Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2026 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 001/хт2026/00054

 

Х.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн

2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 191/ШШ2025/06703 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 210/МА2025/01915 дугаар магадлалтай,

Х.Б-ын нэхэмжлэлтэй,

“С” ХХК-д холбогдох,

Үндсэн нэхэмжлэл: *** тоот хаягт байршилтай, нэгж талбарын *** дугаартай газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй,

Сөрөг нэхэмжлэл: *** тоот хаягт байршилтай, нэгж талбарын *** дугаартай, 5000 м.кв, шатахуун түгээх станцын зориулалттай газрын шударга эзэмшигчээр тогтоолгох, мөн тус газрын эзэмших эрхийг “С” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн өгөхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагчийн өмгөөлөгч Т.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Х.Б- нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан *** тоот хаягт байршилтай, нэгж талбарын *** дугаартай газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч *** тоот хаягт байршилтай, нэгж талбарын *** дугаартай, 5000 м.кв, шатахуун түгээх станцын зориулалттай газрын шударга эзэмшигчээр тогтоолгох, мөн тус газрын эзэмших эрхийг “С” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн өгөхийг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

2. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 191/ШШ2025/06703 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2, 92 дугаар зүйлийн 92.1-д заасныг баримтлан “С” ХХК-д холбогдох *** тоот хаягт байрших, нэгж талбарын *** дугаартай, шатахуун түгээх станцын зориулалттай 5000 м.кв газрыг албадан чөлөөлүүлэх тухай Х.Б-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, дээрх газрын шударга эзэмшигчээр “С” ХХК-ийг тогтоож, тус газрын эзэмших эрхийг “С” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн өгөхийг Х.Б-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 210/МА2025/01915 дугаар магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 191/ШШ2025/06703 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2, 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч “С” ХХК-д холбогдох *** тоот хаягт байршилтай, нэгж талбарын *** дугаартай газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Х.Б-ын нэхэмжлэл, нэхэмжлэгч Х.Б-д холбогдох *** тоот хаягт байршилтай, нэгж талбарын *** дугаартай, 5000 м.кв, шатахуун түгээх станцын зориулалттай газрын шударга эзэмшигчээр тогтоолгох, мөн тус газрын эзэмших эрхийг “С” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн өгөхийг даалгуулах тухай хариуцагч “С” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 140,400 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “ ... магадлалын тогтоох хэсэгт 2025.08.04-ний өдрийн 191/ШШ2025/06703 дугаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн “89 дүгээр зүйлийн 89.2, 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч “С” ХХК-д холбогдох газрыг албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага, мөн хариуцагчийн шударга эзэмшигчээр тогтоолгох, газрын эзэмших эрхийг шилжүүлэн өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Гэвч 210/МА2025/01915 дугаартай магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Учир нь тус магадлалын хянавал хэсэгт “Дээрх хуулийн зохицуулалтаар иргэнд газрыг гэр орон, хувийн сууцны зориулалтаар, хүнсний ногоо жимс жимсгэнэ таримал ургамал тарих зориулалтаар, үр тарианы болон хүнсний ногооны зориулалтаар эзэмшүүлэхээр тус тус зохицуулсан байхад нэхэмжлэгч Х.Б-д *** ойролцоо 5000 м.кв газрыг шатахуун түгээх станцын зориулалтаар дуудлага худалдаагаар эрх бүхий этгээд худалдсан нь Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.3-т заасантай нийцэхгүй байна. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.10.17-д бүх төрлийн шатахуун импортлох бөөний болон жижиглэнгийн худалдааг тусгай зөвшөөрөлтэй эрхэлнэ гэж заасан. Хуульд бүх төрлийн шатахууныг импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэхэд аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олгохоос иргэнд олгодоггүй байна. Газрын тухай хуульд иргэнд шатахуун түгээх станцын зориулалтаар газрыг эзэмшүүлэх эрх олгоогүй байхад Дорноговь аймгийн Хатанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017.04.26-ны өдрийн 22/06 дугаар тогтоолоор 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулж иргэн аж ахуй нэгжид үйлдвэр үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх газрыг дуудлага худалдаагаар худалдахад нэхэмжлэгч оролцож шатахуун түгээх станцын зориулалтаар худалдан авсныг Иргэний хуулийн 83, 89 дүгээр зүйлд заасны дагуу хууль ёсны дагуу олж авсан гэж үзэхгүй. Нэхэмжлэгч нь эзэмших эрхийг хууль ёсны дагуу олж аваагүй тул хариуцагчаас *** тоот хаягт байршилтай газрыг албадан чөлөөлүүлэхийг Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 92 дугаар зүйлийн 1-д заасны дагуу шаардах эрхгүй гэж дүгнэжээ. Гэвч энэхүү дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, мөн нотлох баримтыг үнэлэхдээ хэт нэг талыг барьж үнэлж, тайлбарласан.

Нэхэмжлэгч Х.Б нь анх шүүхэд *** тоот хаягт байршилтай, нэгж талбарын *** дугаартай газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд ***дугаартай захирамжаар *** тоот хаягт байрлах 5000 м.кв газрыг “Шатахуун түгээх газар, агуулах”-ын зориулалттай газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрхтэй болсон эсэх дээр маргаагүй буюу эзэмших эрхийг хүчингүй болгуулахтай холбоотой шаардлага үүсээгүй. Харин шүүхээс эзэмшүүлэх газрыг дуудлага худалдаагаар худалдахад нэхэмжлэгч оролцож шатахуун түгээх станцын зориулалтаар худалдан авсныг Иргэний хуулийн 83, 89 дүгээр зүйлд заасны дагуу хууль ёсны дагуу олж авсан гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь хууль ёсны, үндэслэл бүхий болж чадаагүй. Тодруулбал, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т зааснаар “энэ хуулийн 3.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд нэг удаа 5 га хүртэлх газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно”; Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор баталсан Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын 4.1-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүн хуульд заасан газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн дагуу дуудлага худалдаанд оролцох хүсэлт гаргаж, дэнчин тавьснаар дуудлага худалдаанд оролцоно” гэж заасан буюу газар эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаанд иргэн, аж ахуй нэгж оролцох эрхтэй байна гэж хуульчилсан.

Тиймээс нэхэмжлэгч Х.Б нь Дорноговь аймгийн оршин суугч, газрын тос, шатахууны салбарт олон жил ажилласан учраас амьдарч буй газартаа өөрийн гэсэн газартай болж бизнес эрхлэх, газар эзэмших зорилгоор *** тоот хаягт байрлах 5000 м.кв газрыг авахаар анх дуудлага худалдаанд оролцсон. Улмаар Дорноговь аймаг Хатанбулаг сумын Засаг даргын 2017.05.02-ны өдрийн А/62 дугаар захирамжийн дагуу газар эзэмших, ашиглуулах дуудлага худалдаанд ялж газрын төлбөрийг төлөх боломжгүй байсан тул хариуцагч “С” ХХК-ийн Дорноговь аймаг дахь салбарын даргаар олон жил тогтвор суурьшилтай ажиллаж байсан гэдэг утгаараа дээрх газрыг худалдан авах гэж байгаа талаараа компанидаа хэлж, хүсэлт тавьсны үндсэн дээр дээрх газрын дуудлага худалдааны үнэ болох 29,520,000 төгрөгийг “С” ХХК-аар 2017.07.17-ны Х.Б-ын нэрийн өмнөөс гэсэн утгатайгаар Дорноговь аймаг Хатанбулаг сумын газрын албанд төлүүлсэн. Ингэснээр хуульд заасны дагуу газрыг эзэмших эрхийг олж авсан ба Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ” гэж заасан Нэхэмжлэгч Х.Б нь *** дугаар захирамжийн дагуу газар эзэмших, ашиглуулах дуудлага худалдаанд оролцож ялалт байгуулан тус газрын үнийг төлж, *** дугаартай захирамжаар *** тоот хаягт байрлах 5000 м.кв газрыг “Шатахуун түгээх газар, агуулах”-ын зориулалттай газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрхтэй болж, улмаар 2017.08.18-ны өдөр газар эзэмших гэрээ байгуулж тус газрыг эзэмшиж байгаа шударга эзэмшигч мөн байна. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт “Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй”, мөн хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д “Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй гэж заасны дагуу хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох *** тоот хаягт байршилтай, нэгж талбарын *** дугаартай газрыг хариуцагч “С” ХХК-аас албадан чөлөөлүүлэх нь үндэслэлтэй байна.

Харин хариуцагч “С” ХХК нь Газрын тухай хуульд зааснаар өөрийн нэрээр дуудлага худалдаанд оролцох эрхтэй байсан боловч тэр эрхээ хэрэгжүүлээгүй буюу хэрэгт авагдсан баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч “С” ХХК-аас нэхэмжлэгч Х.Б-ыг өөрийн нэрийн өмнөөс дуудлага худалдаанд оролцох үүрэг, чиглэл, даалгавар өгсөн гэх тайлбар болон баримт, мөн газрын дуудлага худалдааны төлбөр болон дэнчинг төлсөн гэх тайлбараа нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Хэрэгт авагдсан баримтаас харвал дээр дурдсанчлан нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу “С” ХХК-аас тус газрын төлбөр 29,520,000 төгрөгийг дээр газрын дуудлага худалдааны үнэ Х.Б-ын өмнөөс гэсэн утгатай шилжүүлсэн 93 дугаартай төлбөрийн даалгавар, захирамжийн мөнгө 20,000 төгрөг, Ханги боомтын газрын дэнчин 480,000 төгрөгийг төлсөн болох нь харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, зэргээр нотлогдож байна.

Дээрх үйл баримтаас дүгнэвэл *** тоот хаягт байрлах 5000 м.кв газрыг өнөөдрийн байдлаар нэхэмжлэгч Х.Б-д нь хуульд заасны үндсэн дээр газар эзэмших эрхтэй шударга эзэмшигч байна. Түүнээс гадна газар эзэмших эрхтэй этгээд өөрийн эзэмшил газраа “Шатахуун түгээх газар, агуулах”-ын зориулалтаар ашиглах эсэх нь дараагийн тусдаа асуудал байх тул Тухайн газрыг газрын зориулалтын дагуу ашиглах болон газар эзэмших эрх олж авах нь эрх зүйн хувьд ялгаатай ойлголт байх бөгөөд хуульд бүх төрлийн шатахууныг импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэхэд аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олгохоос иргэнд олгодоггүй байна гэх үндэслэлээр хуульд зааснаар олж авсан газар эзэмших эрхийг үгүйсгэх нь үндэслэлгүй.

Тиймээс нэхэмжлэгч Х.Б- нь өөрийн эзэмшил газраа ашиглахаар болсон тул хамгийн анх газрыг чөлөөлж өгөхийг шаардсан бөгөөд “С” ХХК-д 2023.10.23-ны өдөр үйл ажиллагаагаа зогсоож, газар чөлөөлж өгөх тухай мэдэгдлийг хүргүүлсэн. Гэвч нэхэмжлэгч “С” ХХК нь өнөөдрийг хүртэл газрыг чөлөөлж өгөөгүй тул Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2 дэх хэсэгт “газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргаан, газар ашиглах гэрээний нөхцөл, болзлын талаар газар эзэмшигч ба ашиглагчийн хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу 2023.11.28-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргад гомдол гасан боловч тус аймгийн Засаг даргаас 2023.12.21-ний 01/997 дугаap албан бичгээр Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт зааснаар хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлэхийг мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, газар эзэмших эрхийн гэрчилгээ гарсан өдрөөс хойш нэхэмжлэгч нь хариуцагчаас газар чөлөөлж өгөхийг шаардах өдөр хүртэлх хугацаанд “С” ХХК-аас өөрийн газраас чөлөөлүүлэхээр шаардаж байсан баримт хэрэг авагдсан баримтаар тогтоогдоогүй.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл, сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар болон шүүхэд гаргасан тайлбартаа “С” ХХК-аас 29,520,000 төгрөг зээлж газрын дуудлага худалдааны үнийг төлүүлж байсан тул зээл олгож, газрын үнийг төлүүлсний хариу буюу сайн дурын үндсэн дээр зээлийн төлбөрөө төлөх хүртэл түр хугацаагаар газрыг “С” ХХК-ийн шатахуун түгээх станцын үйл ажиллагааг эрхлэхийг зөвшөөрснөөр хариуцагчийн эзэмшил, ашиглалтад шилжсэн. Дээрх нөхцөлийн үндсэн дээр маргаан бүхий газар нь нэхэмжлэгч Х.Б-ын зөвшөөрлөөр хариуцагч “С” ХХК-ийн эзэмшил ашиглалтад шилжсэнээр тус газар дээр хариуцагч үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг утгаараа өнгөрсөн хугацаанд газрыг зориулалтын дагуу ашиглаж, холбогдох татвар, хураамж зэргийг төлж байсан. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т “Өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй. Энэ тохиолдолд бүрэн эрх олгосон этгээд эзэмшигч байна” гэж заасан ба нэхэмжлэгч нь зээлийн төлбөрийг төлөх хүртэл хугацаанд өөрийн газар дээрээ хариуцагч “С” ХХК-г ШТС-ын үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрснөөр хариуцагчийн эзэмшилд шилжсэн буюу энэ тохиолдолд хариуцагч “С” ХХК-ийг эзэмшигч гэж үзэхгүй бөгөөд зээлийн төлбөрийг төлөх хүртэл хугацаанд өөрийн газар дээрээ хариуцагчийг ШТС-ын үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрч бүрэн эрх олгосон этгээд болох Х.Б- нь газрын эзэмшигч байна. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.11.05-ны өдрийн 210/MA2025/01915 дугаартай магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “ ... Нэхэмжлэгч Х.Б-ын зүгээс *** тоот хаягт байрлах нэгж талбарын *** дугаартай газрыг албадан чөлөөлүүлэх, хариуцагч “С” ХХК-ийн зүгээс тухайн маргаан бүхий газрын шударга эзэмшигчээр тогтоолгож, тус газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн өгөхийг даалгах сөрөг нэхэмжлэл тус тус гаргасан байдаг. Тухайн хэргийг анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2, 92 дугаар зүйлийн 92.1-д заасныг баримтлан үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байдаг. Гэтэл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.11.05-ны өдрийн 210/МА2025/01915 дугаар магадлалаар дээрх зүйлийг баримтлан үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд магадлалыг хүчингүй болгож шийдвэрийг хэвээр үлдээхээр хяналтын гомдол гаргаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, 172.2.3-т “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн" гэдэг үндэслэлүүдээр хяналтын гомдол гаргаж байна.

5.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн тухайд:

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд Иргэний эрх зүйн хамгаалалтыг хуульчилж өгсөн байдаг бөгөөд шударга бус эзэмшигчийн зүгээс хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчиж буй үйлдлийг таслан зогсоож зөрчигдөхөөс өмнөх байдлыг сэргээх хүрээнд гаргасан нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл маргаан бүхий газар эзэмших эрх нь эд хөрөнгийн эрхийг бий болгож байгаа, эд хөрөнгийг хамгаалж тухайн эд хөрөнгийг хэн нь өөрийн эзэмшилдээ байлгаж үр шимийг хүртэх тухай агуулга бүхий маргаан юм.

Гэтэл давж заалдах шатны шүүхээс тухайн маргаан үүссэн шалтгаан нөхцөл нь эрх бүхий албан тушаалтны шийдвэртэй холбоотой гэж үзэж эд хөрөнгийн эрхийг хамгаалах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхээс зайлсхийж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэл” гэж заасан бөгөөд газар эзэмших эрх нь эдийн бус баялаг буюу тухайн эрхийг өөртөө байлгаснаар аливаа хөрөнгийн үр шимийг бий болгож байгаа нөхцөл байдлаас авч үзвэл эд хөрөнгийн маргаан болох ба тэрхүү эрхийг олж авахын тулд өөрийн хөрөнгийг зарцуулж мөн тухайн эрхийг хадгалахын тулд хуульд заасан болзол, шалгуурыг хангаж түүнд зориулж хөрөнгө гаргаж байсан зэрэг үйл баримт хэрэгт авагдсан байдаг. Энэхүү эд хөрөнгийн маргааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан үндэслэлээр гаргасан нэхэмжлэл, хүсэлт, гомдол /цаашид “нэхэмжлэл” гэх/-ыг шүүх харьяалан шийдвэрлэнэ” гэж зааснаар Иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх хэрэг гэж үзэхээр байна. Гэвч давж заалдах шатны шүүхээс үүссэн байгаа газар эзэмших эрхийг хэн нь зүй ёсоор эдлэхийг эцэслэн шийдвэрлэхийн оронд анх тухайн эрхийг бий болгосон эрх бүхий байгууллагын шийдвэрт дүгнэлт өгсөн нь ноцтой зөрчил гэж үзэж байна. Мөн хэрэгт цугласан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж зааснаар үнэлэх ёстой байсан бөгөөд нотлох баримтыг хуульд зааснаар үнэлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэж байна.

5.2 Хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн тухайд:

Монгол Улсын дээд шүүхийн 2009.06.15-ны өдрийн Иргэний хуулийн 10, 11 дүгээр бүлгийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 17 дугаар тогтоолын холбогдох хэсгийг буруу тайлбарласан гэж үзэж байна. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д “Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ” гэж заасан байдаг ба дээрх тогтоолын 2-т “...зөвхөн хууль болон гэрээнд заасан үндэслэлээр үүссэн эзэмшил нь эрх зүйн үр дагавар буюу шаардах эрхийг үүсгэнэ” гэж заасан ба үүнийг эзэмшил, өмчлөл үүсэх арга замаар үүссэн бол шаардах эрхтэй болохыг тодорхойлсон. Үүнээс үзвэл газрын дуудлага худалдааны үнэ болох 30,000,000 төгрөгийг төлсөн “С” ХХК-г эзэмшигч гэж үзэхээр байгаа бөгөөд хууль болон гэрээнд зааснаар газрын төлбөрийг төлсөн нь хууль ёсоор мэдэлдээ авсан болохыг харуулж байгаа бөгөөд тухайн газрын дуудлага худалдааны үнийг төлөөгүй тохиолдолд энэхүү газрыг бусдад эзэмшүүлэх боломжгүй болох юм.

Гэтэл давж заалдах шатны шүүх хянавал хэсгийн 7.1-д “... дуудлага худалдааны үнийг болон газрын төлбөрийг жил бүр төлсөн нь ... шударга эзэмшигч гэж үзэх үндэслэл болохгүй” гэдэг байдлаар дүгнэсэн. Дээрх нөхцөл байдлууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, 172.2.3-т “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” үндэслэлүүдэд хамаарч байгаа тул хяналтын гомдол гаргаж байна. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.11.05-ны өдрийн 210/МА2025/01915 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх тухайн гомдлыг гаргаж байна.” гэжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нарын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026.01.20-ны өдрийн 001/ШХТ2026/00093 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй гэж үзлээ.

8. Нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан *** тоот хаягт байршилтай, нэгж талбарын *** дугаартай газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...би газар эзэмших зорилгоор газрын дуудлага худалдаанд оролцож, *** дугаартай захирамжаар ... 5000 м.кв газрыг “Шатахуун түгээх газар, агуулах”-ын зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрхтэй болсон. Газрын дуудлага худалдааны үнэ 30,000,000 төгрөгийг “С” ХХК-аас зээлж, зээлийн гэрээний барьцаа болгож, газар эзэмших эрхийн гэрчилгээг “С” ХХК-д үлдээсэн. Улмаар өөрөө газраа эзэмшихээр болж, “С” ХХК-д газар чөлөөлөхийг мэдэгдсэн боловч чөлөөлөхгүй байгаа тул Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар газраа чөлөөлүүлэхээр шаардлага гаргаж байна. ...” гэж тодорхойлжээ.

9. Хариуцагч “С” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “… “С” ХХК нь шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлдэг бөгөөд тус газрыг дуудлага худалдаагаар авч, шатахуун түгээх станц ажиллуулах зорилгоор тухайн үед салбарын даргаар ажиллаж байсан Х.Б-ыг дуудлага худалдаанд оролцуулж, дэнчин болон газрын үнийг төлж, газар эзэмших гэрээг байгуулан, шатахуун түгээх станцаа барьж, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж, газрын төлбөрийг жил бүр төлж ирсэн шударга эзэмшигч юм. Нэхэмжлэгч Х.Б-д газрын эзэмших эрхийг компанийн нэр дээр шилжүүлж өгөхийг удаа дараа шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл газрыг шилжүүлэн өгөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. ... Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. ...” гэж маргажээ.

10. Хариуцагч “С” ХХК нь нэхэмжлэгч Х.Б-д холбогдуулан *** тоот хаягт байршилтай, нэгж талбарын *** дугаартай, 5000 м.кв, шатахуун түгээх станцын зориулалттай газрын шударга эзэмшигчээр тогтоолгох, мөн тус газрын эзэмших эрхийг “С” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн өгөхийг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “... “С” ХХК-ийн зүгээс Дорноговь аймгийн Хатанбулаг сумын газрын албатай гэрээ байгуулж, жил бүр газрын төлбөрийг төлж ирсэн шударга бөгөөд хууль ёсны эзэмшигч болно. Газрын тухай хууль болон Зөвшөөрлийн тухай хуулиар шатахуун түгээх станцын зориулалттай газрыг хувь хүнд олгодоггүй. Мөн Монгол Улсад газрын тосны үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол тусгай зөвшөөрөл заавал шаардагддаг. Иймд тус газрыг Х.Б-д бус “С” ХХК-ийн Дорноговь аймгийн салбарт нь олгосон. Нэхэмжлэгч Х.Б хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр Дорноговь аймгийн салбарын даргын үүргийг гүйцэтгэж байсан, байгууллагын нэрийн өмнөөс дуудлага худалдаанд оролцох үүргийг гүйцэтгэж байгаа учраас хөдөлмөрийн харилцааны дагуу энэ харилцаа явагдсан. ...“С” ХХК нь тухайн газрыг анх дуудлага худалдаагаар авсан цагаасаа эхлэн тус газарт шатахуун түгээх станцаа барьж байгуулан өнөөдрийг хүртэл шатахуун түгээх үйлчилгээг үзүүлэн ажиллуулж байна. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2, 90 дүгээр зүйлийн 90.1, 92 дугаар зүйлийн 92.1-д тус тус зааснаар ...  газрын шударга эзэмшигч. ...” гэж тодорхойлжээ.

11. Нэхэмжлэгч Х.Б- нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “… “С” ХХК нь ажилчдадаа зээл олгодог учраас тус байгууллагад тогтвор суурьшилтай, олон жил ажилласны хувьд компанид хүсэлт тавьж, газрын дуудлага худалдааны үнийг компаниар төлүүлсэн, ... Хариуцагч “С” ХХК-аас нэхэмжлэгч Х.Б-д дуудлага худалдаанд оролцох үүрэг, чиглэл өгсөн гэх тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. “С” ХХК нь Х.Б-ыг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс дуудлага худалдаанд оролцуулсан бол итгэмжлэл олгох ёстой байсан. Мөн Х.Б “С” ХХК-д Дорноговь аймгийн салбарын өмнөөс биш өөрийн нэрийн өмнөөс хүсэлт гаргасан нь бэлэн мөнгө олгохыг хүссэн баримтаар тогтоогдоно. Иймд “С” ХХК нь Х.Б-д 30,000,000 төгрөгийн зээлийг Газрын албанд олгох замаар зээлсэн учраас талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан. ...” гэж маргажээ.

12. Анхан шатны шүүх “... Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.3-т зааснаар иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан ... газрыг эзэмшүүлж, ашиглуулж болох зориулалтыг тусгайлан зохицуулсан. Гэвч нэхэмжлэгч Х.Б-д хуульд заасан зориулалтаас өөр “шатахуун түгээх станц”-ын зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээг анхнаасаа олгосон нь Газрын тухай хуультай нийцээгүй. Түүнчлэн анхнаасаа “шатахуун түгээх станц”-ын зориулалтаар дуудлага худалдааг зарласан тул тус дуудлага худалдаанд иргэний хувиар оролцох боломжгүй, зөвхөн аж ахуйн нэгж дуудлага худалдаанд оролцох боломжтой байтал иргэнийг оролцуулж дуудлага худалдааны ялагчаар тодруулж, улмаар түүнд газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон явдал Газрын тухай хууль, Засгийн газрын 2016.01.04-ний өдрийн 10 дугаар тогтоолоор баталсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-тай нийцээгүй байна. ...Маргааны энэ тохиолдолд нэхэмжлэгч Х.Б “С” ХХК-ийн Дорноговь аймаг дахь салбарын захирлаар ажиллаж байсан, дуудлага худалдааны дагуу газрын үнийг хариуцагчаас төлсөн, улмаар 2017 оноос хойш хариуцагч байгууллагын хөрөнгийн бүртгэлд тухайн газрыг тусгаж өнөөг хүртэл тоолж байсан үйл баримт тогтоогдсон тул нэхэмжлэгчийг дуудлага худалдаанд ажил олгогч хуулийн этгээдийг Иргэний хуулийн дээрх зохицуулалтын дагуу төлөөлж оролцсон гэж үзнэ. ...Нэхэмжлэгч нь хариуцагчаас 30,000,000 төгрөгийг зээлж авсан гэж тайлбарлах боловч бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөлд дурдсан агуулгад энэ талаар заагаагүй, уг тайлбарт холбогдох үйл баримтыг ... нэхэмжлэгч нотолж чадаагүй. Мөн газрыг хариуцагчид түрээслүүлсэн, үнэ төлбөргүй ашиглуулсан, зээлийн хариу төлбөрт эзэмшүүлсэн, барьцаа болгосон үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй. ... Шүүх дээрх байдлаар нэхэмжлэгчийг шударга эзэмшигч гэж үзээгүй тул тэрээр шаардах эрхгүй. Энэ тохиолдолд тухайн газрыг бодитоор эзэмшил, ашиглалтдаа байлгаж байгаа хариуцагчийн үйлдэл хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч газрыг чөлөөлүүлэхээр шаардах эрхгүй. ... Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.1-д “Үнэ хаялцуулах замаар гэрээ байгуулж болно.” гэж, мөн хуулийн 178 дугаар зүйлийн 178.2-т “Дуудлага худалдаагаар худалдсан зүйлийн үнийг бүрэн төлсөн үеэс худалдан авагч тухайн зүйлийн өмчлөгч болно” гэж заасан. Шүүх дээрх байдлаар “С” ХХК-г төлөөлж Х.Б дуудлага худалдаанд оролцсон, үнэ хаялцуулах замаар эзэмших эрхийг компани олж авсан, шударга эзэмшигч гэж үзсэн. ...” гэсэн дүгнэлт хийж үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

13. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ магадлалд:

13.1.  ... Нэхэмжлэгчийн хувьд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т зааснаар эзэмшиж байсан газрын хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, ...мөн Газрын тухай хуульд иргэнд шатахуун түгээх станцын зориулалтаар газрыг эзэмшүүлэх эрхийг олгоогүй байхад Дорноговь аймгийн Хатанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017.04.26-ны өдрийн 22/01 дугаар тогтоолоор 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулж иргэн аж ахуйн нэгжид үйлдвэр үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх газрыг дуудлага худалдаагаар худалдахад нэхэмжлэгч оролцож шатахуун түгээх станцын зориулалтаар худалдан авсныг Иргэний хуулийн 83, 89 дүгээр зүйлд заасны дагуу хууль ёсны дагуу олж авсан гэж үзэхгүй. Нэхэмжлэгч нь эзэмших эрхийг хууль ёсны дагуу олж аваагүй тул хариуцагчаас *** тоот хаягт байршилтай газрыг албадан чөлөөлүүлэхийг Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 92 дугаар зүйлийн 92.1-д заасны дагуу шаардах эрхгүй.

13.2. Дорноговь аймаг Хатанбулаг сумын Засаг даргын 2017.07.18-ны өдрийн А/91 дүгээр захирамжаар газар эзэмшүүлэх дуудлага худалдаанд ялалт байгуулан шатахуун түгээх станцын зориулалтаар газар эзэмших эрх үүссэн Х.Б-д маргаж буй газрыг эзэмшүүлэх гэрээ байгуулж, түүний эзэмшилд шилжүүлэн өгсний цаана хариуцагч “С” ХХК нь газрын дуудлага худалдааны үнэ болон газрын жил бүрийн төлбөрийг төлсөн, уг газрын бодитойгоор эзэмшилдээ байлгаж өнөөг хүртэл ашиглаж байгаа нь хариуцагчийг Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д заасан шударга эзэмшигч гэж үзэх үндэслэл болохгүй.

13.3. Анхан шатны шүүх хариуцагч компанийг нэхэмжлэгч нь төлөөлж дуудлага худалдаанд оролцсон түүнийг тус компанид ажиллаж байсан, газрын үнийг төлсөн, 2017 оноос хойш байгууллагын үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон. Учир нь, итгэмжлэлийг бичгээр болон амаар өгч болох боловч нэхэмжлэгч нь хариуцагчийг төлөөлж дуудлага худалдаанд оролцоогүй гэж маргасан. Энэ тохиолдолд нотолгооны үүргийн хуваарилалтын дагуу хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлох үүрэгтэй боловч тэрээр нотолж чадаагүй байна. Иймээс Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчийг төлөөлж дуудлага худалдаанд оролцсон гэж үзэхгүй,

13.4. ... Газрын тухай хуульд заасан төрийн өмчийн газрыг иргэн аж, ахуйн нэгжид эзэмшүүлэхийг Төрийн захиргааны байгууллага буюу аймаг нийслэл сумын Засаг дарга шийдвэрлэдэг байхад иргэн, хуулийн этгээдийн хооронд гарсан маргааныг хянан шийдвэрлэх замаар шүүх хариуцагч “С” ХХК-ийг Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д заасны дагуу шударга эзэмшигчээр тогтоож Төрийн захиргааны байгууллагын бүрэн эрхийг шүүх хэрэгжүүлэхгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч “С” ХХК нь Газрын тухай хуульд заасан журмын дагуу зөвхөн эрх бүхий этгээдийн шийдвэрээр газар эзэмших эрхийг олж авах эрхтэй болохоос тийнхүү эрх бүхий этгээдтэй харилцахгүйгээр дам байдлаар ийм арга, журмаар газар эзэмших эрх олж авах боломжгүй юм. ...” гэсэн дүгнэлт хийжээ. 

14. Хоёр шатны шүүх эрх бүхий этгээдээс газар эзэмших эрхийг иргэнд олгохдоо хуульд заасан зориулалтыг зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэгч газрыг эзэмших эрхгүй гэсэн адил агуулгатай дүгнэлт хийж, харин хариуцагчийг газар эзэмших эрх хууль ёсоор олж авсан гэж үзэх эсэх асуудлаар зөрүүтэй шийдэл гаргасан байна.

15. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Х.Б нь *** дугаар захирамжийн дагуу зохион байгуулсан газар эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаанд оролцож, ялалт байгуулан *** дүгээр захирамжаар *** хаягт байрлах шатахуун түгээх станцын зориулалттай 5000 м.кв газрыг эзэмших эрхтэй болж, 2017.08.18-ны өдөр газар эзэмших гэрээ байгуулсан, мөн Дорноговь аймгийн Газрын албанаас Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргын 2017.07.18-ны өдрийн А91/2 тоот шийдвэрийг үндэслэн нэгж талбарын *** дугаартай газрыг  шатахуун түгээх газар, агуулахын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэж, *** дугаартай гэрчилгээ олгосон, нэхэмжлэгч Х.Б нь Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст 2019.06.11-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ солиулах хүсэлт гаргаж, Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2019.06.23-ны өдөр Х.Б-д *** дугаартай гэрчилгээ олгосон, 2019.06.23-ны өдөр *** дугаартай газар эзэмших гэрээг байгуулж, гэрээнд газрыг эзэмших хугацааг 15 жил гэж тохиролцсон, уг газар дээр хариуцагч “С” ХХК нь шатахуун түгээх станц барьж, үйл ажиллагаа явуулж байгаа болох нь тус тус тогтоогдсон, зохигч энэ талаар маргаагүй, үйл баримтыг 2 шатны шүүх зөв тогтоосон.

16. Харин энэхүү 5000 м.кв талбай бүхий газрыг нэхэмжлэгч дуудлага худалдааны журмаар худалдан авч газрын эзэмшигч болсон боловч тэрээр уг үйлдлийг өөрийн нэрийн өмнөөс эсхүл хариуцагчийн төлөөлөгчийн хувиар хийсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

Нэхэмжлэгч шаардлагаа үндэслэхдээ “газрын эзэмших эрхийг олж авахдаа эрх бүхий байгууллагаас явуулсан, газрыг иргэнд эзэмшүүлэх тухай дуудлага худалдаанд оролцож, ялагч болсноор газрыг эрх бүхий этгээдийн шийдвэрээр эзэмшдэг” гэсэн бол хариуцагч нь “Х.Б тус компанийн шатахуун түгээх станцын эрхлэгчээр ажиллаж байхдаа дуудлага худалдаанд компанийн нэрийн өмнөөс оролцож, газрын эзэмших эрхийг өөрийн нэр дээр авсан, компани газрын төлбөр, татвар, дуудлага худалдааны үнэ зэргийг төлсөн тул бид эзэмшигч” гэсэн агуулгаар мэтгэлцжээ.

Хариуцагчийн тайлбарт дурдсанчлан, нэхэмжлэгч Х.Б нь “С” ХХК-ийн Дорноговь аймгийн салбарт 2012 оны 8 дугаар сараас 2022 оны 6 дугаар сар хүртэл Дорноговь салбарын даргаар ажиллаж байсан, дуудлага худалдааны үнэ 30,000,000 төгрөгийг 2017.07.17-ны өдөр хариуцагч төлснийг нэхэмжлэгч үгүйсгээгүй, гагцхүү уг 30,000,000 төгрөг зээл байсан гэж маргасан.

17. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна.” 29.2-т “Энэ хуулийн 29.1-д зааснаас гадна гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар иргэнд 0,1 га-гаас илүүгүй газар үнэ төлбөргүй эзэмшүүлж болно.” гэж иргэнд  үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын зориулалт, хэмжээг заасан.

Харин Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т зааснаар дээрх хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд нэг удаа 5 га хүртэлх газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэх журмыг тогтоосон байна.

Гэвч Дорноговь аймгийн Хатанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017.04.26-ны өдрийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 22/01 дүгээр тогтоолоор Иргэн, аж ахуйн нэгжид үйлдвэр үйлчилгээ, ажилчдын ажил амралтын бааз байгуулах зориулалтаар эзэмшүүлэх 40.5 га газрын хэмжээ байршлыг 1 дүгээр хавсралтаар баталж, хавсралтын 16-д заасан шатахуун түгээх станцын зориулалтаар эзэмшүүлэх 0,5 га газар багтсан нь зохигчийн маргаж буй газар болох нь тогтоогдсон.

18. Анхан болон давж заалдах шатны шүүх “...нэхэмжлэгч Х.Б-д хуульд заасан зориулалтаас өөр “шатахуун түгээх станц”-ын зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээг анхнаасаа олгосон нь Газрын тухай хуультай нийцээгүй буюу ... бүх төрлийн шатахууныг импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэхэд аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олгохоос иргэнд олгодоггүй ...” үндэслэлээр нэхэмжлэгчийг дуудлага худалдаанд оролцож шатахуун түгээх станцын зориулалтаар газар эзэмших эрх олж авсан хууль ёсны эзэмшил үүсээгүй гэж дүгнэхдээ Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д зааснаар хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ.

Дээрх Дорноговь аймгийн Хатанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017.04.26-ны өдрийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 22/01 дүгээр тогтоолд зааснаар газрыг шатахуун түгээх станцын зориулалтаар эзэмшүүлэхдээ эрх бүхий этгээд нь иргэн, аж ахуйн нэгж гэж ялгаж зааглаагүй, дуудлага худалдааг явуулсан, улмаар нэхэмжлэгч Х.Б дуудлага худалдаанд оролцож ялагч болсноор Хатанбулаг сумын Засаг дарга түүнтэй газар эзэмших гэрээг байгуулж, гэрчилгээ олгосон байна.

Түүнчлэн хариуцагчаас нэхэмжлэгч Х.Б-д газар эзэмших эрх олгосон эрх бүхий байгууллагын дээрх шийдвэрт хуульд заасан үндэслэл журмын дагуу зохих эрх бүхий этгээдэд хандаж маргаан үүсгэсэн гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байхад хоёр шатны шүүх эрх бүхий байгууллагын газар эзэмших эрх олгосон үйл баримтын талаар дүгнэсэн нь нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журамд нийцээгүй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Х.Б нь хүчин төгөлдөр бүхий *** дүгээр захирамж, Иргэний газар эзэмших эрхийн *** дугаар гэрчилгээний үндсэн дээр  *** хаягт байрлах шатахуун түгээх станцын зориулалттай 5000 м.кв газрыг эзэмшиж байгаа нь тогтоогдсон буюу маргаан бүхий газрын эзэмших эрхийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр олж авсан, эзэмших эрхтэй тул түүний эзэмшлийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй.

Энэ үндэслэлээр нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэнэ.

19. Хариуцагчийн сөрөг шаардлагын хувьд “С” ХХК нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.10.17-д заасан шатахууны жижиглэн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хэдий ч маргаан бүхий газрын хувьд эзэмших эрхтэй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Тодруулбал, тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд атлаа өөрийн нэрээр, хуульд заасан журмын дагуу төлөөлөх эрх бүхий этгээдээр төлөөлүүлж дуудлага худалдаанд оролцсон гэх үндэслэл тогтоогдоогүй, ажилтныг түүний нэрээр дуудлага худалдаанд оруулж, нэр дээр нь газар эзэмших эрхийг авч улмаар хуулийн этгээдийн хувьд газар эзэмших эрхийг хэрэгжүүлсэн гэх тайлбарыг үндэслэн хариуцагчийн газар эзэмших эрхийг хууль ёсоор олж авсан гэж үзэх нь хуульд нийцэхгүй юм.  

Хэдийгээр газрын дуудлага худалдааны үнийг болон газрын төлбөрийг хариуцагч “С” ХХК төлсөн тухай үйл баримт үгүйсгэгдээгүй, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.10.17-д бүх төрлийн шатахуун импортлох бөөний болон жижиглэнгийн худалдааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэхээр заасан, Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.3-т зааснаар иргэнд газрыг гэр орон, хувийн сууцны зориулалтаар, хүнсний ногоо жимс жимсгэнэ таримал ургамал тарих зориулалтаар, үр тарианы болон хүнсний ногооны зориулалтаар эзэмшүүлэхээр тус тус зохицуулсан боловч энэ нь хариуцагч “С” ХХК-ийг маргаан бүхий газрыг хууль ёсоор эзэмших эрхтэй гэж үзэх үндэслэл болохгүй.

20. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгч Х.Б нь газрыг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй буюу ийнхүү шаардсанаар хариуцагч “С” ХХК-ийн эзэмшлийг хууль бус гэж үзэх тул үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатын шүүхийн магадлалд өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 210/МА2025/01915 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 191/ШШ2025/06703 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг

“Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д заасныг баримтлан ***, 3 хаягт байршилтай, нэгж талбарын *** дугаартай, 5000 м.кв талбай бүхий газрыг чөлөөлөхийг хариуцагч “С” ХХК-д даалгаж, газрын эзэмших эрхийг “С” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн өгөхийг даалгуулах тухай хариуцагч “С” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Х.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагч “С” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “С” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х.Б-д олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч Х.Б-ын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025.12.16-ны өдөр төлсөн нийт 140,400 төгрөг, хариуцагч “С” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025.12.22-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.УНДРАХ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                                      Н.БАТЗОРИГ

                                                                                            Н.БАТЧИМЭГ

                                                                                           Х.ЭРДЭНЭСУВД