Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2026 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2026/00052

 

Т-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Н.Баярмаа, Э.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн

2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 192/ШШ2025/03483 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 210/МА2025/01843 дугаар магадлалтай

Т-ийн нэхэмжлэлтэй,

“Н” ХХК-д холбогдох

Даатгалын нөхөн төлбөрт 284,270,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О-н хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О, хариуцагчийн өмгөөлөгч Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч Т нь хариуцагч “Н” ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 284,270,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 192/ШШ2025/03483 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч “Н” ХХК-иас 127,921,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т-т олгож, үлдэх 156,348,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,579,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н ХХК-иас 797,557 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т-т олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 210/МА2025/01843 дугаар магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 29-ний өдрийн 192/ШШ2025/03483 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Н ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 05 сарын 30-ны өдөр урьдчилан төлсөн 797,558 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасны дагуу хяналтын журмаар гомдлол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын Хянавал хэсгийн 4.1-д “...Хариуцагч нь “...нэхэмжлэгч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.3-т тус тус заасныг зөрчсөн, энэ нь даатгалын гэрээний 7.6-д заасан “хурд хэтрүүлсэн” гэсэн даатгалын нөхөн төлбөр олгохгүй байх үндэслэлд хамаарна...” гэсэн агуулгатай тайлбар гаргасан нь Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 6.6-д “Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3-т заасан нөхцөлүүдийг зөрчсөн бол нөхөн төлбөрийн 50% хүртэл хязгаарлаж болно” гэж тусгасантай зөрчилдөж байна. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн гаргасан “...Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасныг зөрчсөн бол нөхөн төлбөрийг 50% хүртэл хязгаарлах...” агуулгатай гэрээний зохицуулалттай зөрчилдөж байна” гэж дүгнэжээ.

Бодит байдал дээр хариуцагчаас дээрх агуулга бүхий тайлбарыг анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхэд огт гаргаагүй. Харин “...Нэхэмжлэгч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.3-т заасныг зөрчсөн нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон байна. Тус дүрмийн 12.1-т заасныг зөрчсөн нь “хурд хэтрүүлэх” гэсэн ойлголтод хамаарна” гэх утга бүхий тайлбар гаргасан. Гэтэл давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн тайлбарыг гуйвуулан дүгнэж, магадлалын үндэслэл болгосон нь илт үндэслэлгүй болжээ.

Мөн магадлалд өмнө дурдсан дүгнэлтдээ үндэслэж “Иймд “Автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээ”-ний 7.6-д заасныг 6.6-д заасантай харьцуулах замаар “жолооч хурд хэтрүүлсэн” гэдгийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-т “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн тохиолдолд хамааруулах үндэслэлтэй гэж Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1-д зааснаар тайлбарлах нь зүйтэй байна” гэж дүгнэсэн. Тус дүгнэлтийн үндэслэл болсон өмнөх дүгнэлт нь бодит байдалтай нийцээгүй, үндэслэлгүй дүгнэлт болсон тул дээрх дүгнэлт ч мөн адил үндэслэлгүй болно. Түүнчлэн энэ утгаараа талуудын хооронд байгуулсан гэрээнд дурдсан “жолооч хурд хэтрүүлсэн” гэснийг ойлгомжгүй гэж дүгнэх боломжгүй.

Мөн “хурд хэтрүүлэх” ойлголтод зөвхөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-т заасныг зөрчсөнийг ойлгох мэтээр тайлбарласан байна. Гэтэл Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлэгт бүхэлдээ тээврийн хэрэгслийн хурдыг зохицуулсан байх бөгөөд тус дүрмийн 12.4-т заасан зохицуулалтыг “хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлт” зэрэг нөхцөл байдал хэвийн нөхцөлд ашиглагдах бөгөөд дээрх нөхцөл хэвийн бус нөхцөлд тус дүрмийн 12.1-т заасныг баримтлан жолооч хурдаа тохируулж явах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүхийн тайлбарласнаар буюу зөвхөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-т заасныг зөрчсөн үйлдлийг “хурд хэтрүүлэх” ойлголтод хамааруулан авч үзвэл тус дүрмийн 12 дугаар бүлэгт заасан бусад заалтыг зөрчсөн нь “хурд хэтрүүлэх” ойлголтод хамаарахгүй бөгөөд цастай, шуургатай, гулгаатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөлд жолооч суурингаас гадна 80 км цагийн хурдтай явж болно гэж ойлгогдож байна.

Түүнчлэн, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлэгт хурдны дээд хязгаараас гадна бусад нөхцөлүүдэд “жолооч нөхцөл байдлыг үнэлэн өөрт болон бусдад аюулгүй хурдыг сонгож явах үүргийг” тодорхойлон заасан. Иймд Т нь замын нөхцөл байдлыг гулгаатай гэдгийг мэдсээр байж, хурдаа тохируулан сонгож явах үүргээ хэрэгжүүлээгүй нь “хурд хэтрүүлэх” ойлголтод зайлшгүй хамаарах бөгөөд энэ тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг зөвхөн орон нутгийн замын хөдөлгөөнд 80 км цагийн хурдаар тодорхойлох боломжгүй юм.

Мөн Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.09.04-ний өдрийн 123 дугаар “Т-ийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.3-т заасныг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон” тухай шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байх бөгөөд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан. Иймд Тийг “хурд хэтрүүлсэн” тухай дахин нотлох шаардлагагүй байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын Хянавал хэсгийн 4.2-т “Анхан шатны шүүх Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэж амь нас хохирогч М-ы эхнэр Т-ийг даатгалын нөхөн төлбөр нэхэмжлэх эрхтэй этгээд гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ” гэж дүгнэсэн боловч ямар ч үндэслэл дурдаагүй байна.

Гэтэл Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсгийг хэрэглэх урьдчилсан нөхцөлүүд хангагдаагүй байна.

Тухайлбал, Иргэний хуулийн дээрх заалтад өвлүүлэгч, өвлөгч нар өвлүүлэгчийг нас барахаас өмнө хамт амьдарч байсан байх ёстой талаар заасан. Гэтэл хэргийн материалд энэ талаарх баримт огт авагдаагүй. Хэдийгээр хэргийн материалд даатгуулагч М, нэхэмжлэгч Т нарын гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдийн төрсний гэрчилгээ авагдсан боловч эдгээр баримт нь тэднийг хамт амьдарч байсан гэдгийг нотлох баримт биш юм. Өөрөөр хэлбэл тэдний хамт амьдарч байсан талаар нотлох Засаг даргын тодорхойлолт зэрэг баримт авагдаагүй, түүнчлэн нэхэмжлэгчээс хамт амьдарч байсан талаар нотлох үйлдэл хийсэн зүйл байхгүй байна.

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт заасныг хэрэглэх дараагийн урьдчилсан нөхцөл нь “өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй” байхаар заасан. Гэтэл хавтаст хэрэгт нэхэмжлэгч энэ талаар нотолсон баримтыг мөн ирүүлээгүй, өв хүлээн авахаас татгалзсан эсхүл татгалзаагүй талаар ямар ч баримт байхгүй байна.

Иймд давж шатны шүүхээс нэхэмжлэгчийн нотлох үүргийг шилжүүлэн авч, хуулийг буруу хэрэглэн, хамт амьдарч байсан эсэх талаар болон өвийг хүлээн авахаас татгалзаагүй талаар нотлогдсон мэтээр хийсвэр шийдвэр гаргасан анхан шатны шүүхийг үндэслэлгүйгээр зөвтгөсөн нь шударга ёсны зарчим, шүүх хараат бус байх зарчим, талуудын эрх тэгш байх зарчимтай зөрчилдөж байна.

Мөн Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-т “Өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө” гэж зааснаар өвийн тухай ойлголт нь эд хөрөнгийн болон эрхийн гэж хуваагдана. Харин анхан болон давж заалдах шатны шүүхийн үндэслэл болсон Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт заасан үндэслэл нь эрхийн тухай биш эд хөрөнгийн тухай зохицуулалт байна. Иймд уг иргэний хэрэгт дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжгүй байна.

Мөн давж заалдах шатны шүүх “Хариуцагч “Н” ХХК нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д заасан хууль ёсны өвлөгч биш тул нэхэмжлэгч Тийг “Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ”-ний шаардах эрхийг өвлөх эрхтэй этгээд эсэх талаар маргах эрхтэй этгээд биш” гэж дүгнэжээ.

Гэвч энэ дүгнэлт нь үндэслэл бүхий болоогүй байна. Учир нь Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “даатгуулагч гэж өөрийн ашиг сонирхлын төлөө даатгалын зүйлээ даатгуулж, даатгагчтай гэрээ байгуулсан иргэн, хуулийн этгээдийг”, 4.1.6-д “даатгалын нөхөн төлбөр гэж гэрээний дагуу даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгагчаас даатгуулагчид олгох мөнгөн хөрөнгийг” гэж тус тус заасан.

Өөрөөр хэлбэл, хариуцагч байгууллага нь даатгалын нөхөн төлбөрийг даатгуулагчид олгох ёстой. Харин даатгуулагч нас барсан тохиолдолд хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9-д “даатгуулагч нас барсан тохиолдолд түүний эрх, үүргийг хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчид нь шилжүүлэх” гэж заасны дагуу түүний өвлөгчид даатгуулагчийн нөхөн төлбөр авах эрхийг шилжүүлэх үүргийг даатгагч хүлээсэн.

Өөрөөр хэлбэл, “Н” ХХК-д нэхэмжлэгчийг өв залгамжлагч мөн эсэхийг тодруулах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлэхдээ нотлох баримтыг шаардлага хангасан баримтад үндэслэх нь зүйтэй. Нөгөө талаас Тийн нэхэмжлэлтэй “Н” ХХК-д холбогдох иргэний хэргийн маргаан нь гэрээний маргаан байх тул нэхэмжлэгч нь гэрээний дагуу шаардах эрхийг шилжүүлэн авсан эсэхийг тодруулах зайлшгүй шаардлагатай.

Давж заалдах шатны шүүхээс “...“Н” ХХК нь ... хууль ёсны өвлөгч биш тул нэхэмжлэгч Тийг... шаардах эрхийг өвлөх эрхтэй этгээд эсэх талаар маргах эрхтэй этгээд биш” гэж дүгнэсэн нь 1-рт өвлөх эрхтэй эсэхэд зөвхөн хууль ёсны өвлөгчид маргах эрхтэй, 2-рт маргах эрхгүй этгээд маргаж байгаа тул шаардах эрхийг шалгах шаардлагагүй гэсэн хууль бус дүгнэлт хийхэд хүргэж байна.

Эндээс нэгтгэн дүгнэхэд давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хийсвэрээр зөвтгөж, хэт нэг талыг барьсан хуульд үндэслээгүй шийдвэр гаргажээ. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т зааснаар шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч K-н гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2026.01.12-ны өдрийн 001/ШХТ2026/00067 дугаар тогтоолыг гаргажээ.

ХЯНАВАЛ:

6. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

     7. Нэхэмжлэгч Т нь хариуцагч “Н” ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 284,270,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ: “...Нөхөр бид хоёр 2023 онд Lexus-570 маркийн *** улсын дугаартай автомашиныг “Г” ХК-ийн зээлээр худалдан авсан бөгөөд тухайн үед “Г” ХК-аар дамжуулан “Н” ХХК-тай “Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ”-г байгуулан, хураамжийг төлсөн. Бид гэр бүлийн хамт 2024.02.07-ны өдөр Өмнөговь аймгийн Мандалговь чиглэлийн хатуу хучилттай авто замаар зорчиж явахдаа *** улсын дугаартай Lexus-570 маркийн автомашинтай мөргөлдөж зам тээврийн осолд орж, миний нөхөр Мы амь нас эрсдэж, даатгалын гэрээний 4.3.1, 4.3.3-т заасан даатгалын тохиолдол үүссэн. Даатгалын нөхөн төлбөр гаргуулахаар “Н” ХХК-д хандсан боловч шүүхийн шийдвэрийн үндэслэлийг өөрт ашигтай байдлаар тайлбарлан хэрэглэж жолооч хурд хэтрүүлсэн гэх гэрээний заалтад хамруулан нөхөн төлбөр олгохоос үндэслэлгүйгээр татгалзсан тул даатгалын нөхөн төлбөр 284,270,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэж тайлбарласан.

Хариуцагч хариу тайлбартаа: “...М нь хариуцагч “Н” ХХК-тай 2023.06.23-ны өдөр “Автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээ”-г байгуулж, гэрээний дагуу *** улсын дугаартай Lexus-570 маркийн автомашиныг даатгуулсан. Даатгуулагчийн эхнэр Т буюу нэхэмжлэгч нь 2024.02.07-ны өдөр Өмнөговь аймгийн Мандалговь чиглэлийн хатуу хучилттай авто замд тус автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.3-т заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол болж, даатгалын зүйлд хохирол учирсан. ...Энэ нь даатгуулагчтай байгуулсан тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 7.6-д жолооч хурд хэтрүүлэх, улаан гэрлээр уулзвар нэвтрэх, урсгал сөрсний улмаас үүссэн хохирол гэж заасан нь даатгалын нөхөн төлбөр олгохгүй нөхцөлд хамаарч байх тул даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн. Түүнчлэн манай байгууллага даатгалын гэрээг нэхэмжлэгчтэй бус түүний нөхөр Мтай байгуулснаас үзэхэд нэхэмжлэгч Т нь даатгалын гэрээний тал биш тул даатгалын гэрээний үүргийг “Н” ХХК-аас шаардах эрхгүй этгээд байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж тайлбарласан.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ: “...М нь даатгалын хураамж болох 3,750,000 төгрөгийг төлж, хариуцагч нь *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг 375,000,000 төгрөгийн хэмжээнд даатгахаар тохиролцсон тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээ байгуулагджээ. ...жолооч хурд хэтрүүлсэн байдал тогтоогдоогүй тул даатгалын гэрээний 3.1-д заасан *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мөн гэрээний 4.3.3-д “онхолдох” эрсдэл учирчээ. Гэхдээ даатгалын гэрээний 6.6-д “Замын хөдөлгөөний дүрмийн ...12.3-г зөрчсөн бол нөхөн төлбөрийг 50 хүртэл хувиар хязгаарлаж болно.”, 6.12-т “даатгуулагчийн буруугаас үүдэн тохиолдол үүссэн бол даатгуулагчийн хариуцах хэсэг нь олгохоор тооцсон нөхөн төлбөрийн 10 хувьтай тэнцүү байна.” тус тус зааснаар даатгуулагчийн хариуцах хэсэг 28,427,000 төгрөгийг учирсан эрдэл болох 284,270,000 төгрөгөөс хасаж, үлдэх 255,843,000 төгрөгийг 50 хувиар хязгаарлавал 127,921,500 төгрөг болно. Иймээс хариуцагч “Н” ХХК-аас даатгалын нөхөн төлбөрт 127,921,500 төгрөг гаргуулна. ...Түүнчлэн Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт зааснаар нас барагчийн эхнэр Тт даатгалын нөхөн төлбөр нэхэмжлэх эрх үүсжээ...” гэж дүгнэсэн, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

9. Анхан болон давж заалдах шатны шүүх үйл баримтын талаар адил дүгнэлт хийж,  зөрүүгүй шийдвэр гаргасан боловч нэхэмжлэгчийн гэм буруугийн болон эрх зүйн байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн талаарх хариуцагчийн гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хянан хэлэлцлээ.

 10. М 2023.06.23-ны өдөр “Н” ХХК-тай “Автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээ” байгуулж, Лексус 570 маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг 375,000,000 төгрөгөөр үнэлж даатгуулсан. Гэрээний хугацаанд буюу 2024.02.07-ны өдөр нэхэмжлэгч Т Өмнөговь аймгийн Мандалговь чиглэлийн хатуу хучилттай замаар тус тээврийн хэрэгслийн жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.3 дахь заалтуудыг зөрчсөнөөс С.Эрдэнэсүмбэр жолоочтой *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч Мы амь нас хохирч, даатгалын зүйл болох *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 284,270,000 төгрөгийн хохирол учирсан.

Нэхэмжлэгч Т нь даатгуулагч Мтай 2014 онд гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлсэн, 2019 онд хүү М.Батбаатар төрсөн болох нь гэрлэлтийн болон төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдсон талаар хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтаар тогтоогджээ.

11. Хариуцагч “Н” ХХК нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн үндэслэлээ нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхгүй, эрхтэй этгээд болохоо нотлоогүй гэж маргасан бол нэхэмжлэгч нь хууль ёсны өв залгамжлагч тул хуульд зааснаар шаардах эрхийг өвлөх эрхтэй гэжээ.

Нэхэмжлэгчийн шаардах эрхийн талаар анхан шатны шүүх дүгнэхдээ “...Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэгч нь өвийг хүлээн авсан гэж үзнэ, ...нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд...” гэсэн бол давж заалдах шатны шүүх “...анхан шатны шүүх өв залгамжлалын талаар хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, ...хариуцагч нь өвийн талаар маргах эрхтэй этгээд биш...” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

Давж заалдах шатны шүүх Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9-д заасан даатгагч нь даатгуулагч нас барсан тохиолдолд түүний эрх, үүргийг хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчид нь шилжүүлэх үүрэгтэй гэсэн хуулийн зохицуулалтыг анхаарсангүй.

12. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д нас барагчийн эхнэр, нөхөр, төрүүлсэн болон үрчилж авсан ...хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг эх хууль ёсны өвлөгч байна, 528 дугаар зүйлийн 528.2-т энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэж тус тус зохицуулсан.

Нэхэмжлэгч Т нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан хууль ёсны өвлөгч мөн боловч хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т заасан өөр бусад өвлөгч байгаа эсэхийг тодруулаагүй, түүнчлэн өвлөгдөх хөрөнгийг /эрхийг/ хүлээн авах хуульд заасан хугацаанаас өмнө нэхэмжлэгч нь өвлөх эрхээ хэрэгжүүлж буй үндэслэлийн талаар анхан шатны шүүх дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээрх алдааг залруулаагүй нь буруу байна.

Иймд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага гаргах урьдчилсан нөхцөл бүрдээгүй байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй.

13. Дурдсан үндэслэлээр хэрэгт цугларсан баримтын хүрээнд хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 192/ШШ2025/03483 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 210/МА2025/01843 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч “Н” ХХК-аас 2025.12.02-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 797,558 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БАТЗОРИГ

                           ШҮҮГЧИД                                                      Н.БАЯРМАА

                                                                                                   Э.ЗОЛЗАЯА

                                                                                                   Д.ЦОЛМОН

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД