Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 51

 

 

Э.Ат холбогдох

эрүүгийн хэргийн тухай     

                                                                                                                                 

            Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: Г.Энэрэл,

           Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Батбаяр,

            Шүүгдэгч: Э.А,  

            Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч: Б.Нэргүй,

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Тэгшдүүрэн нарыг оролцуулан,

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/91 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Э.Ат холбогдох, эрүүгийн 1920001310094 дугаартай, 3 хавтас, 538 хуудас бүхий хэргийг шүүгдэгч Э.Аын гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Э.А-д холбогдуулан Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокурор Б.Догмиддоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Шүүгдэгч Э.А Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Капитал банкны ахлах теллерээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, 2018 оны 11 сард хоосон бичилт хийж, касснаас 20000000/хорин сая/ төгрөгийг Б.Нийн 2006023216 дугаар харилцах дансанд бэлэн бусаар шилжүүлснээс кассанд 20000000 /хорин сая/ төгрөгийн дутагдал бий болсон,

2018 оны 11 сард хоёр АТМ цэнэглэх 120000000/нэг зуун хорин сая/ төгрөгөөс 50000000 /тавин сая/ төгрөгийг дутуу цэнэглэж уг мөнгийг хувьдаа завшсан буюу 20000000 /хорин сая/ төгрөгөөр касс дахь 20000000/хорин сая/ төгрөгийн дутагдлыг хаасан, үлдэх 30000000 /гучин сая/ төгрөгийн 26000000/хорин зургаан сая/ төгрөгийг Т.Гт байрны төлбөр өгч, үлдэх 4000000/дөрвөн сая/ төгрөгийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан,

2019 оны 01 сарын 21-ний өдөр хадгаламж эзэмшигч Б.Баян-Эрдэнийн нэрээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн хадгаламж барьцаалсан зээлийн гэрээ байгуулан 30000000 /гучин сая/ төгрөгийн хуурамч зээл гаргаж хувьдаа завшсан,

2019 оны 03 сарын 14-ний өдөр Төв банкнаас “...танай АТМ ажиллахгүй байгаа бол манайх руу зузаатгал хий гэсний дагуу 2018 оны 11 сард АТМ цэнэглэх мөнгөнөөс авсан 50000000 /тавин сая/ төгрөгийг нөхөж хийх шаардлагаар тус тус хадгаламж эзэмшигч Т.Нийн нэр дээр 50000000/тавин сая/ төгрөгийн хуурамч хадгаламж барьцаалсан зээл авч, өөрийн Голомт банкны данс руу 1000000 /нэг сая/ төгрөгөөр нийт 50 удаа шилжүүлэн авч, улмаар түүнийгээ Төв банк руу АТМ-ын мөнгө гэж зузаатгасан,

2019 оны 03 сарын 14-ний өдөр иргэн Т.Гаас худалдаж авсан байрны мөнгө болох 20000000 /хорин сая/ төгрөгийг өгөхийн тулд хадгаламж эзэмшигч Б.Баян-Эрдэнийн данснаас дахин 26000000/хорин зургаан сая/ төгрөгийн хадгаламж барьцаалсан зээл гаргаж ашигласан буюу нийт 176000000 /нэг зуун далан зургаан сая/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Э.А-г бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Э.А-г 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ат оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Э.Ааас 46 000 000 /дөчин зургаан сая/ төгрөгийг гаргуулж Капитал банк дахь эрх хүлээн авагчид олгож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аын цагдан хоригдсон 36 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

 

хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ат авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорихоор,

шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Э.А давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд давж заалдах гомдол дээр ялаа хөнгөрүүлж, хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү гэсэн гомдол гаргасан. Учир нь өнөөдрийн байдлаар 46000000 төгрөгийн хохирлоосоо 10000000 төгрөгийг төлсөн. Одоо 36000000 төгрөгийн хохирол үлдсэн тул хил нээгдэхээр урагшаа гаргадаг тээврийн хэрэгслээ борлуулж хохирлоо барагдуулах бодолтой байгаа. Би 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр болсон шүүх хуралдаанаас өмнө авга ахынхаа тээврийн хэрэгслийг жолоодон хот хооронд явдаг байсан учраас 4000000 төгрөг аваад 10000000 төгрөгийн хохирлоо барагдуулсан байдаг. Цаашид тухайн тээврийн хэрэгслээ жолоодон тогтмол орлоготой байх учраас хохирлоо барагдуулах боломжтой юм” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Батбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд Э.Аын давж заалдсан гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгчийн хувьд анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулаагүй, 2 жилийн хугацаатай хорих ялаар шийтгүүлсэн байдаг. Эхний удаа хохирол болох 36000000 төгрөгийг барагдуулах гол зорилготой байна. Иймд шүүгдэгч хорих байгууллагад байх хугацаандаа уг хохирлыг барагдуулах боломжгүй байгаа юм. Тиймээс Э.Ат оногдуулсан 2 жилийн хорих ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү. Мөн торгуулийн ялыг 3 жилийн хугацаанд төлөөд явах боломжтой. Хамгийн гол нь манай Замын-Үүд сумын хүмүүс хилээ дагаж амьдардаг тул хил нь хаагдчихаар ихэнх хүмүүс орлогогүй болсон. Иймээс хохирол барагдуулах хугацаа удааширч байна. Мөн шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн тул энэ бүгдийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 10000 нэгжээс 40000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял байгаа учраас 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар хорих ялыг сольж өгнө үү” гэв.

 

Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нэргүй давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Э.А нийт 176000000 төгрөгийн хохирол төлбөрөөс 46000000 төгрөгийн хохирол төлбөрийн үлдэгдэлтэй байснаас 10000000 төгрөгийг төлсөн, одоо 36000000 төгрөгийн үлдэгдэлтэй, өөр хэлэх тайлбар, хүсэлтгүй” гэв.

 

Прокурор Г.Энэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржийн гаргасан тайлбарыг дэмжиж оролцож байна. Шүүгдэгчээс оногдуулсан хорих ялыг торгох ялаар солих талаар гомдол гаргасан. Торгох ялыг ялтны хөрөнгө, орлогыг харгалзан оногдуулах боломжтой байдаг. Харин шүүгдэгчийн хувьд 46000000 төгрөгийн хохирлоос 10000000 төгрөгийг төлж барагдуулсан хэдий ч үлдсэн 36000000 төгрөгийн хохирлыг хэрхэн барагдуулах талаар нотлох баримт байхгүй байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналыг гаргаж байна” гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Энэхүү хавтаст хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад дүн шинжилгээ хийж үзэхэд шүүгдэгч Э.А, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Капитал банкны ахлах теллерээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан

 

  • 2018 оны 11 сард хуурамч, хоосон бичилт хийж касснаас 20 000 000 төгрөгийг Б.Нийн 2006023216 дугаар харилцах дансанд бэлэн бусаар шилжүүлснээс кассанд 20 000 000 төгрөгийн дутагдал бий болсон,

 

  • 2018 оны 11 сард 2 АТМ цэнэглэх 120 000 000 төгрөгөөс, 50 000 000 төгрөгийг дутуу цэнэглэж, уг мөнгийг хувьдаа завшсан байх буюу 20 000 000 төгрөгөөр касс дахь 20 000 000 төгрөгийн дутагдлыг хаасан, үлдэх 30 000 000 төгрөгийн 26 000 000 төгрөгийг Т.Гт байрны төлбөрт өгч, үлдэх 4 000 000 төгрөгийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан,

 

  • 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хадгаламж эзэмшигч Б.Баян-Эрдэнийн нэрээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн хадгаламж барьцаалсан зээлийн гэрээ байгуулан 30 000 000 төгрөгийн хуурамч зээл гаргаж хувьдаа завшсан/худалдаж авсан байшиндаа засвар хийсэн/,

 

  • 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Төв банкнаас “...танай АТМ ажиллахгүй байгаа бол манайх руу зузаатгал хий гэсний дагуу, 2018 оны 11 сард АТМ цэнэглэх мөнгөнөөс авсан 50 000 000 төгрөгийг нөхөж хийх шаардлагаар хадгаламж эзэмшигч Т.Нийн нэр дээр 50 000 000 төгрөгийн хуурамч хадгаламж барьцаалсан зээл авч, өөрийн Голомт банкны данс руу 1 000 000 төгрөгөөр нийт 50 удаа шилжүүлэн авч улмаар түүнийгээ Төв банк руу АТМ-ийн мөнгө гэж зузаатгасан,

 

- 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хадгаламж эзэмшигч Б.Баян-Эрдэний данснаас дахин 26 000 000 төгрөгийн хадгаламж барьцаалсан зээл гаргаж хувьдаа ашигласан буюу нийт 176 000 000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйл баримт тогтоогджээ.

 

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан, эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үзэхэд баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасан хуулийн шаардлагад нийцсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтат мэдээлэл байх ба Э.Аыг “Хөрөнгө завших” гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэм буруутай гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.Аыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Капитал банкны ахлах теллерээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, 2018 оны 11 сараас 2019 оны 3 сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд 176 000 000 төгрөгийг завшиж, Капитал банкны Замын-Үүд салбарт их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь анхан шатны шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх шийтгэх тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгчөөс хэргийн оролцогчдын “хуулийн өмнө эрх тэгш” байх эрхийг бүрэн хангасан, хавтаст хэргийн материалтай танилцуулсан байх ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн талаар шүүгдэгч, хууль ёсны төлөөлөгч, гэрч нараас мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж мэдүүлсэн, хууль ёсны төлөөлөгч, гэрч нараас мөрдөн шалгах ажиллагааны явцад зориуд худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэдэг болохыг сануулж мэдүүлгийг авсан, мэдүүлэг авахдаа хуульд заасан журмыг зөрчөөгүйн гадна эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хууль зөрчиж цуглуулж, бэхжүүлсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Тиймээс нотлох баримтуудыг үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан гэж дүгнэн, анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсний зэрэгцээ шүүгдэгч Э.Ат Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хоёр жил хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, шүүгдэгчээс 46000000 төгрөгийг гаргуулж, Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгохоор  шийдвэрлэсэн нь тус тус тухайн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд тохирсон, шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

 

Харин давж заалдах шатны шүүх хуралдаанд Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн төлөөлөгч Б.Нэргүйгээс “...шүүгдэгч Э.А нийт 176 000 000 төгрөгийн хохирол төлбөрөөс 46 000 000 төгрөгийн хохирол төлбөрийн үлдэгдэлтэй байснаас 10 000 000 төгрөгийг төлсөн, одоо 36 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй нь үнэн зөв, өөр хэлэх тайлбар, хүсэлтгүй” гэж мэдүүлснээс үзэхэд гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг шүүгдэгч бүрэн нөхөн төлж барагдуулаагүй болох нь тогтоогдож байна.

 

Хэдийгээр Эрүүгийн хуульд зааснаар шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болох боловч шүүгдэгч Э.Аын тухайд дээр дурдсан нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож, тогтоогдохгүйн гадна орлого олох боломжийг нотолсон баримтгүй учир анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хоёр жил хорих ялыг, торгох ялаар сольж, өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Түүнчлэн энэ гэмт хэргийн улмаас “Капитал банк” ХХК-д хохирол учирсан байхад прокурор, мөрдөгч, шүүгчээс тус тус “Капитал банк” ХХК-ийг болон тус компани дахь банкны эрх хүлээн авагч /3хх-80-83/-ийг иргэний нэхэмжлэгчээр, Б.Нэргүйг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогоогүй байна.

 

Энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх шаардлагад нийцэхгүй хэдий ч давж заалдах шатны шүүхээс энэхүү зөрчилд үндэслэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр, буцаалгүйгээр шийдвэрлэлээ.

 

Тодруулбал Монгол банкны ерөнхийлөгчийн 2020 оны 09 сарын 02-ны өдрийн  А-354 дугаар тушаал, 2020 оны 10 сарын 05-ны өдрийн А-394 дугаар тушаал, Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн 2020 оны 10 сарын 16-ны өдрийн 3296 дугаар тушаал зэрэг баримтаар анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаан оролцсон Б.Нэргүй нь банкны эрх хүлээн авагчийн төлөөлөгчөөр томилогдсон этгээд болох нь тогтоогдож байх ба тэрээр үлдэх төлбөр 36 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү, өөр санал, хүсэлтгүй гэжээ.

 

Мөн шийтгэх тогтоолд 46 000 000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгохоор шийдвэрлэсэн, шүүгдэгч энэхүү төлбөрөөс 10 000 000 төгрөгийг төлсөн, үлдэх төлбөр 36 000 000 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн нь иргэний нэхэмжлэгч болох Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч болон түүний төлөөлөгч Б.Нэргүй, шүүгдэгч Э.Аын хуулиар тогтоосон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж, зөрчөөгүй, тухайлбал гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөрийг бүрэн төлүүлэхийг хүссэн, Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн хүсэл, сонирхолд нийцсэн байна.

 

Тиймээс эдгээр үндэслэлээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, харин мөрдөгч, прокурор, шүүгчээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгчийг үндэслэлтэй, зөв тогтоож байхыг цаашид анхаарахыг магадлалд тэмдэглэж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/91 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Аын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Э.Аын цагдан хоригдсон 51 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

 

                                                ШҮҮГЧИД                                   А.САЙНТӨГС

 

                                                                                                    Н.БОЛОРМАА