| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 172/2024/0142/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/146 |
| Огноо | 2024-10-10 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Арсланбаатар |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 2024/ШЦТ/146
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч Б.Арсланбаатар,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.С, Б.Н,
Хохирогч нарын өмгөөлөгч И.Оюунгэрэл,
Шүүгдэгч О.Д, түүний өмгөөлөгч Н.Нарангарав,
Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн О-ийн Дд холбогдох 2328003380145 тоот эрүүгийн хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 26-ны шөнө 23 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Монсуль” шатахуун түгээх станцын баруун талын засмал зам дээр ... улсын дугаартай “Тоёота приүс” загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.7а-д заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 11.3-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж иргэн Г.С-ын жолоодож явсан ... улсын дугаартай “Пронтер” загварын тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас зам тээврийн осол гаргаж, жолооч Г.С-ын биед зүүн өвдөгний урд шөрмөсний суналт, арын шөрмөсний тасархайтсан урагдал, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл, зорчигч Б.Н-гийн биед зүүн нүдний алимны цоорол, зүүн нүдний бүрэн хараагүй бололт, хүзүүний С2-р нугалмын их биеийн хугарал, баруун 3-аас 7-р хавирганы хугарал, зүүн нүдний зовхи, зүүн хацарт шарх бүхий хүнд гэмтэл, Г.С-ын тээврийн хэрэгсэлд 7,272,100 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч О.Д-ийг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.Д шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Өөрийн үйлдсэн гэмт хэрэг болон гэм буруугийн талаар маргахгүй байгаа учраас мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйлгүй гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.С шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Миний биед хөлийн шөрмөс тасарсан. Аваарт орсны дараа нь эмчлүүлсэн бол шөрмөс залгах боломжтой байсан боловч мөнгөний бололцоогүйгээс үзүүлж чадаагүй. Дараа нь үзүүлэхэд боломжгүй болсон байсан. Эмнэлгээр явж байгаа. Хүнд ажил хийж болохгүй байгаа. Ажил хийхээр өвдөөд байгаа гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Н шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Дийг машин барьж явахад нь болох юм уу? гэхэд өөрөө барина гэхээр нь би унтлаа гээд унтаад сэрэх хооронд тийм зүйл болсон. Би нүдний хагалгаанд орсон. Эмчтэй хамт хот руу явж хагалгаанд орсон гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн орой Гурвантэс сумын чиглэлд ачаа ачаад Даланзадгад сумаас Баяндалай сумын чиглэлийн хатуу хучилттай автозамаар явж байгаад Монсуль шатахуун түгээх станцын хажууд зогсож байгаад ачааны татлагаа чангалчихаад эргээд машиндаа суугаад машинаа асаагаад 1 дүгээр араандаа хийгээд хөдлөөд өөрийн явах урсгалдаа ороод 2 дугаар араандаа хийтэл урдаас машин ирж байгаа харагдахаар нь гэрлээ шилжүүлтэл уг машин урсгал сөрөөд миний явж байсан урсгалд орж ирээд гэрэл нь гялбаад юм харагдахгүй болохоор нь би замын зүүн хөвөө рүү буюу өөрийнхөө баруун гар тал руугаа дараад асфальтан замаас гарах үйлдэл хийх үед миний өмнөөс нэг машин ирээд мөргөсөн. Уг машин ирж мөргөхөд би өөрийн урсгалдаа явж байсан бөгөөд замаас гарах үйлдэл хийж амжаагүй. Тухайн үед миний өмнөөс машин ирээд мөргөхөд миний машин саваад хойшоо ухраад хойноо хүнд ачаатай байсан болохоор хойд хоёр дугуйн дээрээ босоод газарт буусан. Тэгээд газарт буух үедээ миний машин замын голын цагаан зураасны ойролцоо буусан байсан... Миний өмнөөс урсгал сөрөөд гэрэл нь гялбаад машин ирсэн болохоор эхлээд сайн харж чадаагүй. Тэгээд осол болсны дараа эмнэлгийн машинд сууж байх үед харахад цагаан өнгийн Приүс 20 загварын тээврийн хэрэгсэл байсан. Би Баяндалай сумын чиглэлд өөрийнхөө урсгалд буюу замын зүүн талын эгнээнд явж байсан. Осол болсны дараа би машинуудын байрлалыг харахад Миний машин мөргөлтийн хүчний улмаас арагшаа ухраад миний машины кабин хэсэг нь замын голын цагаан зураас дээр очсон байгаа харагдаж байсан. Би уг осол болох үед хурд авч амжаагүй байсан дөнгөж 2 дугаар араандаа хийсэн байсан. Хүнд ачаатай байсан болохоор машин хурд авч амжаагүй байсан. Би 10 орчим километр цагийн хурдтай явж байсан. Би тэрийг сайн мэдээгүй. Осол болсон дараа миний машины хаалга нээгдэхгүй цагдаа нар ирж нээж өгсөн. Намайг машинаас буух үед бол уг приүс 20 машинд байсан хүмүүсийг буулгасан байсан. Сүүлд хүмүүсээс сонсоход приус 20 машины жолоочийн гэдэс нь тасарсан гэмтэл учирсан талаар яригдаж байсан. Би ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр хүмүүсийн ачааг зөөж мөнгө олж идэх хоолоо олдог байсан. Би уг осол болсноос хойш ажил хийж мөнгө олж чадахгүй гэрээр байгаа, мөн ослын улмаас миний хөлд гэмтэл учраад гэрийн дэглэмтэй байгаа. Иймд миний өмнөөс урсгал сөрж миний машиныг мөргөсөн буруутай жолоочоос машинд учирсан хохирлоо үнэлгээний дагуу гаргуулж авмаар байна. Мөн эмчилгээтэй холбогдон гарсан зардлыг баримтын дагуу нэхэмжилнэ. Би эмчилгээтэй холбоотой гарсан зардлын баримтыг гаргаж өгнө... Зам тээврийн ослын улмаас би зүүн хөлөндөө үений гэмтэл авсан. Тухайн гэмтлийг аймгийн эмнэлэгт үзүүлэхэд Улаанбаатар хот руу яв гэсний дагуу би Улаанбаатар хотод очиж нарын мэргэжлийн эмчээр үзүүлж эмчилгээ хийлгэсэн. Тухайн үед 552,900 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Мөн 3 сарын дараа давтан үзүүл гэсэн боловч би эмчилгээний зардал байхгүй байсан учраас явж үзүүлж чадаагүй. Одоо миний зүүн хөл шагайнаас хавдаж гишгэж явж болохгүй байна. Би тухайн осолд буруутай этгээдээс хохирол төлбөр төлбөл Улаанбаатар хотод очиж давтан үзлэгтээ хамрагдмаар байна. Мөн миний машин уг ослын улмаас болж эвдэрсэн бөгөөд үнэлгээ хийлгэхэд 7.272.100 төгрөгийн үнэлгээ бүхий эвдрэл учирсан, уг мөнгийг гаргуулж авмаар байна. Миний бие машинаараа ойр зуурын ачаанд явж амьдрал ахуйгаа залгуулдаг. Осол болсноос хойш машин маань эвдэрч ачаанд явж мөнгө олж чадахгүй орлогогүй болсон. Би ажилгүй байсан хугацааны цалин болгож 4.510.000 төгрөгийг нэхэмжилмээр байна. Би бичиг үсэг боловсролгүй учир заавал өмгөөлөгч авах шаардлага гарсан бөгөөд өмгөөлөгчийн төлбөрт гарсан 2.000.000 төгрөгийг мөн нэхэмжилмээр байна. Мөн Улаанбаатар хот руу явж ирсэн замын зардал болох 2.30.740 төгрөгийг нэхэмжилж байна. Машинд эвдрэл гэмтлийн үнэлгээ хийлгэсэн үнэлгээний төлбөр 350.000 төгрөг нийт 14.915.747 төгрөгийг нэхэмжилнэ. Мөн сэтгэл санааны хохирлоо нэхэмжилнэ. Надад нэг ч төгрөг өгөөгүй. Д гээд байгаа хүн надтай огт уулзаагүй холбоо аваагүй. Би өөрт учирсан хохирол төлбөрөө бүрэн барагдуулж авмаар байна. Мөн би машинаа хурдан засварлуулж авмаар байна. Би машингүй орлого байхгүй болохоор амьдрахад хэцүү байна. Мөн давтан үзлэгтээ хамрагдах шаардлагатай байна.” (1 дүгээр хавтаст хэргийн 51-52 дахь тал, 64-65 дахь тал)
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Өмнөговьд байх гэрээсээ гараад найз болох Д рүү залгаад хаана байна гэж асуутал эхнэр хүүхэдтэйгээ гадуур явж байна гэж хэлсэн. Тэгээд намайг хаана байна гэтэл би гадуур явж байна гэж хэлсэн. Намайг төвд хүрээд ир гэхээр нь би очоогүй яах юм бэ эхнэр хүүхэдтэйгээ явж байгаа бол уурлана гэж хэлсэн. 1 цагийн дараа над руу яриад хаана байна гэхээр нь сааданд сууж байна гэтэл хойд зам дээрээ гараад ир гэхээр нь очоод машинд нь суугаад явсан. Тэгээд найз Д-гийнд очоод байж байгаад Дгийн найзтайгаа хамт барилгын цахилгааны ажил хийдэг байсан тэр ажил дээр нь очиж юм хийж байгаад орой 5 цагийн үед ажлаас нь гараад Д дэлгүүр ороод гарч ирэхдээ архи аваад 1 шил 0,5 грамм Агар нэртэй архитай ирсэн. Тэгээд шатахуун түгээх станц орж бензинд оочирлоод зогсож байхдаа нөгөө архиа уусан. Тэгээд архиа ууж дуусаад бензинээ аваад хөдөлсөн. Тэрнээс хойш санахгүй байна, нэг мэдсэн Д машинаа барьсан явж байсан би тэгээд чи согтуу явж болж байгаа юм уу би барих уу гэж хэлтэл Д зүгээрээ өөрөө бариад явчихна гэж хэлэхээр нь за за тэгвэл зогсчих гээд би машинаас бууж шээгээд буцаж машиндаа суугаад тэрнээс хойш юу болсныг санахгүй байна... Би сайн мэдэхгүй байна урсгал сөрж орсон юм шиг байна лээ. Манай эхнэр тэгж хэлсэн. Урсгал сөрснийг мэдэхгүй байна, би унтаж явсан... Зүүн талын хөлийн чагтан холбоос тасарсан, чөмөг нь цуурсан, баруун талын хавирганы 1-2 дугаар хавирга зүгээр бусад нь хугарсан, өвчүү нь хоёр хугарсан, хүзүү хоёр хугарсан, зүүн талын нүд харахгүй болсон, хамар хугарсан, хацар шанаа хэсэгтээ хугарсан. Намайг эмнэлэгт хэвтэж байхад нэг удаа 500,000 төгрөг, мөн 1,000,000 төгрөг нэг удаа өгсөн. Өмнөговиос наашаа ирэхэд замын зардал гэж 1,000,000 төгрөг өгсөн, нийт 2,500,000 төгрөг өгсөн, өөр зүйл байхгүй. Би гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл, зардлын талаар тооцоолж үзээгүй байгаа. Эмчилгээ болон хагалгаанд маш их мөнгө хэрэг болох байх. Биеийн хувьд маш их гэмтэлтэй байгаа... Зам тээврийн ослын улмаас миний зүүн нүд бүрэн хараагүй болж портез буюу хиймэл нүд хийлгэсэн. Мөн зүүн талын хавирганууд болон хөл хугарсан, хүзүү хугарсны улмаас хүзүүндээ хиймэл жийргэвч хийсэн, нүүрний яс цөмөрч нэг тал нь мэдээгүй болсон, хамар хугарсан, өвчүүний яс хугарч гэмтсэн, 2 талын уушигны доод дэлбэнгийн арын сегментэд шугаман хатуурсан өөрчлөлт зэрэг гэмтлүүд учирсан. Уг осол болсноос хойш эмнэлгийн байгууллагаар нэлээд удаан явж өнөөдрийг хүртэл эмчилгээ хийлгэж байна. Би өөрт учирсан мөнгөн хохирол буюу эмчилгээ хийлгэхэд гарсан зардал ажилгүй байсан хугацааны цалинг холбогдох баримтын хамт гаргаж өгнө. Мөн сэтгэл санааны хохирлыг нэхэмжилмээр байна. Би ажилгүй байсан хугацааны зардалд 5,060,000 төгрөг, эмчилгээ хийлгүүлсэн зардал 11,125,020 төгрөг, эмчилгээ хийлгэхээр явсан замын зардал 1.382.700 төгрөг, нийт 17.567.790 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн цаашид гарах эмчилгээний зардлыг гаргуулж авмаар байна. Одоогоор тооцож гаргасан зүйл байхгүй байна. Мөн би хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдаж группт орсон байгаа... Тухайн осол бол Дийн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон буруутай үйлдлээс болж гарсан байх гэж бодож байна. Яг осол болох үед унтчихсан байсан болохоор сайн хэлж мэдэхгүй байна. Би өөрт учирсан хохирол төлбөрөө бүрэн барагдуулж авмаар байна. Мөн цаашид гарах эмчилгээний зардлыг мөн Дээс гаргуулж авмаар байна.” (1 дүгээр хавтаст хэргийн 58-59 дэх тал, 61-62 дахь тал)
Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 05 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Хариулт-1. “Toyota Prius” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч О.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3.Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино., 3.7а тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;, 11.3.Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Дээрх заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад шууд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Хариулт-2. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Г.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь тогтоогдохгүй байна. Хариулт-3: “Тоyota Prius” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч О.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3.Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино., 3.7а тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;, 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь ослын газрын бүдүүвч зураг, үзлэгийн тэмдэглэл, оролцогч нарын мэдүүлэг, драгер багаж үлээлгэж согтуурал шалгасан фото зургууд, согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж үзэх үндэслэлтэй байна.” (1 дүгээр хавтаст хэргийн 121-122 дахь тал)
Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 515 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Б.Н-гийн биед зүүн нүдний алимны цоорол, зүүн нүдний бүрэн хараагүй бололт, хүзүүний С2-р нугалмын их биеийн хугарал, баруун 3-аас 7-р хавирганы хугарал, зүүн нүдний зовхи, зүүн хацарт шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Б.Н-гийн биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд 65% нөлөөлнө. Б.Н-гийн биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах, 2.2.4-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар их хэмжээгээр тогтонги алдуулсан тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” (1 дүгээр хавтаст хэргийн 71-73 дахь тал)
Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 186 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Г.С-ын биед зүүн өвдөгний урд шөрмөсний суналт, арын шөрмөсний тасархайтсан урагдал, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Г.С-ын биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Г.С-ын биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” (1 дүгээр хавтаст хэргийн 90-92 дахь тал)
“Вендо” ХХК-ийн хөрөнгө, даатгалын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 45863 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “... “Toyota Prius 20 загварын ... дугаартай тээврийн хэрэгсэлд 2,435,000 төгрөгийн шууд болон бус зардал гарна.” (1 дүгээр хавтаст хэргийн 94-95 дахь тал)
“Вендо” ХХК-ийн хөрөнгө, даатгалын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 45862 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Киа Вонго Пронтер загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 7,272,100 төгрөгийн шууд болон бус зардал гарна.” (1 дүгээр хавтаст хэргийн 104-105 дахь тал)
“Загсүүжин говь” ХХК “Хурд Авто Сервис” Оношилгооны хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 110 дахь тал)
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 16-20 дахь тал)
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 29 дэх тал)
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан “...О-ийн Д-ийн согтолтын хэмжээ 2,31%...” гэх тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 36-39 дэх тал)
О.Д-ийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд (1 дүгээр хавтаст хэргийн 137-142 дахь тал, 2 дугаар хавтаст хэргийн 52-54 дэх тал)
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт (1 дүгээр хавтаст хэргийн 144, 172 дахь тал)
Хохирлын болон хагалгаанд орсон баримтууд (1 дүгээр хавтаст хэргийн 147-166, 169-170, 175-177 дахь тал, 2 дугаар хавтаст хэргийн 40-51 дэх тал)
“Номин” Бизнес клуб зүүн бүс ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 3/77 дугаартай албан тоот (1 дүгээр хавтаст хэргийн 167 дахь тал)
Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр (1 дүгээр хавтаст хэргийн 168 дахь тал)
Хамтран ажиллах гэрээ (1 дүгээр хавтаст хэргийн 181-183 дахь тал)
Өвчний түүх (1 дүгээр хавтаст хэргийн 187 дахь тал)
“Бриллиант эмнэлэг” MRI (2 дугаар хавтаст хэргийн 06-07 дахь тал)
Амбулаториор эмчлүүлэгсдийн карт (2 дугаар хавтаст хэргийн 08 дахь тал).
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд О.Д-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч О.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Б.Н-гийн эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч Г.С-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учирсан, хохирогч Г.С-ын машины эвдрэлийн гэмтэл болох 7,272,100 төгрөг, олох байсан орлого 1,480,820 төгрөг, автомашины үнэлгээ хийлгэсний 350,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2,000,000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 8,310,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 12,644,500 төгрөг, нийт 32,057,420 төгрөгийн хохирол учирсан. Хохирогч Б.Н-д эмчилгээний зардалд нийтдээ 2,500,000 төгрөгийг шүүгдэгчээс олгосон. Ингээд эмчилгээний зардал 10,898,096 төгрөг, эмчилгээ хийлгэхээр явсны зардал 1,382,700 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин болох 6,490,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 77,000,000 төгрөг, нийтдээ 95,770,796 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч нарт олгох тухай дүгнэлтийг,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн хувьд гэмт хэргийн улмаас Б.Н-гийн эрүүл мэндэд хүнд, Г.С-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учирсан. Г.С-ын хувьд пронтер загварын тээврийн хэрэгсэлтэй, тухайн тээврийн хэрэгслээрээ ачаанд явж амьдрал ахуйгаа залгуулдаг, энэ хүний амьдралын эх үүсвэр болсон ганц хөрөнгө байсан. Энэ хөрөнгө нь ослын улмаас эвдэрч дахин засварлагдахад өндөр зардалтай болсон тул машины хохирол төлбөр болох 7,272,100 төгрөгийг Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар бүрэн гаргуулж авахаар шаардаж байна. Өмнөговь аймагт Бүсийн оношилгоо эмчилгээний төвд үзүүлээд тухайн гэмтлийг нь нарийн шинжлэн тогтоох боломжгүй байсан учраас Улаанбаатар хот руу нарийн шинжилгээ хийлгэхээр явсан. Улаанбаатар хот руу явж ирэхээс нь өмнө шинжээчийн дүгнэлт гарсан. Тэр шинжээчийн дүгнэлтээр нарийн гэмтлийг нь тогтоож чадаагүй, бичиг баримтад үндэслээд хөнгөн зэргийн гэмтэл гэж тогтоогдсон байсан. Улаанбаатар хот руу явж нарийн шинжилгээ хийлгээд MRI-д харуулахад гэмтэл нь тодорхой болж хүндэвтэр зэргийн гэмтэл болж өөрчлөгдсөн. Энэ хүн хохирогчоор мэдүүлэг өгөх үедээ ч алхаж гишгэж чадахгүй тэргэн дээр түрүүлээд Цагдаагийн байгууллагад очиж мэдүүлгээ өгсөн. Тийм учраас гэмтлийн зэрэгт анхнаасаа эргэлзээтэй зүйл байгаагүй. Г.С-ын хувьд хөлийн шөрмөс нь тасарсан, сунасан байдалтай байгаа. Эхний 2, 3 сар хэвтрийн дэглэм бариад хөдөлгөөнгүй бай гэж нарийн мэргэжлийн эмчээс заавар зөвлөмж өгсөн. 3 сарын дараа давтан Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт үзүүлэх заалттай байсан. Гэтэл Д тухайн үед хохирол, төлбөр төлөөгүйн улмаас цаг тухайд нь эмчилгээгээ хийлгэж чадаагүй, үүнээс болоод өнөөдөр биеийн байдал нь дордоод, бүр алхаж гишгэж чадахгүй дээрээ тулаад, хазгар доголон байдалтай явж байна. ...Алхаж гишгэж чадахгүй хүн Их-Уулаас Бүсийн оношилгоо эмчилгээний төв рүү таксидаад байх боломжгүй учраас хүн гуйж явна. Үүнтэй холбоотой шатахууны төлбөрүүд гарсан байгаа. Энэ шатахууны төлбөр 607,920 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Мөн MRI хийлгүүлсэн төлбөр, эм тариа, таяг авсан зардлууд нь зайлшгүй гарсан зардал байгаа. 872,900 төгрөг гарсан ба үүнийг гаргуулах нь зүйтэй. Тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоо хийлгүүлсэн төлбөр болох 350,000 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулахаар нэхэмжилж байгаа. Өмгөөлөгчийн төлбөрт 2,000,000 төгрөг авсан. Энэ хүн бичиг үсэг мэдэхгүй, уншиж бичиж чадахгүй. Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг гаргуулахаар журамласан байдаг. Энэ журмын 2.6.6-д төлбөрийн чадваргүй хохирогчийн өмгөөлөгчид төлсөн хөлсийг гаргуулахаар зохицуулсан байдаг учраас өмгөөлөгчийн зардал болох 2,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. ... Ажилгүй байсан хугацааны цалин, машинаараа ачаа тээвэрт явж амьдралын эх үүсвэрээ болгож хоол хүнс олж авах, түлээ нүүрсээ авдаг хүн байсан. Мөн Даланзадгад сумтай утаагүй нүүрсний гэрээ хийгээд ажил хөдөлмөр эрхэлж байсан. 2023 оны 11 дүгээр сарын 26-наас хойш 12 дугаар сарын 01 хүртэл 30 хоногийн хугацаанд хүргэж дуусахаар төлөвлөгөөтэй байсан учраас хамгийн багадаа өдөрт нэг айл, боломжтой үед 2 айлд нүүрсийг хүргэх ажлыг хийж байсан. Нэг айлаар тооцож 80,000 төгрөгөөр 4 хоногийн 320,000 төгрөгийг нэхэмжилсэн. 12 дугаар сараас 09 дүгээр сарыг хүртэл энэ хүн огт ажил хөдөлмөр эрхлээгүй. Ямар ч ажил хөдөлмөр хийх боломжгүй байсан. Машинаараа ачаанд явж орлого олдог, бичиг үсэггүй учраас өөр ажил хийх боломжгүй, мөн хөл нь гэмтчихсэн учраас хүнд ачаа буулгах, хүнд юм өргөх болгонд нь хөлийн шагайнаас нь эхлээд хавдаад алхаж гишгэж чадахаа байчихдаг хүндрэлтэй байсан. Иймд Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсгийг үндэслээд олох байсан орлого, ажилгүй байсан хугацааны цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцоход нийтдээ 6,490,000 төгрөг болж байгаа. Олох байсан орлого 1,500,000 төгрөг байсан ба Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Гурвантэс сум руу ачаа ачаад дөнгөж Баяндалай чиглэлд гарч явж байсан ачаатай машиныг урсгал сөрж орж ирээд мөргөсөн. Энэ ачаагаа хүргэж ч чадаагүй. Энэ орлогоо ч олж чадаагүй хохирсон учраас энэ олох байсан орлогыг мөн нэхэмжилж байгаа. Сэтгэл санааны хохирол 550,000 төгрөгийг 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу дээд хэмжээгээр нэхэмжилсэн. Б.Н-гийн хувьд энэ хэргийн улмаас хүнд хохирол авч, хүзүүний болон нүдний хагалгаанд орсон. Энэ хэргээс болж олон тооны хугарал гэмтэл бэртэл авсан. Гэтэл энэ хүний олон тооны хавирга хугарсан, мөн өвчүү хугарсан, олон тооны гэмтлүүдийг авсан. Мөн энэ гэмтлээс болоод нэг нүд нь бүрэн хараагүй болсон. Хагалгааны зардал, эм тарианы зардалд нийт 13,398,000 төгрөг гарсан. Хүзүүний хагалгаа хийлгэхэд эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй эмчилгээ хийсэн. Эрүүл мэндийн даатгалын газраас иргэний нэхэмжлэгчээр тогтоогдож орж ирээгүй байгаа учраас эрүүл мэндийн даатгалын хөнгөлсөн дүнг бүхэлд нь нэхэмжилж байгаа. Хөвсгөл аймаг руу Улаанбаатар хотоос эмнэлгийн машинд шатахууныг нь хийгээд явсан. Мөн Хөвсгөл аймаг руу гэртээ очиж зарим эмчилгээгээ хийлгүүлсэн. Хөвсгөл аймгаас давтан сар болгон Улаанбаатар хот руу явж үзүүлж харуулдаг, шатахууны зардлууд өндөр гарсан. Зарим шатахууны зардлынхаа баримтыг алга болгочихсон учраас нийт байгаа хэмжээгээрээ 1,382,700 төгрөгийн шатахууны зардлыг нэхэмжилсэн. Ажилгүй байсан хугацааны цалин буюу Номин худалдааны төвд 970,000 төгрөгийн цалинтай ажилд орж ажил хөдөлмөр эрхлээд явж байсан. Гэтэл энэ ослоос болоод ажлаа хийж чадахгүй халагдсан байгаа. Хэрвээ энэ ажлаа хийж байсан бол өнөөдөр цалинтай орлоготой явж байх байсан. Ажил хийж чадаагүй, энэ осолд орсноос хойш 10 сарын хугацаа өнгөрсөн, энэ 10 сарын хугацааг Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт зааснаар мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинг нэхэмжилж байгаа. Сэтгэл санааны хохирол 77,000,000 төгрөг нэхэмжилсэн. ...Эдгээр хохирол төлбөрийг бүрэн барагдуулж өгнө үү гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй. Тийм учраас миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, улсын яллагчийн яллах дүгнэлт гаргаж байгаа санал шүүмжтэй маргаж мэтгэлцэх зүйл байхгүй байна. Г.С нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 7,272,100 төгрөгийн тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорыг нэхэмжилж байна... Вендо компанийн хөрөнгийн үнэлгээ нь Хурд авто сервисийн тухайн пронтерийн рам гулзайсан, солих шаардлагатай гэсэн дүгнэлтийг үндэслэсэн. Гэтэл Загсуужин говь нь өөрөө тухайн тээврийн хэрэгслийг бүрэн оношлох оношилгооны эрх бүхий хуулийн этгээд биш. Улсын бүртгэлийн гэрчилгээ хавтаст хэргийн материалд авагдаагүй байгаа учраас уг хохирол бодитойгоор тогтоогдохгүй байна. Харин 350,000 төгрөгийн үнэлгээ хийлгэхээр гарсан зардлыг төлнө, 607,200 төгрөгийн шатахууны зардал дээр тухайн цаг хугацаанд хамаарахгүй баримтууд байна. Тийм учраас энэ мөнгөн дүнг шүүхээс тогтоогдсон үнийн дүнгээр нь шүүгдэгчийн зүгээс төлнө. Эм тарианы зардал 872,900 төгрөг нэхэмжилсэн бөгөөд уг үнийн дүнтэй маргахгүй, энэ хохирлыг төлж барагдуулна. Харин сэтгэл санааны хохирлыг хэт өндөр нэхэмжилсэн тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоосон сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл дээр маргахгүй байгаа тохиолдолд дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлага байхгүй. Харин зэрэглэл дотроо буюу 13-22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоосон үнийн дүнг зөвшөөрөхгүй маргаж байгаа ба энэ тохиолдолд шүүх шийдвэрлэх боломжтой. Энэ хүний эрүүл мэндэд учирсан хохирол эм тарианы зардалд 872,900 төгрөг зарцуулсан. Өөрөөр хэлбэл эмнэлгээр явсан, эмчилгээ хийлгэсэн 872,900 төгрөгөөс 320,000 төгрөг нь MRI хийлгэсэн зардал, 500,000 гаруй төгрөгийн эм тариа хэрэглэсэн зардал байна. Бодитой гарч байгаа зардал нь ийм байхад сэтгэцэд учирсан зардал нь 12,644,500 төгрөг гарч байгаа нь бодитой биш гэж үзэж байна. Тийм учраас энэ хохирлын хэмжээг хамгийн доод хэмжээ болох 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 6,600,000 төгрөгөөр тогтоож өгнө үү. Хохирогч бичиг үсэг мэддэггүй учраас өмгөөлөгчид төлсөн 2,000,000 төгрөгийн төлбөртэй маргахгүй, харин ажилгүй байсан хугацааны цалин 8,310,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийг үндэслэж хохирогчийн өмгөөлөгч бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах гэдэг заалтаар нэхэмжилж байна. Бид нарын учруулсан гэм хор нь тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах ёстой. Өөрөөр хэлбэл нарийвчилсан зохицуулалт нь өөрөө тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах буюу Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч устаж гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч учирсан гэм хорыг арилгаж нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан. Тэгэхээр бид нар энэ хүний эрүүл мэнд болон тээврийн хэрэгсэлд учирсан зардлыг төлөх үүрэгтэй болохоос биш ажилгүй байсан хугацааны цалин, олох байсан орлого зэргийг нөхөн төлөх боломжгүй юм. Сэтгэцэд учирсан хор уршгийг хамгийн дээд хэмжээгээр нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Нийт 10,020,820 төгрөгийг төлж барагдуулах боломжтой. Нийгмийн даатгалын тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тухайн нийгмийн даатгалын сангаас гарсан зардлыг нөхөн төлүүлэх, нэхэмжлэх эрх нь Нийгмийн даатгалын санд байгаа болохоос биш тухайн хохирогч, иргэний нэхэмжлэгчид байхгүй. Тийм учраас эрүүл мэндэд учирсан хохирол гэж нэхэмжилсэн 13,398,000 төгрөгөөс 10,898,096 төгрөгийг нөхөн төлөх боломжгүй, хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна. Нийгмийн даатгалын сангаас төлсөн 6,490,000 төгрөгийг хасаад эрүүл мэндэд учирсан зардалд нь 4,391,191 төгрөгийг хариуцна. Мөн шатахууны зардал 1,382,700 төгрөг дээр маргахгүй. Ажилгүй байсан хугацааны цалин 6,490,000 төгрөг дээр маргаж байгаа. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалин цалин, орлогыг бид нар нөхөн төлөх боломжгүй. Сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 77,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Тийм учраас энэ хүний сэтгэцэд учирсан хохирлыг хамгийн доод хэмжээ буюу 46 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр төлж барагдуулах саналыг гаргаж байна. Үүнийг нэмээд тооцоод үзэхээр Б.Нд олгох зардал нь 32,073,891 төгрөгийг төлж барагдуулах боломжтой гэх дүгнэлтүүдийг,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Н-гийн зүгээс хохирол төлбөрөө 100 хувь авмаар байна гэх, хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.С нь эхний ээлжинд унаатай болмоор байна, мөн хохирол төлбөрөө бүрэн авмаар байна гэх, шүүгдэгчийн хувьд хийсэн хэргээ хүлээж байгаа, хохирол төлбөрийг шүүхээс тогтоосон хэмжээгээр төлнө, хэрэг гарснаас хойш 6 сар гэртээ байсан, одоо л ажил хөдөлмөр хийж байгаа гэх тайлбарыг тус тус гаргав.
Хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч О.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 26-ны шөнө 23 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Монсуль” шатахуун түгээх станцын баруун талын засмал зам дээр ... улсын дугаартай “Тоёота приүс” загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.7а-д заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 11.3-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж иргэн Г.С-ын жолоодож явсан ... улсын дугаартай “Пронтер” загварын тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас зам тээврийн осол гаргаж, жолооч Г.С-ын биед зүүн өвдөгний урд шөрмөсний суналт, арын шөрмөсний тасархайтсан урагдал, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл, зорчигч Б.Н-гийн биед зүүн нүдний алимны цоорол, зүүн нүдний бүрэн хараагүй бололт, хүзүүний С2-р нугалмын их биеийн хугарал, баруун 3-аас 7-р хавирганы хугарал, зүүн нүдний зовхи, зүүн хацарт шарх бүхий хүнд гэмтэл, Г.С-ын тээврийн хэрэгсэлд 7,272,100 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.С-ын мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 51-52 дахь тал, 64-65 дахь тал), хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Нгийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 58-59 дэх тал, 61-62 дахь тал), Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 05 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 121-122 дахь тал), Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 515 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 71-73 дахь тал), Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 186 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 90-92 дахь тал), “Вендо” ХХК-ийн хөрөнгө, даатгалын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 45862 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 104-105 дахь тал), зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 16-20 дахь тал), хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 29 дэх тал), жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 36-39 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.
Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д “...Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%o), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж заасан ба шүүгдэгч О.Д нь согтууруулах ундаа хэрэглэж согтолтын хэмжээ нь 2,31 хувьтай болох нь жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 36-39 дэх тал)-ээр тогтоогдож байна.
Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 05 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Хариулт-1. “Toyota Prius” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч О.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3.Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино., 3.7а тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;, 11.3.Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Дээрх заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад шууд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна... Хариулт-3: “Тоyota Prius” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч О.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино., 3.7а тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;, 11.3.Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь ослын газрын бүдүүвч зураг, үзлэгийн тэмдэглэл, оролцогч нарын мэдүүлэг, драгер багаж үлээлгэж согтуурал шалгасан фото зургууд, согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж үзэх үндэслэлтэй байна.” (1 дүгээр хавтаст хэргийн 121-122 дахь тал) гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн болохыг тогтоосон тул шүүгдэгч О.Д-ийг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж дүгнэлээ.
Шүүгдэгч О.Д-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Н-гийн биед зүүн нүдний алимны цоорол, зүүн нүдний бүрэн хараагүй бололт, хүзүүний С2-р нугалмын их биеийн хугарал, баруун 3-аас 7-р хавирганы хугарал, зүүн нүдний зовхи, зүүн хацарт шарх бүхий хүнд хохирол учирсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 515 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 71-73 дахь тал)-ээр,
хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.С-ын биед зүүн өвдөгний урд шөрмөсний суналт, арын шөрмөсний тасархайтсан урагдал, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 186 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 90-92 дахь тал)-ээр тус тус тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.
Шүүгдэгч О.Д нь Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн хэдий ч өөрийн хайхрамжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хор уршиг учрах боломжтойг мэдэх үүрэгтэй, мэдэх боломжтой байсан боловч мэдээгүй, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч О.Д нь зам тээврийн ослыг санаатайгаар үйлдэж нэг хүний эрүүл мэндэд хүнд, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах санаа зорилгогүйгээр үйлдсэн гэж үзэхээр байна.
Өмнөговь аймгийн Прокуророос шүүгдэгч О.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хэмээн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчийн үйлдэл, холбогдол нь уг гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хангаж, шүүгдэгч О.Д-ийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч О.Д-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.С-ын эрүүл мэндэд хүндэвтэр, Б.Н-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.С-ын зүгээс тээврийн хэрэгсэлд учирсан 7,272,100 төгрөг, шатахууны төлбөрт 607,920 төгрөг, эм тарианы төлбөрт 872,900 төгрөг, үнэлгээний төлбөрт 350,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2,000,000 төгрөг, осол болох үед хүний эд зүйл ачиж явсны төлбөр 1,500,000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 6,810,000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000 төгрөгийг 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 12,644,500 төгрөг, нийт 32,057,420 төгрөгийг нэхэмжилсэн болно.
Шүүх тээврийн хэрэгсэлд учирсан 7,272,100 төгрөг, шатахууны төлбөр 607,920 төгрөг, эм тарианы төлбөр 872,900 төгрөг, үнэлгээний төлбөр 350,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2,000,000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 6,810,000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 18 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9,900,000 төгрөгөөр тооцож, нийт 27,812,920 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдэх 4,244,500 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь:
Шатахууны төлбөр 607,920 төгрөг, эм тарианы төлбөр 872,900 төгрөгийн нэхэмжлэлийн талаар талууд маргаагүй бөгөөд тээврийн хэрэгсэлд учирсан 7,272,100 төгрөг, үнэлгээний төлбөр 350,000 төгрөг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, өмгөөлөгчийн хөлс 2,000,000 төгрөгийн тухайд хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.С нь боловсролгүй, бичиг мэдэхгүй нөхцөл байдлын улмаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй үндэслэлийг харгалзан түүний өмгөөлөгч авах эрхээр нь хангаж, өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлсэн ажлын хөлс болох 2,000,000 төгрөгийг тус тус хангаж шийдвэрлэв.
Мөн Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан бөгөөд уг аргачлалын 3.6-д Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 хэсэгт заасан эрүүгийн гэмт хэргээс... Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих (Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл) гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ.” гэжээ.
Мөрдөгчийн зүгээс “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийн дагуу хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.С-ын сэтгэцэд учирсан хор уршгийг Гуравдугаар зэрэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 172 дахь тал)-ээр тогтоосон байна.
Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаартай тогтоолоор Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 550,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосон бөгөөд энэхүү тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байх үед буюу 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гэмт хэрэг гарсан байна.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.С-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, эмчилгээ хийлгэсэн байдлууд, гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал зэргийг үндэслэн түүний сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 18 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9,900,000 төгрөгөөр тооцож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Харин осол болох үед хүний эд зүйл ачиж явсны төлбөрт 1,500,000 төгрөг нэхэмжилж байх боловч энэ талаарх холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй учир шүүх хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Н-гийн зүгээс эмчилгээний төлбөрт 13,398,096 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн эмчилгээний төлбөрт 2,500,000 төгрөгийг төлсөн болох нь талуудын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбараар тогтоогдсон тул эмчилгээний төлбөрт нэхэмжилсэн 13,398,096 төгрөгөөс 2,500,000 төгрөгийг хасаж, үлдэх 10,898,096 төгрөг, шатахууны төлбөрт 1,382,700 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 6,490,000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000 төгрөгийг 140 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 77,000,000 төгрөг, нийт 95,770,796 төгрөг нэхэмжилсэн болно.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Н нь эмчилгээний 10,898,096 төгрөгийн нэхэмжлэлд Эрүүл мэндийн даатгалын байгууллагаас гаргасан 7,193,000 төгрөгийг нэмж нэхэмжилсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүл мэндийн даатгалын байгууллагыг иргэний нэхэмжлэгчээр тогтоох, мэдүүлэг авах зэрэг хуульд заасан холбогдох ажиллагааг хийгээгүй орхигдуулсан байх тул энэхүү төлбөрийг шүүгдэгчээс шууд гаргуулах үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Эрүүл мэндийн даатгалын байгууллага энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхээр нь хангаж шийдвэрлэв.
Үлдэх эмчилгээний төлбөр 3,705,096 төгрөг, шатахууны төлбөр 1,382,700 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 6,490,000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 55,000,000 төгрөгөөр тооцож, нийт 66,577,796 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдэх 29,139,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь:
Мөрдөгчийн зүгээс “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийн дагуу хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Н-гийн сэтгэцэд учирсан хор уршгийг тавдугаар зэрэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 144 дэх тал)-ээр тогтоосон байна.
Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаартай тогтоолоор Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 550,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосон бөгөөд энэхүү тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байх үед буюу 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гэмт хэрэг гарсан байна.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Н-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, эмчилгээ хийлгэсэн байдлууд, хоёр удаа хагалгаанд орсон, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчийн насны байдал зэргийг үндэслэн түүний сэтгэцэд учирсан хор уршиг, нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 55,000,000 төгрөгөөр тооцож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.С-ын эрүүл мэндэд хүндэвтэр, хохирогч Б.Н-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирснаар хохирогч нар гэмт хэрэг гарснаас хойш өнөөдрийг хүртэл эмчилгээ, үйлчилгээгээ үргэлжлүүлэн хийлгэж байгаа, Б.Н-гийн хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар тогтоосон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр зэргийг харгалзан үзэж Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт зааснаар хохирогч нарын нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалинг хангаж шийдвэрлэв.
Иймд шүүгдэгч О.Д-ээс 27,812,920 төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.С-т, 66,577,796 төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Н нарт тус тус олгохоор шийдвэрлэлээ.
Түүнчлэн хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.С, Б.Н нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотойгоор цаашид эмчилгээ хийлгэх тохиолдолд энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч О.Д-ийг согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэрийн үндэслэлийг танилцуулсны дараа эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгч завсарлага авч, шүүхээс хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.С-т олгохоор тогтоосон 27,812,920 төгрөгөөс 8,500,000 төгрөгийг, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Н-д олгохоор тогтоосон 66,577,796 төгрөгөөс 8,500,000 төгрөгийг тус тус төлсөн байх тул уг төлсөн төлбөрийг тус тус хасаж, үлдэх 19,312,920 төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.С-т, 58,077,796 төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Н нарт тус тус олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч О.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байхыг хязгаарлах тухай дүгнэлтийг,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч нь энэ хэргийн улмаас манай үйлчлүүлэгч Б.Н-гийн биед хүнд хохирол, Г.С-ын биед хүндэвтэр хохирол учирсан байгаа. Хохирол төлбөрийн тухайд тус бүр 8,500,000 төгрөгийн хохирол төлбөр төлөгдсөн. Хохирол төлбөр бүрэн хэмжээгээр төлөгдөөгүй байгаа. Бага хэмжээгээр хохирол төлбөр төлөгдсөн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хорих болон зорчих эрхийг хязгаарлах сонгох санкцтай хэрэг тул хохирол, төлбөр төлсөн байдлыг нь харгалзан үзээд улсын яллагчийн ялын санал дээр тусгайлан гаргах саналгүй гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчийн зорчих эрх хязгаарлах ялын санал дээр өмгөөлөгчийн зүгээс маргаж мэтгэлцэх зүйл байхгүй байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нэмэлт өөрчлөлт орсон. Гэхдээ гэмт хэрэг гарах үед үйлчилж байсан хуулиараа шийдэгдэнэ. Хуучин хууль буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь өөрөө жолоодох эрхийг 1-3 жил хүртэл хугацаагаар хасах, мөн 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эсхүл хорих ял оногдуулах санкцтай. Гэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үздэг. Миний үйлчлүүлэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлж үзэх нөхцөл байдал байхгүй. Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Мөн өөрийнхөө гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлж, өөрийн боломжит хэмжээгээр хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Миний үйлчлүүлэгч өөрөө энэ ослын улмаас нарийн бүдүүн гэдэс тасраад хүнд хагалгаанд ороод олон сар ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан. Хамгийн багадаа нэг жилийн хугацаанд заавал стоми ууттай явах ёстой. Гэвч энэ хүн өөрөө 2 бага насны хүүхэдтэй, эхнэр нь ажилгүй, маш их хохирол төлбөртэй, өөрөө цалингийн зээлтэй, амьдралаа авч явдаг хүн байсан. Тийм учраас аргагүйн эрхэнд стоми уутаа авхуулаад ажилдаа ороод хоёр гуравхан сар болж байна. Гэдсэндээ ямар ч байсан хориод сантиметрийн оёдолтой, оёдол нь бүрэн эдгээгүй байгаа. Энэ хүн өөрийнхөө биед зовуурь шаналгаатай байсан ч энэ нөхцөл байдлыг үл харгалзаад хохирогч нарын хохирол төлбөрийг төлж барагдуулах санал санаачилгыг гаргаад явж байгаа. Заавал энэ хүнийг нийгмээс тусгаарлах шаардлага байхгүй. Ялангуяа зам тээврийн гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг юм. Тийм учраас цаашид ажил хөдөлмөр эрхэлж, хохирол төлбөрийг аль болох төлж барагдуулах боломжийг нь харгалзан үзэж, шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ялыг 3 жилээр биш 1 жилээр тогтоож өгнө үү. Учир нь миний үйлчлүүлэгч цахилгаанчин мэргэжилтэй, бусад газар ажлынхаа чөлөөт цагаар цахилгааны ажил хийж гүйцэтгээд нэмэлт орлого олох боломжтой байдаг. Хэрвээ нэмэлт орлого олох боломжтой байвал цалин мөнгө нь хурдан нэмэгдээд хохирогч нарын хохирол төлбөрийг төлж барагдуулах, мөн цаашид гарах эмчилгээний зардлыг нь төлж барагдуулах боломжтой болно. Хохирогч нар цаашид дахиад эмчилгээний зардал нэхэмжилнэ, хагалгаанд орно гэж байгаа. Зорчих эрх хязгаарлах ялын бүс болон эрх хасах нэмэгдэл ялын хэмжээний хувьд тусгайлан гаргах саналгүй гэх дүгнэлтийг,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.С-ын зүгээс унаатай болчихвол болно гэх, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Н-гийн хувьд хохирлоо барагдуулж авмаар байна гэх, шүүгдэгчийн зүгээс хохирол төлбөрөө ойрын хугацаанд төлж барагдуулна, ажил хөдөлмөр эрхэлж байгаад төлнө гэх тайлбарыг тус тус гаргав.
Шүүгдэгч О.Д нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.С, Б.Н нарт тус бүр 8,500,000 төгрөг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч О.Д-ийг согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Их хурал 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан үндсэн болон нэмэгдэл ялд өөрчлөлт оруулсан бөгөөд уг зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасныг “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж өөрчилжээ.
Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын доод, дээд хэмжээ, хорих, зорчих эрхийг хязгаарлах зэрэг үндсэн ялын доод хэмжээ тус тус нэмэгдсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж эрүүгийн хууль үйлчлэх цаг хугацааг тодорхойлсны дагуу шүүгдэгч О.Д-д хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийг хэрэглэж тодорхойлохоор шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч О.Д-ийг согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэвлийн хөндийн битүү гэмтэл авсан хувийн байдал зэргийг харгалзан хоёр төрлийн ялаас зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож, улмаар түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Мөн хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Н, Г.С нарын цаашид гарах эмчилгээтэй холбоотой хохирол, төлбөрийг гаргуулах, нэхэмжлэх эрхээр хангуулах зэргийг үндэслэн шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулах нь хохирогч нарын гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой гарсан зардлыг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх зэрэг хуулиар олгосон эрхүүдээ эдлэх боломжоор хангахад ач холбогдолтой гэж үзэв.
Шүүгдэгч О.Д-ийг зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэнтэй холбогдуулан түүнд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрээс гарч явахгүй байх хязгаарлалт тогтоож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д-ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Бусад асуудлаар.
Шүүгдэгч О.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.С-т 8,500,000 /найман сая таван зуун мянга/ төгрөг, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Н-д 8,500,000 /найман сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол төлбөр тус тус төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн О-ийн Д-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч О.Д-ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч О.Д-ийг зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэнтэй холбогдуулан түүнд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрээс гарч явахгүй байх хязгаарлалт тогтоож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Д-ээс нийт 77,390,716 /далан долоон сая гурван зуун ерэн мянга долоон зуун арван зургаа/ төгрөгийг гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Н-д 58,077,796 /тавин найман сая далан долоон мянга долоон зуун ерэн зургаа/ төгрөг, хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.С-т 19,312,920 /арван есөн сая гурван зуун арван хоёр мянга есөн зуун хорь/ төгрөгийг тус тус олгож, хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.С-ын иргэний нэхэмжлэлээс 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, түүний нэхэмжлэлээс 4,244,500 /дөрвөн сая хоёр зуун дөчин дөрвөн мянга таван зуу/ төгрөг, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Н-гийн иргэний нэхэмжлэлээс 29,139,000 /хорин есөн сая нэг зуун гучин есөн мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.С, Б.Н нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотойгоор цаашид эмчилгээ хийлгэх тохиолдолд, Эрүүл мэндийн даатгалын байгууллага 7,193,000 /долоон сая нэг зуун ерэн гурван мянга/ төгрөг, хохирогч Г.С-ын эд зүйл ачиж явсны төлбөр болох 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтаа тус тус бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч О.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.С-т 8,500,000 /найман сая таван зуун мянга/ төгрөг, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Н-д 8,500,000 /найман сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол төлбөр тус тус төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч О.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ