Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 34

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      А.Эын нэхэмжлэлтэй иргэний

                                                          хэргийн тухай

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 129/ШШ2018/00747 дугаар шийдвэртэй

А.Эын нэхэмжлэлтэй

Архангай аймгийн ус суваг ашиглалтын “Ар Ус У” ХХК болон түүний төлөөлөн удирдах зөвлөлийн даргад холбогдох

тус компаний төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 03, 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 07 дугаар тогтоолууд болон захирлын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/49 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгуулах, тоолуурын инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

нэхэмжлэгч А.Эын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч “Ар Ус У” ХХК-ий төлөөлөгч С.П, компаний төлөөлөн удирдах зөвлөлийн даргын төлөөлөгч Ж.У, нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.     

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “А.Э миний бие 2014.11.03-ны өдөр ус суваг ашиглалтын "У” ХХК-д тоолуурын инженерийн ажилд орсон. “У” ХХК-ийн захиралтай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Гэтэл 2017.06.30-ны өдөр “У” ХХК-ийн захирлын б/49 тоот тушаалаар орон тооны цомхтгол хийж ажлын байргүй болсон гэсэн шалтгаанаар намайг ажлаас халсан. Энэ компанид тоолуурын инженерийн орон тоо зайлшгүй байх ёстой. Яагаад гэвэл “У” ХХК нь хэрэглэгчдэд цэвэр ус түгээх мэргэжлийн компани бөгөөд чиг үүрэг нь гүний усыг хэрэглэгчдэд түгээж, усны тоолуураар хэрэглэгчидтэй төлбөр тооцоо хийдэг байгууллага юм. Хэрвээ орон тоог цомхтговол түгээж байгаа усыг тооцох боломжгүй учраас тусгай зөвшөөрөлгүй болж үйл ажиллагаа явуулах боломжгүй болж байгаа юм. Иймд тухайн үйл ажиллагаанаас болж аж ахуйн нэгж болон иргэдийн эрх ашиг ноцтой зөрчигдөж байна. Энэ орон тоо байх ёстой учраас орон тооны цомхтгол хийсэн нь үндэслэлгүй байна. Хэрвээ би ажлын нөхцөл шаардлагыг биелүүлээгүй, эсхүл хөдөлмөрийн гэрээг зөрчиж ажлаас халагдсан бол энэ маргааныг үүсгэхгүй. Энэ орон тоо байхгүй болно гэдэг нь “У” ХХК-ийн үндсэн чиг үүргийн үйл ажиллагааг зөрчиж байгаа юм. Ажиллах хугацаандаа би ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Намайг ажлаас халахдаа “У” ХХК-ийн удирдах зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 03, 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 07 тоот тогтоолуудыг үндэслэсэн бөгөөд уг тогтоолууд нь Монгол улсын хууль тогтоомжуудыг зөрчсөн. Иймд “У” ХХК-ийн удирдах зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 03, 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 07 тоот тогтоолууд болон тус компаний захирлын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн б/49 тоот тушаалыг тус тус хүчингүй болгож, “У” ХХК-ийн тоолуурын инженерийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч “Ар Ус У” ХХК болон түүний төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарт: “Ус суваг ашиглалтын “У” ХХК нь орон нутгийн өмчит аж ахуйн нэгж бөгөөд өөрийн орлогоос зардлаа нөхөх зарчмаар ажилладаг ашгийн төлөө байгууллага юм. Манай компаний орон тооны хязгаарыг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас байгуулагдсан удирдах зөвлөл тогтоож өгдөг. Захирлын тухайд бол удирдах зөвлөлийн тогтоосон уг орон тоонд ямар бүтэцтэй ажиллахаа шийдвэрлэж, компаний дүрэмд заасан үйл ажиллагааг өдөр тутмын удирдлагаар ханган ажилладаг. “У” компаний удирдах зөвлөлийн 2017.02.17-ны өдрийн хурлаар тус компанийн орон тоог 71 байхаар урьд оноос бууруулан шинэчлэн баталсан. Ийнхүү орон тоог цөөрүүлэхдээ инженерүүдийг цөөрүүлэх чиглэл өгсөн. Энэ тогтоолын дагуу захирлын тушаал гаргаж бүтцээ баталсан. Шинэчлэн баталсан бүтцээр тоолуурын инженерийн орон тоо хасагдсан учир А.Эод нэг сарын өмнө буюу 2017.05.30-нд ажлаас чөлөөлөх болсныг мэдэгдэж мэдэгдэл өгсөн. Өөрөө мэдэгдлийг гардаж авсан. Мөн А.Эыг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42.1 дэх заалтуудыг удирдах зөвлөлийн тогтоолын хамт үндэслэл болгосон. Иймд “У” ХХК-ийн захирлын б/49 дүгээр тушаалыг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж үзнэ. Мөн “У” ХХК-ийн удирдах зөвлөлийн 2017 оны 03, 07 дугаар тогтоолууд нь удирдах зөвлөлийн эрх хэмжээний хүрээнд гарсан тул хууль зөрчөөгүй. Тус компани нь Архангай аймгийн хэрэглэгчдийг усаар хангах системийг нэвтрүүлж байгаа тусгай зөвшөөрлийн байгууллага, энэ хүрээнд тоолууртай холбоотой үйл ажиллагаа явуулдаг гэдэгтэй маргах зүйл байхгүй.” гэжээ.

 

Хариуцагч “Ар Ус У” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон түүний төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарт: ““У” ХХК-ийн дүрмийн 6 дугаар зүйлд төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхийг тусгасан бөгөөд 6.4.1-д “компаний зохион байгуулалтын бүтэц, орон тоог батлах” гэжээ. Энэ эрхийн хүрээнд төлөөлөн удирдах зөвлөл 2017 оны хоёр дахь удаагийн хуралдаанаар тус компанийн бүтэц орон тоог хэлэлцэж, 78 орон тоог 71 болгож мэргэжлийн бус, шаардлагагүй, ажиллахгүй байгаа илүү орон тоог цомхтгохоор шийдвэрлэсэн. Иймд “У” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй, иргэн А.Эыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөнтэй холбоотой бүхий л зардлыг шийдвэрлэсэн тул түүний хуулиар хамгаалагдсан хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндөөгүй, нэхэмжлэгчид шууд хохирол учраагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 129/ШШ2018/00747 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, Компаний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Эын У ХХК-ий төлөөлөн удирдах зөвлөлийн 03, 07 тоот тогтоолууд болон У ХХК-ий захирлын Б/49 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож; энэхүү нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч А.Эын давж заалдах журмаар гаргасан гомдолд: “А.Э миний нэхэмжлэлтэй Архангай аймгийн “Ар Ус У” ХХК болон “Ар Ус У” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн зүгээс Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 129/ШШ2018/00747 дугаартай шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. А.Э миний бие 2017.06.30-ны өдөр Архангай аймгийн “Ар Ус У” ХХК-ийн захирлын б/49 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан тул тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 129/ШШ2017/00562 дугаар шийдвэр, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 04 тоот магадлалаар миний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Миний бие Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 129/ШШ2017/00562 дугаар шийдвэр, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 04 тоот магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэсэн хяналтын гомдлыг Монгол Улсын Дээд шүүхэд гаргасан. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 001/ХТ2018/00704 дугаартай тогтоолоор А.Э миний гомдлыг хангаж Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 129/ШШ2017/00562 дугаар шийдвэр, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 04 тоот магадлалыг тус тус хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан билээ. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 001/ХТ2018/00704 дугаартай тогтоолд “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлэхийн тулд гэрчээс мэдүүлэг авахуулахаар хүсэлт гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх үүрэгтэй. Шүүх нотлох баримтыг бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байна” гэсэн дүгнэлт өгсөн. Ингээд нэхэмжлэгч А.Э миний бие дахин Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус байгууллагад тоолуурын лабораторийг байгуулах зайлшгүй шаардлага бий болсныг үндэслэн тоолуурын лабораторийг байгуулж, тоолуурын инженерийг ажилд авсан, одоо тоолуурын лаборатори, тоолуурын инженерийн орон тоо хэвээр байгаа, компанийн гол чиглэлийн инженерийн орон тоог хассан удирдах зөвлөлийн шийдвэр буруу байгаа зэргийг нотлох зорилгоор удирдах зөвлөлийн дарга байсан М.Батжаргал, компанийн захирал байсан Б.Булганчимэг, нарийн бичгийн дарга Х.Ганхуяг нарыг гэрчээр асуулгахаар хүсэлт гаргасан. Гэтэл Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь дахин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчиж нэхэмжлэгч миний гол нотлох баримт болох гэрчийн мэдүүлгийг хасч хэргийг шийдвэрлэж байгаа нь илт хууль бус буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2, 168.1.7 дахь заалтыг дахин зөрчсөн. Гэрчүүд нь байгууллагад тоолуурын лабораторийг байгуулах зайлшгүй шаардлагатай байсан тул тоолуурын лабораторийг байгуулсан, төлөөлөн удирдах зөвлөл шийдвэр гаргаж тоолуурын инженер гэсэн албан тушаалыг нэр заан бий болгож тоолуурын инженерийг ажилд авсан, энэ нь Хэмжих хэрэгсэл тусгай зөвшөөрлийн тухай хуульд зааснаар зайлшгүй байх ёстой орон тоо бөгөөд тус орон тоог буй болгосны үндсэн дээр тоолуураар усаа хэмжих гол чиг үүргээ хэрэгжүүлж байгаа, одоо тоолуурын лаборатори, тоолуурын инженерийн орон тоо хэвээр буюу чиг үүрэг нь хэвээр байгаа, компанийн гол чиглэлийн инженерийн орон тоог хассан нь хууль бус үйл ажиллагаа болсон, хэрэв хуучин удирдлагууд ажил үүргээ гүйцэтгэж байсан бол уг орон тоог хасч хууль зөрчихгүй байсан тухай тодорхой мэдүүлгүүд өгсөн. Харин шүүх хариуцагчийн хууль бус тайлбараар нотлох баримтыг хасч байгаа нь харагдаж байна. Хариуцагч үндэслэлгүйгээр гэрчийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж, үндэслэлгүйгээр гэрчийн мэдүүлгийг хамааралгүй гэж үзсэн байгааг шүүх дүгнэлт өгөхгүй орхиж байгаа нь илт нэг талд үйлчилж байгааг харуулж байна. Мөн ингээд нэхэмжлэгч А.Э миний бие дахин Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус байгууллагад тоолуурын лабораторийг байгуулах зайлшгүй шаардлага бий болсныг үндэслэн тоолуурын лабораторийг байгуулж, тоолуурын инженерийг ажилд авсныг нотлохоор “Ар Ус У” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл болон “Ар Ус У” ХХК-аас зайлшгүй шаардлагатай нотлох баримтууд гаргуулахаар хүсэлт гаргасан. Үүнд хэмжих хэрэгслийн тусгай зөвшөөрөл авахдаа бүрдүүлсэн баримтууд, хурлын протокол, тогтоол гэх мэт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зайлшгүй шаардлагатай нотлох баримтууд багтсан хүсэлт гаргасан.

2. Гэтэл Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь хариуцагчийн талд үйлчлэн нотлох баримтууд байхгүй байна гэсэн хариугаар мөн нотлох баримтыг бүрдүүлэх үүргээ огт биелүүлээгүй. Ингэж дахин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчиж нэхэмжлэгчийн гол нотлох баримтыг бүрдүүлэхгүй байгаа нь хууль бус байна. Хариуцагч санаатайгаар гол нотлох баримтуудыг гаргаж өгөхгүй байгаа нь илт байсан тул нэхэмжлэгч миний бие нотлох баримтаа хамгаалуулах хүсэлт хуулийн дагуу гаргасан.

3. Гэтэл Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь хариуцагчийн талд үйлчлэн нотлох баримт хамгаалуулах хүсэлтийг хууль бусаар хэрэгсэхгүй болгож нэхэмжлэгч миний хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчиж шийдвэр гаргасан.

4. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ““Ар Ус У” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 03 тоот тогтоолоор нийт ажилчдын тоо 78 байсныг 71 болгож цөөрүүлсэн тул “Ар Ус У” ХХК-ийн захирлын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн б/49 тоот тушаалаар А.Эыг ажлаас чөлөөлсөн байна. “Ар Ус У” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 03, 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 07 тоот тогтоолууд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т нийцсэн” гэж хуулийг буруу тайлбарласан. Гэтэл “Ар Ус У” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 03 тоот хууль бус тогтоолыг үндэслэж төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 07 тоот тогтоол, захирлын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн б/49 тоот тушаал гарсан байдаг. “Ар Ус У” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 03 тоот тогтоолоор бүтцийн өөрчлөлт хийгээгүй, орон тоог цөөрүүлсэн байдаг. Энэ тогтоолд тоолуурын инженерийн орон тоог цомхтгох тухай огт байхгүй бөгөөд удирдлагад ч тоолуурын инженерийн орон тоог цомхтгох чиглэл өгөгдөөгүй. Тоолуурын ажилтанг цөөрүүлэх чиглэл өгсөн боловч тоолуурын ажилтанд тоолуурын слесарь, тоолуурын лабороторийн химич, бактерологич, тоолуурын цэвэрлэгч гээд олон орон тоо багтдаг. Харин тоолуурын инженерийн орон тоо бол Стандарт, хэмжил зүйн газрын хэмжих хэрэгслийн тусгай зөвшөөрлийн “тоолуурын инженертэй байх” гэсэн шалгуурыг хангаж авсан орон тоо байдаг. Тоолуурын инженерийн орон тоог буй болгосон өмнөх үндэслэл бүхий шийдвэрийг цуцлахгүйгээр дахин тогтоол гаргасан нь бодит нөхцөл байдалд тохирсон шийдвэр гэх үндэслэлгүй байгааг харуулж байна.

5. 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 03 тоот тогтоол нь хууль болон зорилгодоо нийцээгүй, бодит нөхцөлд тохироогүй, үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн шийдвэр байдаг. Ямар орон тоог хэрхэн өөрчлөх талаар “Ар Ус У” ХХК-ийн захиралд амаар чиглэл өгсөн гэдэг байдлаар миний эрхийг зөрчиж байгаа нь хууль бус байна. Гэтэл шүүх дээрх тогтоолыг хуульд нийцсэн гэж хуулийг илт буруу тайлбарлаж хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна.

6. Архангай аймгийн “Ар Ус У” ХХК-ийн захирлын б/49 тоот тушаал нь зорилгодоо нийцээгүй, бодит нөхцөлд тохироогүй, үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг үндэслэн ажлын байрны чиг үүрэг нь хадгалагдаж байгаа зайлшгүй байх орон тоог улс төрийн зорилгоор цомхтгож байгаа нь хууль бус байна. Гэтэл шүүх дээрх тушаалыг хуульд нийцсэн гэж хуулийг илт буруу тайлбарлаж хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна.

7. Хариуцагч шүүхэд гаргаж өгсөн тайлбартаа “2014.01 сард инженерийн баримт бичгийг Стандарт, хэмжил зүйн газарт хүргүүлж тоолуурын тусгай зөвшөөрлөө авсан” гэдэг. Энэ нь тусгай зөвшөөрөл авахад тоолуурын инженерийн албан тушаал зайлшгүй шаардлагатай байсан, одоо уг тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа гэдгийг нотолж байна. Түүнчлэн хариуцагч тайлбарлаж байгаа нотлох баримтаа санаатайгаар гаргаж өгөхгүй байгааг харуулж байна. Гэтэл шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зайлшгүй шаардлагатай нэхэмжлэгчийн гол нотлох баримтыг гаргуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчсөн нь хууль бус байна.

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 129/ШШ2018/00747 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, “Ар Ус У” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 03, 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 07 тоот тогтоолууд, захирлын 2017 оны 06 дугаар 30-ны өдрийн б/49 тоот тушаалыг тус тус хүчингүй болгож намайг “Ар Ус У” ХХК-ийн тоолуурын инженерийн ажилд эгүүлэн томилж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

А.Э 2017.07.25-ны өдөр Архангай аймгийн ус суваг ашиглалтын “Ар Ус У” ХХК болон түүний төлөөлөн удирдах зөвлөлийн даргад холбогдуулан тус компаний төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 03, 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 07 дугаар тогтоолууд болон захирлын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/49 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгуулах, тоолуурын инженерийн ажилд эгүүлэн тогтоолгохыг шаардсаныг /х-1, х-1/ хариуцагч нар зөвшөөрөөгүй маргажээ. /х-1, х-17, 69/

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуульд заасан шаардлага хангаагүй нотлох баримтад үндэслэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хэргийн оролцогч нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулахгүй бөгөөд бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хэргийн 1 дүгээр хавтасны 212-235, 241-244 дүгээр хуудсуудад болон 2 дугаар хавтасны 2 дугаар хуудсанд авагдсан нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангахгүй байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Хуульд заасан шаардлага хангаагүй нотлох баримтын үнэн зөв эсэхийг үнэлэх боломжгүй байх тул анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн эсэх талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх, улмаар хэргийг шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 129/ШШ2018/00747 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцааж олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.             

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ДАВААСҮРЭН

                            ШҮҮГЧИД                                       Д.БЯМБАСҮРЭН

                                                                                   В.ЦЭЦЭНБИЛЭГ