Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 49

 

2020          10            19                                           2020/ДШМ/49

 

 

 

Ж.Б, Г.Б нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай     

                                                                                                                                 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

 

            Прокурор: Г.Энэрэл,

            Шүүгдэгч Ж.Бы өмгөөлөгч: Ю.Нямсүрэн,

            Шүүгдэгч Г.Бын өмгөөлөгч: Т.Урангоо,

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Тэгшдүүрэн нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/90 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Ж.Б, Г.Б нарт холбогдох, эрүүгийн 2019000000066 дугаартай, 2 хавтас, 293 хуудас бүхий хэргийг прокурор Г.Энэрэлийн эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г.Б-т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

 

2. Монгол Улсын иргэн, Ж.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар Дорноговь аймгийн прокурорын газрын прокурор Г.Энэрэлээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Шүүгдэгч Г.Б, Ж.Б нар нь бүлэглэн 2020 оны 04-р сарын 29-ний өдрөөс 2020 оны 04-р сарын 30-ны өдөрт шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сум 2 дугаар баг, Энхтайваны 37-10 тоотод М.Б, А.Б нарт хүч хэрэглэн довтолж, гутал, пүүз болон бэлнээр А.Баас 35 000 төгрөгийг, М.Баас 45 000 төгрөгийг хууль бусаар дээрэмдэн авч, бусдад нийт 555 000 төгрөгийн хохирол учруулсан,

Уг гэмт хэргийг үйлдэх явцдаа Ж.Б нь хохирогч М.Бын толгойг шилэн стаканаар цохих, нүүрэн тус газарт нь өшиглөх, татаж байсан тамхиа хүзүүнд нь унтраах, хөлийн булчинд төмөр сэрээ зоож хатгах, хохирогч А.Бын толгой, нүүрэн тус газарт гутлаар цохих зэргээр тус тус зодон, хохирогч М.Б А.Б нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Ж.Бд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож,

 

Шүүгдэгч Г.Бт аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж,

 

Шүүгдэгч Ж.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан “Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг, шүүгдэгч Г.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Шүүгдэгч Ж.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бт хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бт тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, мөн согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус анхааруулж,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ж.Бд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагааг зохион байгуулахыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гэмтсэн цагаан өнгийн гар утас, эрэгтэй хүний гутал 1 ширхэг, хоолны төмөр сэрээ зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

 

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр, 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Г.Энэрэл давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулсан нотлох баримт буюу хохирогч М.Б, А.Б нараас хууль сануулж мэдүүлэг авсан байдаг. Үүнд М.Б нь “Ж.Б болон хамт орж ирсэн залуу нь гэрт байсан миний богино түрийтэй цөлийн шар гутал мөн шинээр 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөгөөр авч байсан пүүз, түрийвчинд байсан 35,000 /гучин таван мянга/ төгрөг, М.Бын түрийвчинд байсан 45,000 /дөчин таван мянга/ төгрөгийг ах нар нь авлаа гээд аваад яваад өгсөн. Бид хоёрыг Ж.Б гэдэг хүн ганцаараа зодсон, хамт байсан хүн нь хаана цохихыг нь зааж өгөөд байсан” гэсэн мэдүүлэг, хохирогч А.Б нь “Ж.Б болон хамт орж ирсэн залуу нь гарч явахдаа гэрт байсан миний хагас түрийтэй цөлийн шар гутал, ийм төгрөгийг ах нар авлаа гээд аваад яваад өгсөн” гэж мэдүүлсэн байдаг. Энэ нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн болно. Уг нотлох баримтуудаар Ж.Б, Г.Б нар нь тухайн өдөр найз н.Болдоогоо хайхаар М.Б, А.Б нарынд очсон. Ингээд хайгаад очиход н.Болдоо байгаагүй, М.Б, А.Б хоёртой таарахад улмаар маргалдаад хохирогч нарын биед хөнгөн хохирол учруулсан. Энэ үедээ хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж эд зүйлсийг авсан гэх үйл баримт тогтоогддог. Үүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг буюу хамтран оролцсонд тооцно гэсэн заалт, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хоёр ба түүнээс дээш этгээд нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзнэ гэдгийг Улсын Дээд Шүүхийн 2010 оны 03 дугаартай тогтоолд бүлэглэн гүйцэтгэгч гэдэг нь гэмт хэрэгт хамтран үйлдэх талаар хэрэг үйлдэхээс өмнө урьдчилан тохиролцоогүй боловч хэрэг үйлдэх явцад санаатайгаар хамтран оролцсон этгээдийг ойлгоно. Гэмт хэрэгт хамтран оролцох нь санаатай үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх бөгөөд нэг хэрэгт зарим хамтран оролцогчид нь санаатайгаар үйлдэл хийж гэмт хэрэг үйлдэхээс гадна бусад хамтран оролцогчид нь санаатайгаар эс үйлдхүй хийж гэмт хэрэгт хамтран оролцсон байж болно гэж тайлбарласан. Энэ үйлдлээр Ж.Б нь уг гэмт хэргээр хохирогч нарт хөнгөн хохирол учруулж, тэдгээрийг айлгаж, хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн. Г.Б нь хүч хэрэглэхээр заналхийлж, тухайн хүч хэрэглэсэн үйлдэл байхгүй бол дээрмийн хэрэг гарахгүй байснаар прокурор яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Харин анхан шатны шүүх дүгнэхдээ Ж.Б, Г.Б нарын үйлдлийг нь салгаж зүйлчилж, тухайн шүүгдэгч нарт нэг нь хөнгөн хохирол учруулсан, нөгөө нь дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэж зүйлчилсэн нь үндэслэлгүй болно. Учир нь хохирогч нарын зүгээс эд зүйлээ хамгаалж авч үлдэх эсэргүүцэл үзүүлэх үйлдэл хийхгүй байгаа нь шүүгдэгч нарын зүгээс гаргаж байгаа хүч хэрэглэсэн үйлдэл, хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдлээр шалтгаалсан гэж үзэж дээрэмдэх гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж үзсэн учраас эсэргүүцэл бичсэн...” гэв.

 

Шүүгдэгч Ж.Бы өмгөөлөгч Ю.Нямсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийн гол агуулга шүүгдэгч нарын тухайд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, анхан шатны шүүх буруу шийдвэрлэсэн гэж байна. Би уг хэрэгт Ж.Бы өмгөөлөгчөөр оролцож байна. Хэргийн тухайн шүүгдэгч нарын үйлдлүүд нь тус, тусдаа гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хэрэг гардаг өдөр Ж.Бы хувьд хохирогч нарын биед халдаж, тухайн үйлдлийг хийж дууссаны дараагаар хэрэг болдог байрнаас гараад явахдаа Г.Б нь эд зүйл болон мөнгийг аваад явсан асуудал яригддаг. Хохирогч М.Б өөрийн биеэр анхан шатны шүүх хуралдаанд оролцож, болсон хэргийн талаар тодорхой ярьсан байдаг. Харин мөрдөн шалгах ажиллагааны мэдүүлэгт “тэр хоёр залуучууд гэж ярьдаг” аль, аль нь гараад явахдаа авсан нь тодорхойгүй байсан тул хохирогчийг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулж, тухайн бодит байдал дээр ямар үйл явдал болсон талаар давхар мэдүүлгийг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргаснаар энэ асуудал илүү тодорхой болсон гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Г.Бын өмгөөлөгч Т.Урангоо давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Г.Бын өмгөөлөгчөөр оролцож, түүнд эрхийн туслалцаа үзүүлсэн. Хавтаст хэргээс харахад шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдээс тус, тусдаа үйлдлээ хийсэн нь тодорхой байдаг. Ж.Б нь “би Г.Быг мөнгө, гутал зэрэг зүйлүүдийг авсныг мэдээгүй, Г.Быг ганцааранг нь орхичихоод түрүүлээд машиндаа ороод суучихсан байсан. Үүний дараа Г.Б орж ирээд, тэгээд явсан” гэж мэдүүлсэн байдаг. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч М.Б оролцсон. Түүнээс шүүгч, өмгөөлөгч, прокурор бүгд болсон хэргийн талаар тал бүрээс нь асуухад Ж.Б бид нарыг зодоод гараад явсны дараа Г.Б нь бид нараас эд зүйлсийг ямар нэгэн хүч хэрэглэх зүйлгүйгээр аваад гарсан гэх мэдүүлгийг удаа дараа өгдөг. Прокурор нь Улсын Дээд Шүүхийн 10 дугаар тогтоолыг дурдаж байна. Үүнд Г.Бын үйлдэл нь эс үйлдэхүй байх нь бүлэглэх гэмт хэрэгт хамаарч болно. Гэтэл Ж.Бы хувьд эс үйлдэхүй гаргах ямар ч үндэслэл байхгүй, гараад явчихсан байсан тул бүлэглэн дээрэмдэх гэмт хэрэгт хамаарахгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны 2020/ШЦТ/90 тоот шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцээд хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Учир нь: Прокурор Г.Энэрэлээс бичсэн эсэргүүцэлд үндэслэн түүнд бичигдсэн үндэслэлүүдэд хязгаарлагдалгүйгээр тухайн хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар тухайн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх ба мөрдөн байцаалт, прокурор болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

            2020 оны 04 дүгээр сарын 30-ны 01 цагийн орчимд Дорноговь аймгийн Сайншанд суманд Сэлэнгэ аймгаас ажил хийхээр ирсэн М.Батжаргал, А.Балжинням гэх залуучуудыг түр түрээслэн амьдарч байсан байрандаа амарч байхад нь шүүгдэгч Ж.Батсайхан, Г.Батбаяр нар нь Болд гэх хүнийг сурж очсоны дараа Ж.Батсайхан нь тэднийг дээрэлхэн ээлжлэн зодохдоо М.Батжаргалын толгойг шилэн стаканаар цохих, нүүрэн тус газар нь өшиглөх, татаж байсан тамхиа хүзүүнд нь унтраах, гарын булчинд нь төмөр сэрээгээр зоож хатгах, Самсунг маркийн гар утсыг нь шидэж эвдлэсэн, А.Балжиннямын толгой, нүүрэн тус газарт гараараа болон хатуу ултай гутлаар цохих зэргээр зодсон,  шүүгдэгч Г.Батбаяр нь хохирогч А.Балжиннямын гутал, пүүз зэргийг нь авч, А.Балжиннямаас 35.000 төгрөг, М.Батжаргалаас 45.000 төгрөгийг бэлнээр нь тус тус дээрэмдэн авч нийт 555.000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч нарын биед тус тус хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримтууд болсныг шүүгдэгч нар мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлдэг ба тэдний гэм буруутай үйлдлүүд нь хохирогч нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд болон хохирогч М.Батжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хохирогч нарын биед учирсан гэмтлийг тогтоосон Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 04/42, 04/43 тоот шинжээчийн дүгнэлтүүд зэргээр тус тус давхар батлагдан тогтоогдсон байна.

 

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан баримтат мэдээллүүд байна.

 

Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд хэргийн оролцогч нарыг хавтаст хэргийн материалтай танилцуулсан ба тэдний зүгээс хэргийн талаар нэмж шалгуулах талаар санал, хүсэлт гаргаагүй байна.

 

            Прокуророос шүүгдэгч нарыг хохирогч М.Б, А.Б нарт хүч хэрэглэн довтолж А.Бын гутал, пүүз болон бэлнээр А.Баас 35:000 төгрөгийг, М.Баас 45.000 төгрөгийг хүч хэрэглэн довтолж хууль бусаар авч бусдад нийт 555.000 төгрөгийн хохирол учруулж дээрэмдсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр,  уг гэмт хэрэг үйлдэх явцдаа шүүгдэгч Ж.Б нь хохирогч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэж тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Б нь хохирогч нарыг үл тоомсорлон басамжлан айлган сүрдүүлж тэднийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлээрээ далайлган сүрдүүлж хохирогчид хүч хэрэглэж, хэрэглэхээр заналхийлж бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшилд шилжүүлж авах үйлдлийг үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж шүүгдэгч Ж.Бд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.Б нь “Дээрэмдэх” гэмт хэргийг дангаараа үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, гэм буруутайд тооцсон, шүүгдэгч Ж.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж тус тус шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

            Хэрэгт авагдсанаар шүүгдэгч нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэгт “ ... шүүгдэгч Ж.Б нь хохирогч нарыг зодчихоод гараад явсны дараа шүүгдэгч Г.Б нь хохирогч нарыг дангаараа дээрэмдсэн тухай” шүүгдэгч нар мэдүүлцгээсэн боловч тэдний мэдүүлэг нь хохирогч М.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ ...миний толгой хагараад хамраас цус гарсан байсан, би ганцаараа гал тогооны өрөөнд ороод цусаа угааж байтал Ж.Б араас орж ирээд миний толгой дээр ус хийж өгчихөөд гараад явсан, гараад явсных нь дараа Г.Б миний орон дээр байсан түрийвчнээс 45.000 төгрөг, Балжиннямын гутал, пүүзийг авсан” гэж /2-р хх-ийн 17-18/ мэдүүлгээр давхар нотлогдсон.

 

            Хохирогч М.Бд шүүх хуралдааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэйг тайлбарлан танилцуулж, үнэн зөв мэдүүлэг өгөх баталгааг авч гарын үсэг зуруулсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээс харагдаж байх тул шүүгдэгч нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд нь хохирогч М.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр давхар батлагдаж нотлогдсон гэж анхан шатны шүүх үзэж хохирогч нарыг хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн буюу Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шүүгдэгч Г.Б дангаараа үйлдсэн гэж үзсэн нь үндэслэлтэй юм.

 

            Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулж хэргийн бодит байдлыг тодруулж байж шийдвэрлэсэн  шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

            Иймд Дорноговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны 2020/ШЦТ/90 тоот шийтгэх тогтоолын үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцсэн ба шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна.

 

 Шүүгдэгч Г.Бын зүгээс хохирогч нарыг зодож цохисон зүйлгүйгээр хохирогч А.Бын гутал 1ш, пүүз 1ш-ийг, 35.000 төгрөгийг бэлнээр, хохирогч М.Баас бэлнээр 45.000 төгрөгийг тус тус авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр ... хууль бусаар авсан бол” гэсэн шинжид тус тус нийцсэн,

 

            Шүүгдэгч Ж.Бы хохирогч М.Б, А.Б нарыг түрээслэн амьдарч байсан байрандаа амарч байхад нь М.Батжаргалын толгой руу шилэн станканаар цохиж тархийг хагалсан, нүүр рүү нь өшиглөсөн, хүзүүн дээр нь асаасан тамхиа унтраасны улмаас хохирогчид тархи доргилт, толгойн орой хэсэгт язарсан шарх бүхий хөнгөн гэмтэл,  гар утсыг нь шидэж эвдэлж 60.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл,

 

            хохирогч А.Б-н толгой руу гараараа болон гэрт байсан хатуу ултай ботинк гутлаар толгой руу нь хэд хэдэн удаа цохиж зодсоны улмаас тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл учруулсан тус тус үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулахдаа ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь хэсэгт заасан …2 буюу түүнээс олон хүнд ... хөнгөн хохирол учруулсан гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар” үйлдсэн, хохирогч нарын эрүүл мэндэд учруулсан хөнгөн зэргийн гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журамд үндэслэж гаргасан шүүх эмнэлгийн шинжээчийн 04/42, 04/43 тоот  дүгнэлтүүдээр тогтоогдсон зэрэг нөхцөл байдлууд нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэх гэмт хэргийн  шинжүүдэд тус тус нийцжээ.

 

            Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргүүд болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2,  17.2 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа ба шүүгдэгч Г.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2 жилийн хугацаагаар тэнссэн,  шүүгдэгч Ж.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулсан нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, А.Бын гутал, пүүзийг мөрдөн байцаалтын шатанд буцаан өгсөн, шүүх хуралдааны шатанд 150.000 төгрөгийг бэлнээр төлж хохирлыг төлж барагдуулсан байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг анхан шатны шүүх тал бүрээс нь харгалзаж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна гэж үзсэн ба анхан шатны шүүхээс хүлээлгэсэн эрүүгийн хариуцлага нь шүүгдэгч нарын гэм буруугийн хэр хэмжээнд нь тохирсон байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

           

            Шүүгдэгч Ж.Б Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2018 оны 09 дүгээр сарын 27-ны 126-р шийтгэх тогтоолоор шийтгүүлж 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсний дараа  Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны 07-р шийтгэх тогтоолоор мөн шийтгүүлж 3.300.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж,  урьд тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх 600 цагийн ялын үлдэгдэл  292 цаг байсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар урьдчилан цагдан хоригдсон 26 хоногийг эдлээгүй үлдсэн 292 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч ялтны ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, үлдэгдэл ял болох нийтэд тустай ажил хийлгэх ял, 3300.000 төгрөгийн торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн байсан.

 

2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар шүүхэд өгсөн Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 01/859 тоот албан бичгээр шүүгдэгч Ж.Б нь 2.800000 төгрөгийн торгох ялын, 164 цагийн албадан ажил хийлгэх ялын тус тус үлдэгдэлтэй гэсэн боловч анхан шатны шүүх хуралдааны өмнө буюу 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр торгох ялын үлдэгдэл 2.800000 төгрөгийг төлсөн болох нь ХААН банкны баримт /2-р хх-ийн 6-д/-аар тогтоогдсон байх тул торгох ялыг биелүүлсэн гэж анхан шатны шүүх үзсэн нь үндэслэлтэй зөв болсон.

 

Харин Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны 07 шийтгэх тогтоолд зааснаар шүүгдэгч Ж.Батсайханы 26 хоногийн цагдан хоригдсон нэг хоногийг үлдэгдэл 292 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож ял эдэлсэнд оруулан тооцоход 84 цагийн үлдэгдэл байхаар тооцоо гарч шүүгдэгч Ж.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9-р зүйлийн 1-д зааснаар “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах” нөхцөл байдал үүсэх магадлал бий болсон байх боловч шүүх хуралдаанд оролцсон прокурорын зүгээс уг ялыг дээрх тогтоолд зааснаар ял эдэлсэн хугацаанд нь оруулан хасч тооцсон, нийтэд тустай ажил хийлгэх ялын үлдэгдэлгүй гэж үзснийг анхан шатны шүүх мөн тэгж үзэж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс буруутгасангүй.

 

Учир нь: Шүүгдэгч Ж.Б-д Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны 126-р шийтгэх тогтоолоор оногдуулсан 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын үлдэгдэлтэй байна гэж үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах” журмын дагуу уг ялыг энэ тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгүүлэх, эсхүл тусад нь эдлүүлэх эсэх талаар жичдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагын саналаар прокуророос шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой болно.

 

            Эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн прокурор Г.Энэрэлээс гаргасан анхан шатны шүүх хуулийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн өөрчилж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаалгах тухай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож,  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/90 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Г.Энэрэлийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

 

                                                ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА

 

                                                                                                    А.САЙНТӨГС