Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 181/ШШ2022/00134

 

 

 

 

 

 

 

 

 

   2022        02          08                                      181/ШШ2022/00134

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 10 дугаар байрны 8 тоот хаягт оршин суух, Боржигин овогт Оюун-Эрдэнийн Нандинцэцэг /РД:РЙ88070301/-ийн нэхэмжлэлтэй,     

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо, 10 дугаар байрны 8 тоот хаягт оршин суух, Билгүүд овогт Эрдэнэдэлэгийн Батбилэг /РД:ХО82022712/-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч О.Н,

Хариуцагч Э.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч О.Н нь Э.Бээс гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэжээн тэтгүүлэх нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 

“О.Н миний бие 2007 онд Э.Бтэй танилцаж улмаар 2009 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гэрлэлтийн 74 дугаарт бүртгүүлж гэр бүл болсон. Бид хамтын амьдралтай байх хугацаанд 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр охин Б.Индра төрсөн. Бид зан харилцааны тааламжгүй байдлын улмаас хоорондоо таарч тохирдоггүй, цаашид гэр бүл болж хамт амьдрах боломжгүйгээс 2014 оноос хойш салж тусдаа амьдарсан. Тэр үеэс охин Б.Индра нь О.Н миний асрамжинд өсч ториносон. Цаашид Э.Бтэй гэр бүл болж хамт амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, охин Б.Индраг миний асрамжинд үлдээж, эцгээр нь тэжээн тэтгүүлж өгнө үү” гэв.

2. Хариуцагч Э.Б хариу тайлбартаа: “Миний бие О.Нтэй 2009 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гэрлэлтээ батлуулж, гэр бүл болсон. Бидний дундаас 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр охин Б.Индра төрсөн. Эхнэр охиноо өөр дээрээ авч өөр дээрээ өсгөн хүмүүжүүлж байна. Одоо бид тус тусдаа амьдарч би охиндоо эцэг хүний журмаар тодорхой дэмжлэг туслалцаа үзүүлж, хэрэглээний гутал хувцас, хичээлийн хэрэгсэлийн мөнгийг ээж рүү нь шилжүүлж дээр нь 7 хоног бүр уулзаж, зуны амралтаар нь 6 дугаар сараас 8 дугаар сарын сүүлч хүртэл Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сум руу эмээ нь жил болгон авч явж агаар салхинд амраадаг. Би эцэг хүний үүргээ хангалттай биелүүлдэг. Гэрлэлт цуцлуулах санаачлага эхнэрээс гарсан миний хувьд эхлээд эхнэр хүүхдээ эргүүлээд авчирч хамт амьдрах гэж гэрлэлт цуцлуулахыг эсэргүүцдэг байсан боловч одоо тус тусдаа амьдраад нилээдгүй хугацааг өнгөрүүлсэн тул гэрлэлт цуцлахыг хүлээн зөвшөөрч байна. Хамгийн гол нь төрсөн ганц охин минь хойд эцэгтэй хамт амьдарч, элдэв янзын хүндрэл учрах вий гэж эцэг хүний хувьд санаа зовниж явдаг. Би цаашид охиныхоо сурч боловсрох, амьдралын бүх зүйлд халамж анхаарлаа хандуулж амьдарна” гэв.

3. Нэхэмжлэгчээс 2021.09.09-ний өдрийн 130 тоот Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын ам бүлийн байдлын тодорхойлолт, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчийн 2021.10.20-ны өдрийн 159 тоот Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн болон тус сумын Эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолтууд, Хүүхдийн төрсний 1119001100 дугаарт бүртгэсэн гэрчилгээ, О.Нийн иргэний үнэмлэх, гэрчлэгчдийн №0117009-74 тоот гэрчилгээний хуулбарууд тус тус нотариатаар баталгаажигдсан баримтуудыг,

Хариуцагчаас Төрийн мэдээллийн сангаас 2021.10.22-ний өдөр авсан иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэргийг хянан хэлэлцэхэд дараах нөхцөл байдал тогтоогдсон учир нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч О.Н дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Бидний зан харилцаа, үзэл бодол нийлдэггүйгээс хоорондоо байнга зөрчилдөж, маргаан үүсдэгээс хамт амьдрах боломжгүй болж 2014 оноос хойш салж тусдаа амьдарсан. Тэр үеэс охин Б.Индра нь О.Н миний асрамжинд өсч ториносон. Цаашид Э.Бтэй гэр бүл болж хамт амьдрах боломжгүй тул хариуцагч Э.Бээс гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн. Үүнд: Эхнэр О.Нтэй гэр бүл болж хамтран амьдарч эхэлсэн үеэс зан харилцааны таарамжгүй байдал үүсч, хоорондоо маргалддаг байсан. Гэвч төрүүлсэн охиноо өнчрүүлэхгүйн тул эхнэртэй тохирч амьдран гэр бүлээ цуцлуулахгүй байхыг хичээсэн боловч О.Нтэй тохироогүй, 2014 оноос хойш тус тусдаа амьдарсан. Хуульд заасан эцэг хүний үүргээ охиныхоо өмнө хэрэгжүүлж, түүнийг өсгөн хүмүүжүүлэхэд оролцож, хэрэгцээ шаардлагатай хувцас, хичээлийн хэрэгсэлийг нь авах мөнгийг О.Нт өгдөг, зуны амралтаар орон нутагт, эмээ дээр нь авч амраадаг, цаашид ч эцгийн үүргээ биелүүлнэ, гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч, охиныг эхийнх нь асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй гэж тодорхойлсон.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн гэрлэгчийн гэрлэлтийн болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, 2021.09.09-ний өдрийн 130 тоот Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын ам бүлийн байдлын тодорхойлолт, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчийн 2021.10.20-ны өдрийн 159 тоот Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн болон тус сумын Эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолтууд зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5. О.Н, Э.Б нар нь 2008 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болсныг иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгогдсон хууль ёсны гэр бүл байх бөгөөд 2014 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр охин Б.Индраг төрүүлж, эцэг, эхийн үүргийг гүйцэтгэн, гэр бүлээрээ 2015 он хүртэл амьдарсан байна.

6. Гэрлэгчид нь гэр бүлийн амьдралтай байх хугацаандаа хоорондын таарамжгүй харилцаа, үл ойлголцох байдал, таарч тохирохгүй шалтгаанаар хамт амьдрах боломжгүй болж, 2015 оноос хойш охин Б.Индраг нэхэмжлэгч О.Н асрамжидаа авч, тус тусдаа өнөөг хүртэлх хугацаанд амьдарцгаажээ.

7. Тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлал гэрлэлт цуцлах тухай уг өргөдлийг хүлээн авч эвлэрүүлэх ажиллагаа явуулсан боловч амжилтгүй болж Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлд зааснаар 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 159 тоот Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон нь гэрлэгчид цаашид эвлэрэн хамтарч амьдран, гэр бүлээ хэвийн үргэлжүүлэх боломжгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

8. Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т заасан гэрлэгчид бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, бие биеэ халамжлах, хүндэтгэх, туслах, эхнэр нөхрийн дотно харьцаатай байх, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй байх үүргийг О.Н, Э.Б нарын хэн аль нь гүйцэтгээгүйгээс тус тусдаа амьдрах болсон байдал нь гэрлэлт цуцлуулах шалтгаан болжээ.   

9. Зохигчид гэр бүлийн амьдралаа цаашид хэвийн хадгалан үргэлжлүүлэх хүсэлгүй, гэрлэлтээ цуцлуулахыг талууд харилцан зөвшөөрч байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

10. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заасан ба мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ тэжээн тэтгэх, хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээдэг.

11. Нэхэмжлэгч О.Нийн асрамжинд охин Б.Индраг үлдээж, хүүхэд эхийн асрамжинд үлдсэн ч эцэгтэйгээ уулзах эрхийг эх нь хориглох болон хязгаарлахгүй байхыг нэхэмжлэгчид даалгаж, эцэг Э.Бээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж, охин Б.Индраг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

12. Гэрлэгчид гэр бүлийн дундын өмчийн талаар нэхэмжлэл гаргаагүйг дурдах нь зүйтэй.

13. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас уг мөнгийг гаргуулж нэхэмжлэгчид олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасныг баримтлан Билгүүд овогт Эрдэнэдэлэгийн Батбилэг, Боржигин овогт Оюун-Эрдэнийн Нандинцэцэг нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2014 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн охин Б.Индраг эх О.Нийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2014 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн охин Б.Индраг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Э.Бээр тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагч Э.Бээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд нэхэмжлэгч О.Н, хариуцагч Э.Б нар нь дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд нь хэн алиндаа саад учруулахгүй байх үүрэгтэйг мэдэгдсүгэй.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах /Д.Тунгалаг/-д даалгасугай.

7. Гэрлэгчид гэр бүлийн дундын өмчийн талаар маргаангүй болохыг дурдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн /37,865+70,200/ 108,065 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Бээс 108,065 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Нт олгосугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.ТҮМЭНЦЭЦЭГ