Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2019/0684

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ч.М

Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б/368 дугаар бүхий “Ажлаас чөлөөлж томилох, цол олгох, хураах тухай” тушаалын Ч.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргын ажилд эгүүлэн тогтоож, албан тушаал бууруулсан хугацаанд Ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргын албан тушаалд олгогдвол зохих цалингийн зөрүүг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэст Хонхор дахь цагдаагийн хэсгийн даргаар “Цагдаагийн дэд хурандаа” цолтой ажилласанаар тооцон гаргуулах, төрд учруулсан хохирлыг буруутай этгээдээр төлүүлэх,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Х.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Түвшинзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Ч.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "...Миний бие Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны Б/368 тоот тушаалаар үндэслэлгүй албан тушаал буурууллаа гэж гомдол гаргасан нь Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдах харилцаа юм. Иймд Төрийн албаны тухай хууль болон Төрийн жинхэнэ албан хаагчын эрх зөрчигдсөн маргааныг хянан шийдвэрлэх журмын хүрээнд энэ асуудал хянан шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн (хуучин хууль) 23, 26, 39 дүгээр зүйл болон Улсын их хурлын 2003 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор батлагдсан "Төрийн жинхэнэ албан хаагчын эрх зөрчигдсөн маргааныг хянан  шийдвэрлэх" журмын дагуу Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 1.6-д заасан шаардлагыг зөрчиж надад захиргааны санаачлагаар сахилгын шийтгэл үндэслэлгүй оногдуулж, шийтгэлтэй давхардуулан хууль бус тушаал шийдвэр гарган албан тушаал бууруулж, эрх ашгийг минь хохироосон гэж үзэн гомдол гаргасан юм. Энэ талаар Монгол улсын Дотоодын цэргийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1, Цагдаагийн албаны тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 2.4, 83.1 дүгээр зүйлд тодорхой заасан байгаа юм.

            Гаргасан нэхэмжлэлийн гол шаардлага бол Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 ону 05 дугаар сарын 30-ны өдрийн №368 тоот тушаалыг хүчингүй болгуулах, түүнчлэн би энэ тушаал гарсныг 3 хоногийн дараа мэдэж, 14 хоногийн дотор Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргасан эцсийн шатанд нь шүүхэд хандсан болно. Нэг үгээр хэлбэл төрийн байгууллага албан тушаалтанд шат шатанд нь хуулийн хугацаанд өргөдөл гомдол гаргаж яваа болно. Оросын холбооны улсад сургууль төгсч ирээд ажилгүй байсан хугацааны хохиролтой холбогдуулан урьд нь шаардлага тавьж байгаагүй нь үнэн гэвч өнөөдрийг хүртэл эрх ашиг минь хохирч байгаа тул шүүхэд хандахдаа хохирсон бүх асуудлаа гаргаж тавьсан юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52.5, 53.3-р зүйлд заасан бүрдүүлбэр дутуу байна гэж нэхэмжлэлийг буцаасны дагуу бүрдүүлбэрийг хангаж хүргүүлж байна.

Миний тавьсан нэхэмжлэлийн гол шаардлага бол:

1. Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалыг Б/368 тоот тушаал хууль бус, үндэслэлгүй албан тушаал бууруулсан гэдгийг Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6 дахь хэсгийг үндэслэн, Захиргааны  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.8-д зааснаар "Захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох" заалт, зүйлийг баримтлан тухайн тушаалыг хүчингүй болгуулах

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.4-т зааснаар "Захиргааны актыг гаргахгүй байгаа шийдвэр, эсвэл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг даалгаж" Оросын холбооны улсад сургууль төгсч ирэхэд ажилгүй байсан хугацааны цалинг (сургуульд явахын өмнө хашиж байсан Цагдаагийн ерөнхий газрын дадлага, сургалтын төвийн даргын цалингийн жишгээр тооцуулан) олгуулах

3. Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн Хууль хэрэгжүүлж ажиллах тухай хүргүүлсэн мэдэгдлийг хэрэгжүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.4-т зааснаар "Захиргааны актыг гаргахгүй байгаа шийдвэр, эсвэл гаргахгүй байгаа эс үйлдэхгүй нь хууль бус бөгөөд түүний улмаас эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг даалгаж" Дотоодын Цэргийн 805 дугаар ангийн штабын даргын авч байсан цалин /ТТ-14/ өнөөдрийн Баянзүрх дүүрэг дэх  цагдаагийн 3 дугаар хэлтсийн Хонхор дахь цагдаагийн хэсгийн даргын цалингийн /ТТ-11/ зөрүүг нөхөн олгуулах. Эдгээр шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.12 зааснаар Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах тухай заалтыг баримтлан шийдвэрлэхийг хүсч байна.

Миний тухайн үед авч байсан цалин хөлс, ажлын үнэлэлт, дүгнэлт, үйл ажиллагаа мэргэжлийн төвшингийн үнэлгээ зэрэг шаардлагатай нотлох баримтуудыг Захиргааны хэргийн шүүх өөрөө Цагдаагийн ерөнхий газраас шаардан авах эрхтэй бөгөөд би өмнөх тайлбартаа ямар ямар баримт шаардаж гаргуулах хүсэлтэй байгаагаа танай шүүхэд хандсан тодруулгадаа дурдсан билээ.

Миний зүгээс шаардлагатай нотлох баримтыг бүгдийг нь шүүхэд гаргаж өгсөн болно." гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: " Нэхэмжлэгч Ч.М-ын Цагдаагийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч нь ажлын байр өөрчлөн томилсонтой холбогдуулан төрийн албаны зөвлөлийн Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлд гомдол гаргаж, мөн зөвлөлийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 06 дугаар тогтоолоор Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны Б/368 дугаар тушаалын Ч.М-д холбогдох хэсэг нь хууль зүйн үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, тушаалын "Үндэслэх" хэсэгт Дотоодын цэргийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, Цэргийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2 дох заалтыг тус тус нэмэхийг Цагдаагийн ерөнхий газрын даргад үүрэг болгож шийдвэрлэсний дагуу Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/200 дугаар тушаалаар, мөн даргын 2018 оны Б/368 дугаар тушаалын "Үндэслэх" хэсэгт Дотоодын цэргийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэг, Цэргийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2 дахь заалтыг тус тус нэмж, холбогдох шийдвэрийг Ч.М-д 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр өөрт нь гардуулан өгсөн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1-т "хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана", 54 дүгээр зүйлийн 54.1-т "шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана" гээд 54.1.8"энэ хуулийн  14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн" гэж тус тус заажээ.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь хуулиар тогтоосон хугацаа өнгөрсөн байхад гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй нь үндэслэлгүй гэж үзэхээр байна.

1. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Б/368 дугаар тушаалаар Ч.М-ыг Дотоодын цэргийн 805 дугаар ангийн штабын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсийн Хонхор дахь Цагдаагийн хэсгийн даргын үүрэгт ажилд томилсон

"Дотоодын цэрэгт 2018 онд зохион байгуулах төлөвлөгөөт хяналт шалгалтын хуваарь"-ийн дагуу мөн штабын орлогч даргаар ахлуулсан ажлын хэсэг 2018 оны 04 дүгээр сарын 18-наас 26-ны өдрүүдэд Дотоодын цэргийн 805 дугаар ангийн албаны үйл ажиллагаанд төлөвлөгөөт шалгалтыг явуулсан.

Шалгалтаар мөн ангийн штабын дарга, дэд хурандаа Ч.М ангийн захирагчаас 2018 онд бичгээр хүргүүлсэн удаа дараагийн үүргийг биелүүлэх талаар тодорхой ажил, арга хэмжээ зохион байгуулаагүй, шинээр томилогдсон алба хаагчдыг сурган дадлагажуулах төлөвлөгөө гаргасан боловч төлөвлөгөөний дагуу ажил, арга хэмжээ зохион байгуулаагүй, 7 хоног, сар,  жилийн ажлын төлөвлөгөөгүй, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны 379 дүгээр зарлигаар батлагдсан "Цэргийн дотоод албаны дүрэм"-ийн 67 дугаар зүйлд заасан "Ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргын үүрэг"-ийг хэрэгжүүлж ажлаагүйгээс тус ангийн алба хаагчдын дунд сахилга дэг журам алдагдах эрсдэл үүсч, алба хаагчдын дундаас албан үүрэг гүйцэтгэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэх, сахилга ёс зүйн зөрчил гаргах, эрүүгийн хэрэгт холбогдох зэрэг зөрчлүүд гарчээ.

Мөн шалгалтын хүрээнд тэрээр ажлын цаг ашиглалтын талаар 2018 оны 03 дугаар сараас хойш өглөө, оройны нэгдсэн арга хэмжээг 13 удаа тасалсан, ажлын 2 хоног тасалсан зэрэг зөрчил гаргасан нь тогтоогдож, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргын ажлын байр/албан тушаал/-ны тодорхойлолтын ажлын байранд тавигдах шаардлага, зорилго, зорилтыг хангахгүй байгаа нь Дотоодын цэргийн 805 дугаар ангийн албаны үйл ажиллагаанд хяналт-шалгалт хийсэн ажлын хэсгийн дүн, холбогдох бусад баримтаар тогтоогдсон байна.

Түүнчлэн ажлын хэсгээс нэхэмжлэгч нь Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр баталсан "Дотоодын цэргийн 805 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргын ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолт"-ын ажлын байранд тавигдах шаардлагын "Цэргийн команд" гэсэн мэргэжлийн ерөнхий шаардлагыг, мөн Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2017 оны А/505 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Цэргийн биеийн тамирын бэлтгэлийн стандарт"-ын шалгуур үзүүлэлт болох биеийн жингийн индексийг тус тус хангахгүй байгаа талаар дүгнэж, Ч.М-ын ажлын байрыг өөрчлөх саналыг Дотоодын цэргийн штабын даргад хүргүүлсэн.

Дотоодын цэргийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т "Дотоодын цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлыг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд цэргийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, Цэргийн нийтлэг дүрмээр зохицуулна" гэж, Цэргийн албаны тухай хуулийн 23.1-т "Цэргийн алба хаагчийн албан тушаалыг захиргааны санаачилгаар доор дурдсан үндэслэлээр бууруулан томилж болно." гээд " 23.1.2.албан тушаалын үүрэгтээ тэнцэхгүй тухай харьяа анги, байгууллагын захирагч, даргын дүгнэлт гарсан." гэж тус тус заасан.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.3.14 дүгээр зүйлд зааснаар Ч.М-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

                                                      ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч Ч.М-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч Ч.М тус шүүхэд хандаж “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б/368 дугаар бүхий “Ажлаас чөлөөлж томилох, цол олгох, хураах тухай” тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаал болох Дотоодын цэргийн 805 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүүг гаргуулах” шаардлага, шүүх хуралдааны явцад “хохирлыг буруутай этгээдээр төлүүлэх” шаардлага нэмж гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

Маргаан бүхий захиргааны акт болох Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б/368 дугаар бүхий “Ажлаас чөлөөлж томилох, цол олгох, хураах тухай” тушаалын 1 дүгээр заалтаар Ч.М-ыг Дотоодын цэргийн 805 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргын ажлаас 5 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж 5 дугаар сарын 31-ний өдрөөс Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэст Хонхор дахь цагдаагийн хэсгийн даргаар томилж “цагдаагийн дэд хурандаа” цол олгож шийдвэрлэсэн, уг тушаалыг гаргахдаа Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.12,  78 дугаар зүйлийн 78.1, 78.2, Дотоодын цэргийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.10, 37 дугаар зүйлийн 37.2, Цэргийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.1...дэх заалтыг тус тус үндэслэжээ.

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.М-ыг ажлаас чөлөөлсөн үндэслэлийг “ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргын ажлын байранд тавигдах шаардлага болох “цэргийн команд” гэсэн мэргэжлийн ерөнхий шаардлагыг хангаагүй, 2018 онд зохион байгуулах албаны сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаагүй, цэргийн биеийн тамирын бэлтгэлийн стандартын шалгуур үзүүлэлтийн биеийн жин, бүсэлхий болон ташаан тойргийн индекс хангаагүй, өглөө оройны нэгдсэн арга хэмжээг нийт 13 удаа тасалж, 7 хоног өвчний учир чөлөөтэй,  бусад шалтгаанаар 16 удаагийн түр цагийн чөлөө авсан, бүтэн 1 ажлын өдрөөр нийт 8 удаа чөлөө авч ажлын 2 хоног ажил тасалсан...тул ажлаас чөлөөлж өөр ажилд томилсон” гэж тайлбарлав.

Хэрэгт цугларсан нотлох баримт болох 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн, Дотоодын цэргийн 805 дугаар ангид хийсэн төлөвлөгөөт хяналт шалгалтын ажлын үр дүнгийн тухай Дотоодын цэргийн штабын дарга хурандаа С.Г-д хүргүүлсэн, “Дотоодын цэрэгт 2018 онд зохион байгуулах төлөвлөгөөт хяналт-шалгалтын хуваарь”-ийг үндэслэн тус ангид хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн танилцуулгын “Дөрөв.Санал” хэсгийн 4.4-т “...ангийн захирагчийн 2018 оны А/07 дугаар тушаалаар баталсан “Анги салбарын алба хаагчдад 2018 онд зохион байгуулах албаны сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаагүй, мөн ЦЕГ-ын дарга, дотоодын цэргийн командлагчийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр баталсан “Дотоодын цэргийн 805 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргын ажлын байр/албан тушаалын тодорхойлолт”-ын ажлын байранд тавигдах шаардлагын “цэргийн команд” гэсэн мэргэжлийн ерөнхий шаардлагыг, мөн ЗХЖШ-ын даргын 2017 оны А/505 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Цэргийн биеийн тамирын бэлтгэлийн стандарт”-ын шалгуур үзүүлэлт болох биеийн жин, бүсэлхий болон ташаан тойргийн индекс /жин-108, өндөр-173, зөрүү 65 буюу илүүдэл жинтэй байна/-ийг тус тус хангахгүй байгаа ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, дэд хурандаа Ч.М-ын ажлын байрыг өөрчлөх” санал оруулжээ.

Түүнчлэн Дотоодын цэргийн 805 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Т-с Дотоодын цэргийн штабын дарга хурандаа С.Г-д 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүргүүлсэн 4/666 дугаар бүхий “Санал хүргүүлэх тухай” албан бичгээр “Ч.М нь...өглөө оройны нэгдсэн арга хэмжээг нийт 13 удаа тасалж, 7 хоног өвчний учир чөлөөтэй,  бусад шалтгаанаар 16 удаагийн түр цагийн чөлөө авсан, бүтэн 1 ажлын өдрөөр нийт 8 удаа чөлөө авч ажлын 2 хоног ажил тасалсан, цэргийн дотоод албаны дүрмийн 67 зүйл / ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргын үүрэг /дотоод алба, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, сахилга дэг журмыг бэхжүүлэх ажлыг зохион байгуулж сар бүр дүнг гаргах/ заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй нь...нийт алба хаагчдын дундаас алба үүрэг гүйцэтгэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэх, сахилга ёс зүйн зөрчил, гэмт хэрэгт холбогдон шалгагдах зэрэг ноцтой зөрчил дутагдал гарч...эрсдлүүд үүсч байна...эрх зүйч, механик мэргэжилтэй байгаа нь тавигдах шаардлагыг хангахгүй байна, цэргийн биеийн тамирын бэлтгэлийн стандартыг хангахгүй байгааг өөрт нь сануулж мэдэгдэх хуудас хүргүүлсэн...Ч.М-ын ажлын байр/албан тушаалыг өөрчлөн цэргийн мэргэжлийн алба хаагч тавиулах санал...хүргүүлсэн” үйл баримт тогтоогдов.

Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.12-т “цагдаагийн дээд цолноос бусад цолыг олгох, сэргээх, бууруулах, хураан авах”,   78 дугаар зүйлийн 78.1-т “Цагдаагийн алба хаагчийг ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх болон албан ажлын шаардлага, алба хаагчийн хүсэлт, ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон, тухайн албан тушаалыг урьд өмнө эрхэлж байсан алба хаагчийг эгүүлэн тогтоох тухай эрх бүхий албан тушаалтны шийдвэр гарсан, эсхүл эрүүл мэндийн байдлыг үндэслэн нэг нэгжээс нөгөө нэгжид ажиллуулахаар шилжүүлэн томилж болно”, 78.2-т “Цагдаагийн алба хаагчийг шилжүүлэн томилох шийдвэрийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүлээн зөвшөөрөөгүй, томилогдсон албан тушаалд очоогүй нь алба хаагчид сахилгын шийтгэл оногдуулах, ажлаас чөлөөлөх үндэслэл болно”, Дотоодын цэргийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Дотоодын цэргийн командлагч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ 8.1.10-т “цэргийн жинхэнэ алба хаагчийг офицерын албанд томилох, чөлөөлөх, халах, 37 дугаар зүйлийн 37.2-т “Цэргийн цолыг хэрэглэх, олгох, бууруулах, хураан авах, сэргээх харилцааг Цэргийн албаны тухай хуулийн 6 дугаар бүлэгт заасан журмын дагуу зохицуулна”, Цэргийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.1-д “хурандаа” цолноос бусад офицерын цолыг” гэж тус тус заажээ.

Түүнчлэн Дотоодын цэргийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Дотоодын цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлыг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд Цэргийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, цэргийн нийтлэг дүрмээр зохицуулна” гэж, Цэргийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д Цэргийн алба хаагчийн албан тушаалыг захиргааны санаачилгаар доор дурдсан үндэслэлээр бууруулан томилж болно, 23.1.1.цэргийн нийтлэг дүрэмд заасны дагуу албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан, 23.1.2.албан тушаалын үүрэгтээ тэнцэхгүй тухай харьяа анги, байгууллагын захирагч, даргын дүгнэлт гарсан” гэж тус тус зохицуулсан байна.

Хэрэгт цугларсан нотлох баримт болох 2018 оны 3, 4, 5 дугаар сарын нөхцөл байдлын рапортаас үзвэл тухайн өдөр тутмын мэдээг шуурхай удирдлагын жижүүр нэгтгэж ирүүлснийг Ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга Ч.М******* хянаж Ангийн захирагч Ж.Т-д танилцуулах үүрэгтэй байсан боловч Ч.М “танилцсан” хэсэгт гарын үсэг зураагүй байх ба Ангийн захирагч хурандаа Ж.Т-с  Дотоодын цэргийн штабын дарга С.Г-д хүргүүлсэн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 4/627 дугаар албан бичигт “Ч.М нь 2018 оны 5 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд ангийн хариуцлагатай эргүүлээр томилогдсон боловч...анги байгууллагын алба-үйл ажиллагаа, харуул, хоногийн манааг удирдан үүрэг чиглэл өгч ажиллаагүйн улмаас тус ангиас...удаа дараа зөрчил заагдсан...тул сахилгын шийтгэл ногдуулах” санал хүргүүлсэн, уг  саналыг үндэслэн Дотоодын цэргийн штабын даргын 2018 оны 5 дугаар сарын 25-ны Б/100 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2 дахь заалтыг үндэслэн “албан тушаалын үндсэн цалинг 1 сар 10 хувиар бууруулах” сахилгын шийтгэл ногдуулсан, энэ тушаалд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна. 

             Цагдаагийн ерөнхий газрын дарга 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б/368 дугаар бүхий “Ажлаас чөлөөлж томилох, цол олгох, хураах тухай” тушаалыг гаргахдаа Ч.М-ыг Цэргийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2-т заасан “албан тушаалын үүрэгтээ тэнцэхгүй тухай харьяа анги, байгууллагын захирагч, даргын дүгнэлт гарсан” тул албан тушаалыг нь бууруулан томилсон гэж тайлбарласан боловч дээр дурдсан үндэслэлээ маргаан бүхий захиргааны актад тусгаагүйгээс уг захиргааны шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцээгүй гэж шүүх дүгнэв.

            Тухайлбал шалгалтын ажлын хэсгийн дүгнэлтэд  Анги салбарын алба хаагчдад 2018 онд зохион байгуулах албаны сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаагүй, ажлын байранд тавигдах шаардлагын “цэргийн команд” гэсэн мэргэжлийн ерөнхий шаардлагыг хангаагүй, Цэргийн биеийн тамирын бэлтгэлийн стандартын шалгуур үзүүлэлтийг биеийн жин, бүсэлхий болон ташаан тойргийн индекс хангахгүй гэсэн 3 үндэслэлийг дурдсан, харин Дотоодын цэргийн 805 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Т нь Дотоодын цэргийн штабын дарга хурандаа С.Г-д 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүргүүлсэн 4/666 дугаар албан бичгээр “ажлын 2 хоног ажил тасалсан...ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн албан үүргээ хэрэгжүүлж ажиллаагүйгээс нийт алба хаагчдын дундаас... ноцтой зөрчил дутагдал гарч...байна..” гэсэн үндэслэлийг нэмж дурдсан байхад Ч.М-ын гаргасан гэх нэмж дурдсан зөрчлийн тухайд шалган тогтоох ажиллагааг явуулаагүй нь хууль бус.

            Түүнчлэн Дотоодын цэргийн 805 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргын ажлын байрны тодорхойлолтын “тавигдах шаардлага” хэсэгт мэргэжлийн хувьд “эрх зүйч, цэргийн команд” гэж заасан ба  Ч.М нь эрх зүйч мэргэжилтэй, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүйн дээр анхнаасаа хариуцагч захиргааны байгууллага уг албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан гэж үзэж албан үүргийг гүйцэтгүүлж байсан тул “цэргийн команд” мэргэжилтэй байх шаардлагыг хангаагүй гэх хариуцагчийн тайлбарыг хүлээж авах хууль зүйн боломжгүй.

             Нэхэмжлэгч Ч.М-д Ангийн захирагч, хурандаа Ж.Т 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд цэргийн алба хаагчийн  биеийн зохистой харьцааны зөвшөөрөгдөх хэмжээнд хүрсэн байхыг мэдэгдэж, улмаар заагдсан хугацаанд Цэргийн биеийн тамирын бэлтгэлийн стандартад заасан биеийн жингийн индексийг хангаагүй тохиолдолд хариуцлага тооцох мэдэгдэл хүргүүлж байсан хэдий ч уг мэдэгдэлд заасан 3 сарын хугацаа дуусаагүй байхад /мэдэгдэл хүргүүлснээс хойш 1 сарын дараа/ Цэргийн биеийн тамирын бэлтгэлийн стандарт хангаагүй гэж үзэж түүний албан тушаалыг бууруулахаар шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж шүүх үзэв.

Түүнчлэн нэхэмжлэгчийг 2 хоног ажил тасалсан гэж буруутгаж байх боловч Дотоодын цэргийн 805 дугаар ангийн штабын алба хаагчдын 2018 оны 01-05 дугаар сарын ажлын цагийн тооцоо гэх санхүүгийн албан ёсны баримтуудаар нэхэмжлэгч Ч.М нь ажил тасалсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байхын дээр дурдсан хугацааны цалинг бүтнээр олгосноос үзэхэд дээрхи зөрчил хангалттай тогтоогдохгүй байна.

Дотоодын цэргийн 805 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргын ажил, албан тушаал нь төрийн тусгай алба болохын хувьд төрийн албаны харилцаанд хамаарах бөгөөд тухайлбал Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д албан тушаалын зорилго зорилтоо хангалтгүй биелүүлсэн,  23.1.2-т үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаалыг эрхлэх шаардлага хангахгүй болсон гэсэн үндэслэлүүдээр төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачлагаар албан тушаал бууруулахаар заасан.

Гэтэл хариуцагч нь захиргааны акт гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг баримтлаагүйн дээр нэхэмжлэгчийг “албан тушаалын үүрэгтээ тэнцэхгүй тухай харьяа анги, байгууллагын захирагч, даргын дүгнэлт гарсан” гэх хангалттай үндэслэл тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл Дотоодын цэргийн 805 дугаар ангийн захирагчийн дүгнэлт гараагүй, зөвхөн санал хүргүүлсэн байхад Ангийн захирагч Ж.Т-ын саналыг үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хурандаа С.Б тушаал гаргаж Ч.М-ыг ажлаас чөлөөлж, улмаар Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэст Хонхор дахь цагдаагийн хэсгийн даргаар томилж “Цагдаагийн дэд хурандаа” цол олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж шүүх дүгнэв.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б/368 дугаар бүхий “Ажлаас чөлөөлж томилох, цол олгох, хураах тухай” тушаалын Ч.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнийг Дотоодын цэргийн 805 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргын ажилд эгүүлэн тогтоож, албан тушаал бууруулсан хугацаанд Ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргын албан тушаалд олгогдвол зохих цалингийн зөрүүг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэст Хонхор дахь цагдаагийн хэсгийн даргаар “Цагдаагийн дэд хурандаа” цолтой ажилласнаар тооцон гаргуулж, “төрд учруулсан хохирлыг буруутай этгээдээр төлүүлэх” шаардлагыг “тухайн шүүхийн харьяаллын бус” гэх үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.13 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Цэргийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.М-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б/368 дугаар бүхий “Ажлаас чөлөөлж томилох, цол олгох, хураах тухай” тушаалын Ч.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнийг Дотоодын цэргийн 805 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргын ажилд эгүүлэн тогтоож, албан тушаал бууруулсан хугацаанд Ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргын албан тушаалд олгогдвол зохих цалингийн зөрүүг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэст Хонхор дахь цагдаагийн хэсгийн даргаар “Цагдаагийн дэд хурандаа” цолтой ажилласанаар тооцон гаргуулсугай.

2. Захиргааны хэрэг шүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Маас гаргасан, төрд учруулсан хохирлыг буруутай этгээдээр төлүүлэх” шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид  буцаан олгосугай.

4. Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  108  дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.ДУЛАМСҮРЭН