| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхүүгийн Аюушжав |
| Хэргийн индекс | 105/2024/1038/Э |
| Дугаар | 2024/ЦТ/1084 |
| Огноо | 2024-10-10 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Мөнхтулга |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 2024/ЦТ/1084
2024 10 10 2024/ЦТ/1084
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Аюушжав даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч Б.Мөнхтулга,
шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...............овогт Д.О-д холбогдох эрүүгийн ********* дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1977 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Төв аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Төв аймгийн .... сумын ... дугаар багт оршин суух, урьд ял шийтгэлгүй,
...... овогт Д.О /РД:**********/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.О нь 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо,********* тоотод хохирогч Д.Б-н итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох гагнуурын аппарат, төмөр тасдагч, хромон гутал, ноолууран цамц, Самсунг Галакси загварын гар утас зэрэг эд зүйлсийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 627,800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дэх тал/,
- Хохирогч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 04 дүгээр сарын 14-нд манай гэрийн цаад хэсэгт шаланкны үйлдвэр байдаг ба уг үйлдвэрт ажилд орох зорилгоор О гэх залуу ирсэн. Тус газар нь орон байхгүй гэх шалтгаанаар манай гэрийн туслах ажилтнаар ажилд орсон. 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Д.О нь манай охин Өмнөговь аймгийн .... сумаас ирж байгаа, манай охин жуулчны баазтай юм. Жуулчны баазын байшингийн цонхны хаалт нь эвдэрсэн гэнэ. Түүнийгээ аваад ирсэн гэнэ. Тэрийг нь гагнах хэрэгтэй байна. Би гагнуурын аппарат авч яваад хэрэглээд ирье гэхээр нь би зөвшөөрсөн. Д.О-т нь гагнуурын аппарат цүнхэнд хийгээд явах гэхэд нь охин дээрээ очиж байж яаж ийм муу гуталтай явах вэ гэж хэлээд өөрийн хромон гутлаа гаргаж өгсөн. Мөн цамцаа гаргаж өгөөд өмсүүлсэн. Би Д.О-г машин аваад яв гэхэд хэрэггүй гээд байсан. Би Д.О-тэй хамт байж байгаад бяруугаа хайхаар явсан. Энэ үед манай эхнэр хүүхдээ хүргэж өгөөд ирж байсан юм байна лээ. Манай эхнэр дансанд нь 50,000 төгрөг шилжүүлж өгөөд явуулсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-9 дэх тал/,
- “Дамно үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 12-16 дахь тал/,
- Гэрч М.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай гэр бүл Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ногоо тарьж мал маллаж амьдардаг. Тэгээд 2024 оны 04 дүгээр сарын эхээр О гэх хүнийг гудамжинд явж байхад нь туслах ажилтнаар авсан. Тэгтэл тухайн хүн манай гэрт 7-8 хоног ажилласан. Тэгээд тухайн хүн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр охинтойгоо уулзаад ирье, очсон газраас хүний цонх гагнаад ирье гэж хэлээд манай нөхрөөс гагнуурын аппарат, таслагч, хөргөгчин дээр байсан хуучин гар утас, гутал, цамц гэх зүйлсийг өгөөд явуулсан. Тухайн хүн манай нөхрөөс эд зүйлс авч яваад утсаа салгаад алга болсон. Манай нөхөр эд зүйлсээ бүгдийг нь өөрөө өгч явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 49 дэх тал/,
- Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36 дахь тал/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:
Улсын яллагч гэм буруутай эсэх дүгнэлтдээ: “Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Монгол улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож, дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Д.О нь 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн **дүгээр хороо, *******тоотод хохирогч Д.Б-н итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох гагнуурын аппарат, төмөр тасдагч, хромон гутал, ноолууран цамц, Самсунг Галакси загварын гар утас зэрэг эд зүйлсийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 627,800 төгрөгийн хохирол учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Хохирол хор уршгийн хувьд хохирогч Д.Б-д 627,800 төгрөгийн хохирол учирсан, үүнийг шүүгдэгч Д.О төлсөн. Иймд шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн байдал зэрэг бусад нөхцөл байдлуудыг харгалзан, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч Д.О нь цагдан хоригдсон хоноггүй. Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна” гэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.О-н холбогдож ирсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг Д.О-н үйлдэл агуулаагүй тул гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэн цагаатгаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших, бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол энэ зүйл хэсгээр зүйлчилж, гэмт хэрэгт тооцно гэж хуульд заасан.
Шүүгдэгч Д.О-н хувьд хохирогч Д.Б-н гагнуурын аппаратыг итгэмжлэн хариуцаж авч явсан. Шүүгдэгч Д.О нь авч явсан эд зүйлээ өөрийн санамсар болгоомжгүйн улмаас алдаж гээгдүүлсэн. Харин санаатайгаар итгэмжлэн хариуцаж авч яваад өөртөө ашигтай хэрэгтэйгээр завшиж хэрэглэсэн үйлдэл тогтоогдохгүй байна.
Энэ нь хохирогч Д.Б, гэрч М.О, шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ... овогт Д.О-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэлээ. Түүнчлэн О нь алдаж үрэгдүүлсэн эд зүйлийн үнийг хохрогчид бүрэн барагдуулж төлсөн байгааг дурьдаж байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.О нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Д.О нь өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцохоо шүүхэд бичгээр илэрхийлснийг тэмдэглэж түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 36.2, 36.6, 36.9, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ... овогт Д.О-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
4. Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.АЮУШЖАВ