| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
| Хэргийн индекс | 192/2025/02944/И |
| Дугаар | 001/ХТ2026/00031 |
| Огноо | 2026-01-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2026 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 001/ХТ2026/00031
Д-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Э.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн
2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 192/ШШ2025/04896 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 210/МА2025/01660 дугаар магадлалтай
Н-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 105,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч Дгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
2. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 192/ШШ2025/04896 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Н-ээс 105,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д-д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 879,255 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нээс 682,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д-д олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 210/МА2025/01660 дугаар магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 192/ШШ2025/04896 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “105,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д-д олгосугай.” гэснийг “21,975,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 83,025,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “682,950” гэснийг “267,825” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 682,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалд нийцээгүй буюу нотлох баримтыг давхардуулж дүгнэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дэх заалтыг илтэд зөрүүтэй хэрэглэж, зээл болон зээлийн хүүгийн тооцоололд үлэмж өөрчлөлт оруулсан нь хуулиар хамгаалагдсан миний эрхийг ноцтой зөрчсөн, магадлал хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасны дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх Д болон Н, Х нарын дансны хуулга болон хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтад дүгнэлт хийсэн ба зээлдүүлэгч Д болон зээлдэгч Н нарын хооронд дахь дансны хуулгыг нотлох баримтаар нэг бүрчлэн үнэлж дүгнэлт хийсэн байна. Ингэхдээ үндсэн зээлийн үлдэгдэл нь 70,000,000 төгрөг, алдангийг хоног тутамд 0.1 хувиар 112 хоногоор тооцоход 147,840,000 төгрөг төлөхөөс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт анзын нийт үнийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гээд 35,000,000 төгрөг, нийт 105,000,000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй буюу нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлсэн байна.
Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсгийн 4.3-т хэсэгт “анхан шатны шүүх хариуцагч Нээс 105,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Дд олгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсон байх бөгөөд хэргийн нотлох баримтыг бүрэн үнэлэлгүй, тооцооллын алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна” гэж тусгаад 5 дахь хэсэгт “хэргийн 1 дүгээр хавтастны 82-92, 97 дугаар ...нийт 19,750,000 төгрөгийг шилжүүлжээ” гэж бичсэн нь үндэслэлтэй байна. Харин 5 дахь хэсгийн 2-т “...Хйн дансанд орсон 73,300,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх тооцооллоос 2018.12.27-ны өдөр “Д” гэх утгаар 2,000,000 төгрөг, 2018.12.27-ны өдөр “Д” гэх утгаар 19,000,000 төгрөг, 2018.12.28-ны өдөр “Д” гэх утгаар нийт 45,000,000 төгрөг, 2019.03.07-ны өдөр “Д” гэх утгаар 600,000 төгрөг, нийт 66,600,000 төгрөгийг Н-ийн зээлийн эргэн төлөлтөөс хасаж давж заалдах шатны шүүх шийдвэрлэжээ. Гэтэл уг мөнгө нь зээлдэгч Нийн данснаас Х болон миний данс руу шилжүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоно.
Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг гомдолд хязгаарлагдахгүйгээр хэргийг бүхэлд нь хянахдаа ноцтой алдаа гаргасан буюу хуулийг зөрүүтэй хэрэглэж, нэхэмжлэгч болон хариуцагч нарын маргаагүй буюу өөр этгээдтэй харилцсан дансны хуулгыг хэргийг шийдвэрлэх үндсэн нотлох баримт болгон тооцооллын алдаа гаргасан болох нь хэрэгт цугларсан баримтаар няцаагдаж байна.
1-р хавтаст хэргийн 82 дахь хуудас авагдсан Хйн 5003895468 дугаар дансны хуулгаас харагдана: Үүнд:
а. 2018.12.27-ны өдрийн 15 цаг 56 минутад “Отгонбаяр Л” гэсэн гүйлгээний утгаар 2,000,000 төгрөгийг Х нь хүлээн авсан байна. Гэтэл давж заалдах шатны шүүх уг 2,000,000 төгрөгийг Н зээлийн эргэн төлөлтдөө төлсөн байна гэж дүгнэсэн нь буруу.
б. 2018.12.27-ны өдрийн 18 цаг 34 минутад 19,000,000 төгрөгийг Х нь миний данс руу шилжүүлсэн ба уг гүйлгээг давж заалдах шатны шүүх Нийн зээлийн эргэн төлөлт гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл тухайн өдөр Х нь Л-с 2,000,000 төгрөгийг дансаар, 41,733,300 төгрөгийг бэлнээр авч дансандаа хийгээд тухайн мөнгөөс над руу шилжүүлсэн гүйлгээ.
в. 2018.12.28-ны “Д” гэх утгаар нийт 45,000,000 төгрөгийг 3 удаагийн гүйлгээгээр:
- 11 цаг 14 минутад 18,980,000 төгрөгийг “Д” гэх гүйлгээний утгатай, /начин заан ББСБ-аас авсан/
- 2018.12.28-ны 14 цаг 13 минутад 19,000,000 төгрөг “Д” гэх утгаар /Л-аас авсан/
- 2018.12.28-ны 14 цаг 16 минутад 6,999,000 төгрөг “Д” гэх гүйлгээний утгаар /начин заан ББСБ-аас авсан/ минутын зайтай Х-йн данснаас “З” ХХК-ийн *** тоот данс руу шилжүүлсэн байна.
2019.03.07-ны өдөр “Д” гэх утгаар 600,000 төгрөгийг давж заалдах шатны шүүх Н-ийн мөнгө гэж дүгнэсэн буруу. Учир нь уг мөнгийг тухайн өдрийн 22 цаг 36 минутад би өөрийн данснаас Х руу шилжүүлсэн. 1-р хх 87-92, 97 дахь талд авагдсан нотлох баримтаар буюу хариуцагч Нийн дансны хуулгыг харвал тухайн өдөр Н нь миний болон Х-н данс руу 600,000 төгрөгийн гүйлгээ хийгээгүй байна. Уг мөнгийг 2019.03.07-ны едөр 17 цаг 05 минутад 4,500,000 төгрөг нь 5003702987 дугаар данснаас орсон мөнгөний эх үүсвэр болох нь “П” ХХК-ийн гаргасан тайлангаас харагдана.
“П” ХХК-аар Х болон Д миний хооронд харилцсан дансанд хөндлөнгийн аудит хийлгэсэн ба хавтаст хэргийн 104-124 дэх талд авагдсан баримтаар 26,000,000 төгрөгийг ББСБ-аас зээл авсан болох нь 39-54 дэх хуудаст авагдсан байна.
Давж заалдах шатны шүүхийн тооцооллоор 137,700,000 төгрөгийг хариуцагч Н нь надад төлөх үүрэг үүссэнтэй маргахгүй. Уг төлбөрөөс 30,000,000 төгрөгийг автомашинаар төлсөн. Гэтэл тус тооцоонд өгсөн автомашиныг Л гэх хүнд зарж, уг зарсан мөнгөө 2018.12.27, 28-ны өдрүүдэд Х болон өөрийнхөө дансаар гүйлгээ хийсэн байхад зээлийн эргэн төлөлт мэтээр зээлээс давхардуулж хасаж тооцоо хийсэн. Ингээд 81,250,000 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэл байна.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заасны дагуу хоног тутамд 0.1 хувийн алданги тооцохоор зохицуулсан байх бөгөөд нийт 112 хоногт алдангийг тооцвол 45,500,000 төгрөг болж, гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлийн 50 хувьд нийцүүлбэл 40,625,000 төгрөг, нийт 121,875,000 төгрөг болж байна. Дээрх тооцоо нь давж заалдах шатны шүүхийн тооцоо боловч миний бие хариуцагч Нтэй нийт авсан болон өгсөн мөнгөн дүнгээ тооцвол зээлийн үлдэгдэл 70,000,000 төгрөг, алданги 35,000,000 төгрөг, нийт 105,000,000 төгрөг байхаар тооцоо нийлсэн. Энэ тухай анхан шатны шүүхэд тайлбарлахад нотлох баримтыг үнэлээд уг тооцоо нь үнэн зөв болохыг тогтоосон. Гэтэл давж заалдах шатны шүүх дээрх баримтыг нотлох баримтаар үнэлэхгүйгээр буюу зарим хэсгийг нотлох баримтаар үнэлэхдээ Нийн зээлийн эргэн төлөлт гэж дүгнэсэн нь төлөлтийг давхардуулж, тооцооллын илэрхий алдаа гаргаж, хуулийг зөрүүтэй хэрэглэсэн.
Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү.
Миний бие гэрчийн этгээд болох Хйн гэмт үйлдлийн улмаас олон жил хохирсон бөгөөд хариуцагч Н нь тухайн нөхцөлийг ашиглаж 2019 онд төлөх байсан зээлээ төлөхгүй өнөөдрийг хүрсээр байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж энэхүү асуудлыг эцэслэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэхэмжлэгч Д-гийн гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2025.12.26-ны өдрийн 001/ШХТ2026/00029 дүгээр тогтоолыг гаргажээ.
ХЯНАВАЛ:
6. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлын заримыг хангаж шийдвэрлэлээ.
7. Нэхэмжлэгч Д нь хариуцагч Н-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 144,255,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 105,000,000 төгрөг болгон багасгаж, шаардлагын үндэслэлээ: “...Н-д 2018.06.19-ний өдөр 88,500,000 төгрөгийг сарын 6.5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлдүүлж, хугацаа хэтрүүлбэл хоног тутам 0.1 хувийн алданги тооцохоор тохиролцон, гэрээ байгуулж, улмаар 2018.11.01-ний өдөр 2018.07.19-нөөс 2019.07.19-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаагаар гэрээг сунгаж, алдангийг хоногийн 0.5 хувь болгосон. Хариуцагч нь 2019 оны 04 дүгээр сар хүртэлх хугацааны хүүг төлж, 2018.11.01-ний өдөр 30,000,000 төгрөг төлснийг үндсэн зээл, зээлийн хүүгээс хасаж тооцон үндсэн зээлийн үлдэгдэл 70,000,000 төгрөг болсон учир үндсэн зээл 70,000,000 төгрөг, үүний алданги 35,000,000 төгрөг, нийт 105,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэж тайлбарласан.
Хариуцагч Н хариу тайлбартаа: “...Нэхэмжлэлд дурдсан 2018.06.19-ний өдрийн зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчээс мөнгө шилжүүлж аваагүй, харин Хас мөнгө авч, буцаан төлж барагдуулсан учир ямар нэг өр төлбөр байхгүй. Зээлийн гэрээ нь зээлдүүлэгч зээлдэгчид мөнгийг шилжүүлснээр байгуулагдсанд тооцогддог. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж тайлбарласан.
8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ: “...Зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч үлдэгдэл зээл 70,000,000 төгрөг гэж тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийг Х-д төлж барагдуулсан гэж тайлбарлах боловч түүний эрүүгийн хэрэгт өгсөн мэдүүлгээс үзэхэд нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй, ...Хэдийгээр хариуцагч нь зээлийн төлбөрийг Хд төлж гэрээний үүрэг дуусгавар болсон гэж тайлбарлах боловч Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д заасанчлан гэрээнд заасан этгээдэд төлсөн гэж үзэхгүй. ...талууд зээлийн гэрээндээ “...үүргээ гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.1 хувийн алданги тооцох...”-оор тохиролцсон учир нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхтэй. Алдангийг тооцож үзвэл 147,840,000 төгрөг төлөхөөр байх ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алдангийг гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар тооцож, 35,000,000 төгрөг шаардсан нэхэмжлэгчийн шаардлага хуульд нийцсэн. Иймд хариуцагч Нээс зээлийн үндсэн төлбөрт 70,000,000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 35,000,000 төгрөг, нийт 105,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д-д олгож шийдвэрлэнэ...” гэж дүгнэсэн.
Давж заалдах шатны шүүх: “...Зээлийн гэрээнүүдэд үндсэн зээлийн хэмжээг 88,500,000 төгрөг гэж бичсэн боловч уг 88,500,000 төгрөгийн 6,500,000 төгрөг нь зээлийн хүүгийн үлдэгдэл болох нь тогтоогдсон, ... хүүгээс хүү тооцохгүй учир 6,500,000 төгрөгийн зээлийн хүүг хасаж, үндсэн зээлийн хэмжээг 82,000,000 төгрөгөөр тооцох, мөн ...зээлийн хүүг эхний 6 сарын хугацаанд 6.5 хувиар, сүүлийн 6 сарын хүүг 3.5 хувиар тооцсон гэж тайлбарласан тул зээлийн хүүд 49,200,000 төгрөг, мөн өмнөх тооцоо нийлсэн зээлийн хүүгийн үлдэгдэлд 6,500,000 төгрөг, нийт зээлийн гэрээний үүрэгт 137,700,000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй байна. ...анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг бүрэн үнэлэлгүй, тооцооллын алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулна, ...хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь нэхэмжлэгч Д-д ...нийт 19,750,000 төгрөгийг, Дтай хамтын амьдралтай байсан иргэн Х-йн Хаан банк дахь *** тоот дансанд хариуцагч Н нь нийт 73,300,000 төгрөгийг шилжүүлсэн байна. Иймээс хариуцагч Нээс нэхэмжлэгч Д болон иргэн Х-йн дансанд төлөгдсөн нийт 93,050,000 төгрөг байна. Иймд төлөх ёстой 137,700,000 төгрөгөөс дээрх 93,050,000 төгрөг, мөн хэлцлийн дагуу шилжүүлсэн Мерседес бенз маркийн автомашины үнэ 30,000,000 төгрөгийг тус тус хасаж тооцвол 14,650,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. Дээрх төлбөрт 50 хувийн алданги болох 7,325,000 төгрөгийг нэмбэл нийт 21,975,000 төгрөгийг нэхэмжлэгч Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 83,025,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгоно...” гэж дүгнэн, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулжээ.
9. Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар адил дүгнэлт хийсэн боловч нотлох баримтыг өөр өөрөөр үнэлснээс зөрүүтэй шийдэл гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг хянан хэлэлцлээ.
10. Хоёр шатны шүүхийн дүгнэсэнчлэн талууд 2018.06.19-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан, зээлдүүлэгч Д, зээлдэгч Н-д 88,500,000 төгрөгийг сарын 6.5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлдүүлж, хугацаа хэтрүүлбэл хоног тутам 0.1 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцсон, улмаар 2018.11.01-ний өдөр зээлийн гэрээний хугацааг 2019.06.19-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаагаар сунгаж, хугацаа хэтрүүлбэл хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцсон боловч энэхүү гэрээний үнийн дүнд өмнөх зээлийн хүү 6,500,000 төгрөг нэмж бодогдсон тул үндсэн зээлийн хэмжээ 82,000,000 төгрөг гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлттэй нэхэмжлэгч маргаагүй байна.
Зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, хэлцэл хүчин төгөлдөр талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д нийцжээ.
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар шүүх хэргийн оролцогчоос гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.
Хоёр шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүйгээс зөрүүтэй шийдвэр гаргасан байна.
12. Зээлийн төлбөрт нийт 137,700,000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй болох нь тогтоогдсон бөгөөд үүнээс нэхэмжлэгчид 19,750,000 төгрөгийг, мөн автомашиныг 30,000,000 төгрөгт тооцож шилжүүлсэн талаар нэхэмжлэгч маргаагүй.
Харин нэхэмжлэгчтэй хамтын амьдралтай байсан Х-д төлбөрийг бүрэн төлж дуусгавар болгосон гэх хариуцагчийн тайлбар хэрэгт цугларсан баримтаар нотлогдоогүй бөгөөд давж давж заалдах шатны шүүх хариуцагч Н-ээс Х-д 73,300,000 төгрөг төлсөн гэж дүгнэхдээ нотлох баримтыг үндэслэл бүхий үнэлсэнгүй.
Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх дээрх 73,300,000 төгрөгт нэхэмжлэгч Д-аас Х-йн дансанд шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг нэмж тооцооны алдаа гаргасан байгааг залруулах нь зүйтэй.
Хэрэгт авагдсан Хйн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаас үзэхэд Д гэх нэрнээс Х-йн дансанд 2018.12.28-ны өдөр 44,979,000 /18,980,000+19,000,000+6,999,000/ төгрөг, 2019.03.07-ны өдөр 600,000 төгрөг, Л-аас 2018.12.27-ны өдөр 2,000,000 төгрөг /машины төлбөр/, нийт 47,579,000 төгрөгийг шилжүүлсэн нь хариуцагч Н-ээс төлсөн төлбөрт тооцогдох үндэслэлгүй байна.
Иймд нийт төлсөн гэх 73,300,000 төгрөгөөс дээрх 47,579,000 төгрөгийг хасч тооцоход Н нь Х-д 25,721,000 төгрөгийг төлсөн байна.
Ингээд хариуцагчаас нэхэмжлэгчид төлсөн 19,750,000 төгрөг, төлбөрт шилжүүлсэн автомашины үнэ 30,000,000 төгрөг, Х-д шилжүүлсэн 25,721,000 төгрөгийг нэмэхэд нийт 75,471,000 төгрөгийг зээлийн төлбөрт төлсөн, үүнийг төлөх ёстой 137,700,000 төгрөгөөс хасахад хариуцагчийн нэхэмжлэгчид төлөх төлбөрийн үлдэгдэл 62,229,000 төгрөг байна.
13. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ”, 232.4-т “анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй”, 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж тус тус зохицуулсан.
Зохигч гэрээнд алданги тооцохоор харилцан тохиролцсон ба гэрээний зохицуулалт хуульд нийцсэн тул нэхэмжлэгч нь алданги шаардах эрхтэй, энэ талаар хийсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.
Хариуцагчийн төлөх ёстой үлдэгдэл төлбөр 62,229,000 төгрөг байх тул алдангийг үлдэгдэл төлбөрийн 50 хувиар тооцоход 31,114,500 төгрөг, нийт 93,343,500 /62,220,000+31,114,500/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй.
14. Дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлын заримыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 210/МА2025/01660 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 192/ШШ2025/04896 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...105,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д-д олгосугай.” гэснийг “...93,343,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д-д олгож, үлдэх 11,656,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтын “...682,950...” гэснийг “...624,668...” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч Д-гийн гомдлын заримыг хангасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Д-гаас 2025.11.19-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 573,075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАТЧИМЭГ
Э.ЗОЛЗАЯА
Х.ЭРДЭНЭСУВД