Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/127

 

 

 

 

 

 

 

      2024        10          07                                        2024/ШЦТ/127

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч А.Бямбажав даргалж, Ерөнхий шүүгч Б.Байгалмаа, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М. холбогдох эрүүгийн 2404000600092 дугаартай хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга:                                              С.Бат-Эрдэнэ

Иргэдийн төлөөлөгч:                                                 С.Пүрэвгармаа              

Улсын яллагч:                                                            А.Дүүрэнбилэг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн

           өмгөөлөгч:                                                                   Г.Золжаргал, Ш.Мягмарцэрэн    

Шүүгдэгчийн өмгөөлөгч:                                           Д.Цолмон

Шүүгдэгч:                                                                   нар оролцов.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  Монгол улсын иргэн, аймгийн суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, Улаанбаатар “*******”-д замчин ажилтай, ам бүл 2, ээжийн хамт *******,******* тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* овгийн ******* Бат-Эрдэнэ (РД:*******).

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч нь *******,******* тоотод 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 17:00 цагийн үед хохирогч *******тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар 1 метр орчим урт банз модоор хохирогч *******гийн толгой хэсэгт нэг удаа цохиж, газарт унагааж, унасны дараа түүний цээж хэсэгт 2 удаа баруун хөлөөрөө өшиглөж хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.  

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч шүүх хуралдаанд өгсөн “...би 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр өглөө 07 цагт гэрээсээ гараад ажилдаа явсан. Өдөр ажил дээрээ үдлээд орой 17:00 цагт ажил тарах байсан боловч ажил бага байсан учраас 16 цаг 30 минутын үед ажлаасаа буугаад гэр рүүгээ явсан. Гэртээ ирэхэд ээж, хойд эцэг 2 хашаан дотроо малдаа өвс тавьж өгч байсан. Гэртээ ирээд байж байхад гэрийн гадна ээж, хойд эцэг 2 хоорондоо маргалдах чимээ гарсан. Би юу болсон талаар харах гээд гэрээс гараад ирэхэд ээжийг элдэв бусаар доромжилж “миний идэж, уух та нарт ямар хамаатай юм бэ, гичий минь” гэх зэргээр харааж байсан. Тэгээд амь хохирогч дээр явж очиход амнаас нь архи үнэртэж байсан. Тэгээд би түүнд та ямар хаашаа юм бэ, архи уусан юм бол орж амраач гэж хэлсэн. Тэгтэл идэх уухаа чамаар заалгахгүй, шалдан бацаан минь гэх зэргээр хэлсэн. Тэгээд би ээж, амь хохирогчид хандаж “та хоёр муудалцахаа болио” гэж хэлэхэд ээж, амь хохирогч бид хоёрын дундуур орж ирэхэд амь хохирогч “чи муу гичий минь чамайг би дуугай бай гэж хэлсэн шүү” гэж хэлээд ээжийг цохих гээд далайхаар нь би далайсан гарыг нь барьж аваад газар түлхээд унагаасан. Тэгтэл ээж “боль миний хүү настай хүнд гар хүрч яах гэсэн юм” гээд гэрийн урд хэсэг рүү дагуулаад явсан. Гэрийн урд хэсэгт очоод байж байхад амь хохирогч “танай шээсийг чинь алнаа” гээд өвсний хашаан дотор байсан өвсны шор аваад миний араас хөөсөн. Тэгээд би айсандаа гэрийн зүүн талаар зугтаасан. Тэгээд гэрийн хойд хэсэгт газарт цасан дээр 1 метр гаруй урттай модон банз байхаар нь шууд аваад эргэж хартал амь хохирогч “одоо би чамайг нэвт сүлбэж ална” гээд хүрээд ирэхээр нь амь хохирогчийн толгой тус газарт 1 удаа цохисон. Намайг толгойд нь цохиход шууд газарт дээшээ хараад ойчихоор нь сандраад нэмээд цээжний хэсэгт 2 удаа баруун хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд миний ухаан санаа орж гараад сандал түшээд байж байтал ээж гэрийн зүүн талаар тойроод гарч ирээд “чи яаж байгаа юм бэ, настай хүн цохиж байгаа юм уу? гэхэд нь би “харсаар байгаад алуулах ёстой байсан юм уу?” гэж хэлсэн. Тэгтэл ээж “би түргэн дуудлаа, уруул нь хөхрөөд царай нь их сонин байна” гээд өөрийн дүү Б.Баттөр лүү залгаж хэлсэн. Тэгээд би яахаа мэдэхгүй амь хохирогчийн цээжин хэсгээс нь өргөөд гэр рүү оруулсан. Тухайн үед би амь хохирогчийг ухаан алдсан байна гэж бодсон...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэлээс),

Шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би Улаанбаатар замын 19 дүгээр хэсэгт замчинаар ажилладаг. 2023 оны 09 дүгээр сард тухайн ажилд орсон. Ээж, хойд эцэг 2 гэртээ мал маллаж амьдардаг. манайх 40 гаруй тооны бог малтай. Би 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр өглөө 07 цагт гэрээсээ гараад ажилдаа явсан. 16 цаг 30 минутын үед ажлаасаа буугаад гэр рүүгээ явсан. Манай гэр ажлаас 500 орчим метрийн зайтай учраас би алхаад 20-30 хугацаанд гэр лүүгээ явчихдаг. Гэртээ ирэхэд ээж, хойд эцэг 2 хашаан дотроо малдаа өвс тавьж өгч байсан. Тэгэхээр нь би шууд гэр лүүгээ ороод цай уугаад хувцсаа солих гээд байж байсан чинь гэрийн гадна ээж, хойд эцэг 2 хоорондоо маргалдах чимээ гарсан. Би юу болсон талаар харах гээд гэрээс гараад ирэхэд хойд эцгийн дуу нь өндөрсөөд намайг гэрээс гараад ирэхийг хараад танай ах дүү нар тус болдоггүй, танай хүү чинь арчаагүй, заяагүй гэх зэргээр намайг хараагаад хэл амаар доромжилоод байхаар нь би түүнд та ямар хаашаа юм бэ, архи уусан юм бол орж амраач гэж хэлсэн. Тэгтэл идэх уухаа чамаар заалгахгүй, шалдан бацаан минь гэх зэргээр хэлсэн. Би тэр үед шууд хойд эцэг рүү тулаад очсон. Бид 2 харилцан нэг нэгнийгээ куртикнээсээ заамдалцаад би түлхэхэд газарт нь унахад нь бид хоёрын дундуур ээж орж ирээд намайг холдуулсан. Тэгтэл хойд эцэг хашааны зүүн талд байх өвсний хашаан дотроос өвсны шор аваад миний араас ална, зүрхийг чинь сугалж гаргана гэх зэргээр хэлээд хөөсөн. Тэгэхээр би өөрсдийн амьдардаг Монгол гэрийг тойрч зугтаагаад гэрийн хойд хэсэгт газарт цасан дээр 1 метр гаруй урттай модон банз байхаар нь шууд аваад эргэж хараад хойд эцгийг толгой тус газарт толгойных нь зүүн хэсэгт банзаараа 1 удаа цохьсон. Намайг толгойд нь цохиход шууд газарт дээшээ хараад  ойчихоор нь сандраад нэмээд цээжний хэсэгт 2 удаа баруун хөлөөрөө өшиглөсөн. Би тухайн үед яг цээжний аль хэсэг рүү өшиглөсөн гэдгээ санахгүй байна. Би ажлын хар өнгийн урдаа  төмөртэй гутал өмссөн байсан. Хойд эцгийн толгой биеэс ямар нэгэн цус гараагүй, толгойд нь цохисон хэсгээс бага зэрэг цус гарсан байж магадгүй, би балмагдаад сайн санахгүй байна. Би толгой руу нь цохиод унасан газар нь банзаа хаячихсан. Намайг хойд эцгийг цохиод газарт унасаны дараа ээж гэрийн үүд хэсгээс гэр тойроод гарч ирээд чи настай хүнийг хэтрүүлчихэж байгаа юм бишүү, яаж байгаа юм бэ” гэхээр нь би хариуд нь тэгээд алуулаад байж байх байсан юм уу гэж хэлсэн. Тэр үед би ганцаараа хойд эцгийг гэр рүү өргөж оруулаад гэрийн хойд талд байсан орон дээр толгойг нь ерөнцийн зүгээр баруун тийш дээш харуулж хэвтүүлээд дээгүүрээ өмссөн байсан саарал өнгийн дээлийг нь тайлаад, толгойдоо өмссөн ноосон саарал өнгийн малгай, бээлий, саарал өнгийн энгэр нь задгай цамцыг нь тайлаад хэвтүүлсэн. Намайг оронд дээр өргөж хэвтүүлэхэд бага зэрэг  амьсгалж байсан. Ер нь л бие нь сааралтаад уруул нь хөхрөөд эрээн болоод байсан. Хойд эцгийг /цаашид талийгаач гэх/ гадаа байхад ээж утсаар төрсөн дүү Баттөр лүү залгаад “чи эмнэлэг дуудаад ирээ, Бат-Эрдэнэ, 2 муудалцаад г цохиод унагаачихлаа чи яаралтай түргэн дуудаад дагуулаад ирэх хэрэгтэй байна, эвгүй болчлоо, уруул нь хөхрөөд сонин байна” гэж ярьсан. Утсаар ярьж байх хооронд нь би талийгаачийг гэр лүү өргөж оруулснаас хойш түргэн тусламж 30 гаруй минутын дараа ирсэн байх, цаг хугацааг сайн мэдэхгүй байна. Түргэний эмч ирээд энэ хүн нас барсан байна гэж хэлээд цагдаа дуудсан. Түргэн тусламж ирсний дараа гарч харахад банзыг нүүрсний хажууд тавьсан байсан. Ээж тэнд тавьсан байх гэж бодож байна....” гэсэн мэдүүлэг (1-р хх-ийн 154-156-р хуудас)

              Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Багануур дүүрэг рүү явж байхад манай аавын дүүгийн охин рүү талийгаачтай хамтран амьдарч байсан Мөнхцэцэг гэх хүн утсаар залгаад "та нараас юу нуух вэ, манай хүү Бат-Эрдэнэ, талийгаач хоёр хоорондоо муудалцаж, маргалдсан зүйл байгаа, цагдаа нар аваад явсан" гэж хэлээд тасалсан юм. Тэгээд бид нар Багануур дүүрэгт ирж талийгаачийн цогцсыг аваад Төв аймгийн нутаг дэвсгэрт нутаглуулсан юм... Манай аав ******* нь 1960 онд аймгийн суманд төрсөн. Бага насаа аймгийн суманд эцэг, эхийн гар дээр өсөж сумандаа 8 дугаар анги төгссөн. Түүний дараа 3 жилийн цэргийн алба хаасан. Түүний дараа 1982 оноос хойш манай ээж хамтаар 10 орчим амьдарсан. Тэгээд манай аав 4-5 жилийн хугацаатай хорих ял эдэлж байсан юм. Түүнээс хойш ээж, аав хоёр салж 2 эгч, би болон дүүгийн хамтаар эхийнхээ хамт амьдарч, аав тусдаа амьдарч байсан юм. Тэгээд дараа нь Мөнхцэцэг гэх хүнтэй хамтран амьдарч одоог хүрсэн юм... Талийгаач нь зан байдлын хувьд дөлгөөн, үр хүүхдүүддээ ч гар хүрч үзээгүй, согтууруулах ундааны зүйлийг ер нь хэрэглэдэг байсан. Гэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүнтэй муудалцах, маргалдах, бусад байдлаар агсам согтуу тавих зүйл байдаггүй хүн байсан. Үр хүүхдүүдтэйгээ холбоотой байж санаа тавьдаг байсан, бусдад тусархаг хүн байсан... Би аавтай хамгийн сүүлд 2023 оны хавар утсаар ярьсан. Тухайн үед манай аав ойр зуурын энгийн зүйл ярилцаж байсан юм. Өмнө нь 2-3 жилийн өмнө утсаар ярилцахад Бат-Эрдэнэ гэх хүүтэй нь маргалдаж, муудалцсан гэж ганц нэг удаа ярьж байсан юм. Би гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг (1-р хх-ийн 23-24-р хуудас)

               Гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...намайг 2024 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 17 цаг 30 минутын үед ажлаа тараад гэртээ ирсэн байхад миний төрсөн эгч Б.Мөнхцэцэг нь утсаар залгаад ах чинь ухаан алдчихлаа түргэн дуудаад өг, түргэнийг аваад ирээч гэж хэлсэн. Тэгээд би Багануур дүүргийн Эрүүл мэндийн хүлээн авах тасагт 103 эмчид очиж өөрийн биеэр дуудлага өгөөд түргэний машиныг дагуулж ******* *******ын хэсэгт очсон. Тэгээд түргэний эмчийг дагуулаад гэрт ороход гэрийн хоймрын орон дээр хүргэн ах нь дээшээ харсан, хөнжил нөмөрсөн, унтаж байгаа юм шиг харагдсан. Түргэний эмч үзээд удалгүй хүргэн ах г нас барсан байна гэж хэлсэн. Тэгээд эмч цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн, цагдаагийн алба хаагч нар ирээд хэргийн газрын үзлэг хийж дуусаад сүүлд нь амь хохирогч ******* ахыг эрүүл мэндийн байгууллагын цогцос хадгалах өрөөнд хүлээлгэн өгсөн... Манай төрсөн эгч , хүү нар хамт гэрт байсан. Өөр хүн байгаагүй... Тухайн үед намайг очиход эгч Мөнхцэцэг нь ах чинь уначихлаа түргэн дуудаад өгөөч л гэж хэлж байсан. Би тухайн үед хүргэн ах г зүрх нь муу юм чинь, зүрх нь өвдөөд ухаан алдчихсан л гэж бодсон. Тэгээд намайг эмч дагуулж ороод хүргэн ах г нас барсан байна гэж хэлэхэд эгч Б.Мөнхцэцэг, нар нь гэрээс гараад уйлаад байсан. Юм яриагүй... Тухайн үед эмч ороод үзсэн, үзээд нас барсан байна гэж хэлсэн. Намайг очиход нь гэрийнхээ хоймрын орон дээр дээшээ хараад хөнжлөөр хучсан байдалтай байсан. Би очоод хүрээгүй...” гэсэн мэдүүлэг (1-р хх-ийн 40-41-р хуудас),

              Гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би 2024 оны 2 дугаар сарын 08-ны өдөр 24 цагаар Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн яаралтай түргэн тусламжийн тасагт жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байхад 18 цагийн үед 50 гаран насны эрэгтэй хүн өөрийн биеэр ирээд ******* *******ын 1-1 тоотод эрэгтэй хүн ухаан алдаад уначихлаа гэж хэлсэн. Тэгээд тухайн хүнийг дагаад түргэн тусламжийн тэрэгтэй ******* хэсэгт очсон. Тэгээд дуудлага мэдээллийн дагуу тус хаягт ороход 50 гаран насны эмэгтэй хүн, 20-25 насны өндөр биерхүү залуу, Монгол гэрийн хоймор хэсэгт ертөнцийн зүгээр баруун тийшээ толгой нь харсан 60 гаран насны эрэгтэй хүн хөнжил нөмөргөсөн, дээшээ харсан байдалтай байсан. Тэгээд тухайн хүнд хандаж биед үзлэг хийхэд амьсгал, зүрх зогссон, мөчид хүйтэн, бие эрээнтэж /хүүрийн толбо/ үүссэн байсан. Хүүрийн толбо нь нас барсан цаг хугацаанаас 2- 4 цагийн дотор үүсдэг. Тэгээд би эхнэр болох 50 гаран насны эмэгтэй хүнээс тухайн амь хохирогчийн талаар асуумж асууж архаг хууч өвчин, даралт зүрх судасны өвчтэй эсэх? өвчтөний эмнэлгийн хяналтын карт зэргийг асуухад эмнэлэгт үзүүлдэггүй, эмнэлгийн карт байхгүй, даралт ихэссэн үедээ даралтын эм уудаг, зүрхэнд аспирин уудаг гэж хэлж байсан. Мөн талийгаачийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаар асуухад сүүлийн 3 хоног уусан, тэгээд өнөөдөр хоолоо идэж гараад хашаан дотроо ухаан алдаж унасан гэх яриа өгүүлэлтэй байсан. Тухайн эмэгтэйгээс амь хохирогчийг таны юу вэ гэж асуухад манай хамтран амьдрагч, хамт амьдраад 20 гаран жил өнгөрч байна, 20-25 насны залууг энэ танай юу вэ гэж асуухад манай төрсөн хүүхэд гэж хэлж байсан. Тэгээд маргалдаж муудалцсан талаар асуухад маргалдаж муудалцаагүй, өдөр хоол идэж байхад нь талийгаачид хандаж “архи дарс битгий уу” гэж хэлсэн. Тэгээд би 7021103-т мэдэгдэж цагдаад дуудлага мэдээлэл өгүүлсэн..., ...монгол гэрт ороход 50 гаран насны эмэгтэй хүн гэрийн голд ширээний хажууд зогссон, 20-25 насны нэг эрэгтэй хүн баруун талын орон дээр суусан байдалтай, гэрийн хоймор хэсгийн орон дээр 50 гаран насны эрэгтэй хүн дээшээ харж хэвтсэн, хөнжил нөмөрсөн байдалтай байсан. Гэр орны байдал цэвэрхэн хувцас хунар угаасан байдалтай байсан..., ...тухайн хаягт очиход 50 гаран насны эрэгтэй хүн амьсгал, зүрх зогссон хүүрийн толбо үүссэн байсан... Тухайн амь хохирогчийн толгой хэсэгт зүүн талын чамархай хэсэгт бага зэргийн хавдаж, тэр хэсэгт нь жоохон шалбарч цус гарсан байдалтай байсан. Тухайн үед эхнэр гэх эмэгтэйгээс асуухад өчигдөр толгой нь хөөрөөд байна гээд үсээ хусахдаа приткээр хусахдаа зүссэн гэх яриа өгүүлэлтэй байсан. Өөр ил харагдах шарх гэмтэл харагдаагүй. Тухайн үед нас барсан байдалтай байсан тул цагдаа иртэл хөдөлгөөгүй... эхнэр нь гэртээ өдөр хоол идэж гараад хашаан дотроо унасан байсан тэгээд байж байхад нь би дийлэхгүй хүүхэдтэйгээ өргөж оруулсан гэх яриа эгүүлэлтэй байсан. Өөр юм ярихгүй уйлсан байдалтай байсан. Тухайн 20-25 насны эрэгтэй хүн дуугүй юм ярихгүй, доошоо тонгойсон байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг (1-р хх-ийн 44-46-р хуудас),

              Гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...тухайн хүн нь хааяа ганц нэг удаа манай *******, Замын 3-3 тоотод байрлах хүнсний дэлгүүрт орж ирдэг байсан хүн байна... ******* гэх хүн нь хөл муутай эхнэртэйгээ, мотоцикль унаад явж байдаг байсан юм. Би сайн санахгүй байна. 2024 оны 2 дугаар сард манай дэлгүүрээр үйлчлүүлээгүй. Нилээн өмнө нь л нэг удаа манай дэлгүүрт орж ирсэн гэж бодож байна... ******* гэх хүн нь ямар нэг бэртэл, гэмтэл ажиглагдаж байгаагүй...” гэсэн мэдүүлэг (1-р хх-ийн 178-179-р хуудас),

              Гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...би талийгаач *******тэй 2024 оны 2 дугаар сарын 06-ны өдөр *******, хэсэгт байрлах гэрт нь цагаан сарын өвчүү чанахаар очих үедээ уулзсан. Тэгээд өвчүү чанах зуур ******* нь миний үсийг хусаад өгөөч, сүүлийн үед толгой өвдөөд хөөрөөд байна гэсэн юм. Тэгэхээр нь би *******гээс үс хусах зүйл байгаа юм уу гэхэд "сахлын татуурга, ир" гаргаж өгсөн. Тэгээд би талийгаач *******гийн үсийг сахлын татуурга, ир /притка/ ашиглан үсийг нь хусаж өгсөн юм. Тухайн үед талийгаачийн толгойн зулай хэсэгт жижиг биржийсэн зүйл гарчихсан байсан. Тэгээд үсийг нь хусахад биржийсэн зүйлүүд нь татуургын ирэнд зүсэгдсэн юм. Тэгээд би өвчүүгээ чанаж дуусаад аваад гэр рүүгээ явсан юм... Намайг хамгийн сүүлд талийгаачтай уулзахад биеийн байдал нь хэвийн байсан. Тухайн өдөр талийгаач согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Ямар нэг байдлаар бэртэж, гэмтсэн зүйл байгаагүй. Түүнээс хойш би талийгаачтай дахиж уулзаагүй. Түүнээс хойш талийгаач гэрээс гараагүй байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг (1-р хх-ийн 181-182 дугаар хуудас),

              Цогцост хийгдсэн шүүх эмнэлэгийн шинжээчийн 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн №005 дүгнэлтэд “...амь хохирогч *******гийн цогцост баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн голомтлог няцрал, баруун зулай чамархай хэсгийг хамарсан ясны шугаман хугарал, баруун зулай хуйх, чамархайн булчинд цус хуралт хавирганы хугарал, өвчүүний хэсэгт цус хуралт, зулайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр зулайд үүссэн зулгаралт гэмтэл ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ. Талийгаачийн нас барсан цаг хугацааг хэргийн газрын анхны үзлэгээр тогтооно. Талийгаачийн цусад 1.1 промилли, ходоодны шингэнд спиртийн агууламж илрээгүй. /хөнгөн зэргийн согтолттой/, талийгаач нь АВО системээр В /III/ бүлгийн цустай байна. Талийгаачид шууд үхэлд хүргэх архаг хууч өвчин эмгэг тогтоогдоогүй. Талийгаачийн биед учирсан гавал тархины битүү гэмтэл нь амьд ахуйд үүссэн гэмтэл байна, гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар учрах үедээ амь биед аюултай хүнд зэрэгт хамаарна, талийгаачийн хавирганы хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (1-р хх-ийн 113-114-р хуудас)

              Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Ө.Шаарийбуугийн 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн “...талийгаач *******гийн биед 3, 4, 5, 6-р хавирганууд хөндлөн зөрүүгүй хугаралтай, хугарлын харалдаа өвчүүний хэсэгт улаан ягаан өнгийн цус хуралт, зулайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн болон ир ирмэгтэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд амьд байх явцад учирсан байх боломжтой. Тайлбар: хавирганы хугарал, цохих цохигдох, өшиглөх г.м тохиолдолд үүсэх боломжтой. Дээрх 3, 4, 5, 6 дугаар хавирганы хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээр зулайнд үүссэн зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн 001 дугаартай дүгнэлт (1-р хавтаст хэргийн 173-174 дүгээр хуудас),

              Шинжээч эмч Ө.Шаарийбуугийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...талийгаач *******гийн гавал тархины гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой байна... талийгаач нь шинжилгээнд орох явцад үсээ хусуулсан буюу үсгүй байсан ба зулайн орой хэсэгт ир үзүүртэй зүйлийн зурагдал бүхий хэд хэдэн удаагийн давтамжтай зүсэгдсэн шарх байсан. /тухайлбал үсийг хусах явцад сахлын хутга, болон үсний машин зэргийн үйлчлэлээр амьд байх явцад үүсэх боломжтой гэж бодож байна/... Талийгаачийн биед учирсан хавирганы х:угарал нь амьд байх явцад учирсан байх боломжтой. Яагаад гэвэл шинжилгээний :явцад хугарлын ойролцоо улаан ягаан өнгийн цус хуралт үүссэн байсан... талийгаачийн биед учирсан гавал тархины гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. Гавлын ясны хугарал, цусан хураа гэмтлээс болж тархи дарагдаж улмаар амьсгал, зүрх судасны дутагдалд орж түргэн хугацаанд нас барна. Эмнэлгийн анхан шатны тусламжаар амь нас аврагдах боломж муутай. Амьд байх хугацаа нь хүний биеийн онцлогоос хамаарч хэр хугацаанд амьд байх боломжтойг тогтоох боломжгүй байна... Талийгаачийн биед учирсан хавирганы хугарал гэмтэл нь гадна талдаа ил харагдах гэмтэлгүй байх боломжтой. Яагаад гэвэл талийгаач нь зузаан хувцастай байх, хүч үйлчилсэн зүйл нь зөөлөн, мохоо, өргөн талбайтай зүйлээр хүч үйлчилсний улмаас учирсан байх боломжтой байна... Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр учирсан байх боломжтой... Зулайд үүссэн зулгаралт гэмтэл нь сахлын хутганаас үүссэн байх боломжтой. Талийгаачийн амьд байх хугацаанд үүссэн байх боломжтой....” гэсэн мэдүүлэг (1-р хх-ийн 132-133 дугаар хуудас),

              Хэргийн газрын үзлэг хийсэн 2024.02.08-ны өдрийн “...хэрэг учрал болсон гэх газар нь ******* хэсэгт байрлах 1-1 тоот хаяг, ...үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд гэрийн хоймрын модон орон дээр дээшээ харсан байрлалтай хоёр хөлийг биеийн дагуу шулуун болгосон, хоёр гарыг биеийн дагуу шулуун болгосон, хуруунуудын 2-р үеийг хагас атгасан, цээж нүцгэн, доогуураа хөх өнгийн даавуун өмдтэй, хөлдөө саарал өнгийн нэг хос оймстой, 60-65 насны эрэгтэй хүний цогцос байв, Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн түргэний эмч Амаржаргал ирж үзэн, нас барсан байна гэсэн тул цогцос гэж үзлэгийн тэмдэглэлд тусгав, ...толгойны орой хэсэгт цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон, өнгөц зулгарсан олон тооны цэгчилсэн шархтай, хүүрийн толбо биеийн дарагдаагүй хэсгээр хүрэн улаан өнгөөр тод үүссэн байв... “ гэжээ. (1-хх-ийн 6-13-р хуудас)

              Цогцост үзлэг хийсэн 2024.02.09-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-хх-ийн 14-18-р хуудас)

              Мэдүүлгийг газар дээр нь шалгасан “...намайг эргэж хараад толгой руу нь цохих үед урагш унаад газарт унах үедээ дээшээ хараад толгой нь гэр лүү харсан байдалтай хэвтсэн. Тухайн үед толгойноос бага зэрэг цус гарч байсан, ...би эргэж хараад банзаа хоёр гараараа барьж байгаад зүүн гараа дагаж эргээд цохисон. Банз толгой дээр нь оносон. Талийгаач шууд газарт унасан. Би өргөөд гэр лүү оруулаад дээгүүрх хувцсыг нь тайлаад дээш нь харуулаад хэвтүүлсэн ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-хх-ийн 52-56-р хуудас)

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолд “...*******, хэсгийн 1 дүгээр гудамжны 1 тоотод 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр нас барсан эрэгтэй хүн байна гэх гомдол, мэдээлэлд мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаагаар хураан авсан 138 см урттай, 14.5 см өргөнтэй банз мод нэг ширхэг, модон иштэй төмөр савар /өвс хамагч/ нэг ширхэг, саврын хугархай модон иш нэг ширхэг зэргийг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэжээ. (1-хх-ийн 59-р хуудас)

Шүүх сэтгэц эмгэг судлалын 748 дугаартай “... нь одоо хийж буй үйлдэл, эс үйлдллийнхээ учир холбогдлыг ойлгон хариуцлага хүлээх чадвартай байна. нь үнэн зөв тайлбарлан мэдүүлэг өгөх чадвартай байна. нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчингүй, нь цаашид сэтгэцийн хувьд орчиндоо болон өөртөө аюул учруулах боломжтой эсэхийг урьдчилан тогтоох боломжгүй байна...” гэсэн дүгнэлт (2-р хх-ийн 33-34-р хуудас)

Шүүгдэгч хувийн байдалтай холбогдох баримтууд (2-р хх-ийн 111-124-р хуудас)

нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тухай шалгах хуудас (2-р хх-ийн 41-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

              Иймд шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтүүдийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар гаргасан дүгнэлтүүдийн үндэслэлүүд нь тодорхойлогджээ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагчаас “...шүүгдэгч М. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “хүнийг алах” гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцуулах, гэмт хэргийн улмаас талийгаачийн амь нас хохирсон. Хохирол төлбөрийн хувьд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хохирол төлбөртэй холбоотой, түүнийгээ мөнгөн дүнгээр илэрхийлж баримт гаргаагүй. Тийм учраас учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь дурдаж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,

              Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Золжаргалаас “...Улсын яллагчийн дүгнэлтийг дэмжиж байна. Хэрэгт авагдсан болон бусад нотлох баримтуудыг судалж үзэхэд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна. Тухайн үйл явдал болох үед 3 хүн л байсан. Шүүгдэгч, амь хохирогч, гэрч Б.Мөнхцэцэг 3 байсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр шүүгдэгчийн ээж буюу Б.******* анх томилсон байдаг. Энэ нөхцөл байдал нь буруу байна. М. даруй сэжигтнээр баривчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авна уу, гэрчид нөлөөлөөд байна гэж прокурорт хүсэлтээ илэрхийлсээр байтал уг хүсэлтийг маань татгалзаж эргэлзээтэй нөхцөл байдал үүсгэсэн боловч сүүлд энэ эргэлзээтэй нөхцөл байдал нь арилсан. Шүүгдэгчийн хувьд хүн чанар гаргаад оршуулгын зардлыг төлөх зэрэг зүйл огт байдаггүй. Эрүүл мэндийн сайд болон хууль зүйн сайд нарын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/265, А/278 тушаалуудаар сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг гаргуулах жишиг аргачлалыг энэ тушаалын 3.3 дахь хэсэгт тодорхой заасан байна. Мөн Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгч нарын хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолоор гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний хууль ёсны төлөөлөгч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг шүүгдэгчээс гаргуулах саналыг гаргаж байна...” гэв.

       Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгээс “...шүүгдэгчийн зүгээс аргагүй хамгаалалтын арга хэмжээ авч ийм байдал үүссэн гэж яриад байна. Мөрдөн шалгах ажилгааны явцад тухайн үйл явдал нь аргагүй хамгаалалт мөн үү гэдгийг тогтоох ажиллагаа хийгдсэн боловч ямар ч нотлох баримтаар нотлогдоогүй. Өмнө амь хохирогчид дарамтлуулдаг байсан гэж яриад байгаа. Үнэхээр тийм байсан юм бол тухайн үед нь цагдаагийн байгууллагад гомдол мэдээллээ өгөөд шалгуулсан зүйл байдаг уу гэхээр огт байдаггүй. Иймд улсын яллагчийн дүгнэлттэй санал нэг байна...” гэв.

         Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...амь хохирогч нь гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан нь гэрч Б.******* мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, цагдаагийн байгууллагын хайлтын системээс гарсан лавлагаагаар нотлогдож байгаа. Тиймээс амь хохирогч нь халдлага үйлдэхээр зан, араншинтай хүн байсан байна гэж дүгнэж байна. М. хувьд архи огт хэрэглэдэггүй, зан төлөвийн хувьд эвдрэлгүй, өмнө гэмт хэрэг болон зөрчилд холбогдож байсан зүйл байхгүй гэдэг нь хэрэгт байгаа нотлох баримтуудаас харагдаж байгаа. Хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтуудыг шалгасан гэж ойлгож байгаа. Ингээд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хувьд эргэлзээ гарч байна гэж үзэж байна. Улсын яллагчаас санаатай алсан гэмт хэрэг гэж дүгнээд байгаа нь нотлогдохгүй байна гэж үзэж байна. Тиймээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн заалт байгаа. ... өөрийн амь насыг хамгаалах үүднээс амь хохирогчийг банзаар цохисон нь амь хохирогчийн амь хохирох явдал болсон. Тиймээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдож байх тул хэргийн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг гаргаж байна...” гэсэн дүгнэлт.

              Шүүгдэгч “...хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэсэн дүгнэлт

              Иргэдийн төлөөлөгчөөс “...нотлох баримт болон шинжээчдийн дүгнэлтийг харахад амь хохирогч нь гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг гэдэг нь харагдаж байна. Амь хохирогч нь шүүгдэгчийн ээжтэй маргалдаж түүнд дургүйцсэн М. өвсний шор сэрээгээр хатгах гэж байхад нь гаргасан үйлдэл нь аргагүй хамгаалалт гэж дүгнэж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүй гэж дүгнэж байна...” гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргажээ.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч нь 2024 оны 2 дугаар сарын 08-ний өдөр 17 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах үйлдвэр хэсгийн 0 тоот хашаанд хойд эцэг *******тэй ээжийгээ өмөөрч маргалдан, улмаар 1 метр орчим урт банз модоор хохирогч *******гийн толгой хэсэгт нэг удаа цохиж, газарт унагааж, унасны дараа түүний цээж хэсэгт 2 удаа баруун хөлөөрөө өшиглөж цохиж зодсоны улмаас биед нь баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн голомтлог няцрал, баруун зулай чамархай хэсгийг хамарсан ясны шугаман хугарал, баруун зулай хуйх, чамархайн булчинд цус хуралт хавирганы хугарал, өвчүүний хэсэгт цус хуралт, зулайд зулгаралт /гавал тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны хурц дутагдал/ гэмтэл учруулж, уг гэмтлийн улмаас хохирогч ******* нь 2024 оны 2 дугаар сарын 8-ны өдөр нас барсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 005, 001 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, Шүүх сэтгэц эмгэг судлалын 533 дугаартай дүгнэлт, шинжээч эмч Ө.Шаарийбуугийн мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг дээрхи шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

“Хүнийг алах” гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас хүний амь нас хохирсоноор төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд энэ үед үхэлд шууд хүргэсэн буюу хэсэг хугацааны дараа амь нас хохирсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй ба гэм буруутай этгээдийн үйлдэл нь хохирогч нас барсан үр дагавартай шалтгаант холбоотой байдаг нь “Хүнийг алах” гэмт хэргийн үндсэн шинж болдог.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь амь хохирогчтой маргалдан, улмаар түүний толгой хэсэгт нь банз модоор цохисны улмаас тархины гавал тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж хохирогч нас барсан болох нь шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтаар тогтоогдсон ба шүүгдэгч нь амь хохирогчийн толгой хэсэгт нь банз модоор цохисон үйлдэл, уг үйлдлийн улмаас амь хохирогч нас барсан үйл баримттай шалтгаант холбоотой байна.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Тодруулбал одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй эрүүгийн хуульд гэм буруугийн санаатай хэлбэрийн шууд болон шууд бус санааны төрлийг нарийвчлан зааглаагүй хэдий ч эрүүгийн эрх зүйн онолын хүрээнд “гэм буруугийн шууд бус санаа” гэдэг нь гэмт этгээд өөрийн үйлдлийн улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдаас мэдсэн боловч тэр хор уршгийг учруулахыг урьдаас хүсээгүй, харин тодорхой нөхцөл байдалд өөрийн үйлдлээрээ тухайн хор уршигт хүргэсэн, тэр уршгийг бий болгосон буюу хор уршигт ялгаваргүй хандсан байхыг ойлгодог. Бусдын эрүүл мэндэд халдах үйлдэл нь хүний амь насыг хөнөөх, хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн хохирол учруулах зэрэг үр дагаварт хүргэж болохыг гэм буруутай этгээд мэдэх боловч эдгээр хор уршгийг урьдаас хүсээгүй бөгөөд тухайн нөхцөлд бусдын эрүүл мэндэд халдаж хохирол учруулсан, хүнийг алсан бол шууд бус санаагаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг болон хүнийг алах гэмт хэргээр зүйлчлэгдэхийг дурдах нь зүйтэй.

Иргэдийн төлөөлөгчөөс “...шүүгдэгчийг тухайн гэмт хэрэгт гэм буруугүй...” гэсэн дүгнэлт,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “...амь хохирогч согтуу байсны улмаас шүүгдэгчийн ээжийгээ өмөөрсөн явдалд дургүйцэж сэрээ бариад хөөсөн байдаг. Согтуу хүн эрүүл хүн хоёрын хувьд үйлдлээ хянах зэрэгт асар ялгаатай. Довтолгоо тулгараагүй гэдгийг ямар нотлох баримтаар нотлож байна вэ, сэрээ бариад дайраад хашааны буланд шахаагүй гэдгийг ямар нотлох баримтаар нотлож байна вэ. Тулгараагүй гэдгийн нотлох баримт байхгүй байгаа нь шүүгдэгчийн гэм буруугийн хувьд эргэлзээ гарч байна. өөрийн амь насыг хамгаалах үүднээс амь хохирогчийг банзаар цохисон нь амь хохирогчийн амь хохирох явдал болсон. Тиймээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдож байх тул хэргийн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг гаргаж байна...” гэсэн дүгнэлт тус тус гаргажээ.

              Шүүгдэгчээс “...айсандаа гэр тойрч зугатааж байгаад араас гүйцээд ирхээр нь банз модоор эргэж хараад толгой хэсэгт нь нэг удаа цохиод унахаар нь хоёр удаа цээж хэсэгт нь өшиглөсөн, ...араас хөөгөөд хашаанд тулаад модоор цохисон...” гэж мэдүүлжээ.

              Гэтэл мэдүүлгийг газар дээр нь шалгасан “...намайг эргэж хараад толгой руу нь цохих үед урагш унаад газарт унах үедээ дээшээ хараад толгой нь гэр лүү харсан байдалтай хэвтсэн. Тухайн үед толгойноос бага зэрэг цус гарч байсан, ...би эргэж хараад банзаа хоёр гараараа барьж байгаад зүүн гараа дагаж эргээд цохисон. Банз толгой дээр нь оносон. Талийгаач шууд газарт унасан...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1,2,13 дахь гэрэл зурагт амь хохирогчийг банз модоор цохисон гэх газар нь гэр болон хашаанаас зайтай харагдаж байна./ (1-хх-ийн 52-56-р хуудас) зэргээр шүүгдэгчийн дээрхи мэдүүлэг няцаагдаж байна.

Хохирогчийн хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн талаар шүүгдэгчийн мэдүүлгээс өөр хэрэгт нотлох баримт авагдаагүй бөгөөд шүүгдэгчийн мэдүүлэг дангаараа нотлох баримтын шаардлага хангахгүй.

Хэрэгт цугларсан шүүгдэгч болон шинжээчийн дүгнэлтээс үзэхэд амь хохирогч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, хэрэглэсэн үедээ гэр бүлийнхэнийгээ буюу шүүгдэгч М. дарамтлах, агсан тавих зэргээр хүчирхийлдэг байсан үйл баримт тогтоогдож байгаа боловч гэмт хэрэг гарах үед дээрхи үйл баримт тогтоогдоогүй болно. Тухайлбал шүүгдэгч нь амь хохирогчийг хэл амаар доромжилсон, өвсний сэрээ барьж хөөсөн гэж мэдүүлж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдоогүй, амь хохирогчийн зүгээс шүүгдэгч М.Бат-Эрдэнийн амь бие, эрүүл мэнд, эрх чөлөөнд халдахаар довтолсон идэвхитэй үйлдэл тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл амь хохирогч ******* нь тухайн нөхцөлд шүүгдэгч М. хэл амаар доромжилсон, өвсний сэрээ барьж хөөсөн нь түүний амь насыг хохироох шалтгаан болохгүй бөгөөд шүүгдэгчийн “...айсандаа гэр тойрч зугатааж байгаад араас гүйцээд ирхээр нь банз модоор эргэж хараад толгой хэсэгт нь нэг удаа цохиод унахаар нь хоёр удаа цээж хэсэгт нь өшиглөсөн, араас хөөгөөд хашаанд тулаад модоор цохисон...” гэж мэдүүлсэн нь санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж хүнийг алах, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн шинж байхгүй байна.

Шүүгдэгч нь хүнийг цохиж биед нь халдах нь аюултай гэмтэл учруулах эсхүл амь насыг нь хохироох боломжтой хууль бус шинжтэй  үйлдэл хийж байгаагаа ухамсарлаж байсан байх ба хэдийгээр хохирогчийн амь насыг хохироохыг хүсээгүй боловч амь хохирогчийн толгойн хэсэгт нь банз модоор хүсэж цохисон, мөн үргэлжлүүлэн хоёр удаа өшиглөсөн үйлдлийн улмаас зориуд хохирогчийн амь насыг хохироосон хор уршигт хүргэсэн тул түүнийг санаатай хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ. Иймээс түүнийг Эрүүгийн хуульд заасан аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

Хохирогч, шүүгдэгч нарын хувийн зан чанар, бусадтай харилцах харилцаа, гэмт хэрэг гарах үед хэн алиных нь биеэ авч явсан байдал /амь хохирогч 64 настай, шүүгдэгч 31 настай/, хохирогчид учирсан гэмтлүүд, үүссэн хүчин зүйлс зэргээс дүгнэлт хийхэд хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас шүүгдэгч хохирогчийн аюултай довтолгооны эсрэг аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэх үндэслэлгүй байна.

М. холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүйгээр нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэд авч хэрэгжүүлжээ.

              Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газраас үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон, үндэслэлтэй байна. 

              Энэхүү гэмт хэргийн шалтгаан нөхцлийг шүүгдэгч, амь хохирогч нарын дунд гэр бүлийн таагүй уур амьсгал, үл хүндэтгэх, зан харилцаатай холбоотой байна гэж үзлээ.

            Иймд шүүхээс шүүгдэгч М. хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

              Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

              Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Алтанхундага болон өмгөөлөгчдийн зүгээс оршуулгын зардал болон сэтгэцэд учруулсан гэм хорын хохирлоо нэхэмжилжээ.

              Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй.” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.   

 “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” гэж,

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт “Сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж заасан.

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.3-д зааснаар “хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж заасан.

Мөн Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаартай тогтоолын 1 дэх заалтад “Улсын хэмжээнд мөрдөгдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг цагт 3929 төгрөг 80 мөнгө буюу сард 660.000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосугай” гэж заажээ.

Иймд шүүхээс нөхөн төлбөрийн хэмжээг дээрх аргачлалын дагуу тооцож хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 99,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж (660.000х150=99,000,000) хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Алтанхундагад олгох нь зүйтэй.

Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Алтанхундага нь оршуулгын зардал нэхэмжилсэн ямар нэг баримт шүүхэд ирүүлээгүй байх тул оршуулгын зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй байна.

              Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

              Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас  “...шүүгдэгч М. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  9 жил, хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх. Шүүгдэгч нь  2024 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс цагдан хоригдсон тул эрүүгийн хуулийн 6.10 дахь зүйлд зааснаар түүний цагдан хоригдсон 114 хоногийг ял эдлэсэн хугацаанд тооцуулах. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч М. авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 138 см урт, 14.5 см өргөн модон банз 1 ширхэг, модон иштэй төмөр савар /өвс хамагч/ 1 ширхэг, хугархай модон иш 1 ширхэг зэргийг устгуулах саналтай байна...” гэсэн дүгнэлт,

                 Хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нараас “...шүүх шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон тул шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзэж байна. Тусгайлан гаргах санал байхгүй...” гэсэн дүгнэлт

              Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх зүгээс гэрч нарын мэдүүлгээр зан болон биеэ авч явах байдал доголдолгүй, хүүхдэд хайртай, зөөлөн зантай гэдэг нь тогтоогдоно. Энэ гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйл нөлөөлсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзээд шүүгдэгчид хорих ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлт,

              Шүүгдэгч эс “...хийсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогчид учирсан сэтгэл санааны хохирлыг ажил хийж барагдуулна, миний ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн дүгнэлтүүд тус тус гаргав.

              Шүүх шүүгдэгч М. эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.

              Шүүгдэгч М. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдэгдсэн, бүрэн дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, 31 настай, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилтай, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг хувийн нөхцөл байдал тогтоодож байна.

              Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлагын зорилгыг ханган, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчимд нийцүүлэн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч М. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор буюу 8 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэв.

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч М. оногдуулсан 8 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн  цагдан хоригдсон 114 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, шүүгдэгч М. энэ өдрөөс урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн авч шийдвэрлэв.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хэрэгт хураан ирүүлсэн 138 см урт, 14.5 см өргөн модон банз 1 ширхэг, модон иштэй төмөр савар /авс хамагч/ 1 ширхэг, 1 ширхэг саварны хугархай модон иш зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц   устгах нь зүйтэй. 

              Хэрэгт шүүгдэгчийн эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын нэхэмжлэл байхгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ******* овгийн ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Шүүгдэгч ******* овгийн ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман (8) жил зургаан (6) сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  М. оногдуулсан найман (8) жил зургаан (6) сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон 114 хоногийг түүний эдлэх ялд оруулан  тооцсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч эс амь хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 99,000,000 (ерөн есөн сая) төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь оршуулгын зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
  6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М. урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт хураагдаж ирүүлсэн 138 см урт, 14.5 см өргөн модон банз 1 ширхэг, модон иштэй төмөр савар /авс хамагч/ 1 ширхэг, 1 ширхэг саварны хугархай модон ишийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг мэдэгдсүгэй.  
  8. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.
  10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М. авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                 А.БЯМБАЖАВ                        

                                         

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.БАЙГАЛМАА                

               

         ШҮҮГЧ                                 Б.МӨНХ-ЭРДЭНЭ