| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
| Хэргийн индекс | 191/2025/04341/И |
| Дугаар | 001/ХТ2026/00045 |
| Огноо | 2026-02-03 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2026 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 001/ХТ2026/00045
С, Д нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Батзориг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн
2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 191/ШШ2025/07909 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 210/МА2025/01966 дугаар магадлалтай
С-д холбогдох
С-ийн 2025.03.12-ны өдрийн 06 дугаар, 2025.04.02-ны өдрийн 08 дугаартай тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч П нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чинбат, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч П.Сарантуяа, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Цэрэнжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
2. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 191/ШШ2025/07909 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д, С нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Сийн 2025.03.12-ны өдрийн 06 дугаартай, 2025.04.02-ны өдрийн 08 дугаартай тогтоолуудыг тус тус хүчингүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч С-өөс 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 210/МА2025/01966 дугаар магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 сарын 23-ны өдрийн 191/ШШ2025/07909 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасныг баримтлан хариуцагч С-д холбогдох 2025 оны 03 сарын 12-ны өдрийн 06 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч С, Д нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С, Д нарын нэхэмжлэлтэй, хариуцагч С-д холбогдох С-ийн 2025 оны 04 сарын 02-ны өдрийн 08 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч П нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3, 172.2.4-т тус тус заасны дагуу хяналтын гомдлыг гаргаж байна.
4.1. Шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн талаар.
4.1.1. Хоёр шатны шүүх Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь заалтыг зөрүүтэй хэрэглэсэн гэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна.
Давж заалдах шатны шүүхээс Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь заалтын шаардлага нь зөвхөн боловсролын сургалтын байгууллагын захиралд тавигдах шаардлага буюу үүнд проректор, ректорыг хамааруулаагүй байна гэж буруу тайлбарлан хэрэглэсэн бөгөөд давж заалдах шатны шүүхийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн жишиг тогтвол их сургуулийн проректор, ректорт тавигдах тусгай шаардлага хуулийн зохицуулалтгүй болж, өмчийн бүх хэлбэрийн боловсролын сургалтын байгууллагыг үүсгэн байгуулагч нарын ажлын байранд тавигдах тусгай шаардлага тэгш бус зохицуулалттай болох үр дагавар үүснэ.
Боловсролын ерөнхий хуулийн 33.2 дахь хэсэгт “Төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагаас бусад боловсролын сургалтын байгууллагын захирал, эрхлэгч дараах тусгай шаардлагыг хангасан байна” гэж заасан агуулгаар нь авч үзвэл проректор, ректор гэдэг үг л байдаггүй болохоос боловсрол сургалтын байгууллагад нь их сургууль багтдаг. Боловсролын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т “Боловсролын сургалтын байгууллага нь цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллеж, коллеж, дээд сургууль, их сургууль байна” гэж зааснаас үзэхэд мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагаас бусад боловсрол сургалтын байгууллагад цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, коллеж, их сургууль үлдэж байгаа нь тодорхой харагдана.
Түүнчлэн Боловсролын ерөнхий хуулийн 33.2-т их сургууль гэдэг байгууллага байгаад, субьектыг нь орхигдуулсан байсан тул Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023.12.25-ны өдрийн А/576 тоот тушаалын хавсралтаар батлагдсан “Дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн нийтлэг дүрэм”-ийн 4.2-т “Удирдах зөвлөл Боловсролын ерөнхий хуулийн 33.2-т заасан шаардлагыг баримтлан ректор, захирлын албан тушаалын (ажлын байрны) тодорхойлолтыг батлана” гэж ректорын албан тушаалыг хамруулахаар нөхөн зохицуулж өгсөн байсан. Түүнээс биш хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарладаг шиг 2 хуулийн зохицуулалт давхцсан байсан тул проректор, ректорын ажлын байрны тусгай шаардлагыг Боловсролын ерөнхий хуулийн 33.2-т зохицуулаагүй гэсэн тайлбар нь үндэслэлгүй, худал тайлбар юм. Ажлын байрны тодорхойлолтыг батлах эрхийг Дээд боловсролын тухай хуулиар Удирлах зөвлөлд шилжүүлсэн гэдэг тайлбар нь ч худал юм.
Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалын 8 дахь хэсэгт “Дээд боловсролын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасны дагуу Удирдах зөвлөлийн 2024.05.08-ны өдрийн тогтоолоор ажлын хэсэг байгуулагдаж, тус сургуулийн ректорын ажлын байрны тодорхойлолтыг боловсруулсан” гэж дүгнэсэн. Үүнийг хариуцагч тал тайлбартаа 2024.05.08-ны өдрийн тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн боловсруулсан ажлын байрны тодорхойлолтын төслийг тэр чигт нь баталсан мэтээр буруу тайлбарладаг. Гэтэл ажлын хэсгийн боловсруулсан төсөл нь Боловсролын ерөнхий хуулийн 33.2-г баримталсан, “төрийн өмчийн их сургуулиудын профессор цолыг хүлээн зөвшөөрнө” гэсэн тусгай шаардлагыг заасан байсан бөгөөд Удирдах зөвлөлийн 2025.03.12-ны өдрийн хурлаар дэмжээгүй хасаж баталсан нь тэмдэглэлд тусгагдсан байдаг.
4.1.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасан ...бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдлоор иргэний хэрэг үүсдэг талаарх хуулийн зохицуулалтыг өөр өөрөөр тайлбарлан зөрүүтэй хэрэглэсэнд гомдолтой байна. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байсан гэж үзэж байна.
Соёл урлагийн их сургуулийн ректорын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т заасан төрийн үйлчилгээний албан тушаалд хамаардаггүй. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т “боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал” нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарахаар зохицуулсан бөгөөд С нь төсвөөс санхүүждэг төрийн байгууллага биш юм. С-ийн 2024.05.22-ны өдрийн 06 дугаар тогтоолоор баталсан “С”-ийн 8.1-д Сургуулийн төсөв санхүүгийн үйл ажиллагаа нь бие даасан байна” гэж заасан, тус дүрмийн 2-д сургуулийн санхүүгийн эх үүсвэрийг тодорхой заасан зэргээс улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүждэггүй, өөрийгөө санхүүжүүлдэг байгууллага гэдэг нь тодорхой харагдана. Түүнчлэн Дээд боловсролын тухай хуулийн 33 дугаар зүйлд дээд боловсролын сургалтын байгууллага нь бие дааж санхүүгийн үйл ажиллагаагаа явуулдаг талаар зохицуулсан байдаг.
Соёл урлагийн их сургуулийн ректорын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т заасан төрийн үйлчилгээний албан тушаалд хамаардаггүйгээр зогсохгүй, төрийн өмчийн их дээд сургуулийн захирал, удирдах албан тушаалтан, багш ажилтнууд нь төрийн үйлчилгээний албан хаагч биш бөгөөд төрийн албаны тухай хуульд заасан албан тушаалын цалингийн сүлжээгээр цалинждаггүй, нөхөн төлбөр, тусламж, шагнал урамшуул, тэтгэвэр, тэтгэмж авдаггүй болно. Энэ талаар Төрийн албаны зөвлөлөөс 2020.02.28-ны өдрийн 06/361 тоот албан бичгээр С-д төрийн өмчийн их дээд сургуулиуд нь улсын төсвөөс санхүүждэггүй тул захирал, удирдах албан тушаалтан, багш, ажилтнууд Төрийн албаны тухай хуульд заасан төрийн үйлчилгээний албан хаагчийн ангилалд хамаарахгүй гэж тодруулга ирүүлж байсан болно.
Түүнчлэн хариуцагч нь шүүхэд 2025.05.29-ний өдөр ирүүлсэн хариу тайбартаа “төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.2-т төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах”, “боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал” хамаарна гэж заасан боловч төрийн өмчийн Соёл урлагийн их сургууль, Монгол Улсын их сургууль, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Монгол Улсын боловсролын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль нь Монгол Улсын төсвөөс санхүүждэггүй, оюутны сургалтын төлбөрөөр төсвөө бүрдүүлдэг тул төрийн үйлчилгээниий албан тушаалд хамаардаггүй болно” гэж иргэний шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдгийг давж заалдах шатны шүүхээс анхаараагүй.
4.2. Хуулиар тоггоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхээс буруу шийдвэр гаргахад хүргэсэн талаар.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.2-т заасныг зөрчиж, хэрэгт авагдсан 2025.03.12-ны өдрийн 06 дугаартай тогтоолын үндэслэх хэсэгт баримталсан “Дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн нийтлэг дүрэм”-ийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь заалтыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхэд ач холбогдолтой баримтыг үнэлээгүйгээс давж заалдах шатны шүүхээс буруу шийдвэр гаргасанд гомдолтой байна.
Си-йн 2025.03.12-ны өдрийн 06 дугаартай ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн батлах тухай” тогтоолд Дээд боловсролын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн нийтлэг дүрэм”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь заалт, Сийн 2025.03.12-ны өдрийн хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэсэн байдаг
“Дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн нийтлэг дүрэм” нь Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023.12.25-ны өдрийн А/576 тоот тушаалын хавсралтаар батлагдсан бөгөөд тус дүрмийн 4.2-т “Удирдах зөвлөл Боловсролын ерөнхий хуулийн 33.2-т заасан шаардлагыг баримтлан ректор, захирлын албан тушаалын ажлын байрны тодорхойлолтыг батлана” гэж зохицуулсан хэрнээ 2025.03.12-ны өдрийн 06 дугаартай “Ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн батлах тухай” тогтоолын хавсралтаар ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн батлахдаа Боловсролын ерөнхий хуулийн 33.2-т заасан 10-аас доошгүй жил гэсэн шаардлагыг зөрчиж 6-аас доошгүй жил гэж баталсан. Нэхэмжлэгч талаас ажлын байрны тодорхойлолт нь үндэслэл болгосон дүрмэндээ нийцэхгүй байна гэж маргадаг. Гэтэл шүүх уг дүрмийг огт үнэлээгүй.
Давж заалдах шатны шүүхээс зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хяналаа гэсэн хэрнээ хэрэгт байх дараах баримтуудыг огт үнэлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Улмаар шүүхээс буруу шийдвэр гаргахад хүргэсэн. Нэхэмжлэгч талаас хэрэгт дараах нөхцөл байдлуудыг маш тодорхой хэлдэг.
4.2.1. Хурлын тов зарласан нь журмаа зөрчсөн тухай.
С-ийн Удирдах Зөвлөлийн 2025.02.13-ны өдрийн 02 дугаар тогтоолоор баталсан Удирдах зөвлөлийн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.6-д “Удирдах зөвлөлийн дарга удирдах зөвлөлийн хурлыг хурал болохоос ажлын гурваас доошгүй хоногийн өмнө товлоно. Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга тухайн хуралд хэлэлцэн шийдвэрлэх асуудалтай холбогдох материалыг гишүүдэд хүргүүлнэ” гэж заасныг зөрчиж 2025.03.12-ны өдрийн хурлын товыг нарийн бичгийн даргаас 2025.03.10-ны өдрийн 15:21 цагт мэйл-ээр Зөвлөлийн бүх гишүүдэд “Сайн байна уу. Сар шинэдээ сайхан шинэлэв үү. С-ийн УЗ-ийн дарга А 2025.03.12-ны УЗ-ийн хурлын тов зарласныг танд хүргэж байна. Боловсролын яамны 111 тоот хурлын танхим. Цаг 09-өөс 11 цаг” гэж зар хүргэсэн нь мэйл-д хийсэн үзлэгээр нотлогдоно.
2025.03.20-ны өдрийн хурлын товыг нарийн бичгийн даргаас 2025.03.19-ны өдрийн 20:17 цагт мэйл хаягаар зөвлөлийн бүх гишүүдэд “Оройн мэндээ. 2025.03.12-ны өдрийн хурлын шийдвэрийг батлах асуудлаар дахин хурал зарлаж байгааг дуулгаж байна. Маргааш буюу 2025.03.20-ны өдрийн 14:00 цагг Боловсролын яамны 111 тоотод болно. Боловсролын сайд хуралд оролцох тул та бүхнээс ажлаа зохицуулж, биечлэн оролцохыг хүсэж байна” гэсэн хурлын товыг хүргэсэн нь мөн мэйл хаягт хийсэн үзлэгээр нотлогдоно.
4.2.2. Хурлын ирц журмаа зөрчсөн талаар:
Удирдах зөвлөлийн 2025.03.20-ны өдрийн хурлын гишүүдийн ирц 73 хувьтай байсан нь хурлын тэмдэглэлээр нь нотлогддог. Түр орлон гүйцэтгэгчээр томилохоор АТГ-руу бичгийг нь явуулаад байгаа Б өөрөө орсон байдаг. Б өөрөө хуралд саналын эрхтэй оролцоод байгаа нь хэрэгт авагдсан 13, 20-ны өдрийн хурлын тэмдэглэлээр нотлогддог. Б-г хасч тооцвол ирц 66 хувьтай болдог. С-ийн Удирдах Зөвлөлийн 2025.02.13-ны өдрийн 02 дугаар тогтоолоор баталсан “Удирдах зөвлөлийн дүрэм”-ийн 4 дүгээр зүйлийн 4.4-т “Хурал нийт гишүүдийн 75 хувиас доошгүй хувийн ирцтэй тохиолдолд хурлыг хүчинтэйд тооцно” гэж заасныг зөрчиж процессийн алдаа гаргасан.
4.2.3. Б өөртөө зориулсан албан тушаалын тодорхойлолт батлах, өөрийнхөө нэрийг С-ийн Ректорын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр АТГ-руу нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх хуралд саналын эрхтэй оролцсон талаар.
Б өөртөө зориулсан албан тушаалын тодорхойлолт батлах, өөрийнхөө нэрийг С-ийн Ректорын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр АТГ-руу нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэхэд оролцохоос татгалзалгүйгээр 2025.03.12-ны болон 2025.03.20-ны өдрийн Удирдах зөвлөлийн хуралд удаа дараа саналын эрхтэй оролцсон. Энэ нь тус өдрүүдийн хурлын тэмдэглэлээр нотлогдоно.
Ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн үйлдэл болсон.
Мөн Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023.12.25-ны өдрийн А/576 тушаалын хавсралтаар батлагдсан “Дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн нийтлэг дүрэм”-ийн 4.9.2-д “ашиг сонирхлын зөрчилтэй гэдгийг илэрхийлэн тухайн асуудал хэлэлцэхэд оролцохоос татгалзана” гэсэн заалтыг зөрчсөн.
Хүний эрхийн үндэсний комиссын 2025.04.21-ны өдрийн 06/715 дугаартай албан бичигт БШУСайдын 2023.12.25-ны өдрийн А/576 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дээд боловсролын сургалтын баигууллагын удирдах зөвлөлийн нийтлэг дүрмийн 4.2 дахь заалт, Боловсролын ерөнхий хуулийн 33.2-т заасан шаардлагыг баримтлаагүйгээр С-ийн ректорын албан тушаалыг баталжээ. ...С-ийн Ректорын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б нь Удирдах зөвлөлийн гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг 2025.03.12-ны өдөр өгч, хэлэлцэгдэн шийдвэрлэгдсэн байх бөгөөд 7 хоногийн дараа буюу 2025.03.20-ны өдрийн ректорын ажлын байрны тодорхойлолт батлах хуралд оролцож өөрийн ажиллах ажлын байрны тодорхойлолтод санал хэлж, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний шийдвэрт нөлөөлж ажиллажээ” гэж дүгнэсэн байдаг. Энэ нь хэрэгт авагдсан.
4.2.4. С-ийн Ректорын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтын төслийг хоёр дахин хэлэлцсэн талаар.
С-ийн 2025.03.12-ны өдрийн 06 тоот “Ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн батлах тухай” тогтоолыг бүх гишүүдийн 100 хувийн саналаар баталсан гэх боловч, дахин 2025.03.20-ны өдөр 14:00 цагг болсон хурлаар “С-ийн Ректорын ажлын байр (албан тушаал)-ын тодорхойлолтын төслийг дахин хэлэлцэх”, “С-ийн ректорын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг нэр дэвшүүлэх тухай” асуудлуудыг тус тус хэлэлцсэн байдгийг дурдах нь зүйтэй.
4.2.5. Ректорын албан тушаалын тодорхойлолтод нийцэж буй нэхэмжлэгч нарын нэрсийг дэвшүүлсэн байхад давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч нарын эрх зөрчигдөөгүй гэж дүгнэсэн талаар:
2025.03.12-ны өдрийн 02 тоот хуралдааны тэмдэглэлийн 22 дугаар хуудсанд Сийн дарга Ж.Ариунболд “...За ингээд 3 дахь асуудал бол Одсүрэн манай нарийн бичгийн дарга яах вэ гэхээр өнөөдөр тодорхой хүмүүсийг санал болгоно. С-иас энэ албан тушаалын тодорхойлолтод нийцэж байгаа хүмүүсийг надад танилцуулах хэрэгтэй. Мөн гаднаас өөр хүмүүс байдаг юм уу, тэр хүмүүсийн саналыг надад өгөөд, тэгээд түр орлон гүйцэтгэгчээр би нэг хүнийг АТГ-руу бичгийг нь явуулна...” гэх үүргийг нарийн бичгийн дарга Д-д өгсний дагуу 2025.03.12-ны өдрийн 17 цаг 01 минутад *** хаягаас *** хаяг руу “Өдрийн мэнд С-ийн өнөөдрийн хурлаар өгсөн үүрэг даалгаврын хүрээнд С-ийн Ректорын албан тушаалын тодорхойлолтод нийцэж буй албан тушаалтнуудын мэдээллийг илгээлээ...” гээд нэр бүхий 4 иргэний мэдээллийг илгээсэн. Түүний дотор нэхэмжлэгч нарын нэрс байдаг.
4.2.6. Түр орлон гүйцэтгэгчийг нэр дэвшүүлэх, томилохдоо Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэлгүй, санал аваагүй талаар.
Удирдах зөвлөлийн дарга нь “Дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн нийтлэг дүрэм” болон С-ийн Удирдах зөвлөлийн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.4-т “...хэлэлцсэн асуудлаар олонхын саналаар шийдвэр /тоггоол/ гаргаж, тэмдэглэл хөтөлнө. Удирдах зөвлөлийн дарга тогтоолд гарын үсэг зурж, сургуулийн тамга дарж баталгаажуулна”, 4.8, 4.8.1, 4.8.2, 4.8.3-т “удирдах зөвлөлийг хуралдуулах хугацаа, хэлэлцэх асуудлыг тухайн сургуулийн ректор, захиралтай тохиролцон хурлыг удирдах, гарсан шийдвэрийг батлах”, “удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих”, “удирдах зөвлөлийн гишүүдийн хуралдааны ирц, оролцооны талаарх мэдээллийг томилсон буюу сонгосон байгууллагад мэдэгдэнэ” гэсэн эрхийг эдэлж, үүргийг хүлээхээр тус тус зохицуулсан байх ба бие дааж шийдвэр гаргах эрхийг олгоогүй байна.
4.2.7. Тус сургуулийн Ректорын түр орлон гүйцэтгэгчийг томилохдоо хэнийг томилох талаар удирдах зөвлөлийн гишүүдээс санал аваагүй болох тухайд.
2025.03.12-ны өдрийн 2025/02 тоот хурлын тэмдэглэлийн 21 дүгээр хуудсанд: “...я: Түр орлон гүйцэтгэгчийг сонгохдоо Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэх ёстой юу” гэхэд А: “Хэлэлцэхгүй. Удирдах зөвлөлийн даргын шийдвэрээр түр орлон гүйцэтгэгчийг томилно” гэж, Э: “За чөлөөлөхийг нь бол дэмжиж байна даргаа. Тэрэн дээр санал авъя. Хэнийг түр орлуулах вэ” гэхэд А: “Тэр хүнийг би шийднэ. Нэг юмыг бодох хэрэгтэй. Тэр бол ажлын байрны тодорхойлолтод нийцсэн хүнийг түр орлон гүйцэтгэгчээр томилно. С-ийн гаднаас ч байж болно, дотроос ч байж болно. Гэхдээ энэ ажлын байранд тэнцсэн хүнийг түр орлон гүйцэтгэгчээр томилохгүй бол болохгүй. Баталсан ажлын байрны хүрээнд тухайн хүнийг түр орлон гүйцэтгэгчээр томилно” гэж тус тус хэлсэн нь тэмдэглэгджээ.
Түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Бд холбогдох баримтууд нь бүгд зөрчилтэй болохыг доорх баримтаас харж болно. Үүнд:
- Боловсролын ерөнхий хуулийн 33.2-т заасан “боловсролын сургалтын байгууллагад тасралтгүй 10-аас доошгүй жил ... ажилласан” гэх шаардлагыг хангаагүй.
- С-ийн ректорын албан тушаалын тусгай шаардлага болох “профессор” гэх шаардлагыг Б нь хангаж буй хэмээн шүүхэд ирүүлсэн баримтыг нягталбал, цолны үнэмлэхийг олгосон огноо (2024.04.01) нь шийдвэрийн огноо (2024.04.23)-ноос өмнө олгогдсон алдаатай, хуурамч баримт болох нь хэрэгг авагдсан дараах баримтаас харагдана.
- Удирдах зөвлөлийн 2025.03.12-ны өдрийн хурлын тэмдэглэлийн 21 хуудсанд: - Дарга Ариунболд “УЗ-ийн гишүүн давхар Ректор хийж болохгүй. Хэрвээ УЗ-ийн хүмүүсээс Ректор болъё гэж бодож байгаа бол УЗ-ийн гишүүнээсээ татгалзан гарах ёстой” гэж хэлсний дараа Б Удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөгдсөн тухай өргөдлөө 7 хоногийн өмнө өгсөн тухай танилцуулсан байдаг. Гэтэл хэрэгт авагдсан баримтаас Б нь 2025.03.13-ны өдөр буюу хурлын маргааш өдрийн огноотой өргөдөл өгсөн.
- Удирдах зөвлөлийн 2025.03.20-ны өдрийн хурлын тэмдэглэлийн 42, 43 хуудсанд “тэр өдөр албан тушаалын тодорхойлолт батлагдсантай холбоотойгоор 1-д, 2-т 3 сарын 31- нээр чөлөөлөх болсонтой холбогдолтойгоор дараагийн хүний нэрсийг оруулж ирэх боломжтой. Яригдсаны дараагаар “Б даргыг удирдах зөвлөлөөс нь чөлөөлж нэр дэвшүүлье гэдэг дээр 100 хувь санал өгсөн шүү дээ” гэсэн зэргээс Удирдах зөвлөлийн зарим гишүүд хурлын бус цагаар далдуур хуйвалдсан гэж хардахад хүргэдэг. Учир нь Удирдах зөвлөлийн 2025.03.12-ны өдрийн хурлын тэмдэглэлд Б-ийг нэр дэвшүүлэх асуудлаар 100 хувь санал өгсөн талаар огт дурдаагүй болно.
- Бийг Боловсролын сайдын 2025.06.06-ны өдрийн А/325 дугаар тушаалаар Удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлсөн бөгөөд түр орлон гүйцэтгэгчээр томилсноос даруй 2 сарын дараа Удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлсөн байдаг. Энэ нь Удирдах зөвлөлийн гишүүнээр болон ректороор давхар ажиллаад байсныг харуулдаг.
4.2.8. С-иин Удирдах зөвлөлийн 2025.03.12-ны өдрийн хуралдаанаар Ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн баталсны дараа, үүнтэй холбоотой маргаан шийдвэрлэгдээгүй байхад Дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн нийтлэг дүрэмд өөрчлөлт оруулсан талаар.
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023.12.25-ны өдрийн А/576 тоот тушаалын хавсралтаар батлагдсан “Дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн нийтлэг дүрэм”-ийн 4.2-т “Удирдах зөвлөл Боловсролын ерөнхий хуулийн 33.2-т заасан шаардлагыг баримтлан ректор, захирлын албан тушаалын (ажлын байрны) тодорхойлолтыг батлана” гэж заасныг Боловсролын сайдын 2025.05.27-ны өдрийн “Дүрэмд өөрчлөлт оруулах тухай” А/245 дугаар тушаалаар “Ректор гэснийг хассан” өөрчлөлтийг оруулсан. Ийнхүү өөрчлөлт оруулахад С-ийн Удирдах зөвлөлийн дарга Ариунболд нь Боловсролын яамны Дээд боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаандаа эрх мэдлээ ашиглан нөлөөлсөн гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан Захиргааны хэмжээний актад өөрчлөлт оруулахад баримтлах журмыг бүхэлд нь зөрчсөн, мөн хуулийн 67 дугаар зүйлд зааснаар нийтлээгүй, хүчин төгөлдөр болоогүй байхад С-ийн Удирдах зөвлөлийн 2025.05.27-ны өдрийн хурлаар С-ийн Удирдах зөвлөлийн дүрмийн 4.2-т өөрчлөлт оруулсан.
С-ийн Удирдах зөвлөлийн 2025.05.27-ны өдрийн 14 тоот тогтоолоор С-ийн Удардах зөвлөлийн дүрмийн 4.2-т “Боловсролын ерөнхий хуулийн 33.2-т заасан шаардлагыг баримтлан Ректорын албан тушаалын /ажлын байр/-ны тодорхойлолтыг хэлэлцэн батлах” гэж заасныг С-ийн Удирдах зөвлөлийн 2025.05.27-ны өдрийн 14 тоот тогтоолоор Боловсролын ерөнхий хуулийн 33.2-т заасан шаардлагыг баримтлана гэснийг хассугай” гэж өөрчилсөн.
4.2.9. Удирдах зөвлөлийн удаа дараагийн хурал ирцэндээ хүрээгүй хуралдсаны дараа Удирдах зөвлөлийн тогтоолоор өөрчлөлт оруулсан талаар.
Мөн дээрх өдрийн хурлаар С-ийн Удирдах зөвлөлийн дүрмийн 4.4-т “Хурлын ирц 75-аас доошгүй хувьтай байх тохиолдолд хурлыг хүчинтэйд тооцох” гэж заасныг 2025.05.27-ны өдрийн 14 тоот тогтоолоор “60-аас доошгүй гэж өөрчилсүгэй” гэж өөрчилсөн.
Дээрх байдлаар дүрэм журмуудаа зөрчөөд, дараа нь өөрчлөлт оруулаад байгаа үйлдэл нь хууль зөрчиж тогтоол баталсан буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгааг харуулж байна.
Нэхэмжлэгч нарын эрх, ашиг сонирхол зөрчигдсөн талаар хоёр шатны шүүх зөрүүтэй дүгнэлт хийсэн байна. Удирдах зөвлөлийн 2025.03.12-ны өдрийн 06 дугаартай “Ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн батлах тухай” тогтоолын үндэслэл нь Дээд боловсролын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-г баримталсан бөгөөд Дээд боловсролын тухай хуулийн 27 угаар зүйлийн 27.1.7-г баримтлаагүй байдаг.
Харин Удирдах зөвлөлийн 2025.04.02-ны өдрийн 08 тоот “Бийг ажилд түр томилох тухай” тогтоол нь Дээд боловсролын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.7 дахь заалт, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023.12.25-ны өдрийн А/576 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн нийтлэг дүрэм”-ийн 4.1 дэх заалт, Удирдах зөвлөлийн 2025.02.13-ны өдрийн хурлын тэмдэглэл, Авлигатай тэмцэх газрын 2025.03.26-ны өдрийн 05/5735 дугаар албан бичгийг тус тус үндэслэсэн байдаг.
Дээд боловсролын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.7-д “Нээлттэй сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн дээд боловсролын сургалтын байгууллагын гүйцэтгэх удирдлагыг 5 жилийн хугацаагаар томилж, гэрээ байгуулах, хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх” гэж заасан бөгөөд түр орлон гүйцэтгэгчийг томилоход хамааралгүй зохицуулалт юм. Түүнчлэн шүүхээс “энэ тохиолдолд Удирдах зөвлөлийн гаргасан шийдвэр нь гүйцэтгэх удирдлагын сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар биш” гэж хариуцагч дээрх хуулийн заалтыг баримталсан нь буруу байгааг зөвшөөрч байгаа хэрнээ, сонгон шалгаруулалтгүйгээр гүйцэтгэх удирдлагыг томилж байгаа тогтоолыг хүчингүй болгохгүй зөвтгөөд байгаа нь логик холбоогүй, 2 тогтоолын үндэслэлийг хольж хутгаж дүгнэсэн байна.
Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсгийн 11 дэх хэсэгт “Үүнээс үзэхэд хариуцагч нь хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд дотооддоо чиглэсэн тогтоол гаргаж ректорын ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн баталсан нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй, харин ч энэ талаарх баримт хэрэгт хангалттай цугларсан боловч шүүхээс үнэлээгүйг дээр дурдсан болно.
Удирдах зөвлөлөөс маргаан бүхий 2 тогтоолыг гаргахдаа дээр дурдсанчлан хууль дүрмииг удаа дараа зөрчсөн болон хамааралгүй үндэслэлүүдийн талаар нэхэмжлэгч талаас тайлбарлаж, холбогдох баримтыг гаргаж өгсөөр байхад тухайн тайлбар, нотлох баримтуудыг давж заалдах шатны шүүх огт үнэлээгүй, илтэд хариуцагчийн хүсэл сонирхолд нийцсэн дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн эрх ашгийг огт зөрчөөгүй мэтээр үл хүндэтгэж байгаад гомдолтой байна.
Талуудын хоорондох маргаан бүхий харилцаа нь Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулах хөдөлмөрийн харилцаа болно. Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан суурь зарчим үйлчилдэг. Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д үл ялгаварлан гадуурхах зарчмыг хуульчилсан байх бөгөөд нэхэмжлэгч нарын нэрсийг С-ийн ректорын түр орлон гүйцэтгэгчээр томилуулахаар нэр дэвшүүлсэн байхад Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцээгүй, бусад гишүүдээс санал аваагүй байж огт нэрийг нь дэвшүүлээгүй хүнийг удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхгүй, бусад гишүүдээс санал авахгүй, өөр бусад байдлаар ч хууль, дүрмийг зөрчиж байгаад томилж байгаа асуудал нь 2 нэхэмжлэгчийг ялгаварлан гадуурхсан гэж үзэхэд хүргэж байна. Мөн нэхэмжлэлийн эхний шаардлагын тухайд Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7-д шударга бус үйлдлийг хориглох гэж ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд оролцогчийн баримтлах суурь зарчмыг зөрчиж, мөн хуульд заасан тусгай шаардлагыг зөрчиж, өөрөө өөртөө ажлын байрны торхойлолт боловсруулсан үйлдэл нь шударга бус, улмаар нэхэмжлэгч нарын хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна.
4.3. Хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн үндэслэлийн талаар.
Монгол Улсын дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2024.06.24-ний өдрийн 25 дугаар “Иргэний болон захиргааны хэргийн харьяаллыг зааглахтай холбоотой Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 3 дугаар зүйлийн 3.1.1-т Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т заагаагүй төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч (эрх баригч)-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үүсгэсэн, өөрчилсөн, дуусгавар болгосон талаарх гомдол иргэний хэргийн шүүхэд харьяалагдах талаар зохицуулсныг зөрчиж, төсвөөс санхүүждэггүй төрийн өмчийн сургуулийн ректорын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг томилсон талаарх маргааныг Иргэний хэргийн шүүхэд харьалагдахгүй гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
4.4. Эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзсэн үндэслэлийн талаар.
Төрийн жинхэнэ албан хаагчийг тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлсөн тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ түр орлон гүйцэтгүүлж болохоор төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлд зохицуулсан бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг тухайлбал бангууллагын даргын албан үүргийг түүний дэд дарга, орлогч түр орлон гүйцэтгэх эсхүл чиг үүрэгт нь хамгийн ойр хамааралтай албан хаагчаар түр орлон гүйцэтгүүлэх, төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэгдсэн иргэнийг сонгон авч, тодорхой хугацаагаар түр орлон гүйцэтгүүлэх журмыг тогтоосон байх бөгөөд энэхүү журмыг зөрчиж, төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхийг хориглосон байна.
Харин С-ийн ректорын ажил үүргийг түр орлон гүйцэтгэх асуудал нь төсвөөс санхүүждэггүй, төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан тушаалд хамаардаггүй тул түүний албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхийг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулахаар байна. Хөдөлмөрийн тухай хуульд түр орлон гүйцэтгүүлэх талаар 56 дугаар зүйлийн 56.1-т “Ажил олгогч нь ажилтантай тохиролцсоноор ... эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгүүлэх... хэлбэрээр ажиллуулж болно” гэж заасан байх бөгөөд тухайн байгууллагад ажилладаггүй, ажилтан биш этгээдээр түр орлон гүйцэтгүүлэхийг хуульчлан тогтоогоогүй байна. Түүнчлэн энэхүү хуульд нийцүүлэн, С-ийн дүрмийн 3.18-д Ректорыг эзгүй байх хугацаанд албан үүргийг нь Сургалт эрхэлсэн проректор орлоно...” гэж нарийвчлан зохицуулсан байдаг.
С-д ажилладаггүй ажилтан биш этгээдийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь хууль зөрчиж байна гэж бидний зүгээс үзэж байгаа бөгөөд энэ талаар тодорхой шийдлийг гаргаж хууль хэрэглээг Улсын дээд шүүхээс тогтоох нь зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзэж энэхүү гомдлыг гаргаж байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч, өмгөөлөгч П нарын гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2026.01.20-ны өдрийн 001/ШХТ2026/00094 дүгээр тогтоолыг гаргажээ.
ХЯНАВАЛ:
6. Давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, С, Д нарын нэхэмжлэлтэй С-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
7. Нэхэмжлэгч С, Д нар хариуцагч С-д холбогдуулан 2025.03.12-ны өдрийн 06 дугаар, 2025.04.02-ны өдрийн 08 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгуулах шаардлага гаргаж, үндэслэлээ: “...Соёл урлагийн их сургууль нь сургалт, судалгаа, уран бүтээл, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэлдэг өөрийн удирдлага бүхий төрийн өмчийн их сургууль мөн бөгөөд Удирдах зөвлөл нь тухайн сургуулийн өөрийн удирдлагыг хэрэгжүүлж байгаагийн хувьд түүнээс гарч буй эрх зүйн акт, дүрэм, журам, хуулийн шаардлагаас гадна баримт бичигт тавигдах шаардлагыг хангасан байх ёстой. ...С-ийн удирдах зөвлөл 2025.03.12-ны өдрийн 06 дугаартай тогтоолоор Ректорын ажлын байрны тодорхойлолтыг баталж, 2025.04.02-ны өдрийн 08 дугаартай тогтоолоор тус сургуулийн ректорын түр орлон гүйцэтгэгчийг томилсон. Ингэж тогтоол гаргахдаа Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2, 33.2.2, Дээд боловсролын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, Дээд боловсролын сургалтын байгууллагын Удирдах зөвлөлийн нийтлэг дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь заалтыг тус тус зөрчсөн, мөн дээрх тогтоол гаргасан Удирдах зөвлөлийн хурал процессын зөрчил гаргаж, хууль бус ирцтэйгээр хуралдсан, ...Удирдах зөвлөлийн дарга Бийг ректорын түр орлон гүйцэтгэгчээр томилохдоо Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлээгүй, Соёл урлагийн их сургуулийн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.18 дахь заалтыг тус тус зөрчсөн...” гэж тайлбарласан.
Хариуцагч хариу тайлбартаа: “...Сийн 06, 08 дугаартай тогтоолууд нь хууль болон холбогдох дүрэм, журмуудыг зөрчөөгүй, хууль зүйн үндэслэлтэй гарсан, нэхэмжлэгч нарын Үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх, сонгох, сонгогдох эрхийг хязгаарлаагүй, өмнө ректороор ажиллаж байсан С өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ гаргаж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн тул Удирдах зөвлөлийн 2025.04.02-ны өдрийн 08 дугаар тогтоолоор Бийг ректорын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон учраас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй...” гэж тайлбарласан.
8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Сийн 2025.03.12-ны өдрийн 06 дугаартай, 2025.04.02-ны өдрийн 08 дугаартай тогтоолуудыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, ...Удирдах зөвлөлийн 2025.04.02-ны өдрийн 08 дугаар тогтоолоор Бийг ректорын түр орлон гүйцэтгэгчээр томилсон албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т заасан төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарахаар байх тул тус гомдол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасан иргэний хэргийн шүүхэд харьяалагдахгүй, ...13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан хэргийн харьяаллыг зөрчсөн тул мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар Удирдах зөвлөлийн 2025.04.02-ны өдрийн 08 дугаар Бийг ажилд түр томилох тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, ...Сийн 2025.03.12-ны өдрийн 06 дугаартай Ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн батлах тухай тогтоол нь гүйцэтгэх удирдлагын сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар биш харин байгууллагын дотоод ажлын хүрээнд буюу ажлын байрны тодорхойлолтыг өөрчилсөн асуудлаар гарсан. Өөрөөр хэлбэл, хариуцагч байгууллагаас эрх хэмжээний хүрээнд ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн баталсан үйлдэл нь нэхэмжлэгч нарын хөдөлмөрлөх, сонгох сонгогдох эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй гэж дүгнэн, тус тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч С, Д нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
9. Дээр дурдсанчлан хоёр шатны шүүх үйл баримтыг адил тогтоосон боловч зарим нэхэмжлэлийн маргааны харьяаллын эрх зүйн үндэслэлд ялгаатай дүгнэлт хийж, зөрүүтэй шийдвэр гаргасан байх тул хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хянан хэлэлцлээ.
10. Хэрэгт цугларсан баримтаар С 2025.03.12-ны өдрийн Ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн батлах тухай 06 дугаартай тогтоолоор тус сургуулийн ректорын ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн баталсан, 2025.04.02-ны өдрийн 08 дугаартай тогтоолоор Б-ийг тус сургуулийн ректорын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон үйл баримт тогтоогдсон гэх шүүхийн дүгнэлттэй зохигч маргаагүй.
Дээрх тогтоолууд нь Боловсролын ерөнхий хууль, Дээд боловсролын тухай хууль, Дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн нийтлэг дүрмийн холбогдох зохицуулалтыг зөрчсөн нь тус сургуульд ажиллаж буй ректороор ажиллах шаардлагыг хангасан бусад багш ажилчдын эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэх агуулгаар нэхэмжлэгч нар тогтоолыг хүчингүй болгуулахаар шаардлага гаргасан байна.
11. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа С-ийн 2025.04.02-ны өдрийн 08 дугаартай тогтоолыг хүчингүй болгох шаардлага нь Иргэний хэргийн ердийн шүүхэд харьяалагдах маргаан биш гэсэн дүгнэлт хийж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй. Харин тус тогтоол гарах үндэслэл болсон 2025.03.12-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгох шаардлагатай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай болжээ.
12. Хэдийгээр 2025.03.12-ны өдрийн “Ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн батлах тухай” 06 дугаартай тогтоол нь тухайн байгууллагын дотоод үйл ажиллагаанд хамаарах боловч энэ нь тус зөвлөлийн 2025.04.02-ны өдрийн 08 тоот тогтоол гарах үндэслэл болсон байх тул дээрх 2 тогтоол хоорондоо хамаарал бүхий талаарх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй.
Иймд хариуцагч нь эрх хэмжээнийхээ хүрээнд байгууллагын дотоод ажлыг буюу сургуулийн ректорын ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн баталсан үйлдэл нь нэхэмжлэгч нарын хөдөлмөрлөх, сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй буюу тухайн шийдвэр гарснаар нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл муутай болжээ.
Өөрөөр хэлбэл, С-ийн 2025.03.12-ны өдрийн 06 дугаартай тогтоолоор тус сургуулийн ректорын ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн баталснаар дээрх тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан гэж үзэн 2025.04.02-ны өдрийн 08 дугаартай тогтоолоор Б-г тус сургуулийн ректорын ажлын байранд буюу ректорын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.
Нэг нь нөгөөгөөсөө харилцан хамааралтай тогтоолуудыг хоёр өөр шүүх хянан шийдвэрлэх боломжгүй байхаас гадна 2025.04.02-ны өдрийн 08 дугаартай тогтоол нь тус зөвлөлийн 2025.03.12-ны өдрийн 06 дугаартай тогтоолд үндэслэж гарсан байна.
Ийнхүү давж заалдах шатны шүүх нэг агуулга бүхий маргааныг хоёр өөр шүүхэд харьяалан шийдвэрлүүлэхээр шийдсэн нь буруу байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоно.
14. Иймд дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч талын гомдлын заримыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 210/МА2025/01966 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 191/ШШ2025/07909 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг үндэслэн С, Д нарын нэхэмжлэлтэй С-д холбогдох, тус сургуулийн Удирдах зөвлөлийн 2025.03.12-ны өдрийн 06, 2025.04.02-ны өдрийн 08 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч П нарын гомдлын заримыг хангасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Д-гээс 2025.12.19-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Б.УНДРАХ
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД