| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 172/2024/0130/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/142 |
| Огноо | 2024-10-02 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Мөнхдөл |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/142
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж, шүүгч Э.Оюун-Эрдэнэ, шүүгч З.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй,
Улсын яллагч Б.Мөнхдөл,
Иргэдийн төлөөлөгч С.У,
Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Энхбат,
Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овгийн Б-ийн Б-ид холбогдох 2428000000164 тоот эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр ... хорооллын . тоотод хохирогч Г.У-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Б-ийг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр бид хоёр манайд 1 шил архи уугаад, Цогоо ахтай 2 шил архи уусан. Хохирогч өглөө над руу залгаад дотор муу байна уух юм байна уу? гэхээр нь манайд нэг юм байгаа гээд уулзсан. Тэгээд хамт уучихаад би амарлаа гээд гэртээ 14 цаг гээд хүргүүлсэн. Орой 19 цаг болж байхад буцаад хонох газар олдохгүй байна гээд 3 шил архи аваад ирсэн. Цогоо гэрт унтсан. Бид 2 гадаа гараад архи уугаад 1 шил архийг нь уучихаад дахиад уух гэсэн ууж чадахгүй байна гээд үүнээс болж муудалцсан. Миний хувцсыг урсан. Тэгээд хиам хэрчиж байсан хутгаар хутгалсан гэв.
Иргэдийн төлөөлөгч гэм буруугийн саналдаа: Гэм буруутай гэж үзэж байна гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Өмнөговь аймаг Даланзадгад сумын ... гэр хороололд байдаг Б-ийн гэрийн гадаа Ц, Б бид гурав архи уугаад байж байсан. Тэгээд би согтоод Бийн хашаанд гэрийнх нь гадаа ор засаад унтсан. Өглөө гэнэт сэртэл би хагалгаанд аль хэдийн орсон аймгийн эмнэлэгт хэвтэж байсан. Намайг сэрэхэд манай ээж надад чамтай хамт архи уусан Б гэдэг хүн чамайг хутгалсан байна лээ надад Ц ирж энэ талаар ярьсан, мөн цагдаа нар шөнө ирж чиний биеийн байдлыг харж байгаад явсан гэж надад хэлсэн. Би хэд хоног эмнэлэгт хэвтэж байгаад биеэ тэнхэрсний дараа Б-той утсаар ярьж чи намайг яасан олон хутгалсан юм гэж асуухад Б надад би бас сайн санахгүй байна ямар ч байсан би чамайг хутгалсан байна тэрний дараа Ц ах ирж болиулж цагдаа эмнэлэг дуудсан байна лээ гэж хэлсэн... Би хагалгаанд орсон ба бүдүүн нарийн гэдсэндээ оёдол тавиулсан. Одоогоор ахиад эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлагатай байгаа тул Улаанбаатар хотод байдаг, цэргийн төв эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхээр болсон. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, харин болж өгвөл Бийн ялыг жоохон хөнгөлж өгнө үү гэж хүсмээр байна. Би Б-оос эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна.” (хавтаст хэргийн 18-21 дэх тал)
Гэрч Г.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 06 дугаар сарын 12-ны орой 20 цагаас 02 цагийн хугацаанд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдөр 22 цагийн үед хүн хутгалуулчихлаа гэсэн дуудлага мэдээллийн дагуу Өмнөговь аймаг Даланзадгад сум 10 дугаар баг ... тоотод очиход түргэн тусламжийн машин ирээд хохирогчийг аваад эмнэлгийн байгууллага руу явж байсан. Тэгээд Б гэх хүн У гэх хүнийг гэдэс хэсэгт нь хутгалсан байсан. Тухайн үед Б-оос юу болсон талаар асуухад У-ыг гаднаас машинтай ирэхдээ хашааны хаалга мөргөж орж ирээд над руу томроод байхаар нь хутгалчихсан гэж хариулт өгч байсан. Тухайн үед Б гартаа ямар нэгэн зүйл бариагүй байсан. Харин ногоон өнгийн бариултай хутга хашааны урд хэсэгт эвдэрсэн машины хажууд газар байхаар нь гадаа бороо орж байсан тул устаж гэмтэх, алга болохоос сэргийлж тухайн хутгыг гялгар уутанд хийж авсан.” (хавтаст хэргийн 25-28 дахь тал)
Гэрч Т.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр би гэртээ байж байхад Б над руу утсаар яриад У бид хоёр хамт байна та хаана байна уулзъя гэж ярьсан. Бид гурав Гурвансайхан хороололд уулзаад ... гэр хорооллын хойд тал дээр У, Б бид гурав архи уусан. Тэгээд тал дээр архи ууж байгаад би согтоод юу болсон талаар мэдэхгүй байна. Би тасраад унтаж байтал Б намайг дуудаж сэрээсэн ба би тухайн үед Бийн гэрт нь сэрсэн. Б намайг дуудаад би хүн хутгалчихлаа та цагдаа, түргэн дуудаад өгөөч гэхээр нь би Бийн гэрээс нь гараад иртэл гадаа У газар уначихсан, Б хутга бариад явж байхаар нь би хутгыг аваад хашааны урагшаа шидчихсэн. Би тухайн үед шууд түргэн, цагдаа руу зэрэг залгаад дуудлага, мэдээлэл өгсөн. Тэгээд удалгүй түргэн цагдаа хоёр зэрэг шахуу ирээд цагдаа нар Бийг авч яваад би эмч нартай хамт эмнэлгийн машинд суугаад Уыг эмнэлэгт хүргэж өгсөн.” (хавтаст хэргийн 30-31 дэх тал)
Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 27 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “1,2. Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн иштэй хутга, Agar нэртэй 0.7 литрийн архины 1 ширхэг шил, Arkhi нэртэй 0.75 литрийн архины шил зэргээс гарын хээний мөр илрээгүй. Agar нэртэй 0.7 литрийн архины 1 ширхэг шилний гадаргуугаас 2 ширхэг гарын хээний мөр илэрнэ. 3. Шинжилгээнд тэнцсэн 2 ширхэг гарын хээний мөрийн №1 гэж дугаарласан Agar нэртэй 0.7 литрийн архины шилнээс илрүүлсэн мөр нь Б.Бийн баруун гарын эрхий хурууны хээтэй, №2 гэж дугаарласан гарын хээний мөр нь Б.Бийн зүүн гарын долоовор хурууны хээтэй тохирч байна. 1 гэж дугаарласан гарын хээний мөр нь Ба овогтой Б-ийн баруун гарын эрхий хурууны хээтэй, гарын хээний битүү гэх ерөнхий шинж тэмдэг болон гарын хээний папилляр шугамын 1. салаалат, 2. Салаалат, 3. Салаалалт, 4. Салаалалт 5. Эхлэл 6. Нийлэлт, 7. Нийлэлт, 8. Салаалалт гэсэн хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна. - 2 гэж дугаарласан гарын хээний мөр нь Ба овогтой Б-ийн зүүн гарын долоовор хурууны хээтэй гарын хээний битүү гэх ерөнхий шинж тэмдэг болон гарын хээний папилляр шугамын 1. Нийлэлт, 2. Салаалат, 3. Нийлэлт, 4. Төгсгөл 5. Салаалалт, 6. Салаалалт, 7. Салаалалт, 8. Төгсгөл гэсэн хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна.” (хавтаст хэргийн 40-42 дахь тал)
Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 355 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Г.У-ын биед бүдүүн гэдэсний цоорол, хэвлийн хөндийн шингэн, хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Г.У-ын биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.13-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” (хавтаст хэргийн 45-46 дахь тал)
Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 425 дугаартай “...Тус төвийн Гэмтэл согогийн тасагт 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрүүдэд хэвтэн эмчлүүлсэн Ганбатын У /.../-ын өвчний түүх /№4273/-ийг хуулбарлаж хүргүүлж байна. Хавсралт 82 хуудастай...” гэх албан тоот (хавтаст хэргийн 74 дэх тал)
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 10-16 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Б-ид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, хохирогчийн нэхэмжилсэн 2,751,900 төгрөгөөс шүүгдэгчийн төлсөн 1,100,000 төгрөгийг хасаж, үлдэх 1,651,900 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгож өгнө үү гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь миний үйлчлүүлэгч Б.Б нь бичиг үсэг мэдэхгүй, боловсролгүй гэх шалтгааны улмаас намайг өөрийн холбогдсон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлт тавьсан цагаас эхлээд бид хоёрын зүгээс гэм буруугийн талаар ямар нэгэн маргаан, саналын зөрөөгүй явж ирсэн байгаа. Үйлдсэн гэмт хэргийн талаар өөрийнхөө гэм бурууг шударгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлсэн цагаас хүлээж эхэлсэн. Гэрчийн мэдүүлэг болон нотлох баримтуудаас харахад бусдын биед гэмтэл учруулсан хугацаандаа эмнэлэг, цагдаагийн тусламж дуудах, яаралтай түргэн тусламж үзүүлэх талаар өөрийнхөө боломжит арга хэмжээг авсан байдаг. Хохирогч Уод миний үйлчлүүлэгчийн зүгээс 1,100,000 төгрөг анх эмчилгээ эхэлсэн үед нь өгсөн байдаг. Өөрөө бичиг үсэг сайн мэдэхгүйгээсээ болоод данс хоорондын шилжүүлэг сайн хийж чадахгүй андуурч эндүүрэх гээд байдаг учраас бэлэн зарлага хийж авч байгаад өөрөө бэлнээр аваачиж өгсөн. Уын зүгээс хүлээж авсан асуудал байгаа. Сүүлд шүүхийн шатанд гаргаж өгсөн 2,751,900 төгрөгийн иргэний нэхэмжлэлийн баримтуудыг би үзсэн. Гэвч энэ нь тухайн өөрийнх нь эмчилгээнд зарцуулагдсан эсэх нь тодорхойгүй баримтууд байдаг. Үүнийг өөртэй нь уулзаад аль нь эмчилгээндээ зарцуулагдсан, эмчилгээнд хэдэн төгрөг зарцуулагдсан, энэ талаараа хэрхэн хэлэлцэж эвлэрэх эсэх, үнийн дүнгийн талаар тодруулж асуух гэж өнгөрсөн 1 сарын хугацаанд Б бид хоёр У гэх хүнтэй эрүүл саруул ухаантай байхад нэг уулзах гэж маш их хичээлээ. Төрөл садны хүмүүсээр нь холбоо бариулаад нэг уулзах шаардлагатай байна, хохирол төлбөрийнхөө асуудлаар, хэрхэн шийдвэрлэх талаар ярилцъя гэдэг боловч өдөр алгасахгүй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай яваад байсан учраас энэ талаар тодорхой тайлбарыг хохирогчоос өөрөөс нь авч чадаагүй. Гэр бүлийнх нь гишүүд олон баримт яриад мөнгө шаарддаг боловч өөрөө би нэхэмжлэх зүйлгүй гэж ярьдаг. Нэг удаа эрүүл ухаантай таарч өгдөггүй. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнтэй хэлцэл хийх юм уу?, тодруулга авч болохгүй хүндрэл нөхцөл байдал байсан учраас өнөөдрийг хүртэл иргэний нэхэмжлэлийн асуудлыг бид нар шийдэж чадаагүй ирсэн. Тийм учраас иргэний нэхэмжлэлийн асуудлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйгээр үлдээж өгнө үү гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн хувьд хэлэх зүйл байхгүй гэх тайлбарыг тус тус гаргасан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Б.Б нь 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр ... хорооллын . тоотод хохирогч Г.У-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.У-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 18-21 дэх тал), гэрч Г.С-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 25-28 дахь тал), гэрч Т.Ц-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дэх тал), Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 27 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 40-42 дахь тал), Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 355 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 45-46 дахь тал), Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 425 дугаартай албан тоот (хавтаст хэргийн 74 дэх тал тал), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 10-16 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.
Иргэдийн төлөөлөгч С.У гэм буруугийн саналдаа: Гэм буруутай гэж үзэж байна гэх дүгнэлт гаргасан ба иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг шүүх нотлох баримтад тулгуурлаж гаргасан эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт байна гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно” гэж заасан ба шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдэхдээ хутга хэрэглэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд хутга нь ердийн шинж чанараараа ахуйн хэрэглээний эд зүйл боловч бусдад хор уршиг, хохирол учруулснаар хүйтэн зэвсэгт хамаарна.
Хутга нь зэвсэг гэх ойлголтод хамаарах тул шүүгдэгч Б.Б-ийг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Б нь хутга зэвсэг хэрэглэн хохирогчийн биед халдаж хүнд хохирол санаатай учруулсан байх тул “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг хэрэглэж үйлдсэн, төгссөн гэмт хэрэг гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь хутга хэрэглэн хохирогчийн эрүүл мэндэд халдсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шинжээчийн дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтүүдийг нотлох баримтаар тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.
Иймд шүүгдэгч Б.Б-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, түүнийг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Шүүгдэгч Б.Б нь зэвсэг хэрэглэн хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.У-ын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан нь хэрэгт цугларсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “Би Боос эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна.” /хавтаст хэргийн 18-21 дэх тал/ гэж мэдүүлсэн байна.
Шүүхийн шатанд хохирогч Г.У нь 2,751,900 төгрөгийн хохирол төлбөрийг баримтаар нэхэмжилсэн ба шүүгдэгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид 1,100,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн болох нь тогтоогдож байх тул төлсөн төлбөрийг хасаж, үлдэх 1,651,900 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Уод олгохоор шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Б-ийг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэрийн үндэслэлийг танилцуулсны дараа эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгч завсарлага авч, шүүхээс тогтоосон хохирол, төлбөр болох 1,651,900 төгрөгөөс 1,000,000 төгрөгийн хохирол төлбөрийг хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.У-од төлсөн байх тул үлдэх 651,900 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Уод олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 6 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй байгууллагад эдлүүлэх тухай,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд миний үйлчлүүлэгч шүүхийн гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдаанаас хойш хохирлыг нөхөн төлөх 5 хоногийн хугацаа авсан. Хохирол төлбөрийг бүтэн төлөөгүй боловч богино хугацаанд өөрийн боломжоороо хохирогчид хохирол төлбөрөөс нь бага ч гэсэн барагдуулж төллөө. Дээрээс нь шүүх хуралдааны явцад яригдсан нотлох баримт дээр Г.У-ын зүгээс өөрөө Б.Б-той хамт архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлж хэрэглэсэн, өөрөө зүй бус авир ааш, үг хэллэг гаргасан нөхцөл байдлуудаас шалтгаалж энэ гэмт хэрэг гаргахад түлхэц нөлөө үзүүлсэн байдаг. Энэ нөхцөл байдлуудыг харгалзаад миний үйлчлүүлэгчид оногдуулах хорих ялын хэмжээг аль болох бага хэмжээгээр тогтоож өгнө үү гэсэн саналтай байна гэх дүгнэлтүүдийг,
Шүүгдэгчийн хувьд ар гэрийн минь байдлыг харгалзан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэх тайлбарыг тус тус гаргасан болно.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Б.Б-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг нь таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Б-ид 5 /тав/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Б-ийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгчид шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Бусад асуудлаар.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан Arkhi нэртэй 1 ширхэг шил, Agar нэртэй 2 ширхэг шил, Fuzetea нэртэй хуванцар сав 1 ширхэг, ногоон өнгийн 12 см урт бариултай, ажлын хэсэг нь 12 см урт хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.У-од нийт 2,100,000 /хоёр сая нэг зуун мянга/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч овгийн Б-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 5 /тав/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ид оногдуулсан 5 /тав/ жил 3 /гурав/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б-оос 651,900 /зургаан зуун тавин нэгэн мянга есөн зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.У-од олгож, хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.У нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор цаашид эмчилгээ хийлгэх тохиолдолд энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан Arkhi нэртэй 1 ширхэг шил, Agar нэртэй 2 ширхэг шил, Fuzetea нэртэй хуванцар сав 1 ширхэг, ногоон өнгийн 12 см урт бариултай, ажлын хэсэг нь 12 см урт хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
6. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Уод 2,100,000 /хоёр сая нэг зуун мянга/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгчид шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Б-ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ
ШҮҮГЧИД Э.ОЮУН-ЭРДЭНЭ
З.УУГАНБАЯР