Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2022/00246

 

ЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж, 28 дугаар байрны 90 тоот хаягт оршин суух, Олхонууд овогт Энхбаатарын Мөнхсувд /РД:ЧЛ78032861/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бэлхийн 31-1 гудамж, 15 тоот хаягт бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүрэг, 16 хороо, задгайгийн 11 гудамж, 907 тоот хаягт оршин суух, Хотгойд овогт Бадарчийн Мягмарболд /РД:ГО74021975/-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Э.Мөнхсувд,

Хариуцагч Б.Мягмарболд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Э.Мөнхсувд нь хариуцагч Б.Мягмарболдоос гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 2004 оны 7 дугаар сард Б.Мягмарболдтой танилцаж, 2007 оны 8 дугаар сарын 31-ний өдөр гэр бүл болсон. Бид хамтын амьдралтай байх хугацаанд буюу 2007 оны 6 дугаар сарын 11-ний өдөр охин М.Оргилмааг төрүүлсэн, гэр бүл болж амьдрах хугацаанд Б.Мягмарболд байнга архи ууж, агсан тавьж, маргаан үүсгэн эрүүлжүүлэгдэж байсан. Гэр бүлийн амьдралтай болсон үеэс Б.Мягмарболд ажил хөдөлмөр эрхэлдэггүй, өрхийн орлогогүйгээр 2013 оны 1 дүгээр сарыг хүртэл амьдарсан. Би 2015 оны 5 дугаар сард Бүгд Найрамдах Солонгос Улс руу явж хөдөлмөр эрхэлээд 2019 оны 12 дугаар сард буцаж ирсэн. Бид тусдаа амьдарснаас эхлээд охин М.Оргилмаа нь эхийн асрамжид байж, одоо эрүүл өсч торнин, сурч боловсорч байна. Цаашид Б.Мягмарболдтой гэр бүл болж хамт амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, охин М.Оргилмааг миний асрамжинд үлдээж өгнө үү. Хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

2. Хариуцагч Б.Мягмарболд хариу тайлбартаа: Шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжиж байна. Гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн асрамж дээр ч гэсэн ямар нэг маргаан байхгүй. Одоо бид хоёр хамт амьдрахаа болиод тэр бүү хэл холбоогүй байгаа болохоор эргээд хамт амьдрах боломжгүй. Иймд гэр бүлээ цуцлуулах гэж байгаа юм гэв.

3. Нэхэмжлэгчээс 2020.01.07-ны өдрийн Нийслэлийн ерөнхий боловсролын Эрдмийн хөтөч цогцолбор сургуулийн сургалтын менежерийн болон охиныг эрүүл бойжиж байгааг тодорхойлсон эмчийн тодорхололт, Э.Мөнхсувдын оршин суугаа хаягийн тодорхойлолт болон түүний иргэний үнэмлэхний хуулбар, Хүүхдийн төрсний №0071227 Г-1647 дугаарт бүртгэсэн гэрчилгээ, гэрчлэгчдийн №0069032-Г1261 тоот гэрчилгээний хуулбарууд, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчийн 2020.01.28-ны өдрийн 22 тоот Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэргийг,

Хариуцагчаас иргэний үнэмлэхний хуулбараа баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэргийг хянан хэлэлцэхэд дараах нөхцөл байдал тогтоогдсон учир нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Э.Мөнхсувд дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Б.Мягмарболд архи байнга ууж, агсан тавьж, маргаан үүсгэдэг. Гэр бүл байх хугацаанд ажил хөдөлмөр эрхэлж, өрхийн орлого олдоггүй байснаас болж 2013 оны 01 дүгээр сараас хойш салж тусдаа амьдарсан. Тэр үеэс охин М.Оргилмаа нь эх миний асрамжинд өсч ториносон. Цаашид Б.Мягмарболдтой гэр бүл болж хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байгаа бөгөөд хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэжээ.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн. Үүнд: Э.Мөнхсувдаас гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч, охиныг эхийнх нь асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй гэж тодорхойлсон.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2020.01.07-ны өдрийн Нийслэлийн ерөнхий боловсролын Эрдмийн хөтөч цогцолбор сургуулийн сургалтын менежерийн болон охиныг эрүүл бойжиж байгааг тодорхойлсон эмчийн тодорхойлолтууд, Э.Мөнхсувдын оршин суугаа хаягийн тодорхойлолт болон иргэний үнэмлэхний хуулбар, Хүүхдийн төрсний №0071227 Г-1647 дугаарт бүртгэсэн гэрчилгээ, гэрчлэгчдийн №0069032-Г1261 тоот гэрчилгээний хуулбарууд, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчийн 2020.01.28-ны өдрийн 22 тоот Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5. Э.Мөнхсувд, Б.Мягмарболд нар нь 2007 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гэр бүл болсныг иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгогдсон хууль ёсны гэр бүл байх бөгөөд 2007 оны 06 дугаар сарын 11-ний өдөр охин М.Оргилмааг төрүүлж, эцэг, эхийн үүргийг гүйцэтгэн, гэр бүлээрээ 2013 оны 01 дүгээр сарыг хүртэл амьдарсан байна.

6. Гэрлэгчид нь гэр бүлийн амьдралтай байх хугацаанд нөхөр Б.Мягмарболд нь архи байнга ууж, агсан тавьж, хэрүүл маргаан үүсгэдэг, хөдөлмөр эрхэлдэггүй, гэр бүлийн орлогогүйн улмаас таарч тохирохгүй шалтгаанаар хамт амьдрах боломжгүй болж, 2013 оны 01 дүгээр сараас хойш охин М.Оргилмааг нэхэмжлэгч Э.Мөнхсувд асрамжидаа авч, тус тусдаа өнөөг хүртэлх хугацаанд амьдарцгаажээ.

7. Тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлал гэрлэлт цуцлах тухай уг өргөдлийг хүлээн авч эвлэрүүлэх ажиллагаа явуулсан боловч амжилтгүй болж Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлд зааснаар 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 22 тоот Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон нь гэрлэгчид цаашид эвлэрэн хамтарч амьдран, гэр бүлээ хэвийн үргэлжүүлэх боломжгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

8. Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т заасан гэрлэгчид бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, бие биеэ халамжлах, хүндэтгэх, туслах, эхнэр нөхрийн дотно харьцаатай байх, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй байх үүргийг Э.Мөнхсувд, Б.Мягмарболд нарын хэн аль нь гүйцэтгээгүйгээс тус тусдаа амьдрах болсон байдал нь гэрлэлт цуцлуулах шалтгаан болжээ.

9. Зохигчид гэр бүлийн амьдралаа цаашид хэвийн хадгалан үргэлжлүүлэх хүсэлгүй, гэрлэлтээ цуцлуулахыг талууд харилцан зөвшөөрч байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

10. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заасан ба мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ тэжээн тэтгэх, хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээдэг.

11. Нэхэмжлэгч Э.Мөнхсувдын асрамжинд охин М.Оргилмааг үлдээж, хүүхэд эхийн асрамжинд үлдсэн ч эцэгтэйгээ уулзах эрхийг эх нь хориглох болон хязгаарлахгүй байхыг нэхэмжлэгчид даалгах нь зүйтэй байна.

12. Гэрлэгчид гэр бүлийн дундын өмч болон хүүхдийн тэтгэлэг тогтоолгох талаар нэхэмжлэл гаргаагүйг дурдах нь зүйтэй.

13. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас уг мөнгийг гаргуулж нэхэмжлэгчид олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасныг баримтлан Хотгойд овогт Бадарчийн Мягмарболд, Олхонууд овогт Энхбаатарын Мөнхсувд нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2007 оны 06 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин М.Оргилмааг эх Э.Мөнхсувдын асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд нэхэмжлэгч Э.Мөнхсувд, хариуцагч Б.Мягмарболд нар нь дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд нь хэн алиндаа саад учруулахгүй байх үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах /Д.Тунгалаг/-д даалгасугай.

5. Гэрлэгчид гэр бүлийн дундын өмч болон хүүхдийн тэтгэлэг тогтоолгох талаар маргаангүй, нэхэмжлэл гаргаагүй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Мягмарболдоос 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Мөнхсувдад олгосугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ