Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 109/ШШ2022/0027

 

 

Дугаар 109/ШШ2022/0027

 

 

Хариуцагч прокурорын дүгнэлтийг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Одонтуяа би, Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Мын Архангай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч У.Бд холбогдуулан гаргасан прокурорын дүгнэлтийг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Архангай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтан У.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мын 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн №73 дугаартай дүгнэлтэд 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 0134747 дугаартай шийтгэлийн хуудасны 1 дэх заалтыг Холбогдогч Б.Бын үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хорин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000 /хорин мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай гэж өөрчлөлт оруулахаар заасан прокурорын дүгнэлтийг ирүүлсэн байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасны дагуу прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Тус шүүх Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Маас Архангай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч У.Бд холбогдуулан гаргасан шаардлага бүхий нэхэмжлэлийг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэж ажиллагаа явуулжээ.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар захиргааны актад өөрчлөлт оруулахаар дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан Архангай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч У.Бд холбогдох маргаан бөгөөд Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын хэрэг мөн, нутаг дэвсгэрийн хувьд харьяалагдаж байгаа учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй гэж үзсэн болно. Маргаан бүхий актын тухайд;

3. Иргэний Улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6 дахь хэсэгт зааснаар Архангай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч У.Б 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 0134747 дугаартай шийтгэлийн хуудсаар зөрчлийн холбогдогч Б.Быг иргэний үнэмлэх тогтоосон хугацаанд солиулаагүй гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэн шийдвэрлэх нь хэсэгт Зөрчлийн тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу торгох шийтгэл оногдуулсугай гэж тэмдэглэжээ.

4. Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Мын шүүхэд гаргасан дүгнэлтдээ ... Улсын бүртгэлийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтан У.Б нь зөрчлийн холбогдогчид шийтгэл оногдуулахдаа "Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай /Маягт-2/ шийтгэлийн хуудасны 1 дүгээр заалтад зөрчлийн холбогдогчид оногдуулсан шийтгэлийн төрөл, хэмжээг тодорхой бичээгүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 135 дугаар тогтоолд заасан журмыг тус тус зөрчсөн хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болжээ... гэж дурдаад, шийтгэлийн хуудсанд зохих өөрчлөлт оруулахаар тус шүүхэд дүгнэлт бичиж ирүүлсэн байна.

5. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, хариуцагч Архангай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч У.Бгаас Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Мын шүүхэд гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн талаарх тайлбарыг 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд бичгээр гаргажээ.

6. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1. дэх хэсэг Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 21.1.1.-д нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, ..., 67 дугаар зүйлийн 67.1. дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно., 69 дүгээр зүйлийн 69.2. дахь хэсэгт Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ. гэж тус тус заасан.

7. Иймд хариуцагч Архангай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцгаагч У.Б нь Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Мын 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн №73 дугаартай дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн, энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

8. Түүнчлэн хэргийн оролцогч нарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс үүсэх үр дагаврыг танилцуулж, баримт үйлдэж хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1. дэх хэсэг, 112 дугаар зүйлийн 112.4. дэх хэсгийн 112.4.3. , Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.20, 2.1 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6. дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Архангай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч У.Б нь прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Мын дүгнэлттэй, Архангай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч У.Бд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсгүүдэд заасны дагуу прокурор нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Энэ захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОДОНТУЯА