Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 52

 

 

Л.Хд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                 

               Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: Г.Энэрэл,

           Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Дашбалбар,

            Шүүгдэгч: Л.Х,  

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Тэгшдүүрэн нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/91 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Л.Хд холбогдох, эрүүгийн 1919004280051 дугаартай, 2 хавтас, 259 хуудас бүхий хэргийг шүүгдэгч Л.Х, түүний өмгөөлөгч С.Дашбалбар нарын гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Л.Х-д холбогдуулан Дорноговь аймгийн прокурорын газрын прокурор Б.Мөнгөнтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Шүүгдэгч Л.Х нь гэм буруугийн санаатай хэлбэрээр 2019 оны 09-р сарын үед Дорноговь аймгийн Алтанширээ сумын 3 дугаар баг, “Булангийн ширээ” гэх газраас хохирогч Ж.Шатарын 1 тооны адууг хулгайлж, 900 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Л.Х-г “бусдын малыг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Шүүгдэгч Л.Хд Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сар хорих ял шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Хд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

 

Шүүгдэгч Л.Х энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,

 

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж эдлүүлэхээр,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Л.Хгээс 900 000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Шатарт олгохоор,

 

Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

 Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Л.Хд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Дашбалбар давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах тухай “Дорноговь аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/91 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Уг шүүх хуралдаанд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж, мөрдөн байцаалтад буцаах саналтайгаар оролцоно. Тус шүүхээс 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр шүүгдэгч Л.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож ял оногдуулсан байгаа. Л.Хд холбогдох хэргээс харвал хэргийг тал бүрээс нь бүрэн бодит байдлаар хянан шийдвэрлээгүй, мөрдөн шалгах ажиллагаа нь хэт нэг талыг буюу яллах талыг баримталсан. Шүүхийн тогтоол нь таамаглалд үндэслэсэн байх тул дараах байдлаар гомдол гаргаж байна. Үүнд: Тус хэргийн мөрдөн шалгах ажиллагаа хангалтгүй хийгдэж, хэт нэг талыг буюу яллах хүндрүүлэх талыг баримталсан. Тодруулбал нядалсан малын толгой, шийрийн зураг, нэг талыг баримталсан гэрчийн мэдүүлэгт үндэслэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тогтоогоогүй байна. Учир нь тухайн нотлох баримт дээрх нядлагдсан мал хохирогч Ж.Шатарын мал мөн гэх албан ёсны мал бүртгэлийн гэрчилгээ байхгүй, эсхүл мал бүртгэлийн эмнэлгийн хуудас огт байхгүй байхад зөвхөн таамаглал төдий гэрчүүдийн мэдүүлэгт үндэслэсэн. Товчхондоо хохирогч талын давамгайлсан гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч талын цөөнх болсон гэрчийн мэдүүлэгт буюу тэдгээрийн гэрчийн тооны зөрүүнд таамаглал үндэслэл дэвшүүлж яллан шийтгэсэн байна. Хэрэв мал бүртгэлийн албан ёсны нотлох баримт байхгүй байсаар байтал хохирогч талын олон гэрчийн мэдүүлгийг үндэслэн шийдвэрлэж байгаа бол үүнтэй ижил тоотой шүүгдэгч талын гэрчийн мэдүүлгийг үндэслэн цагаатгаж болох үндэслэл харагдаж байна. Мөн Малын хулгайтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт мал бүхий иргэн, аж ахуй нэгж, байгууллага мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх талаар дараах үүрэг хүлээнэ. Мөн хуулийн 7.1.1 дэх хэсэгт өөрийн өмчлөл, эзэмшилд байгаа малаа эм тамга, бусад таних тэмдэгтэй болгох, бод малд зүсний бүртгэл хөтлөх, бүртгэлжүүлэх, сүлжээнд хамруулах зэрэг үүрэг хүлээсэн байгаа. Энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд зохих эрүүгийн хууль болон зөрчлийн хуулийн дагуу хариуцлага хүлээнэ гэсэн байгаа. Эд мөрийн баримт болох малын тоо толгой болон түүний эх мал болох гүүнээс цусны шинжилгээ авч удмын байдлыг зохих нарийн мэргэжлийн байгууллагад шинжлүүлэхээр хандаагүй, эндээс шинжилгээ хийх боломжтой эсэх талаар зохих хариулт байхгүй байсаар байтал зөвхөн гэрчийн мэдүүлэгт үндэслэсэн байна. Шүүгдэгч Л.Х нь тодорхой гэрчүүдийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэх хуулийн заалттай харшилж байна. Гэм буруугийн тухайд шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Л.Хг бусдын мал хулгайлах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай гэжээ. Гэтэл ялтан Л.Х нь өөрийн эзэмшлийн малыг захиран зарцуулсан бөгөөд тухайн малыг эрэн хайж байсан. Энэ талаар нотолбол зохих мөрдөн шалгах ажиллагаа огт хийгээгүй буюу шүүгдэгч талаас хийгдвэл зохих ажиллагаануудыг хийгээгүй. Энэ дээр зохих байгууллагуудаас гэрчийн мэдүүлгийг аваагүй мөртлөө Л.Хг гэм буруутайд тооцсон нь шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, шинжээч, яллагдагчийн гэм буруугийн талаар үнэн гэсэн ямар ч урьдчилан тогтоосон нотлох баримт байж болохгүй гэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалттай харшилж байна. Мөн Л.Хгийн хувийн байдлын талаар тогтоосон боловч эрхзүйн байдлыг дээрдүүлэх үнэлгээ хийгдээгүй болно. Иймд шүүгдэгчийн эрхзүйн байдлыг дээрдүүлж, хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэсэн байр сууриа хадгалж байна. Хэргийн байдлаас харахад хохирол, мөнгөний асуудал яригддаг. Энэ талаар шүүгдэгч маань өөрийн байр сууриа хэлээд явах байх...” гэв.

 

Шүүгдэгч Л.Х давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай нэг азаргатай адуу байдаг юм. Тэгээд 07 дугаар сарын сүүлчээр 08 дугаар сарын дундуур Алтанширээгийн Энхжаргал, Н.Б 2 надад танай 5 үрээ болох тамгатай алаг үрээ, тамгагүй 4 үрээ энд явна гэж хэлүүлсэн байдаг. Тэгээд би сургаар явахад Н.Б байж, очиж уулзахад урагшаа хад руу 4 үрээ чинь гарсан гэсэн. Би сургаар араас нь яваад бензингүй болж буцаж гэр рүүгээ явж эргээд ирээд Н.Баас асуухад дахиж үзэгдээгүй Маг гол гэж нуур, устай газар байгаа тийшээ явсан байх гэж хэлсэн. Тухайн газар очиж 3 үрээг нь олсон. Тэгээд 2 үрээгээ олоогүй аймаг дээр ирж 2 хоночихоод буцаж дутуу үрээгээ эрээд явсан. ...Би өөрийнхөө үрээг таньж мэдээд ил задгай нуулгүй нядалсан. Гэтэл 11 дүгээр сард Ж.Шатар манай үрээ байна, төл гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө үрээг мөн гэдэгт өдийг хүртэл итгэлтэй явсан. Харин сая мөрдөнд 2 сар сууж байхдаа бодож, үнэхээр андуурсан байна гэдгээ ойлгосон. Учир нь  ихэр хүүхдүүдийг ч хүмүүс хооронд нь андуурдаг. Тийм болохоор мал битгий хэл хүнийг ч андуурдаг тул миний буруу байсан байна. Одоо хохирогчийн хохирол мөнгийг төлье. Мөн миний эрүүл мэндийн байдал муудаж, нас ахиж уймраа болж байна. Иймд миний ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

 

Прокурор Г.Энэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Л.Хд холбогдох давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож дараах тайлбарыг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт дурдагдсан шийдвэрийнхээ үндэслэл болгосон олон тооны гэрч нараас мэдүүлэг авч хавтаст хэрэгт хавсаргасан баримтуудаар бол Л.Х нь мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдсон байна. Л.Хгийн гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдалтай түүний гэм буруу нь тохирсон байна. Иймд анхан шатны шүүхээс гаргасан шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв. 

 

 

 

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн 2020/ШЦТ/91 тоот шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцээд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

 

Учир нь: Шүүгдэгч Л.Х, түүний өмгөөлөгч С.Дашбалбар нараас гаргасан давж заалдсан гомдлуудад үндэслэн тэдгээрт бичсэн асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцвэл мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ гүйцэтгэж чадаагүй,  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7-р зүйлийн 2-д заасанд буюу хэргийн бодит байдалд нийцээгүй  байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ. 

 

 Шүүгдэгч Л.Х нь Дорноговь аймгийн Их хэт сумын иргэн ба тэдний адуу 5 тооны буюу босоо хайруулга тамгатай хонгор алаг үрээ, тамгагүй сартай, саргүй 2 хүрэн даага, хос хайруулган тамгатай хамар цагаан цавьдар үрээ, им тамгагүй цавьдар үрээ нийлсэн 5 тооны адуу Алтанширээ сумын “Баастын тал“ гэх газарт байна гэж 2020 оны 08-р сарын 10-дын үеэр Алтанширээ сумын иргэн А.Энхжаргал түүнд утсаар хэлсний дагуу адуугаа хайж явахдаа Болдоо гэх айл таарч асуухад 1 даага нь Батсуурийн адуунд байгаа, 4 үрээ нь дахиж үзэгдээгүй гэсэн тул 4 адуугаа хайж яваад 2-г нь олоод Б.Бөхбат гэх хүний адуунд нийлүүлчихээд, үлдсэн 2 адуугаа хайж явсаар 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Алтанширээ сумын 3-р байгийн нутаг дэвсгэр болох “Булангийн ширээ” гэх газарт байна гэсний дагуу нутгийн иргэн С.Баяржаргалаар заалгаж хамт уг газарт очиж им тамгагүй хамар цагаан цавьдар зээрд үрээг “миний хайж яваа адуу мөн байна” гэж аван Алтанширээ сумын иргэн Л.Лутбаяр гэх хүний хашаанд уяж 3 хонуулсны дараа эхнэр, хүргэн, хүүхдүүдийн хамт  очиж нядалж аймгийн төвд аваачиж борлуулсан тухай үйл баримт гэрч А.Энхжаргал / 1-р хх-ийн 81-82/, Л.Лутбаяр /1-р хх-ийн 10/, С.Баяржаргал /1-р хх-ийн 20-21, 60-61/, А.Ганбат /1-р хх-ийн 63/, Б.Батбаяр /1-р хх-ийн 83/, Б.Бөхбат /1-р хх-ийн 84/, Ц.Лхайжав /1-р хх-ийн 88-89/ нарын мэдүүлгүүд зэргээр тус тус тогтоогдож байгаа ба шүүгдэгч Л.Х мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээрээ дээрх үйл баримтыг хүлээн зөвшөөрдөг боловч хулгайн гэмт хэрэг үйлдээгүй гэж гэм буруугийн тал дээр маргадаг.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн арван долдугаар бүлэгт буюу өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн төрөлд хамаарах ба  мөн хуулийн 17.1-д заасан “Хулгайлах” гэмт хэргийн “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэсэн шинжүүд нь “Мал хулгайлах” гэмт хэрэгт мөн адил шинжээр үйлдэгдсэн  байж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэл бий болох ёстой.

 

Гэтэл шүүгдэгч Л.Хгийнх им тамгагүй, хамар цагаан цавьдар үрээтэй,  хохирогч Ж.Шатарынх мөн им тамгагүй, хамар цагаан цавьдар үрээтэй болох нь 2 талын гэрчүүд болох  Х.Нямдорж /1-р 94-95/ , А.Энхжаргал /1-р хх-ийн 81-82/, Б.Батцэцэг /1-р хх-ийн 168/, Г.Эрдэнэсүрэн /1-р хх-ийн 170/, Д.Цэндочир /1-р хх-ийн 195/, Б.Зоригтбаатар /1-р хх-ийн 196-197/ нарын мэдүүлгүүдээр мөн тогтоогддог.

 

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан баримтат мэдээллүүд байна.

 

Шүүгдэгч Л.Хгийн үйлдэлд хохирогч Ж.Шатарын им тамгагүй, хамар цагаан цавьдар үрээг хулгайлах гэмт хэргийн шинж хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдоогүй байхад мөрдөгч, прокурор, анхан шатны шүүхээс түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар “бусдын малыг хулгайлсан” гэж үзэж, анхан шатны шүүхээс мөн тус гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь тус тус хэргийн бодит байдалтай нийцээгүй ба шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй болсон байна.

 

Харин шүүгдэгч Л.Х нь алдсан цавьдар үрээгээ хайж явахдаа Дорноговь аймгийн Алтанширээ сумын 3-р байгийн нутаг дэвсгэр болох “Булангийн ширээ” гэх газарт  байсан хохирогч Ж.Шатарын мөн им тамгагүй, цавьдар үрээг өөрийн адуу гэж андуурч авсан нь хэрэгт авагдсан дээрх бүх нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна.

 

Мөн давж заалдах шатны шүүх хуралдааны үед ч шүүгдэгч Л.Х нь “...хохирогч Ж.Шатарын адууг би андуураад авсан байна, тэдний адуу миний адуутай андуурахаар адилхан юм байна” гэж хэргээ хүлээн мэдүүлсэн ба шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч Ж.Шатарт 900.000 төгрөгийн хохирол учирсан зэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан “ ... алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол” гэсэн “Алдуул мал завших” гэмт хэргийн шинжид тус тус нийцжээ.

 

Өөрөөр хэлбэл энэ хэргийн бодит нөхцөл байдал нь хэдийгээр хохирогч Ж.Шатарын адуу алдуул мал биш байж болох боловч шүүгдэгч Л.Х нь өөрийн алдуул малыг хайх явцдаа өөрийн адуутай андууран бусдын малыг завшсан үйлдэл нь түүнийг уг малыг бусдын гэдгийг мэдэх ёстой байсан гэдэг шинжээрээ энэ гэмт хэргийн шинжийг агуулж байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал” нь хэрэгт хангалттай шалгагдаж тогтоогдсон байна.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 39.6 дугаар зүйлийн 1, 1.1-д тус тус заасан “ анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй” гэх үндэслэл тогтоогдсон гэж үзэв.

 

Эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Л.Хд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 сарын хорих ял оногдуулсныг өөрчилж, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хэргийн бодит байдалтай нийцэх ба “Шударга ёсны зарчим”-д буюу шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь мөн тохирно.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулах ялаас түний анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нийт 60 хоног цагдан хоригдсон хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10-р зүйлийн 1, 2-т зааснаар ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож хасахаар шийдвэрлэлээ.

 

Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд хэргийн оролцогч нарыг хавтаст хэргийн материалтай танилцуулсан ба мөрдөн байцаалт, прокурор болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч Л.Хгийн “гэм буруугүй” тухай, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Дашбалбараас гаргасан “хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэх” тухай агуулга бүхий давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож,  тэдний ял хөнгөрүүлэх тухай давж заалдсан гомдлыг хангаж хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 4, 39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 39.6 дугаар зүйлийн 1, 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/91 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад “Шүүгдэгч Л.Хд холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөнтуяагаас Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.” гэж нэмж,

 

1 дүгээр заалтын “Шүүгдэгч Бура овогт Лутаагийн Хүүхэнхүүг “бусдын малыг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг

 

2 гэж дугаарлан “Шүүгдэгч Бура овогт Лутаагийн Хүүхэнхүүг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул мал завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

 

2 дугаар заалтын “Шүүгдэгч Л.Хд Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг,

 

3 гэж дугаарлан “Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.Хг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэж тус тус өөрчилж,

 

3 дугаар заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Хд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.” гэснийг хүчингүй болгож,

 

4 дүгээр заалтад “Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Хд торгох ялыг 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, энэхүү тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэж нэмж,

 

6 дугаар заалтын “... 505 дугаар зүйлийн 505.1 ...” гэснийг “510 дугаар зүйлийн 510.1” гэж өөрчилж,

 

4, 5, 6, 7, 8 дугаар заалтыг 5, 6, 7, 8, 9 гэж дугаарлан, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Х болон түүний өмгөөлөгч С.Дашбалбар нарын  давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1, 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Л.Х нь 60 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнийг шүүх хуралдааны танхимаас сулласугай.

 

 3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Хгийн цагдан хоригдсон 60 хоногийн 1 хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 /арван таван мянга/ төгрөгөөр тооцож оногдуулсан торгох ялаас 900000 /есөн зуун мянга/ төгрөгийг хасч, үлдэх торгох ялын хэмжээг 100000 төгрөгөөр /нэг зуун мянга/ тогтоосугай. 

 

 4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

 

                                                ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА

 

                                                                                                    А.САЙНТӨГС