Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 181/ШШ2022/00096

 

 

 

 

 

 

 

       2022          01         26

                              181/ШШ2022/00096

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэгт оршин суух, Б.Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэгт байрлах, “НУ” ХХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Нэхэмжлэгч Б.Э “НУ” ХХК-д холбогдуулж 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б/078 тоот “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаалыг эс зөвшөөрч урьд эрхэлж байсан “архитектор”-ын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Миний бие 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр “М” ХХК-ийн охин компани болох “НУ” ХХК-д архитектор албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд орсон. Гэрээнд туршилтын хугацаа 3 сар байсан. 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр удирдлага болон хүний нөөцийн ажилтанд жинхлэх тайлан болон бусад бичиг баримтыг өгч ажилдаа жинхлэх зөвшөөрөл авсан. Тэр үед би 4 сартай жирэмсэн байсан. 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдөр ажлын уулзалт хийсэн. Энэ уулзалтын үеэр жирэмсэн байгаа гэдгээ хэлэхэд бүх нөхцөл байдал өөрөөр эргэж, дарамтлах болсон байдаг. Үүнээс хойш 3 хоногийн дараа нэхэмжлэгчийг дуудаж уулзсан байдаг. Энд ажлын ачаалал их байгаа тул ачаалал дааж чадах юм уу ажлаа өгвөл яасан юм гэсэн зүйл ярьсан байдаг. Дараа нь “М”-ийн ерөнхий захирал Г нь охин компанийнхаа ажилтан болох нэхэмжлэгчийг дуудаж, ажлынхаа тайланг аваад ир гэсэн гэдэг. Аваачиж өгөхөд “ийм тайлан байдаг юм уу, чи ер нь ажиллаж чадах юм уу” гэх зэргээр загнасан гэдэг. Түүнээс гарч ирээд сэтгэл санаагаар нэхэмжлэгч унасан гэдэг. Ийнхүү 2021 оны 8 дугаар сарын 9-ний өдөр хүртэл надтай үндсэн ажилтны гэрээ хийгээгүй ба 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр удирдлагын өгсөн зөвшөөрлийн дагуу “үндсэн ажилтны гэрээ хийе” гэсэн хүсэлтийг минь зөвшөөрөөгүйн дээр надтай уулзахаас татгалзаж, хүний нөөцийн ажилтнаар дамжуулан “халагдах өргөдлөө өг” гэж хэлсэн. Иймд арга буюу дарамт шахалтын дор  “өөрийн хүсэлтээр” гэж өргөдлөө бичиж өгсөн. Нэхэмжлэгч ажлаас гарах хүсэл зориг байгаагүй бөгөөд намайг дарамталж сэтгэл зүйн таагүй байдалд оруулж тухайн өргөдлийг бичүүлж, жирэмсэн хүнийг халсан.

Жирэмсэн хүн сэтгэл зүйн их өөрчлөлттэй байдаг. Нэхэмжлэгч жирэмсэн, бас тонус ихтэй байснаас эмчийн зааврын дагуу хэвтрийн дэглэм баримталж байсан тул нэхэмжлэлээ сая шүүхэд ийнхүү гаргасан болно.  Үүнээс өмнө шүүхэд хандаагүй.

Иймд Б.Эг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь дараах үндэслэлээр эс зөвшөөрч маргаж байна. Үүнд:

2.1.Манай “НУ” ХХК 2009 оноос хойш барилга угсралт, зураг төслийн чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулдаг. Нэхэмжлэгч тус байгууллагад 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр анх туршилтын 3 сарын хугацаагаар “ архитектор”-ын ажилд орсон. Түүнтэй байгуулсан гэрээний туршилтын хугацаа дууссан ч ажиллуулж байсан, гэрээг сунгахаар захиргааны зүгээс шийдвэрлэсэн байсан. Гэвч тэрээр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх тухай өргөдөл гаргасан тул 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн гүйцэтгэх захирлын тушаалаар түүнийг ажлаас чөлөөлсөн. Өөрийнх нь гаргасан хүсэлтэд “хувийн шалтгаанаар” гэж дурдсан байдаг. Тухайн үед тэрээр “жирэмсэн тул ачаалал багатай өөр ажилд орохоор болсон” гэж хэлсэн гэдэг. Энэ талаар гэрч мэдүүлсэн. Нэхэмжлэгчийн жирэмсэн гэдэг нь тушаалын хууль зүйн үндэслэлд хамааралгүй харин түүнийг өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэсэн болно.  

2.2. Түүнчлэн нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хөөн хэлэлцэх  “нэг сарын” хугацааг хэтрүүлж тус шүүхэд энэ нэхэмжлэлийг гаргасан байна. Мөн хүндэтгэх шалтгаантай талаарх баримтыг ирүүлээгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

   3.Нэхэмжлэгч талаас баримтаар Хөдөлмөрийн гэрээ, гэрээ цуцалсан “НУ” ХХК-ийн захирлын тушаал, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, жирэмсэн эхийн эрүүл мэндийн дэвтрийн хуулбарын зарим хэсэг, иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг баримтаар ирүүлсэн.

   Хариуцагч талаас Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай захирлын тушаал, 2021.08.09-ний өдрийн Б.Эгийн гаргасан өргөдөл, Тойрох хуудас, ажил хүлээлцсэн акт,  Хөдөлмөрийн дотоод журам,  Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлөөлөгчид олгосон  итгэмжлэл зэргийг баримтаар ирүүлжээ.

Шүүхийн журмаар хариуцагч талын хүсэлтээр С.Бгаас гэрчийн мэдүүлэг авсан.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Б.Э нь “НУ” ХХК холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

1.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардаж байна. Үүнд: өөрийн сайн дурын үндсэн дээр ажлаас гарах өргөдлийг бичээгүй, жирэмснийг мэдээд захиргаанаас дарамталсан, мөн эрүүл мэндийн шалтгаанаар хэвтрийн дэглэм сахиж байсан тул хүндэтгэх шалтгаантай гэж тайлбарласан.

2.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэж байна. Үүнд: ажилтны өөрийн сайн дурын хүсэлтийг үндэслэж ажлаас чөлөөлсөн, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж тайлбарласан.

3.Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын маргаангүй тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 Нэг талаас Б.Э, нөгөө талаас “НУ” ХХК 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 3 сарын туршилтын хугацаатай “архитектур”-аар  ажиллуулахаар тохиролцож Хөдөлмөрийн гэрээ байгуулснаар талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн болох нь зохигчдын маргаангүй тайлбар, хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэр дэх бичиглэлээр тус тус тогтоогдож байна. /хэргийн 2-4, 6 дах тал/

Гэрээний 4.6-д “хугацаатай байгуулсан гэрээний  хугацаа дуусмагц талууд цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол сунгагдсанд тооцно” гэж заасан, 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т зааснаар нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээ 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс сунгагдсан гэж үзнэ. Энэ талаар  зохигчид маргаагүй.

“НУ” ХХК-ийн захирлын 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б/078 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-д заасныг баримтлан  мөн өдрөөс гэрээг цуцалж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгожээ. / хэргийн 5, 21 дэх тал/

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр “хувийн шалтгааны улмаас” ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтийг бичгээр гаргасан үйл баримтад зохигчид маргаагүй. /хэргийн 22 дэх тал/

4.1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгснөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй” гэж, 39.2-т “хүндэтгэн үзэх шалтгаантай, эсхүл ажлаас чөлөөлөх хугацааг тохиролцсон бол уг хугацаанаас өмнө гэрээг цуцалж болно” гэж заажээ. Дээрх үндэслэлээр ажилтны санаачилгаар гэрээг цуцлах нөхцөлд ажилтнаас өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлтийг захиргаа үндэслэл болгосон байхыг хуулиар шаарджээ.

Шүүх гэрч С.Бгийн “уг нь хамтраад ажиллавал асуудал алга, гүйцэтгэлийн хувьд асуудлууд байсан”, “тухайн үед асуухад ачаалал ихтэй газар ажиллахгүй, жирэмсэн ачааллаа даахгүй байна, танилынхаа ачаалал багатай компанид ажиллах юм гэж хэлж байсан”, “жирэмсэн гэдгийг мэдсэн, хүний нөөц надад нэг л удаа уулзая гэж байна гэж хэлж байсан, тэр үед нь хурал руу орж таараад боломжгүй байна гэж хэлсэн” гэж мэдүүлсэн мэдүүлэг,

-нэхэмжлэгч 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр захиргааны өргөдөл гаргасныг мөн өдөрт нь шийдвэрлэж тушаал гарсан байдал,

-нэхэмжлэгчтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээгээр үндсэн цалин хөлс нэг сард 1.700.000 төгрөгөөр тохиролцсон ч 2021 оны 6 дугаар сард “618.182 төгрөг”, 7 дугаар сард “850.000 төгрөг” буюу цалин хөлсийг бүрэн бус олгосон байдал, үүнийг хариуцагчийн зүгээс “нэхэмжлэгч ковид туссан, ажил тасалсан явдал байсан, мөн туршилтын хугацаа дууссанаас гэрээг сунгах эсэх асуудал яригдаж байсан тул хийсэн ажлын хөлсийг олгосон” гэж тайлбарласан байдал, хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн баримтаар ирүүлсэн эмнэлгийн дэвтрийн хуулбараас үзвэл “2021 оны 7 дугаар сарын 23-нд түүнийг “ковид” туссан гэж тэмдэглэгдсэн байдал, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгч уг өргөдлийг өөрийн сайн дурын хүсэл зоригийн үндсэн дээр гаргасан гэж үзэхэд учир дутагдалтай гэж дүгнэв.

Түүнчлэн 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “ажил олгогч жирэмсэн эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаар бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн тухай нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй.

Иймд тус байгууллагын 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б/078 тоот тушаал үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэв.

5.Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д “ажилтан ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан, хүндэтгэх .... тус тус заасан.

Нэхэмжлэгчид тушаалыг гардуулсан болох нь хэрэгт авагдсан тушаалын арын хуудас дах гарын үсгээр тогтоогдож байх боловч уг баримтад хүлээн авсан хугацааг бичээгүй байна. Гэвч тушаалын дагуу 2021 оны 8 дугаар сарын 13-нд ажлыг хүлээлцсэн акт үйлдсэн, тушаалд ажил хүлээлцэх ажлыг 8 дугаар сарын 16-ны дотор дуусгавар болгохоор заасан, түүнчлэн тойрох хуудаст хамгийн сүүлд 2021 оны 8 дугаар сарын 19-нд гэж тэмдэглэгдсэн байна. /хэргийн 21, 23, 24 дэх тал/  Түүнчлэн нэхэмжлэгч талаас тушаал гардуулсан эсэх, тойрох хуудас зурж дууссан хугацаанд маргахгүй байх тул нэхэмжлэгчийн гомдол гаргах хуульд заасан хугацаа энэ өдрөөс эхлэн тоологдож, 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөр дуусчээ. Гэвч нэхэмжлэгч тус шүүхэд 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр энэ нэхэмжлэлийг гаргасан тул хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байна. Түүнчлэн нэхэмжлэгч үүнээс урьд шүүхэд хандаж байгаагүй болох нь итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 1, 11 дэх тал/

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс жирэмсний улмаас байнгын хэвтрийн дэглэм гэрээр сахиж байсан, эмнэлэгт хэвтээгүй гэж тайлбарлаж байна.  Нэхэмжлэгч талаас баримтаар ирүүлсэн эрүүл мэндийн дэвтрийн хуулбараас үзвэл 8 дугаар сарын 18-ны өдрийн үзлэгээр  “хэвтрийн дэглэм баримтлах” гэж, 9 дүгээр сарын 08-ны өдрийн үзлэгээр “тонус ихтэй, хэвтэх” гэж тусгагдсан, харин 10 дугаар сарын 05-ны өдрийн үзлэгт хэвтрийн дэглэм сахих эсэх талаар тусгагдаагүй байна. /хэргийн 7-9 дэх тал/ Түүнчлэн нэхэмжлэгч талаас хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн хүндэтгэх шалтгаантайг нотлох өөр дэмжих баримтыг ирүүлээгүй, мөн хугацаа сэргээх талаар хүсэлт гаргаагүй тул шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг баримтлан “НУ” ХХК холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай Б.Э-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул төлөөгүйг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   О.ОДГЭРЭЛ