Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 67

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Энхболд

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан  

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт  үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ******* холбогдох 201711000073 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 04 сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Хөвсгөл аймгийн Арбулаг суманд 1992 оны 03 сарын 29-ний өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, уул уурхай ашиглалтын инженер мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр 3 хүүхэд, дүүгийн хамт амьдардаг, энэ хэрэгт татагдах үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, Дорнод аймгийн Дашбалбар сумын 5 дугаар баг, ******* тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй, бие эрүл, ухаан мэдрэл бүрэн Боржигон овогт Тунгалагийн Намхайдорж. / РД: ******* /

 

 Шүүгдэгч Боржигон овогт Тунгалагийн Намхайдорж нь Дорнод аймгийн Чойбалсан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хилийн “Хавирга” боомтоор 2017 оны 01 сарын 16-ны өдрийн 10 цагийн орчимд Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан бараа болох 611100 төгрөгийн үнэлгээтэй 135,8 кг үхрийн мах, 425000 төгрөгийн үнэлгээтэй 71,7 кг хөлдүү Зэвэг загасыг бага бус хэмжээгээр  Портер маркийн 08-96 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн тэвшинд нууж улсын

хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллагдагчаар татах тухай тогтоолоор/

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

            Шүүгдэгч Боржигон овогт Тунгалагийн Намхайдорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би үйлдсэн хэргийнхээ талаар хүлээн зөвшөөрч мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн учир дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй. Би өөрийн найзынхаа машиныг гуйж барьж явсан юм. Би үйлдсэн хэрэгтээ маш ихээр гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгөн үү гэжээ.                        

 Гэрч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би Дорнод аймгийн Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар ажилладаг. 2017 оны 01 сарын 16-ны өдөр үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Портер маркийн 08-96 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл гарах чиглэлд орж ирсэн бөгөөд программ бүртгэхэд 1320 хувийн дугаартай надад хуваарилагдсан. Үүний дагуу уг тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт шалгалтыг хийхээр уг тээврийн хэрэгслийн жолооч Намхайдорж гэх хүнээс “хориглосон болон хязгаарласан бараа байхгүй биз дээ” гэж асуухад “тийм зүйл байхгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийхээр яаман дээр гаргаад би доогуур нь ороод шалыг нь доороос нь төмрөөр цохиж үзэхэд дотроо юмтай юм шиг сонсогдсон. Тэгэхээр нь би дээш гараад порчикийг нь буулгаад шалных нь зузааныг харах гэхэд өндөрлөгөө төмөр нь дотроос нь гагначихсан юм шиг харагдсан. Тэгэхээр нь би тэр залууг порчикоо нээгээд харуулчих гэж хэлэхэд “би хүний машин барьж яваа, энэ нь яаж нээгддэг юм бол доо, би мэдэхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд арын машиныг шалгах шаардлагатай байсан учраас тэр залууг урд талын тавцангийн тийшээ очиж зогсоод порчикоо буулгаад шалгуул гэдэг шаардлага тавьсан. Тэгээд арынхаа машиныг шалгачихаад 20-30 орчим минут болоход Намхайдорж гэх тэр залуу машиныхаа порчикийг буулгаагүй, өндөрлөгөөг нь ч аваагүй байхаар нь би очоод машиных нь ачаан дээр гараад дэвсээд үзэхэд бас л юм байгаа юм шиг битүү сонсогдож байсан. Тэгэхээр нь “яагаад өндөрлөгөөгөө аваагүй байгаа юм бэ” гэж асуухад “хөгшөөн энэ бүгд гагнаастай байна” гэж хэлэхээр нь би үзээд “гагнаасгүй байна, дээшээ өргөөд авагдах юм байна, тэр баруун хойд талбайруу очоод порчикоо буулгаад байж бай” гэж хэлсэн. Тэгээд би цайндаа орох гээд явж байхад Намхайдорж гэх тэр жолооч залуу  араас ирээд “хөгшөөн шаланд нь жоохон юм байгаа” гэж хэлэхээр нь “тэр нь хамаагүй, би ямар ч л байсан нээж харна, би чамайг порчикоо буулга гэж хэлснээс хойш бараг 1 цаг боллоо, яагаад шалгуулахгүй удаад байгаа юм бэ” гэж хэлэхэд “харин тиймээ, жоохон юм байгаа юм аа” гэсэн. Тэгэхээр нь “би ямар ч л байсан шалгаж байж гаргана гэж хэлээ биз дээ, юу байгаа юм бэ” гэж асуухад “жоохон мах байгаа юм аа” гэж хэлсэн. Тэгээд би тэр залууг задлаад байж бай гэж хэлээд цайндаа ороод 15 орчим минут болоод буцаад гарч ирэхэд өндөрлөгөө төмөр болон порчикоо буулгачихсан, нэмэлт шалаа задалчихсан байсан. Тэгээд харахад хар өнгийн уутанд жижиг жижиг хэсэг болгоод /хавтгайлаад/ хийчихсэн үхрийн мах, загаснуудыг задгайгаар өрчихсөн байсан бөгөөд би зургийг нь авч баримтжуулаад жинлэж үзэхэд мах нь 135.8 кг, загас нь 71.7 кг байсан. Би тэр Намхайдорж гэх залуугаас “хэнийх юм” гэж асуухад “хүнийх гэснээ өвөр монгол хүнийх” гэж хэлсэн, тэгснээ бөөрөнхийлөөд тодорхой бус л юм яриад байсан. Тэгээд би Чойбалсан сумын цагдаад уг мах болон загасыг хүлээлгэж өгсөн бөгөөд хүлээлгэж өгөхдөө мөн адил жинлээд өгсөн  гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/

Гэрч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би нөхөр Намхайдоржтой 2011 онд танилцсан бөгөөд тэрнээс хойш хамтран амьдарч байгаа. Бид хоёр банкны зээлтэй бөгөөд манай нөхөр мөнгө олно гээд ярьдаг байсан. 2017 оны 01 сард манай нөхөр хилээр мах гаргана гэж ярьж байсан бөгөөд тухайн үед би нөхрөөсөө болох юм уу? гэж асуухад болох байх гэж хэлж байсан. Өөр хүнтэй хамтарч хилээр  гаргах талаар юм ярьж байгаагүй, харин манай нөхөр өөрөө ярихдаа Хятадад нэг хүн загас авна гэж байна, би мах загас хоёр гаргадаг юм билүү гэж ярьж байсан. Би Хосбагана гэх хүнийг танихгүй, манай нөхөр Хосбагана гэх хүний ачаа барааг ачиж хилээр гаргана гэж ярьж байгаагүй. Би Дашбалбар суманд аарц зардаг бөгөөд 2017 оны 01 сарын эхээр манай нөхөр урд /Хятадад/ мах болон загас үнэтэй авна гэнэ гэж хэлээд надаас 420000 төгрөг авсан. Тэгээд тэр мөнгөөрөө мах болон загасаа аваад явсан байх, ямар ч л байсан өр ширээ дарах боломж гарлаа гэж ярьж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/

Гэрч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Тэгээд бид хоёр аймгаас гараад Чойбалсан сумын Хавиргын хоолны гэрт очиж унтаж амраад маргааш өглөө нь 9 цагийн орчимд Хавиргын боомт руу явсан. Бид хоёр 10 цаг өнгөрч байхад очоод би бичиг баримтаа шалгуулахаар ороход гаалийн ажилчид машинд шалгалт хийж байсан. Намайг баримт бичгээ шалгуулаад байж байхад Намхайдоржийн машины өндөрлөгөөг нь буулгуулаад шалыг нь сөхөж үзээд шалгаж байсан.  Гаалийн ажилчид Намхайдоржийн машины ачааных нь шалан доороос үхрийн мах болон загасны мах гаргаж ирээд хориотой бараа нэвтрүүлэх гэж байна гэж хэлээд саатуулсан гэх мэдүүлэг. /хх-ийн 44-45/

Гэрч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 2016 оны 08 сард Хөвсгөл аймгийн харъяат Батзориг гэдэг хүнээс 3500000 төгрөгөөр Портер маркийн 08-96 ХӨВ улсын дугаартай машиныг худалдаж авсан, шилжүүлгээ хийлгэж амжаагүй байгаа. Батзоригийг таньдаг найз нөхөд учраас дараа нь шилжүүлгээ хийлгэнэ гэж тохирсон. Уг машиныг Дорнод аймагт зарахаар авч очсон чинь Намхайдорж гэж манай найз надаас Портер машиныг гуйгаад авч явсан, хаашаа юунд явах гэж байгаагаа хэлээгүй, ойрхон яваад ирье гээд аваад явсан. Тэгээд цагдаад баригдаад журмын хашаанд оруулсан гэсэн. Нарийн учрыг нь сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг. / хх-ийн 48/

Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны 2017 оны 03 сарын 27-ны өдрийн шинжээчийн №04 тоот дүгнэлтэд

1.Шинжилгээнд ирүүлсэн загасууд нь нэг төрлийн загас бөгөөд Зэвэг гэх загас байна. Энэ нь биеийн гадаргуу толгойн дээд хэсгээр гол төлөв дугараг хэлбэрийн тод бараан толбуудтай. Нуруун талд сүүлний сэлүүрийн өмнө өөхөн сэлүүр бий. Бие 2 хажуугаасаа хавчиг, ам жижиг тэгш, хэвлий болон хоолойн хэсэг нь жижиг хайрсаар бүрхмэл юм.

2.Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсны дагуу Ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээгээр 1 ширхэг зэвэг загасыг 17000 төгрөгөөр тогтоосон байдаг гэжээ. /хх-ийн 50/

Бараа, тээврийн хэрэгслийг саатуулах хуудас /хх-ийн 14/

Хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан бараа болох 135,8 кг үхрийн мах, 71,7 кг хөлдүү загасыг хураан авсан тухай тэмдэглэл / хх-ийн 17/

Хэрлэн сумын үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 18/

Портер маркийн 08-96  ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 19/

*******оос 8,4 кг үхрийн махыг хураан авах тогтоол, хураан авсан тухай тэмдэглэл / хх-ийн 20, 21/

Портер маркийн, 08-96 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэх , эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл / хх-ийн 22, 23/

Эд зүйлийн үнэлгээ / хх-ийн 26, 32/

Портер маркийн 08-96 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 27-28/

Улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан бараа болох 135,8 кг үхрийн мах, 71,7 кг хөлдүү загасыг эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол /хх-ийн 36/

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл / хх-ийн 22, 23/

Эд мөрийн баримтыг устгасан тухай тэмдэглэл, түүний  зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 33-34/

Дорнод аймгийн Автотээврийн төвийн 2017 оны 02 сарын 15-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 83/

            Дорнод аймгийн Дашбалбар сумын 1 дүгээр багийн Засаг даргын шүүгдэгч *******ийн ам бүл, оршин суугаа хаягыг тодорхойлсон тодорхойлолт /хх-ийн 85/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 89/  зэрэг нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Боржигон овогт Тунгалагийн Намхайдорж нь Дорнод аймгийн Чойбалсан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах  “Хавирга” хилийн боомтоор 2017 оны 01 сарын 16-ны өдрийн 10 цагийн орчимд Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан бараа болох 611100 төгрөгийн үнэлгээтэй 135,8 кг үхрийн мах, 425000 төгрөгийн үнэлгээтэй 71,7 кг хөлдүү Зэвэг загас зэргийг Портер маркийн 08-96 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн тэвшинд нууж нийт 1036100 төгрөгийн буюу бага бус хэмжээний эд зүйлсийг Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн  гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хуульд заасан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж үзсэн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч У.Батзориг, Б.Баярцэнгэл, А.Төгсбаяр нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүүлгүүд болон бараа, тээврийн хэрэгсэлийг саатуулах хуудсууд  /хх-ийн14/, хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан бараа болох 135,8 кг үхрийн мах, 71,7 кг хөлдүү загасыг хураан авсан тухай тэмдэглэл / хх-ийн 17/, Хэрлэн сумын үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 18/, Портер маркийн 08-96  ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 19/, *******оос 8,4 кг үхрийн махыг хураан авах тогтоол, хураан авсан тухай тэмдэглэл / хх-ийн 20, 21/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл / хх-ийн 22, 23/, эд мөрийн баримтыг устгасан тухай тэмдэглэл, түүний  зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 33-34/ Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны 2017 оны 03 сарын 27-ны өдрийн шинжээчийн №04 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай  батлагдан тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр, тээврийн хэрэгслийн  эд ангийг зориуд тоноглож нуувч болгон ашиглан үйлдэж, нийт 1036100  төгрөгийн хохирол учруулжээ.

Шүүгдэгч *******ийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчид эрүүгийн ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тээврийн хэрэгсэл болох 08-96 ХӨВ улсын дугаартай, Портер маркийн ачааны авто машин нь Б.Бямбабаярын эзэмшлийн машин мөн болох нь гэрч Б.Бямбабаярын “Би Батзориг гэдэг хүнээс 3500000 төгрөгөөр Портер маркийн 08-96 ХӨВ улсын дугаартай машиныг худалдаж авсан, шилжүүлгээ хийлгэж амжаагүй байгаа. Уг машиныг Дорнод аймагт зарахаар авч очсон чинь Намхайдорж гэж манай найз надаас Портер машиныг гуйгаад авч явсан, хаашаа юунд явах гэж байгаагаа хэлээгүй, ойрхон яваад ирье гээд аваад явсан. Тэгээд цагдаад баригдаад журмын хашаанд оруулсан гэсэн гэх мэдүүлэг. / хх-ийн 48/, Дорнод аймгийн Автотээврийн төвийн 2017 оны 02 сарын 15-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 83/ зэргээр нотлогдож байх тул уг машиныг эзэмшигчид нь буцаан олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-д “гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл, унаа хөсөг болон бусад хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана” гэж заасны дагуу машины үнэ 3000000 төгрөгийг шүүгдэгч *******оос гаргуулж, улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.

Мөрдөн байцаалтад эд мөрийн баримтаар хураагдсан  1 ширхэг зэвэг загасыг Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсны дагуу “Ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээгээр 17000 төгрөгөөр, Хэрлэн сумын Үнэ тогтоох комиссын үнэлгээгээр 4500 төгрөгөөр, шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тээврийн хэрэгсэл болох 08-96 ХӨВ улсын дугаартай, Портер маркийн ачааны авто машиныг 3000000 төгрөгөөр тус тус үнэлжээ.

Эд мөрийн баримтаар хураагдсан 135,8 кг үхрийн мах,  71,7 кг хөлдүү зэвэг загас зэрэг нь хадгалалтын явцад үнэр орж, өмхийрч муудаж, эрүүл ахуйн, чанар стандартын шаардлага хангахгүй болсон тул мөрдөн байцаалтын шатанд устгасан болох нь эд мөрийн баримтыг устгасан тухай тэмдэглэл, түүний  зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 33-34/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй тул эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн тул түүний эзэмшлийн эд хөрөнгөнөөс 2380000 төгрөгний үнэ бүхий Дорнод аймгийн Дашбалбар сумын 5-р баг, Дөрөө хорооны 2-1 тоотод байрлах 700 м2 талбайтай газрыг битүүмжилсэн 2017 оны 03 сарын 20-ны өдрийн мөрдөн байцаагчийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгох, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тээврийн хэрэгслийг эзэмшигч Б.Бямбадоржид буцаан олгохоор шийдвэрлэсэн тул уг машиныг битүүмжилсэн 2017 оны 03 сарын 23-ны өдрийн мөрдөн байцаагчийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, түүний  баримт бичгээр хураагдаж ирсэн ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг буцаан олгохоор  шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа  зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

Шүүгдэгчийн дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлууд, шүүгдэгчийн хувийн зан төлөв, эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулах боломжгүй тул  албадан ажил хийлгэх ял оногдуулах нь зохимжтой гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290-р зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Тунгалагийн Намхайдоржийг Улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарлсан буюу хориглосон эд зүйлийг Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар шүүгдэгч Тунгалагийн Намхайдоржийг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 400 /дөрвөн зуун/ цагийн албадан ажил хийлгэх ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар ялтан ******* нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялын 8 /найм/ цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солих учрыг мэдэгдсүгэй.

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар ялтан *******ийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 3000000 төгрөгний үнэ бүхий 08-96 ХӨВ улсын дугаартай, цэнхэр өнгийн Портер маркийн ачааны авто машиныг эзэмшигч Б.Бямбабаярт буцаан олгож, ялтан *******оос машины үнэ 3000000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

 5. Ялтан ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүйг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн ялтан *******ийн РБ 92032913 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг буцаан олгосугай.

 6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар ялтан *******ийн  эзэмшлийн эд хөрөнгөнөөс 2380000 төгрөгний үнэ бүхий Дорнод аймгийн Дашбалбар сумын 5-р багийн Дөрөө хорооны 2-1 тоотод байрлах 700 м2 талбай газрыг битүүмжилсэн 2017 оны 03 сарын 20-ны өдрийн мөрдөн байцаагчийн Эд хөрөнгө битүүмжлэх, 3000000 төгрөгний үнэ бүхий 08-96 ХӨВ улсын дугаартай, цэнхэр өнгийн Портер маркийн ачааны автомашиныг битүүмжилсэн 2017 оны 03 сарын 23-ны өдрийн мөрдөн байцаагчийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан *******ид урьд нь авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан *******ид авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ                                         Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ