Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/143

 

   

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,   

Улсын яллагч Б.Арсланбаатар,    

Шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа,      

Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,                   

Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Ц-ийн Б-д холбогдох 2428000000024 тоот эрүүгийн хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

Биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 05-ны орой 18 цагийн үед Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын ... багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Э-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас бие эрх чөлөөнд нь халдаж биед, хамрын таславчийн муруйлт, хамрын зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.                  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ц.Б-ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:           

Шүүгдэгч Ц.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Дэлгүүрт би байж байхад Э орж ирээд тал мөнгөө бариад пиво авъя гэж хэлсэн. Тэгэхээр нь түрүүчийн өрөө өгөөгүй байж гэж байгаад пиво өгсөн. Өрөө хурдан өгөөрэй гэхэд үхлээ юу гэж хэлэхээр нь босож очоод барьж авсан. Цохиж зодоогүй. Гадаа гаргахад охины эгэм рүү цохиж гэмтээсэн байхаар нь эргэж гараад баруун шанаа руу нь нэг цохисон гэв. 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 18-19 цагийн үед Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын төвд байх Б-ын дэлгүүрээс нэг ширхэг пиво авах гээд ортол Бын охин нь дэлгүүртээ зогсож байсан. Тэгээд нэг пиво авах гээд мөнгөө гар утсаараа шилжүүлэх гэтэл Хаан банкны интернет банк болж өгөхгүй утсаа оролдоод байж байтал Б дэлгүүртэйгээ залгаа байх гэрээсээ гарч ирээд чи хуучин зээлтэй байж давраад байх юм гэж хэлсэн. Бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгтэл Б намайг заамдаж барьж аваад шууд хавирч унагаад миний дээрээс гараараа цохиод байсан учир Б нь намайг хэдэн удаа яаж хаана цохисныг сайн санахгүй байна, ямартай ч тухайн үед Б нь миний нүүр болон толгой хэсэг рүү гараараа цохиод байсан. Тэгээд зодуулж байгаад нэг харахад Бын эхнэр М нь гэрээсээ гараад ирчихсэн намайг зодуулж байхыг хараад зогсож байсан. Удалгүй Б намайг зодохоо больчихсон. Би босоод Бас уучлалт гуйтал зайл холд яв гэх мэт үг хэлж намайг дэлгүүрээсээ хөөсөн. Тэгээд гадаа байж байтал Б болон түүний эхнэр М мөн манай эгч С нар дэлгүүрээс хамтдаа гараад ирсэн. Тэгээд Б шууд хүрч ирээд намайг цохиод унагасан. Би унаад цааш юу болсныг санахгүй байна. Би цохиулаад ухаан алдаж унасан байх гэж бодож байна... Миний хамар болон толгой өвдөж байна. Биед маань учирсан хохирлоос болж ирээдүйд маань учрах зүйл болон түүнийгээ эмчлүүлэх эмчилгээний зардал, бие эрхтнээрээ хохирч гоо зүйд маань их хохирол учирч байна. /хавтаст хэргийн 16-18 дахь тал/   

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэгтээ: “Урьд өмнө нь би Ажнай дэлгүүрт 2024 оны 01 дүгээр сарын сүүлээр зээл хийж хорин хэдэн мянган төгрөгийн өр тавьж байсан. Тэгээд тухайн өрөө хэсэг төлөхгүй явж байгаад Б-тай маргалддаг өдөр төлж барагдуулсан. Б надад одоогоор төлж барагдуулсан хохирол мөнгө байхгүй. Тухайн хэрэг явдал болохоос өмнө миний үүдэн шүд хугаралтай байсан өөр гэмтэл бэртэл байхгүй. Миний хамар тухайн хэрэг явдал болохоос өмнө ямар нэгэн байдлаар гэмтэж бэртэж байсан зүйл байхгүй. Би Бас гэмтсэн хамраа эмчлүүлэх зардал мөнгийг нэхэмжилмээр байна. Би тухайн хэргийг хурдан шийдүүлэх хүсэлт байна.” /хавтаст хэргийн 20 дахь тал/

Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Мандал-Овоо сумын төвд 16-17 цагийн үед миний төрсөн дүү Э нь миний дугаар руу залгаад эгчээ Д-ын өрийг төлчөөч гээд уйлаад залгахаар нь юу болсон бэ? гэж асуугаад шууд яваад очсон. Тэгээд Б-ын дэлгүүрийн гадна талд яваад очиход Э дэлгүүрийн гадаа уйлчихсан, дээл нь навсайчихсан байдалтай зогсож байсан. Тэгээд намайг машинаас буугаад дэлгүүр рүү очих хооронд Э дэлгүүр рүү яваад орчихсон. Араас нь дагаад ортол Э болон Б нар нь хоорондоо мөнгөний талаар яриад маргалдаад байсан. Тэгтэл Б дэлгүүртэйгээ залгаа байх гэрээсээ гарч ирээд Э-ыг загнаад шууд түлхэж унагаах үед нь би өөрийн гар утсаа гаргаж ирээд бичлэг хийх гэтэл Б нь миний гар утсыг шууд булааж авсан. Тэгээд би хүүе утас өгөөч ээ гэсэн чинь намайг бичлэг хийлээ гэхээр нь яагаад утас булааж аваад байгаа юм бэ? гэж хэлээд утсаа авсан. Тэгтэл Б нь Э-ыг үргэлжлүүлээд шууд нүүр, нүд, шанаа хэсэг рүү нь баруун гараараа нэг, хоёр удаа цохьчихоод үргэлжлүүлээд гутлаараа мөн толгой, нүүр, нүд хэсэг рүү нь гутлаараа нэг хоёр удаа өшиглөхөөр нь би шууд очоод салгаад Э-ыг өндийлгөж босгоод дэлгүүрээс гаргачихаад дэлгүүрээс гаралгүй өөрөө үлдээд юунаас болж Б гуайг ингэх болсон шалтгааныг асуутал Э зээлээ төлүүлнэ гээд чамайг дуудсан, чи ирснээс болж зодоон боллоо гэж хэлэхээр нь би дэлгүүрт тавьсан өр буюу зээлийг нь төлөх гэж ирсэн юмаа гэж хэлтэл, Б надад хандан одоо Эыг бушуухан аваад яв гэж хэлэхээр нь дэлгүүрийн хаалгыг нээгээд хартал дэлгүүрийн хаалганы шатан дээр Б-ын охин Э-ыг хоёр гараараа үсдээд доош нь тонгойлгоод дарчихсан зогсож байсан. Тэгэхээр нь би хүүшээ чи яагаад эрэгтэй хүнийг үсдээд гэж хэлээд үгээ гүйцээж хэлж амжаагүй байтал Б-ын охин шууд дэлгүүр рүү гүйгээд орчихсон. Тэгтэл удалгүй Б дэлгүүрээс гарч ирээд Э-ыг шууд түлхэж унагаад дахин босож ирэхээр нь дахин түлхэж унагаад толгой мөн нүүр хэсэг рүү нь өшиглөөд байсан. Дахин дахин өшиглөөд байсан яг хэдэн удаа өшиглөснийг нь би сайн мэдэхгүй байна. Тэгтэл сумын цагдаа гүйж ирч байгаа нь харагдсан, тэгтэл Б зодохоо болиод дэлгүүр рүүгээ орчихсон.” /хавтаст хэргийн 23-25 дахь тал/

Гэрч Э.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Мандал-Овоо сумын Эрүүл мэндийн төвд ажил дээрээ ажлын байрандаа ажлаа хийгээд сууж байсан... Э-ын хамраас цус гарчихсан, хамар баруун тийш муруйж хавдсан 2 хамраас цус гарсан, хамрын нуруу хэсэг шалбарч урагдсан, хавдсан, баруун нүдний дотор талын цагаан хэсэг улайсан, зовхи хавдаж хөхөрсөн байдалтай байсан. Э гэх хүнд мэдээж эмнэлгийн шатны тусламж болох үзлэг хийж өвдөлт намдаах, цус тогтоох, үрэвслийн эсрэг гэх 3 төрлийн тариа хийсэн. Тийнхүү дараагийн шатлал руу яаралтай явахыг зөвлөсөн.” /хавтаст хэргийн 28-29 дэх тал/

Гэрч Э.Ч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би Этай 2024 оны 01 дүгээр сарын 05-ны орой 21 цагийн үед Эын гэрт нь яваад очиход Э гэртээ ганцаараа орондоо орчихсон нүдэн дээрээ хүйтэн зүйлээр жин тавиад хэвтэж байсан. Би Эаас юу болсон талаар асуухад Э надад хандан хүнд зодуулчихсан Б-тай муудалцсан гэж хэлсэн. Түүний царайг харахад баруун нүд нь хөхөрчихсөн харагдсан, хүйтэн зүйлээр жин тавьчихсан хэвтэж байсан болохоор сайн харж чадаагүй. Мөн түүний хамрын нуруу хэсэг нь шалбарчихсан хамар нь зүүн тийш жаахан муруйлттай харагдсан. Мөн хоолой буюу багалзуур хэсэг нь боосон бололтой улайлттай байсан. Өөр мэдэгдэх зүйл байгаагүй. Тэгээд би тухайн өдөр Эын гэрт нь хамт нь хоносон.” /хавтаст хэргийн 32-33 дахь тал/

Гэрч Л.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд чих хамар хоолойн их эмчээр 2017 оноос ажиллаж байна. Над руу 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Б.Э өөрийн биеэр ирж үзүүлэхэд хамрын үзүүр баруун тийш муруйсан, таславч баруун тийш муруйлттай байсан. Эдгээр гэмтлүүд нь хуучин гэмтэл гэж үзнэ. Өөрөөр хэлбэл Э-ын хамрын гадна хэсгийн хөхрөлт болон хаван байгаагүй, цус хуралт байгаагүй. Гадна хамрын яс нь тэмтрэлтээр хөдөлгөөнгүй байсан. Тэгээд би Эын амбулаторын картанд рентген зураг авахуулах чиглэлээр тэмдэглэл үйлдсэн. Тэгээд рентген зурагны дүгнэлтийг үзэхэд хамрын яс хугаралгүй гэж дүгнэлт гарсан байсан. Э надад ирж үзүүлэхэд дээр дурдагдсан гэмтлүүд байсан. Харин шинээр гэмтэл байгаагүй. Тэгэхээр дээрх гэмтлүүд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Ер нь бол хүний биед үүссэн хөхрөлт нь 5-7 хоногийн дотор, хүний биед үүссэн хаван нь 5-7 хоногийн дотор тус тус арилдаг. Харин Эын хамрын үзүүр баруун тийш муруйсан, хамрын таславч баруун тийш муруйлттай зэрэг гэмтлийн цаг хугацааг тодорхойлох боломжгүй.” /хавтаст хэргийн 39 дэх тал/

Гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 13 цагийн үед ... гэх дугаарын утаснаас ирсэн зодоон болсон гэх дуудлагын дагуу Ажнай гэх дэлгүүрт очиход суманд цас орсон байх бөгөөд дэлгүүрийн гадна талд уг дэлгүүрийн эзэн Б нь Э нь уг дэлгүүрээс ертөнцийн зүгээр баруун талд нь 3-4 метр орчим зайтай хоёр гараараа нүүрээ даран доош тонгойн хойр хөл дээрээ явган сууж байх ба түүний хажууд түүний эгч гэх С нь зогсож байх ба юу болсон байх талаар дэлгүүрийн эзэн Бас тодруулан асуухад Э нь манай дэлгүүрт орж ирээд пиво авах гэсэн ба өмнөх дэлгүүрт тавьсан өрөө төлөөгүй гэх шалтгаанаар маргалдаж хоорондоо төд удалгүй сумын хэсгийн төлөөлөгч араас хүрч ирсэн ба уг дэлгүүрийн камерыг шүүхээр орсон ба би өөрийн биеэр уг дэлгүүрийн камерыг шүүж байх үед хэсгийн төлөөлөгч Х.Б нь тухайн үед байсан гэх хүмүүстэй уулзаж байсан ба камерыг шүүж дуусах үед дуудлага ирсэн бөгөөд уг дуудлагын дагуу тухайн дэлгүүрийг орхин хэсгийн төлөөлөгчийн хамт дуудлаганд явсан. Тэгээд дуудлагын дагуу явчихаад эргэж ирээд уг дэлгүүрийн камерын бичлэгийг үзэхэд миний үзсэн гэх бичлэгийг хамтаар урьд нь бичигдсэн бүх бичлэгийг устгасан байсан... Намайг дэлгүүрийн камерын бичлэгийг шүүж байх үед уг камерт Б нь Эын цээж хэсэг рүү нь гараараа түлхэж унагаад унасан байх үед нь Эыг чирээд дэлгүүрийнхээ бараа зардаг лангууны цаагуур нь оруулж байгаад Э-ыг өшиглөж буй дүрс камерын бичлэгт бичигдэн үлдсэн байсан.” /хавтаст хэргийн 41 дэх тал/

Шинжээч эмч Т.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би техникийн алдаа гаргаж 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр томилсон, шинжилгээ хийлгэх тухай тогтоолыг хүлээн авсан гэж бичсэн байна. Б.Э нь өөрийн биеэр, мөрдөгчийн тогтоол болон чих хамар хоолойн эмчид үзүүлсэн эмнэлгийн бичиг баримтын хамт ирсэн. Б.Э-ын биед учирсан гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл. Б.Э нь амбулаторийн карттай ирж үзүүлсэн.” /хавтаст хэргийн 49-50 дахь тал/

Шүүгдэгч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутаг сумын төвд өөрийн үйл ажиллагаа яуулдаг дэлгүүрт 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 13 цагийн үед Э гаднаас орж ирэхэд миний охин Очирдаваа нь зогсож байсан. Тэгээд би дэлгүүртэйгээ залгаа байдаг гэрээсээ гарч ирэхэд Э зогсож байсан. Охин О дэлгүүрээс надтай зөрөөд гарсан. Тэгтэл Э надад хандан 1 ширхэг пиво авч болох уу? би дутуу мөнгөтэй байна гэж хэлсэн. Тэгээд дутуу гэх мөнгөө манай дэлгүүрийн гүйлгээ хийдэг банкны данс руу шилжүүлсэн. Би Эад хандан чи ингэж архи дарс ууж явахаар 3 сар болж байгаа өрөө өгчихөөч гэж хэлтэл миний уух чамд ямар хамаатай юм бэ гэж хэлээд хэдэн халтар цаасыг чинь өгчихнө гэж хэлэхээр нь би заамдаж аваад Э-ыг дэлгүүрээс гаргасан. Тэгээд би эргээд дэлгүүртээ ороод ирсэн. Тэгтэл Э дэлгүүр рүү орж ирээд надад хандан миний буруу уучлаарай ах хоёулаа гар барьчихъя хэмээн хэлсэн. Тэгэхээр нь босоод гар бариад бид хоёр хоорондоо эвлэрэлдээд Э манай дэлгүүрээс гараад явсан. Тэгээд удалгүй 10-д минутын дараа Э нь манай дэлгүүрт орж ирээд чамтай нэгийгээ үзнэ хэмээн орж иртэл түүний төрсөн эгч С нь араас нь гар утсаараа бичлэг хийгээд ороод ирсэн. Тэгээд лангуу руу цохиод дэлгүүрийн эд хогшил эвдчих гээд байхаар нь өөдөөс нь босоод цохиод дэлгүүрийн эд хогшил эвдчих гээд байхаар нь өөдөөс нь босоод очтол миний элэг рүү цохьчихсон. Тэгэхээр нь би Эын дээлнийх нь мөрнөөс бариад доош нь дугтарч унагаасан. Тэгтэл манай эхнэр дэлгүүрт орж ирээд зогсож байсан. Тэгээд Э босож ирээд намайг заамдаад автал Эын эгч С нь хажууд утсаараа бичлэг хийгээд зогсож байсан. Тэгээд намайг заамдаад авахаар нь би Э-ыг зөрүүлж заамдаад дэлгүүрээс гаргах гэтэл манай эхнэр хажуу талаас надтай хамт Эыг хамт дэлгүүрээс гаргасан. Тэгтэл дэлгүүрийн үүдний тамбороос эхнэр намайг дэлгүүр рүү оруулсан. Тэгээд Э-ыг цааш үүдний тамбороос гаргачихаад эхнэр дэлгүүр рүү ороод иртэл охин миний хажуугаар гүйж гараад үүд рүү очтол Э эхнэрийг араас нь дагаад орж ирж байхад нь Эыг дэлгүүр рүү оруулахгүй гээд охин хориод Э-ыг дэлгүүрээс охин дэлгүүрийн тамборын гадна гаргаад оруулахгүй гээд хориод зогсож байсан. Тэгтэл охин маань дэлгүүр рүү орилоод ороод ирсэн. Тэгэхээр нь би охиноос юу болсон бэ гэж асуутал охин энэ чинь цээж рүү цохьчихлоо гээд ороод ирсэн. Тэгэхээр нь зөрөөд гарахад Э дэлгүүрийн тамборын хаалгаар орж ирэх гээд зогсож байхад нь би Э-ад хандан чи яагаад эмэгтэй хүүхэд цохидог юм бэ гэж хэлээд Э-ын баруун шанаанд нь өөдөөс нь хацар хэсэгт нь нэг удаа цохисон. Тэгтэл Э газар хойд бөгсөн хэсгээрээ суусан. Тэгтэл эхнэр дэлгүүрээс гүйж гарч ирээд намайг дэлгүүр аваад орох гэж байтал Э-ын эгч С нь дэлгүүрээс гарч ирээд надад хандан С нь чи нэг мөсөн сайн зодчих, төлбөр мөнгийг нь өгөөрэй гэж хэлсэн... Түүний хохирлыг барагдуулсан зүйл байхгүй. Эмчилгээний зардал болон мөнгө санхүүгийн тусламж үзүүлсэн зүйл байхгүй. Би Э-тай одоогоор эвлэрсэн зүйл байхгүй. Би шүүх шинжилгээний дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Би энэ хүнтэй 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр маргалдсан. Тэгээд 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр би Этай уулзаж ярилцахад Э-ын хамранд ямар нэгэн зулгаралт гэмтэл үүссэн зүйл байхгүй байсан. Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмчийн дүгнэлттэй санал нийлэхгүй байна.” /хавтаст хэргийн 78-81 дэх тал/

Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 64 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Б.Э-ын биед хамрын таславчийн муруйлт, хамрын зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Б.Э-ын биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Б.Э-ын биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хавтаст хэргийн 44-45 дахь тал/

Өмнөговь аймгийн Прокурорын газрын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн тогтоол /хавтаст хэргийн 1-3 дахь тал/

Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Цагдаагийн газарт гаргасан Б.Э-ын өргөдөл /хавтаст хэргийн 6 дахь тал/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 7-11 дэх тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 82 дахь тал/

Хохирогчийн эмнэлгийн баримтууд /хавтаст хэргийн 106-116 дахь тал/

Яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 117-118 дахь тал/

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 126-128 дахь тал/

Х.Шаравын нэрэмжит Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 415 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 130 дахь тал/

Х.Шаравын нэрэмжит Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн эмчийн үзлэгийн хуудас, хамар ясны 2 байрлалтайд авсан рентген зураг /хавтаст хэргийн 131-133 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ц.Б-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.  

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар.     

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгч Ц.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусдын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэний улмаас хохирогч Б.Эын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан, хохирогч Б.Э нь шүүгдэгч Ц.Б-ас баримтаар нэхэмжилсэн зүйлгүй тухай,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс миний үйлчлүүлэгчийг хуучин гэмтлээр нь хохирогчид хөнгөн хохирол учруулсан байна гэж буруутгаж байгаа нь эрх зүйн үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд заасан нийгэмд аюултай үйлдэл гэдэгт нэг цохисон үйлдэл нь хамаарахгүй, гэмт хэргийн шинжид хамаарахгүй. Харин захиргааны зөрчил буюу зөрчлийн шинжтэй, нэг удаагийн хүний эрүүл мэндэд халдсан шинжийг агуулж байгаа учраас эрүүгийн хэрэгт хамааралгүй зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хамааралтай үйлдэл болсон байна гэж үзэж байна. Энэ гэмт хэргийн улмаас  хохирол, хор уршиг учирсан уу? гэвэл өмгөөлөгчийн хийсэн дүгнэлтээр хохирол, хор уршиг  учраагүй гэж дүгнэж байна гэх дүгнэлтүүдийг,

Шүүгдэгчийн хувьд хэлэх зүйл байхгүй гэх тайлбарыг гаргав.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Ц.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 05-ны орой 18 цагийн үед Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын ... багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Э-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас бие эрх чөлөөнд нь халдаж биед, хамрын таславчийн муруйлт, хамрын зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа нь “...миний үйлчлүүлэгчийг хуучин гэмтлээр нь хохирогчид хөнгөн хохирол учруулсан байна гэж буруутгаж байгаа нь эрх зүйн үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү” гэх агуулга бүхий гэм буруугийн дүгнэлтийг гаргасан бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Э-ын “...Тэгтэл Б намайг заамдаж барьж аваад шууд хавирч унагаад миний дээрээс гараараа цохиод байсан учир Б нь намайг хэдэн удаа яаж хаана цохисныг сайн санахгүй байна, ямартай ч тухайн үед Б нь миний нүүр болон толгой хэсэг рүү гараараа цохиод байсан. Тэгээд зодуулж байгаад нэг харахад Бын эхнэр М нь гэрээсээ гараад ирчихсэн намайг зодуулж байхыг хараад зогсож байсан. ...Би унаад цааш юу болсныг санахгүй байна. Би цохиулаад ухаан алдаж унасан байх гэж бодож байна... Миний хамар болон толгой өвдөж байна.  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-18 дахь тал/,

хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Э-ын дахин өгсөн “...Тухайн хэрэг явдал болохоос өмнө миний үүдэн шүд хугаралтай байсан өөр гэмтэл бэртэл байхгүй. Миний хамар тухайн хэрэг явдал болохоос өмнө ямар нэгэн байдлаар гэмтэж бэртэж байсан зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,

гэрч Б.Су-ийн “...Тэгтэл Б нь Эыг үргэлжлүүлээд шууд нүүр, нүд, шанаа хэсэг рүү нь баруун гараараа нэг, хоёр удаа цохьчихоод үргэлжлүүлээд гутлаараа мөн толгой, нүүр, нүд хэсэг рүү нь гутлаараа нэг хоёр удаа өшиглөхөөр нь би шууд очоод салгаад Эыг өндийлгөж босгоод дэлгүүрээс гаргасан. ....Тэгтэл удалгүй Б дэлгүүрээс гарч ирээд Эыг шууд түлхэж унагаад дахин босож ирэхээр нь дахин түлхэж унагаад толгой мөн нүүр хэсэг рүү нь өшиглөөд байсан. Дахин дахин өшиглөөд байсан яг хэдэн удаа өшиглөснийг нь би сайн мэдэхгүй байна. Тэгтэл сумын цагдаа гүйж ирж байгаа нь харагдсан, тэгтэл Б зодохоо болиод дэлгүүр рүүгээ орчихсон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-25 дахь тал/

гэрч Э.А-гийн “... Эын хамраас цус гарчихсан, хамар баруун тийш муруйж хавдсан 2 хамраас цус гарсан, хамрын нуруу хэсэг шалбарч урагдсан, хавдсан, баруун нүдний дотор талын цагаан хэсэг улайсан, зовхи хавдаж хөхөрсөн байдалтай байсан. Э гэх хүнд мэдээж эмнэлгийн шатны тусламж болох үзлэг хийж өвдөлт намдаах, цус тогтоох, үрэвслийн эсрэг гэх 3 төрлийн тариа хийсэн. Тийнхүү дараагийн шатлал руу яаралтай явахыг зөвлөсөн.  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

гэрч Э.Ч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Э надад хандан хүнд зодуулчихсан Б-тай муудалцсан гэж хэлсэн. Түүний царайг харахад баруун нүд нь хөхөрчихсөн харагдсан, хүйтэн зүйлээр жин тавьчихсан хэвтэж байсан болохоор сайн харж чадаагүй. Мөн түүний хамрын нуруу хэсэг нь шалбарчихсан хамар нь зүүн тийш жаахан муруйлттай харагдсан. Мөн хоолой буюу багалзуур хэсэг нь боосон бололтой улайлттай байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,

гэрч Л.С-гийн “...Над руу 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Б.Э өөрийн биеэр ирж үзүүлэхэд хамрын үзүүр баруун тийш муруйсан, таславч баруун тийш муруйлттай байсан. ...Тэгээд рентген зурагны дүгнэлтийг үзэхэд хамрын яс хугаралгүй гэж дүгнэлт гарсан байсан. Э надад ирж үзүүлэхэд дээр дурдагдсан гэмтлүүд байсан. Харин шинээр гэмтэл байгаагүй. Тэгэхээр дээрх гэмтлүүд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дэх тал/

шинжээч эмч Т.Н-ын “...Б.Э нь өөрийн биеэр, мөрдөгчийн тогтоол болон чих хамар хоолойн эмчид үзүүлсэн эмнэлгийн бичиг баримтын хамт ирсэн. Б.Э-ын биед учирсан гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл. Б.Э нь амбулаторийн карттай ирж үзүүлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49-50 дахь тал/,

Мандал-Овоо сумын эмнэлгийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Яаралтай тусламжийн хуудасны ирэх үеийн зовиур хэсэгт ”хамар гэмтсэн хамраас цус гарсан, нүд улайж аргаж өвдөнө”, гэмтсэн шалтгаан “хүнд зодуулсан” гэжээ. /хавтаст хэргийн 117-118 дахь тал/,

Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Цагдаагийн газарт гаргасан Б.Э-ын өргөдөл /хавтаст хэргийн 6 дахь тал/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 7-11 дэх тал/,

Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 64 дугаартай “Б.Э-ын биед хамрын таславчийн муруйлт, хамрын зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Б.Э-ын биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Б.Э-ын биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.”гэх дүгнэлт /хавтаст хэргийн 44-45 дахь тал/ зэргээр шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн дүгнэлт няцаагдаж байна.

Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Э-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 16-18 дахь тал/, гэрч Б.Су-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 23-25 дахь тал/, гэрч Э.А-гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дэх тал/, гэрч Э.Ч-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дахь тал/, гэрч Л.С-гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дэх тал/, гэрч Э.Б-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дэх тал/, шинжээч эмч Т.Н-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 49-50 дахь тал/, Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 64 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 44-45 дахь тал/, Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Цагдаагийн газарт гаргасан Б.Эын өргөдөл /хавтаст хэргийн 6 дахь тал/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 7-11 дэх тал/, хохирогчийн эмнэлгийн баримтууд /хавтаст хэргийн 106-116 дахь тал/, яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 117-118 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.     

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.    

Шүүгдэгч Ц.Б-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Э-ын эрүүл мэндэд хамрын таславчийн муруйлт, хамрын зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 64 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 44-45 дахь тал/-ээр тогтоогдож байна.    

Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Ц.Б, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Э-ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.            

Шүүгдэгч Ц.Б нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь хэрэгт цугларсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Э нь баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад “..Би Бас гэмтсэн хамраа эмчлүүлэх зардал мөнгийг нэхэмжилмээр байна..” гэх мэдүүлэг тайлбарыг гаргасан байх тул хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор цаашид эмчилгээ хийлгэх тохиолдолд энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхээр нь хангаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.     

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, зорчих эрхийг нь Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоох ял оногдуулах тухай,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял  оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн зүгээс үйлдсэн буруугаа хүлээж байна. Эрүүл мэндийн шалтгааныг харгалзан торгох ял оногдуулж өгнө үү. Элэгний хагалгаанд сонгууль дуусгаад явах гэж байгаа гэх тайлбарыг гаргав.          

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.        

Шүүхээс шүүгдэгч Ц.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гурван төрлийн ялаас торгох ялыг сонгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д 700 /долон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.     

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь шүүхээс оногдуулсан 700,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.      

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

Бусад асуудлаар.

Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Э-ад баримтаар хохирол, төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.   

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор цаашид эмчилгээ хийлгэх тохиолдолд энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.  

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Д овогт Ц-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д 700 /долон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/  төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.        

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь шүүхээс оногдуулсан 700,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.      

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

5. Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Э-ад баримтаар хохирол, төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.   

6. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор цаашид эмчилгээ хийлгэх тохиолдолд энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ