| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 188/2024/1018/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1041 |
| Огноо | 2024-09-25 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1041
2024 09 25 2024/ШЦТ/1041
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Лхагвасүрэн,
улсын яллагч: П.Итгэл,
шүүгдэгч: ******* нарыг оролцуулан Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2400000000000 тоот хэргийг 2024.09.12-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 1986 оны 6 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ХАБ, хүний нөөцийн мэргэжилтэй гэх, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо Хилчин 00-0а тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо Нарангийн гол 0-000 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:**00000000/ Боржигон овогт Пийн Э нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 16 цаг 30 минутад Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо Тахилтын нүхэн гүүрний салдаг гарц дээр согтууруулах ундаа хэрэглэсэн байхдаа Тоёота приус -20 маркийн 00-00 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явж Тоёота приус маркийн 00-00 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн зам тээврийн осол гаргасан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоогдсон байдал /хх-6-7/
- Драгерь багажаар шалгахад “******* нь 2.11 хувь согтолттой” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-9-11/,
- Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг шийдвэрлэсэн материалын хуулбар /х.х-26-31/,
- Зөрчлийн хэргийн хохирогч Г.Ггийн: “2024 оны 5-р сарын 14-ний өдөр би Т.приус-30 маркийн 00-00 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хотын төвөөс Тахилтын эцэс орохоор явж байгаад нүхэн гарцаас Приус-20 маркийн машин төв замтай нийлэхээр орж ирэхдээ зүүн талын урд крылоноос хойд гэрэл хүртэл мөргөөд ороод ирсэн. Тэгээд би буугаад цагдаа дуудсан. Тухайн жолооч нь согтуу байсан. Цагдаа ирээд хэмжилт хийгээд явсан. Би 1 зорчигчтой явсан, бэртэж гэмтсэн хүн байхгүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Хас үнэлгээ ХХК-иар үнэлгээ хийлгэхэд 4406000 төгрөгийн үнэлгээ гарсныг дансаар бүрэн барагдуулж авсан. Гомдол санал байхгүй, өөр нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-32-33/,
- 4000000 төгрөгийг 53……. тоот данс руу шилжүүлсэн баримтын хуулбар /хх-25/,
- Хас үнэлгээ ХХК-ийн “автомашины эвдрэл, хохирлын дүн 4406000 төгрөг” гэх үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт, үнэлгээний хөлс 205000 төгрөг тушаасан баримт /хх-37-40/,
- Жолоодох эрхийн лавлагаа 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр эрх хасагдсан гэх /х.х-83/,
- Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг шийдвэрлэсэн материалын хуулбар /х.х-26-31/
- Яллагдагч *******гийн: “Прокурорын тогтоолтой танилцсан. Санал хүсэлт байхгүй. Хүлээн зөвшөөрч байна. Би 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шунхлай колонк дээр их цэвэрлэгээ хийсэн ба 7-уулаа агар нэртэй 0.75 литрийн 2 шил архи хувааж уусан. Тэгээд хүүхдээ цэцэрлэгээс нь авах цаг болохоор нь өөрийн эзэмшлийн Тоёота Приус-20 маркийн 00-00 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон яваад Тахилын уулзвар дээр Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг зүүн арын талын гуперээс зүүн урд талын их гэрэл хүртэл машинаараа сэвтээсэн. Машинаа мөргүүлсэн жолооч цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Дуудлагын дагуу ирж намайг драгер багажаар үлээлгэж шалгахад 2.11 хувийн согтолттой байсан ба миний унаж явсан тээврийн хэрэгслийг журмын хашаанд хийсэн. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй талаар мэднэ. Миний бие хохирогчид учирсан хохирлыг Хас үнэлгээ ХХК-иар хөрөнгийн үнэлгээ гаргуулан хохрогчийн хаан банкны 53……… тоот дансанд нийт 4000000 төгрөгийг шилжүүлж хохирлыг бүрэн барагдуулсан” гэх мэдүүлэг /хх-80/ зэрэг баримтууд хамаарч байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч *******гийн хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэж 0.76 хувийн согтолттой үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж, Зөрлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400000 төгрөгөөр торгох шийтгэлээр шийтгүүлсэн болох нь эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-54-55, 58/, согтуурал шалгасан баримт /хх-56/, хүсэлт /хх-59/, шийтгэлийн хуудас /хх-64/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 16 цаг 30 минутад Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо Тахилтын нүхэн гүүрний салдаг гарц дээр согтууруулах ундаа хэрэглэсэн байхдаа Тоёота приус -20 маркийн 00-00 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явж Тоёота приус маркийн 00-00 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн зам тээврийн осол гаргасан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /х.х-5/, согтуурал шалгасан драгер багажны үзүүлэлт /х.х-10/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /х.х-15/, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн С3-0000 дугаартай хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан материалын хуулбар хувь зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтооно” гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т Замын хөдөлгөөнд оролцогч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ: 13.2.1. Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх” гэж тус тус заасан тул замын хөдөлгөөнд оролцогч аливаа этгээд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй.
Монгол Улсын Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол” гэмт хэрэг үйлдсэнд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд тухайн хуулийг 2024 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа билээ.
Шүүгдэгч *******г нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-ын “”жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүнийг хэлнэ” гэх заалт, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-ын “Механикжсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жолоодох эрхийн үнэмлэхээр баталгаажуулна” гэх заалт, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 “Монгол Улсын нутаг дэвсгэрт тус улсын иргэн зөвхөн Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхээр механикжсан тээврийн хэрэгсэл жолоодохыг зөвшөөрнө” гэх заалт, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1. “Дараах тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болно: 18.1.4. тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг холбогдох хуульд заасны дагуу хассан” гэх заалт Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг тус тус зөрчиж, 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан атлаа 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 16 цаг 30 минутад согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч ******* нь өөрийн эзэмшлийн Тоёота приус-20 маркийн 00-00 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслээр иргэн Г.Ггийн жолоодож явсан Тоёота приус маркийн 00-00 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн зам тээврийн ослын улмаас иргэн Г.Гд мөнгөн дүнгээр 4406000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй тул прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******гийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /х.х-88/ тогтоогдож байна.
Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх үйлдэл
тогтоогдсонгүй.
Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас “шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна” гэх дүгнэлтийг, шүүгдэгчээс “хэлэх зүйлгүй” гэх тайлбарыг тус тус гаргаж оролцсон болно.
Дээрх нөхцөл байдал болон шүүгдэгч *******гийн хувийн байдал /бага насны хүүхдүүдтэй, өрх толгойлсон ганц бие эх/ зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосончлон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан үндсэн ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэж, хугацааг өдөрт наймаас дээшгүй цагаар нийт 480 цагийн хугацаагаар тогтоож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ял оногдуулах байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б овогт Пийн Эгийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, өдөрт наймаас дээшгүй цагаар 480 /дөрвөн зуун наян/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.
4. Шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, түүнээс хувийн эд зүйл бичиг баримт хурааж битүүмжилж ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бусдад төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол
хуулийн хүчин төгөлдөр болтол *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож, хорих ялаар солино гэдгийг *******т мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ