Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 50

 

Э.Ат холбогдох

эрүүгийн хэргийн тухай     

                                                                                                                                                                     Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: Г.Энэрэл,

           Шүүгдэгчийн өмгөөлөгч: П.Нархажид,

           Шүүгдэгч: Э.А, 

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Тэгшдүүрэн нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/88 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Э.Ат холбогдох, эрүүгийн 2019001610092 дугаартай, 1 хавтас, 180 хуудас бүхий хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч П.Нархажидын гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Э.А-д холбогдуулан Дорноговь аймгийн прокурорын газрын прокурор Г.Энэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Э.А нь 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Нарлагшанд хороолол 55 дугаар байрны 42 тоотод нэвтэрч, зөөврийн компьютер, гар утас, бугуйн цаг, нарны шил, повербанк зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч О.Хд 450 000 төгрөгийн, хохирогч Б.Мд 355 000 төгрөгийн, хохирогч Н.Дт 280 000 төгрөгийн, нийт 1 085 000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.А-г хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Ат 1 /нэг/ жил хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ат оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Шүүгдэгч Э.А энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар гомдол, саналгүй болохыг дурдаж,

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж эдлүүлэхээр,

Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.Ат авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Нархажид давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гомдлын гол үндэслэл нь хэргийн зүйчлэлд анхан шатны шүүхээс хэт буруу ойлголт дүгнэлтийг хийж энэ нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлтэй зөрчилдсөн гэж үзэж байна. Үүнд:

           1. Шүүхээс Э.Аыг “...хүн байнга амьдрах зориулалттай байранд нэвтэрч хулгай хийсэн” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай, уг хэргийн бодит байдалд нийцэхгүй байгаа юм. Өөрөө хэлбэл Э.А нь Сайншанд сум 2-р баг Нарлаг шанд хороолол 55-р байрны 42 тоотын 1 өрөөнд түр хугацаагаар амьдарч байхдаа хажуу өрөө рүүгээ орж уг эд зүйлсийг авсан байдаг нь орон байрны хууль бус нэвтрэлтийн ойлголтод хамаарагдан дүгнэгдэх хууль зүйн үндэслэл байхгүй бөгөөд энэ нь Улсын дээд шүүхийн 2019 оны 10 сарын 30-ны өдрийн 570 дугаартай тогтоолд хууль хэрэглээний талаар тайлбарлахдаа “Хүн амьдрах орон байр, хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй, эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх ба хориг саад хамгаалалтыг бусдад мэдэгдэхээр байршуулсан, эсвэл энэхүү хоригийг мэдсээр байж зөрчсөн үйлдэл нь хууль бус нэвтрэлтэнд буруутгах үндэслэл болно” гэсэн заалтаар тодорхойлогдож байгааг онцлон анхаарч үзэх нь чухал юм.

           2. Анхан шатны шүүхээс Э.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн бүх шинжийг хангасан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд тэрээр энэ хэргийн хохирогч Б.Мгийн зөөврийн компьютерийг урьд нь түр хэрэглэхээр гуйж зөвшөөрлийг нь авч байсан тул түүнийгээ авах зорилгоор ороход хохирогч нарын амьдарч байсан өрөөний үүд хаалга онгорхой, улмаар уг алдагдсан эд зүйлсүүд нь ямар ч хамгаалалтгүй байсан энэ үеэс л Э.Ат хулгай хийх бодол санаа төрсөн байдаг онцлог шинжээрээ орон байрны нэвтрэлтийн ойлголтыг үгүйсгэж байгаа болохыг анхаарч үзнэ үү.

          3. Шийтгэх тогтоолд хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хуучин хуулийн тайлбарыг үндэслэж “...онгорхой байхад “сэм орох” аргыг хамруулан тодорхойлоод, улмаар шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй орон зай байна хэмээн үзсэн нь хэт ташаа буруу ойлголт буюу энэ нь Улсын дээд шүүхийн 2019 оны 10 сарын 16-ны өдрийн 511 дүгээр тогтоолд заасан “Хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэж хохирлын хэмжээг үл харгалзан энэхүү шинжээр хүндрүүлэн зүйлчилнэ” гэсэн тайлбартай зөрчилдөж байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Э.Аыг хүн байнга амьдрах байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байх тул уг хэргийг хянаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсгийг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Э.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн үед би Нарлаг шанд хорооллын 55-р байрны 42 тоотод түр хугацаагаар амьдардаг байсан. Тэр үедээ Б.Мгаас зөөврийн компьютерыг нь гуйгаад хэрэглэдэг байсан учраас хэрэг гарах үед би өөрөө согтолт ихтэй байсан ч яг унтах гэсэн нойр хүрэхгүй болохоор нь зөөврийн компьютерыг авчихъя гэж бодоод гарахад хаалга нь онгорхой, гэрэл нь асаалттай байсан. Тэр үедээ ороод зөөврийн компьютер, 2 ширхэг гар утас, нарны шил, бугуйн цаг зэрэг байхаар нь хулгайлсан. Хулгай хийсэндээ харамсаж байна...” гэв.

 

Прокурор Г.Энэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хулгайлах гэмт хэргийн хүн байнга амьдрах орон байранд нэвтэрсэн гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр дээр бусдын байнга амьдрах орон байранд нэвтэрсэн гэх үйлдлийг онгорхой байхад нь сэм орох, нуугдаж орох зэрэг үйлдлийн шинжээр илэрдэг тул нэвтрэлт мөн байна гэж үзсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байна гэж үзэж байна. Улсын Дээд Шүүхийн 570 болон 511 дугаартай тогтоолыг өмгөөлөгчийн зүгээс үндэслэл болгож байна. Үүнд хүн амьдрах орон байр, хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтэрхийг зөвшөөрөгдөөгүй эсхүл тухайн цаг хугацаанд нэвтэрхийг хориглосон орон зайг гэж зүйлчилсэн. Орон байранд урьдчилан мэдсэн, мэдээгүйгээс үл шалтгаалан эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж тайлбар дээрээ заагаад өгсөн байгаа. Хохирогч нараас мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлэг авсан. Уг мэдүүлэгтээ өмнө нь бол зөөврийн компьютерыг гуйж байсан. Шүүгдэгчийн Б.Мгаас бусад хохирогч нар танихгүй, энэ орон байранд бид нар оройдоо нэг таардаг учраас энэ өрөөнд орох зөвшөөрлийг бол өгөөгүй юм гэж мэдүүлдэг. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэж байна...” гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны 2020/ШЦТ/88 тоот шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцээд хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Учир нь: Шүүгдэгч Э.Аын өмгөөлөгч П.Нархажидын давж заалдсан гомдолд үндэслэн түүнд бичигдсэн гомдлоор хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар  тухайн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх ба мөрдөн байцаалт, прокурор болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

            Шүүгдэгч Э.А нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 2-р баг, Нарлагшанд хороолол 55-р байрны 42 тоотын 1 өрөөг хөлслөн түр оршин сууж байхдаа бусдын хөлслөн түр амьдарч байсан хажуу өрөө рүү 2020 оны 05-р сарын 24-ны шөнө хүмүүсийг унтаж байхад нь нэвтэрч  зөөврийн компьютер, 2 гар утас, бугуйн цаг, нарны шил, повербанк зэрэг эд зүйлсийг хулгайлж, хохирогч О.Хд 450.000 төгрөгийн, хохирогч Б.Мд 355.000 төгрөгийн, хохирогч Н.Дт 280.000 төгрөгийн, нийт 1.085000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч нарын мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээг тогтоосон “Ашид билгүүн”ХХК-ны хөрөнгийн үнэлгээний дүгнэлт зэргээр тус тус тогтоогдсон ба шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгүүдээр батлагдан тогтоогдсон байна.

 

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан баримтат мэдээллүүд байна.

 

Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд хэргийн оролцогч нарыг хавтаст хэргийн материалтай танилцуулсан ба хохирогч нарын зүгээс хэргийн талаар нэмж шалгуулах талаар санал, хүсэлт гаргаагүй, шүүгдэгч Э.Аын зүгээс хулгайн гэмт хэргийг санаатай үйлдээгүй тул хуулийн зүйлчлэлийг өөрчилж өгөхийг хүссэн.

 

Дорноговь аймаг дахь Сум дудын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Э.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн ба шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй болсон гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

Шүүгдэгч Э.А, хохирогч О.Х, Д, М  нар нь 1 айлын зориулалттай  3 өрөө байрны 1, 1 өрөөг тус тусдаа түр хугацаагаар түрээслэн амьдардаг ба Э.А тэдний зөвшөөрөлгүйгээр, шөнийн цагаар тэднийг унтаж байхад нь сэм, нууцаар өрөөнд нь нэвтэрч эд зүйлүүдийг нь авч байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  заасан “Хулгайлах” гэмт хэргийн  “ бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахдаа ... хүн байнга амьдрах ... зориулалттай  орон байранд ... нэвтэрч үйлдсэн”  гэх шинжид тус тус нийцсэн.

 

Хохирогч, шүүгдэгч нарын тус тусдаа хөлслөн амьдардаг өрөө нь тус тусдаа хаалгатай, цоожтой болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл  /хх-ийн 04-09/, хохирогчид, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр тогтоогддог, хохирогч нар Э.Аыг таньдаггүй, тэдний өрөөнд орох эрхгүй тухай мэдүүлсэн болох нь тэдний мэдүүлгүүдээр тогтоогддог болно.

 

Иймд шүүгдэгч Э.Аыг бусдын хувийн орон байр буюу хувийн орон зайд хууль бусаар нэвтэрсэн гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч, хохирогч нарын тус тусдаа түр хугацаагаар хөлслөн  амьдарцгааж байсан байрнууд нь түр хугацаагаар боловч тус тусдаа хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу хүний хувийн халдашгүй чөлөөтэй байх эрх буюу  Монгол Улсын Үндсэн хуулийн 13 дугаар зүйлд заасан “ …хуулиар хамгаалагдсан … орон байрны халдашгүй байдал”-д хамаарна.

 

Шүүгдэгч Э.А хохирогч Б.Мгаас хэрэг болохоос 3 хоногийн өмнө кино үзэх зорилгоор зөөврийн компьтерийг гуйж байсан нь шүүгдэгч болон хохирогч Б.М /хх-ийн 101/  нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байгаа боловч 2020 оны 05-р сарын 24-ны шөнө Б.Мгаас зөвшөөрөл авч  компьютер болон бусад эд зүйлсийг авсан гэсэн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдаагүй байна.

 

Анхан шатны шүүх шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар  зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хорих ялыг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзсан байна, оногдуулсан ял нь “Шударга ёсны зарчим”-д буюу гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

Эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн шүүгдэгчийн өмгөөлөгч П.Нархажидаас гаргасан “... хулгайн гэмт хэргийг бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч үйлдсэн гэсэн нь үндэслэлгүй...” гэсэн агуулга бүхий хэргийн зүйлчлэлийг өөрчлөхийг хүссэн давж заалдах гомдол нь үндэслэлгүй байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгож,  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/88 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж,  шүүгдэгчийн өмгөөлөгч П.Нархажидын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Э.Аын цагдан хоригдсон 68 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

                                                ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА

                                                                                                    А.САЙНТӨГС