| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийгэрийн Амартөгс |
| Хэргийн индекс | 182/2021/03625/И |
| Дугаар | 182/ШШ2022/00268 |
| Огноо | 2022-01-28 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 182/ШШ2022/00268
2019 оны 08 сарын 07 өдөр Дугаар 182/ШШ2019/01388 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: З.Н-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С.А-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч З.Н,
хариуцагч С.А,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Марал-Эрдэнэ
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгч З.Н нь хариуцагч С.Ат холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. З.Н нь С.Атай 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гэрлэлтээ батлуулж, гэр бүлж амьдрах хугацаанд 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдөр охин Боржгон овогт А.Б, 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр охин Боржгон овогт А.А төрсөн.
Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2019 оны 12 дугаар сараас тусдаа амьдрах болсон юм. Тэр үеэс хойш хоёр охин маань эх З.Н-гийн асрамжид амьдарч өсөж торнисон. Одоо бид тус тусын амьдралтай болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, охин А.А, охин А.А нарыг миний асрамжид үлдээж, эцэг С.Ааас том охин болох А.Ад хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй болно” гэв.
2.Хариуцагч С.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие энэхүү гэрлэлт цуцалж өгөхийг зөвшөөрч байна. Мөн эд хөрөнгийн маргаан байхгүй тул хоёр охиноо ээж болон Н-гийн асрамжид үлдээж, том охин А.Ад тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна” гэжээ.
3.Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Нийслэлийн Ерөнхий боловсролын 89 дүгээр сургуулийн тодорхойлолт, Аминтус өрхийн эмнэлгийн тодорхойлолт, А.А, А.А нарын №0000833840 Г-5840, №1116610243 дугаартай хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, №1116611541 дугаарт бүртгэгдсэн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэрэг баримтыг өгсөн.
4.Хариуцагчаас шүүхэд бичгээр хариу тайлбар гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч З.Н нь хариуцагч С.Ат холбогдуулан “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...зан харилцааны таарамжгүй байдлаас болж маргалддаг байсан, өвөл амардаг учраас нэлээн архи уудаг байсан, 2 дахь охин төрсний дараа тасралтгүй маргалддаг болсон, одоо бид тус тусын гэр бүлтэй болсон...” гэж тодорхойлсон
Хариуцагч С.А нэхэмжлэлийн шаардлагад гаргасан үндэслэлээ “..2018 онд Тэрэлжид ажилладаг байсан гэртээ иртэл манай эхнэр өөр хүнтэй уулзаад байж байсан, одоо тэр нь хамт амьдарч байгаа хүн, гэрлэлт цуцлахыг зөвшөөрч, эх З.Нгийн асрамжид үлдээхийг зөвшөөрч, охин А.Ад тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна” гэж тайлбарлажээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
З.Н, С.А нар 2011 оны 12 дүгээр сарын 20-ны өдөр гэр бүл болсныг 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн бөгөөд тэдний дундаас 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдөр охин А.А, 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр охин А.А нарыг төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан №1116611541 дугаарт бүртгэгдсэн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, охин А.А, А.А нарын №0000833840 Г-5840, №1116610243 дугаартай хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
З.Н нь С.Ат холбогдуулан гэрлэлт цуцлах асуудлаар тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан ба эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн боловч эвлэрүүлэн зуучлал үр дүнд хүрээгүй, амжилтгүй болсон зэргийг үндэслэн 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ажиллагааг дуусгавар болгожээ.
Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй байдлаас шалтгаалж, 2019 оны 12 дугаар сараас хойш тус тусдаа амьдарч байгаа, бие биеэ гэх хайр халамжгүй, эхнэр нөхрийн дотно харьцаагүй, гэр бүлийн амьдралаа цаашид хэвийн хадгалан үргэлжлүүлэх хүсэлгүй, талуудыг эвлэрүүлэх зорилгоор эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсан байгаа боловч, гэрлэгчид эвлэрээгүй, хэн аль нь гэрлэлт цуцлахыг хүлээн зөвшөөрч байгаа, мөн гэрлэгчид өөр бусадтай тус тусын хамтын амьдралтай болсон зэрэг хэргийн бусад нөхцөл байдлыг харгалзан тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.
Хариуцагч С.А нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд эхийн асрамжид үлдээх тайлбар гаргасан тул 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин А.А, 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин А.А нарыг эх С.Н-гийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу эцэг С.А нь 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин А.А, 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин А.А нарыг эх С.Номингийн асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй, мөн энэ үүргээ гүйцэтгэхэд эх С.Номин саад болох учиргүйг дурдах нь зүйтэй юм.
2012 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин А.А, 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин А.А нарыг эх С.Н-гийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь С.Аийн хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд тэд хүүхдээ хүмүүжүүлэх асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ гүйцэтгэхэд хэн алиндаа саад учруулахгүй байх үүрэгтэй юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол Улсын иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 38.3-д тус тус зааснаар “эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх“ үүрэгтэй тул эцэг С.Ааас хүүхдийн тэтгэлгийг хуульд заасан хэмжээгээр гаргуулж, охин А.Аг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Гэрлэгсэд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Боржигон овогт З.Н, Боржигон овогт С.А нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин А.А, 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин А.А нарыг эх С.Н-гийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин А.Аг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг С.А-аар тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Н-гоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.А-аас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Н-д олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан хариуцагч С.А-аас нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамжид 37,865 төгрөгийг гаргуулж улсын төсвийн дансанд олгосугай.
7. Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Б.Батбилэгт даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.АМАРТӨГС