Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 136/ШШ2022/00059

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ХБ ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Э /РД: /-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Лхагвасүрэн. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хаан банк ХХК иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Э /РД:***/-ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэлдээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Зээлдэгч нь Хаан банк ХХК-ийн Дорноговь салбарын харьяа Сайншанд тооцооны төвөөс 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ...... тоот зээлийн гэрээ байгуулан 5,800,000 /таван сая найман зуун мянган/ төгрөгийг жилийн 13,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар, зурагт 1ш, хөргөгч 1ш, цалингийн орлогоо барьцаалуулан зээлэн авсан.

Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.4.1 дэх хэсэгт заасан нөхцөлийг зөрчин, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар 5,760,063 /таван сая долоон зуун жаран мянга жаран гурван/ төгрөгийн зээлийн төлбөрийг барагдуулаагүй 56 хоног хугацаа хэтрүүлээд байна.

Иймд зээлдэгч Г.Э нь оршин суух хаяг дээрээ байхгүй, хаана байгаа нь тодорхойгүй байгаа нь тус сумын Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г овогтой Э нь 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Хаан банк Дорноговь аймаг, Сайншанд тооцооны төв дээр 5,800,000 төгрөгийн цалингийн зээлийн хүсэлтийг гаргасан. Зээлдэгч нь урьд нь Голомт банк-д цалингийн зээлтэй байсан ба үүнийг хаах зориулалтаар манай банкнаас зээл авсан боловч тухайн зээлийн зориулалтыг зөрчиж утас нь холбогдохгүй алга болсон. Зээлдэгчтэй одоо холбогдох утасны дугаар байхгүй. Зээлдэгчийн талаар асууж, сурагласан хүн нь түүний эхнэр байсан гэх хүнтэй холбогдсон. Эхнэр нь Э одоо Дорноговь аймгийн Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэж хэлсэн. Мөн зээлдэгчийн аавтай нь холбогдоход Дорноговь аймгийн Алтанширээ суманд мал, малладаг ба Э талаар манай банканд цалингийн зээлтэй, тухайн зээлээ төлөөгүй. Иймд шүүхэд нэхэмжлэл гаргах гэж байгаа гэж хэлэхэд бид нартай холбоогүй байгаа гэж хэлсэн. Зээлдэгчийн хувьд одоо оршин суух хаяг нь тодорхойгүй байна. Зээлдэгчтэй зээл авснаас хойш нэг удаа холбогдсон. Тухайн үед утас нь холбогдож байсан. Түүнээс хойш залгахад утсаа авахгүй байж байгаад орох ярианы эрх нь хаагдсан. Зээлдэгчтэй холбогдсон талаарх мессежийг нотлох баримтаар хэрэгт хавсаргасан. Манай байгууллагаас Э талаар эхнэр болон ааваас нь асууж тодруулсан. Манай банкнаас тухайн үед зээлдэгчид цалингийн зээл олгох үедээ зээлдэгчийн ажиллаж байгаа байгууллагаас ажиллаж байгаа талаарх тодорхойлолт авалгүй цалингийн хуулгаар баталгаажуулж зээлийг олгосон. Голомт банк-аас цалингийн зээлийн хүсэлт гаргаж зээл авсан байсан. Дараа нь ажлаасаа гараад манай банканд хүсэлтээ өгсөн байсан. Тухайн үед Хаан банк-аас авсан зээлээр Голомт банк-ны зээлийг хаана гэх үндэслэлээр зээл авсан. гэв.

Нэхэмжлэгчээс улсын бүртгэлийн гэрчилгээг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-2/, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 29/12300 дугаартай итгэмжлэлийн хуулбар /хх-3/, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 01/12242 дугаартай итгэмжлэлийн хуулбар /хх-4/, 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01/5360/95 дугаартай итгэмжлэл /хх-5/, улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийн даалгавар /хх-6-7/, Дорноговь аймгийн Өргөн сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 7/04 дугаартай тодорхойлолт /хх-8/, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ЗГ/202146917138 дугаартай зээлийн гэрээний хуулбар /хх-9-15/, зээлдэгчтэй холбоо барьсан болон уулзалт хийсэн тэмдэглэл, мессежээр харьцсан чатын хуулбар /хх-23-27/ зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хаан банк ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г овогтой Э /РД: /-ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч ХБ ХХК-ийн Дорноговь салбарын харьяа Сайншанд тооцооны төвтэй 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ...... дугаартай гэрээ /хх-09-15/ байгуулсан байх ба уг гэрээгээр Г.Э нь 5,800,000 төгрөгийг жилийн 13,8 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай эргэн төлөхөөр тохиролцжээ.

Г.Э нь гэрээний үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч Хаан банк ХХК нь гэрээний үүргээ гүйцэтгүүлэхээр Г.Э холбогдох гэж 3 удаа залгасан болох нь Зээлдэгчтэй холбоо барьсан болон уулзалт хийсэн тэмдэглэл /хх-23/-ээр нотлогдож байна.

Мөн Г.Э нь нэхэмжлэгчтэй №ЗГ/202146917138 дугаартай зээлийн гэрээг байгуулах үед гэрээнд дурдсан Дорноговь аймгийн Өргөн сумын 4 дүгээр баг, Сэнж хонгор гудамж, 1-8 айл 1 тоот хаягт оршин суудаггүй болох нь Дорноговь аймгийн ... багийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 7/04 дугаартай Ц овогт Г Э / / нь тус багийн Хонгор-1 гудамж :::: тоотод албан ёсны бүртгэлтэй бөгөөд тухайн хаягтаа оршин суудаггүй болохыг тодорхойлов. гэх тодорхойлолтоор тогтоогдож байна.

Г.Э нь иргэний хэргийн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн байх бөгөөд оршин суугаа хаяг нь тодорхойгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч Хаан банк ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хангаж Г.Э эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

            Г.Э эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Г.Э /РД: /-ыг эрэн сурвалжлуулсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа болон үйл ажиллагаа явуулж буй газрын хаягийг тогтоох ажлыг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.ГОНЧИГСУМЛАА