Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2022/00247

 

 

 

 

 

 

 

 

  2022 оны  02 сары 17 өдөр

                            181/ШШ2022/00247

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Г(РД:),

 

Нэхэмжлэгч: Б.С(РД:) нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Х.С(РД:)-т холбогдох,

 

212 120 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.С, Б.Г, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ө.Сайнбаяр, гэрч Э.Буянтогтох, А.Оюун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж оролцов. Хариуцагч Х.Сийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амарнасаагийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.С, Б.Г нар шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Г, Б.С бид 2015 оны 05 сард иргэн Х.Эрдэнцэцэгтэй харилцан тохиролцож, Сүхбаатар дүүргийн 4-р хорооны 40, 42, 44, 53 дугаар байрны дунд байрлах талбайд тохижилт бүхий 100 автомашины газар доорхи авто зогсоол барих ажилд хөрөнгө оруулж, хамтран ажиллахаар аман хэлцэл хийгдсэн юм.

Ийнхүү гэрээ байгуулагдсан учир бидний зүгээс үүргээ биелүүлж эхэлсэн бөгөөд Х.С нь авто зогсоолын барилгын ажил эхлүүлэхэд хэрэгтэй байна гэж 2015 оны 05 сарын 03-ны өдөр 50.000.000 төгрөг, барилгын ажпын зураг төсөл боловсруулах шаардлагатай гэж 39,000,000 төгрөгийг тус тус авсан.

Улмаар 2015 оны 12 сарын 22-ны өдөр бид аман тохиролцоотой байгуулсан хэлцлээ бичгийн хэлбэрт оруулан “Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулсан.

Ингэхдээ гэрээний хугацааг 12 сараар тохирч, Х.С нь барилгын ажлын гүйцэтгэгч, захиалагчтай гэрээ байгуулах, барилгын ажпыг эхлүүлэхтэй холбогдсон зөвшөөрлийг авах, гүйцэтгүүлэх, улсын комисст хүлээлгэн өгөх, 100 автомашины зогсоолын 40 зогсоолыг Б.Г, Б.С бидний өмчлөлд шилжүүлэн өгөх үүргийг хүлээж, харин бидний зүгээс гэрээнд заагдсаны дагуу хөрөнгө оруулалтыг оруулах, баригдсан авто зогсоолыг борлуулах зэрэг ажлыг хариуцахаар тохирсон.

Энэхүү гэрээнийхээ 3.7, 3.8 дахь хэсэгт 2015 оны 05 сард Х.Ст хүлээлгэн өгсөн 39,000,000 төгрөг, 50,000,000 төгрөгийг өгсөн тухайгаа баталгаажуулан тусгаж, улмаар гэрээ байгуулсан өдрөө 25,000 доллар болох 50,000,000 төгрөгийг, мөн 2016 оны 04 сарын 21-ний өдөр 280,000,000 төгрөгийг Х.Ст хүлээлгэн өгсөн ба нийт 419,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн.

Ийнхүү гэрээний дагуу хийж буй хөрөнгө оруулалтыг Х.С нь дансаар бус бэлнээр авах шаардлага тавьж байсан тул бид мөнгийг бэлнээр нь хүлээлгэн өгч байсан.

Иймд бид гэрээнд заасны дагуу хөрөнгө оруулалт хийх үүргээ зохих ёсоор, бодитойгоор биелүүлсэн боловч хариуцагч Х.С нь гэрээний үүргээ ноцтойгоор зөрчиж, барилгын ажпын эхлүүлэх зөвшөөрлөө 2016 оны 09 дүгээр сард буюу гэрээний хугацаа дуусахаас 3-хан сарын өмнө авч, улмаар барилгын ажлыг эхлүүлэхгүй байсаар 2016 оны 11 cap хүрсэн. Иймд тохирсон хугацаандаа буюу 2016 оны 12 сарын 22-ны өдөр гэхэд Х.С нь гэрээний үүргээ биелүүлж чадахгүй нь тодорхой болсон бөгөөд үүнийг бид мэдсэн даруйдаа гэрээнээс татгалзаж байгаа тухайгаа түүнд хэлсэн.

Тухайн үед Х.С нь гэрээнээс татгалзах буюу мөнгөө буцаан авах саналыг маань хүлээн авч, биднээс авсан мөнгийг эргүүлэн төлөхийг зөвшөөрч увуулан цувуулан төлж эхэлсэн юм. Тодруулбал 2016 оны 11 сарын 03-ны өдөр 100.0 сая төгрөг, 11 сарын 04-ний өдөр 100.0 сая төгрөг, 2017 оны 6 сарын 23-ны өдөр 3.0 сая, 2017 оны 11 сарын 02-ны өдөр 2.0 сая, 2018 оны 3 сарын 12-нд 880.000 төгрөг, 04 сарын 27-нд 1.0 сая төгрөг нийт 206.880.000 төгрөгийг буцаан төлсөн ба үлдэгдэл мөнгийг боломжоороо төлж явна гэсээр өдийг хүрлээ.

Бид Х.Стэй олон жил нэг байранд хөршөөр амьдарсан, итгэж болох, нас намбатай хүн гэдэг утгаар нь мөнгийг маань төлчих байх гэж найдан, боломж олгон удаан хугацаанд хүлээсэн боловч одоо төлөхөөс татгалзаж, мөнгөө өг гэсэн шаардлага тавихад “ би хүнд өгчихсөн, аваад өгнө, ... тухайн үед хийсэн бичиг баримтуудыг ав.” гэсэн ба сүүлдээ бидний хооронд байгуулагдсан Хамтран ажиллах гэрээг үл тоомсорлон наад гэрээ чинь зөвхөн цаас, урж хая, та нарт надад мөнгө өгсөн баримт байхгүй шүү дээ...” гэх мэтчилэнгээр биднээс зугтаж байгаа тул дээрхи маргааныг шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээр энэхүү нэхэмжпэлийг гаргаж байна.

Х.С нь гэрээ байгуулах үедээ холбогдох бичиг баримтууд бүрдсэн байгаа, барилгын ажлыг эхлүүлэхэд бэлэн болсон хашаагаа бариад нүхээ ухах гэж байна яаралтай мөнгө хэрэгтэй байна гэж шаардсаар байгаад биднээс хөрөнгө оруулалтын мөнгийг авч байсан боловч боловч холбогдох бичиг баримтууд болох барилгын ажил эхлэх, үргэлжүүлэх тусгай зөвшөөрөл аваагүй, Х.С нь тухайн баримтуудыг бүрдүүлэх, барилгын ажил гүйцэтгэх, улсын комисст хүлээлгэн өгөх үүргээ зөрчсөн, үүргээ биелүүлж чадахгүй нь илт болсон тул бид гэрээнээс татгалзсан ба Х.С хүлээн зөвшөөрсөн.

Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар 2015 оны 12 сарын 22-ны өдөр байгуулсан Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээнээс татгалзсаны үр дагавар болох 212,120,000 төгрөгийг хариуцагч Х.Сээс гаргуулж биднийг хохиролгүй болгож өгнө үү.” гэв.

 

Нэхэмжлэгч Б.С, Б.Г нарын өмгөөлөгч Ө.Сайнбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Х.С болон түүний төлөөлөгчийн зүгээс Хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээнд зурсан гарын үсэг минийх биш, 50,000,000 төгрөг хүлээн авсан баримт дээр зурсан гарын үсэг минийх биш гэж маргадаг. Шинжээчийн дүгнэлтээр энэ 2 баримт дээрх гарын хоёулаа Х.Сийн гарын үсэгтэй тохирч байна гэж гарсан. Үүний дараа дахин шинжээч томилогдоход 280,000,000 төгрөгийн баримт дээр зурсан гарын үсэг Х.Сийнх биш байна гэж дүгнэлт гарсан. 2 шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байсан учир 5 бүрэлдэхүүнтэй шинжээчийг томилсон. Энэхүү шинжээчийн дүгнэлтээр 280,000,000 төгрөгийг хүлээж авсан баримт дээр зурсан гарын үсэг Х.Сийнх мөн байна гэж тогтоогдсон. Иймд хариуцагч Х.Сийн гаргасан тайлбарууд үгүйсгэгдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл нотолж байгаагүй. Х.Сийн зүгээс 419,000,000 төгрөгийг аваад 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 100,000,000 төгрөгийг төлсөн. Хамгийн сүүлд 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 1,000,000 төгрөгийг төлсөн. Энэхүү хамгийн сүүлд төлсөн баримт 1 дүгээр хавтаст хэргийн 16 дугаар талд байгаа. Хамгийн сүүлд 1,000,000 төгрөгийг төлснөөр Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т заасан нөхцөл байдал үүсч байгаа. Хамгийн сүүлд тухайн гэрээний дагуу төлбөр төлсөн байх юм бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдах эрх зүйн үр дагавар үүсдэг. Энэхүү хугацаанаас хойш тоолж үзэх юм бол хөөн хэлэлцэх дуусаагүй байна. Мөн хугацаанд Б.Гын зүгээс Цагдаагийн байгууллагад гомдол гаргаад хянан шалгагдсаны дараа нэхэмжлэл гаргасан учир хөөн хэлэлцэх дууссан гэж үзэх үндэслэлгүй. Эдгээр баримтуудаар Б.Г, Б.С нар Х.Ст 419,000,000 төгрөг өгсөн гэдэг нь нотлогдож байна. Буцаагаад 206,880,000 төгрөг авсан гэдэг нь нотлогдож байна. Тийм учраас үлдсэн 212,120,000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй. Талууд гэрээнээс татгалзсан нөхцөл байдлын талаар маргаан байхгүй гэж харж байгаа. Учир нь 11 дүгээр сарын 03-ны өдөр хөрөнгө оруулсан мөнгийг буцааж шилжүүлж байгаа нь өөрөө татгалзсаныг хүлээн зөвшөөрч байгаа. Мөн 08 сарын хугацаа олгосон боловч ажил нь эхлээгүй. Энэхүү гэрээ 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр дуусах ёстой байтал 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хараад ажил хийх боломжгүй гэдэг нь тодорхой болсон. Гэрээнээс татгалзаж байгаад ямар нэгэн маргаан байхгүй. Тийм учраас Иргэний хуулийн 205.1-т заасны дагуу буцаан төлөгдөөгүй дүн болох 212,120,000 төгрөгийг авах эрхтэй. Хамтран ажиллах гэрээний дагуу Х.С энэ төслийг хэрэгжүүлэх бүхий л үүргийг хүлээсэн. Энэхүү үүргээ биелүүлээгүй. Гэрчийн мэдүүлэг, тайлбар, мөн өөрийнх нь хүлээн зөвшөөрч буй байдлаас тодорхой харагдаж байна. Гэрээний дагуу авагдсан Нийслэлийн засаг даргын захирамж болоод зөвшөөрлийн хугацаа дууссан байгаа. Төсөл хэрэгжих нөхцөл байдал байхгүй.” гэв.

 

Хариуцагч Х.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Х.С миний биө тус шүүхэд надад холбогдуулан Б.Г, Б.С нарын гаргасан Хамтран ажиллах, хөрөнгө оруулаптын гэрээнээс татгалзсаны үр дагавар болох 212.120.000 /хоёр зүун арван хоёр сая нэг зүун хорин мянга/ төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардпагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэл, түүний үндэслэлтэй танилцахад нэхэмжлэгч нар бидний хоорондын тохиролцоо болон түхайн үед болсон үйл баримтын талаар худап тайлбар гаргасан байна.

2015 оны 5 дүгаар сард Х.С миний бие Сүхбаатар дүүргийн 40, 42, 44, 53 дүгаар байрны дүнд байрлах талбайд тохижилт бүхий 100 автомашины газар доорхи авто зогсоол барих ажлын холбогдох зөвшөөрөл, бүхий л бичиг баримтыг бүрдүүлчихсэн, миний ажлын 70 хүвь нь бэлэн болсон байсан. Б.С нь манай байранд амьдардаг бөгөөд оршин сүугчдаас зөвшөөрөл авч гарын үсэг зуруулах үед тухайн авто зогсоолын төсөл хэрэгжих гэж буй талаар мэдэждүү Б.Гын хамт надтай иржуулзан төсөлдөө оруулахыг хүссэн. Бид үдаа дараа уулзалдсан бөгөөд миний бие төслийн үйл явц, гаргачихсан байгаа зардал гэх зэрэг зүйлийн талаар тэдэнд мэдээлж байсан. Тэд тухайн үед “...Та маш их зардал гаргасан байгаа юм байна. Би эгчгүй, Хүурай эгч дүү болъё гэж дахин дахин гуйж, намайг үнсэж байсан бөгөөд Бид танд энэ төсөл дээр хамтран ажиллаж байгаагийн хүвьд болон төсөл рүү чинь орж байгаагийн хувьд танд мөнгө өгнө гээд 50 000 000 төгрөг болон 39 000 000 төгрөг, нийт 89 000 000 /наян есөн сая/ төгрөгийг эргэлт буцалтгүйгээр өгч/бэлэглэсэн/, “...Үүнээс хойш гарах зардлын 40 хувийг бид хариуцна. Бүтээн байгуулалтын буюу зогсоол ашиглаптад орсны дараа 40 машины зогсоолыг ч мөн бид авна...” гэхээр нь би зөвшөөрсөн.

Нэхэмжлэгч нь 2015 оны 12 сарын 22-ны өдөр гэрээ байгуүлсан, гэрээ байгуулах үедээ надад 50 000 000/тавин сая/ төгрөг өгсөн гэж хүдал тайлбарыг өгсөн байна. Би бол тэднээс энэ мөнгийг аваагүй.

Харин 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 280 000 000/хоёр зуун наян сая/ төгрөг биш 260 000 000/хоёр зуун жаран сая/ төгрөг авсан. Үүнээс би тэдэнд нийт 206 880 000/хоёр зуун зургаан сая найман зуун наян мянга/ төгрөг өгсөн нь үнэн.

Миний хувьд олон жил нэг байранд амьдарсан, нэр хүндтэй хүний хүүхдүүд гэж итгэж найдан, тэднийг дахин дахин гуйсны дагуу өөрийн бичиг баримт нь бүрэн болсон төсөлдөө тэднийг оруулсан. Гэтэл нэхэмжлэгч нар миний олон жилийн хөдөлмөр шингэсэн авто зогсоол барихтай холбогдсон бүхий л баримт бичгийн эх хувийг 2 жилийн хугацаанд буюу одоо болтол буцааж өгөөгүйгээс үүдэн тухайн ажил маань зогсонги байдалд орж, зарим зөвшөөрлийн хугацаа нь дууссан байгаа гэж бодож байна. Намайг баримт бичгээ нэхэхэд янз бүрийн шалтаг тоочих байдлаар өгөхгүй байгаа. Миний баримт бичгийг эх хувиар нь тоо ёсоор нь буцаагаад өгчихвөл өгөх ёстой мөнгийг нь буцаагаад өгчихнө гэж бодож байна. Уг төсөл дээр хамтран ажиллах итгэл даах олон хүмүүс тухайн үед надад хандаж байсан. Миний хувьд нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа мөнгөнөөс 53 120 000/тавин гурван сая нэг зуун хорин мянга/ төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд бусад мөнгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч энэ асуудлаар намайг тэднийг залилсан хэргээр Цагдаагийн байгууллагад шалгуулсан бөгөөд үнэн мөн нь тогтоогдсон.

Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаас 159 000 000/нэг зуун тавин есөн сая/ төгрөгийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Шүүгч зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Баримт, Хаан банкин дахь Б.Гын нэр дээрх депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2015 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Баримт, Худалдаа хөгжлийн банкин дахь “Жи Эс Эйч Гоулд” ХХК-ийн дансны хуулга, хариуцагчийн баримтаар гаргасан 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн № 257/2016 Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х.С нь Арилжааны банкуудад данс эзэмшдэг тухай тодорхойлолтууд, Иргэн Х.Сийн тохижилт бүхий газар доорхи 85 машины дулаан зогсоолын 2015 оны төсвийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 167 дугаар Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 94 дугаар Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол Улсын Ерөнхий Прокурорын Газрын 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 1/436 дугаар Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 3410 дугаар Шинжээчийн дүгнэлт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Архитектур төлөвлөлтийн даалгаврын болон Тохижилтын ажлын схем зургийн хуулбар, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны Ирсэн бичгийн I дэвтрийн хуулбар, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/933 дугаар Газар эзэмшүүлэх эрх олгох тухай захирамжийн болон түүний хавсралтын хуулбар, Бүртгэл хяналтын картын хуулбар, 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 07/3767 тоот Нийслэлийн Засаг даргын тамгын газраас ирүүлсэн хариу албан бичгийн хуулбар, 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 51 дугаар Хамтран ажиллах гэрээний хуулбар, 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн №01-06/3975 тоот Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн хариу албан бичиг, түүний хавсралтын хуулбар, 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 461 дугаар Шинжээчийн дүгнэлт болон 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 1738 дугаар Шинжээчийн дүгнэлтийг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Г, Б.С нар хариуцагч Х.Ст холбогдуулан гэрээнээс татгалзсаны үр дагаварт 212,120,000(хоёр зуун арван хоёр сая нэг зуун хорин мянга) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Х.С нь 280,000,000(хоёр зуун наян сая) төгрөг биш 260,000,000(хоёр зуун жаран сая) төгрөг авсан, үүнээс нийт 206,880,000(хоёр зуун зургаан сая найман зуун наян мянга) төгрөгийг өгсөн нь үнэн гэж маргасан.

 

          Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

          Зохигчид 2015 оны 12 дугаар сарын 22-ний өдөр Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан болох нь Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээгээр тогтоогдож байна.

 

          Тус Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээний 1-ийн 1.1-т зааснаар зохигчид Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны 40, 42, 44, 53 дугаар байрны дунд байрлах талбайд тохижилт бүхий 100(нэг зуу) ширхэг автомашины газар доорх гарааш барих ажилд хөрөнгө оруулж, хамтран ажиллахаар харилцан тохиролцсон болох нь зохигчийн тайлбар, Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээгээр тогтоогдож байна.

 

          Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т “Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд ... ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ.” гэж заасан.

 

          Автомашины гараашийг барихад хамтран ажиллах, ашиг олох зорилготой тус гэрээ нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан Хамтран ажиллах гэрээний шинжтэй байх тул тус гэрээг Хамтран ажиллах гэрээ(цаашид “Гэрээ” гэх) гэж үзнэ.

 

          Зохигчийн байгуулсан Гэрээ нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

          Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1-т “Хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд ... хариуцна.”, 477.2-т “Хураамжийг мөнгөн, эсхүл хөрөнгийн, түүнчлэн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлж болно.” гэж заасан.

 

          Гэрээний 3-ын 3.4, 3.5, 3.6, 3.7, 3.8, 3.9, 3.9, 3.10, 3.11-т зааснаар Гэрээнд заасан ажлыг хэрэгжүүлэхэд нэхэмжлэгч Б.Г нь нийт хураамжид нийт 483 500 000(дөрвөн зуун наян гурван сая таван зуун мянга) төгрөгийг, мөн 25 000(хорин таван мянга) ам.долларыг төлөх, нэхэмжлэгч Б.С нь 80(ная) ширхэг зогсоолыг борлуулах ажлыг хариуцах хэлбэрээр хураамжийг төлөх, хариуцагч Х.С нь ажлын дэс дарааллаар 700,000,000(долоон зуун сая) төгрөгийг төлөх хэлбэрээр хураамжийг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь Гэрээгээр тогтоогдож байна.

 

          Гэрээний дээрх заалтууд нь Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1, 477.2 дахь хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр байна.

 

          Гэрээнд зааснаар нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Х.Ст хураамжид нийт 419,000,000 (50,000,000+280,000,000+39,000,000+50,000,000=419,000,000) (дөрвөн зуун арван есөн сая) төгрөгийг төлсөн болох нь 2015 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Баримт, 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Баримт, Худалдаа хөгжлийн банкин дахь “Жи Эс Эйч Гоулд” ХХК-ийн дансны хуулга, гэрч Э.Буянтогтохын гэрчийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 461 дугаар Шинжээчийн дүгнэлт болон 2021 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн 3410 дугаар Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.  

 

          Хариуцагч нь нэхэмжлэгч Б.Г 50,000,000(тавин сая) төгрөг болон 39,000,000(гучин есөн сая) төгрөгийг, нийт 89,000,000(наян есөн сая) төгрөгийг хариуцагчид бэлэглэсэн гэж тайлбарлаж байх боловч тус тайлбар нь Гэрээний 3-ын 3.7, 3.9 дэх заалтаар үгүйсгэгдэж байна.

 

          Гэрээний 3-ын 3.7, 3.9 дэх хэсэгт зааснаар нийт 89,000,000(наян есөн сая) төгрөг нь хураамж болох нь Гэрээ болон 2015 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Баримтаар тогтоогдож байна.

 

          Гэрээний 1-ийн 1.2-т зааснаар Гэрээний хугацаа 12(арван хоёр) сар болох нь Гэрээгээр тогтоогдож байна.

 

          Гэрээний 3-ын 3.9-д зааснаар хариуцагч нь гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах, захиалагчтай гэрээ байгуулах, барилгын ажлыг эхлүүлэхтэй холбогдсон зөвшөөрлийг авах, гүйцэтгүүлэх, улсын комисст хүлээлгэн зэрэг ажлыг хариуцах үүрэг хүлээжээ.

 

          Гэвч Гэрээнд заасан ажил 2015 онд эхлээгүй байх ба 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар захиалагчаар Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгогдсон болох нь 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 0000039№257/2016 Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн хуулбараар тогтоогдож байна.

 

          Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд ... үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.” гэж заасан.

 

          2016 оны 12 дугаар сар хүртэл Гэрээнд заасан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах болон гүйцэтгүүлэх зэрэг барилгын ажлыг эхлүүлэх ажил эхлээгүй байх ба нэхэмжлэгч нар нь хариуцагчид нэмэлт хугацаа тогтоосон боловч хариуцагч нь гүйцэтгээгүй байх тул нэхэмжлэгч нар нь 2016 оны 11 дүгээр сард Гэрээнээс татгалзаж, хариуцагч нь 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэгч Б.Год 100,000,000(нэг зуун сая) төгрөгийг буцаан төлсөн болох нь нэхэмжлэгч нарын тайлбар, Хаан банкин дахь Б.Гын нэр дээрх депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

 

          Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй., 227 дугаар зүйлийн 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал ... орох байсан орлогыг хохиролд тооцно.” гэж заасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч Б.Год нийт 206,880,000(хоёр зуун зургаан сая найман зуун наян мянга) төгрөгийг буцаан төлсөн болох нь нэхэмжлэгч нарын тайлбар, Хаан банкин дахь Б.Гын нэр дээрх депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Б.С нь хариуцагчид Гэрээний хураамж хэлбэрээр мөнгө төлөөгүй, мөн Гэрээний хураамжид төлсөн гэх төлбөр нэхэмжлээгүй болох нь нэхэмжлэгч Б.Сын энэ талаарх тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас учирсан хохиролд нийт 212,120,000(419,000,000-206,880,000=212,120,000) (хоёр зуун арван хоёр сая нэг зуун хорин мянга) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Год олгож, үлдэх нэхэмжлэгч Б.Ст холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Шүүх Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Сээс нийт 212,120,000(хоёр зуун арван хоёр сая нэг зуун хорин мянга) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Год олгож, үлдэх нэхэмжлэгч Б.Ст холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 1,218,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид нийт 1,218,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Год олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Сээс нийт 212,120,000(хоёр зуун арван хоёр сая нэг зуун хорин мянга) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Год олгож, үлдэх нэхэмжлэгч Б.Ст холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Г, Б.С нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 1,218,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Сээс улсын тэмдэгтийн хураамжид нийт 1,218,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Год олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ХИШИГБАТ