Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/384

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нинжбат,

Улсын яллагч  Э.Уламбаяр,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-т холбогдох эрүүгийн ****** дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр фэйсбүүк цахим хаягаас машин авна гэсэн зарын дагуу М.Отай 99591218 дугаарын утсаар холбогдон приус-20 маркийн машин зарна гэж хуурч мэхлэн урьдчилгаа мөнгө гэж 2 удаагийн гүйлгээгээр ******* дугаарын дансаар 650.000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн  ********* дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр фэйсбүүк цахим хаягаас машин авна гэсэн зарын дагуу М.Отай ****** дугаарын утсаар холбогдон приус-20 маркийн машин зарна  авна гэвэл бензиний мөнгө шилжүүлээрэй Рэнчинлхүмбэ сумаас яг одоо гарлаа гэж хуурч мэхлэн 400.000 төгрөгийг, мөн дахин холбогдож Хатгал тосгонд орж ирж байна УАЗ машин авах гэсэн юм машин зарах хүнд урьдчилгаа өгөх хэрэгтэй  байна гэж хуурч мэхлэн дахин 250.000 төгрөгийг Хаан банкны ******* дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бын    өгсөн: “...Тухайн үед би тэр хүнд  машин зарна гээд 650.000 данс руугаа шилжүүлж авсан. Тэр мөнгийг өөртөө зарцуулсан. Цагдаагийн байгууллагад шилжээд хохиролоо барагдуулсан...” гэх мэдүүлэг,

           Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч М.Оын өгсөн: “... фэйсбүүкэд байршуулаад 1 хоногийн дараа коммент хэсэгт приус-20 маркиин машин байна гэж орж ирээд **** энэ дугаарт холбогдоод асуу манай ах байгаа гэж хэлсэн тэгээд энэ дугаарт нь залгаж ярихад 30 гаран настай гэмээр ах аваад 3 төрлийн машин байна гэхээр нь приус-20 машиныг нь сонирхож байна үнэ хэд вэ? гэж асуухад 8.000.000 төгрөгний үнэтэй гэж хэлсэн авахаар бол маргааш залгаарай гэсэн тэгээд маргааш өглөө нь 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 11 цагийн орчимд залгаж ярихад за чамайг энэ машиныг авна гэвэл би Ренчинлхүмбэ сумаас яг одоо гарлаа ахдаа бензин тосны мөнгө гээд 400.000 төгрөг шилжүүлчих гээд Хаан банкны ******* дугаартай данс өгсөн тэгээд би 400.000 төгрөг шилжүүлсэн харин орой 17 цагийн үед дахиж ********дугаараас залгаад би Хатгал тосгонд орж ирсэн хоол идэж байна одоо аймгийн төвөөс УАЗ машин авах гэсэн юм машин зарах хүнд нь чи урьдчилгаа 250.000 төгрөг шилжүүлчих гээд дахиад ******* данс өгсөн би адилхан данс байсныг анзаараагүй 250,000 төгрөг дахиад шилжүүлсэн. Гэтэл миний мөнгийг аваад утсаа унтраагаад алга болсон. Би Хаан банкны ******* дугаартай Бямбажав гэж хүний данс руу шилжүүлсэн. Би энэ дугаартай тухайн өдөр анх удаа холбогдсон урьд өмнө ярьж байгаагүй. Хэн гэдгийг нь мэдэхгүй байна. *******дугаарын утаснаас энэ дансыг явуулсан. Дархад аялгатай 30 гаран насны гэмээр хүн байсан... Тийм би  хохирлын мөнгө болох 650.000 төгрөгийг  авсан байгаа. Би энэ хүнд гомдолтой байна бараг жил орчим болж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20,22 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг  хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 9 тал/,

М.Оын Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хандаж гаргасан өргөдөл, гэрэл зургийн үзүүлэлт, дансны хуулга, мессеж чат / хх-ийн 12-15 тал/,

Хөвсгөл аймаг дахь Хаан банкны салбарын 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 5890/128 дугаартай: “...******* тоот дансны эзэмшигчийн дэлгэрэнгүй мэдээлэл, 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх дансны дэлгэрэнгүй хуулга...” хүргэлээ гэх албан бичиг, хавсаргасан баримт, дансны хуулга / хх-ийн 39-44 тал/,

Мобиком корпораци ХХК-ний 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн: “..  ********дугаарын эзэмшигчийн мэдээлэл, 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хоорондох  хугацааны гадагш ярьсан болон илгээсэн мессежний  дугаарын жагсаалтыг  хүргүүлэв...” гэх албан бичиг, дугаарын жагсаалт / хх-ийн 46-47 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.Бын өгсөн: “..Хөвсгөл аймгийн нэгдсэн зар дээр машин авна гэсэн зарын доор нь би машин зарна гэж пост оруулсан чинь нэг хүн холбогдоод “машин сонирхож байна” гэхээр  нь би приүс 20 маркийн авто машин байгаа талаар хэлээд 8.000.000 сая төгрөгөөр зарахаар болоод эхний ээлжинд би 400.000 мянган төгрөгийг өөрийн хаан банкны ******* дугаарын дансанд авсан тэгээд ахиад 250.000 мянган төгрөгийг тухайн хүнээс авсан. Тийм надад уул нь машин байсан юм нэр шилжээгүй байсан. Би тухайн мөнгийг покер тоглож алдсан.  Би Отгонбаатарт хохирлыг барагдуулсан байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 тал/ болон зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч гаргасан: “...шүүгдэгч Б.Б нь 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр фэйсбүүк цахим хаягаас машин авна гэсэн зарын дагуу М.Отай ******* дугаарын утсаар холбогдон приус-20 маркийн машин зарна  авна гэвэл бензиний мөнгө шилжүүлээрэй Рэнчинлхүмбэ сумаас яг одоо гарлаа гэж хуурч мэхлэн 400.000 төгрөгийг, мөн дахин холбогдож Хатгал тосгонд орж ирж байна УАЗ машин авах гэсэн юм машин зарах хүнд урьдчилгаа өгөх хэрэгтэй  байна гэж хуурч мэхлэн дахин 250.000 төгрөгийг Хаан банкны ******* дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна...” гэсэн санал дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б.Б нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй.

           Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч М.Оын мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг  хүлээн авсан тэмдэглэл, М.Оын Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хандаж гаргасан өргөдөл, гэрэл зургийн үзүүлэлт, дансны хуулга, Б.Бтай харьцсан мессеж чат, Б.Бын ******* тоот дансны дэлгэрэнгүй мэдээлэл, 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх дансны дэлгэрэнгүй хуулга,  Б.Бын ********дугаарын эзэмшигчийн мэдээлэл, 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хоорондох  хугацааны гадагш ярьсан болон илгээсэн мессежний  дугаарын жагсаалт зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Б.Б нь 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр фэйсбүүк цахим хаягаас машин авна гэсэн зарын дагуу М.Отай ********* дугаарын утсаар холбогдон приус-20 маркийн машин зарна  авна гэвэл бензиний мөнгө шилжүүлээрэй Рэнчинлхүмбэ сумаас яг одоо гарлаа гэж хуурч мэхлэн 400.000 төгрөгийг, мөн дахин холбогдож Хатгал тосгонд орж ирж байна УАЗ машин авах гэсэн юм машин зарах хүнд урьдчилгаа өгөх хэрэгтэй  байна гэж хуурч мэхлэн дахин 250.000 төгрөгийг Хаан банкны ******* дугаарын дансаар шилжүүлэн авч хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдана.

Залилах гэмт хэргийн үйлдлийн аргуудыг тайлбарлавал “Хуурч” гэдэг нь бусдын өмчлөх эрхийг элдэв хуурамч аргаар үгээр буюу үйлдлээр төөрөгдүүлэх замаар эд хөрөнгө, эд юмсыг хохирогч өөрөө өгөхөд хүргэж, түүний эд хөрөнгө, эд юмсыг эзэмших, ашиглах эрхийг хууль бусаар олж авахыг,

“бодит байдлыг нуух  замаар бусдыг төөрөгдөлд оруулах” гэдэг нь хөрөнгө оруулалт шаардлагатай  байдлыг нуух зэргээр бусдыг төөрөгдүүлэхийг, “Зохиомол байдлыг зориудаар бий болгох” гэж эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх, хууран мэхлэхийн тулд зохиомол байдлыг зориуд бий болгохыг  тус тус ойлгоно. Өөрөөр хэлбэл тухайн залилагч этгээд өөрийгөө амжилттай бизнесмен, худалдаа арилжаа эрхэлдэг, баян, их хэмжээний эд хөрөнгөтэй гэх мэтээр зохиомол байдлыг бүрдүүлсэн байхыг тус тус ойлгоно.

Залилах гэмт хэрэг нь гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг.

Иргэний эрх зүйн харилцаа, тухайлбал гэрээний харилцаанаас залилах гэмт хэргийн ялгагдах гол шинж нь гэрээний нөхцөлүүд анхнаасаа биелэгдэх боломжгүй байдагт оршдог.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна” гэж тус тус заажээ.

Аливаа этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай шинж, үр дагаврыг урьдаас сайтар ойлгож улмаар хор уршиг учрах нь зайлшгүйг мэдсэн, эсхүл учрах боломжтойг мэдсэн атлаа хүсэж үйлдсэн, түүнчлэн хүсээгүй боловч үйлдэл, эс үйлдэхүйгээрээ хор уршигт зориуд хүргэсэн байхыг гэмт хэрэг санаатай үйлдэх гэж үздэг.  

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн өгсөн мэдүүлэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримт нь  тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч Б.Бын үйлдэл идэвхтэй, бусдыг хуурч, эзэмшигчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилсан үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай нь нотлогдсон байна.

Шүүгдэгч Б.Бын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Б.Б нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч  М.О нь фэйсбүүк  цахим хаягнаас  машин авна гэсэн  зарын дагуу  Б.Б нь холбогдож  Приус-20 загварын  тээврийн хэрэгслийг  8.000.000  сая төгрөгөөр  зарна гэж  итгэл төрүүлэн  цахим хэрэгсэл, гар утсаар холбогдож зураг үзүүлэн  урьдчилгаа гэж  650.000 төгрөгийг  өөрийн ******* дансаар шилжүүлэн авч хохирол учруулсан хор уршигт зориуд хүргэсэн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив, субьектив талын шинжийг бүрэн хангасан гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Б нь хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах аргаар Приус-20 загварын  тээврийн хэрэгслийг  8.000.000  сая төгрөгөөр  зарна гэж  итгэл төрүүлж, зураг үзүүлэн  урьдчилгаа  650.000 төгрөгийг  өөрийн ******* дансаар шилжүүлэн авч авто машиныг өгөхгүй хуурч байгаа үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, өмчлөх эрхийн эсрэг залилах гэмт хэргийн шинжтэй байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч М.Оыг “хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Бын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.От 650.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч  М.О нь: “..би  хохирлын мөнгө болох 650.000 төгрөгийг  авсан байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/-д авагдсан байх тул шүүгдэгч Б.Быг хохирогч М.От төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ. 

 Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 Шүүгдэгч Б.Быг “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Бын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Иймд шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх саналыг шүүхэд оруулж байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Б.Б өмгөөлөгчийн байр сууринаас эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтдээ: “...санал байхгүй...” гэжээ.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага  оногдуулахад шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал/ зэргийг харгалзсанаас гадна эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.Быг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 Шүүгдэгч  Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

    1. Шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

   4. Шүүгдэгч Б.Бт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

   5. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч М.От төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           6.  Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй  болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин  төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          А.ДӨЛГӨӨН