” гэснийг тус тус зөрчиж, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Статистик мэдээллийн хэлтсийн Лавлагааны сангийн эрхлэгч Ц.Бтой гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцож, Түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ажлын байрандаа 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Лавлагааны санд өөрийн цахим бүртгэлийн системийн ри001020005 дугаар бүхий эрхээр хандаж, Ц.А (РД:УШ96040751)-ын ял шийтгэлийн талаарх мэдээллийг өөрчилж, Ц.Ат давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон,
Ц.Б нь Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Статистик мэдээллийн хэлтсийн Лавлагааны сангийн эрхлэгчээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн техникийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Х.Атэй гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцож, түүний танил дүү болох Ц.Аын Бүгд Найрамдах Солонгос Улсын Элчин сайдын яаманд виз мэдүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.6 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 37.1.1, 37.1.2 дахь хэсэг, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам (код) 706-ийн 706.2.1, 706.2.2, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны А/201 дугаартай тушаалаар батлагдсан “Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 1.4 дэх хэсэгт заасан “Энэ дүрмийг алба хаагч үйл ажиллагаандаа мөрдлөг болгох бөгөөд байгууллагын нэр хүндэд харшлах аливаа зохисгүй үйлдэл гаргахгүй байх, хууль, цагдаагийн алба хаагчийн нэр төр, ёс зүйг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлнэ” гэснийг,
мөн дүрмийн 2 дахь зүйл 2.1.7-д заасан “Хууль зөрчсөн, авлига авсан, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэн ашигласан аливаа үйлдэлтэй эвлэрэхгүй байх бөгөөд албан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэхэд нөлөөлсөн аливаа дарамт, шахалт, аливаа нөлөөллийн талаар өөрийн удирдах албан тушаалтан, эсхүл эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх” гэснийг болон албан тушаалын тодорхойлолтод заасан гүйцэтгэх чиг үүргийг тус тус зөрчиж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ажлын байрандаа 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Лавлагааны санд өөрийн цахим бүртгэлийн системийн ри001020005 дугаар бүхий эрхээр хандаж, Ц.А (РД:УШ96040751)-ын ял шийтгэлийн талаарх мэдээллийг өөрчилж, Ц.Ат давуу байдал бий болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.А өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар:
Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт-аюулгүй байдлын газрын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 6/5892 дугаартай албан бичиг, түүний хавсралтаар ирүүлсэн Ц.Бт албаны шалгалт явуулсан талаарх баримтууд /хх.1.4-39/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Аын өгсөн: “... Ингээд би Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2020 оны 12 сарын 18-ны өдөр орж 450,000 төгрөгийн торгуулийн ял шийтгэл авсан. Миний бие цагдаад ажиллаж байхдаа 2022 онд хэдэн сард гэдгийг сайн санахгүй байна. Цайз-16 захын тэнд машин барьж явж яваад нэг машины араас очоод мөргөчихсөн юм. Тэгсэн миний мөргөсөн машины жолооч нь энэ нэр дурдагдаж байгаа А гэж ах байсан юм, тэгж л бид хоёр анх танилцаж засварын газар очиж машин, тэргийг засуулж өгөөд салсан. Тухайн үед А ах “ахтайгаа холбоотой байгаарай” гэж хэлсэн болохоор тэрнээс хойш би хааяадаа түүнтэй утсаар ярих, чатаар юм бичиж мэнд ус мэдэх иймэрхүү байдлаар Амараа ахтай харилцаатай явдаг байсан үнэн.
Энэ оны 01 сарын үед би Хил хамгаалах ерөнхий газрын тэнд нэг хүнээс юм авчхаад буцаад явж байхдаа А ахтай тааралдсан. Бид хоёр хэсэг юм ярьж суусан, тэгж байхдаа би Амараа ахаас “дүү нь эхнэрээсээ салсан, хүүхдийн тэтгэмж төлдөг, түрээсийн байранд амьдарч байгаа, дээр нь цалингийн зээлтэй, авдаг цалин маань хаанаа ч хүрдэггүй, Солонгос руу явж ажил хиймээр байна, амьдрал ахуй жаахан хэцүүхэн л байна, Солонгосын виз мэдүүлгийн газарт очиж виз мэдүүлэхэд бүрдүүлэх материалын талаар тодруулж асуусан чинь ял шийтгэл эдэлж байсан бол тус улсын виз гардаггүй гэж байна, тэгэхээр дүү нь ял шийтгэлтэй болохоор Солонгос улс руу явах ямар ч боломжгүй болоод байна, ял шийтгэлгүй гэсэн лавлагаа гарах боломжтой байдаг юм болов уу" гээд асуусан чинь Амараа ах, ахад нь нэг таньдаг хүн байгаа, тэр хүнээсээ ийм лавлагаа гарах боломжтой, үгүйг нь мэдээд чамд эргээд хариу хэлсэн боловч тэрнээс хойш Амараа ах над руу огт яриагүй, огт юм бичээгүй таг чиг болсон. Би ч гэсэн энэ талаар Амараа ах руу ярьж асуугаагүй. Гэтэл 5 сарын дундуур ЦЕГ-ын Дотоод хяналт-аюулгүй байдлын газрын ахлах байцаагч Амарбаясгалан гэж хурандаа над руу утсаар яриад “чамаас нэг зүйл тодруулах шаардлагатай байна, чи ажил дээр хүрч ирээд уулзаадхаач” гэсэн. Тэгэхээр нь би ЦЕГ-ын төв байран дээр ирж хурандаа Амарбаясгалантай уулзахад тэрээр “Хүний нөөцийн хэлтсээс манай газарт нэг албан бичиг ирсэн, өмнөх жилд чиний ял шийтгэл чинь санд бүртгэлтэй байсан гэтэл энэ жил шалгаж үзэхэд мэдээллийн сангаас устгагдсан байна, тэгэхээр нь энэ асуудалтай холбоотойгоор шалгалтын ажиллагаа явуулж байгаа шүү” гэж надад танилцуулж тухайн асуудалтай холбоотойгоор надаас тайлбар авсан. Би бүх асуудлын талаар үнэн зөвөөр хэлж ярьсан. Миний хувьд А ахтай уулзаж ярилцахдаа “ял шийтгэлгүй гэсэн лавлагаа гарах боломжтой байдаг юм болов уу” л гэж асуусан болохоос биш устгаад өг, засаад өг гэж хэлж яриагүй. Цаанаа ямар процессын дагуу ял шийтгэлийн талаарх лавлагаа яаж гардаг эсэхийг би мэдэхгүй. Энэ нэр хэлэгдэж байгаа ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Сангийн эрхлэгч Ц.Б гэж хүнийг би огт танихгүй, ямар царай төрөхтэй, хэд орчим насны ямар хүн байдгийг ч мэдэхгүй юм. Тийм болохоор би ял шийтгэлийн талаарх мэдээллээ устгуулах зорилгоор Б гэж хүнтэй уулзаагүй, яриагүй. Би 2023 оны 11 сард Багшийн дээдийн замын урд байдаг БНСУ-ын виз мэдүүлгийн газар очиж уулзаад “виз мэдүүлбэл ямар, ямар материал бүрдүүлэх вэ” гэсэн чинь виз мэдүүлгийн ажилтан надад бүрдүүлэх материалын жагсаалтыг хэлж өгөхдөө гэмт хэрэгт ял шийтгэл шийтгүүлж байсан бол виз чинь гарах боломжгүй гэсэн юм. Тэгж хэлсэн болохоор би ямар ч байсан Солонгосын визэнд орохын тулд ял шийтгэлгүй гэсэн лавлагаатай болох юм байна гэсэн ойлголттой болсон. Тэгээд энэ талаар Амараа ахтай тааралдаж уулзаж байх үеэрээ асуусан чинь Амараа ах “би ямартай ч нэг таньдаг хүнээсээ асууж тодруулж өгье” гэсэн. Гэхдээ Амараа ах дараа нь надад ингэсэн шүү, тэгсэн шүү гэж хэлж мэдэгдээгүй...” гэх мэдүүлэг /хх.1.41-43/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Гантуяагийн өгсөн: “... Би тэр талаар ёстой мэдэхгүй байна. Тэр өдөр буюу 2024 оны 05 сарын 15-ны өдөр ЦЕГ-ын Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн Б.Батцэцэг над руу утсаар яриад “1-р хэлтсийн эргүүлийн цагдаа жолооч Ц.Аынхаа ялыг яг одоо шалгаад явуулаадах” гэхээр нь би л ял шалгах хуудас гаргаад мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэн Ц.Баярцэцэгээр шалгуулахдаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх хуудас дээр алба хаагч Цогтбаатарын Аын регистрийн дугаар болон, овог, нэрийг нь бичээд тулгаж харсан. Тэгээд Баярцэцэгт өгсөн, Баярцэцэгээр шалгуулахад бол ял шийтгэл эдэлж байгаагүй гэсэн мэдээлэл гарч ирсэн. Регистрийн дугаар нь овог, нэрийн нь андуурч бичсэн зүйл байхгүй. Ямартай ч тэгж шалгахад сангаас ял шийтгэлгүй гэсэн мэдээлэл гарч ирсэн. Миний хувьд ЦЕГ-ын ял шийтгэлийн лавлагааны сан руу нэвтрэн орох эрх байхгүй. Ял шийтгэлийн сан руу нэвтэрч орох эрх бүхий албан тушаалтнууд нь бол ЦЕГ-ын Мэдээлэл дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаныхан...” гэх мэдүүлэг /хх.1.49-50/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Жавхлангийн өгсөн: “... Би Мэдээлэл, дүн шинжилгээ шуурхай удирдлагын албаны Статистик мэдээллийн хэлтсийн Лавлагааны сангийн архивч-бүртгэгчээр 2020 оны 03 дугаар сард томилогдож байснаас хойш одоог хүртэл ажиллаж байна... сан нь шүүхээр гэм буруутай нь тогтоогдож ял шийтгэл оногдуулсан иргэн, хуулийн этгээдийн мэдээллийг ял шийтгэлийн санд үнэн зөв шивж оруулах, бүртгэх, мөн иргэд болон хуулийн этгээдийн хүсэлтээр эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон байсан эсэх талаарх тодорхойлолтыг олгох, эрх бүхий байгууллагуудын хүсэлтээр иргэн, хуулийн этгээдийн ял шийтгэлийг шалгаж хүргүүлэх мөн хорих болон баривчлах ял шийтгэл эдэлсэн хүний мэдээллийг санд шивэх ийм үндсэн чиг үүрэгтэй нэгж юмаа.
Би Цогтбаатар овогтой А гэж хүнийг бол огт таньж, мэдэхгүй. Тухайн үед шүүхээс иргэн Ц.Аын ял шийтгэлийн тэмдэглэл нь хавсралтын хамт ирсэн, үүнийг тухайн үед сангийн эрхлэгчээр ажиллаж байсан, дэд хурандаа Ц.Б надад цохолт хийж өгснийг хүлээн аваад ажлын чиг үүрэгтэй холбоотойгоор тухайн иргэний ял шийтгэлийн мэдээллийг санд шивж байсан. Санд шинээр бүртгэлд оруулахаар программд хянагдсан төлөвт ордог бөгөөд үүнийг архивч-бүртгэгч, ахлах ахлагч Б.Сарангэрэл нь тухайн иргэн, хуулийн этгээдийн ял шийтгэлийн тэмдэглэлтэй нь давхар тулгаж хяналт тавьдаг. Үүний дараа архив-бүртгэгч Б.Сарангэрэл нь тухайн иргэн, хуулийн этгээдийн ял шийтгэлийн тэмдэглэлийг сангийн эрхлэгчид хүлээлгэж өгдөг.
Иргэн Ц.Аын ял шийтгэлийн мэдээллийг мэдээллийн санд дээрх зарчмаар хийсэн. Ял шийтгэлийн мэдээллийн санд бид нарын хийсэн үйлдэл болгон лог үлддэг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр тухайн иргэн, хуулийн этгээдийн ял шийтгэлийн талаарх мэдээлэл санд хэзээ анх шивэгдсэн, хэзээ хянагдсан, хэзээ өөрчлөгдсөн, устсан талаарх бүх мэдээлэл / лог/ нь үлддэг... өөрчлөлт орсон мэдээллээс харахад санд нэвтэрч орсон албан хаагч нь болохоор урд өмнө нь манай сангийн эрхлэгчээр ажиллаж байсан, дэд хурандаа Б нь өөрийнхөө PU001020005 дугаартай нэвтрэх эрхээр сан руу нэвтэрч орсон байна. Сангийн эрхлэгч Б нь иргэн Ц.Аын ял шийтгэлийн мэдээллийг яагаад өөрчлөлт оруулсныг нь бол би хэлж мэдэхгүй байна... Хэрэв санд иргэн Цогтбаатарын Аын өөрийнх нь регистрийн дугаараар байвал мэдээллийн сангаас ял шийтгэлтэй гэж л харагдана, лавлагаа авсан ч гэсэн ял шийтгэлтэй гэж л гарч ирнэ. Харин Ц.А гэж хүний ял шийтгэлийн мэдээллийг сан дээр өөр хүний /ял шийтгэлгүй хүний регистр, овог, нэрээр түр хугацаагаар өөрчилж оруулбал мэдээллийн сангаас ял шийтгэлгүй л гэсэн мэдээлэл харагдана, лавлагаа нь ч гэсэн ял шийтгэлгүй гэж гарч ирнэ. Дэд хурандаа Ц.Б нь иргэн Ц.Аын ял шийтгэлийн талаарх мэдээллийг 2024 оны 03 сарын 20-ны өдөр өөрчилж 2024 оны 05 сарын 16-ны өдөр буцааж өөрийнх нь регистрийн дугаар, овог, нэрээр хивэнд нь оруулж өөрчилсөн мэдээлэл харагдаж байна. 2024 оны 03 сарын 20-ны өдрөөс 2024 оны 05 сарын 16-ний өдрийг хүртэл хугацаанд иргэн Цогтбаатар овогтой А гэж иргэний ял шийтгэлийн талаарх мэдээлэл, лавлагаа ял шийтгэлгүйгээр харагдана, олгогдохоор байсан байна...” гэх мэдүүлэг /хх.1.56-58/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Сарангэрэлийн өгсөн: “Миний бие Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Статистик мэдээллийн хэлтсийн Лавлагааны сангийн архивч-бүртгэгчээр ... 15 дахь жилдээ ажиллаж байна... Иргэд нэг газар ажилд орох, гадаад улсад виз мэдүүлэх, ургийн овог, овог, нэр, иргэншил гээд иргэншилтэй холбоотой мэдээллээ өөрчлөх, солиулах, гадаад улсын иргэнтэй гэрлэх тохиолдолд зэрэг зүйлүүд дээр эрүүгийн хариуцлага хүлээж байсан болон хүлээж байгаа гэсэн тодорхойлолт шаардлагатай болдог учраас эдгээрт зориулж авдаг байгаа.” /хх.1.210-211/,
Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт-аюулгүй байдлын газрын 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 6/6589 дугаартай албан бичиг, түүний хавсралт /хх.1.60-63/,
Улсын ерөнхий прокурорын газрын Эрүүгийн хэргийн тусгай архивын 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 429 дугаартай албан бичиг, түүний хавсралтаар ирүүлсэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1026 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх.1.65-69/,
Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 56/6239 дугаартай албан бичиг, түүний хавсралтаар ирүүлсэн Ц.Б, Ц.А нарыг ажилд томилсон тушаалын хуулбар /хх.1.71-77/,
Гэрч Ц.Аын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх.1.94/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх.1.180-185/,
Яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан баталгаа /хх.1.188/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Ц.Бийн өгсөн: “Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа. Тогтоол, зүйл, ангийг хүлээн зөвшөөрч байна... Ганц би ч биш, Лавлагааны сангийн бүх алба хаагч нар ял шийтгэлийн мэдээллийн сан руу нэвтэрч орох эрхтэй байсан. Сангийн эрхлэгчийн албан тушаалын тодорхойлолт дээр тухайн хүний хүсэлт, эсвэл шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирүүлсэн ял шийтгэл эдэлсэн тухайн иргэн, хуулийн этгээдэд холбогдох мэдээлэлдээ залруулга, өөрчлөлт оруулахаар ханддаг, тэр тохиолдолд овог, нэр зөрүүтэй бичигдсэн, ял шийтгэлтэй холбоотой зарим мэдээллийг нь санд өөрчлөх, засаж болдог юмаа. Харин эрүүгийн хариуцлага хүлээж байсан хүний ял шийтгэлийн талаарх мэдээллийг нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэж зориуд өөрчилж болохгүй л дээ. А гэж хүн дээр яг л ийм зүйл болсон. Ял шийтгэлийн мэдээллийг нь сан дээр регистрийн дугаарыг нь өөрчилж оруулсан... Анх Аийг надаас тэгж гуйхаар нь би “наадах чинь болохгүй, дараа нь асуудал болно, үгүй гэсэн” чинь А: А гэж залуугийн амьдрал ахуйг яриад, амьдрал ахуй нь хэцүү байгаа юмаа, Солонгос руу явж ажил хийх гээд байгаа, чи ганц удаа туслаач гээд гуйгаад байхаар нь л яах аргагүй байдалд орсон... хэргээ хурдан шуурхай шийдүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх.1.191-194/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх.1.197-202/,
Яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан баталгаа /хх.1.203/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Х.Аий өгсөн: “Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... эцсийн зорилго маань А гээд залууд л сэтгэлээсээ тусалчих санаатай л асуудалд хандаж Б найздаа хэлж гуйсан...” гэх мэдүүлэг /хх.1.205-206/,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:
Ц.Б, Х.А нарын албан тушаалын хуулбарууд /хх.1.215-243/,
Ц.Бийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.1. 244-250, хх.2.1-48/,
Х.Агийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.2.49-150, шинээр гаргасан 15 хуудас/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой юм.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Үйл баримтын талаарх дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
1. Шүүгдэгч Х.А нь Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн техникийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа танил дүү болох Ц.Аын Бүгд Найрамдах Солонгос Улсын Элчин сайдын яаманд виз мэдүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.6 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 37.1.1, 37.1.2 дахь хэсэг, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг 7.1.1-д заасан “албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх” гэснийг,
7.1.6-д заасан “7.1 .б.албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэснийг,
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны А/201 дугаартай тушаалаар батлагдсан “Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэм’’-ийн 1.4 дэх хэсэгт заасан “Энэ дүрмийг алба хаагч үйл ажиллагаандаа мөрдлөг болгох бөгөөд байгууллагын нэр хүндэд харшлах аливаа зохисгүй үйлдэл гаргахгүй байх, хууль, цагдаагийн алба хаагчийн нэр төр, ёс зүйг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлнэ” гэснийг,
мөн дүрмийн 2 дахь зүйл 2.1.7-д заасан “Хууль зөрчсөн, авлига авсан, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэн ашигласан аливаа үйлдэлтэй эвлэрэхгүй байх бөгөөд албан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэхэд нөлөөлсөн аливаа дарамт, шахалт, аливаа нөлөөллийн талаар өөрийн удирдах албан тушаалтан, эсхүл эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх” гэснийг тус тус зөрчиж, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Статистик мэдээллийн хэлтсийн Лавлагааны сангийн эрхлэгч Ц.Бтой гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцож, Түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ажлын байрандаа 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Лавлагааны санд өөрийн цахим бүртгэлийн системийн ри001020005 дугаар бүхий эрхээр хандаж, Ц.А (РД:УШ96040751)-ын ял шийтгэлийн талаарх мэдээллийг өөрчилж, Ц.Ат давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон,
2. Шүүгдэгч Ц.Б нь Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Статистик мэдээллийн хэлтсийн Лавлагааны сангийн эрхлэгчээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн техникийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Х.Атэй гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцож, түүний танил дүү болох Ц.Аын Бүгд Найрамдах Солонгос Улсын Элчин сайдын яаманд виз мэдүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.6 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 37.1.1, 37.1.2 дахь хэсэг, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам (код) 706-ийн 706.2.1, 706.2.2, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны А/201 дугаартай тушаалаар батлагдсан “Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 1.4 дэх хэсэгт заасан “Энэ дүрмийг алба хаагч үйл ажиллагаандаа мөрдлөг болгох бөгөөд байгууллагын нэр хүндэд харшлах аливаа зохисгүй үйлдэл гаргахгүй байх, хууль, цагдаагийн алба хаагчийн нэр төр, ёс зүйг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлнэ” гэснийг,
мөн дүрмийн 2 дахь зүйл 2.1.7-д заасан “Хууль зөрчсөн, авлига авсан, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэн ашигласан аливаа үйлдэлтэй эвлэрэхгүй байх бөгөөд албан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэхэд нөлөөлсөн аливаа дарамт, шахалт, аливаа нөлөөллийн талаар өөрийн удирдах албан тушаалтан, эсхүл эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх” гэснийг болон албан тушаалын тодорхойлолтод заасан гүйцэтгэх чиг үүргийг тус тус зөрчиж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ажлын байрандаа 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Лавлагааны санд өөрийн цахим бүртгэлийн системийн ри001020005 дугаар бүхий эрхээр хандаж, Ц.А (РД:УШ96040751)-ын ял шийтгэлийн талаарх мэдээллийг өөрчилж, Ц.Ат давуу байдал бий болгосон гэмт хэрэгт тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх үйл баримтын талаар нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудаар тухайн үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдал хангалттай тогтоогдсон гэж үзлээ.
Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х.А, Ц.Б нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.
Нийтийн албан тушаалтан албан тушаалынхаа бүрэн эрхийг хэрэгжүүлсний төлөө байгууллага, аж ахуйн нэгж, иргэнээс мөнгөн шагнал, шан харамж, зээл авах, төлбөргүй буюу хөнгөлөлттэй үйлчлүүлэх зэрэг хууль бус бусад хангамж эдлэхийг Төрийн албаны хуулиар хориглосон бөгөөд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах нь авлигын нэг төрөл юм.
Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй байна. Энэ үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг учирсан байхыг шаардахгүй хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.
Албан үүрэг, бүрэн эрх гэж сонгуульт болон томилолтын албан тушаалтанд хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, үндсэн чиг үүргийн нэгдлийг ойлгоно.
Албан тушаалын байдал гэдэгт албаны эрх нөлөө хамаарна.
Албаны эрх нөлөө гэж тухайн нийтийн албан хаагчийн хувьд хууль тогтоомж, дүрэм журмаар тогтоосон эрхлэх чиг үүрэг, бүрэн эрхэд шууд хамаарахгүй ч албан тушаалын дээгүүр нийтлэг давуу байдлаар бусад албан тушаалтанд нөлөөлөх боломжийг,
Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж албан үүрэг, албан тушаал, албан лалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг тус тус ойлгоно.
Өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэж Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар өөрт нь болон хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг хэлнэ.
Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн техникийн ахлах мэргэжилтэн Х.А, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Статистик мэдээллийн хэлтсийн Лавлагааны сангийн эрхлэгчээр буюу нийтийн албан тушаалтан Ц.Б нар нь Нийтийн албан тушаалтан гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай 3 дугаар зүйлийн 3.1.4 , Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтанд хамаарна.
Х.А, Ц.Б нарын дээрх албан тушаалд ажиллаж байхдаа холбогдох хууль тогтоомжуудыг зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, иргэн Ц.Аын ял шийтгэлийн талаарх мэдээллийг өөрчилж, түүнд давуу байдал бий болгосон үйлдэл нь “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Х.А, Ц.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд гэм буруугийн талаар шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч маргаагүй болно.
Ц.Б, Х.А нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг хор уршиг учруулах аюултай байгаа нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлт, дүгнэлтүүдийг хүлээн авах үндэслэлгүй бөгөөд шүүгдэгч Х.А, Ц.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь хийснээр төгсдөг, хохирол учирсан байхыг шаардахгүй, хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч Х.А, Ц.Б нарын үйлдсэн гэмт хэрэгт хохирогч тогтоогдоогүй учир шүүгдэгч нарыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилсан байна.
Шүүгдэгч Х.А, Ц.Б нарын гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чА, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
Шүүгдэгч Х.А, Ц.Б нарын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чА, хэр хэмжээ, гэмт хэрэгт хамтран оролцогчдын гүйцэтгэсэн үүрэг, шүүгдэгч нарын хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзаж үзсэн болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ад 3 жилийн хугацаагаар нийтийн албанд томилох эрхийг хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ,
шүүгдэгч Ц.Бт 3 жилийн хугацаагаар нийтийн албанд томилох эрхийг хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 1 сарын хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авахаар шийдвэрлэв.
Х.А, Ц.Б нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Х.А, Ц.Б нарт албан тушаалын байдлаа урвуулж ашиглах гэмт хэргийн нийгмийн аюул, хор уршгийн шинж чАыг харгалзан зорчих эрхийг хасах ял оногдуулах тухай дүгнэлтийг улсын яллагч гаргасан боловч шүүгдэгч нарын ар гэрийн болон хувийн байдал зэргээс үзэхэд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах шаардлагагүй байна.
Х.А, Ц.Б нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл шинээр гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.А, Ц.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Шүүгдэгч Х.А, Ц.Б нарт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Хгийн А, Т овогт ЦБ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ад 3 жилийн хугацаагаар нийтийн албанд томилох эрхийг хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бт 3 жилийн хугацаагаар нийтийн албанд томилох эрхийг хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 1 сарын хугацаагаар тус тус тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар, шүүгдэгч Х.А, Ц.Б нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Х.А, Ц.Б нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл шинээр гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч нарт сануулсугай.
6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.А, Ц.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х.А, Ц.Б нарт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР