Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2022/00349

 

 

 

 

 

 

 

 

                  2022         03          02  

                                 181/ШШ2022/00349

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                      

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сонгино хайрхан дүүрэг 31-р хороо Хайрхан 1-6 тоотод байрлах “Кэй Ви Ди“ ХХК /РД:5191602/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг 1-р хороо Олимпын гудамж 7/3, Цэнтрум төв, 404 тоотод байрлах “Мухиа” ХХК /РД:5450195/-д холбогдох

           Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн төлбөрт 60,468.18 ам доллар буюу 172,304,684 төгрөг  гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амарнасаа, Л.Лхамсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батнасан, хариуцагчийн өмгөөлөгч Д.Энхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

                                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх  хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон:

 Манай “Кэй Ви Ди” ХХК нь “Мухиа” ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 03/21 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулж Япон улсын буцалтгүй тусламжаар хэрэгжих Улаанбаатар хотын бага дунд сургуулийн барилга байгууламжийг сайжруулах төслийн хүрээнд Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн өргөтгөл, Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн өргөтгөл, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны сургууль, Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуулийн төслийн барилгын цонх, хаалга, металл сетка, усны хаялага, шилэн самбар зэрэг уг барилгуудад шаардах материал, бүрдэл хэсгийг бэлтгэх, улмаар нийлүүлэхээр гэрээ байгуулсан.

 

 Уг гэрээнд заасны дагуу захиалагчийн захиалгыг үндэслэн материал, бүрдэл хэсгийг бэлэн болгон ажлын үр дүнг хүлээж авах талаар уг компанид мэдэгдэхэд манай компанид дээрх сургуулиудад угсралт, суурилуулалтын ажлыг гүйцэтгүүлэх санал тавьж бид 14/63, 11/55, 20/07 тоот гэрээнүүдийг байгуулсан бөгөөд манай компани эдгээр гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн.

 

Дээрх ажлууд захиалагч талын барилгын бүтэц, угсралт, суурилуултад бэлэн болоогүй, санхүүжилтээ хугацаанд нь хийгээгүй зэрэг шалтгаанаар удаашралтай явагдаж байсан бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжилсэн ба хоёр компанийн нягтлан бодогч нар дээрх гэрээнүүдийн дагуу хийж гүйцэтгэсэн ажил, захиалга өөрчлөгдсөн, нэмэгдсэн болон хасагдсан ажлуудын талаар эцсийн байдлаар 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр тооцоо нийлсэн.

 

Ийнхүү тооцоо нийлсний дагуу 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар дээрх гэрээнүүдэд заасны дагуу баталгаат хугацаа дууссаны дараа авах барьцаа төлбөр нийт 29,664.41 ам.доллар, барьцаа төлбөр орохгүйгээр захиалагч талаас төлбөл зохих төлбөр 78,915.25 ам.долларын үлдэгдэлтэй гарсан. Тооцоо нийлсний дараа манай компани “Мухиа” ХХК-аас төлбөрөө удаа дараа шаардаж, тэдний хүсэлтийг хэлэлцэн хэрэв тодорхой хугацааны дотор төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд алданги тооцохгүй байхаар шийдвэрлэж энэ талаар тус компанид албан бичгээр удаа дараа мэдэгдсэн.

 

 Манай компани дээр дурдсаны дагуу “Мухиа” ХХК-д үлдэгдэл төлбөрийг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн барагдуулсан тохиолдолд өмнө нь нэхэмжилж байсан алдангиас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн талаар мэдэгдсээр байтал тус компани 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 17,546.88 ам.доллар, 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 7,018.76 ам.доллар, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 15,792.19 ам.доллар, 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 17,546.88 ам.доллар, нийт 57,904.71 ам.доллар төлсөн бөгөөд өнөөдрийн байдлаар үндсэн төлбөрийн үлдэгдэл 21,010.55 ам.доллар байна. Бид “Мухиа” ХХК-ийг 14/63, 11/55 тоот гэрээний үүргийг бүрэн гүйцэтгэсэн гэж үзэж байгаа бөгөөд тус компани 03/21, 20/07 тоот гэрээнүүдийн төлбөрийг бүрэн төлөөгүй байгаа билээ.

 

“Мухиа” ХХК-ний монгол төгрөгөөр төлсөн дүнг Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1 дэх хэсэгт заасны дагуу 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Монгол банкнаас зарласан валютын ханшаар буюу 2,849.51 төгрөгөөр тооцон ам.долларт хөрвүүлэн тооцсон. Манай компани 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар талуудын байгуулсан гэрээний дагуу тооцоход алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байсан тул бид хуульд нийцүүлэн тооцож 03/21 тоот гэрээний алданги 31,619.63 ам.доллар, 20/07 тоот гэрээний алданги 7,838 ам.доллар, нийт 39,457.63 ам.доллар болсон. “Мухиа” ХХК нь манай компаниас олгож байсан боломжийг нааштайгаар ашиглаж төлбөрийг заасан хугацаанд бүрэн төлөөгүй тул бид үндсэн төлбөрийн үлдэгдэл болон гэрээнд заасны дагуу өнгөрсөн хугацааны алдангийг нэхэмжлэхээс аргагүйд хүрсэн.

 

Иймд Мухиа ХХК-аас 03/21 тоот гэрээний үлдэгдэл төлбөр 12,353.31 ам.доллар, 20/07 тоот гэрээний үлдэгдэл төлбөр 8,657.24 ам.доллар, нийт 21,010.55 ам.доллар, хоёр гэрээний дагуу тооцсон алданги 39,457.63 ам.доллар, нийт 60,468.18 ам.доллар буюу төгрөгт хөрвүүлснээр түүнтэй тэнцэх хэмжээний 172,304,684 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Лхамсүрэн нь шүүх хуралдаанд дараах тайлбар гаргасан:

Энэ ажил 3 жил үргэлжилсэн гэрээт ажлуудын явцад би тухай бүрд нь санхүү болон гүйцэтгэх захирлуудтай холбоотой байсан. Санхүүгийн 2 нягтлан дутагдал доголдолтой ямар ч асуудал байхгүйгээр эцсийн байдлаар ажлыг 2021 оны 02 сард Улсын комиссод хүлээлгэн өгч, албан ёсоор эзэмшигч байгууллагад шилжүүлээд дууссан. Бид бүх баримт бичгээ бүрдүүлээд, аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хасагдах зардлаа бүрдгүүлж тайлан тооцоогоо хийж хаасны дараа, санхүүгийн тайлангийн хагас жил үлдсэний дараа төлбөрөө төлнө гэж явж байгаад төлбөр төлөх асуудал болж байхад самбарын асуудлыг гаргаж ирсэн. Бид самбарыг санхүүгийн тайлан тооцондоо нийлж, санхүүгийн тамга, тэмдгээ дарж Татварын албанд баталгаажуулан өгсөн байгаа. Гэтэл өнөөдөр төлөхгүй гэсэн асуудал гаргаж байгаа нь үндэслэлгүй байна гэв.

 

2.Хариуцагч нар дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан тайлбарыг гаргасан:

 

Манай компани нь Япон Улсын буцалтгүй тусламжаар хэрэгжсэн Улаанбаатар хотын бага, дунд сургуулийн барилга байгууламжийг сайжруулах төслийн хүрээнд Монгол Улсад анх удаа энгийн хүүхдүүд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд  хамтдаа суралцах зориулалттай, газар хөдлөлтөд тэсвэртэй, гамшгийн үед ашиглах болон хорогдох байрны зориулалттай жишиг сургуулиудыг барьж ашиглалтад оруулсан.

 

 Төсөл 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаанд хийж гүйцэтгэх гэрээтэй байсан ч Ковид-19 цар тахлын улмаас төслийг хүлээлгэж өгөх хугацааг сунгаж 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгаж, Улсын комиссод хүлээлгэн өгсөн. Энэ төсөл дээр “Кэй Ви Ди” ХХК-тай Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн өргөтгөл, Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн өргөтгөл, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны 149 дүгээр сургуулийн барилга, Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуулийн барилгын цонх, хаалга, металл сетка, усны хаялага, шилэн самбар зэрэг материалыг бэлтгэх, нийлүүлэх, мөн угсралт, суурилуулалтын ажил гүйцэтгэх гэрээнүүдийг тус тус байгуулсан.

 

Үүнд 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 03/21 тоот материал нийлүүлэх гэрээ, 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 11/55 тоот угсралтын ажил гүйцэтгэх гэрээ,  2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 14/63 тоот угсралтын ажил хийж гүйцэтгэх гэрээ, 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 20/07 тоот угсралтын ажил хийж гүйцэтгэх гэрээ, нийт 655,315 ам.долларын дүнтэй гэрээ байгуулсан.

 

Гэрээний явцад манай компани 2018 онд 327,600 ам.доллар, 2019 онд 96,144.58 ам.доллар, 2020 онд 170,279 ам.доллар, 2021 онд 57,904.7 ам.доллар, нийтдээ 651,928.27 ам.долларын төлбөрийг төлсөн.

 

 Гэтэл “Кэй Ви Ди” ХХК-аас үндэслэлгүйгээр гэрээний төлбөр болон алданги нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй, 29,664.41 ам.доллар нь 2 жилийн баталгаат хугацааны барьцааны төлбөр юм. 7,287.6 ам.долларын үнэлгээтэй ажлын зураг хийж гүйцэтгэх гэрээний үүргээ “Кэй Ви Ди” ХХК биелүүлээгүй тул үлдэгдэл төлбөрөөс хасуулна, 15,064.16 ам.долларын төлөлтийг “Мухиа” ХХК төлөх үүргээс татгалзаж байна. Учир нь энэхүү дүн нь сургуулийн барилгад нийлүүлэхээр гэрээ хийгдсэн ч нийлүүлэлт хийгдээгүй шилэн самбарын үнэ юм. Шилэн самбар нь төслийн шаардлагын дагуу техникийн үзүүлэлт хангасныг нотлох холбогдох бүх бичиг баримт, зураг загвараа төслийн зөвлөх компанид өгч батлуулсны дараа нийлүүлэгдэх ёстой байсан ч “Кэй Ви Ди” ХХК нь энэ шаардлагыг биелүүлээгүй тул ерөнхий гүйцэтгэгч Япон Улсын компани өөрсдийн эрх мэдлийн хүрээнд өөр бэлтгэн нийлүүлэгч сонгосон.

 

 Тухайн үед энэ талаар “Кэй Ви Ди” ХХК-ийн захирал н.Гантулгад “Мухиа” ХХК-ийн захирал утсаар мэдэгдэхэд манай тал нэгэнт үйлдвэрлэсэн тул танайх авах ёстой, бид зөвлөх компаниар чинь загвараа батлуулсан, авахгүй бол бүх ажлаа зогсооно гэх мэтээр их муухайгаар хэлж 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 75 дугаар сургуулийн талбай дээр авч ирж тавьсан байсан ба уг самбар нь дагалдах бичиг баримт буюу техникийн үзүүлэлтийг баталсан бичиг, лабораторийн дүгнэлт, үйлдвэрийн сертификат огт байхгүй, зориулалтын хайрцаг савлагаагүй, бөөнд нь давхарласан байдалтай орхисныг бид албан ёсоор хүлээн аваагүй ба өнөөдрийг хүртэл огт ашиглаагүй.

 

Дээрх шилэн самбартай холбоотой удаа дараа “Кэй Ви Ди” ХХК-ийн захиралтай ярьж хэлэлцэхэд хашаанд чинь буулгасан учир төлбөрөө төл гэсэн шаардлага л тавьдаг байсан. Сүүлдээ Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүртэл хүсэлт гаргаж стандарт шаардлага хангаж байгаа эсэх талаар дүгнэлт гаргаж өгөхийг хүссэн боловч лабораторийн бичиг нь байхгүй учраас дүгнэлт гаргах боломжгүй гэсэн хариуг өгсөн. Иймээс бид төслийн барилгад нийлүүлэгдээгүй, гарал үүсэл нь тодорхойгүй, техник үзүүлэлтийн дагуу үйлдвэрлээгүй, чанарын баталгаагүй, сургуулийн орчинд хэрэглэх аюулгүй байдлыг хангаагүй, зориулалтын баглаа боодол, хайрцаг савалгаагүй шилэн самбарын төлбөр төлөх үүргээс татгалзаж байна. Гэрээний дагуу хийгдвэл зохих ажлын нийлбэр дүнгээс тооцвол “Мухиа” ХХК-ийн нийт төлсөн дүн, хасуулах дүн, хүлээн зөвшөөрөхгүй дүн зэргийг хасч тооцоход одоогийн байдлаар баталгаат хугацааны барьцаа төлбөрийн хэсэгт хамаарах 28,023.3 ам.долларын өглөг үлдэж байна. Барьцаа төлбөр дээр хүү, алданги тооцох үндэслэл байхгүй тул “Кэй Ви Ди” ХХК-ийн нэхэмжилсэн өнгөрсөн хугацааны алдангийг “Мухиа” ХХК төлөхөөс татгалзаж байна гэв.

 

            3. Нэхэмжлэгчээс: талуудын хооронд байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 03/21 тоот ажил гүйцэтгэх гэрээ,  2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 11/55 тоот угсралтын ажил гүйцэтгэх гэрээ,  2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 14/63 тоот угсралтын ажил хийж гүйцэтгэх гэрээ, 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 20/07 тоот угсралтын ажил хийж гүйцэтгэх гэрээнүүд, тооцоо нийлсэн акт, ханшийн мэдээлэл, “Кэй Ви Ди” ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээ, Мухиа” ХХК-нд хүргүүлж байсан албан бичгүүд, төлбөрийн нэхэмлэл, дансны хуулга,

            4. хариуцагчаас: бичгийн тайлбар “Мухиа” ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээ, компаний дүрэм, “Кэй Ви Ди” ХХК-нд хүргүүлж байсан албан бичгүүд, Сангийн сайдын 43,79,248 тоот тушаалууд, мэргэжлийн хяналтын газрын албан бичгүүд,

            5. шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр: и-мэйлд үзлэг хийж 6 хуудас материалыг үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан.

            Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдэв.

          2. Нэхэмжлэгч “Кэй Ви Ди” ХХК нь хариуцагч “Мухиа” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн төлбөрт 21,010.55 ам доллар, алданги 39,457,63 ам доллар, нийт 60,468.18 ам доллар буюу 172,304,684 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

3. Хариуцагч “Мухиа” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж марган, 29,664.41 ам.доллар нь 2 жилийн баталгаат хугацааны барьцааны төлбөр 7,287.6 ам.долларын үнэлгээтэй ажлын зураг хийж гүйцэтгэх гэрээний үүргээ “Кэй Ви Ди” ХХК биелүүлээгүй, чанарын баталгаагүй, сургуулийн орчинд хэрэглэх аюулгүй байдлыг хангаагүй, зориулалтын баглаа боодол, хайрцаг савалгаагүй шилэн самбарын төлбөрийг төлөхгүй гэх тайлбарыг гаргасан.

            4. Нэхэмжлэгч “Кэй Ви Ди” ХХК нь 2021 оны 09 дүгээр сарын 28-ний өдөр М.Амарнасаа, Л.Лхамсүрэн нарт  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25,26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг 3 жилийн хугацаатай итгэмжлэл олгосон. /х.х-ийн 51 хуу/

            5. Хариуцагч “Мухиа” ХХК нь 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр С.Батнасанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг 1 жилийн хугацаатай олгосон. /х.х-ийн 41 хуу/

            6.  а/. “Кэй Ви Ди” ХХК нь “Мухиа” ХХК-ний хороонд 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 03/21 дугаартай “ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулан, гэрээгээр хийлгэж буй ажлын нийт үнэ 546,000 ам доллар байхаар,

 б/. 2019 оны 09 дүгээр сард 11/55 дугаартай “ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулан, гэрээгээр хийлгэж буй ажлын нийт үнэ 31,497 ам доллар байхаар,

в/. 2019 оны 09 дүгээр сард 11/55 дугаартай “ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулан, гэрээгээр хийлгэж буй ажлын нийт үнэ 22,752 ам доллар байхаар,

г/.  2019 оны 12 дугаар сарын 02-ний өдөр 14/63 дугаартай “ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулан, гэрээгээр хийлгэж буй ажлын нийт үнэ 15,880 ам доллар байхаар,

д/. 2020 оны 4 дүгээр сарын 20-ний өдөр 20/07 дугаартай “ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулан хийлгэж буй нийт ажлын үнэ 39,186 ам доллар байхаар тохиролцон, талууд гарын үсэг зурж гэрээнүүд хүчин төгөлдөр болжээ. /х.х-ийн 8-21 хуу/

Дээрхи гэрээнүүдэд талууд Япон улсын буцалтгүй тусламжаар хэрэгжих Улаанбаатар хотын бага дунд сургуулийн барилга байгууламжийг сайжруулах төслийн хүрээнд Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн өргөтгөл, Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн өргөтгөл, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны сургууль, Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуулийн төслийн барилгын цонх, хаалга, металл сетка, усны хаялага, шилэн самбар нийлүүлэх, тээвэрлэх, суурилуулж өгөх, захиалагч нь уг ажлыг хүлээн авч төлбөрийг төлөх харилцааг зохицуулахаар тохиролцсон байна.

Нэхэмжлэгч “Кэй Ви Ди” ХХК нь хариуцагч “Мухиа” ХХК-ний хороонд “ажил гүйцэтгэх гэрээ” 5 удаа байгуулагдан гэрээгээр тохиролцон хийх ажлын нийт хөлс нь 655,315 ам доллар байхаар талууд тохиролцсон. Гэрээний хүчин төгөлдөр эсэх болон дээрхи ажил гүйцэтгэх  гэрээнүүдийн дагуу хийлгэж буй ажлын нийт үнийн дүн 655,315 ам долларын талаар маргаагүй.

 

6. Иргэний хуулийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.” гэж заасанд нийцсэн бөгөөд талуудын хооронд мөн хуулийн 343 дугаар зүйлд заасан гэрээний харилцаа үүсжээ.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” мөн хуулийн 343.2-т “ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна.” мөн 343.3-т “ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлсийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ”гэж хуульчилсан.

Хариуцагч “Мухиа” ХХК нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, баталгаат хугацааны барьцаа төлбөр болох 29,664.41 ам.долларын үлдэгдэл байгаа үүнээс хүү, алданги тооцох үндэслэлгүй, шилэн самбар нь дагалдах бичиг, техникийн үзүүлэлтийг баталсан бичиг, лабораторийн дүгнэлт, үйлдвэрийн сертификатгүй,  бид албан ёсоор хүлээн аваагүй гэх тайлбар нь доорхи баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Нэхэмжлэгч нь баталгаат хугацааны барьцаа төлбөр болох 29,664.41 ам.долларын үлдэгдэл байгаа эсэхэд маргаагүй харин гэрээний дагуу хийсэн ажлын үлдэгдэл төлбөрийг алдангийн хамт нэхэмжилсэн.

Хариуцагч “Мухиа” ХХК-ний нягтлан бодогчоор З.Ганцэцэг ажилладаг болох нь  “Кэй Ви Ди” ХХК-ний нягтлан бодогч Л.Лхамсүрэнгийн “улс даяар Ковид-19 цар тахалын улмаас хөл хорио тогтоосон учраас “Мухиа” компаний нягтлан бодогч Ганцэцэгтэй и-мэйлээр харилцсан” гэх тайлбар, и-мэйлд үзлэг хийсэн баримт зэргээр тогтоогдож байна.

Кэй Ви Ди” ХХК нь “Мухиа” ХХК-ний хороонд байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 03/21 дугаартай “ажил гүйцэтгэх гэрээ”-ний 3-т “гэрээний төлбөрийг шаталж олгохоор”, 6.1-д “...гэрээний шаталсан төлбөрийн нөхцөл нь бүрдсэн байхад хугацаанд нь төлөөгүй бол хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0,5% тай тэнцэх хэмжээний алдангийг гүйцэтгэгчид төлнө” гэж, /х.х-ийн 18-21 хуу/

 2020 оны 4 дүгээр сарын 20-ний өдөр 20/07 дугаартай “ажил гүйцэтгэх гэрээ”-ний 1.3-т “...гэрээ батлагдсан өдөр 60% буюу 23,510 ам доллар, гадна цонх суурилуулж дууссаны дараа 20% буюу 7,835 ам доллар, ажил хүлээлцэх актаар ажлаа хүлээлцсэнээр 20% буюу 7,841ам долларыг гүйцэтгэгчид  хуанлийн 3 хоног дотор дансаар төлнө.”, 3.3-т “захиалагч нь төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги гүйцэтгэгчид төлнө.”гэж талууд тус тус тохиролцжээ. /х.х-ийн 14-17 хуу/

“Кэй Ви Ди” ХХК нь “2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Санхүүгийн тооцоо нийлсэн актаар талуудын хооронд хийгдсэн АГГ-03/21, 14/63, 11/55, 20/07 тоот гэрээнүүдийн дүгнэлтээр “үлдэгдэл төлбөр 78,915.26 ам доллар” гэх баримтыг 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн  03:59 минутанд maa lkam /[email protected]/ хаягнаас [email protected] хаягт илгээсэн байна. /х.х-ийн 22,23 хуу/

Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх дээрхи /maa lkam /[email protected]/[email protected] хаягт үзлэг хийж, үзлэгийн тэмдэглэлд 6 хуудас материалыг хавсаргасан. Үзлэгээр: [email protected] хаягнаас 2021 оны 2 дугаар сарын 05-ны өдөр “Сайн байна уу. Тооцоо нийлсэн актыг баталгаажуулж илгээлээ. Тооцооны төлбөрийг цагаан сараас нааш хийх боломжгүй байна. Уучлаарай, баярлалаа” гэх хариуг ирүүлсэн. /х.х-ийн 155-162 хуу/

“Кэй Ви Ди” ХХК-ний илгээсэн “2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Санхүүгийн тооцоо нийлсэн актаар талуудын хооронд хийгдсэн АГГ-03/21, 14/63, 11/55, 20/07 тоот гэрээнүүдийн дүгнэлтээр “үлдэгдэл төлбөр 78,915.26 ам доллар” гэх тооцоо нийлсэн баримтыг  “Мухиа” ХХК нь гарын үсэг зурж, санхүүгийн тамга дарж баталгаажуулан буцаан хүргүүлсэн болох нь тогтоогдож байна.

“Кэй Ви Ди” ХХК нь 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр, 2019 оны 8 дугаар  сарын 16-эмй өдөр, 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр, 2020 оны 2 дугаар сарын 7-ний өдөр, 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр 2020 оны 4 дүгээр сарын 16-ний өдөр, 2020 оны 05 дугаар сарын 1-ний өдөр,  2021 оны 3 дугаар сарын 15-ний өдөр, 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр, 2021 оны 05 дугаар сарын 28-ний өдөр 2021 оны 6 дугаар сарын 08-ний өдөр, 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр “Мухиа” ХХК-иас төлбөрийн үлдэгдлээ удаа дараа шаардсан албан бичиг болон төлбөрийн нэхэмжлэлийг удаа дараа хүргүүлж,  “Мухиа” ХХК нь “...үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулна энэ хугацаанд алданги тооцохгүй байхыг хүсч байна.” гэсэн албан бичгүүдийг ирүүлж байжээ. /х.х-ийн 59-87 хуу/

“Мухиа” ХХК нь тооцоо нийлсэн акт үйлдсэнээс хойш “Кэй Ви Ди” ХХК-нд 57,904 ам долларыг төлсөн болох нь талуудын тайлбар хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул хариуцагч “Мухиа” ХХК-иас 21,010.275 ам доллар /78,915.26-57,904=21,010.57/ гаргуулан нэхэмжлэгч “Кэй Ви Ди” ХХК-нд олгох үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.” байхаар хуульчилсан тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн алданги 39,457.63 ам долларын алдангийн 50% болох 10,505.275 ам долларыг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй.

Хариуцагч “Мухиа” ХХК нь шилэн самбарыг манайх хүлээн аваагүй тул төлбөрийг төлөхгүй гэж маргасан боловч хавтас хэргийн 100-р хуудсанд ““Кэй Ви Ди” ХХК нь “Мухиа” ХХК-нд 61 ширхэг шилэн самбарыг 2020 оны 08 дугаар сарын 26-ний өдрийн зарлагын баримтаар” хариуцагчид хүлээлгэн өгсөн байна.

Иймд хариуцагч “Мухиа” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн төлбөр 21,010.55 ам доллар, алданги 10,505.275 ам доллар, нийт 31,515.825 ам доллар буюу 89,804,658 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Кэй Ви Ди” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 28,952.3 ам доллар буюу 82,500,026 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. /АНУ-ын доллар 2020.12.30-ний өдрийн байдлаар  2849.51 төгрөг, х.х-ийн 24 хуу/

9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Мухиа” ХХК-иас 606,979 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Кэй Ви Ди” ХХК-д   олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,019,473 төгрөгийг улсын орлогод хэвээр  үлдээж шийдэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Мухиа” ХХК-аас 31,515.825 ам доллар буюу 89,804,658 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Кэй Ви Ди” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 28,952.355 ам доллар буюу 82,500,026 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Мухиа” ХХК-иас 606,979 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Кэй Ви Ди” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,019,473 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр  үлдээсүгэй.

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн 120.2-т зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.    

          

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          А.МӨНХЗУЛ