Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/144

 

    

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,   

Улсын яллагч Б.Арсланбаатар,    

Шүүгдэгч Т.Ш,       

Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,                   

Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овгийн Т-ын Ш-т холбогдох 2428000000168 тоот эрүүгийн хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Ш нь 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Баяндалай сумын төвийн мод үржүүлгийн хашаанд ногооны зэрлэг түүж байхад хохирогч Б.Т-тэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас эрх чөлөөнд нь халдаж, биед баруун чихэнд шарх, тархи доргилт, баруун зүүн нүдний дээд доод зовхи, баруун зүүн нүдний салст, баруун хацар шанаанд цус хуралт, баруун шанаанд зулгаралт, толгойн хуйх, баруун зүүн нүдний дээд доод зовхи, баруун хацар шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.                  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Т.Ш-ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:           

Шүүгдэгч Т.Ш шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хотоос ирээд сум руу явж байхад адуучин тэмцээн болж байсан. Таньдаг хүнтэйгээ таараад согтууруулах ундааны зүйл хэтрүүлсэн хэрэглэж өөрийгөө удирдах чадваргүй болсон байсан. Эгчдээ гар хүрсэн. Өөрийн хийсэн үйлдэлдээ харамсаж гэмшиж байгаа гэв.  

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2024 оны 06 дугаар сарын 29-ний орой 18-19 цагийн үед байна уу, Баяндалай сумын хойно, манай ээжийн хашааны талбай буюу мод үржүүлэхийн хашаан дотор манай ээж, намайг зоддог залуу буюу Ш нар байсан. Хэрэг маргаан болох үед надаас гадна манай ээж Ш, Ш нар байсан. Ш надад пиво авчирч өгөөд өмнөөс уучих гээд байсан. Тэгэхээр нь би уухгүй гэж хэлээд татгалзсан чинь өмнөөс хүрч ирээд уу гээд пиво цацсан. Намайг пиво уухгүй байна гэж хэлээд шууд миний нүүрэн тус газар гараараа цохисон. Намайг цохих үед би хойшоо савж газар унасан, намайг босох гэсэн чинь дээрээс шууд нүд рүү гараар цохиж, үс гэзэгнээс гараар татаж дугтарсан, үснээс татсан. Энэ хүн намайг зодоод болихоо байлаа гэж бодоод би зугтсан. Зугтаад цагдаагийн хэсэгт шууд очсон. Би хэрэг маргаан болох үед архи согтууруулах ундаа уусан зүйлгүй, ээж Ш-ын хамт ногооны талбайд зэрлэг түүж байсан. Манай ээж 77 настай эмэгтэй хүн. Би өөрөө 57 настай хүн. Хэрүүл маргаан юунаас болсон бэ гэхээр пиво уухгүй байна гэж намайг үзээд шууд цохиж энэ маргаан үүссэн. Би өмнө иргэн Ш-тай ямар нэгэн байдлаар хэрүүл маргаан хийсэн зүйл байхгүй. Өмнө ямар нэгэн байдлаар маргаж байсан зүйлгүй бөгөөд ямар нэгэн өс хонзон байхгүй гэж үзэж байна. Тухайн хэрэг гарах үед иргэн Ш ямар нэгэн хэрүүл хийсэн зүйлгүй бөгөөд уг асуудал хормын зуур болж миний бие эрх чөлөөнд халдсан. Анх зодуулаад баруун нүдний хөмсөг, дух, баруун чих сэтэлсэн /эмэгтэй чихийг ээмгээр нь татаж сэтэлсэн/, зүүн талын зовхи давхар цохигдсон бөгөөд газар унах, бусад байдлаар гэмтсэн. Үс гэзэгнээс татаж, хазсан. Одоогийн байдлаар дээр дурдсан гэмтлүүд эдгэрч байгаа бөгөөд шарх сорвинууд цагийн аясаар эдгэрч байгаа. Одоо харагдаж байгаа байдал нь гэвэл шархнууд бүдгэрсэн, хөхөрсөн зүйл ашиглагдахгүй байна. /хавтаст хэргийн 16-18 дахь тал/  

Гэрч В.Ш мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 18 цагийн үед Өмнөговь аймгийн Баяндалай сумын төвийн хойд талд мод үржүүлгийн талбайд хоёр охины хамт Т, Т нарын хамт ногооны талбай дээрээ зэрлэг түүж байсан чинь Ш-ыг эхнэр нь хүргэж ирээд явсан. Ш нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирсэн сууж байгаад нэг лааз, пиво задалсан. Тэгээд задалсан пивоо Т-т өгөх гэж байгаад нүүр рүү нь цацсан чинь эгч нь Т уурласан чинь Ш нь Т-ийг цохиод унагасан. Тэгэхээр би хөөе болиоч юу болов гэсэн чинь Ш нь Т-ийн нүүр рүү дахин, дахин цохиод байсан. Тэгэхээр Ш-ын ээж нь хорь гэсэн чинь ээжийнхээ үгэнд орохгүй цохисон байх шиг байсан. Ээж нь араас тэврээд авсан чинь Т манай гэр рүү зугтаад гүйсэн. Ш-ыг ээж нь дараад унтуулсан. Т нь цагдаад мэдэгдсэн байх... Т-ийн нүдний хажуу талд нь цохисон, үсийг зулгаасан, баруун чихийг сэтэлсэн байсан.” /хавтаст хэргийн 21-22 дахь тал/

Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 10 цагийн үед Өмнөговь аймгаас нөхөр Т.Шын хамт өөрийн өмчийн “Alphard” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Баяндалай сум руу явсан. Замдаа Баян баг дээр адуучин тэмцээн болж байсан. Манай нөхөр Т.Ш нь тэмцээн үзээд явъя ханиа гэж хэлсэн. Тэгээд бид хоёр тэмцээн болж байгаа газар очоод зогсож байсан чинь манай нөхөр Т.Ш би буугаад нутгийн хүмүүстэй уулзаад ирье гээд буугаад яваад өгсөн. Тэгээд бараг 40 минутын дараа ирэхдээ жоохон архи уусан байдалтай ирсэн. Би уурлаад машиндаа суу гээд суулгаад сумын төв рүү аваад явсан. Замдаа манай нөхөр Т.Ш нь нэг бол удаан яв, эсвэл хурдан яв гээд надаас хэрүүл нэхээд яваад байсан. Тэгээд сумын төв рүү ороод шууд хөдөө хоёр хүүхэд дээр очъё гэсэн чинь мод үржүүлэг дээр эмээгийн ногооны талбай ороод гаръя гээд байсан. Тэгээд очиход эмээгийн ногооны талбай очиход эмээ Ш, Т эгч хоёр ногооны зэрлэг түүж байгаа харагдсан, манай нөхөр Т.Ш нь машинд байсан 1 лааз пиво аваад буугаад тэр хоёрт очсон. Би тэгээд удаад байхаар нь яваад очсон одоо хоёулаа явъя гэсэн манай нөхөр Т.Ш нь би эмээд модны нүх ухаж өгнө чи өөрөө хөдөө гэр рүү яваад хоёр хүүхдээ аваад ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би за за модны нүхээ ухаад байж бай гээд яваад өгсөн.” /хавтаст хэргийн 24-25 дахь тал/   

Гэрч Д.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Баяндалай сумын төв дээр ээжийнхээ мод үржүүлэхийн хашаанд ногооны зэрлэг түүж байхад манай хүү Ш нь эхнэрийн хамтаар ирсэн. Эхнэр нь манай хүү Ш-ыг үлдээчихээд яваад өгсөн. Тэгээд манай хүү Ш надтай ирж уулзчихаад эмээ, эгч хоёртойгоо уулзана гээд гэрийн зүг явсан. Тэгээд төд удалгүй хүү Ш-ын байгаа зүгт хартал хүү Ш, манай төрсөн эгч болох Ттэй барилцаад байж байсан. Тэгээд би очоод тэр хоёрыг салгасан... Т-ийн нүүр хэсэг нь хавдсан, баруун чихний доод хэсгээр сэтэрсэн байсан.” /хавтаст хэргийн 28-29 дэх тал/

Шүүгдэгч Т.Ш мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “Би 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас тус аймгийн Баяндалай суманд очиж хүүхдээ авахаар явж байх замд Баяндалай сумын Баян багт адуучин тэмцээн болж байхаар нь очиж үзсэн. Тухайн үед адуучин тэмцээн үзэж байх үедээ ганцаараа нэг шил архи уучихаад эхнэрээрээ машинаа бариулаад Баяндалай сум руу явсан. Тэгээд Баяндалай сум руу ороод мод үржүүлгийн талбай дээр ээж дээрээ ирсэн. Тухайн үед би ганцаараа нэг шил архи уусан болохоор согтсон байсан. Тэгээд машин дотор нэг лаазтай пиво байхаар нь түүнийгээ задлаад машинаасаа буугаад ээж дээрээ очсон. Тэгээд цаашаа явж манай үеэл эгч болох Т-тэй уулзсан ба эгч маань тухайн үед намайг архи дарсаа тааруулж аятайхан уугаач гэхээр нь би өөдөөс нь маргалдаж Т эгчийн нүд рүү нь баруун гараараа цохиод ноцолдож байснаа санаж байна. Түүнээс цааш болсон асуудлыг санахгүй байгаа ба би согтсон байсан. Би Т эгчдээ гар хүрсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна тухайн үед би архи уусан үедээ тийм үйлдэл гаргасандаа гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би Т эгчийг аймагт хувийн эмнэлэгт үзүүлж гадуур эмчилгээ хийлгүүлж төлбөр мөнгийг нь төлж өгсөн. Т эгч надад гомдол санал байхгүй гэж хэлсэн.” /хавтаст хэргийн 47-48 дахь тал/

Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 375 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Б.Т-ийн биед баруун чихэнд шарх, тархи доргилт, баруун зүүн нүдний дээд доод зовхи, баруун зүүн нүдний салст, баруун хацар шанаанд цус хуралт, баруун шанаанд зулгаралт, толгойн хуйх, баруун зүүн нүдний дээд доод зовхи, баруун хацар шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Б.Т-ийн биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” /хавтаст хэргийн 37-38 дахь тал/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь тал/.  

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Т.Ш-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.  

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар.     

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Т.Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, хохирогч баримтаар нэхэмжилсэн зүйлгүй гэх дүгнэлтийг, шүүгдэгч Т.Ш нь хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахиж ийм алдаа гаргахгүй гэх тайлбарыг тус тус гаргав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Т.Ш нь 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Баяндалай сумын төвийн мод үржүүлгийн хашаанд ногооны зэрлэг түүж байхад хохирогч Б.Т-тэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас эрх чөлөөнд нь халдаж, биед баруун чихэнд шарх, тархи доргилт, баруун зүүн нүдний дээд доод зовхи, баруун зүүн нүдний салст, баруун хацар шанаанд цус хуралт, баруун шанаанд зулгаралт, толгойн хуйх, баруун зүүн нүдний дээд доод зовхи, баруун хацар шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.   

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ш-ын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Т-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-18 дахь тал/, гэрч В.Шын мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дахь тал/, гэрч Д.Б-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/, гэрч Д.Т-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дэх тал/, Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 375 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 37-38 дахь тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь тал/, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.         

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.    

Шүүгдэгч Т.Ш-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Т-ийн эрүүл мэндэд баруун чихэнд шарх, тархи доргилт, баруун зүүн нүдний дээд доод зовхи, баруун зүүн нүдний салст, баруун хацар шанаанд цус хуралт, баруун шанаанд зулгаралт, толгойн хуйх, баруун зүүн нүдний дээд доод зовхи, баруун хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 375 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 37-38 дахь тал/-ээр тогтоогдож байна.     

Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, шийдвэрийн үндэслэл болголоо.

Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Т.Ш, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Т-ийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.            

Шүүгдэгч Т.Ш нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Т-ийн эрүүл мэндэд баруун чихэнд шарх, тархи доргилт, баруун зүүн нүдний дээд доод зовхи, баруун зүүн нүдний салст, баруун хацар шанаанд цус хуралт, баруун шанаанд зулгаралт, толгойн хуйх, баруун зүүн нүдний дээд доод зовхи, баруун хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан нь хэрэгт цугларсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Т хохирол төлбөрийн талаарх нотлох баримт хавтаст хэрэгт гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.   

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.         

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Т.Ш-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, энэ хэргийн улмаас хохирогч Б.Т-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар баримтаар нэхэмжилсэн зүйлгүй. Шүүгдэгч Т.Ш нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан, битүүмжилсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гаргуулах зардалгүй, шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлье гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн зүгээс хэлэх зүйл байхгүй гэх тайлбарыг гаргав. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Ш-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.         

Шүүгдэгч Т.Ш нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Шүүхээс шүүгдэгч Т.Ш-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гурван төрлийн ялаас торгох ялыг сонгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ш-т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ш-т шүүхээс оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ш нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

Бусад асуудлаар.

Шүүгдэгч Т.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Т нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.  

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ш-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.  

Шүүгдэгч нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Ц овгийн Т-ын Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ш-т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.         

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ш-т шүүхээс оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.       

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ш нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

5. Шүүгдэгч Т.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Т хохирол төлбөр нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Т.Ш-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ