Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1127

 

 

 

 

 

 

 2024         10           22                                      2024/ШЦТ/1127

  

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

Улсын яллагч Г.Хурмандах /цахим сүлжээгээр/,

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан /ҮД:0726/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Бд холбогдох 2406 00000 0796 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19..... оны 03 дугаар сарын .........-ны өдөр ..........аймагт төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, ..........аймгийн ........ сумын 1 дүгээр баг, 2-........тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн .......... дугаар хороо, .............. хашаанд түр оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт ББ /РД:....../.

Хэргийн товч агуулга:     

Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 95 дугаар байрны гадна байсан иргэн Г эзэмшлийн 8644 УБЦ улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн баруун толь, баруун урд хаалганы шилний нуух чихэгдэж нугарсан, усны хаялга, хаалганы шил зэргийг хагалж хууль бусаар устгасны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол буюу 450,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

          Гэм буруугийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 95 дугаар байрны гадна байсан иргэн Гэзэмшлийн 8644 УБЦ улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн баруун толь, баруун урд хаалганы шилний нуух чихэгдэж нугарсан, усны хаялга, хаалганы шил зэргийг хагалж хууль бусаар устгасны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол буюу 450,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээс гадна,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.01/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Гөгсөн: “Би хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг бөгөөд 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 22 цагийн орчим Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 95 дугаар байрны гаднах автомашины зогсоолд өөрийн эзэмшлийн 86-44 УБЦ улсын дугаартай цагаан өнгөтэй Пруис 20 загварын тээврийн хэрэгслийг байрлуулж гэр лүүгээ орсон. Гэтэл хэсэг хугацааны дараа машины цонх хагарсан байсныг мэдээд машин руугаа очтол дэргэд нь үл таних хүн байсан. Яагаад машины цонх хагалсан талаар асуухад манай эхнэр намайг хуурсан юм гэтэл чиний машины дугаартай адилхан байхаар нь уур хүрээд чиний машиныг цонхыг хагалсан гэж хэлсэн тул цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэх мэдүүлэг /хх.07-08/,

“Сүлд үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 4-513 дугаартай дүгнэлт /хх.17-19/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтол /хх.31-32/,

Яллагдагчид эрх үүрэг тайлбарласан баталгаа /хх.34-35/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.21-28, 30/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Б яллагдагчаар өгсөн: “... Тухайн үед архи хэрэглэсэн байсан тул тээврийн хэрэгслийн шилийг хагалах болсон. Хохирлыг бүрэн барагдуулна... хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хэргийг хялбаршуулж өгнө үү...” /хх.36-37/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хохирогч Ггаргасан хүсэлт /хх.41/,

Шүүгдэгч Б.Бн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх.42/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын тогтоол /хх.44-45/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Б.Б өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч Г.Алтан-Эрдэнэ нь “гомдол саналгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй” гэх тул шүүгдэгч Б.Бг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч  Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

          Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “учруулсан хохирлыг төлсөн” гэж заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Б.Бн хувийн байдлыг харгалзан үзэж, түүнд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт ББг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Б.Бд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 560,000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Алтан-Эрдэнэ нь гомдол саналгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                  С.ӨСӨХБАЯР