Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 33

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг

даргын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 129/ШШ2018/00737 дугаар шийдвэртэй

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын нэхэмжлэлтэй

“Ц” ХХК-д холбогдох

ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 72 005 733 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй

2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 01 тоот ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, магадлашгүй ажлын нөөц хөрөнгө 4 620 128 төгрөг, барьцаа хөрөнгө 12 990 000 төгрөг, нийт 17 610 128 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

хариуцагчийн төлөөлөгч Б.Бийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, хариуцагчийн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Эрдэнэсувд, нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.

    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний төлөөлөгчийн тайлбарт: “”Ц” ХХК нь 2013 онд “Бөхбилэгт” садыг засаж тохижуулах АР-ЭБ-02/2013 дугаартай тендерт оролцож 259 800 000 төгрөгөөр уг ажпыг гүйцэтгэхээр шалгарч 02 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Ажил гүйцэтгэх гэрээгээр бол 2013.06.21-2013.07.21-ний хооронд хийж дуусгах байсан боловч 2013.10.16-ны өдөр дуусгаж хүлээлгэн өгсөн. Тухайн үед хүйтний улирал эхэлсэн, хэд хэдэн ажил дутуу байсан учраас ажил гүйцэтгэгч буюу “Ц” ХХК-ий зүгээс 2014 оны хавар дутуу ажлыг хийе гэсэн саналыг тавьж талууд 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 03 тоот гэрээг байгуулсан байдаг. Гэрээнд зарим зүйл дутуу тусгагдсан учраас 2014.03.27-ны өдөр гэрээг дахин шинэчлэн байгуулсан. Мөн аймгийн Аудитын газраас “Бөхбилэгт” садны засварын ажилд хяналт шалгалт хийж “Бөхбилэгт” садыг засаж тохижуулахдаа зураг төсвийн дагуу хийж гүйцэтгээгүй байна гэж үзэж албан шаардлага ирүүлсэн. Тус албан шаардлагын дагуу “Ц” ХХК-ийг гэрээний үүргээ болон албан шаардлагыг биелүүлэх талаар удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Тийм учраас Эрдэнэбулган сумын Засаг даргын зүгээс шүүхэд нэхэмжпэл гаргасан. Нэхэмжпэгчийн зүгээс дутуу хийгдсэн ажил болох:

-сагсан бөмбөгийн талбайн шалыг резинэн хавтангаар хийж, гадна хайсыг зургийн дагуу хийх

-садны 4 буланд прожектор байрлуулах

-усан оргилуурын дотор талын шинээр цутгасан бетон дээр хар, цагаан өнгөт чулуу наах

- хөшөө тойрсон 12 жилийн баримлыг боржин цутгуураар хийх

- манаачийн байрыг дулаалах, байшингийн хөвөө хийх

- задгай тайзанд дутуу байгаа 2 ханан хаалт хийх зэрэг ажлуудыг гүйцээж хийлгэх, мөн огт хийгдээгүй ажил болох:

- 30-40 хүүхэд зэрэг тоглох боломжтой хүүхдийн тоглоомын иж бүрдэл талбай хийх-27 229 690 төгрөг,

- автомашины зогсоол хийх-1 580 723 төгрөг, нийт 28 810 413 төгрөгийг “Ц” ХХК-аас гаргуулж Эрдэнэбулган сумын орон нутгийн хөгжпийн санд төвлөрүүлж өгнө үү.

“Ц” ХХК нь Эрдэнэбулган сумын Засаг даргатай 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 02, 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 01 дугаартай ажил гүйцэтгэх гэрээнүүд байгуулсан боловч гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй бөгөөд гэрээнд заагдсан ажлуудыг зургийн дагуу биш дутуу зөрүүтэй хийсэн байна. Иймд өмнө нь гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж дутуу зөрүүтэй хийсэн ажлын санхүүжилт 64 531 988 төгрөгийг нэхэмжилж байна. “Бөхбилэгт” садны засвар тохижилтын ажлыг зургийн дагуу хийгээгүйгээс зарим ажлыг огт хийлгүй орхиж, зарим ажлыг зургаас зөрүүтэй дутуу хийсэн. Эдгээр алдаа дутагдлаа чанарын баталгаат хугацаанд засаж хүлээлгэн өгөхөөр гэрээ байгуулсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэгчийн зүгээс одоо бодит байдал дээр гүйцэтгэсэн ажлын тооцоог бодож үзэхэд нийт 173 037 756 төгрөгийн ажлыг хариуцагч тал хийсэн байна. Иймд огт хийгээгүй, дутуу зөрүүтэй хийсэн ажлын санхүүжилт 86 762 244 төгрөгөөс захиалагчийн хяналтын зардал 4 620 128 төгрөг, магадлашгүй ажлын зардал 4 620 128 төгрөг, барьцаа 5 хувь 12 990 000 төгрөгийг хасаж 64 531 988 төгрөгийг “Ц” ХХК-аас нэхэмжилж байна.

Тус шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 3 463 тоот захирамжаар томилогдсон шинжээчийн дүгнэлтээр “Ц” ХХК-ий дутуу хийсэн болон хийгдээгүй ажлын төсөв, зураг төсөвт заагдаагүй илүү хийсэн ажлын төсөв, нийтийн бие засах газрын төсөв, гүйлтийн замын төсвийг тооцон гаргасан байна. Иймд “Бөхбилэгт” садны засвар тохижилтын ажлаас дутуу хийсэн болон хийгээгүй ажлын төсөв 97 548 425 төгрөг, гүйлтийн замын төсөв 4 522 304 төгрөг буюу нийт 102 070 729 төгрөгөөс “Ц” ХХК-ий илүү хийсэн ажлын төсөв 23 266 531 төгрөг, нийтийн бие засах газрын төсөв 8 298 465 төгрөгийг хасаад /102 070 729-23 266 531-8 298 465=70 505 733/ зөрүү нь 70 505 733 төгрөг болж байна. Нэхэмжлэгчийн зүгээс урьд нэхэмжилсэн 64 531 988 төгрөг дээр 5 973 745 /70 505 733-64 531 988/ төгрөг, шинжээчийн ажлын хөлс 1 500 000 төгрөгийг нэмээд нийт 72 005 733 төгрөгийг “Цогт- Өнжүүл” ХХК-аас гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч болон түүний төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарт: “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг дарга манай компаниас 28 810 413 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна. 2014.06.24-ний өдөр “Ц” ХХК нь Эрдэнэбулган сумын Засаг даргатай гэрээ байгуулж манай компани “Бөхбилэгт” садыг тохижуулах ажлыг 100 хувь бүрэн гүйцэтгэж хүлээлгэн өгсөн. Одоо хүртэл санхүүжилтийн дутуугаа авч чадахгүй байна. Иймд Эрдэнэбулган сумын Засаг даргын манай компаниас нэхэмжилж байгаа 28 810 413 төгрөгийг огт хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн нэхэмжлэлийн өөрчилсөн болон нэмэгдүүлсэн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

1. Төсвийн дагуу хийж гүйцэтгэсэн ажлыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Эрдэнэбулган сумын худалдан авах ажиллагааны ажилтан О.Ж өөрийн биеэр хянан шалгаж баталгаажуулан “гүйцэтгэл төсвийн дагуу 100 хувь байна” гэж дүгнэн гүйцэтгэлийн баримтад гарын үсгээ зурж баталгаажуулсан.

2. Санхүүжилтийг хийхдээ бүх ажлуудыг төсвийн дагуу үзэж шалган олгосон. Үүнийг баталсан хариуцагчийн баримтыг бүх гүйцэтгэлийн баримтуудаас харж болно.

3. Манай компанийг ажлаа 100 хувь гүйцэтгэсэн гэж дүгнэн нэхэмжлэгч, улсын комисс хүлээн авсан.

4. Манай компани баталгаат засварын хугацаа буюу нэг жилийн дотор шаардлагатай нэмэлт ажил, засварыг хийж гүйцэтгэн баталгааны санхүүжилтээ гаргуулах хүсэлтээ хариуцагчид өгсөн. Аудитын хяналтын байгууллагаас баталгаат хугацаанд ажил гүйцэтгэл дутуу юм уу, эсхүл доголдлын талаар манай байгууллагад ямар нэгэн албан тоот бичиг ирүүлээгүй.

5. Хүлээн авснаас хойш тухайн “Бөхбилэгт” саданд төсвөөс санхүүжүүлэн манаач ажиллуулж байсан тул хариуцагч бүрэн бүтэн байдлаа хадгалах үүрэгтэй байсан.

6. Материалыг хариуцагчийн хувийн компаниас авсан тул материалын чанарын асуудлаар хариуцагч өөрөө тайлбар гаргаж өгөх боломжтой.

Иймд бүхий л нотлох баримтуудад огт байхгүй, төсөвт байхгүй 72 сая төгрөг гаргуулах гэх огт үндэслэлгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ” гэжээ.

 

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл болон тайлбарт: “Нэхэмжлэгч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг дарга нь “Ц” ХХК-аас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул дутуу хийсэн ажлыг гүйцээж хийлгэх, огт хийгээгүй ажлын санхүүжилтийг буцаан авахаар нэхэмжилжээ. “Ц” ХХК нь “Бөхбилэгт” садны засварын ажлыг зураг төсвийн дагуу бүрэн хийж гүйцэтгэсэн. Харин нэхэмжлэгч талаас магадлашгүй ажпын зардал 4 620 128 төгрөг, барьцаа 5 хувь буюу 12 990 000 төгрөг, нийт 17 610 128 төгрөгийг “Ц” ХХК буцаан авах үндэслэлтэй байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг дарга “Ц” ХХК-тай байгуулсан 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 01 тоот ажил гүйцэтгэх гэрээг хүчингүй болгуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Үүнд:

1. 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 01 тоот ажил гүйцэтгэх гэрээг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг дарга нь тухайн үед “Ц” ХХК-тай хамааралгүй этгээдтэй байгуулсан. Тухайн гэрээг байгуулах үед “Ц” ХХК-ий захирлаар Э.Д 2014.03.05-ны өдрөөс томилогдон ажиллаж байжээ.

2. “Ц” ХХК нь 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 01 тоот ажил гүйцэтгэх гэрээнд тусгагдсан ажлыг гүйцэтгэх үүрэггүй. Уг гэрээ “Ц” ХХК-тай байгуулсан “Бөхбилэгт” садны засвар тохижилтын ажлын 02 дугаартай гэрээний гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх, барилга байгууламж засвар тохижилтын ажпыг бүрэн гүйцэд хийхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар хийгдсэн байх нь хууль зүйн үндэслэлгүй билээ.

3. Тухайн 01 тоот гэрээнд заагдсан ажлуудыг гүйцэтгэх төсөв байхгүй. Тендерт шалгарсан төсвийн дагуу ажил үүргээ хийж гүйцэтгэсэн.

4. “Бөхбилэгт” садны засвар тохижилтын ажлын 02 дугаартай гэрээний гүйцэтгэгч хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэж улсын комисс ажлыг 100 хувь хийж гүйцэтгэсэн гэж ашиглалтад хүлээн авсан. Хэрэв тухайн ажлыг дутуу хийсэн гэж үзсэн бол дахин гэрээ байгуулах биш, харин тухайн дутуу ажлуудыг хийж гүйцэтгүүлэхээр гомдол гаргах хууль эрх зүйн зохицуулалттай байжээ. Иймд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг дарга “Ц” ХХК-тай хууль зөрчиж байгуулсан 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 01 тоот ажил гүйцэтгэх гэрээг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн гаргасан хариу тайлбарт: “”Ц” ХХК нь Эрдэнэбулган сумын Засаг даргаас магадлашгүй ажлын зардал 4 620 128 төгрөг, барьцаа 5 хувь буюу 12 990 000 төгрөг, нийт 17 610 128 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгчийн зүгээс сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрдэнэбулган сумын Засаг даргатай 2013.06.21-нд байгуулсан 02 тоот гэрээний ерөнхий нөхцлийн барьцаа хөрөнгө буюу 45 дугаар зүйлийн 45.2-т “Ажил бүрэн дууссан тухай мэдэгдлийг үндэслэн суутгасан үнийн дүнгийн 50 хувийг гүйцэтгэгчид төлөх бөгөөд үлдсэн хэсгийг чанарын баталгаат хугацаа дууссаны дараа тэр хугацаанд гарсан бүх зөрчил, гологдлыг гүйцэтгэгч арилгасан тухай төслийн менежерийн мэдэгдлийг үндэслэн төлнө...” гэж заасан. Өнөөдрийн байдлаар сумын Засаг дарга уг ажлыг бүрэн гүйцэд дуусаагүй гэж үзэн дутуу хийсэн болон огт хийгээгүй ажлыг хийлгэх талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэрээний ерөнхий нөхцлийн зөрчил, гологдол арилгах буюу 32 дугаар зүйлийн 32.1-д “...төслийн менежер гэрээний тусгай нөхцөлд заасан чанарын баталгаат хугацаа дуусахаас өмнө зөрчил, гологдол арилгах тухай мэдэгдлийг гүйцэтгэгчид өгнө. Чанарын баталгаат хугацааг зөрчил, гологдлыг арилгаж дуусах хүртэл сунгана” гэж, 32.2-т “Зөрчил, гологдол арилгах тухай мэдэгдэл өгсөн тухай бүр гүйцэтгэгч уг зөрчил, гологдлыг төслийн менежерийн мэдэгдэлд заасан хугацаанд багтааж өөрийн зардлаар арилгана” гэж тус тус заасан. Гэтэл “Ц” ХХК нь гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлээгүй, ажлаа бүрэн хийж дуусгаагүй, гарсан зөрчил, гологдлыг бүрэн арилгаагүй байж барьцаа хөрөнгөө нэхэмжилж байгаа нэхэмжпэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

“Ц” ХХК нь Эрдэнэбулган сумын Засаг даргатай байгуулсан 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 01 тоот ажил гүйцэтгэх гэрээг хучингүй болгуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна. Нэхэмжлэгчийн зүгээс сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь “Бөхбилэгт” садны засвар тохижилтын ажлыг хийж гүйцэтгэхээр Эрдэнэбулган сумын Засаг даргатай “Ц” ХХК нь анх 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 02 тоот гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний үүргээ бүрэн хэрэгжүүлж дуусаагүй тул 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 03, 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 01 тоот ажил гүйцэтгэх гэрээнүүд байгуулсан. Өмнөх гэрээнд тусгагдсан ажил нь дутуу байсан тул 2014 оны 01 тоот гэрээ байгуулсан. Хэрвээ 2014 оны 01 тоот гэрээг хариуцагч тал хүчингүй гэж үзэж байгаа бол “Ц” ХХК-ий захирал Б.Б захирлын эрхээ Э.Дашзэгвэд шилжүүлсэн тухайгаа захиалагч Эрдэнэбулган сумын Засаг даргад албан ёсоор мэдэгдэх байсан. 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 01 тоот гэрээнд “Ц” ХХК-ий тамга дарагдаж хууль ёсны гэж үзэн захиалагч тал дутуу санхүүжилтийг олгосон. Тухайн үед энэ гэрээг хийгээгүй бол захиалагч тал дутуу ажлыг хийлгэх талаар шүүхэд хандах, эсхүл 2014 онд олгосон 48 297 957 төгрөгийг олгохгүй байх байсан. Дээрх гэрээнүүд бүгд хоёр тал харилцан тохиролцож байгуулсан гэрээ тул хүчинтэй гэрээ гэж үзэж байна. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.” гэжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 129/ШШ2018/00737 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 349 дүгээр зүйлийн 349.1, 352 дугаар зүйлийн 352.2.3, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т заасныг баримтлан хариуцагч “Ц” ХХК-аас 72 005 733 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргад олгож; Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 181 дүгээр тушаалаар батлагдсан Барилгын төсөв зохиох дүрмийн 8 дугаар зүйлийн 2, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргаас магадлашгүй ажлын зардал болон барьцаа нийт 17 610 128 төгрөгийг гаргуулж хариуцагч “Ц” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 01 тоот гэрээг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан хариуцагч “Ц” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 517 978,67 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулж, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 316 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, сөрөг нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд ногдох 246 001 төгрөгийг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргаас гаргуулж хариуцагч “Ц” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Бийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 129/ШШ2018/00737 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн “хариуцагч ''Ц” ХХК-аас 72 005 733 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Эрдэнэбулган сумын Засаг даргад олгосугай. “Ц” ХХК-ий сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 01 тоот гэрээг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн хэсгийг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. “Ц” ХХК нь 2013.06.21-ний өдөр “Бөхбилэгт” садны засварын ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулж гэрээний үнийн дагуу төсөвт тусгагдсан зардлуудыг 100 хувь зарцуулж ажлыг бүрэн хүлээлгэн өгсөн. Хүлээлгэн өгснөөс хойш захиалагчийн буруугаас зарим зүйлүүд эвдэрч гэмтсэн. Иймд баталгаат хугацаандаа тэдгээр эвдрэл гэмтлийг бүрэн засч янзалсан. Гэтэл таван жилийн дараа захиалагч 72 005 733 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, шүүх нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж байгаа нь хууль бус байна.

2. Тус “Бөхбилэгт” садны засварын ажлыг бүрэн дуусгасан тул магадлашгүй ажлын зардал болон барьцаанаас бусад санхүүжилтийг бүрэн олгосон. Ингэхдээ ажлын гүйцэтгэлийг гаргуулж нэхэмжлэгч тал үзэж шалган 100 хувь гэж баталгаажуулан хүлээн авч ажил хүлээлцсэн акт үйлдсэн байдаг. Гэтэл тэдгээр санхүүгийн гол нотлох баримт буюу гүйцэтгэлийн нотлох баримтуудыг шүүх үнэлэхгүй байгаа нь хууль бус байна. Нэхэмжлэгч Эрдэнэбулган сумын Засаг дарга “Бөхбилэгт” садны ажлыг 2013.10 сард хүлээн авч 100 хувь гүйцэтгэсэн гэж дүгнэсэн байна. Тус ажил хүлээлцсэн актад ямар нэгэн үүрэг дутуу гүйцэтгэсэн талаар байхгүй. Гол нотлох баримт ажил хүлээлцсэн актыг шинжлэн судлуулж, нэхэмжлэгч энэ талаар огт маргахгүй байхад шүүх өөрөө нэхэмжлэгчийн өмнөөс дутуу хийгдсэн ажлыг гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь илт хууль бус байна.

3. “Бөхбилэгт” садны засварын ажлыг гүйцэтгэх гэрээний үнийн дүнд огт байхгүй үнээр үнийн дүнг бууруулан хувь тэнцүүлэн төлбөрийг бууруулахаар гэж хуулийг буруу хэрэглэн төлбөл зохих хөлсийг буцаан татах шийдвэрийг шүүх гаргаж байгаа нь илт хууль бус шийдвэр гаргасныг харуулж байна. Шүүх Иргэний хуулийн 352.2.3-т заасан доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах шаардлагыг захиалагч гаргах эрхтэй гэж хуулийг буруу хэрэглэжээ.

4. Шүүх үндэслэх хэсэгтээ “Засвар тохижилтын ажлыг бүрэн гүйцэд хийхтэй холбогдуулан Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д заасан 6 сарын дотор буюу 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 01 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ” гэж хуулийг буруу тайлбарлажээ. Нэхэмжлэгч Эрдэнэбулган сумын Засаг дарга нь шаардах эрхээ 2014.04 сард алдсан, иргэн Б.Бтэй байгуулсан 01 тоот гэрээний шаардах эрхээ 2014.09 сард бүрэн алдсан байдаг. Гэтэл шүүх шаардах эрхгүй нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь илт хууль бус байна. Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д заасан гомдлын шаардлага огт гараагүй. Ийм процесс явагдаагүй байхад төлөөлөх эрхгүй этгээдтэй байгуулсан, төсөвгүй 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 01 тоот ажил гүйцэтгэх гэрээг гомдлын шаардлага гэж хуулийг илт буруу тайлбарласан.

5. Шүүх 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 01 тоот ажил гүйцэтгэх гэрээний тухайд тухайн үед хүчин төгөлдөр бус гэрээг нотлох баримтаар үнэлсэн нь хууль бус байна. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг дарга хамааралгүй этгээдтэй 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 01 тоот гэрээг байгуулсан тул хүчин төгөлдөр бус гэрээ гэдэг нь тодорхой байдаг. Иргэний хуульд заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус гэрээ байсаар байтал түүнийг хүчин төгөлдөр гэрээ гэж үзсэн нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэдгийг харуулж байна. Иргэний хуулийн 59.4-т заасан хугацаанд хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж гомдлын шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн нь хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн байгааг харуулж байна. Иргэн Б.Бтэй хийсэн гэрээ нь хууран мэхэлсэн хэлцэл биш, “Ц” ХХК-д холбогдуулан нэхэмжилж байгаа нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд хүчин төгөлдөр бус гэрээ гэж маргаж байгаа. “Ц” ХХК-ий захирал Э.Дашзэгвэ хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зураагүй болно.

6. Шүүх 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 01 тоот гэрээтэй шууд холбон “Ц” ХХК-ий 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 23 дугаартай албан бичгийн агуулгыг гуйвуулан хэт буруу тайлбарласан.Тус албан бичиг нь 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 01 тоот ажил гүйцэтгэх гэрээтэй огт холбогдолгүй. “Ц” ХХК-тай байгуулсан “Бөхбилэгт” садны засварын ажлыг гүйцэтгэх 2013 оны гэрээний баталгаат хугацаанд эвдрэл гэмтлийг засч дуусгана гэдэг л албан тоот байсаар байтал ерөнхий гэрээтэй холбоотой албан бичгийг хүчээр тус 01 тоот гэрээтэй холбоотой гэж үзэж байгаа нь илт хууль бус байна. Мөн уг 01 тоот ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх төсөв тусгагдаагүй. Хандивын хөрөнгөөр болон магадлашгүй ажлын зардал, баталгааны хөрөнгөөр ажлыг хийсэн байтал 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаартай гэрээний хяналтын төсөв гэх хуурамч төсвөөр тус ажлыг хийлгэхээр шийдвэр гаргаж байгаа нь илт хууль бус байна.

7. Шүүхийн шинжилгээний алба нь эрх бүхий байгууллагын дүгнэлт гараагүй байхад шинжилгээ хийхгүй гэсэн хуулийн дагуу албан бичгээ ирүүлсээр байтал шүүх илт нэг талд үйлчилж хууль бус шинжилгээ хийлгэсэн байдаг. Эрх бүхий байгууллагын дүгнэлт гараагүй байхад шинжилгээ хийхгүй хуультай байтал шүүх нэг талд үйлчилж Төсөвчдийн холбоо гэх төрийн бус байгууллагаар шинжилгээ хийлгэсэн. Энэхүү засварын ажлын гүйцэтгэлийн талаар захиалагч бөгөөд мэргэжлийн байгууллага болох Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас ямар нэгэн санал дүгнэлт огт гаргаагүй байдаг.

8. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8.4-т зааснаар тендерт шалгарсан төсөв нь өртгийн үндэслэл болдог. Гэрч Даваасүрэн хариуцагчийн асуусан асуултад төсөв нь шалгарсан төсвийн дүнгээр тооцогдоно гэдгийг тодорхой тайлбарлаж хариулсан байдаг. Гэтэл шүүх Барилгын төсөвчдийн холбооны шинжээчийн хяналтын төсөв гэх урьд өмнө нь бидэнд огт танилцуулж байгаагүй, хэзээ хийсэн нь тодорхойгүй төсвийг үндэслэж хийсэн хууль бус дүгнэлтийг нотлох баримтаар шууд үнэлж байгаа нь илт хууль зөрчсөн. Иймд 97 548 425 төгрөгийн ажлыг дутуу хийсэн, 4 522 304 төгрөгийн ажлыг огт хийгээгүй гэдэг нь бүхэлдээ үндэслэлгүй байна. Жишээлбэл          30-40 хүүхэд зэрэг тоглох боломжтой хүүхдийн тоглоомын иж бүрдэл гэж нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа зүйл нь “хүүхдийн тоглоомын талбай” гэж төсөв, гэрээний гүйцэтгэх ажлыг заасан хэсэгт тодорхой тусгагдсан байна. 30-40 хүүхэд зэрэг тоглох боломжтой хүүхдийн тоглоомын иж бүрдэл гэдэг нь төсөвт тусгагдсанаар зөвхөн хүүхдүүд зэрэг тоглох талбай байдаг. Гэрээн дээр тоглоомын иж бүрдэл гэж байхгүй, мөн нэхэмжлэгч Засаг даргын хурлын протокол дээр “солонгосчууд тоглоом байрлуулна” гэдгээр нотлогдож байна. Энэ 27 229 690 төгрөг гэсэн төсөв огт байхгүй тул энэ дүнгээр нэхэмжлэлийн дүнг худал нэмсэн байх жишээтэй.

9. Тухайн объект нь таван жилийн өмнө засварлагдсан тул шинжилгээ хийхэд шаардагдах тоо хэмжээ, чанарын үзүүлэлтийг огт хангахгүй байсан. Эх хувь буюу биет байдлаар, эсхүл шинжилгээний шаардлага хангахуйц бусад хэлбэртэй байх боломжгүй болсон нийтийн эзэмшлийн ил задгай талбай байсааар атал шүүх хууль зөрчин шинжилгээ хийх захирамж гаргасан нь хууль бус байна. Түүнчлэн нэг талд хэт үйлчлэн шинжилгээтэй холбогдуулан гаргасан хариуцагчийн бүх хүсэлтийг үндэслэлгүй хүчингүй болгосон нь Иргэний хуульд заасан нотлох баримтаа үнэлүүлэх бүх эрхийг зөрчсөн юм.

10. Шүүх Иргэний хуулийн 227.1-д заасан гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэсэн заалтыг үндэслэн 97 548 425 төгрөгийн ажлыг дутуу хийсзн, 4 522 304 төгрөгийн ажлыг огт хийгээгүй гэж үзэж байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн болохыг харуулж байна. Энд аль нэг тал гэрээний үнийн дүнтэй холбоотой татгалзсан баримт байхгүй, гэрээнээс аль нэг тал “татгалзсан” гэсэн баримт байхгүй байхад шүүх өөрөө үзэж шийдвэр гаргасан байна.

11. Шүүх Иргэний хуулийн 227.3-т “үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэсэн хуулийг буруу хэрэглэж баталгаат хугацааны бүх гэмтлийг зассан, гүйцэтгүүлэгчээс ямар нэгэн зардал гараагүй байхад үндэслэлгүй үнийн дүнтэй нэхэмжилсэн нэхэмжлэгчийн шаардлагыг хангуулахаар шийдвэр гаргасан нь үндэслэлгүй.

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 129/ШШ2018/00737 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн “хариуцагч “Ц” ХХК-аас 72 005 733 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Эрдэнэбулган сумын Засаг даргад олгосугай. “Ц” ХХК-ий сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 01 тоот гэрээг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Нэхэмжлэгч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг дарга нь хариуцагч “Ц” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэх ажил:

-сагсан бөмбөгийн талбайн шалыг резинэн хавтангаар хийж, гадна хайсыг зургийн дагуу хийх,

-садны 4 буланд прожектор байрлуулах,

-усан оргилуурын дотор талын шинээр цутгасан бетон дээр хар, цагаан өнгөт чулуу наах,

- хөшөө тойрсон 12 жилийн баримлыг боржин цутгуураар хийх,  

- манаачийн байрыг дулаалах, байшингийн хөвөө хийх,

- задгай тайзанд дутуу байгаа 2 ханан хаалт хийлгэхийг даалгах болон огт хийгдээгүй ажил болох:

- 30-40 хүүхэд зэрэг тоглох боломжтой хүүхдийн тоглоомын иж бүрдэл талбай хийх ажлын төсөв 27 229 690 төгрөг,

- автомашины зогсоол хийх ажлын төсөв 1 580 723 төгрөг, нийт 28 810 413 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж огт хийгээгүй болон дутуу хийсэн ажлын санхүүжилт 86 762 244 төгрөгөөс захиалагчийн хяналтын зардал 4 620 128 төгрөг, магадлашгүй ажлын зардал 4 620 128 төгрөг, барьцаа 12 990 000 төгрөгийг хасч 64 531 988 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн, улмаар энэ нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж урьд нэхэмжилсэн 64 531 988 төгрөг дээр 5 973 745 төгрөг, шинжээчийн ажлын хөлс 1 500 000 төгрөгийг нэмж, нийт 72 005 733 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч “Ц” ХХК нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэсэн тул зөвшөөрөхгүй гэж маргаж, магадлашгүй ажлын зардал 4 620 128 төгрөг, барьцаа 12 990 000 төгрөг, нийт 17 610 128 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж хариуцагч “Ц” ХХК-ий захирал биш, өөр этгээд гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан гэх үндэслэлээр 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 01 тоот ажил гүйцэтгэх гэрээг хүчингүй болгуулах сөрөг нэхэмжлэлийг гаргасан байна.

 

Анхан шатны шүүх хариуцагч “Ц” ХХК-аас 72 005 733 төгрөгийг гаргуулж Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргад олгож, нэхэмжлэгч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргаас магадлашгүй ажлын зардал болон барьцаа нийт 17 610 128 төгрөгийг гаргуулж “Ц” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлээс 01 тоот ажил гүйцэтгэх гэрээг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Анхан шатны шүүх гүйцэтгээгүй ажлын хэмжээний талаархи хэрэгт цугларсан баримтыг хуульд зааснаар үнэлж чадаагүйгээс нэхэмжлэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй байх ба хэрэгт байгаа баримтын хэмжээнд хууль зүйн дүгнэлтийг хийж залруулах боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

“Ц” ХХК болон нэхэмжлэгч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын хооронд байгуулсан 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 02 тоот гэрээнд “Ц” ХХК нь “Бөх билэгт” садны засвар тохижилтын ажлыг хийж гүйцэтгэх, нэхэмжлэгч нь ажлын хөлс 259 800 000 төгрөг төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан байна.

 

Хариуцагч “Ц” ХХК нь засвар тохижилтын ажлыг 2013.06.21-ний өдрөөс 2013.07.21-ний өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэхээр гэрээнд заасан, ажлыг гүйцэтгэж захиалагчид хүлээлгэн өгөх талаар “Ц” ХХК-д 2013.09.18-ны өдөр мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр хандаж байсан баримт хэрэгт авагджээ. /х-1, х-32/

 

Гэрээ хүчин төгөлдөр учир талуудын хооронд гэрээний үүрэг үүссэн, нэхэмжлэгч нь үүргийн биелэлтийг гэрээний дагуу шаардах эрхтэй байна. Харин хэрэгт байгаа баримтын хүрээнд хариуцагч “Ц” ХХК тодорхой ажлыг хийж гүйцэтгээгүй, гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй нь тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан нийт гурван удаагийн гэрээ нотлох баримтаар авагдсан байх ба 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 02 тоот гэрээний /х-1, 36-37/ дагуу ажлыг бүрэн гүйцэтгээгүй тул дутуу ажлыг гүйцэтгэхээр зохигчид харилцан тохиролцож 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 03 тоот гэрээг байгуулсан /х-3, х-99/, уг гэрээний дагуу ажлыг бүрэн хийж гүйцэтгээгүй тул дахин 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 01 тоот гэрээг /х-1, х 3-4/ байгуулсан байна.

 

2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 01 тоот гэрээнд зааснаар тоглоомын талбайн ажил, авто зогсоолын ажил, усан оргилуурын ажил, харуулын байрны ажил, цахилгааны щитийг өндөрлөж аваргүй болгох, Бөх цогцолборын ажил, садны хоёр талд хаалга хийж өгөх, явган замын дагуух гэрэлтүүлгийн шонг солих, бусад гэрлийн шонг будах, сагсан бөмбөгийн талбайн ажил, гадна хашааны өнгө үзэмжийг дахин будаж сэргээх ажлыг хийж гүйцэтгээгүй талаар тэмдэглэж, хоёр тал гарын үсэг зурж баталгаажуулжээ. Хариуцагчийн зүгээс уг гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан Б.Б тухайн үед захирлын ажлыг өөрийн нөхөр Э.Д-д шилжүүлсэн байсан учраас гэрээ хүчин төгөлдөр бус гэж маргасан байна. Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 900 дугаар албан бичгээс үзвэл “Ц” ХХК-ий гүйцэтгэх удирдлагаар Э.Д нь 2014.03.05-ны өдөр томилогдсон байжээ. /х-3, х-90/     

 

 “Ц” ХХК нь 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 02, 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 03 тоот гэрээнүүдийг байгуулахдаа тус компаний захирал Б.Б уг гэрээнүүдэд гарын үсэг зурж баталгаажуулсан байх ба 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 01 тоот гэрээг байгуулах үед тэрээр захирлын ажлыг өөрийн нөхөр Э.Д-д шилжүүлсэн талаар захиалагч талд урьдчилан мэдэгдээгүй, нөгөө талаас өмнөх хоёр удаагийн гэрээг байгуулах үед гүйцэтгэгч компаний захирал нь Б.Б байсан бөгөөд гурав дахь гэрээнд мөн тэрээр гарын үсэг зурж баталгаажуулсанд захиалагчийг буруутгах үндэслэлгүй, харин захиалагч талд өөрийн удирдлага өөрчлөгдсөн талаархи мэдээлэл өгөөгүй “Ц” ХХК-ийг буруутай гэж үзнэ.  

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны явцад шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шинжээч томилсон нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийг зөрчөөгүй, шинжээч Барилгын төсөвчдийн холбооны гаргасан дүгнэлтийг үндэслэл муутай гэх хариуцагчийн тайлбар, гомдол үндэслэлгүй байна.

 

            Шинжээч Барилгын төсөвчдийн холбоо нь талуудыг байлцуулан газар дээр нь хэмжилт хийж, “Ц” ХХК-ий нийт гүйцэтгээгүй ажлын төсвийн хэмжээг 102 070 729 төгрөг гэж тогтоож, зургаас илүү хийгдсэн ажлын гүйцэтгэлийн төсөв нийт 31 564 996 төгрөг гэжээ. Шинжээч тендерт шалгарсан төсөвт бус хяналтын төсөвт үндэслэсэн үндэслэл муутай дүгнэлтийг гаргасан гэж хариуцагч “Ц” ХХК-ий зүгээс гомдол гаргаж байгааг хүлээж авах боломжгүй байна. Хариуцагчийн гомдолд дурдаж буй Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8.4-т тендер шалгаруулалтын журмыг сонгохдоо тухайн бараа, ажил, үйлчилгээний нийт төсөвт өртгийг үндэслэл болгохоор заасан ба энэ нь уг маргаанд хамааралтай зохицуулалт биш болохоос гадна Барилгын төсөв зохиох дүрмийг үндэслэн шинжээч дүгнэлтээ гаргасан байх бөгөөд уг дүрмийн 1.3-д зааснаар улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө, Монгол Улсыг хөгжүүлэх сан, гадаадын зээл, тусламжийн хөрөнгө болон тэдгээртэй адилтгах төсвийн бус эх үүсвэрээр санхүүжигдэх барилга байгууламжийг барьж байгаа байгууллага өмчлөлийн хэлбэр, харьяаллаас үл хамааран энэ дүрмийг мөрдөхөөр заажээ

Түүнчлэн 2013 онд хийгдсэн ажлыг 2018 онд хэмжиж тогтоосон тул энэ хугацаанд элэгдэл хорогдол үүссэн, эвдэрч гэмтсэн байх боломжтой гэж хариуцагч “Ц” ХХК-ий зүгээс гомдол гаргаж байгааг хүлээж авах боломжгүй юм. Шинжээчийн дүгнэлт 2014.03.27-ны өдөр гэрээний талуудын хамтран тогтоосон гүйцэтгээгүй ажил дээр үндэслэсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох нь хууль зөрчихгүй байна.

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1-д зааснаар захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх шаардлага гаргах эрхтэй бөгөөд доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулахыг 352.2.3-т заасан байх тул уг зохицуулалтын дагуу нэхэмжлэгч нь шаардах эрхтэй гэж үзнэ.

Анхан шатны шүүх “Ц” ХХК-ийг гэрээнд заасан ажлыг бүрэн биелүүлээгүй гэж үзэхдээ шинжээчийн дүгнэлтэд заасан ажлын хэмжээ, 2014.03.27-ны өдөр гэрээний талуудын хамтран тогтоосон гүйцэтгээгүй ажлын хэмжээ хоёр зөрүүтэй байгааг анхаараагүй байна.

Гэрээний талууд хамтран 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 01 тоот гэрээгээр тоглоомын талбайн ажил, авто зогсоолын ажил, усан оргилуурын ажил, харуулын байрны ажил, цахилгааны щитийг өндөрлөж аваргүй болгох, Бөх цогцолборын ажил, садны хоёр талд хаалга хийж өгөх, явган замын дагуух гэрэлтүүлгийн шонг солих, бусад гэрлийн шонг будах, сагсан бөмбөгийн талбайн ажил, гадна хашааны өнгө үзэмжийг дахин будаж сэргээх ажлыг гүйцэтгээгүй гэж тогтоосон байх ба эдгээр ажлаас цахилгааны щитийг өндөрлөж аваргүй болгох, садны хоёр талд хаалга хийж өгөх, явган замын дагуух гэрэлтүүлгийн шонг солих, бусад гэрлийн шонг будах, гадна хашааны өнгө үзэмжийг дахин будаж сэргээх ажлын төсвийг нэхэмжлэгч нэхэмжлээгүй байна. Харин нэхэмжлэгч нэхэмжилсэн бөгөөд хариуцагч гүйцэтгээгүй нь дээрх гэрээгээр тогтоогдсон тоглоомын талбайн ажил 17 637 320 төгрөг, авто зогсоолын ажил 2 902 007 төгрөг, усан оргилуурын ажил 18 757 087 төгрөг, харуулын байрны ажил 2 654 958 төгрөг, Бөх цогцолборын ажил 1 692 228 төгрөг, сагсан бөмбөгийн талбайн ажил 17 810 926 төгрөг гэж тогтоосон шинжээчийн дүгнэлтийг баримталж шууд зардлын дүнг тооцоход 61 454 526 төгрөг болж байна. Барилгын төсөв зохиох дүрмийн 4.39-д зааснаар нэмэгдэл зардал 2 713 134 төгрөг, 4.48-д зааснаар төсөвт ашиг 9 625 149 төгрөг болох ба 4.50-д зааснаар барилга угсралтын ажлын төсөвт өртөг 73 792 809 төгрөг болж байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11.1-д зааснаар нэмэгдсэн өртгийн албан татвар 7 379 281 төгрөг, нормчлолын сан 132 827 төгрөг, Барилгын төсөв зохиох дүрмийн 8.1-д зааснаар магадлашгүй ажлын нөөц хөрөнгө 1 475 847 төгрөг буюу нийт дүн 82 780 774 төгрөг болж байна. Иймд хариуцагчийн хийгээгүй ажлын төсвийн хэмжээг 82 780 774 төгрөг гэж үзэж, зургаас илүү хийгдсэн ажлын гүйцэтгэлийн төсөв нийт 31 564 996 төгрөгийг хасч, Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т заасны дагуу хариуцагчаас 51 215 778 төгрөг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 01 тоот гэрээнд заагдаагүй тул гүйлтийн зам, гүүрэн гарц, тоглолтын тайз, худгийн ажлын төсвийг гаргуулах үндэслэлгүй болно.

Хүчин төгөлдөр бус байх хэлцэл, хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцлийн шинжийг агуулаагүй тул 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 01 тоот гэрээг хүчингүй болгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 56, 57 дугаар зүйлийг зөрчөөгүй байна. Иймд уг гэрээг хүчин төгөлдөр бус гэх хариуцагч “Ц” ХХК-ий гомдол үндэслэлгүй.

Харин анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо талууд анх хүчин төгөлдөр бус хэлцэл хийсний дараа уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь заалтыг баримталсан нь буруу байна.

Хариуцагч гэрээнд заасан ажлаа бүрэн хийж гүйцэтгээгүй учир нэхэмжлэгч барьцаа хөрөнгө болон магадлашгүй ажлын нөөц хөрөнгийг хариуцагчид төлөх үүрэг үүсэхгүй, хариуцагч нь эдгээр хөрөнгийг гэрээний дагуу шаардах эрхгүй болжээ.  

Гэрээний ерөнхий нөхцлийн 45.1-д барьцаа хөрөнгө болгож захиалагч нь гүйцэтгэгчид төлөх гүйцэтгэлийн төлбөр бүрээс гэрээний тусгай нөхцөлд заасан тодорхой хувийг суутгаж үлдээхээр заасан бөгөөд ажил бүрэн дууссан тухай мэдэгдлийг үндэслэн суутгасан үнийн дүнгийн 50 хувийг гүйцэтгэгчид төлөх бөгөөд үлдсэн хэсгийг чанарын баталгаат хугацаа дууссаны дараа тэр хугацаанд гарсан бүх зөрчил, гологдлыг гүйцэтгэгч арилгасан тухай төслийн менежерийн мэдэгдлийг үндэслэн төлөхөөр 45.2-т заасан байх тул уг зохицуулалтын дагуу хариуцагч нь барьцаа хөрөнгийг шаардах эрхгүй гэж үзнэ.

Барилгын төсөв зохиох дүрмийн 8.2-т зааснаар магадлашгүй ажлын нөөц хөрөнгийг барилгын гүйцэтгэгч, захиалагч байгууллагууд харилцан тохиролцсоны үндсэн дээр зураг төсөлд тусгагдаагүй ажлыг санхүүжүүлэхэд зарцуулах бөгөөд магадлашгүй ажлын зардлын нөөц хөрөнгийг зарцуулах нэмэгдэл зардлын нөхөн төлбөрийг 8.4-т тодорхой заасан байх ба энэ заалтад заасан нэмэгдэл зардал гарсан гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Анхан шатны шүүх хариуцагч “Ц” ХХК-ий зургаас илүү хийсэн ажлын гүйцэтгэлийн төсвийг түүний төлөх ёстой төлбөрөөс хасч тооцсон атлаа магадлашгүй ажлын нөөц хөрөнгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгохоор шийдвэрлэсэн нь Барилгын төсөв зохиох дүрмийн дээрх заалтуудыг зөрчсөн байна. 

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тул шинжээчийн зардлыг тэр хэмжээгээр буюу 1 066 910 төгрөг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч “Ц” ХХК-ий гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 129/ШШ2018/00737 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “72 005 733” гэснийг “52 282 688” гэж, “олгосугай” гэснийг “олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 19 723 045 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргаас магадлашгүй ажлын зардал болон барьцаа нийт 17 610 128 төгрөгийг гаргуулж хариуцагч “Ц” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 01 тоот гэрээг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргад холбогдох хариуцагч “Ц” ХХК-ий 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 01 тоот ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, магадлашгүй ажлын нөөц хөрөнгө 4 620 128 төгрөг, барьцаа хөрөнгө 12 990 000 төгрөг, нийт 17 610 128 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтын “56.1” гэснийг “56.2” гэж, “517 978,67” гэснийг “419 364” гэж, “үлдээж” гэснийг “үлдээсүгэй” гэж тус тус өөрчилж, “сөрөг нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд ногдох 246 001 төгрөгийг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргаас гаргуулж хариуцагч “Ц” ХХК-д олгосугай” гэснийг хасч, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 588 179 төгрөгөөс 489 564 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 98 615 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.    

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.             

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Т.ДАВААСҮРЭН

                 ШҮҮГЧИД                                     В.ЦЭЦЭНБИЛЭГ

                                                                       Д.БЯМБАСҮРЭН