| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2020/01155/И |
| Дугаар | 102/шш2021/01161 |
| Огноо | 2021-05-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 102/шш2021/01161
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... дүүрэг, 12 дугаар хороо, ... дугаар бичил хороолол, ... ын гудамж, ... дугаар байрны ... тоот хаягт оршин суух, А овогт Д ийн З /РД: .../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ... дүүрэг, 11 дүгээр хороо, ... дугаар хороолол, Э ийн өргөн чөлөө, .... дүгээр байр, ... тоот хаягт оршин суух, Б овогт Д ийн Б /РД: ... /,
Хариуцагч: Улаанбаатар хот, ... дүүрэг, 3 дугаар хороо, ... дугаар хороолол, ... дугаар байр, .... тоот хаягт оршин суух, Ж овогт Ж ы Л /РД: .../ нарт холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, Д.З аас 1,436,151,885 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.З , нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц , хариуцагч Д.Б , Ж.Л , бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б , Ж.Л , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Оюунтулга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.З ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд нэхэмжлэгч өмгөөлөгч М.Ц нарын гаргасан тайлбарт: Би өмнө нь Г ББСБ ХХК-наас 2 удаа зээл авч байсан. 750,000,000 төгрөгийн зээл аваахад Г ББСБ ХХК-н хууль ёсны дагуу үл хөдлөх хөрөнгө барьцаалж зээл гаргасан. Миний бие дахин зээл авмаар байна гэхэд Г ББСБ ХХК нь манай хоёр ажилтны нэр дээр барьцаа хөрөнгөө шилжүүлээд өг, та нарт дараа банкнаас зээл авахад амар бид нар хөөцөлдөж өгье гэсний үндсэн дээр шилжүүлсэн. Г ББСБ ХХК сүүлдээ янз бүрийн зүйлээр намайг дарамталж эхэлсэн. Нэхэмжлэгч Д.З нь 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Г ББСБ ХХК-иас 850,000,000 төгрөгийн зээл авсан. Зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн .... дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил /..../ ...йн гудамж ... дүгээр байрны ... тоотод байршилтай 349 м/к талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Гэтэл Г ББСБ ХХК нь нэхэмжлэгчийн барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн ажилтан болох Д.Б , Ж.Л нарын нэр дээр худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэн өгвөл зээл олгоно гэж мэдэгдсэн. Зээлээ хурдан гаргуулж бизнестээ хөрөнгө оруулахын тулд Д.Б , Ж.Л нартай 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж ... дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил /..../ ... гудамж ... дүгээр байрны ... тоотод байршилтай 349 м/к талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 20,000,000 төгрөгөөр худалдсан болж Д.Б , Ж.Л нарын нэр дээр шилжүүлж өгсөн. Миний хувьд өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө анхнаасаа энэ байгууллагад худалдан борлуулах зорилго байгаагүй, надад үүссэн санхүүгийн хэрэгцээг ашиглан хөрөнгийг маань нэр дээрээ шилжүүлж авсан болно.
Тухайн үед худалдах худалдан авах гэрээгээр Д.Б , Ж.Л рүү шилжүүлсэн тул бусад барьцааны гэрээнд Д.З гарын үсэг зурах хууль зүйн эрхгүй болж байгаа. Энэ утгаараа давхар барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах зорилгоор нэхэмжлэл гаргасан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д зээлдэгч зээлийн гэрээнд заасан хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй тохиолдолд үүргийн биелэлтийг хангуулахаар зээлдэгчээс барьцаалсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь зээлийн барьцаа болно гэж, мөн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д барьцааны гэрээг бичгээр байгуулна бичгээр байгуулаагүй бол хүчин төгөлдөр эрхээ алдана гэж тус тус заасан байдаг. Г ББСБ ХХК тухайн үед зээлийг олгох үйл ажиллагаа явуулж байхдаа барьцаа хөрөнгийг Д.З аас гаргуулахдаа энэ хуулийн заалтыг зөрчиж өөрсдийн тусгай активын ажилтан руу шилжүүлсэн үйлдэл нь хууль зөрчиж байна.
Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна:, мөн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл; 56.1.3-д өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл; гэж зааснаар Д.З аас Д.Б , Ж.Л нарт ... дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил /... / ...йн гудамж .... дүгээр байрны ...тоотод байршилтай 349 м/к талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 20,000,000 төгрөгөөр худалдсан 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу хүчин төгөлдөл бус хэлцлийн үр дагаварыг арилгах буюу дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч нарт далгаж өгнө үү.
Гуравдагч этгээд Г ББСБ ХХК-ийн бие даасан шаардлагын талаар гэвэл хариуцагч, гуравдагч этгээд нар шударга баймаар байна. 2019 оны 08 дугаар сарын 06-нд Римакс компанид тухайн обьектоо 4, 5 тэрбумаар зарна гэж өгсөн. Тухайн үед үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ энэ 2 хүний нэр дээр байсан учраас чадаагүй, хариуцагч тал өөрсдөө 2.9 тэрбумаар зарна гэж давхар зар өгөөд албаар ханшийг унгаасан. Манай агент над руу яриад гэрчилгээнд байгаа хүмүүс зар өгсөн байна гэж хэлээд надаас татгалзсан. Ийм маргаан үүссэн учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тэрнээс биш төлбөрөө төлнө гэж хариуцагч талд хэлж байсан. Зээлийн харилцаа үүссэн гэдэг дээр бид маргаан байхгүй. Гуравдагч этгээдийг энэ иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргахад нэхэмжлэгч тал анхнаасаа хүлээн зөвшөөрөөгүй буюу хамтад нь шийдвэрлэх боломжгүй гэсэн байр суурьтай байсан. Бие даасан шаардлагаа тусад нь нэхэмжлэл гаргаад Д.З ыг хариуцагчаар татах боломжтой. Өнөөдрийн маргаанд Д.З , Д.Б , Ж.Л нарын хооронд үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах хэлцэл үүссэнтэй холбоотой маргаан үүнтэй гуравдагч этгээд Г ББСБ ХХК-ийн бие даасан шаардлага яагаад холбогдоод байгаа нь тодорхойгүй. Барьцааны үл хөдлөх хөрөнгөөр холбогдоод байгаа юм уу? ойлгомжгүй. Гуравдагч этгээдүүд нэхэмжлэл гаргаж байна гэх юм, гуравдагч этгээд бие даасан шаардлага гаргадаг. Эрх зүйн хувьд Г ББСБ ХХК зээлдэгчийн хувьд Д.З ыг татаж зээлийн маргаанаа үргэлжлүүлээд явах боломжтой байсан. Зээлийн гэрээний шаардлагыг үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болгохыг тогтоолгох маргаантай хамт шийдэх нь зохимжгүй гэж үзэж байна. Иймд бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож, тусад нь эрх зүйн маргаан үүсгээд явах боломжтой маргаан тул заавал хамт нь шийдвэрлэх шаардлагагүй. Г ББСБ ХХК-тай байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийг манайх гаргасан байгаа, үүн дээр иргэний хэрэг үүсээд шалгагдаж байгаа. Хариуцагч нар тус нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авсан эсэх нь тодорхойгүй, гардаж авсан бол хариу тайлбар өгөөд энд гаргаад байгаа зээлийн маргаан тухайн хэрэг дээр гаргаад үргэлжлүүлээд цааш явах нь зүйтэй. Барьцааны зүйл Д.Б , Ж.Л нарын нэр дээр байгаа. Тийм учраас барьцааны зүйлээ яаж шийдэх үү? барьцаалуулагч нь өөрөө хариуцагч болох уу? гэдэг асуудал яригдана. Тийм учраас энэ хоёр хүн ямар байр суурьтай оролцох вэ? Д.З ын нэхэмжлэлд хариуцагчаар оролцох уу? гуравдагч этгээдийн гаргасан барьцааны гэрээтэй холбоотойгоор хариуцагч болох юм уу? тодорхойгүй байна. Ийм учраас хамт шийдвэрлэж болохгүй маргаан болохоор гуравдагч этгээдийн гаргасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Д.Б , Ж.Л нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2018 оны 02 дугаар сард үйлчилгээний талбай худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Эх хувь биш тул шүүхэд гаргаж өгөх боломжгүй байна. Яагаад гэвэл нэхэмжлэгч тал эх хувийг хуулбарлаж манай компанид өгсөн. Нэхэмжлэгч Д.З нь маргаан бүхий Наадам центр-ийн буюу ... дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил /..../, ... гудамжны ....дүгээр байрны ... тоот хаягт байрлах 349 м/к талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг худалдаж авах зорилгоор манай компаниас анх зээл авч байсан. Т.Нямдаваа гэдэг хүнтэй худалдах худалдан авах гэрээ хийсэн. Үүнд дээрх 349 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 2,100,0000,000 төгрөгөөр авах гэрээтэй байсан. Зээл авахдаа тухайн үл хөдлөх эд хөрөнгийг Ж.Л бид хоёрын нэр рүү шилжүүлсэн. Яагаад шилжүүлсэн бэ гэхээр нэхэмжлэгч тал банкнаас зээл хөөцөлдөнө, буцаад энэ эд хөрөнгөө худалдаж авч байгаагаар авна гэж байсан. Манайх хүсэлт тавьсны үндсэн дээр хийгдсэн. Хамтын харилцааны үндсэн дээр дотоод хяналтын ажилтны нэр лүү шилжүүлье гэсний үндсэн дээр бид хоёрын нэр лүү шилжүүлсэн. Шүүхэд өгсөн үл хөдлөх хөрөнгийн газраас ирсэн түүхчилсэн лавлагаанаас харж болно. Анхны эзэмшигчээс нь Д.З т шилжсэн он, сар, өдөр нь Ж.Л бид хоёрын нэр лүү шилжсэн өдөртэй адилхан байгаа. Энэ нь өөрсдийнхөө сайн дурын үндсэн дээр хийсэн гэрээ хэлцэл байгаа. Үл хөдлөх хөрөнгийг манайх худалдан борлуулна гэсэн асуудал ярьж байсан. Наадам центр-ийн 349 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь Д.З ын хөрөнгө мөн, одоо хүртэл ашиглаж байгаа. Бид нарын зүгээс гаргаарай гэж хөөсөн зүйл яриагүй. Энэ худал мэдүүлэг байна. 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Д.З ын Римакс компанитай хийсэн гэрээ нь манайд байгаа. Энэ хүнийг үл хөдлөх хөрөнгийн эзэн биш гэж ерөөсөө маргаагүй. Бид хоёр хувь хүнээсээ илүү байгууллага төлөөлж явсан. Түүнээс биш энэ үл хөдлөх эд хөрөнгийг бид хоёрын өмч гэж маргасан зүйл байхгүй. Д.З ын эд хөрөнгө гэдэг нь үнэн, зээл авахдаа буцаан худалдах зорилгоор бид хоёрын нэр дээр шилжүүлж зээл авсан, өөрөөр хэлбэл энэ үл хөдлөх эд хөрөнгө бол манай банк бус санхүүгийн байгууллагаас Д.З т 850,000,000 төгрөгийн зээл олгохдоо барьцаа болгож энэ хөрөнгийг нь бидний нэр дээр худалдах-худалдан авах гэрээгээр шилжүүлж авсан. Мөн Г ББСБ ХХК-ийн зээлийн гэрээнд Д.Б , Ж.Л , Д.З нар гарын үсэг зурсан байгаа.
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д Барьцаалуулагч нь гуравдагч этгээд бөгөөд хуулиар тогтоосон журмыг зөрчиж барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлсэн бол үүргийн гүйцэтгэлийг эд хөрөнгийг шинээр өмчлөгч болон өмнөх барьцаалуулагчтай хамтран хариуцна гэж заасан байдаг. Гэрээнд өмнөх үйлчлүүлэгч гарын үсэг зурсан байгаа. Хүний зүйлийг дээрэмдэж авсан зүйл байхгүй. Д.З ын өөрийнх нь хүсэл зорилгын үүднээс худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Манай байгууллага тухайн хүний эд хөрөнгийг ажилчдын нэр дээр шилжүүлэх шаардлагагүй. 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн өөрийнх нь зээл хүссэн акт нь байгаа. Өөрийнхөө хөрөнгийг буцаан худалдан авах зорилгоор хувь хүний болон компанийн ажилчдын нэр дээр шилжүүлэх хүсэлт гаргасны үндсэн дээр явагдсан ажиллагаа тул манайхаас шахалт дарамт өгсөн зүйл байхгүй гэв.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан шаардлагад болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б , Ж.Л нарын тайлбарт: Г ББСБ ХХК нь Д.З т 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр .... тоот зээлийн гэрээ байгуулан 850,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, жилийн 30 хувийн хүүтэйгээр, үл хөдлөх хөрөнгө худалдан авах зориулалтаар олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Д.З нь 2018 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн ....дугаартай барьцааны гэрээ байгуулан дараахь эд хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд: ... дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил /..../, ... гудамж, ....дүгээр байр, ... тоот хаягт байршилтай, 349 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт ....дугаартай гэрээг 2018 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр баталгаажуулж бүртгэсэн. Д.З гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу нийт 60,528,834 төгрөг төлсөн. Үүнээс зээлийн хүүнд 40,955,026 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 19,573,808 төгрөг төлсөн бөгөөд үлдсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Д.З нь зээлийн гэрээний хавсралтад заасны дагуу 2019 оны 07 дугаар сарын 05-нд үндсэн зээлээс 284,000,000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 05-нд үндсэн зээлээс 284,000,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 14-нд үндсэн зээлээс 282,000,000 төгрөг тус тус төлөхөөр тохиролцсон боловч гэрээний үүргээ зөрчсөний улмаас зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү хуримтлагдах үндэслэл болсон. Зээлдэгч зээлийн төлбөрийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөхгүй, зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул, манай байгууллагын зүгээс зээлээ төлөх талаар удаа дараа сануулж зээл төлөх хугацаа өгч мэдэгдэж байсан. 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр гэрээний хугацаа дуусгавар болсон ч зээлдэгч нь зээлээ өнөөдрийг хүртэл төлөөгүй тул шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Үндсэн зээл 850,000,000 төгрөг, зээлийн хүү 536,113,467 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50,021,918 төгрөг, нотариатын зардал 16,500 төгрөг, нийт 1,436,151,885 төгрөгийг нэхэмжлэгч Д.З аас гаргуулж өгнө үү. Мөн үүргээ сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлээр хангуулж өгнө үү гэв.
Шүүх зохигчдийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.З нь хариуцагч Д.Б , Ж.Л нарт холбогдуулан орон сууц худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, үр дагаврыг арилгуулах буюу ... дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил /..../, ... гудамж, ....дүгээр байрны ... тоот хаягт байрлах 349 м/к талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нар ... маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авах зорилго байгаагүй, нэхэмжлэгч Д.З манай банк бус санхүүгийн байгуллагаас 2018 онд 850,000,000 төгрөгийг жилийн 30 хувийн хүүтэйгээр зээлж авсан, энэ зээлийн барьцаа болгож л тухайн обьектийг Д.Б , Ж.Л бидний нэр дээр худалдах-худалдан авах гэрээгээр шилжүүлсэн. Зээлээ төлчихвөл буцаагаад өгөхөд бэлэн байна, бид хоёрын нэр дээр шилжлсэн боловч обьектийг захиран зарцуулах эрх нь Д.З т байсан. Тэрээр өөрөө обьектоо зарах гэж зуучийн компаниудад хандсан боловч гэрчилгээний нэр нь бид 2 дээр байсан болохоор бид очиж үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулахад зуучлах гэрээг байгуулж өгч байсан. Хүний эд хөрөнгийг дээрэмдэж авсан зүйл байхгүй гэж маргажээ.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г ББСБ ХХК нь нэхэмжлэгч Д.З т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 850,000,000 төгрөг, зээлийн хүү 536,113,467 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50,021,918 төгрөг, нотариатын төлбөр 16,500 төгрөг, нийт 1,436,151,885 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах, үүргээ сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлээр хангуулахаар шаардсаныг нэхэмжлэгч Д.З ... зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэхдээ нэхэмжлэгч Д.З ын нэхэмжлэлтэй хариуцагч Д.Б , Ж.Л нарт холбогдох худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөл бус хэлцэл болохыг тогтоолгох, үр дагаварыг арилгахыг шаардсан нэхэмжлэлийн шаардлагатай энэ иргэний хэрэгт Г ББСБ ХХК-ийн эрх ашиг, сонирхол хэрхэн яаж хөндөгдөж байгаа нь тодорхойгүй, зээлийн гэрээний дагуу тусдаа нэхэмжлэлийн шаардлагаа гаргаад шийдвэрлүүлээд явах боломжтой. Д.З тус шүүхэд Г ББСБ ХХК-г хариуцагчаар татаад барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүгч Г.А уг нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгээд ажиллагаа хийгдээд явж байгаа, эсхүл энэ иргэний хэрэгт сөрөг нэхэмжлэлээ гаргаад явах нь зүйтэй. Түүнээс биш одоогийн шүүх хуралдаанаар гуравдагч этгээдийн зээл, барьцааны гэрээтэй холбоотой шаардлагыг хамтад нь шийдвэрлэх боломжгүй гэж маргажээ.
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын талаар:
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахь нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд, нэхэмжлэгч Д.З нь 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ... дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил /..../, ... гудамж, ....дүгээр байрны ... тоот, 349 м/к талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлийн Ү-...дугаарт бүртгэгдэж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн ...дугаар гэрчилгээ олгогджээ /Хавтаст хэргийн 85 дугаар тал/. Улмаар 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Д.Б , Ж.Л нартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж өөрийн өмчлөлийн ... дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил /..../, ... гудамж, ....дүгээр байрны ... тоот, 349 м/к талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 20,000,000 төгрөгөөр худалдсаны дагуу Д.Б , Ж.Л нар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр улсын бүртгэлийн Ү-...дугаарт бүртгэгдэж, өмчлөх эрхийн ...дугаартай гэрчилгээ олгогджээ /Хавтаст хэргийн 86 дугаар тал/.
Гэвч талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан худалдах-худалдан авах гэрээний харилцааа үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч Д.З ын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан ... би 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Г ББСБ ХХК-иас 850,000,000 төгрөгийн зээл авсан. Зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн ... дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил /..../ ...йн гудамж ....дүгээр байрны ... тоотод байршилтай 349 м/к талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Гэтэл Г ББСБ ХХК нь миний барьцаа хөрөнгийг өөрийн банк бусын ажилтан болох Д.Б , Ж.Л нарын нэр дээр худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэн өгвөл зээл олгоно гэж мэдэгдсэн. Зээлээ хурдан гаргуулж бизнестээ хөрөнгө оруулахын тулд Д.Б , Ж.Л нартай 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, маргаан бүхий дээрх хөрөнгөө 20,000,000 төгрөгөөр худалдсан мэтээр Д.Б , Ж.Л нарын нэр дээр шилжүүлж өгсөн гэх тайлбар, хариуцагч Д.Б , Ж.Л нарын шүүх хуралдаанд гаргасан ... Бид хоёр хувь хүн гэхээсээ илүү байгууллага төлөөлж явсан. Түүнээс биш энэ үл хөдлөх эд хөрөнгийг бид хоёрын өмч гэж маргасан зүйл байхгүй. Д.З ын эд хөрөнгө гэдэг нь үнэн, зээл авахдаа буцаан худалдах зорилгоор бид хоёрын нэр дээр шилжүүлж зээл авсан, өөрөөр хэлбэл энэ манай банк бус санхүүгийн байгууллагаас Д.З т 850,000,000 төгрөгийн зээл олгохдоо барьцаа болгож энэ хөрөнгийг нь бидний нэр дээр худалдах-худалдан авах гэрээгээр шилжүүлж авсан гэх тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Д.З нь өөрийн өмчлөлийн ... дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил /..../, ... гудамж, ....дүгээр байрны ... тоот хаягт байрлах 349 м/к талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөө Д.Б , Ж.Л нарт худалдах, хариуцагч нар нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авах хүсэл зориг байгаагүй. Харин нэхэмжлэгч Д.З нь Г ББСБ ХХК-иас 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 850,000,000 төгрөгийг жилийн 30 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатайгаар зээлж авахдаа дээрх үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалахаар харилцан тохиролцжээ.
Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэх буюу зээлийн болон барьцааны гэрээг халхавчлах зорилгоор худалдах-худалдан авах гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл дүр үзүүлсэн хэлцэл-ээр хэлцэл хийгч талууд хуулиар эрх, үүрэг хүлээх хүсэл зориг, эрмэлзэлгүй буюу ямар нэг хууль зүйн үр дагавар гаргахыг хүсдэггүй, зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хэлцэл хийдэг. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. гэжээ. Иймд нэхэмжлэгч Д.З нь шаардах эрхтэй байх тул дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 20,000,000 төгрөгөөр худалдах тухай нэхэмжлэгч Д.З , хариуцагч Д.Б , Ж.Л нарын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, ... дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил /..../, ... гудамж, ....дүгээр байрны ... тоот хаягт байрлах 349 м/к талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Д.З ын нэр дээр буцаан шилжүүлэхийг хариуцагч Д.Б , Ж.Л нарт даалгах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
2. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г ББСБ ХХК-ийн шаардлагын талаар:
Нэхэмжлэгч Д.З нь Г ББСБ ХХК-тай 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 850,000,000 төгрөгийг жилийн 30 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай авахаар тохиролцож, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Д.Б , Ж.Л нарын өмчлөлийн ... дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил /..../, ... гудамж, ....дүгээр байрны ... тоот, 349 м/к талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан гэх баримтууд хавтаст хэргийн 87-96 дугаар талд авагджээ. Гэвч нэхэмжлэгч Д.З нь тус шүүхэд хандан Г ББСБ ХХК-д хариуцагчаар татаж гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хүлээн авч, ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ... дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа болох нь тогтоогдож байна. Дээрх иргэний хэргийг шийдвэрлэх хүртэл бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г ББСБ ХХК-ийн бие даасан шаардлагатай иргэний шийдвэрлэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана., мөн 65 дугаар зүйлийн 65.1.7-д зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаархи өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа; гэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.5, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.З , хариуцагч Д.Б , Ж.Л нарын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, ... дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил /..../, ... гудамж, ....дүгээр байрны ... тоот хаягт байрлах 349 м/к талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Д.З ын нэр дээр буцаан шилжүүлэхийг хариуцагч Д.Б , Ж.Л нарт даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасныг баримтлан гуравдагч этгээд Г ББСБ ХХК-ийн нэхэмжлэгч Д.З т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 850,000,000 төгрөг, зээлийн хүү 536,113,467 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50,021,918 төгрөг, нотариатын төлбөр 16,500 төгрөг, нийт 1,436,151,885 төгрөг гаргуулах, үүргээ сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлээр хангуулах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 328,150 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, гуравдагч этгээд Г ББСБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,408,910 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж Г ББСБ ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.МӨНХТӨР