| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхүүгийн Аюушжав |
| Хэргийн индекс | 105/2024/0929/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1086 |
| Огноо | 2024-10-10 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Саруул-Ирээдүй |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1086
2024 10 10 2024/ШЦТ/1086
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Аюушжав даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч Б.Саруул-Ирээдүй /томилолтоор/,
шүүгдэгч И.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн ............ овогт И.Д-д холбогдох эрүүгийн ************* дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1977 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 2, эхийн хамт, Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо Ногоон зоорины **** тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, ..............овогт И.Д /РД:***********/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:
Шүүгдэгч И.Д нь 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Б эзэмшлийн тээврийн хэрэгсэлд зорчиж явахдаа машины дунд талын хайрцганд байсан Самсунг А23 загварын 345,000 төгрөгийн үнэлгээтэй гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.Д мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11 дэх тал/,
- Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 18 цагийн орчимд Баянзүрх дүүргийн ** дүгээр хороонд байрлах гэрээсээ гараад машинтайгаа “Х” хүнсний дэлгүүр ороод дэлгүүрээс тамхи, ундаа аваад доошоо уруудаад төв замаас эхнэрээ тосож аваад буцаад гэр лүүгээ явах гээд “Х” хүнсний дэлгүүрийн урдуур явж байтал 2 эрэгтэй гар өргөхөөр нь зогссон чинь тэр хоёр эрэгтэй хүн дээшээ дөхөөд буучихъя гэхээр нь “тэг тэг” гээд машиндаа суулгаад дээшээ “Б” руу өгсөөд явж байтал хүнсний дэлгүүрийн орчимд байх нөгөө хоёр хүн бууя гэхээр нь буулгачхаад цаашаа яваад утас алга болсон байхаар буцаад нөгөө хоёр хүнийг буулгасан газраа яваад очтол нэг нь ганцаараа зогсож байхаар нь “та нар гар утас авчихсан байна, гар утас аваад ир” гэсэн чинь би аваагүй, мэдэхгүй” гэж хэлсэн. Харин нөгөө залуу нь алга болсон байсан. Тэгэхээр нь тэр зогсож байсан залууг машиндаа суулгаад доошоо уруудаад “Х” дэлгүүр рүү очоод нөгөө залууг нь хайгаад дэлгүүрт байж магадгүй гэж бодоод орсон чинь байхгүй байсан. Тэгтэл нөгөө гар утас аваагүй гээд байсан залуу нь намайг дэлгүүр ороод гараад ирэх хооронд зугтаагаад алга болчихсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Миний гap утac Самсунг А-23 загварын цагаан өнгөтэй гадуураа хөх цэнхэр гэртэй гар утас байсан. Би гар утсаа 2023 онд 800,000 төгрөгөөр авч байсан. Одоо гар утсаа 300,000 төгрөгөөр үнэлж байна. Би тэр хүмүүсийг танихгүй Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороогоор архи уудаг нөхдүүд байсан. Архины хамааралтай гудамжны архичингууд байсан байна лээ, би урьд нь харж байгаагүй. ...Би гар утсаа бүтэн хүлээж авсан, надад гомдол саналгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дэх тал/,
- Гэрч Ц.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 18 цагийн орчимд би Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо ..... голын ойролцоо гэр лүүгээ ганцаараа алхаад явж байтал манай хорооны зүс таних залуу ахаа ийм гар утас байна, хямдхан авчхаач 20,000 төгрөгөөр авчих гээд байхаар нь би 5000 төгрөг нэмж өгөөд бэлэн 25,000 төгрөгөөр худалдаж авсан. Энэ хэний гар утас юм гэж асуухад миний гар утас гэхээр нь худалдаж авсан. Би тэр залуугийн нэрийг сайн мэдэхгүй зүс танина, архи уугаад яваад байдаг залуу байдаг” гэх мэдүүлэг /хх-ийн 25-28 дахь тал/,
- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 45-48 дахь тал/,
- Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 30 дахь тал/,
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31 дэх тал/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч И.Д нь 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Б эзэмшлийн тээврийн хэрэгсэлд зорчиж явахдаа машины дунд талын хайрцганд байсан Самсунг А23 загварын 345,000 төгрөгийн үнэлгээтэй гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийн үйлдсэн болох нь: хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 18 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах гэрээсээ гараад машинтайгаа “Х” хүнсний дэлгүүр ороод дэлгүүрээс тамхи, ундаа аваад доошоо уруудаад төв замаас эхнэрээ тосож аваад буцаад гэр лүүгээ явах гээд “Х” хүнсний дэлгүүрийн урдуур явж байтал 2 эрэгтэй гар өргөхөөр нь зогссон чинь тэр хоёр эрэгтэй хүн дээшээ дөхөөд буучихъя гэхээр нь “тэг тэг” гээд машиндаа суулгаад дээшээ “Б” руу өгсөөд явж байтал хүнсний дэлгүүрийн орчимд байх нөгөө хоёр хүн бууя гэхээр нь буулгачхаад цаашаа яваад утас алга болсон байхаар буцаад нөгөө хоёр хүнийг буулгасан газраа яваад очтол нэг нь ганцаараа зогсож байхаар нь “та нар гар утас авчихсан байна, гар утас аваад ир” гэсэн чинь би аваагүй, мэдэхгүй” гэж хэлсэн. Харин нөгөө залуу нь алга болсон байсан. Тэгэхээр нь тэр зогсож байсан залууг машиндаа суулгаад доошоо уруудаад “Х” дэлгүүр рүү очоод нөгөө залууг нь хайгаад дэлгүүрт байж магадгүй гэж бодоод орсон чинь байхгүй байсан. Тэгтэл нөгөө гар утас аваагүй гээд байсан залуу нь намайг дэлгүүр ороод гараад ирэх хооронд зугтаагаад алга болчихсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Миний гap утac Самсунг А-23 загварын цагаан өнгөтэй гадуураа хөх цэнхэр гэртэй гар утас байсан. Би гар утсаа 2023 онд 800,000 төгрөгөөр авч байсан. Одоо гар утсаа 300,000 төгрөгөөр үнэлж байна. Би тэр хүмүүсийг танихгүй Баянзүрх дүүргийн ... дүгээр хороогоор архи уудаг нөхдүүд байсан. Архины хамааралтай гудамжны архичингууд байсан байна лээ, би урьд нь харж байгаагүй ...Би гар утсаа бүтэн хүлээж авсан, надад гомдол саналгүй” гэх мэдүүлэг, гэрч Ц.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 18 цагийн орчимд би Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо ..... голын ойролцоо гэр лүүгээ ганцаараа алхаад явж байтал манай хорооны зүс таних залуу ахаа ийм гар утас байна, хямдхан авчхаач 20,000 төгрөгөөр авчих гээд байхаар нь би 5000 төгрөг нэмж өгөөд бэлэн 25,000 төгрөгөөр худалдаж авсан. Энэ хэний гар утас юм гэж асуухад миний гар утас гэхээр нь худалдаж авсан. Би тэр залуугийн нэрийг сайн мэдэхгүй зүс танина, архи уугаад яваад байдаг залуу байдаг” гэх мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, эд зүйл хүлээн авсан тэмдэглэл зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Улсын яллагч гэм буруутай эсэх дүгнэлтдээ: “Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч И.Д-д холбогдох хэрэгт төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож, дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч И.Д нь 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Б эзэмшлийн тээврийн хэрэгсэлд зорчиж явахдаа машины дунд талын хайрцганд байсан Самсунг А23 загварын 345,000 төгрөгийн үнэлгээтэй гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэв.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчилгүй, хуульд заасан шаардлагыг хангасан, дээрх нотлох баримтууд нь нотолгооны ач холбогдолтой, хууль ёсны, гэж дүгнэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан байхыг хуульчилсан бөгөөд шүүгдэгч И.Д-н үйлдэл хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 3-д “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө”, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.
Шүүгдэгч И.Д нь 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Б эзэмшлийн тээврийн хэрэгсэлд зорчиж явахдаа машины дунд талын хайрцганд байсан Самсунг А23 загварын 345,000 төгрөгийн үнэлгээтэй гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байдал нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгч И.Д нь хохирогч Д.Б эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Иймээс шүүгдэгч И.Д-г прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч И.Д нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнийг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх дараах нөхцөл байдлууд тогтоогдож байна. Үүнд: Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч И.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Эрүүгийн хулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан шүүгдэгч И.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь заалтад тус тус зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал суулгах сургалтад хамруулах, оршин суух хаяг, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх албадлагын арга хэмжээ авхуулах саналыг гаргаж байна. И.Д 5 хоног цагдан хоригдсон. Цагдан хоригдсон хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцуулах саналтай байна. Уг гэмт хэргийн улмаас хохирогчид 345,000 төгрөгийн хохирол учирсан. Хохирол төлбөр төлөгдсөн тул бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй” гэв.
Шүүх шүүгдэгч И.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хуулийн зорилгод нийцүүлж гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч шүүхийн шатанд оргон зайлж эрэн сурвалжлагдан оршин байсан газар нь тогтоогдож 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс цагдан хоригдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 5 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
Бусад асуудал:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилжээ.
Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх/адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус зааснаар шүүгдэгч И.Д нь хохирогчид гар утсыг буцаан өгсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч И.Д нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч И.Д нь өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцохоо шүүхэд бичгээр илэрхийлснийг тэмдэглэж түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ........... овогт И.Д “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Д-г хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч И.Д-д шүүхээс тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, 2.5-д “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг тус тус хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Д нь шүүхээс тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн эсхүл шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 5 хоногийг тэнссэн хугацаанд оруулан тооцсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч И.Д нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.АЮУШЖАВ