| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 136/2021/00352/И |
| Дугаар | 136/шш2022/00061 |
| Огноо | 2022-02-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн
2022 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 136/шш2022/00061
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Аийн Ч /РД:***/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дгийн З /РД:***/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц чөлөөлүүлэх, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 41,330,000 төгрөг гаргуулах тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч А.Ч,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.А,
Хариуцагч Д.З,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Ч нь Д.Зд холбогдуулан орон сууц чөлөөлүүлэх, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч Д.З А.Чөд холбогдуулан 41,330,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. А.Ч миний бие нь Д.Зд өөрийн өмчлөлийн байраа зарахаар болж урьдчилгаанд нь 12,000,000 төгрөгийг авсан. Д.З нь үлдэгдэл мөнгийг нь тухайн ондоо багтаагаад өгч авахаар болж, мөнгө төгрөгөө гүйцээгээд өгөхөөр нь байрны гэрчилгээгээ шилжүүлэн өгөхөөр тохирсон байсан. Гэвч Д.З нь тохирсон хугацаандаа мөнгө төгрөгөө өгөөгүй, байраа буцааж авах гэхээр суллаж өгөхгүй, урьдчилгаанд авсан мөнгө төгрөгийг нь буцааж өгөөд байраа авъя гэж янз бүрээр тайлбарлаж хэлэхээр өөрийнхөөрөө зүтгээд намайг элдвээр доромжилж загнах юм.
Бид байрны урьдчилгаанд авсан өгсөн мөнгөө баримтжуулахаар нотариатч дээр очиж зээлийн гэрээ хийж батлуулж авсан. Д.З ч манай байранд нилээдгүй хугацаагаар амьдарсан байж зохисгүй үйлдлийг гаргаж, байр суллаж өгөхгүй байгаад гомдолтой байна.
Иймд Дорноговь аймгийн Сайншанд сумын *** тоотын 17мкв орон сууцыг чөлөөлүүлэх хүсэлтэй байна гэв.
Хариуцагч Д.З шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.З миний бие нь А.Чтэй 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр амаар болон бичгээр гэрээ хийж уг байрыг 28,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч урьдчилгаа мөнгөө өгч 17 сарын дотор ордер бидний нэр дээр шилжих үед үлдсэн мөнгөө өгөхөөр тохирсон юм. Гэтэл энэ хүн 2020 онд хугацаа дуусах болоод ордер оо шилжүүлээд өг гэсэн дахин зээл авсан учир суллах боломжгүй байна гэсэн. Би гэрээний дууслаа яахын гэтэл, та хэд хэдэн төгрөг нэмээд өгчих тэгээд гэрээгээ сунгачихъя, би танай нөхөртэй хамт ажилладаг хүн яавал гэж хэн хэндээ хэрэгтэй амар ш дээ, надад бол наад гэрээ мэрээ чинь хэрэггүй, сүртэй юмаа хийж байхын, намайг яваад асуугаарай би тэгж хүн хулхидаад явдаг хүн ч биш гэж хэлсэн. Тэгвэл гэрээг урьдын адил нотариатаар, гараар гэсэн 2 гэрээ хийнэ шүү гэсэн тэг тэг өөрөө гэрээгээ бичиж ирээрэй залхуу, яаралтай мөнгөө өг гэсэн. Гэтэл мөнгөө авсан аа хувь гэрээнд гарын үсэг зураад өгчихье ажилд явж ирээд тэр нотариат дээр чинь очимз гээд явсан. Тэрнээс хойш хэд хэд залгаад авахгүй байж байснаа эргэж залгаад би хаашаа зайлдаг юм өөрөө байрандаа амьдарч байж заавал нотариат орох шаардлагагүй би хэлсэндээ хүрдэг хүн гэсэн. Тэгээд сунгалтын гэрээ дуусах болоод нөхөр бид 2 найман сараас хойш А.Чтэй ярьж эхэлсэн ордер оо суллаад өгөх боломжтой юу? Бид 2 ордер оо нэр дээрээ болгоод үлдсэн 10,000,000 төгрөгөө өгөөд энэ асуудлыг дуусгамаар байна гэхэд за эдийн засагчаасаа асууя, нэр шилжүүлэхэд гарах зардлаа та нар өөрсдөө даагаарай би лав төлөхгүй шүү, эсвэл бэлэглэлээр, 1,000,000 төгрөгөөр авсан гэж гэрээ хийнэ шүү гээд эргээд холбогдъё гэсэн 10 гаран хоног явлаа. Залгаж залгаж авахаар нь яриад за татварт төлөх мөнгөө бид нар төлнө нэр дээр л шилжүүлээд өг гэтэл зээл нэмэгдсэн болохоор өгөхгүй гээд байна, удахгүй хятадуудаас мөнгө орж ирэх ёстой тэгвэл суллаад өгнөө гээд дахиад 10 гаран хоног явлаа. Би дахин залгаад 9 сар болох гээд байна, чи ордероо суллаж өгч чадахгүй бол би зээл авах гээд байна, хугацаагаа сунгах гэрээ хийе гэсэн тэгээд дахиад хэдэн төгрөг нэмээд өг гэхээр нь одоо больё оо ордер оо авч байж үлдэгдэл мөнгөө бүгдийг өгнө гээд тасалсан. Тэгсэн харин бараг сарын дараа гэнэт уулзъя гэхээр нь уулзтал 2,000,000 төгрөг нэмж өг байр үнэд орсон байна гэсэн юм ярилаа, би бухимдаад юу яриад байгаа юм чи надад 2 жилийн өмнө 28,000,000 төгрөгөөр тохирч зарсан одоогийн үнэд ямар хамаатайн бэ? тэгээд ч чи ордер оо нэр дээр шилжүүлж өгөхгүй гэрээгээ зөрчиж байгаа болохоос би чамайг нэхэх болгонд мөнгө өгсөн битгий давар чи. А.Ч 2,000,000 төгрөг өгч чадахгүй бол байр суллаарай чи, би өөр хүнд зарна гээд явсан. Тэрнээс хойш 2 удаа хүн дагуулж ирээд энэ хүн байр авах хүн гар гэж дарамталсан, тэр болгонд нь уурлаж хэрэлдээд явуулдаг байсан. 3 дахь удаагаа ирэхдээ бүр 35,000,000 төгрөгөөр зарна 17,000,000 төгрөг өгөөд эндээ үлд үгүй бол гараарай пиздаа минь гээд бөөн юм болж байж салсан. Тэгээд би аргаа бараад цагдаад өргөдөл бичиж өгсөн. Энэ хүн надад анхнаасаа энэ байрыг зарах санаагүй байж хэрвээ зарах бодолтой хүн байсан бол суллах ёстойгоо мэдсээр байж дахин дахин нэмж зээл аваад байхгүй биз дээ?
Цаг хугацаа аргалж надад ямар ч хүчин төгөлдөр гэрээгүй болсон хойно байраа буцааж авна гэх юм байна. Энэ залилан хийгээд байна шалгаад өгөөч гэсэн чинь прокуророос хэрэг бүртгэл нээх үндэслэлгүй, татгалзах саналтай гээд хаагдсан. Удахгүй дахиад шөнө залгаж би сахиустай шүү, чадахаа бас чадах л хүн шүү гэх утгатай юм ярьж баахан хэрүүл хийлээ. Ингэж байгаа хүнтэй би зүгээр яриад байна гэж байх уу? адилхан элдвээр хэлсэн минь үнэн ч энэ хүний энд бичсэн бүхэн худал байна. Энэ хүн надаас нийт 18,050,000 төгрөг авсан байж эргүүлж 1 төгрөг ч өгөөгүй. Би яаж энэ байрыг суллах юм бэ? би хариу нэхэмжлэл гаргах саналтай байна гэв.
Хариуцагч Д.З сөрөг нэхэмжлэлдээ: Д.З би 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Зээлийн гэрээ байгуулан 12,000,000 төгрөгийг зээлүүлж, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс хойш гэрээний нөхцөл биелүүлээгүй тохиолдолд өдрийн 0,5 хувиар алданги тооцож авахаар тохиролцсон. Гэрээний хугацаа дуусаад 388 хоног, өдрийн алданги 60,000 төгрөг, нийт алдангийн дүн 23,280,000 төгрөг, гэрээнээс гадна 6,050,000 төгрөг өдийг хүртэл авсан нь баримттай байгаа. Өнөөг хүртэл А.Ч нь зээлсэн мөнгөө эргүүлж өгөөгүй мөртлөө зээлсэн мөнгөтэй холбоотой аман гэрээ хийж худалдсан байраа суллуулах нэхэмжлэл гаргасан байна. Гэрээний үүргийн биелэлтийг хангуулж үндсэн төлбөр болон гэрээний алданги, гэрээнээс гадуур авсан нийт дүн 41,330,000 төгрөгийг А.Чөөс гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч А.Ч хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Бидний дунд байраа худалдах, худалдан авах талаар ярилцсан боловч тухайн үедээ байрны ордерыг нэр дээр нь шилжүүлж өгөх боломжгүй талаар ч хэлж байсан. Сүүлдээ Д.З нь намайг элдэв зохисгүй үгээр хэлж доромжлоод байсан учир гэрээ хийхээс хэн хэн нь татгалзан маргасан. Хариуцагч манай байранд 2 жил орчим амьдраад байж байгаа хирнээ намайг залилан хийлээ гэж Цагдаагийн газар өргөдөл гомдол өгч шалгуулсан. Би хүн залилахаар үйлдэл хийгээгүй, маргалдаад байх ч төвөгтэй байсан учир шүүхэд хандсан. Хариуцагчтай би байрны гэрчилгээг шилжүүлж өгье, 2,000,000 төгрөгөөр нэмэгдүүлээд үнээ тохиролцъё гэхэд хариуцагч Д.З татгалзсан. 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хийгдсэн гэрээний 5 дахь заалтаар Д.З миний зүгээс гэрээг цуцлах үед байранд суусан хугацааны түрээсийг сарын 200,000 төгрөгөөр тооцож суутган үлдэгдэл мөнгөө авч гарна гэж тохиролцсон байсан. Хариуцагч талаас 18,050,000 төгрөг өгснийг би хүлээн авсан. Үүнээс байранд суусан түрээсийн төлбөрт 2019 оны 07 дугаар сарын 05-наас 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 31 сар суух гэж байна. 31 сарыг 200,000 төгрөгөөр / сар бүрийн / тооцоход 6,200,000 төгрөг болж байгаа ба 18,050,000 төгрөгөөс 6,200,000 төгрөгийг хасаад үлдэгдэл 11,850,000 төгрөгийг хариуцагч Д.Зд өгөхөд татгалзах зүйлгүй. Д.Зтай хэрүүл ам хийгээд байх ч төвөгтэй байна. Д.З нь мөнгө төгрөгөө өгсөн тохиолдолд байрыг чинь суллана, байрны гэрчилгээгээ шилжүүлбэл мөнгөө өгнө гэж миний байрыг эд хөрөнгийг барьцаалж дур зоргоороо авирлаж байна. би байраа суллуулж өөрөө гэртээ орж амьдармаар байна. гэртээ орж амьдарч, чадахгүй гадуур ах дүүгийнхээрээ байж байна. Иймд би 11,850,000 төгрөгийг Д.Зд төлж барагдуулан Д.Згаас байраа 2022 оны 02 дугаар сарын 05-нд суллуулан авах хүсэлтэй байна. Д.Згийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Д.З нь манай байрыг авна гэж хэлээд надад байрны урьдчилгаа гэж мөнгө хүлээлцэх болоод тэгээд нотариат дээр очиж бид энэ талаараа хэлэхэд бидний хүлээлцэх мөнгөн дээр зээлийн гэрээ хийж өгсөн. Би Д.Згаас мөнгө төгрөг зээлж бол аваагүй. Бидний дунд мөнгө төгрөг авалцаж өгсөн асуудал бол байрны урьдчилгаа болох мөнгө л авч өгөлцсөн.
Манай байранд олон жил суучихаад хэлсэн хугацаандаа мөнгөө өгөхгүй дараа нь мөнгө зээлсэн мэтээр надаас буцаагаад өгсөн мөнгөнөөсөө давсан мөнгө төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Өөрсдөдөө давуу байдал тогтоосон хүү нэхэмжилж байгаад нь ч гомдолтой байна. Бидний дунд хийгдсэн зээлийн гэрээ ч хүчингүй гэрээ гэж үзэж байна. Бидний хүсэл зоригоос өөр гэрээг хийж өгч намайг өр төлбөрт оруулж байгаад гомдолтой байна. Уг гэрээг хийсэн нотариатчийг ч хэрэгт асуулгаж үнэн мөнийг тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгч А.Ч нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Нэхэмжлэгч А.Ч миний бие нь хариуцагч Д.Зд холбогдуулан Дорноговь аймгийн Сайншанд сумын *** тоотын 1 өрөө орон сууц-ыг чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн дараах шаардлагыг гаргаж байна.
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах
Би 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Д.Згаас мөнгө төгрөг зээлээгүй. Бидний дунд Зээлийн гэрээ гэж хийгдсэн гэрээ нь байрны мөнгөний урьдчилгааг шилжүүлэхийн тулд нотариатч дээр очиж асууж байгаад хийж байсан. Гэтэл миний хүсэл зоригийн илэрхийллээс өөр ямар ч хамааралгүй зээлийн гэрээг Д.З нотариатчид хэлж хийлгүүлэн авч байсан. Д.З ч надад тухайн мөнгө төгрөгийг зээлээгүй талаараа тайлбартаа дурдсан байгаа.
Хариуцагч Д.З нь тохирсон хугацаандаа байрны үлдэгдэл төлбөрөө өгөөгүй байж, харин ч миний байранд түр хугацаанд байж байгаад буцаагаад мөнгө төгрөгөө өсгөн нэхэмжилж авах сонирхол байсан нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас илтэд харагдаж байна.
Мөн уг гэрээний алданги гэж хариуцагч Д.З надад өгсөн мөнгөнөөсөө илүү давуулсан мөнгө төгрөгийг нэхэмжилж сөрөг нэхэмжлэл гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч Д.З нь зээлийн гэрээг нотариатчийн хэлж ярьж зөвлөснөөр хийсэн хирнээ Зээлийн гэрээ-ний алдангийг зөвхөн надаас гаргуулахаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Зээлийн гэрээ бидний хүсэл зоригийн илэрхийллээр хийгдээгүй хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийгдсэн. Иймд бидний дунд хийгдсэн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэв.
Хариуцагч Д.З нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан тайлбартаа: Д.З миний бие нь А.Чтэй 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр амаар болон бичгээр гэрээ хийж уг байрыг 28,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч урьдчилгаа мөнгөө өгч 17 сарын дотор ордер бидний нэр дээр шилжих үед үлдсэн мөнгөө өгөхөөр тохирсон юм. Хэлэлцээрийн дагуу гэрээ хийгдэх боломжгүй. Хаан банкны барьцаанд байрны ордер байгаа учир би өгсөн мөнгөө яаж баталгаажуулах юм бэ? гэхэд А.Ч: мөнгө өгснөө заавал нотлох ёстой юм бол өгсөн авсан гээд хуулийнх нь дагуу гэрээ хийхгүй юу даа надад бол наадах чинь хамаа алга гэсэн. Тэгээд бид 2 харилцан тохиролцоод нотариат орж уг гэрээг хийсэн байдаг. Хэн хэн маань зөвшөөрч хийсэн энэ гэрээ яагаад хууль бус гэж хэнийг нь хэн ч албадаагүй хүчээр тулгаж шаардсан байсан бол энэ хүн тухайн үедээ өөрийн хүсэл сонирхолгүй байж гарын үсэг зураад хүү тооцохгүй шүү гэж хэлэхгүй байсан.
Д.З миний бие нь тохирсон хугацаандаа ордер гаргаж өгөх л юм бол үлдэгдэл мөнгөө өгөхөд бэлэн байсан. Одоо ч энэ хүнээс түрүүлж мөнгөө авна гэж гомдол гаргаагүй яахыг нь хараад хүлээж өдийг хүрсэн. Гагцхүү ахин дахин өөрчлөгдөж ордер оо гаргаж өгөхгүй, тэгсэн мөртлөө нэмж мөнгө нэхээд их зовоосон болохоор аргаа бараад хуулийн байгууллагад буюу цагдаад шалгаад өгөөч гэж хүсэлт гаргасан. Тэр үед энэ хүн бид 2 хоорондоо тохирч энэ гэрээг хийсэн хүчин төгөлдөр гэрээ гэсэн мэдүүлэг өгч уг хэргийг хаалгасан. Одоо яагаад хууль бус гэрээ болсон өөрөө хийгээгүй гээд хэлсэн үгнээсээ буцаад байгааг үнэн мөнийг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч А.Ч нэмэлт тайлбартаа: Хариуцагч Д.З 2019 оны 07 дугаар сарын 05-нд гэрээ хийсэн өдрөө 14,000,000 төгрөг шилжүүлэхээр тохирч байсан боловч тухайн өдрөө тохирсноороо шилжүүлээгүй. Миний дансанд 07 дугаар сарын 05-нд 1,500,000 төгрөг л орж ирсэн. 09 дүгээр сарын 05-нд 500,000 төгрөг, 12 дугаар сард 3,000,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 19-нд 500,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сард 5,500,000 төгрөг, цуварч нийт 18,000,000 төгрөг хийсэн байсан. ...
Д.З дур зоргоороо миний байр орон сууцыг ашиглачихаад буцаагаад мөнгө авахаар үндэслэлгүй баримтыг үйлдсэн болохоор харагдаж байна. Энэхүү гэрээ гэсэн бичгүүдийг бүгдийг нь Д.З өөрөө бичиж байсан. Надад Д.З мөнгө төгрөгөө бөөн өгөөгүй атлаа бөөн өгсөн, зээлсэн мэтээр үндэслэлгүй баримт материалыг үйлдэж өөрт ашигтай байхаар, надад хохиролтой байхаар баримтыг үйлдсэн байдал ч харагдаж байгаа. Д.Згийн боломж бололцоогоор цувуулан төлүүлэхээр гэрээ хэлцэл хийгдээгүй. 2 хувааж төлөгдөхөөр заагдсан.
Мөн л 2020 оны 12 дугаар сард би Д.Згаас үлдэгдлээ нэхэхэд мөнгө төгрөгийн боломжгүй болсон зээл гарахгүй байна гэж хэлээд өгөөгүй үүргээ зөрчсөн. Би ч Д.Зд тохирсон хугацаагаа чи өөрөө зөрчсөн байраа суллаарай гэж хэлж байсан. Тэгэхэд Д.З үлдэгдлийг чинь бөөн болгож байгаад өгнө гэж дур зоргоороо авирласан. Хугацаа өнгөрсний дараагаар мөнгөө өгье, байрны гэрчилгээг авъя гэж маргасан цагдаад хандаж байсан.
Анх үр хүүхдүүдээ дагуулж ирээд элдэв янзын зовлон тоочоод байхаар нь би байрны мөнгийг 2 хувааж авахаар тохирсон. Өөрөөр бол надад 2 хувааж авах ч шаардлагагүй байсан. Өөрсдийг нь бодсоноор би өөрөө хохирч элдэв янзаар доромжлуулж, цагдаад хүртэл дуудагдаж очиж байсан. Иймд Д.Згаас байранд суусан хугацаагаар үнийн дүнг нь тооцож үлдэгдлийг нь өгөх хүсэлтэй байна гэв.
Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар /хх-2/, Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар багийн ажлын албаны 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2/939 дугаартай тодорхойлолт /хх-3/,000639062 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хх-4/, 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээ-ний хуулбар /хх-5/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-6-7/, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-18/, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр А.Чийн бичсэн оршин суугаа хаяг тодруулсан тайлбар /хх-36/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-74-75/, Хаан банкны дансны хуулга /хх-99/ зэрэг нотлох баримтуудыг,
Хариуцагчаас гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-21/, Хаан банкны дансны хуулга /хх-22-26/, Төрийн банкны гялс банк интернэт гүйлгээний мэдээллийн баримт /хх-27/, Хас банкны цахим гүйлгээний баримт /хх-28-29/, 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн гараар бичсэн орон сууц худалдах, худалдан авах гэрээ /хх-30/, 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн гараар бичсэн орон сууц худалдан авах гэрээ /хх-31/, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 5/194 дугаартай Дорноговь аймгийн Прокурорын газрын тогтоол /хх-32-34/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-39-40/, орон сууцны доторх байдлыг харуулсан фото зураг /хх-48-50/, Хаан банкны дансны хуулга /хх-77/ зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүхээс Хаан банкнаас нотлох баримт гаргуулахаар албан бичиг хүргүүлсний дагуу 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01/5360/63 дугаартай албан бичиг, нотлох баримтууд /хх-64-73/, гэрч Ц.Дарханбаатарыг асуусан тэмдэглэл /хх-79-84/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч нарын хүсэлтийн дагуу Хаан банкны Дорноговь салбараас нэхэмжлэгч, хариуцагч нарын дансны хуулга /хх-103-105/ зэрэг нотлох баримтуудыг бүрдүүлсэн байна.
Нэхэмжлэгч А.Чөөс хариуцагч Д.Зд холбогдуулан Дорноговь аймгийн Сайншанд сумын *** тоотын 17мкв орон сууцыг чөлөөлүүлэх, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Д.Згаас орон сууцыг чөлөөлөхөөс татгалзаж, зээлийн гэрээ хүчин төгөлдөр гэж, нэхэмжлэгч А.Чөөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 41.330.000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж талууд маргаж байна.
Шүүх нэхэмжлэгч А.Чийн үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч Д.Згийн сөрөг нэхэмжлэлээс 18,000,000 төгрөгийг хангаж, үлдэх 50,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч А.Ч нь Дорноговь аймгийн Сайншанд сумын *** тоотын 17мкв орон сууцны өмчлөгч бөгөөд тус орон сууц нь Хаан банк ХХК-ийн хэрэглээний зээлийн барьцаанд байгаа болох нь *** тоот Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, БГҮ/20214543127 тоот барьцааны гэрээгээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч А.Ч нь хариуцагч Д.Зд дээрх орон сууцыг 28,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон бөгөөд тус орон сууц нь хариуцагч Д.Згийн эзэмшилд байгаа талаар талууд маргаагүй.
Хариуцагч Д.З шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Дорноговь аймгийн Сайншанд сумын *** тоотын 17мкв орон сууцыг 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлэн авсан тул хууль ёсны эзэмшигч мөн. Тус гэрээний дагуу үлдэгдэл төлбөрийг төлж дуусгаад орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлэн авах эрхтэй гэж үндсэн нэхэмжлэлийн татгалзлаа тодорхойлж маргаж байна.
Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх ..., 196 дугаар зүйлийн 196.1 дэх хэсэгт Дараахь үндэслэлээр гэрээг байгуулсанд тооцно: 196.1.2.гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар; гэжээ.
Зохигчид нь орон сууц худалдах худалдан авах гэрээг хуульд заасан хэлбэрээр байгуулаагүй буюу худалдан авагч тал тус гэрээнд гарын үсэг зураагүй байна. Хариуцагч 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Орон сууц худалдах худалдан авах гэрээнд нэмэлт оруулсан гэрээнд талууд бүгд гарын үсэг зурсан гэх боловч нэмэлт гэрээнд зурсан гарын үсгийг үндсэн гэрээнд зурсантай адилтган үзэх боломжгүй болно.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна: 56.1.хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл; гэж заасан бөгөөд зохигч орон сууц худалдах худалдан авах гэрээг нотариатаар гэрчлүүлээгүй байх тул тус гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх нь зүйтэй.
Дээрх үндэслэлээр зохигчдын дунд байгуулагдсан орон сууц худалдах худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус буюу анхнаасаа байгуулагдаагүй гэрээ байх тул тус гэрээг үндэслэн маргаж буй хариуцагч Д.Згийн тайлбар үндэслэлгүй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Дорноговь аймгийн Сайншанд сумын *** тоотын 17мкв эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэгдсэн орон сууцыг хариуцагч Д.Згийн хууль бус эзэмшлээс чөлөөлөх нь зүйтэй байна.
Зээлийн гэрээний тухайд
Нэхэмжлэгч А.Ч нь тус орон сууцыг хариуцагч Д.Зд худалдахаар тохиролцож 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Орон сууц худалдах худалдан авах гэрээ /хх-30/ байгуулсан.
Талууд худалдах худалдан авах гэрээний төлбөр болох 12,000,000 төгрөгийг худалдагч А.Ч рүү шилжүүлэхдээ тус гэрээний дагуу бус өөр зээлийн гэрээ байгуулж шилжүүлсэн болох нь нэхэмжлэгч А.Чийн шүүх хуралдаанд гаргасан Миний хувьд тухайн үед бөөнөөр нь тухайн мөнгийг өгөх боломжгүй гэж хэлсэн. Харин эхний удаа 5,000,000 төгрөгийг өгье, үлдэгдлийг машинаа зараад 12,000,000 төгрөг болгож өгнө гэж тухайн мөнгөн дүнд зээлийн гэрээг нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож хийсэн. Зээлийн гэрээ хийсэн шалтгаан нь тус байрны гэрчилгээг өөрийн нэр дээр гаргах боломжгүй байсан учраас энэхүү гэрээг хийсэн. гэх, хариуцагч Д.Згийн шүүх хуралдаанд гаргасан Тухайн үед нотариат ...чи энэ хүнээс мөнгө зээлсэн болж зээлийн гэрээ байгуулчих гэж хэлсэн. Би тэр үед би мөнгө зээлээгүй, байраа зарж байгаа юм. Надад байрны урьдчилгаанд 12,000,000 төгрөгийг өгч байгаа юм гэж хэлэхэд нотариат нь зүгээр ээ, ингэж хийдэг юм. Дараа нь янз бүрийн зүйл болоход чамд хамаагүй... гэж хэлсэн. Тухайн үед зээлийн гэрээ нь дээрх байдлаар хийгдэж, би гарын үсэг зурсан. Дараа нь хариуцагчийн өөрийн байрандаа оруулсан. гэх тайлбар, гэрч Ц.Дарханбаатарын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд өгсөн Банкны барьцаанд байсан учраас барьцаанаас авна. Энэ хоёр хүн мөнгө өгсөн авснаа нотолж батлуулмаар байна гэсэн. Тэгэхээр нь чи өгсөн нь үнэн, чи авсан нь үнэн учраас зээлийн гэрээ хийчих. Эсвэл та нар хөлслөх гэрээ хийгээд хөлсөлж болно. Нотариатаар батлах боломжтой гэрээнүүд ийм байна гэж хэлсэн. Угаасаа мөнгө өгсөн нь үнэн юм чинь гэрээ хийе гэж хэлсэн. ... Мөнгөө өгч авалцсан талаар би мэдэхгүй. гэх тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч А.Ч болон нэхэмжлэгч Д.З нар нь анхнаасаа зээлийн гэрээ байгуулах хүсэлгүй байсан бөгөөд худалдах худалдан авах гэрээний үүргийг гүйцэтгэхийн тулд зээлийн гэрээ байгуулжээ. Өөрөөр хэлбэл тус зээлийн гэрээ нь талуудын үндсэн харилцааг зохицуулсан худалдах худалдан авах гэрээг халхавчилсан байна.
Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хэлцэл хийгдсэн бол хэлцлийн талууд уг хэлцлийг хэрэгжүүлэх, хэлцлийн дагуу ямар нэг эрх, үүрэг хүлээх хүсэл зориггүй байдаг.
Байгуулагдсан цагаасаа эхлээд хүчин төгөлдөр бус байх хэлцлүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна: 56.1.3.өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл; гэж заасан байх тул зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч А.Чийн гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Д.З нь хариуцагч А.Чөөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 41.330.000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа зохигчийн дунд байгуулсан 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Зээлийн гэрээнд үндэслэж байх ба тус зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус гэж өмнө хэсэгт дүгнэжээ. Иймд хариуцагчаас зээлийн гэрээг үндэслэн 41.330.000 төгрөг нэхэмжлэх нь үндэслэлгүй байна.
Хариуцагч Д.З нь орон сууцыг худалдан авах гэрээний төлбөрт нийт 18,050,000 төгрөгийг нэхэмжлэгч А.Чөд шилжүүлсэн гэх тайлбарыг гаргаж байх ба нэхэмжлэгчээс 18,000,000 төгрөгийг хариуцагч Д.Згаас шилжүүлсэн талаар маргаагүй.
Харин нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс 50,000 төгрөгийг Г.М гэх хүнээс шилжүүлсэн тул хариуцагч нэхэмжлэх эрхгүй гэж маргаж байна.
Хас банк дахь Г.Мын 5002020259 тоот данснаас 50,000 төгрөгийг Хаан банк дахь *** тоод дансанд шилжүүлсэн болох нь цахим гүйлгээний баримт /хх-28/, тус 50,000 төгрөгийг А.Ч хүлээн авсан болох нь хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй., 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт Иргэн өөрийн биеэр буюу төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэхэд оролцоно. гэж заасан бөгөөд Г.М нь эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзвэл шүүхэд өөрөө нэхэмжлэл гаргах, эсхүл бусдаар төлөөлүүлэн нэхэмжлэл гаргана.
Хариуцагч Д.З нь Г.Мыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлж байгаа тухай итгэмжлэлийг хэрэгт авхуулаагүй байх тул хариуцагч нь Г.Мын шилжүүлсэн гэх 50,000 төгрөгийг нэхэмжлэх эрхгүй гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1. дэх хэсэгт Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй: 492.1.1.хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон; гэж заасан байх ба бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хөрөнгө шилжүүлсэн этгээд хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй.
Иймд зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээ, орон сууц худалдах худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул хариуцагчийн орон сууцны төлбөрт төлсөн 18,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгож, үлдэх 23,330,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Чөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 364,600 төгрөг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Згаас 140,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Чөд олгож, нэхэмжлэгч А.Чөөс 247,950 төгрөгийг гаргуулж хариуцагч Д.Зд, хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцоход нэхэмжлэлийн үнийн дүнг хэлцлийн үнийн дүнгээр тооцох ба үүний улсын тэмдэгтийн хураамж 206,950 төгрөгийг нэхэмжлэгч төлөхөөр байсан ба нэхэмжлэгч 70,200 төгрөг төлсөн тул дутуу төлсөн 136,750 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж улсын орлогод оруулах, хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцож шийдвэрлэсэн тул үүний улсын тэмдэгтийн хураамж 206,950 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт зааснаар 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч А.Ч, хариуцагч Д.З нарын хооронд байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг, 127 дугаар байр, 3-42 тоот 17мкв, эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэгдсэн орон сууцыг хариуцагч Д.Згийн хууль бус эзэмшлээс гаргуулан нэхэмжлэгч А.Чөд олгосугай.
2.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Чөөс 18,000,000 төгрөгийг гаргуулж хариуцагч Д.Зд олгож, үлдэх 23,330,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Чөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 364,600 төгрөг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Згаас 140,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Чөд олгож, нэхэмжлэгч А.Чөөс 247,950 төгрөгийг гаргуулж хариуцагч Д.Зд, хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцоход нэхэмжлэлийн үнийн дүнг хэлцлийн үнийн дүнгээр тооцох ба үүний улсын тэмдэгтийн хураамж 206,950 төгрөгийг нэхэмжлэгч төлөхөөр байсан ба нэхэмжлэгч 70,200 төгрөг төлсөн тул дутуу төлсөн 136,750 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж улсын орлогод оруулах, хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцож шийдвэрлэсэн тул үүний улсын тэмдэгтийн хураамж 206,950 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА