| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийгэрийн Амартөгс |
| Хэргийн индекс | 182/2021/03858/И |
| Дугаар | 182/ШШ2022/00250 |
| Огноо | 2022-01-26 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 182/ШШ2022/00250
2019 оны 08 сарын 07 өдөр Дугаар 182/ШШ2019/01388 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э.Н-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С.Я-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Э.Н,
хариуцагч С.Я,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Марал-Эрдэнэ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгч Э.Н нь хариуцагч С.Яад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 Э.Н нь С.Ятай 2008 оны 03 дугаар сарын 14-ний өдөр гэрлэлтээ батлуулж, гэр бүлж амьдрах хугацаанд 2008 оны 03 дугаар сарын 23-ны өдөр охин Боржигон овогт Ялалтын Уранзул төрсөн. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон гэдгээ мэдэлцэж 2016 оны 12 дугаар сараас хойш одоог хүртэл тусдаа амьдарч байна. Охин Я.У энэ хугацаанд надтай амьдарч байгаа ба цаашид охиноо өөрийн асрамжид авч, эцэг С.Яаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж, бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бид өмчийн маргаангүй болно” гэв.
2. Хариуцагч С.Я шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид зан харилцааны таарамжгүй байдал болон миний хувийн санхүүгийн чадамжгүй байдлын улмаас 2016 оны 12 дугаар сараас хойш одоог хүртэл тусдаа амьдарч байгаа бөгөөд гэр бүл цуцлуулахад татгалзах зүйлгүй. Тусдаа амьдарч эхэлсэн цагаас хойш буюу 2016 оноос хойш одоог хүртэл бидний дундаас гарсан охин болох Я.У нь ээжийнхээ асран хамгаалалтад байсан бөгөөд цаашид ч ээжийнхээ асран хамгаалалтад байхад татгалзах зүйлгүй. Хүүхдийн тэтгэлэг олгох талаар татгалзах зүйлгүй. Бидний дунд өмчийн маргаан байхгүй” гэв.
3.Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл, иргэний үнэмлэхийн лавлагаа, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Нийслэлийн Ерөнхий боловсролын 45 дугаар сургуулийн тодорхойлолт, өрхийн эмнэлгийн тодорхойлолт, охин Я.Уын №0162939 Г-927 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, №0114433 Г-482 дугаарт бүртгэгдсэн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэрэг баримтыг өгсөн.
4.Хариуцагчаас шүүхэд бичгээр хариу тайлбар гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Э.Н нь хариуцагч С.Я-ад холбогдуулан “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “... С.Я хамт амьдарсан цагаас төлөвлөгөө, зорилго, хариуцлага байхгүй, гэр бүлийн нөхцөл, зан байдал хоорондоо тохирохгүй болсон, 2016 оноос хойш тусдаа амьдарч байна...” гэж тодорхойлсон
Хариуцагч С.Я нэхэмжлэлийн шаардлагад гаргасан үндэслэлээ “миний өөрийн санхүүгийн хайхрамжгүй байдлаас болж тусдаа амьдарсан. Миний хувийн санхүүгийн зохион байгуулалтгүй байдлаас болсон. Энэ маргаанаас болоод сэтгэл хувирч, уг хандлага удаан үргэлжлээд ирэхээр салах шалтаг болсон. Гэрлэлт цуцлахыг дэмжиж байна. Эмэгтэй хүүхэд ээжтэйгээ байсан нь дээр гэж үзэж байна. Хүүхдийн тэтгэлгийг төлнө. Эд хөрөнгийн маргаан байхгүй...” гэж тайлбарлажээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Э.Н, С.Я нар 2006 оны 05 дугаар сарын 09-ний өдөр гэр бүл болсныг 2008 оны 03 дугаар сарын 14-ний өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн бөгөөд тэдний дундаас 2008 оны 03 дугаар сарын 23-ны өдөр охин Я.Уыг төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан №0114433 Г-482 дугаарт бүртгэгдсэн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, охин Я.Уын №0162939 Г-927 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Э.Н нь С.Я-ад холбогдуулан гэрлэлт цуцлах асуудлаар тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан ба эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн боловч эвлэрүүлэн зуучлал үр дүнд хүрээгүй, амжилтгүй болсон зэргийг үндэслэн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ажиллагааг дуусгавар болгожээ.
Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй байдлаас шалтгаалж, 2016 оны 12 дугаар сараас хойш тус тусдаа амьдарч байгаа, бие биеэ гэх хайр халамжгүй, эхнэр нөхрийн дотно харьцаагүй, гэр бүлийн амьдралаа цаашид хэвийн хадгалан үргэлжлүүлэх хүсэлгүй, талуудыг эвлэрүүлэх зорилгоор эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсан байгаа боловч, гэрлэгчид эвлэрээгүй, хэн аль нь гэрлэлт цуцлахыг хүлээн зөвшөөрч байгаа, нэхэмжлэгчийн хувьд өөр бусадтай хамтын амьдралтай болсон зэрэг хэргийн бусад нөхцөл байдлыг харгалзан тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.
Хариуцагч С.Я нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд эхийн асрамжид үлдээх тайлбар гаргасан тул 2008 оны 03 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Я.Уыг эх Э.Нгийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу эцэг С.Я нь 2008 оны 03 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Я.Уыг эх Э.Нгийн асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй, мөн энэ үүргээ гүйцэтгэхэд эх Э.Нгийн саад болох учиргүйг дурдах нь зүйтэй юм.
2008 оны 03 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Я.Уыг эх Э.Нгийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь С.Я-ын хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд тэд хүүхдээ хүмүүжүүлэх асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ гүйцэтгэхэд хэн алиндаа саад учруулахгүй байх үүрэгтэй юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол Улсын иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 38.3-д тус тус зааснаар “эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх“ үүрэгтэй тул эцэг С.Я-аас хүүхдийн тэтгэлгийг хуульд заасан хэмжээгээр гаргуулж, Я.У-ыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Гэрлэгсэд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Э.Н, С.Я нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2008 оны 03 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Я.У-ыг эх Э.Н-гийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2008 оны 03 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Я.У-ыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг С.Я-аар тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Э.Н-гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Я-аас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.Н-д олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан хариуцагч С.Я-аас нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамжид 60,780.4 төгрөгийг гаргуулж улсын төсвийн дансанд олгосугай.
7. Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Б.Батбилэгт даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.АМАРТӨГС