Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2022/00075

 

 

 

 

 

 

 

 

       2022          01         25

                               181/ШШ2022/00075

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэгт оршин суух, Ц.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэгт байрлах, “ҮХОБ” ХХК -д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5.430.174 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ц.О нь “ҮХОБ” ХХК-д холбогдуулж 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Б/155 тоот “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаалыг эс зөвшөөрч урьд эрхэлж байсан “хянагч нярав”-ын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5.430.174 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгах шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Миний бие 2017 оны 4 дүгээр сараас хойш “ҮХОБ” ХХК-д 4 жил гаруй ажилласан бөгөөд энэ хугацаанд нярав болон “хянагч нярав”-аар ажиллаж ирсэн. Гэтэл банкны бүтэц, орон тоо шинэчлэн батлагдсаны дагуу миний ажиллаж байсан төлбөр тооцооны албаны “хянагч нярав” орон тоо цомхотголд орсон, гэрээ цуцлах болсон талаар мэдэгдлийг 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр өгсөн. Миний бие тус банкинд ажиллах хугацаандаа хөдөлмөрийн дотоод журамд заасанчлан ажилтны эрх үүргийг ягштал биелүүлж ирсэн билээ. Банктай байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолт, банкны удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу би банкны бүх теллерт бэлэн мөнгөний ба валютын нууцлалын тухай сургалт явуулж, тоологч машинуудын шинэчлэл, балансын гадуурх дансны гүйлгээ илүүдэл дутагдал, бүртгэлийн эмх цэгцийг ханган банкны ашигт ажиллагаанд хувь нэмрээ оруулан ажиллаж ирсэн. Миний бие нэг жил гаруй хугацааны дараа тэтгэвэр тогтоолгох насанд хүрч байх үед хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг надад өгснөөр би цаашид ажиллах боломжгүй болж, тэтгэвэр тогтоолгоход хохирч миний эрх хөндөгдөөд байна.

Дээрх мэдэгдэл, гэрээ цуцалсан тушаал болоод бүтцийн өөрчлөлтийн тухай тушаалыг ажилтныг томилох чөлөөлөх эрхгүй этгээдээс гаргасан гэж үзэж байна. Банк хуулийн этгээдийн хувьд Компанийн хуулиас гадна төрөлжсөн хуулиар тусгайлан зохицуулдаг. Банкны тухай хуулиар гүйцэтгэх захирлыг Монгол банктай зөвшилцөж томилохоор, банкны удирдлагыг зөвхөн Гүйцэтгэх захирал хэрэгжүүлнэ гэж тухайлан заасан.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тус банкны гүйцэтгэх захирал Ж.Ц байх бөгөөд энэ бүртгэлд өөрчлөлт ороогүй тул хүчинтэй. Хэрэгт баримтаар Ж.Цг гүйцэтгэх захирлаас чөлөөлж, гүйцэтгэх захирлын орлогчоор Г.Т-ыг томилсон Төлөөлөн удирдах зөвлөлийн /цаашид ТУЗ гэх/  тогтоол авагдсан боловч Гүйцэтгэх захирал ТУЗ-тай байгуулсан гэрээний үндсэн дээр ямар эрх эдэлж, үүрэг хүлээхийг заахаар Банкны тухай хуульд заасан. Гэтэл ийм гэрээг хариуцагч баримтаар ирүүлээгүй тул Гүйцэтгэх захирлын орлогч ажилтнуудыг томилох, чөлөөлөх эрхийг эдэлж тушаалыг гаргах эрхгүй. Түүнчлэн Г.Т-ын итгэмжлэлээр оролцож байгаа итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ хэрэгт оролцох эрхгүй.

2.1.Тус банкны 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн ТУЗ-ын тогтоолоор банкны бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн баталж, нэхэмжлэгчийн ажиллаж байсан “хянагч нярав”-ын орон тоо хасагдсан гэж тайлбарладаг боловч бодитоор орон тоо хасагдаагүй, харин нэршил өөрчлөгдсөн. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан “төлбөр тооцооны алба” нь 6 орон тоотой, үүнээс “хянагч нярав”, “тоологч нярав” тус бүр нэг, мөнгө хураагч 2 орон тоотой байсан. Шинэчилж батлахдаа 3 орон тоотой болсон ч “нярав”, “мөнгө хураагч” нарын орон тоог “аж ахуйн алба”-нд шилжүүлж, “хянагч нярав”, “тоологч нярав” гэсэн орон тоог “кассын нярав” болгож, шинээр  “төлбөр тооцооны алба”-нд “дотоод, бүртгэлийн нягтлан бодогч” гэсэн орон тоог шинээр бий болгосон.

Хэрэгт баримтаар ирүүлсэн ажлын байрны тодорхойлолтуудаас харвал “дотоод бүртгэлийн нягтлан бодогч”-оор шинээр томилогдсон н.Э-ийн тодорхойлолтод нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэж байсан 5 чиг үүрэг тэр чигтээ байна. 

Нэхэмжлэгчийг өөр ажилд шилжүүлэх боломжтой байсан хэдий ч ажлын байр санал болгоогүй шууд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Нийтдээ нэхэмжлэгчээс бусад ажилтнууд ажиллаж байгаа бөгөөд зөвхөн нэхэмжлэгчийг чөлөөлсөнд гомдолтой байна.  Иймд нэхэмжлэгчийг ялгаварлан гадуурхсан гэж үзэж байна.

Мөн 2022 оны 01 дүгээр сараас хэрэгжиж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар эрх зүйн байдлыг дордуулсан тохиолдолд ажилтанд ашигтай хуулийн заалтыг баримтална гэж заасан. Шинэ хуулиар маргаанд хамаарах энэ тохиолдолд ажилтныг ажлаас шууд чөлөөлөхийг хориглосон хуулийн зохицуулалт шинээр орсон. Иймд гүйцэтгэх захирлын орлогч Г.Т-ын 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Б/155 тоот “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгож, Ц.Ог “ҮХОБ” ХХК-д урьд эрхэлж байсан “хянагч нярав”-ын ажилд эгүүлэн тогтоож, тушаал гарснаас хойш өнөөдрийн шүүх хуралдаан хүртэлх хугацааны олговорт 5.430.174 төгрөг гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт зохих бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.

2.Хариуцагч дараах үндэслэлээр эс зөвшөөрч маргаж байна. Үүнд:

2.1.Нэхэмжлэгч Ц.О манай банктай 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Хг-33/17 тоот Хөдөлмөрийн гэрээ байгуулж Төлбөр тооцооны албаны “нярав”-ын албан тушаалд томилогдон ажилласан. 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр талууд харилцан тохиролцож гэрээг цуцалж, мөн өдрөөс эхлэн Банкны Санхүү удирдлагын газрын Төлбөр тооцооны хэлтсийн “Хянагч нярав”-ын албан тушаалд томилогдон Хг-27/19 тоот “Хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ”-г  байгуулан  2021  оны  9  дүгээр  сарын  26-ны  өдрийг  дуусталх хугацаанд

ажилласан.

Банкны Төлөөлөн удирдах зөвлөл нь Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3-д “Банкны стратегийг тодорхойлох, хянан үзэж түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, зохион байгуулалтын бүтэц, эрсдэлийн удирдлагын бодлого, жилийн төсөв, бизнес төлөвлөгөө үйл ажиллагааны үр дүнгийн үзүүлэлтийг батлах”, ҮХОБны дүрмийн 10 дугаар зүйлийн 10.17.2-д “Банкны удирдлага, зохион байгуулалтын ерөнхий бүтэц, захиргааны зардлын хэмжээг тогтоох бүрэн эрхтэй” гэж тус тус заасан эрхийнхээ хүрээнд үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн ТУЗ/21-28 тоот тогтоолоор банкны бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн баталсан. Гүйцэтгэх захирлын орлогч ТУЗ-ын энэ тогтоолын хэрэгжилтийг хангах үүргийнхээ хүрээнд 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Б/131 тоот тушаалаар банкны ажилтнуудын орон тооны төлөвлөлтийг шинэчлэн баталж нийтдээ 138 орон тоотой байснаас 81 орон тоотой болсон. 2019 онд Монгол банкны Ерөнхийлөгчийн тушаалаар манай банкны үйл ажиллагааг хязгаарлаж, орон тоог бууруулах, Улаанбаатар хотод байгаа бүх салбар тооцооны нэгжийг татан буулгах үүрэг өгсөн. Энэ хугацаанд Монгол банкны Ерөнхийлөгчийн тушаалын биелэлтийг хангах зорилгоор ажилласаар ирсэн. Хэд хэдэн удаа бүтэц хийж орон тоо хассаар ирсэн. Манай банк Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ТУЗ/21-01 тоот тогтоолоор “Цирк” салбар, “Найман шарга” салбар, “Драгон” салбар, “Да хүрээ” тооцооны касс, “Авто цогцолбор” тооцооны кассуудыг тус тус татан буулгасан бөгөөд дахин 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр ТУЗ/21-27 тоот тогтоолоор “Ард” салбарыг татан буулгаж, нийслэлд байршуулсан банкны АТМ-г татан авснаар одоо Улаанбаатар хотод нэг ч салбар тооцооны төв, АТМ байхгүй болсон.

Иймд Санхүү бүртгэл, тайлагналын газрын Төлбөр тооцооны албанд харьяалагдаж байсан “Хянагч нярав”-ын албан тушаал хасагдсан. Тодруулбал, 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс өмнөх бүтэц, зохион байгуулалт, орон тоонд нэхэмжлэгч Ц.Огийн “Хянагч нярав”-ын албан тушаал багтаж байсан бол банкны Улаанбаатар хот дахь бүх салбаруудыг татан буулгасан, бэлэн мөнгөний машинуудыг татсан гэх мэт шалтгаанаар түүний албан тушаалын үндсэн чиг үүрэг шаардлагагүй болсон тул энэ орон тоог хассан. “Хянагч нярав”-ын ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн чиг үүрэг болох “АТМ-ын кассетыг захиалгын дагуу цэнэглэх бэлэн мөнгийг тоологч няравт хүлээлгэн өгөх, зузаатгалын гүйлгээг хийх”, гэсэн ажил үүргүүдийг гүйцэтгүүлэх шаардлагагүй болсон. Мөн ажлын байрны тодорхойлолтод заасан нэмэлт чиг үүргүүд болох “өдөр тутам касс дахь бэлэн мөнгөний үлдэгдлийг Грейпбанк программын үлдэгдэлтэй тохирч байгаа эсэхэд хяналт тавих, тухайн өдрийн гүйлгээний баримтуудыг бүрдүүлэн үдэж, цэгцлэн хянуулах, тоолон таслах үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих” зэрэг ажлыг Үйл ажиллагаа, хүний нөөцийн удирдлагын газрын Аж ахуйн албаны “кассын нярав”-т, “Төв кассыг нээж, хаах, бараа баримт бүрдүүлбэр, үлдэгдлийг тулгах” ажлыг Санхүү бүртгэл, тайлагналын газрын Төлбөр тооцооны албаны “Дотоод бүртгэлийн нягтлан бодогч” нар тус тус дангаараа гүйцэтгэхээр, бусад ерөнхий чиг үүргийг зарим хэсгийг төлбөр тооцооны албаны “ахлах нягтлан бодогч”, “гадаад, дотоод төлбөр тооцооны нягтлан бодогч” тус тус хариуцах болж ажил үүргийг нягтруулсан. Нэхэмжлэгч шинээр ажилтан авсан гэж  тайлбарлаж байгаа ч  бүтцээр шинээр бий болгосон “дотоод бүртгэлийн нягтлан бодогч”-д өмнө нь “төв салбар”-т харилцааны менежерээр ажиллаж байсан Э.Э-г шилжүүлэн томилсон. Өмнөх бүтцэд байсан “хянагч нярав”, “тоологч нярав” гэсэн хоёр орон тоог хасч, аж ахуйн албанд бий болсон “кассын нярав” орон тоонд “тоологч нярав”-аар ажиллаж байсан Б.А-г томилсон. Учир нь “кассын нярав”-ын үндсэн суурь хийх ажил “тоологч нярав”-ын хийж байсан ажил байсан тул түүнийг томилсон. Ажилд хэнийг томилох нь захиргааны эрх гэж үзэж байна. Нэхэмжлэгчээс бусад ажилтнууд хүлээн зөвшөөрч өөрсдөө ажлаас чөлөөлөгдсөн.

2.2.Тус банкны Гүйцэтгэх захирал Ж.Цг ТУЗ-ын тогтоолоор 2021 оны 7 дугаар сард чөлөөлсөн тул, Г.Т-ыг 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс Гүйцэтгэх захирлын орлогчоор томилсон. Энэ тухай баримтыг хэрэгт өгсөн. Тус банкны дүрмээр Гүйцэтгэх захирлын эрх хэмжээнд ТУЗ-аас баталсан зардлын хэмжээнд ажилтны орон тоог тогтоох, ажилтныг томилох, чөлөөлөх эрхтэй гэж заасан байгаа. Гүйцэтгэх захирлын эрх хэмжээг түүнийг орлож байгаа Гүйцэтгэх захирлын орлогч хэрэгжүүлэх эрхтэй. Банкны тухай хуулиар гүйцэтгэх захирлыг Монгол банкны ерөнхийлөгчтэй  зөвшилцөж томилохоор заасан тул улсын бүртгэлд өөрчлөлт ороогүй байсан.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно”, 40.1.1-д заасан “орон тоо хасагдсан” гэж тус тус заасны дагуу Ц.Отай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгч талаас баримтаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалын хуулбар, Хөдөлмөрийн гэрээ 4 хуудас, Хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, Нууцын баталгаа, сахилга хариуцлагын баталгаа, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, “хянагч нярав”-ын ажлын байрны тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн лавлагаа, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг ирүүлжээ.

Хариуцагч талаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Банкны дүрэм, Орон тоо баталсан 2021.01.20-ны өдрийн Б/13 тоот Гүйцэтгэх захирлын тушаал, хавсралтын хамт, Банкны салбар татан буулгах тухай ТУЗ-ын 2021.08.23-ны өдрийн, 2021.01.11-ний өдрийн тогтоолууд, банкны бүтэц зохион байгуулалтын шинэчлэн батлах тухай 2021.08.23-ны өдрийн ТУЗ-ын тогтоол,  орон тоо шинэчлэн батлах тухай 2021.08.26-ны өдрийн Б/131 тоот Гүйцэтгэх захирлын тушаал, хавсралтуудын хамт, 2020.02.19-ны өдрийн Х-02/20 тоот Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох хэлцэл, хөдөлмөрийн гэрээний нэмэлт, өөрчлөлт, 2020.04.01-ний өдрийн ХГ-20/47 тоот Хөдөлмөрийн гэрээ, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай 2021.09.27-ны өдрийн Гүйцэтгэх захирлын тушаал, “хянагч нярав”, “ахлах нягтлан бодогч”, “дотоод бүртгэлийн нягтлан бодогч”, “аж ахуйн албаны кассын нярав”-ын ажлын байрны тодорхойлолтууд, ТУЗ-ын даргын түр орлон гүйцэтгэгчийг томилох тухай 2018.12.20-ны өдрийн, Гүйцэтгэх захирлын орлогч томилох тухай 2021.08.02-ны өдрийн, Гүйцэтгэх захирлыг чөлөөлөх тухай 2021.07.09-ний өдрийн ТУЗ-ын тогтоолууд зэргийг баримтаар ирүүлжээ.

Шүүхийн журмаар хариуцагч талаас хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл, “тоологч нярав”-ын ажлын байрны тодорхойлолт, Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаал, түүний хавсралт, Бүтэц орон тоо шинэчлэн баталж, ажилтнуудыг томилсон Гүйцэтгэх захирлын тушаал, түүний хавсралт, Хөдөлмөрийн дотоод журам зэргийг баримтаар бүрдүүлсэн.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

1.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардаж байна. Үүнд: эрхгүй этгээдээс тушаал гаргасан, бодитоор нэхэмжлэгчийн ажиллаж байсан “орон тоо” хасагдаагүй, ажлын байрны нэршил өөрчлөгдсөн, шинээр хүн авсан гэж тайлбарласан.

2.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэж байна. Үүнд: Гүйцэтгэх захирлын орлогчийг ТУЗ-аас томилсон, Банкны дүрэмд заасан  ажилтныг томилох, чөлөөлөх эрхийг Гүйцэтгэх захирлын орлогч эдэлнэ, нэхэмжлэгчийн ажиллаж байсан “орон тоо” хасагдсан, шинэ ажилтан аваагүй гэж тайлбарласан.

3.Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын маргаангүй тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 Зохигчид 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр харилцан тохиролцож, Ц.Ог тус банкны төлбөр тооцооны албанд “хянагч нярав”-ын байнгын ажилд хугацаагүй ажиллуулахаар 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр ХГ20/47 тоот  Хөдөлмөрийн гэрээ, сахилга хариуцлагын баталгаа, Г-20/26 тоот Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг, мөн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Хөдөлмөрийн гэрээний цалин хөлсөд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээг тус тус байгуулжээ. /1хх 4-10, 50-54/

Тус байгууллагын гүйцэтгэх захирлын орлогч Г.Т-ын 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Б/155 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн ТУЗ/21-28 тоот тогтоол, Гүйцэтгэх захирлын 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Б/131 тоот тушаалыг баримтлан  “орон тоо хасагдсан” үндэслэлээр түүнтэй байгуулсан гэрээг ажил олгогчийн санаачилгаар мөн өдрөөс цуцалж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгожээ. /1хх 55/

Ажил олгогч өөрийн санаачилгаар 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан “орон тоо хасагдсан” үндэслэлээр гэрээг цуцлахад хуулийн этгээдийн зохион байгуулалтын бүтцээс тухайн ажлын байр үгүй болсон байх, мөн энэ тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдсэн байхыг шаардана.

Нэхэмжлэгчид 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр гэрээ цуцлах тухай мэдэгдлийг гардуулсан болоод дээр дурдсан үйл баримтуудад зохигчид маргаагүй. /хх 104/

4.Хэрэгт авагдсан тус байгууллагын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд Гүйцэтгэх захирлыг “Ж.Ц” гэж 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр бүртгэжээ. /хх-19/ Тус банкны ТУЗ-ын 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн ТУЗ/21-22 тоот тогтоолоор Гүйцэтгэх захирал Ж.Цг мөн өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлж, 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн ТУЗ/21-25 тоот тогтоолоор Г.Т-ыг мөн өдрөөс эхлэн Гүйцэтгэх захирлын орлогчоор нэг жилийн хугацаагаар томилжээ. /хх 76,77/

ҮХОБны дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Банкны гүйцэтгэх удирдлагыг Гүйцэтгэх захирал хэрэгжүүлэхээр, 11.8-д Гүйцэтгэх захирлын эрх, үүргийг нэрлэн зааснаас 11.8.5-д “ТУЗ-с баталсан зардлын хэмжээнд багтаан банкны ажилтнуудын орон тоо, цалинг тогтоох”-оор, 11.8.6-д “ажилтнуудын ажил, үүргийн хуваарийг тогтоох, ажилд авах, чөлөөлөх” эрхийг эдлэхээр заажээ. Мөн дүрмийн 11.9-д “Гүйцэтгэх захирал ээлжийн амралт эдлэх, гадаад дотоодод албан томилолтоор ажиллах, удаан хугацаагаар өвчлөх тохиолдолд өөрийн эрх, үүргийг бүхэлд нь Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар шилжүүлнэ” гэж, маргаанд хамаарах тушаал гарах үед үйлчилж байсан тус банкны 2018 оны Хөдөлмөрийн дотоод журмын 2.1.2-т “ТУЗ-с гүйцэтгэх захирлыг томилж, Гүйцэтгэх захирал Банкны дүрэмд заасан эрх үүргийг хэрэгжүүлнэ” гэж, 3.3-т ажилтны албан үүргийг түр орлон гүйцэтгэх талаар зохицуулахдаа “банкны удирдах албан тушаалтны эзгүйд түүний албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийг Гүйцэтгэх захирал тушаалаар томилно” гэж зааснаас өөрөөр тус байгууллагын дүрэм, журамд Гүйцэтгэх захирал эзгүй тохиолдолд хэрхэн орлох талаар тухайлан зохицуулаагүй байна. Иймд дүрмийн 11.9-д гүйцэтгэх захирал эзгүйд түүний эрх үүргийг бүхэлд нь шилжүүлэхээр заасан, Хөдөлмөрийн дотоод журмын 2.1.2-т гүйцэтгэх захирлыг ТУЗ-аас томилохоор тус тус заасан, хэрэгт баримтаар Гүйцэтгэх захирал  Ж.Цг чөлөөлж, Г.Т-ыг орлогчоор томилсон тогтоолууд авагдсан тул Гүйцэтгэх захирлын орлогч Банкны дүрмийн 11.8-д нэрлэн заасан дээрх эрх үүргийг хэрэгжүүлэх эрхтэй этгээд гэж үзнэ. /хх 25-32, 112-128/

Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 31.3.2-т Төлөөлөн удирдах зөвлөл Монголбанкны зөвшөөрснөөр банкны гүйцэтгэх удирдлагыг томилохоор заасан ч маргааны энэ тохиолдолд Г.Т-ыг банкны Гүйцэтгэх захирлаар шууд томилоогүй, харин гүйцэтгэх захирлыг чөлөөлснөөр эзгүй байгаа ажилтны ажил үүргийг түр орлон гүйцэтгүүлж байх тул хамааралгүй.

            Иймд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн болоод бүтэц, орон тоог баталсан тушаалуудыг Гүйцэтгэх захирлын орлогч гаргах эрхгүй, энэ эрхийг эдлэхгүй тухай нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй гэж үзэв.

5.Хэрэгт авагдсан ТУЗ-ын 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн ТУЗ/21-28 тоот тогтоолоор тус банкны бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн баталжээ. Улмаар Гүйцэтгэх захирлын 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Б/131 тоот тушаалаар банкны нэгж дэх ажилтнуудын орон тоог шинэчлэн баталснаар өмнөх бүтцээр 138 орон тоотой байсныг 81 орон тоотой болгожээ.   /хх 33-36, 39-40, 41-47/

Уг бүтцийн өөрчлөлтөөр нэхэмжлэгчийн ажиллаж байсан төлбөр тооцооны албанд “гадаад төлбөр тооцооны нягтлан бодогч”-1, “хянагч нярав”-1, “тоологч нярав”-1, “мөнгө хураагч”-2, харин аж ахуйн албанд “аж ахуйн ажилтан, нярав”-1 гэсэн орон тоо байсныг дараах байдлаар өөрчилжээ. Үүнд:

-“гадаад төлбөр тооцооны нягтлан бодогч”-ын ажлын байрны нэршлийг “гадаад, дотоод төлбөр тооцооны нягтлан бодогч” болгож өөрчилсөн, орон тоо нэг, энэ орон тоонд М.Билгүүн ажиллаж байсан хэвээр бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй. /хх 33-35, 45, 109, 110/

-“Мөнгө хураагч” хоёр орон тоо байсныг нэг болгож цөөрүүлж улмаар аж ахуйн албанд харьяалахаар нэгжийг өөрчилсөн, энэ орон тоонд Б.Эажиллаж байсан хэвээр, энэ талаар маргаагүй. /хх 33-35, 45, 109, 110/

-“аж ахуйн ажилтан, нярав”-ын ажлын байрны нэршлийг “ахлах ажилтан” болгож өөрчилж, орон тоо нэг, Н.М ажиллаж байсан хэвээр, зохигчид мөн маргаагүй. /хх 33-35, 45, 109, 110/

 Харин төлбөр тооцооны албанаас “хянагч нярав”-1, “тоологч нярав”-1 орон тоог тус тус хассан, шинээр аж ахуйн албанд “кассын нярав”-1 орон тоог бий болгосон. Мөн төлбөр тооцооны албанд “дотоод бүртгэлийн нягтлан бодогч”-1 орон  тоо шинээр бий болсон үйл баримт тогтоогдож байна.

Түүнчлэн төлбөр тооцооны албанд “тоологч нярав”-аар ажиллаж байсан Б.А-г аж ахуйн албаны “кассын нярав”-аар томилсон, харин “дотоод бүртгэлийн нягтлан бодогч”-оор салбарт ажиллаж байсан Э.Э-г туршилтын хугацаагаар томилжээ.

Хэрэгт авагдсан дээр дурдсан албан тушаалуудын ажлын байрны тодорхойлолтууд, зохигчдын гаргасан тайлбар зэргийг харьцуулан үзвэл ажил олгогч нэхэмжлэгчийн ажиллаж байсан “хянагч нярав”-ын гүйцэтгэх чиг үүргийг бүхэлд нь “дотоод бүртгэлийн нягтлан бодогч”-д эсхүл “кассын нярав”-т шилжүүлсэн гэж үзэх боломжгүй, харин гүйцэтгэх ажлын чиг үүргүүдийг  “ахлах нягтлан бодогч”,  “гадаад, дотоод төлбөр тооцооны нягтлан бодогч”, “дотоод бүртгэлийн нягтлан бодогч”, “кассын нярав”-т хувааж хариуцуулсан, ажилтнуудын ажил үүргийг нягтруулсан гэж үзэхээр байх тул энэ тухай хариуцагчийн татгалзал үндэслэлтэй. /хх 11-12, 56-63, 105-106/

Нөгөөтэйгүүр Монголбанкны ерөнхийлөгчийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн А-192 тоот тушаалаар тус банкны Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа бүх салбар нэгжийг татан буулгах, бүтэц зохион байгуулалтыг шинэчилж орон тоог 30 хувиар бууруулах үүрэг даалгаврыг өгсөн, улмаар тус банкны ТУЗ-ын 2021 оны ТУЗ/21-01, ТУЗ/21-27 тоот тогтоолуудаар хэд хэдэн салбар, тооцооны төвүүдийг татан буулгасан үйл баримт тогтоогдсон тул ажил олгогч бодитоор орон тоо хасах, бууруулах хэрэгцээ шаардлага байжээ. /хх 37, 38, 107-108/

Дээрх байдлаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан “хянагч нярав” орон тоо хасагдсан үйл баримт тогтоогдсон, түүнд 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар энэ тухай мэдэгдсэн тул Б/155 тоот тушаал үндэслэлтэй гэж үзэв. Харин захиргаа бүтцийн өөрчлөлтөөр шинээр бий болгосон  “кассын нярав”, “дотоод бүртгэлийн нягтлан бодогч” гэсэн орон тоонуудад ажилтнуудыг томилохдоо хэн нь илүү тухайн ажил, албан тушаалд ажиллах шалгуур шаардлагыг хангах, ажилласан туршлага, хугацаа гэх мэтээр орон тоо хасагдсан нэр бүхий ажилтнуудыг харьцуулаагүй шууд нэрлэн зааж томилсон байдал тогтоогдож байх боловч энэ нь бодитоор орон тоо хасагдсан үйл баримтыг үгүйсгэх нөхцөл болж чадахгүй гэж үзлээ.

            6.Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд хууль батлагдахаас өмнө байгуулсан хөдөлмөрийн гэрээг талуудын харилцан тохиролцсон хугацаагаар дагаж мөрдөнө. Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нийцүүлэн хөдөлмөрийн гэрээнд ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож өөрчлөлт оруулах бол тухайн ажилтны эрх зүйн байдал, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг дордуулахгүй байна гэж заасан, маргааны энэ тохиолдолд талуудын хоорондох хөдөлмөрийн гэрээний харилцаа 1999 оны хуулиар зохицуулагдаж байсан тул хэрэгт хамааралгүй. Иймд шинэ хуулиар орон тоо цөөрсөн тохиолдолд захиргаа өөр ажил санал болгох үүрэгтэй, түүнчлэн хоёр хуулиас ажилтанд аль ашигтай нөхцөлийг хэрэглэх ёстой гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

            Шүүх нэгэнт ажилтныг ажилд эгүүлэн тогтоох үндэслэлгүй гэж үзсэн тул  ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5.430.174 төгрөг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан “ҮХОБ” ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5.430.174 төгрөг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч Ц.Огийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул төлөөгүйг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   О.ОДГЭРЭЛ