| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алагаагийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 181/2020/02427/И |
| Дугаар | 181/ШШ2022/00195 |
| Огноо | 2022-02-14 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 181/ШШ2022/00195
| 2022 02 14 | 181/ШШ2022/00195 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5-р хороо, Өлгийн 31-505 тоот хаяг байрлах Ноён авто сервисийн байранд үйл ажиллагаа явуулдаг “Ноён хүрд” ХХК /РД:5102731/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 20-р хороо, Бэлх, Мааньтын ам/14052/ 3-р хэсгийн гудамж 312Б тоотод оршин суух Боржигоно овогт Хатанбаатарын Нямдаваа /РД:ЙС88051618/-д холбогдох,
сургалтын төлбөр 3,775,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхгэрэл, хариуцагч Х.Нямдаваа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон.
Манай “Ноён хүрд” ХХК нь гадаад худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Хариуцагч Х.Нямдавааг 2011 оны 9 сараас компанийн гадаад харилцаа, Грако хариуцсан ерөнхий менежерээр ажиллаж байгаад түүнд итгэл хүлээлгэн 2013 оны 03-р сарын 01-ний өдрөөс гүйцэтгэх захирлаар томилон ажиллуулсан.
Манай компанийн үүсгэн байгуулагч Ц.Буянжаргал нас барж, эхнэр Л.Баярмаа нь компанийн 100 хувийн хувьцаа өв залгамжилсан боловч ар гэрийн ажил, хүүхдүүдээ асрах зэргээр компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд байнга оролцоод байгаагүй, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Х.Нямдаваад бүрэн итгэн ажиллуулж байсан юм.
Х.Нямдаваа нь 2018 оны 12 дугаар 10-ны өдөр гэнэт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Компанийн зүгээс ажилтнуудын мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэх, үр шимийг нь хүртэх зорилгоор компанийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу сургалтанд хамруулдаг. Х.Нямдавааг 2012, 2016 онуудад АНУ-ын Грако компанийн албан ёсны дистербютерийн сургалтанд, онгоцны тиз, буудлын зардлыг төлж суулгасан. Шинжлэх ухаан техникийн их сургууль Геологи уул уурхайн сургуульд тосолгооны тоног төхөөрөмжийн угсралт, тосолгоо үйлчилгээний чиглэлээр магистрийн боловсрол эзэмшүүлэхээр болж 2017 онд 2,075,000 төгрөг, 2018 онд 1,700,000 төгрөг, нийт 3,775,000 төгрөг төлсөн.
Иймд сургалтын төлбөр 3,775,000 төгрөгийг хариуцагч Х.Нямдаваагаас гаргаж өгнө үү гэв.
2. Хариуцагч Х.Нямдаваа нь нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн.
Миний бие 2011 оноос Ноёнхүрд ХХК-д гадаад худалдааны менежерээр ажиллаж эхэлсэн, “Ноёнхүрд” ХХК нь Ц.Буянжаргал (нөхөр) Л.Баярмаа нарын гэр бүлийн компани Ц.Буянжаргал нас барсны дараа компаний хувьцаа эхнэр Баярмаад шилжиж, захирал болсон ба намайг гүйцэтгэх захиралаар томилсон боловч албан ёссор улсын бүртгэлд бүртгүүлээгүй. Л.Баярмаа өөрөө компанийн бүх эрх хэрэгжүүлж, Л.Баярмаа нь тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий байсан. Харин намайг гүйцэтгэх захирал болгосон гэж итгүүлж ачигчаас эхлээд захиралын хийвэл зохих бүхий л ажлыг хийлгүүлж байсан.
Анх ажилд ороход “Ноёнхүрд” ХХК нь АНУ-ийн Грако компанийн албан ёсны гэгддэг байсан ч тоног төхөөрөмжийн борлуулалтын орлого нь жилийн 10-20% орчим л байсан, харин миний бие ажилд ороод өөрийн хичээл маш ихээр дайчлан ажиллаж жил бүр Гракогийн тоног төхөөрөмжийн борлуулалтыг дээшлүүлж, Гракогийн тоног төхөөрөмжийн борлуулалтыг жилийн орлогыг 70-80 хувьд хүргэсэн тул компанид зориулаагүй гэж үзэх үндэслэлгүй.
Эдгээр сургалтад хамрагдаж ирсэний дараа Грако компаний тоног төхөөрөмжийн борлуулалтыг дараах байдлаар борлуулж, “Ноён хүрд” ХХК 2014 онд 261,548,540 төгрөг, 2015 онд 112,388,690 төгрөг, 2016 онд 106,823,475 төгрөг, 2017 онд 410,748,878 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын байдлаар 126,659,249 төгрөгийн ашигийг оруулсан.
АНУ-ын Грако компанийн тоног төхөөрөмжийг авто засварын төвүүдэд суурилуулах ажлыг Газрын тосны инженерийн хяналтан дор гүйцэтгэх хэрэгтэй тул Шинжлэх ухаан техникийн их сургуулийн Геологи, уул уурхайн сургуулийн ны инженерийн чиглэлээр магистрийн боловсрол эзэшихийг дэмжиж, сургалтын төлбөрийн талыг төлсөн.
Миний бие Үндсэн хуульд заасан ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийн хүрээнд ажлаас гарах хүсэлтээ албан ёсоор өгч мэдэгдсэний дагуу хүсэлтийг минь шийдэхгүй, ажил хүлээлцүүлэхгүй байсан тул Хөдөлмөрийн хуулийн дагуу ажлыг орхиж явсныг ажлаа хаяж явсан гэх хууль зүйн үндэслэлгүй тул сургалтын төлбөр 3,775,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. нэхэмжлэгчээс нотлох баримтаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компаний дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, 2017 оны 08 сдугаар сарын 25-ний өдрийн ШУТИС-ийн Геологи уул уурхайн сургуульд хүргүүлсэн албан бичиг, 2013 оы 03 дугаар сарын 01-ний өдрийн талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Ноён хүрд ХХК-ний захирал Л.Баярмаагийн ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга, ХААН банкны мөнгөн шилжүүлэгийн баримт,
4. хариуцагчийн бичгийн тайлбар, өмгөөлөгч Ц.Дарьжавтай хийсэн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хариуцагчийн шинжээч томилуулах хүсэлт,
5. 2021 оны 11 дүгээр сарын 23-ний өдрийн 2746 тоот шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, хавсарган ирүүлсэн баримтууд, ШУТИС-ийн Геологи, уул уурханйн сургуулиас ирүүлсэн хариуцагч Х.Нямдаваад холбогдох баримтуудыг талуудын хүсэлтээр шүүх бүрдүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон бусад бичгийн баримтуудыгшинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “Ноён хүрд” ХХК нь хариуцагч Х.Нямдаваад холбогдуулан тус компанид ажиллаж байхдаа сургалтанд хамрагдсан сургалтын төлбөр 3,775,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Хариуцагч Х.Нямдаваа нь би тус компанид ажиллаж байхдаа АНУ-ын Гракогийн тоног төхөөрөмжийн борлуулалтыг жил бүр нэмэгдүүлж, өөрийн сурсан мэдсэнээ “Ноён хүрд” ХХК-д зориулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.
3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг доорхи үндэслэлээр бүхэлд хангаж шийдэв.
Нэхэмжлэгч “Ноён хүрд” ХХК нь 2006 онд байгуулагдан гадаад худалдаа, үйлчилгээний чиглэлээр 2010 оноос АНУ-ын Грако компаний уул уурхайн тоног төхөөрөмж, барилгын заслын бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийн албан ёсны борлуулагчаар ажилладаг болох нь талуудын тайлбараар тогтоогдсон.
Хариуцагч Х.Нямдавааг 2011 оны 9 сараас тус “Ноён хүрд” ХХК-ний гадаад харилцаа, Грако хариуцсан ерөнхий менежерээр ажиллаж байгаад тус компаний захирлын 2013 оны 03 сарын 01-ний өдрийн 013/008 тоот тушаалаар “Ноён хүрд” ХХК-ний гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогджээ.
4. Талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсэж, хөдөлмөрийн гэрээгээр ажил олгогч болон ажилтан нарын хооронд үүрэг үүсжээ.
“Ноён хүрд” ХХК-ний үүсгэн байгуулагч Ц.Буянжаргал нас барж, 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Л.Баярмааг захирлаар томилон, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.
“Ноён хүрд” ХХК нь ажилчдын мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэх үр шимийг нь хүртэх зорилгоор компаний дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу сургалтанд хамруулдаг бөгөөд хариуцагч Х.Нямдаваа нь 2016, 2017 онд АНУ-ын Грако компаний албан ёсны дистебютерийн сургалтанд Бельги улсад 2 удаа, Шанхай хотод 1 удаа хамрагдсан энэ талаар талууд маргаагүй.
Хариуцагч Х.Нямдаваа нь би сурсан мэдсэнээ энэ компаний үйл ажиллагаанд зориулж борлуулалтын нийт орлогыг өсгөсөн, ШУТИС-д би өөрийн хүсэлтээр суралцаагүй тус компаний хүсэлтээр суралцсан тул сургалтын төлбөр төлөхгүй гэж маргасан нь үндэслэлгүй тайлбар гэж шүүх үзэв.
5. Шинжлэх ухаан техникийн их сургуулийн Геологи уул уурхайн сургуулийн магистрийн хөтөлбөрт 2017-2018 оны намар элсэн суралцаж, 2018-2019 оны хавар “Газрын тосны барилга байгууламж” хөтөлбөрөөр төгссөн болох нь тус сургуулийн албан бичиг, оюутны дүнгийн хуудас, “Ноён хүрд” ХХК-ний тус сургуульд суралцуулахыг хүссэн албан бичиг зэргээр нотлогдоно. /х.х-ийн 10,84,85 хуу/
“Ноён хүрд” ХХК-ний захирал Л.Баярмаа өөрийн ХААН банкны 5076211951 дугаартай данснаас 5037237953 дугаартай Х.Нямдаваагийн дансанд 2018 оны 5 дугаар сарын 16-ний өдөр 700,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 30-ний өдөр 2,075,000 төгрөг сургалтын төлбөр гэх утгатай, 2018 оны 1 дүгээр сарын 05-ний өдөр 5003146633 дугаартай дансанд 1,000,000 төгрөг Х.Нямдаваагаас сургалтын төлбөр гэсэн утгатайгаар нийт 3,775,000 төгрөг шилжүүлсэн болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон хариуцагч маргаагүй./х.х-ийн 26,27 хуу/
6. Зохигчдын хооронд 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдөр №1 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулагдан талууд гарын үсэг зурсан боловч хариуцагч Х.Нямдаваа өөрийн гарын үсэг биш гэж маргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилж, шинжээч дүгнэлтэндээ: 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн огноо бүхий “хөдөлмөрийн гэрээ” гэх 3 хуудас баримтын 3-р хуудасны ар талд буюу 6-р нүүрний “Ажилтан Х.Нямдаваа” гэсний доор зурагдсан шинжилж буй гарын үсэг нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Х.Нямдаваагийн гэх гарын үсгийн загваруудтай тохирч байна.” гэжээ. /х.х-ийн 138-146 хуу/
Талууд хөдөлмөрийн гэрээг 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 24 сарын хугацаатай байгуулсан боловч хөдөлмөрийн харилцаа цаашид үргэлжлэн хариуцагч Х.Нямдаваа 2018 оны 12 дугаар сарын 10-ний өдөр “ажлаас чөлөөлөгдөх” хүсэлт гаргаснаар дуусгавар болсон нь талуудын тайлбараар тогтоогдоно.
Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгэгчийн өмнө хүлээх үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.” байхаар хуульчилсан.
7. Зохигчдын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.2.17-д “Ажилтан ажил олгогчийн зардлаар дадлагад хамрагдан, туршлага судлах, мэргэжил болон гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлэх зэргээр дотоод гадаадын сургалтанд хамрагдаад зохих журам сургалтын гэрээнд заасан тодорхой хугацаанд Ноён хүрд ХХК нд ажиллахгүй өөрийн хүсэлтээр эсвэл өөрийн буруутай үйлдлийн улмаас хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тохиолдолд “Ноён хүрд” ХХК-ний сургалтын болон холбогдох журмын дагуу ажил олгогчоос тухайн сургалтанд төлсөн төлбөрийг буцаан төлөх үүрэгтэй.” гэж заасан. /х.х-ийн 11-13 хуу/
“Ноён хүрд” ХХК-ний Хөдөлмөрийн дотоод журмын 11.2.8-д “Ажилтан нь ажил олгогчтой тохиролцсоны дагуу түүний зардлаар дадлагад хамрагдах, туршлага судах, мэргэжил болон гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлэх зэргээр дотоод, гадаадын сургалтанд хамрагдаж болно.”, 11.2.9-д “Ажилтан энэ журмын 11.2.8-д заасны дагуу сургалтанд хамрагдсанаас хойш 2 жилийн хугацаанд компанид ажлалгүй өөрийн хүсэлтээр эсвэл өөрийн буруутай үйлдлийн улмаас хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тохиолдолд сургалтын төлбөр, түүнтэй холбоотой гарсан бусад зардлыг ажилласан хугацаа хамаарахгүйгээр ажил олгогчид бүрэн төлж барагдуулах үүрэгтэй.” гэж тус тус заажээ. /х.х-ийн 14-25 хуу/
Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон компаний дотоод журамд зааснаар ажилтан нь ажил олгогчийн зардлаар сургалтанд хамрагдвал тус компанид 2 жилийн хугацаанд ажиллах, өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болговол сургалтын зардлыг буцаан төлөх үүргийг хүлээсэн тул нэхэмжлэгч “Ноён хүрд” ХХК нь шаардах эрхтэй байна.
Иймд хариуцагч Х.Нямдаваагийн Шинжлэх ухаан техникийн их сургуулийн Геологи уул уурхайн сургуулийн магистрийн хөтөлбөрт хамрагдан 2017-2019 оны хугацаанд суралцсан сургалтын төлбөр болох 3,775,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ноён хүрд” ХХК нд олгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн189.1, 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.Нямдаваагаас 3,775,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ноён хүрд” ХХК олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч “Ноён хүрд” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 75,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Нямдаваагаас 75,350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ноён хүрд” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ