Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 182/ШШ2022/00236

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                       

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С.Э-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ХЗДХС,

 

Хариуцагч: ХЗДХЯ-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: “ХЗДХС-ын 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “С.Э-ийг албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/44 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б,

Хариуцагч ХЗДХС-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, У.М,

Хариуцагч ХЗДХЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Марал-Эрдэнэ.

 

        ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч С.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Б/44 дугаар тушаалаар С.Э намайг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирлын албан тушаалаас 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байдаг. Тус тушаалын үндэслэх хэсэгт Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 4, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, ХЗДХСын 2020 оны 09 сарын 10-ны өдрийн А/158 тоот тушаалаар баталсан “Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн дүрэм”-ийн 5.1, 5.2 дахь заалтыг тус тус үндэслэл болгожээ.

Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 4-т заасныг баримталсан байх бөгөөд энэ нь ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох талаар ямарваа нэгэн бүрэн эрхийг Засгийн газрын гишүүнд олгосон хуулийн зохицуулалт биш байна.

Дээрх тушаалын хууль зүйн үндэслэлийг харахад Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн гэрээнд заасан ямар үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа нь тодорхойгүй, ажилтан нь ямар зөрчил гаргасан болохыг тогтоогоогүй байх тул хууль зүйн үндэслэлгүй байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын Б/44 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн ямар ч зүйл заалтыг үндэслээгүй буюу албан тушаалаас чөлөөлөхтэй огт хамааралгүй зүйл заалтад үндэслэсэн.

Мөн албан тушаалаас чөлөөлөх тухай шийдвэр гаргахдаа сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр мэдэгдсэн байдаг.

Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-т заасны дагуу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа миний тус захиргааны шийдвэрт санал, тайлбар гаргах боломжоор хангах үүргээ үл гүйцэтгэсэнд гомдолтой байна.

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн дүрэм шинэчлэгдэн батлагдахдаа 5.1, 5.2 дахь заалт дээр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал нь Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ph.d зэргээс доошгүй боловсролын зэрэгтэй байна гэж заасан. Нэхэмжлэгч нь тухайн үед Хууль зүйн ухааны доктор зэргийг авсан байсан. Докторын сургалтандаа хамрагдаад багц цагаа дүүргээд докторын дипломын ажлуудаа гүйцэтгээд явж байсан. Гэтэл энэ нөхцөл байдлыг анхаарч үзээгүй. Доктор байна гэдэг хатуу заалт тавьсан. Энэ нь нэхэмжлэгчийн эрх ашгийг дордуулж байгаа заалт. Ph.d-ээс доошгүй зэрэгтэй байна гэж заасан бол энэ талаар урьдчилан нэхэмжлэгчид мэдэгдэх ёстой байсан. Гэтэл дүрэм батлагдсан талаар нэхэмжлэгчид огт танилцуулаагүй.

Нэхэмжлэгч миний хувьд 2016 онд тухайн ажил, албан тушаалын болзол шаардлагыг хангаж, ТҮШУ-5 албан тушаалын зэрэглэлтэй Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирлын албан тушаал дээр ажиллах хөдөлмөрийн харилцаа үүссэн буюу хөдөлмөрлөх эрх маань нэгэнт хууль ёсоор үүсэж, хөдөлмөрийн харилцаа үргэлжилж байхад миний энэхүү эрхэд халдаж ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад дүрэм, журмуудыг зөрчжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасан ямар үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа тухайгаа үндэслээгүй, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-т зааснаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх ёстой гэтэл эдгээр заалтуудыг баримталж шийдвэр гаргаагүй байна.

Иймд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Б/44 дугаар тушаалыг хүчингүй болгож, С.Э намайг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, 2020.09.28-ны өдрөөс 2022.01.26-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 40,623,680 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч ХЗДХС-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, У.М нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Б/44 дугаар тушаалын үндэслэл хэсэгт “Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 4-т” гэж алдаатай бичсэн байх тул Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-т зааснаар тухайн бичилтийн алдааг засаж, түүнд мэдэгдсэн болно.

Ийнхүү чөлөөлөх нөхцөл нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/158 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн дүрэм”-ийн 5.1-т Хүрээлэнгийн захирал нь хууль зүйн шинжлэх ухааны доктор /PhD/-оос доошгүй боловсролын зэрэгтэй байна” гэсэн шаардлагад нийцэхгүй байсан тул чөлөөлсөн.

Энэхүү докторын зэрэгтэй байх шаардлага нь тус дүрмийн 1.1-д заасан тухайн байгууллагын чиг үүрэг болох “...эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны байгууллага” гэсэнтэй уялдсан байдаг.

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирлын эрх үүрэг, байгууллагын чиг үүрэгт “...эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны ажил” салшгүй хамт явж ирсэн болохыг 2002, 2012, 2015, 2020 оны тушаалуудаас харагдаж байна.

С.Эийн албан тушаалаас чөлөөлөх болсныг Захиргааны ерөнхий хуулийн 26, 27-р зүйлд заасан журмын дагуу “Сонсгох ажиллагаа” хийх мэдэгдэл хүргүүлж, мэдэгдлийн дагуу ирсэн С.Эт мэдээлэл өгч “Сонсгох ажиллагаа” явуулж, тэрээр тэмдэглэлд гарын үсэг зурсан байдаг.

2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр ХЗДХСын Б/15 дугаартай тушаалаар С.Эт “Сахилгын шийтгэл ногдуулсан” байдаг.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан давхар ажил эрхлэхийг хориглосон хязгаарлалтыг зөрчиж Арбитрын байгууллагад ажил албан тушаал эрхэлж байсан ноцтой зөрчил гаргасан билээ.

Одоо тухайн байгууллагад удирдах албан тушаал эрхэлж байгаа болно. Халагдах үед докторын зэрэгтэй байсан гэж ярьж байна. 2020.09.25-ны өдөр тушаал гарсан, 2020.09.11-ний өдөр сонсох ажиллагаа явагдсан. Энэ хооронд яагаад докторын зэрэгтэй гэдгээ хэлээгүй юм бэ? Энэ хугацаанд нөхцөл байдал өөрчлөгдөх боломжтой. Тушаал хууль зүйн хувьд үндэслэлтэй гарсан С.Эийг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.” гэв.

 

ХЗДХЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хууль, зүй дотоод хэргийн сайдын төлөөлөгчийн тайлбарыг дэмжиж оролцож байна. 2020.09.11-ний өдөр С.Э-т сонсох ажиллагаа хийгээд, 2020.09.25-ны өдөр тушаал гарсан. Энэ 14 хоногийн хугацаанд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбарласнаар тайлбар мэдүүлэг гаргах боломжгүй байсан гэдэг нь үндэслэлгүй. 14 хоногийн хугацаанд хариу тайлбараа өгөх бүрэн боломжтой байсан. Сонсох ажиллагаа хийхэд тодорхой тайлбарлаж хэлсэн. Албан тушаалын тодорхойлолтыг өөрчлөхөд мэдэгдсэнгүй гэж байна. Албан тушаалын тодорхойлолт нэг хүнд зориулагдсан тушаал биш учраас албан тушаалын тодорхойлолтыг өөрчлөх эсвэл шинэчлэн найруулахад Төрийн албаны зөвлөлөөс санал авах ёстой. Энэ хуулийн дагуу ажиллана. С.Эт мэдэгдэнэ гэсэн хуулийн заалт байхгүй. Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирлын албан тушаалын тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөлөөс санал авсны үндсэн дээр докторын зэрэгтэй байна гэсэн шаардлагыг нэмж оруулсан. Хэргийн материалаас харахад нэхэмжлэгч докторын зэрэг хамгаалсан, сургалт дүүргэсэн гэсэн баримт хавсаргасан байсан. Би үүнийг үзэхдээ докторын сургалтад хамрагдаад, сургалтаа бүрэн дүүргэсэн гэрчилгээ болохоос биш боловсролын докторын зэргээ хамгаалсан диплом байхгүй байна. Сургалтдаа суусан тэрнээс биш докторын зэргээ хамгаалсан гэж үзэхгүй байгаа. Хэрвээ Хамгаалсан бол докторын диплом нотлох баримт байх ёстой гэж үзэж байна. Хууль зүйн үндэсний хүрээлэн Засгийн газрын 2002 оны 121, 2009 оны 18 дугаар тогтоолоор Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний төрийн өмчит эрдэм, шинжилгээний байгууллага гэдгийг зааж өгсөн. Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн дүрэмд эрдэм шинжилгээ сургалт судалгааны байгууллага мөн. Ийм учраас захирал нь төсвийн шууд захирагч байна. Ажлын хууль болон сонирхлын зөрчлийн хуулийг хэрэгжүүлж ажиллах ёстой. Ямар нэгэн хуульд заасан давхар ажил эрхлэх, ямар нэгэн ажил үйлчилгээ явуулахад удирдах албан тушаалтанд мэдэгдэх, тайлбар гаргах ёстой. Гэтэл С.Э нь 2019.03 сараас хойш Олон Улсын арбитрын газар ажиллаж байсан. Энэ хугацаанд Хууль зүйн сайдад мэдэгдсэн мэдэгдэл тайлбараа гаргаагүй. Сүүлд 2019 оны 03 сард мэдэгдэх тайлбараа өгсөн боловч ХЗДХС зөвшөөрөөгүй. Сайд зөвшөөрөөгүй байтал энэ ажлаа одоог хүртэл хийж байгаа. Энэ ажлыг хийж байхдаа тодорхой хэмжээний цалин мөнгийг авч явсан. Цалингүй байсан гэртээ суусан гэдэг ойлголт байхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.

 

   Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэл, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Б/44 дугаар тушаал, Нийгмийн даатгалын дэвтэр, 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаартай Хөдөлмөрийн гэрээ, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/158 дугаар тушаал, хавсралт, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн дүрэм, Хөдөлмөрийн хүндэт медалийн үнэмлэх, С.Эийн Дотоод хэргийн их сургуулийн №F-202002 тоот гэрчилгээ, хавсралт, Флиндерсийн их сургуулийн магистрын дипломын хуулбар, орчуулгын хамт, Монгол Улсын Их сургуулийн мастерын дипломын хуулбар, орчуулгын хамт, Дотоод хэргийн их сургуулийн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 03/940 тоот албан бичиг гаргаж өгсөн.

 

Хариуцагчаас Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/03 дугаар тушаал, 2021 оны 01 сарын 13-ны өдрийн 1/189 дүгээр итгэмжлэл, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1/4886 дугаар итгэмжлэл, Хууль зүй, дотоод хэргийн яамны 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 3/2682 дугаартай итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрчлөх тухай албан бичиг, 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1/407 дугаар итгэмжлэл гаргаж өгсөн.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр ажлын байрны тодорхойлолт, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/12 дугаар тушаал,  2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/12 дугаар тушаал, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/67 дугаар тушаал, түүний хавсралтууд, 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/09 дүгээр “Цалин шинэчлэн тогтоох” тухай тушаал, 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/15 дугаар “С.Эт сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/34 дүгээр “Ээлжийн амралтын хуваарь батлах тухай” тушаал, түүний хавсралт, 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Сонсох ажиллагааны мэдэгдэл, 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Сонсох ажиллагааны тэмдэглэл, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хөдөлмөрийн дотоод журам, Авлигатай тэмцэх газрын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 01/6191 дугаар албан бичиг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

                                                                                                                        ҮНДЭСЛЭХ НЬ:

 

             Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч С.Э нь Хууль зүй, дотоод хэргийн сайд болон ХЗДХЯ-д холбогдуулан “Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “С.Э-ийг албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/44 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:  ямар үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа нь тодорхойгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалтыг үндэслээгүй, тус захиргааны шийдвэрт санал, тайлбар гаргах боломжоор хангах үүргээ гүйцэтгээгүй, нэхэмжлэгч нь тухайн үед Хууль зүйн ухааны доктор зэргийг авсан байсан, дүрмийн өөрчлөлтийн дээрх заалтын талаар урьдчилан нэхэмжлэгчид огт танилцуулаагүй, уг албан тушаал дээр ажиллах хөдөлмөрийн харилцаа үүссэн хөдөлмөрийн харилцаа үргэлжилж байхад ажлаас чөлөөлсөн тухай тайлбарлажээ.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн байна. Үүнд: Б/44 дугаар тушаалын үндэслэл хэсэгт алдаатай бичсэн байх тул Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д зааснаар тухайн бичилтийн алдааг засаж, түүнд мэдэгдсэн. Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн дүрмийн 5.1-д заасан шаардлагад нийцэхгүй байсан тул чөлөөлсөн. Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирлын эрх үүрэг, байгууллагын чиг үүрэгт “...эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны ажил” салшгүй хамт явж ирсэн болохыг 2002, 2012, 2015, 2020 оны тушаалуудаас харагдана, Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан журмын дагуу мэдэгдэл хүргүүлж, мэдэгдлийн дагуу Сонсгох ажиллагаа явуулж, тэрээр тэмдэглэлд гарын үсэг зурсан байдаг. 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ХЗДХСын Б/15 дугаартай тушаалаар С.Эт “Сахилгын шийтгэл ногдуулсан” ба нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасныг зөрчиж Арбитрын байгууллагад ажил албан тушаал эрхэлж байсан ноцтой зөрчил гаргасан, 2020.09.25-ны өдөр тушаал гарсан, 2020.09.11-ний өдөр сонсох ажиллагаа явагдсан. Энэ хооронд докторын зэрэгтэй гэдгээ хэлээгүй, нөхцөл байдал өөрчлөгдөх боломжтой байсан, хэрэгт өгсөн баримтаар докторын сургалтад хамрагдаад, сургалтаа бүрэн дүүргэсэн гэрчилгээ болохоос биш боловсролын докторын зэргээ хамгаалсан диплом байхгүй байна гэж маргажээ.

 

            Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад дараах үйл баримт тогтоогдсон болно.

 

            Нэхэмжлэгч С.Э нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/12 дугаар тушаалаар Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирлаар томилогдон ажиллаж байсан байх бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Б/44 дугаар “С.Эийг албан тушаалаас чөлөөлөх тухай” тушаалаар Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Эийг 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлсөн болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны Б/12 дугаар тушаал, 2020 оны Б/44 дүгээр тушаал, 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаартай Хөдөлмөрийн гэрээ, Нийгмийн даатгалын дэвтэр зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

            Нэхэмжлэгч С.Э нь Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирлаар ажиллаж байх хугацаанд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “С.Эийг албан тушаалаас чөлөөлөх” тухай Б/44 дүгээр тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 4, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/158 тоот тушаалаар баталсан “Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн дүрэм”-ийн 5.1, 5.2 дахь заалтыг тус тус үндэслэл болгожээ.

 

            Ажил олгогч ХЗДХС хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/03 дугаартай “Захиргааны актын алдааг засах” тухай тушаалаар ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэх хэсгийн “Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 4” гэснийг “Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх” гэж зассан байна.

 

Ажил олгогч ажлаас чөлөөлсөн тушаалдаа “...С.Э-ийг 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс тасалбар болгон Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирлын албан тушаалаас чөлөөлсүгэй” гэж нэхэмжлэгч С.Э-ийг  ажлаас халжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаар заасан ба нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуульд заасан дээрх хугацаанд шүүхэд гомдлын шаардлагаа гаргасан байх бөгөөд зохигчид тушаал гардан авсан хугацааны талаар маргаагүй байна.

 

Ажил олгогч, ажилтны хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан аль нэг үндэслэлээр цуцлах эрхтэй.

 

Ажил олгогч болох Хууль зүй, дотоод хэргийн сайд нь Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Э-ийг үүрэгт ажлаас нь ажлаас чөлөөлсөн тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлүүдийг тодорхойлон заагаагүй байна.

 

Өөрөөр хэлбэл, ажилтныг ажилд авсан болон ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалдаа баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх юм.

 

Түүнчлэн, ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль нэг заалтыг баримтлаагүй, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах хуулийн зохицуулалтыг энэхүү шийдвэрийн үндэслэл болгоогүй тохиолдолд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө хууль зөрчөөгүй, хууль зүйн үндэслэлтэй тушаал гаргасан гэх хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ.

 

Ажил олгогчийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Б/44 дугаар тушаалаар С.Э-ийг ажлаас чөлөөлсөн тушаалд, түүнийг ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлээ тодорхойлоогүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг зөрчжээ.

 

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Б/44 дугаар тушаалаар С.Э-ийн хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа хуулийн эдгээр зохицуулалтын аль ч үндэслэлүүдийг баримтлаагүй.

           

Хариуцагч тал Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4-т “хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага, албан газрын бүтэц, дүрмийг баталж, дарга /эрхлэгч, захирал/-ыг томилж, чөлөөлнө;” гэж заажээ.

 

Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл “Сонсох ажиллагааг явуулах” гэж заажээ.

 

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хүрээлэнгийн захирал нь хууль зүйн шинжлэх ухааны доктор /Ph.D/-оос доошгүй боловсролын зэрэгтэй байна.”, 5.2-т “Хүрээлэнгийн захирлыг Төрийн албаны тухай хуульд заасан журмын дагуу сонгон шалгаруулж хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө” гэж тус тус заажээ.

 

Хариуцагч тал ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлээ тайлбарлахдаа Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн дүрэмд Хүрээлэнгийн захирал нь хууль зүйн шинжлэх ухааны доктор /PhD/-оос доошгүй боловсролын зэрэгтэй байна гэсэн шаардлагад нийцэхгүй байсан тул чөлөөлсөн гэж тайлбарлаж байна.

 

Ажил олгогч дээрх үндэслэлээр ажилтныг чөлөөлсөн гэх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг тушаалдаа тусгаагүй байна. 

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан “ажилтан мэргэжил, ур чадварын... хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын албан ёсны шийдвэр гарсан байхыг ойлгоно. Мэргэжил ур чадварын түвшинг тогтоох шалгалтыг  байгууллагын хэмжээнд эрх бүхий этгээдийн шийдвэр, журмын дагуу зохион байгуулах нь Хөдөлмөрийн тухай хуулийн агуулгад нийцэх юм. 

 

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар Хүрээлэнгийн захирал нь хууль зүйн шинжлэх ухааны доктор /Ph.D/-оос доошгүй боловсролын зэрэгтэй байх гэх ажлын байрны шаардлагыг тусгасан байна. Дүрэмд оруулсан дээрх өөрчлөлт буюу шаардлага нь ажил олгогчийн зүгээс ажилтныг томилох үед баримтлах нөхцлийг тодорхойлсон болохоос бус томилогдсон ажилтныг ажлаас халах үндэслэл биш юм.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан мэргэжил ур чадварын хувьд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болох тухай зохицуулалт, үүнийг ажилтныг анх ажилд авахад мэргэжил, мэргэшил, боловсролын зэргийн хувьд дүрэмд заасан шаардлагын адил хэрэглэх боломжгүй юм. 

 

С.Э-ийн ажлын байрны тодорхойлолтод магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй, эрх зүйч мэргэжилтэй байх ерөнхий шаардлагыг тавьсан, нэхэмжлэгч уг шаардлага хангасан үндэслэлээр ажил олгогч түүнийг анх ажилд авахдаа тухайн ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан шаардлагуудыг хангаж байна гэж үзэж хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх тул дүрэмд заасан үндэслэлээр боловсролын зэрэг нь тохирохгүй шалтгаанаар ажлаас  халах нь хуульд нийцэхгүй юм.

 

Нөгөө талаар С.Э-ийг хууль зүйн шинжлэх ухааны доктор /Ph.D/-оос доошгүй боловсролын зэрэг эзэмшээгүй, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирлын үүргийг хэрэгжүүлж чадахгүй байгааг тогтоосон эрх бүхий этгээдийн дүгнэлт гараагүй, энэ талаар баримтаар тогтоогдоогүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд  нэг сарын өмнө мэдэгдэх...” гэж заасан ба ажил олгогч нэхэмжлэгч С.Эийг ажлаас халах талаар огт мэдэгдээгүй, хуульд заасан үүргээ зөрчжээ.

Учир нь ажил олгогчийн гаргаж буй тушаал нь эрх зүйн акт болохын хувьд Хөдөлмөрийн тухай хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд улмаар ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан үндэслэлтэй тохирч уг хуульд нийцэх ёстой юм.

 

Иймд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Б/44 дугаар тушаалаар С.Э-ийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирлын ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй тул С.Э-ийг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоов.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ажил ологчийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Б/44 дугаартай албан тушаалаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлдээ дурдсан нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага биш, харин ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн үндэслэл тул дээрх тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заажээ.

           

Нэхэмжлэгч С.Э-ийг ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн тул түүний урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч С.Э нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл нийт 40,623,680 төгрөгийг нэхэмжилжээ.

 

Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ийн “а”-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу … буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүүг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр” тодорхойлно гэж заасны дагуу С.Э-ийн ажиллаж байсан нэг өдрийн дундаж цалин хөлс нь 78,728 төгрөг болох нь хэрэгт авагдсан С.Эийн Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон цалингийн тодорхойлолтоор тогтоогдож байна. Шүүх нэхэмжлэгч С.Эийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо түүний ажилласан сүүлийн 3 сар буюу 2020 оны 7, 8, 9 дүгээр саруудын цалингаас тооцсон болохыг дурдаж байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасны дагуу С.Э-ийн ажилгүй байсан ажлын 336 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний олговорт 26,452,608 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч С.Э-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14,171,072 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдад нэхэмжлэгч С.Э-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасаж тооцох, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл болон түүнд холбогдох бусад шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд нэхэмжлэгч С.Э-ийн нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэж байгаа тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасантай нийцүүлэн /70,200 төгрөг+290,213 төгрөг/ нийт 360,413 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын өгсөн тайлбар, хэргийн үйл баримтаас үзэхэд хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Хууль зүйн үндэсний хүрээлэн хамаарах ба Хууль зүй, дотоод хэргийн яам, нэхэмжлэгч С.Э нарын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй байх ба хариуцагч нь хөдөлмөрийн харилцааны оролцогч гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч С.Э-ийн хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн яамд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

            1.Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Э-ийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч ХЗДХЯ-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Хууль зүй, дотоод хэргийн сайдаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 26,452,608 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Э-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14,171,072 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай

           

            3.Хөдөлмөрийн тухай хуулийн  /1999 оны/ 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч С.Э-ийн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ХЗДХС-д даалгасугай.

           

            4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр  зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч С.Э нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 360,413   төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

            6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               И.АМАРТӨГС