| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Отгонбаатар |
| Хэргийн индекс | 105/2024/1008/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1058 |
| Огноо | 2024-10-03 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Г.Нандин-Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1058
2024 10 03 2024/ШЦТ/1058
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Отгонбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чаминчулуун,
улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,
хохирогч Ч.А,
шүүгдэгч Д.Л нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, ****** овогт Д.ийн Л-ид холбогдох эрүүгийн 2403 00375 0600 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1965 оны *** дугаар сарын ***-ны өдөр Төв аймгийн Архуст суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт **** дүүргийн **** дүгээр хороо, ************ тоотод оршин суух, ял шийтгэлгүй,
********** овогт Д-ийн Л /регистрийн дугаар:********/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Л нь Баянзүрх дүүргийн **** дүгээр хороо, *******-н харьяа нээлттэй, хаалттай **** дугаар хорих ангийн баруун талын авто замд 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 22 цаг 10 минутын орчимд “Nissan Tino” маркийн ***** УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3.”Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” мөн дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ “энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах.”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтуудыг зөрчиж явган зорчигч Ч.Аыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Лийг Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогдуулан Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2403 00375 0600 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлж ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн **** дүгээр хороо, хорих **** дугаар ангийн баруун замд **** УНЭ улсын дугаартай “Nissan Tino” маркийн тээврийн хэрэгсэл зам тээврийн осол гаргасан үйл явдлыг бэхжүүлсэн буюу хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-12-р хуудас/,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийн шалгаж, жолооч Д.Л нь согтууруулах ундаа хэрэглээгүй болохыг бэхжүүлсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-р хуудас/,
Хохирогч Ч.Аын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,
Автотээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32-36-р хуудас/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 9947 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41-43-р хуудас/,
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1342 дугаартай “мөрдөгчийн магадалгаа” /хх-ийн 48-49-р хуудас/,
“********” маркийн **** УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа /хх-ийн 20-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа мэдээлэл, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 15-19, 21, 76-р хуудас/ зэрэг болно.
Эрүүгийн 2403 00375 0600 дугаартай хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ шүүх хуралд шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Д.Л нь Баянзүрх дүүргийн **** дүгээр хороо, ШШГЕГ-н харьяа нээлттэй, хаалттай ***** дугаар хорих ангийн баруун талын авто замд 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 22 цаг 10 минутын орчимд ****** маркийн **** УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3.”Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” Мөн дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ “энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах.”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтуудыг зөрчиж явган зорчигч Ч.Аыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Д.Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргаж байна...” гэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шинжлэн судалсан: 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, хорих 407 дугаар ангийн баруун замд **** УНЭ улсын дугаартай “Nissan Tino” маркийн тээврийн хэрэгсэл зам тээврийн осол гаргасан үйл явдлыг бэхжүүлсэн буюу хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт,
Хохирогч Ч.Аын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүрэг, Монелын эцэст айлын хашаа янзалж өгөөд тэр орой нь хамт ажиллаж байсан зүс таних залуугийн хамтаар 0,5 литрийн хэмжээтэй лаазтай пиво хоёр хоёрыг уугаад дараагаар нь 0,33 литрийн хэмжээтэй Хараа нэртэй нэг шил архи хувааж уучхаад 21 цаг өнгөрч байхад би тэр айлынхаас ганцаараа гараад хойшоо гэрлүүгээ алхаж яваад авто замаар зам хөндлөн гарах үед гэрэл гялбаад урдаасаа хойш буюу Монелоос Дарь эх рүү чиглээд явж байсан автомашин ирээд намайг мөргөхөд би авто замын хажууд зам дээр шидэгдсэн... эмнэлэгт очиж үзүүлэхэд баруун хөлний дунд чөмөгний яс зөрүүтэй хугараад хугарсан яс нь миний гуяыг цоолоод ил гарч ирсэн байсан. Эмнэлгээс 06 дугаар сарын 25-ны өдөр гарсан...” гэх мэдүүлэг,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 9947 дугаартай “...Ч.Аын биед баруун дунд чөмөгт ясны зөрөөтэй, далд хугарал бүхий гэмтлийн хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт,
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч цолтой Б.Адъяатөмөрийн гаргасан 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1342 дугаартай “...“Nissan Tino” маркийн **** УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Л нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 3.4 Жолооч дараах үүргийг хүлээнэ а/ “энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах,
12.3 “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн гэх мөрдөгчийн магадалгаа зэрэг нотлох баримтуудаар Д.Лийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нотлогдсон, түүний үйлдэл мөн гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэв.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” болон мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж тус тус гэмт хэргийн ойлголт, шинжийг тодорхойлсон.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэж уг гэмт хэргийн шинжийг заасан.
Шүүгдэгч Д.Лийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бичгийн болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтын агуулга болох:
Хэргийн газар үзлэг хийж, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, ШШГЕГ-ын харъяа нээлттэй, хаалттай 407 дугаар хорих ангийн баруун талын авто замд зам тээврийн осол гарсныг бэхжүүлсэн тэмдэглэл, хохирогч Ч.Аын “зам хөндлөн гарч явахад **** УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөсөн” талаарх мэдүүлэг зэргээр зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ч.Аыг **** УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Д.Л мөргөж, зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирол учирсан зам тээврийн осол гарчээ.
Жолоодох эрхийн лавлагаагаар Д.Л нь 2011 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр №744335 дугаартай үнэмлэхээр жолоодох эрхтэй байх ба тэрээр **** УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1.3 “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг” гэсэн хуулийн нэр томьёоны дагуу түүнийг жолооч гэж үзнэ.
Жолооч нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр үйлчилж буй Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан замын хөдөлгөөний дүрэм, журмыг дагаж мөрдөх нь түүний үүрэг юм.
Жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан замын хөдөлгөөний дүрэм, журмыг зөрчсөн, үүргээ биелүүлээгүй талаарх магадлагаа гаргасан ****** овогтой А нь Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуульд “Авто инженер” хөтөлбөрийн модулын “С” зэрэглэлийн 40 цагийн сургалтад хамрагдаж, замын хөдөлгөөний зохион байгуулалт, автомашины хөдөлгөөний онол зэргийг эзэмшиж Сертификат авчээ.
Тэрээр зам тээврийн осол гаргасан Д.Л нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.3 “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн гэсэн 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 1342 дугаартай мөрдөгчийн магадалгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлд заасантай нийцсэн мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна.
Шүүгдэгч Д.Лийн гаргасан зам тээврийн ослын улмаас хохирогч Ч.Аын эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 9947 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр /болгоомжгүйгээр/ халддаг, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байдаг.
Шүүгдэгч Д.Л нь шөнийн цагт тээврийн хэрэгслийн гэрэл шилжүүлэх, үзэгдэх орчин хязгаарлагдсан үед тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчоогүйн улмаас тулгарсан саад болох зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ч.Аыг мөргөхгүй байх, зогсоох боломжит хурдыг сонгож явалгүй Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 12.3-т заасныг зөрчиж зам тээврийн осол гаргасан, хохирогч Ч.Аын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь хоорондоо шалтгаант холбоотой, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Иймд шүүгдэгч Д.Лийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй тул түүнийг “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо хууль, дүрэм, журам дагаж мөрдөөгүй, анхаарал болгоомжгүй оролцсоноос гэмт хэрэг гарсан байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч Ч.А нь эмчилгээ хийлгэсэн талаарх 667,504 төгрөгийн баримт, хоёр суг таягийн төлбөр 120,000 төгрөгийг баримтгүйгээр, цаашид ажил хийж олох ёстой орлого гэж 10,000,000 төгрөгийг болон сэтгэл санааны хохирлын нэхэмжлэл гаргаснаас баримтаар тогтоогдсон эмчилгээ хийлгэсэн, таяг авсны төлбөр болох 787,504 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, цаашид ажил хийж олох ёстой орлогын төлбөрт нэхэмжилсэн 10,000,000 төгрөгийг нотлох баримтаар нотлогдоогүй тул хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршиг, нэхэмжлэлийн тухайд: 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж буй Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл /Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/... гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргахаар хуульчилсан.
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоолын 3.6 “Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн гэмт хэргээс... Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих... гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг /Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл/-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэж, холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ гэж аргачлалыг баталж, дагаж мөрдсөн.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын хавсралт 1 “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.1 “...энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр... тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ.” гэж,
Мөн журамын 2.2 “Энэ журамын... 2.1.5-д заасан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ.” гэж тус тус заасан.
Эдгээр эрх зүйн зохицуулалтаас үзвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас хохирсон хохирогч Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтад заасан тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгтийн дагуу өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгож, нөхөн төлбөрийн хэмжээг тооцуулж гаргуулах эрхтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ч.А нь сэтгэцэд учирсан хор уршигийг нэхэмжилж, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралт буюу хүснэгтийн 3 дугаар зэрэглэлийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн байна.
Хохирогч Ч.Ат гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь учирсан “баруун дунд чөмөгт ясны зөрөөтэй, далд хугарал бүхий” бүхий хүндэвтэр гэмтлээс үүдэлтэй үлдэц, өвдөлт, шаналал, учирсан сөрөг үр дагавар, танин мэдэхүй, нийгмийн харилцаанд оролцох байдал, нас болон гэм хор учруулагчийн гэм буруу, түүний гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар зэргийг харгалзан Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоолын Дөрөв нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын хүснэгтийн Гуравдугаар зэрэглэл Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13-аас 22.99 дахин гэсний 16 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тооцон хохирогчид олгов.
Тодруулах нь, Хөдөлмөр, Нийгмийн Түншлэлийн Гурван Талт Үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаартай “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 660,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосон.
Хохирогч Ч.Аын сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн хэмжээг гэмт хэрэг гарах үед мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 16 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 10,560,000 төгрөгөөр тооцлоо.
Харин хохирогч Ч.А нь хэлэлцэхгүй орхисон ажил хийж олох ёстой орлогын талаарх болон гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс буюу шүүгдэгч Д.Лоос холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.
Шүүгдэгч Д.Лийн эрүүл мэндийн даатгалын санд илүү төлсөн төлбөрийг хохирогч Ч.Ат олгохоор шийдвэрлэсэн нийт 11,347,504 төгрөгөөс хасаж шийдвэрлэсэн болохыг дурдлаа.
Мөн Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй.” гэж,
“Гэм хорыг хариуцвал зохих иргэн, хуулийн этгээд нь буцаан нэхэмжилсэн шаардлагын дагуу уг хуулийн этгээдийг хохиролгүй болгох үүрэгтэй.” гэж заасан.
Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар хохирогч Ч.Аын гэмт хэргийн улмаас эмчилгээ сувилгаа хийлгэхдээ Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан 3,934,880 төгрөгийн нэхэмжлэл гаргасантай холбогдуулан баримтыг шинжлэн судлахад хавтаст хэргийн 47 дугаар хуудаст авагдсан Төрийн үйлчилгээний нэгдсэн системийн Ч.Аын эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан 49,920 төгрөгийн баримт байх ба хавтаст хэргийн 78-аас 79 дүгээр хуудаст авагдсан канондсан хуулбар бүхий 3,934,880 төгрөгийн баримт байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3 “Бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна” гэж нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх талаар зохицуулсан.
Дээрх иргэний нэхэмжлэлээс 49,920 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангасан, харин хавтаст хэргийн 78-аас 79 дүгээр хуудаст авагдсан канондсан хуулбар бүхий 3,934,880 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.Л нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар ажлын 5 хоногийн хугацаатай шүүх хуралдааныг завсарлуулж, тэрээр шүүхээс тогтоосон иргэний нэхэмжлэлийн 49,920 төгрөгийн төлбөрийг илүү төлсөн буюу 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сангийн 100900020080 дугаар тоот дансанд 3,934,880 төгрөгт тооцон төлж барагдуулсан байна.
Иймээс шүүгдэгч Д.Лийн Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сангийн 100900020080 дугаартай дансанд тушаасан 3,934,880 төгрөгийн төлбөрөөс иргэний нэхэмжлэлийн 49,920 төгрөгийг хасаж, үлдэх 3,884,960 төгрөгийг хохирогч Ч.Ат олгуулахаар тус Эрүүл мэндийн даатгалын санд даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ: “... Шүүгдэгч Д.Лид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах...” гэх дүгнэлтийг,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж хуульчилсан.
Шүүгдэгч Д.Лид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан, шүүгдэгч Д.Лийн хувийн байдлын хувьд, 59 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт амьдардаг байна.
Иймд шүүгдэгч Д.Лид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.
Бусад асуудлаар
Хэрэгт хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Л нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт болон жолоочийн үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***** овогт Д-ийн Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Лийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, зургаан /6/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Лийг оршин суух Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, тэрээр оршин суух газар эрхэлж буй ажлын хооронд зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Лид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Лоос нийт 7,462,544 төгрөгийг гаргуулан хохирогч Ч.Ат олгуулсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шүүгдэгч Д.Лийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сангийн 100900020080 дугаартай дансанд тушаасан 3,934,880 төгрөгөөс иргэний нэхэмжлэлийн 49,920 төгрөгийг хасаж, илүү төлсөн 3,884,960 төгрөгийг тус тоот данснаас гаргуулан хохирогч Ч.А /регистрийн дугаар: **********/-т олгохыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын санд даалгасугай.
8. Хохирогч Ч.А нь хэлэлцэхгүй орхисон ажил хийж олох ёстой орлогын талаарх болон гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний баримтаа бүрдүүлэн мөн иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгал ерөнхий газар нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийн баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох шүүгдэгч Д.Лоос нэхэмжлэх эрхийг нь тус тус нээлттэй үлдээсүгэй.
9. Хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Л нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт болон жолоочийн үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Лид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОТГОНБААТАР