Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 136/шш2022/00060

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:  Сын Ч /РД:***/-ийн хүсэлттэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: С.Ч,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Лхагвасүрэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Ч ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэлдээ дараах байдлаар тодорхойлж байна.

Миний бие Дорноговь аймгийн Зам барилга ашиглалтын ангид 1984 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс одоог хүртэл ажиллаж байна. 2004 онд байгууллагын контор шатсаны улмаас баримт бичиггүй болсон учир 1984 оноос 2005 оныг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Миний бие Дорноговь аймгийн Зам, барилга ашиглалтын ангид 1984 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2005 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд замчин, жолоочоор ажиллаж байсан. Одоо тус байгууллага нь Дорноговь аймгийн АЗЗА ХХК болсон. Миний бие 12 дугаар сарын 21-ний өдөр өндөр насны тэтгэвэрт гарах байсан боловч ажилд томилогдсон болон бусад тушаал архив шатаж олдоогүй учир шүүхэд ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. гэжээ.

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-2/, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-3/, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 35 дугаартай архивын тодорхойлолт /хх-4/, Дорноговь АЗЗА төрийн өмчит хувьцаат компанийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 07 дугаартай албан бичиг /хх-5/, Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2/40 дугаартай албан бичиг /хх-6/, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 082/01 дугаартай тодорхойлолт /хх-7/, Дорноговь зам барилга ашиглалтын ангийн хамт олны 1986 оны 05 дугаар сард Майн баяраар авахуулсан гэрэл зураг /хх-8/, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын 2005 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаартай Гал түймэр гарсан тухай нотломж /хх-9-10/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-11-12/, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гэрч Х.Батбаяр бичсэн ... 1984 оны 04 дүгээр сарын 28-нд Зам барилга ашиглалтын ангид жолоочоор ороход С овогтой Ч 1984 оны 07 дугаар сард замчнаар орж ажилласан нь үнэн болно. гэх тодорхойлолт /хх-14/, түүний иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-15/ болон 238053 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-16/, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гэрч О.Санзайжавын бичсэн ... 1988 онд Зам барилга ашиглалтын ангид ажилд ороход С овогтой Ч нь тус ангид замчнаар ажиллаж байсан бөгөөд одоог хүртэл цуг ажиллаж 34 жил болж байгаа нь үнэн болно. гэх тодорхойлолт /хх-17/, түүний 182697 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-18-19/, Дорноговь АЗЗА төрийн өмчит хувьцаат компанийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 10 дугаартай тодорхойлолт /хх-20/, С.Чын хөдөлмөрийн дэвтрийн эх хувийг шүүгчийн туслахад 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээлгэн өгсөн тухай баримт /хх-21/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх Х.Батбаяр, О.Санзайжав нарыг гэрчээр асуусан байна.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч С.Ч нь Дорноговь АЗЗА төрийн өмчит хувьцаат компанид 1984 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2005 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч С.Ч нь 1984 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Зам барилга ашиглалтын ангид замчнаар томилогдсон (хавтаст хэргийн 3 дахь тал) байна.  Зам барилга ашиглалтын ангийн цалингийн хүснэгт, хувийн хэргийн холбогдолтой тушаал шилжиж ирээгүй болох нь Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 35 дугаартай албан бичгээр (хавтаст хэргийн 4 дэх тал), С.Ч нь 1984 оноос одоог хүртэл замчнаар ажиллаж байгаа болох нь Дорноговь АЗЗА төрийн өмчит компанийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 07 дугаартай албан бичгээр (хавтаст хэргийн 5 дахь тал), Дорноговь АЗЗА төрийн өмчит хувьцаат компанийн байранд 2004 оны 12 дугаар сарын 29-ний өдөр гал түймэр гарсан болох нь 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 082/01 дугаартай Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 7 дахь тал), Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын 2005 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаартай Гал түймэр гарсан тухай нотломж (хавтаст хэргийн 9-10 дахь тал)-оор нотлогдож байна.

Мөн Дорноговь зам барилга ашиглалтын ангийн хамт олны 1986 оны 05 дугаар сард Майн баяраар авхуулсан гэрэл зураг (хавтаст хэргийн 8 дахь тал), Дорноговь АЗЗА төрийн өмчит хувьцаат компанид 1984 оноос одоог хүртэл үргэлжлүүлэн ажиллаж байгаа болох нь гэрч Х.Батбаярын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд мэдүүлсэн С.Ч нь 1984 оны 07 дугаар сараас Дорноговь аймгийн Зам ангид замчнаар ажилд ороод одоог хүртэл энэ газраа ажиллаж байгаа гэх мэдүүлэг, О.Санзайжавын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд мэдүүлсэн Намайг анх ажилд ороход жолоочоор ажиллаж байсан. Тэгээд дараа нь малчнаар ажиллах болсон юм. Яг оныг нь сайн санахгүй байна. Дорноговь аймгийн АЗЗА ХХК-д одоог хүртэл замчнаар ажиллаж байгаа гэх мэдүүлгээр (хавтаст хэргийн 31-36) тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ 133.1.1 эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох 135 дугаар зүйлийн 135.2.6 хүний ажиллаж байсан байдлыг тогтоох гэж заасны дагуу нэхэмжлэгч С.Чыг Дорноговь аймгийн зам барилга ашиглалтын ангид 1984 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл замчнаар, Дорноговь АЗЗА төрийн өмчит хувьцаат компанид 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2005 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл замчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар С.Чаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Уртнасан овогт Сын Ч /РД:***/-ыг Дорноговь аймгийн зам барилга ашиглалтын ангид 1984 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл замчнаар, Дорноговь АЗЗА төрийн өмчит хувьцаат компанид 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2005 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл замчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч С.Чын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА