Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2022/00226

 

 

 

 

 

 

 

 

                  2022         02          16  

                                 181/ШШ2022/00226

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                      

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг,  5-р хороо, Партизаны гудамж Контиентал 1 давхар “Транскапитал ББСБ” ХХК /РД:2626209/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг,  8-р хороо, Бага тойруу Сити центр 11 давхар 1101, 1102 тоотод байрлах “Тэнгэр даатгал” ХХК /РД:/-д холбогдох

 

хохирол 12,620,650 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэрэндаваа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жавзанжумдаан, Н.Энхдөл, нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Транскапитал ББСБ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна .Үүнд:

“Тэнгэр даатгал” ХХК-иас   Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 1.1, 4.1.1-д зааснаар даатгалын тохиолдолоос учирсан хохирол 12,620,650 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.  

Нэхэмжлэгч “Транс Капитал” ББСБ ХХК нь “Тэнгэр даатгал” ХХК-аас даатгалын нөхөн төлбөрт 12,620,650 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иргэн Б.Эрдэнэчимэг болон түүний нөхөр нар 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Япон улсаас оруулж ирсэн суудлын зориулалттай сувдан цагаан өнгөтэй Тоёота Аква маркийн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч “Транс Капитал” ББСБ ХХК-аас зээлээр худалдан авч, тээврийн хэрэгслийн даатгалаа “Тэнгэр даатгал” ХХК-д, жолоочийн хариуцлагыг “Хаан даатгал” ХХК-д даатгуулан 78-09 УНЭ улсын дугаарыг авсан.

Б.Эрдэнэчимэг нь автомашиныг зээлээр авсны дагуу жил тутам уг автомашиныг үзлэг, оношилгоонд хамруулж, мөн даатгалын гэрээний сунгалтыг хугацаандаа хийдэг байсан. Хамгийн сүүлд “Тэнгэр даатгал” ХХК-тай 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гэрээний сунгалтыг хийсэн. Ийнхүү автомашиныг ашиглах явцад буюу 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр тээврийн хэрэгслийг эзэмшиж байсан Б.Эрдэнэчимэг нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт машинаа асаах үед автомашинаас гэнэт гал гарсны улмаас автомашин устаж үгүй болсон байдаг. Жолоо барьж байсан Б.Эрдэнэчимэг нь машинаасаа бууж амжсан учраас амь насаараа хохиролгүй харин бага зэргийн гэмтэл авч бэртсэн.

Гал түймрийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэс шалгах явцдаа шинжээчийн дүгнэлт гаргуулсан шинжээч цахилгаан дамжуулах утсанд гэмтэл үүсч богино холболт үүссэний улмаас гал гарсан гэх дүгнэлтийг гаргасан.

Даатгалын тохиолдол үүссэн гэж иргэн Б.Эрдэнэчимэг “Тэнгэр даатгал” ХХК-д хандаж даатгалын нөхөн төлбөр гаргуулахаар хүсэлт гаргасан боловч 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр үндэслэлгүйгээр татгалзсан хариуг өгсөн байдаг. Б.Эрдэнэчимэг нь үүнийг эс зөвшөөрч тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэлтэй эзэмшигч болох “Транс капитал” ББСБ ХХК-аар нэхэмжлэгчийг сольж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа. Даатгалын нөхөн төлбөр олгохгүй гэх “Тэнгэр даатгал” ХХК-ийн үндэслэл хуульд нийцэхгүй гэж үзэж байна.

Хариуцагч “Тэнгэр даатгал” ХХК-тай байгуулсан даатгалын хамгааллын төрөл багц-4 гэх ангиллаар гэрээг байгуулсан. Даатгалын үнэлгээ 12,300,000 төгрөг, үргэлжлэх хугацаа нь байгуулсан өдрөөс хойш 1 жил байхаар зааж хүчин төгөлдөр даатгалын гэрээг байгуулсан. Гэрээний үндсэн хамгаалах хэсгийн 2 дахь хэсэгт галын эрсдэл, гадны нөлөөтэй гал түймэр, тэсрэлт дэлбэрэлтийг даатгалын хамгаалалтанд хамруулахаар заасан.

Б.Эрдэнэчимэгийн “Тэнгэр даатгал” ХХК-тай байгуулсан гэрээ нь машины бүрэн бүтэн даатгалын гэрээ юм. “Тэнгэр даатгал” ХХК-аас даатгаж байгаа бүх төрлийн үйлчилгээг хамруулсан даатгалын гэрээг байгуулсан. Гэтэл одоо уг автомашиныг ашиглах боломжгүй устаж үгүй болчихоод байхад даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Гэрээний үндсэн хамгаалах хэсгийн 7-д жолоочийн гэнэтийн ослын даатгалд 1,000,000 төгрөг хүртэлх нөхөн төлбөр олгохоор гэрээ байгуулсан боловч даатгалын тохиолдол үүсээгүй гэх үндэслэлээр нөхөн төлбөр олгоогүй.

 Тухайн үед жолоо барьж байсан Б.Эрдэнэчимэгийн эрүүл мэндэд 320,650 төгрөгийн хохирол учирсан гэх баримт хэрэгт авагдсан байгаа. Б.Эрдэнэчимэг болон “Тэнгэр даатгал” ХХК нарын хооронд байгуулсан гэрээнээс үзэхэд Даатгалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт энэ хуулийн зорилт нь даатгалын үйл ажиллагаа явуулах эрх зүйн үндсийг тогтоож, төрийн эрх бүхий байгууллагаас даатгалын үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих, даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, даатгуулагчийн эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж заасан хуулийн зорилгод нийцэхгүй байна. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт даатгалын тохиолдол гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг хэлнэ гэж заасан. Талуудын хооронд байгуулсан гэрээний 7 дугаар зүйлд даатгалын эрсдэлд хамаарахгүй нөхцөл, 8 дугаар зүйлд нөхөн төлбөр олгохгүй ерөнхий нөхцөлүүдийг дурдаж өгсөн байна.

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлд заасны дагуу иргэн болон хуулийн этгээдийн хооронд даатгалын гэрээний харилцаа үүссэн. Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Дээр дурдсаны дагуу даатгалын тохиолдол үүссэн. Харин гэрээгээр ямар тохиолдолд даатгалын нөхөн төлбөр олгохгүй, даатгалын эрсдэл ямар нөхцөлд хамаарахгүй вэ гэдгийг тохирсон. Даатгалын эрсдэл үүсчихээд байхад нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь Даатгалын тухай хууль болон Иргэний хуулийн 431 дүгээр зүйлд заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэн маргасан тайлбарыг гаргасан:

 Даатгуулагч “Транс Капитал” ББСБ ХХК нь тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаагаар даатгалын хамгааллын багц 4 гэх ангиллаар 78-09 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг гэрээнд заасан эрсдэлүүдээр даатгасан. Гэрээний эхний хуудас болох үндсэн хамгаалалтын 2 дахь хэсгээс даатгуулсан.

 

Б.Эрдэнэчимэг нь 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр даатгалын нөхөн төлбөр гаргуулах хүсэлтийг ирүүлсэн. Үүний дагуу нотлох баримтуудыг судлан үзэхэд нөхөн төлбөрөөс татгалзах үндэслэлүүд бүрдсэн байсан. Үүнд талуудын хооронд байгуулсан тээврийн хэрэгслийн даатгалын гэрээгээр гадны нөлөөтэй болох, тэсрэлт дэлбэрэлт гэсэн 2 төрлийн эрсдэлийг даатгасан.

Гэтэл тухайн тохиолдол нь эдгээр эрсдэлүүдийн улмаас гараагүй гэдэг нь 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Уг шинжээчийн дүгнэлтэд хэргийн газрын үзлэг, хэргийн газрын материал зэргээс харахад гал гарсан шалтгаан нь цахилгаан дамжуулагч утсанд гэмтэл үүссэнээс үүдэн богино холболт үүсч улмаар гал гарахад хүргэсэн гэж тогтоогдсон байна. Мөн хөдлөнгийн ямар нэг зүйлээс шалтгаалсан гэх шинж, тэмдэг илрээгүй, тэсэрч дэлбэрэлтэнд гал түймэр гарах шалтгаан болсон гэх шинж тэмдэг илрээгүй гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл гэрээнд заасан гадны нөлөөтэй гал түймэр, тэсрэлт дэлбэрэлт гэсэн 2 эрсдэлийн улмаас уг гал түймэр гараагүй гэдгийг шинжээч тогтоосон. Гэрчээр өгсөн мэдүүлгээр хүртэл уг дүгнэлтээ бататгаж тайлбарласан.

Даатгалын зүйлд хохирол учирсан байхаас гадна тухайн хохирол учирсан шалтгаан нь тохиролцсон болзол буюу гэрээгээр заасан эрсдэлд хамаарч байгаа эсэхийг хамтатган авч үзсэний үндсэн дээр даатгалын тохиолдол болсон эсэхийг тогтоодог. Иймд даатгалын гэрээнд заасан эрсдэл шалтгааны улмаас хохирол үүсээгүй, даатгалын тохиолдол бий болоогүй байгаа тул даатгагч татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Санхүүгийн зохицуулах хороо урьдчилан шийдвэрлээд 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 9/21/51 тоот албан бичгээр Б.Эрдэнэчимэгт урьдчилсан шийдвэрийг хүргүүлсэн. Уг шийдвэрт даатгалын гэрээгээр бүх төрлийн даатгалын эрсдэлийг даатгаагүй учраас гэрээний 3.2.3-т хууль болон гэрээнд заасан үндэслэлээр нөхөн төлбөрийг бүрэн буюу хэсэгчлэн олгохоос татгалзах, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэж заасныг үндэслээд даатгалын нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж шийдвэрлэсэн байна.

Иймд Б.Эрдэнэчимэгийн даатгалын нөхөн төлбөр гаргуулах хүсэлтийг татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар 78-09УНЭ улсын дугаартай Аква маркийн авто машины  Транскапитал ББСБ-ийн өмчлөлийн гэрчилгээ,  2Г.Сундуй-Очир, Б.Эрдэнэчимэг нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Транскапитал ББСБ, Тэнгэр даатгал ХХК-ний хооронд байгуулсан гэрээ, Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ, 2019 оны 02 дугаар сарын “Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, 2020 оны 10 дугаар сарын 16-ний өдрийн 310/1356  тоот Шинжээчийн дүгнэлт, 

4. Хариуцагчийн бичгийн тайлбар, Н.Энхдөл, М.Жавзанжумдаан нарт олгосон итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, компаний дүрэм,мөрдөгчийн тогтоол, даатгалын тохиолдолын тэмдэглэлийн маягт, Эрсдэлийн хорооны тогтоол, хавтас хэргийн 41-63 хуудас дахь баримтыг шүүхэд мэйллээр ирүүлэн ажиллагааны явцад хуульд заасан шаардлага хангасан байдлаар ирүүлсэн,

5. Шүүх талуудын хүсэлтээр Онцгой байдлын ерөнхий газрын гал түймэртэй тэмцэх газарт хяналтын хэлтсийн мэргэжилтэн М.Батсайханыг гэрчээр асууж авсан тэмдэглэл зэрэг хавсаргасан байна.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                               ҮНДЭСЛЭХ нь:

 ариуцагчийн хүсэлтээ

 

            1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хасаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

2. Нэхэмжлэгч Б.Эрдэнэчимэг нь хариуцагч “Тэнгэр даатгал” ХХК-нд холбогдуулан 12,620,650 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагын үндэслэлийг “...даатгуулагчийн эд хөрөнгөд учирсан хохирлыг гаргуулахаар  шаардаж байна.” гэж тодорхойлсон боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад даатгалын гэрээний нэг тал болох “Транскапитал” ББСБ ХХК-ийг нэхэмжлэгчээр солих хүсэлт гарган, 2021 оны 11 дүгээр сарын 15-ний өдөр Б.Эрдэнэчимэгийг жинхэнэ нэхэмжлэгч “Транскапитал” ББСБ ХХК-иар сольж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан. 

 

3. Хариуцагч “Тэнгэр даатгал” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, талуудын хооронд байгуулсан гэрээнд заасан эрсдэл шалтгааны улмаас хохирол үүсээгүй, даатгалын тохиолдол бий болоогүй” гэх  тайлбар  тус тус гарган мэтгэлцэж байна.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн  бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон.

 

Д.Цэвэгсүрэн Г.Сундуй-Очир нарын хооронд 2019 оны 02 дугаар сарын 02-ний өдөр “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдан Япон улсаас оруулж ирсэн суудлын зориулалттай, сувдан цагаан өнгөтэй, Тоёота акуа маркийн тээврийн хэрэгслийг 12,300,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон байна. /х.х-ийн 17 хуу/

 

Г.Сундуй-Очир Б.Эрдэнэчимэг нар нь гэр бүл болох нь тэдний гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон бөгөөд 2020 оны 09 дүгээр сарын 07-ний өдөр Б.Эрдэнэчимэг нь 78-09 УНЭ улсын дугаартай Тоёота акуа авто машиныг эзэмшин жолоодож байсан нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, даатгалын тохиолдлын маягт зэргээр тогтоогдсон. 

 

“Транскапитал” ББСБ ХХК нь 78-09 УНЭ улсын дугаартай Тоёота акуа маркын авто машины өмчлөгчөөр 2019 оны 02 дугаар сарын 02-ний өдөр бүртгүүлэн тээврийн хэрэгслийн гэрчилгээ авсан. /х.х-ийн 12 хуу/

 

 Нэхэмжлэгч нь даатгалын тохиолдол үүссэн гэх үндэслэлээр Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан, 2021 оны 06 дугаар сарын 16-ний өдрийн 9/2157 тоот албан бичигт “...нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т заасны дагуу шүүхэд хандаж шийдвэрлүүлэх боломжтой.” гэжээ./х.х-ийн 107,108 хуу/

5. “Тэнгэр даатгал” ХХК болон “Транскапитал” ББСБ ХХК нарын хооронд 2020 оны 05 дугаар сарын 15-ний өдөр  №209031300300263 дугаартай  тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулагджээ.

 

 Дээрхи гэрээгээр даатгуулагч  “Транскапитал” ББСБ нь 12,300,000  төгрөгийн үнэ бүхий  78-09 УНЭ улсын дугаартай  Тоёота AQUA маркийн автомашиныг даатгуулан, даатгалын хураамжид 307,500 төлөх,  даатгагч “Тэнгэр даатгал” ХХК нь даатгалын тохиолдол бий болсон нөхцөлд учирсан хохирлыг Багц 4-т заасны дагуу нөхөн төлөхөөр, гэрээ нь 2020 оны 05 дугаар сарын 15-ний  өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд үргэлжлэхээр  тус тус харилцан  тохиролцсон байна./х.х-ийн 14,15 хуу/

 

Даатгалын эрх зүйн харилцаа нь хариу төлбөртэй харилцаа бөгөөд даатгалын гэрээ байгуулж, хураамж төлсний дараа даатгалын тохиолдол бий болсон тохиолдолд даатгуулагчийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус ашиг сонирхолд учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэг даатгагчид үүсдэг.

 

 Даатгуулагч “Транскапитал” ББСБ нь  даатгалын хураамжид 307,500 төгрөг төлсөн, “Транскапитал” ББСБ болон “Тэнгэр даатгал” ХХК нь даатгалын гэрээг Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.3-т заасны дагуу бичгээр байгуулсан ба уг гэрээний хүчин төгөлдөр байдал болон даатгалын хураамжийн талаар маргаагүй.

 

Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т.“даатгалын тохиолдол” гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг” хэлнэ гэж заасан .

 

Даатгалын гэрээний хугацаанд  даатгалын тохиолдол  бий болж, даатгуулсан эд хөрөнгөд хохирол учирсан  байх тул   даатгагч нь хохирлын үнэлгээний хэмжээгээр мөнгөн хэлбэрээр төлөх үүргийн дагуу даатгалын нөхөн төлбөрт  нэхэмжлэгч “Транскапитал” ББСБ нь 12,300,000 төгрөгийг хариуцагч “Тэнгэр даатгал” ХХК-иас Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д зааснаар шаардаж байна. 

 

“Транскапитал” ББСБ, “Тэнгэр даатгал” ХХК нарын хооронд байгуулсан гэрээний даатгалын зүйл нь эд хөрөнгө, гэрээний зорилго нь даатгалын эрсдэлээс даатгуулж, тохиолдол бий болсон нөхцөлд хохирлыг нөхөн төлөхөөр тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан даатгалын гэрээ байгуулагдсан  байх ба   гэрээний 1.2.3-т даатгалын тохиолдол гэж “даатгалын зүйлд даатгалын эрсдэлийн улмаас учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэх”, 3.1.4-т “даатгалын тохиолдол болсон үед төлбөрийг хуульд заасан болон гэрээгээр тохиролцсон нөхцөлийн дагуу олгох”-оор  тодорхойлжээ.  

 

2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр  Баянзүрх дүүргийн 14-р хороо Цагаан хуаран хотхоны хойд талд “Транскапитал” ББСБ-ийн өмчлөлийн Тоёота акуа маркын 78-09 УНЭ улсын дугаартай авто машин шатсан бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 16-ний өдрийн 310/1356 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд: “гал гарсан шалтгаан нь цахилгаан дамжуулагч утсанд гэмтэл үүссэнээс /богино холболт, хэт ачаалал, шилжилтийн эсэргүйцэл г.м/ үүдэн богино холболт үүссэн улмаар гал гарахад хүргэсэн.” гэсэн дүгнэлт, гэрчээр шинжээч М.Батсайхан нь “шинжээчийн дүгнэлтийг хэргийн газрын үзлэг, хэргийн материалд авагдсан баримтуудад үндэслэж гал түймрийг цахилгаан дамжуулах утаснаас болж гарсан гэж дүгнэлтээ гаргасан.  Авто машины бүхээг хөдөлгүүр хоёрын зааг буюу салон хэсэгт гал түймэр гарсан.” гэх тайлбар, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэргээр даатгалын эд зүйл шатаж, устаж үгүй болсон болох нь тогтоогдсон. /х.х-ийн 20,21, 153-155хуу/

   

Гэрээний Үндсэн хамгаалалтын 2-т галын эрсдэл, 2.1-д гадны нөлөөтэй гал түймэр, 2.2-т дэсрэлт дэлбэрэлтийн хэсгийн “Багц 4”-ийг даатгуулагч сонгосон бөгөөд тэсэрч дэлбэрсэн гэх тохиолдол бөгөөд гэрээний 7-д “Даатгалын эрсдэлд хамаарахгүй нөхцөл”-ийг зааж, 7.1.18-д “дугуй, дугуйн гадна бүрээс обуд, калпак,олгойнд учирсан хохирол /Багц 4-т хамаарахгүй/ гэж зааж тохиролцсон нь “Багц 4-т хамаарахгүй”  тул даатгалын эрсдэлд хамаарна гэж шүүх үзэв.

 

Даатгуулагч нь гэрээний “Багц 4”-ийг сонгож даатгуулахдаа даатгалын тохиолдол бий болсон нөхцөлд даатгалын зүйлд учирсан хохирлыг нөхөх зорилгоор даатгагчаас даатгуулагчид гэрээний дагуу олгох мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө гэж үзэх бөгөөд даатгуулагч нь уг автомашиныг даатгалын “Багц 4” хамгаалалтад даатгуулсан нь авто машиныг бүхэлд нь даатгуулсан тул даатгалын тохиолдол үүссэн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангав.

 

Иймд хариуцагч “Тэнгэр даатгал” ХХК-иас 12,300,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Транскапитал” ББСБ-д олгох үндэслэлтэй байна.

 

            6. Харин нэхэмжлэгч Б.Эрдэнэчимэг нь эрүүл мэндэд учирсан хохиролд 320,650 төгрөг нэхэмжилснийг хангаж шийдэх боломжгүй байна. Б.Эрдэнэчимэг нь 2020 оны 09 дүгээр сарын 07-ний өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлэн эмчийн жорд заасан эмчилгээг хийлгэсэн эсэх нь тодорхойгүй, түүний шүүхэд ирүүлсэн баримтууд нь эмчийн жорт бичигдсэн эмчилгээнээс зөрүүтэй байх тул  хэрэгсэхгүй болгож шийдэв.

 

   7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн, хариуцагч “Тэнгэр даатгал” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 211,750 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг  удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 439 дүгээр  зүйлийн 439.4, Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Тэнгэр даатгал” ХХК-иас 12,300,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Транскапитал ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 320,650 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Тэнгэр даатгал” ХХК-иас 211,750 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2. 119.4,119.5-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       А. МӨНХЗУЛ