Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 63

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2017/0066/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

         

Улсын яллагч:                                           Я.Сансар,

Нарийн бичгийн дарга:                           Н.Болор-Уянга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч:                         Б.Болортунгалаг,

Шүүгдэгч:                                                    Д.Мөнхтуяа нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Д.Мөнхтуяад холбогдох  эрүүгийн хэргийн хүлээв авч хянан хэлэлцэв

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Хэнтий аймагт 1987 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, олон улсын харилцааны мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Жишиг хорооллын 4-4 тоотод оршин суух Боржигон овогт Дугарсүрэнгийн Мөнхтуяа /РД: СЩ87101908/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

Шүүгдэгч Хэнтий аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Жишиг хорооллын 4-4 тоотод оршин суух иргэн Д.Мөнхтуяа нь 2015 оны 05 дугаар сараас 2016 оны 11 дүгээр сар хүртэл Хэнтий Ус ХХК-д айл өрхийн байцаагчаар ажиллаж байх хугацаандаа байгууллагын дансанд тусшаах ёстой айл өрхийн ус, халаалт, хогны мөнгө болох нийт 8.063.742 төгрөгийг хувьдаа ашигласан гэмт хэрэгт  холбогджээ.

                                            

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

 

Хохирогч Г.Энхсаруулын мөрдөн байцаалтад өгсөн: ... Мөнхтуяа нарыг яг яагаад ингэж айл өрх дээр өндөр дүнтэй үлдэгдэл гарч байгаа талаар өөрсдөө бүх айл өрхүүдээр явж судалж яг үнэн бодит үлдэгдэл мөн болохыг баталгаажуулж ир гэхэд тухайн хоёр хүн баталгаажуулж чадаагүй. ... ажлаас гаргахад дараагийн хүндээ ажлаа хүлээлцэж өгөөгүй. Тэгээд би шинэ орсон байцаагч нартай нь Энхмарал, Мөнхтуяа нарын хариуцаж байсан айл өрхөөр орж тулгалт хийхэд хэд хэдэн айлаас бэлэн болон бэлэн бусаар мөнгийг нь авч өөрсдийн гарын үсгийг зурж тамга дарж өгөөд авсан мөнгөө байгууллагын дансанд хийлгүй хувьдаа ашигласан болох нь тогтоогдсон болохоор Цагдаагийн байгууллагад хандсан гэх мэдүүлэг.

Гэрч Г.Лхагвадоржийн мөрдөн байцаалтад өгсөн: ... 1 сар гаргаад айл өрхүүдээр явж ус, халаалт, хогны бичилтыг хийлсэн чинь айл өрхүүдээс танай байгууллага бичилтээ цаг тухай нь хийдэггүй гэж гомдол ирсэн. Тэгээд айл өрхүүдийн бичилтын тайланг судалж үзэхэд Мөнхтуяа гэх эмэгтэй айл өрхий халаалт, ус, хогны мөнгийг бэлнээр буюу өөрийн эзэмшлийн дансандаа хийлгэж байгууллагын дансанд ямар нэг мөнгөн дүн тушаагаагүй өөрөө хувьдаа ашигласан байсан. Тэгээд яг хэдэн төгрөгийг хэдэн айл өрхөөс авсан болохыг шүүж үзэхэд 50 орчим айл өрхөөс нийт 8.063.742 төгрөгийг бэлнээр болон дансандаа хийлгэж авсан байсан гэх мэдүүлэг.

Гэрч С.Өнөрбатын мөрдөн байцаалтад өгсөн: ... 2015 оны 4 сараас эхлээд 2016 оны 10 сар хүртэл Мөнхтуяа гэдэг байцаагчид төлбөрөө төлж эхэлсэн. Тэгээд 2016 оны 10 сард ахиад Лхагвадорж гэдэг шинэ байцаагч ирээд манайхыг төлбөр тооцооны үлдэгдэлтэй байна гэж хэлсэн. Тэгээд би гайхаад тухайн байцаагчид төлбөрөө төлж байсан дэвтэрээ үзүүлэхэд манайхыг ямар нэг тооцоо байхгүй байна, харин таны төлж байсан мөнгийг байгууллагын дансанд хийж хаалгаагүй байна. Энэ асуудлыг даргадаа танилцуулаад эргээд таньд хэлье гэж хэлсэн гэх мэдүүлэг.

Гэрч Г.Оюунчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: ... Тэгээд манайхыг урьд сарын үлдэгдэл тооцоо байна хэзээ хийх вэ гэж асуусан. ... танайх шиг олон айл хохироод байгаа. Өмнөх байцаагчийн ажлын алдаа юм шиг байна, одоо шалгаж байгаа учрыг нь олоод хариу хэлнэ гэж хэлсэн. ... Тэгээд би 2017 оны 03 сард ахиад асуухад Цагдаагийн байгууллагад шилжсэн байгаа та цагдаа дээр очиж уулз гэж хэлсэн гэх мэдүүлэг.

Гэрч Д.Лхагваагийн: Би сар бүр тооцоогоо өөрийн биеэр Хэнтий ус ХХК-д очиж тухайн үеийн байцаагч Мөнхтуяа гэх хүнд бэлэн мөнгөөр төлдөг байсан. Тэгээд 2016 оны 11 сард Лхагвадорж гэдэг шинэ байцаагч ирээд манайхыг төлбөр тооцооны үлдэгдэлтэй байна гэж хэлсэн. Тэгээд би гайхаад тухайн байцаагчид төлбөрөө төлж байсан дэвтэр болон мөнгө төлсөн тасалбар зэргийг үзүүлэхэд манайхыг ямар нэг тооцоо байхгүй байна, харин таны төлж байсан мөнгийг байгууллагын дансанд хийж хаалгаагүй байна гэж хэлсэн гэх мэдүүлэг.

Гэрч Д.Мэндбаярын: Би сар бүр тооцоогоо өөрийн биеэр Хэнтий Ус ХХК-д очиж заримдаа гэрт ирэхээр нь бэлэн мөнгөөр байцаагчдаа төлдөг байсан. Тэгээд сүүлд шинэ байцаагч Лхагвадорж гэдэг хүн болсон байсан. ... Надад төлбөр тооцооны асуудалтай байна гэж хэн ч хэлээгүй гэх мэдүүлэг.

Гэрч Ц.Нэргүйгийн мөрдөн байцаалтад өгсөн: ... Тэгээд би аймагт гэртээ иртэл манай усны байцаагч Мөнхтуяа ирээд танайх нийт 200.000 гаруй төгрөгний тооцоо байна гэхээр нь би эзэнгүй айлд яахаараа ингэж их тооцоо гардаг юм манайхыг эзгүй байхад манайхаас ус алдсан байсан энэ тооцоо мөнгийг хэн хариуцах юм гээд байцаагч Мөнхтуяад хандсан. ... Тэгээд би үлдсэн мөнгийг бэлнээр Мөнхтуяа байцаагчид өгч халаалт, усны дэвтэр дээрээ гарын үсэг зуруулж тамга даруулж авсан. Тэгсэн чинь удалгүй шинэ байцаагчтай болоод тухайн байцаагч нь намайг төлбөр тооцооны үлдэгдэлтэй байн гээд байн байн дуудаад байхаар нь би дэвтрээ очиж үзүүлж тооцоо мөнгө байхгүй болохыг харуулсан гэх мэдүүлэг.

 

Шүүгдэгч Д.Мөнхтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 11 сар хүртэл Хэнтий Ус ХХК-д борлуулалтын байцаагч хийж байсан. Би ажиллах хугацаандаа Хэнтий аймгийн 5, 3 дугаар багийн айл өрхүүдийн халаалт, ус, хогны мөнгийг бичдэг байсан. ... Тэгээд дараа нь намайг дуудаад нийт тооцоо чинь 8.063.742 төгрөг байна яаралтай хийгээрээ гээд би тухайн тооцооноос 2 сая төгрөгийг төлөөд үлдсэн тооцоог нь төлж чадаагүй байж байгаад Цагдаагийн байгууллагад дуудагдсан гэх мэдүүлэг зэрэг болно.

 

Шүүгдэгч Д.Мөнхтуяа нь 2015 оны 05 дугаар сараас 2016 оны 11 дүгээр сар хүртэл Хэнтий Ус ХХК-д айл өрхийн байцаагчаар ажиллаж байх хугацаандаа байгууллагын дансанд тусшаах ёстой айл өрхийн ус, халаалт, хогны мөнгө болох нийт 8.063.742 төгрөгийг хувьдаа ашигласан гэмт хэргийг үйлдсэн болох нь дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан айл өрхийн ус, дулаан ашиглалтын дэвтэрт бичсэн бичилт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь уг хувьдаа завшсан мөнгөнөөс 2.000.000 төгрөгийг төлсөн байх тул үлдэх 6.063.742 төгрөгийг шүүгдэгч Д.Мөнхтуяагаас гаргуулж хохирогч Хэнтий Ус ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.1-т /бусдын эд хөрөнгө завших/ заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба мөн хуульд хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэж заасан бөгөөд уг гэмт хэргийг 2016 оны 11 дүгээр сар хүртэл үйлдсэн ба үүнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн байх тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Дугарсүрэнгийн Мөнхтуяаг бусдын эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-т зааснаар шүүгдэгч Д.Мөнхтуяаг Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.1-т заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Д.Мөнхтуяагаас 6.063.742 төгрөгийг гаргуулж хохирогч “Хэнтий Ус” ХХК-д олгосугай.

4.Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй ба энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Мөнхтуяад авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

           ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ц.МӨНХТУЛГА