Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/370

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,

Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр,

Шүүгдэгч Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  13.14  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Н-д холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

 Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Д.Н нь  2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр  Хөвсгөл аймгийн Тариалан суманд байхдаа фэйсбүүк цахим орчинд ***  Б.Ц-тэй  400.000  төгрөгөөр бэлгийн харьцаанд орсон гэх худал мэдээллийг олон нийтэд тараааж иргэн Б.Ц-гийн нэр төрд халдсан гэмт хэргийг  үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, Эрүүгийн *******   дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Д.Н нь  2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр  Хөвсгөл аймгийн Тариалан суманд байхдаа “Д. Н” гэх нэртэй фэйсбүүк пэйж хуудсаар цахим орчинд ***  Б.Ц-тэй  400.000  төгрөгөөр бэлгийн харьцаанд орсон гэх утга бүхий 14 секунтын видео бичлэгийг дамжуулан олон нийтэд тарааж иргэн Б.Ц-гийн нэр төрд халдсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Н-ын өгсөн: “... Тухайн үед Бфитнест явдаг эмэгтэйчүүдийг муулж лайв хийсэн байсан. Би түүн дээр нь эмэгтэйчүүдийг өмөөрөх үүднээс лайв хийгээд фэйсбүүкт бичлэг тавьсан. Б.Ц хүний нэрийг цохохгүйгээр олон хүмүүсийг хамруулан муулж бичлэг хийсэн. Би болохоор Б.Ц гэх хүнийг цохож бичлэг хийсэн болохоор буруудаж байгаагаа ойлгож харамсаж байна..” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Ц-ийн өгсөн: “...Би 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гэртээ байхад надруу фейсбүүкээр манай танилуудаас цахим орчинд **** гэх нэртэй Хөвсгөл аймгийн иргэн өөрийн фейсбүүк цахим хуудсаараа дамжуулан Д.Ц 400.000 төгрөгөөр би худалдаж авч би бэлгийн харьцаанд орж байсан гэх утгатай видео бичлэгийг өөрийн хуудсаар дамжуулан цахим орчинд түгээж хувь хүний нэр алдар хүндэд илтэд худал мэдээлэл цахим орчин түгээсэн тул сэтгэл санааны хохирол, олон нийтэд илтэд худал мэдээлэл түгээсэнд миний бие цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. Миний бие өөрийн биеэр тухайн бичлэгийг үзсэн. Цахим орчинд олон аккаунтаар тухайн бичлэгийг тараасан байсан. Маш олон хүнд хүрсэн байна. 200.000-300.000 хүн лав үзсэн байна. “..” орчинд тараасан байна. Мөн намайг гадаад үзэмж бие эд эрхтэнээр маань хочилж *** гэж доромжилсон. **** гэдэг хүнээр өөрийнх нь биеэр олон нийтэд уучлалт гуйлгаж мөн хуулийн хүрээнд арга хэмжээ авч шийдвэрлэхийг хүсэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 тал/,

           Б.Ц-гийн Нийслэлийн Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт хандаж гаргасан өргөдөл /хх-ийн 8 тал/,

Мөрдөгчийн фэйсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-10 тал/,

Мөрдөгчийн 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн тэмдэглэл /хх-ийн 11 тал/,

2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 12 тал/,

Шүүгдэгч Д.Н-ын өгсөн:“...Б.Ц-с фэйсбүүк чатаар зөндөө уучлалт гуйсан бусдын нэр хүндэд халдаж худал мэдээлэл тараасан гэмт хэрэг үйлдсэнээ  хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 37 тал/, хэрэгт  хавсарган ирүүлсэн 1 ширхэг сиди зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан: “...Д.Н нь 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан суманд байхдаа фэйсбүүк цахим орчинд *** Б.Ц-тэй 400.000 төгрөгөөр бэлгийн харьцаанд орсон гэх худал мэдээллийг олон нийтэд траааж иргэн Б.Ц-гийн нэр төрд гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Ц-гийн өгсөн мэдүүлэг, фэйсбүүк цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хурааагдсан 1 ширхэг сд-нд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр хангалттай нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч Д.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэсэн санал дүгнэлт,

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч ********гаргасан: “...Миний үйлчлүүлэгчийн хувьд Б.Ц гэх хүнтэй унтсан гэж худал мэдүүлэг гаргасандаа гэмшиж, харамссаар байгаа. Тухайн бичлэгээ бол тэр даруйд нь устгасан болно. Олон нийтийн дунд бол миний үйлчлүүлэгчийг Хөвсгөлийн **** гэж дууддаг. Хүмүүс миний үйлчлүүлэгчийг ятгаж, зоригжуулдаг асуудлууд байдаг. Өнөөдрийн шүүх хуралд дээр тэр талаар ярихгүй байна. Уг нөхцөл байдлыг шүүх анхаарч үзнэ гэж хүсэж байна. Эрүүл мэндийн хувьд ургийн гажиг буюу хоёр өвдөг мултрах өвчтэй учраас группт байдаг. Мөн гэр бүлийн хүн нь охиноо хаяад хотод амьдарч байгаа. Харин миний үйлчлүүлэгчийн хувьд өрх толгойлсон эцэг хүн байгаа. Охиноо асарч тэжээн тэтгэх үүргээ биелүүлээд явж байгаа. Б.Ц гэх хүн бол өөрөө Монголын олон мянган фитнесд явдаг эмэгтэйчүүдийг 300,000 төгрөгөөр биеэ үнэлдэг гэж олон нийтэд бичлэг цацсанд миний үйлчлүүлэгч эмзэглэж эмэгтэйчүүдийг өмөөрч бичлэг хийсэн байдаг. Энэ нь хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаан уг гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байгаа болохыг шүүх анхаарч үзнэ үү. Хохирогчийн хувьд бол хохирол төлбөр нэхэмжлээгүй. Нэр төр алдар хүндэд халдсан учраас олон нийтийн сүлжээнд дахин бичлэг хийж уучлалт гуйхаар боллоо. Мөн миний үйлчлүүлэгч хохирогчийн утас руу нь удаа дараа холбогдож уучлалт гуйхыг хүссэн боловч холбогдож чадаагүй. Мөн фэйсбүүк чатаар нь холбогдож уучлалт гуйсан боловч түүнийг хохирогч авч хараагүй. Өнөөдөр пост бичиж оруулсан байгаа. Миний үйлчлүүлэгч нь анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн. Мөн хохирогчийн зүй бус үйлдлээс уг гэмт хэрэг үйлдэгдсэн болохыг шүүх анхаарч үзнэ үү....” гэсэн  санал дүгнэлтийг гаргасан ба  шүүгдэгч Д.Н болон түүний өмгөөлөгч Б.Манлайбаяр нар нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч  Б.Ц-гийн мэдүүлэг,  Б.Ц-гийн Нийслэлийн Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт хандаж гаргасан өргөдөл гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, мөрдөгчийн фэйсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт шүүгдэгч Д.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээж өгсөн мэдүүлэг зэргийг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар шүүгдэгч  Д.Н нь 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр  Хөвсгөл аймгийн Тариалан суманд байхдаа Д.Н гэх нэртэй фэйсбүүк пэйж хуудсаар цахим орчинд ***  Б.Ц-тэй  400.000  төгрөгөөр бэлгийн харьцаанд орсон гэх утга бүхий 14 секунтын видео бичлэгийг дамжуулан олон нийтэд тарааж иргэн Б.Ц-гийн нэр төрд халдаж “Худал мэдээлэл тараах”  гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдсон  тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч Д.Н-ын бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэж  “Худал мэдээлэл тараах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь бодит байдалд нийцээгүй, бодит байдлаас тэс өөр, илэрхий худал мэдээллийг хохирогчийн нэр төр, алдар хүндийг гутаах, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөхүйц мэдээ, мэдээллийг олон нийтэд тараасан үйлдэл байдаг.

“Хүний нэр төр” гэж тухайн хүний хувийн ёс зүй, ажил хэргийн чадвар, мэргэжлийн түвшингийн талаар бусдаас өгч буй үнэлэмжийг, “алдар хүнд” гэж бусдаас өөрийнх нь талаар өгсөн үнэлгээнд тулгуурлан өөртөө өгсөн тухайн хүний үнэлэмжийг тус тус ойлгоно.

“Илт худал мэдээлэл” гэж огт үндэслэлгүй, худал, хуурмаг мэдээ, баримт, сэлтийг, “Олон нийтэд тараасан” гэж худал мэдээллийг нэг буюу түүнээс олон хүнд түгээсэн байхыг тус тус ойлгох бөгөөд мэдээллийг амаар, бичгээр, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчны аль алинаар нь тарааж болно.

Шүүгдэгч Д.Н нь 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр  Хөвсгөл аймгийн Тариалан суманд байхдаа Д.Н гэх нэртэй фэйсбүүк пэйж хуудсаар цахим орчинд ***  Б.Ц-тэй  400.000  төгрөгөөр бэлгийн харьцаанд орсон гэх утга бүхий 14 секунтын видео бичлэгийг дамжуулан олон нийтэд тарааж иргэн Б.Ц-гийн нэр төрд халдсан хор уршигт зориуд хүргэсэн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив, субьектив талын шинжийг бүрэн хангасан гэж шүүх дүгнэв.

Хэрэг үйлдсэн цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хохирол, хор уршгийн талаар шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон хохирогчийн мэдүүлэг, хэрэгт цугларсан шууд болон шууд бус нотлох баримт нь түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Д.Н нь нэр төрд халдаж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн хууль бус үйлдэл, хохирогч Б.Ц-гийн нэр төрд  учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

         Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Д.Н-ын үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, учруулсан хохирлоороо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Худал мэдээлэл тараах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч  Д.Н нь  2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр  Хөвсгөл аймгийн Тариалан суманд байхдаа фэйсбүүк цахим орчинд ***  Б.Ц-тэй  400.000  төгрөгөөр бэлгийн харьцаанд орсон гэх худал мэдээллийг олон нийтэд тараааж иргэн Б.Ц-гийн нэр төрд халдаж “Худал мэдээлэл тараах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

           Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж  хуульчилжээ.

           Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Ц нь: “... **** гэх нэртэй Хөвсгөл аймгийн иргэн өөрийн фейсбүүк цахим хуудсаараа дамжуулан  Ц.Г 400.000  төгрөгөөр би худалдаж авч би бэлгийн харьцаанд орж байсан” гэх утгатай видео бичлэгийг өөрийн хуудсаар дамжуулан цахим орчинд түгээж хувь хүний нэр алдар хүндэд илтэд худал мэдээлэл цахим орчин түгээсэн тул сэтгэл санааны хохирол, олон нийтэд илтэд худал мэдээлэл түгээсэнд миний бие цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна.  ...Цахим орчинд олон аккаунтаар тухайн бичлэгийг  тараасан байсан. Маш олон хүнд хүрсэн байсан. 200,000-300.000 хүн лав үзсэн байсан.. гэж мэдүүлж байх боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул шүүгдэгч Д.Н-аас хохирогч Б.Ц нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.Н нь “Хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Д.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Худал мэдээлэл тараах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

           Шүүгдэгч Д.Н-ын хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал дүгнэлтдээ: “...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Д.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-ыг хохирогч Б.Ц-с цахим орчинд уучлалт гуйлгасан бичлэг хийлгэхийг албадах үүрэг гүйцэтгүүлэх арга хэмжээг авахуулах саналтай байна...” гэжээ.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал дүгнэлтдээ: “...Миний үйчлүүлэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогддоггүй. Дээрх дурдсан дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд дээр миний үйлчлүүлэгчийн хувийн байдал болон мөрдөн шалгах ажиллагааг түргэн шуурхай явуулахад тусалсан. Гэм буруугаа хүлээсэн гэх мэт зүйлүүдийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэсэн саналтай байна...” гэжээ.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Н-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “урьдчилан төлөвлөсөн шинжгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.   

Шүүгдэгчийн  өмгөөлөгчийн гаргасан “эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэх хүсэлт нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан  хүлээн авах үндэслэлгүй гэж шүүхээс  дүгнэлээ.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал/ зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Д.Н-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.     

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-т оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Д.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.3-д заасныг баримтлан шүүгдэгч Д.Ныг цахим орчинд бичлэг хийх хэлбэрээр иргэн Б.Ц-с уучлалт гуйх үүрэг  гүйцэтгэх албадлагын арга хэмжээг хэрэглэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Д.Нт хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал  хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1.  Шүүгдэгч Д.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-ыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.3-д заасныг баримтлан шүүгдэгч Д.Н-ыг цахим орчинд бичлэг хийх хэлбэрээр иргэн Б.Цс уучлалт гуйх үүрэг  гүйцэтгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.

              4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-т оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр  болсноос хойш 6 (зургаа) сарын  хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            6. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Д.Н-т хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар  зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Д.Н-аас хохирогч Б.Ц нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

8. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг сидиг  хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхийг шүүгчийн туслах Д.Сонинбаярт даалгасугай.

9.  Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

10.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          А.ДӨЛГӨӨН