Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2026 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 001/хт2026/00061

 

Д.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батчимэг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн

2025 оны 09 дүгээр сарын 08-ны 192/ШШ2025/06911 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 210/МА2025/02007 дугаар магадлалтай,

Д.Г-ын нэхэмжлэлтэй,

П.ГА, П.ГЭ нарт холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, олох байсан орлогод 6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э, өмгөөлөгч Б.Ц нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөгч И.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц, хариуцагч П.ГА-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч П.ГА, П.ГЭ нарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, олох байсан орлогод 6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

2. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны 192/ШШ2025/06911 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 110 дугаар зүйлийн 110.1, 106 дугаар зүйлийн 106.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар Д.Г-ын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэгдсэн *** тоот байр 7 дугаар давхарт байрлах 107.26 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг П.ГА, П.ГЭ нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, үлдэх П.ГА, П.ГЭ нараас 6,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70,200 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 210/МА2025/02007 дугаар магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны 192/ШШ2025/06911 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Д.Г-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 7 дугаар хороо, баа-2 дугаар гудамж, 14 тоот байр 7 давхарт байрлах 107.26 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч П.ГА, П.ГЭ нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, хариуцагч П.ГА, П.ГЭ нараас 6,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Д.Г-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч П.ГЭ-ийн улсын тэмдэгтийн хураамжид 2025.10.22-ны өдөр урьдчилан төлсөн 182,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э, өмгөөлөгч Б.Ц нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “ ...

4.1. 2023.03.10-ны өдөр Д.Г- нь П.ГЭ-тэй Арилжааны гэрээ байгуулж, тус гэрээгээр өөрийн өмчлөлийн *** тоот хаягт байрлах орон сууцуудыг 200,000,000 төгрөгөөр үнэлэн Улаанбаатар хот, *** тоот байрны 7-р давхрын 107.26 м.кв талбай бүхий орон сууцаар харилцан солилцож, өмчлөх эрхийг шилжүүлсэн бөгөөд 2023.03.13-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан. 2023.03.15-ны өдөр нэхэмжлэгч Д.Г нь П.ГА, П.ГЭ нартай “Ирээдүйд эд хөрөнгө худалдан авах гэрээ”-г байгуулж, тус гэрээний дагуу А хотхонд байх 50 м.кв талбайгаас доошгүй орон сууцыг худалдан авахаар тохиролцож, 2023.03.10-ны өдөр байгуулсан Арилжааны гэрээний дагуу П.ГЭ-д шилжүүлсэн *** тоот, *** хаягт байрлах орон сууцуудыг 200,000,000 төгрөгөөр үнэлэн төлбөрт нь тооцсон. Худалдагч тал болох П.ГА, П.ГЭ нар нь Д.Г-ын 2 орон сууцыг өмчлөлдөө шилжүүлж аван захиран зарцуулсан боловч 2023.08.01-ний өдрөөс өмнө А хотхонд байх 50 м.кв талбайгаас доошгүй орон сууцыг Д.Г-ын нэр дээр захиалгын гэрээ хийх, гэрчилгээ гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй. Иймд Талууд 2023.09.19-ний өдөр “Ирээдүйд эд хөрөнгө худалдан авах гэрээ”-нд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг байгуулсан. Тус гэрээгээр Б тал болох хариуцагч нар нь 2023.10.30-ны өдрийн дотор энэхүү Гэрээний дагуу *** хотхоны байр шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тохиолдолд Д.Г- нь Улаанбаатар хот, *** тоот байрны 7-р давхрын 107.26 м.кв талбай бүхий орон сууцыг захиран зарцуулах, бусдад шилжүүлэх, эзэмшил, ашиглалтыг шилжүүлэн авах эрхтэй” байхаар нөхцөлийг тохиролцсон. Хариуцагч П.ГЭ, П.ГА нарын зүгээс 2023.10.30-ны өдрийн дотор *** хотхоны орон сууцыг Д.Г-д шилжүүлэх нөхцөлийг биелүүлээгүй тул нэхэмжлэгч Д.Г- нь 2023.11.24-ний өдөр ***-р байр, 7 давхарт байрлах 107,26 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, олох байсан орлогод 6,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Дээрх үйл баримтыг үнэлэх, тохирох хууль тогтоомжийг сонгож хэрэглэх тал дээр 2 шатны шүүх зөрүүтэй шийдвэрлэсэн тул ийнхүү хууль хэрэглээний зөрүүг арилгах үүднээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” гэх үндэслэлийг баримтлан энэхүү гомдлоо гаргаж байгаа болно.

4.2. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхээс Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 110 дугаар зүйлийн 110.1, 106 дугаар зүйлийн 106.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч нарын хууль бус эзэмшлээс маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлж, 6,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо тодруулбал, маргаан бүхий орон сууцыг баталгаа болгож шилжүүлсэн тул нэхэмжлэгч Д.Г нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч биш гэж үзсэн. Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан 2023.09.19-ний өдрийн гэрээгээр гэрээний үүргийг сольсон эсэх нь маргаантай, Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасны дагуу үүрэг солигдсон гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй, нэхэмжлэгчийн хүлээн авах ёстой байсан үүргийн хэмжээ маргааны зүйл болсон хөрөнгийн хэмжээ эрс зөрүүтэй гэж тус тус дүгнэсэн. Давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу илэрхийлсэн хүсэл зориг, үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж чадаагүйгээс хууль хэрэглээний алдаатай шийдвэр гаргасан гэж үзэж байна. Хэдийгээр 2023.03.10-ны өдөр байгуулсан Арилжааны гэрээгээр Д.Г-ын нэр дээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн нь үүрэг гүйцэтгэх баталгаа болгох зорилготой байсан гэж 2023.03.15-ны өдрийн гэрээнд дурдсан боловч 2023.09.19-ний өдрийн гэрээний 1-р зүйлд, гэрээний нэрийг “Арилжааны гэрээ” болгож өөрчилсөн, 5-р зүйлд, 2023.10.30-ны өдрийн дотор гэрээний нөхцөл биелээгүй тохиолдолд 2023.03.10-ны өдөр байгуулсан Арилжааны гэрээний дагуу Д.Г-ын нэр дээр шилжүүлсэн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн эрхийг Д.Г нь хэрэгжүүлэх эрхтэй болохыг талууд тохиролцсон. Хэрэв гэрээ хүчин төгөлдөр бол уг гэрээний дагуу нэхэмжлэгч Д.Г өөрийн өмчлөлд авсан үл хөдлөх хөрөнгийг эзэмшилдээ авах, мөн түүнчлэн захиран зарцуулах эрхтэй болж байхад энэхүү хэлцэл хүчин төгөлдөр гэж дүгнэсэн атлаа Д.Г-ын гэрээний дагуух шаардах эрхийг үгүйсгэж байгаа нөхцөл байдал нь давж заалдах шатны шүүх хэргийг бодитой үнэлээгүй гэж үзэх үндэслэл болж байна. Түүнчлэн хүлээн авах ёстой байсан үүргийн хэмжээ маргааны зүйл болсон хөрөнгийн хэмжээ эрс зөрүүтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний чөлөөт байдлын зарчим, гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох талуудын эрхэд халдсан дүгнэлт болсон. Нэмж дурдахад, Д.Г-ын шилжүүлсэн гэх 2 орон сууц нь 28, 32,2 м.кв талбайтай гэж бичиг баримт дээр тусгагдсан боловч бодит байдал дээрээ тус бүрдээ 60 гаруй м.кв талбай бүхий орон сууцууд байсан. Учир нь Улсын бүртгэлийн хуучны системийн дагуу гал тогоо, коридорын м.кв нь орон сууцны талбайн хэмжээнд бүртгэгдээгүй буюу нийт талбайд ороогүй болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нарын зүгээс Д.Г-ын өмчлөх эрх дээр маргаагүй байхад яг ямар үндэслэлээр “үүрэг солигдсон эсэх нь маргаантай”, эсхүл “эргэлзээтэй” гэж дүгнэж байгаа нь, түүнчлэн эргэлзээтэй учраас “шаардах эрхгүй” гэж шууд дүгнэж байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосноор Д.Г-ын хувьд “өмчлөх эрхтэй холбоотой болон талуудын хооронд байгуулсан гэрээнүүдийн хүчин төгөлдөр бус эсэх дээр” хариуцагч талаас ямар нэгэн сөрөг нэхэмжлэл гаргаагүй байхад өмчлөгчийн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болгож байгааг шүүхээс анхаарч үзэхийг хүсч байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр баримтлан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.11.17-ны өдрийн 210/MA2025/02007 дугаартай магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э, өмгөөлөгч Б.Ц нарын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026.02.06-ны өдрийн 001/ШХТ2026/00181 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э, өмгөөлөгч Б.Ц нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

7. Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч П.ГА, П.ГЭ нарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, олох байсан орлогод 6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “... Би П.ГА, П.ГЭ нартай 2023.03.15-ны өдөр “Ирээдүйд эд хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээг байгуулж, тус гэрээгээр *** хотхонд байх 50 м.кв талбай бүхий орон сууцыг худалдан авах, төлбөр тооцоог төлөх тухай харилцааг зохицуулсан. Уг орон сууцыг ирээдүйд худалдан авах зорилгоор урьдчилгаа төлбөрт өөрийн өмчлөлийн *** тоотод байрлах, 32.2 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэлтэй орон сууц, мөн дүүрэг, хороо, хорооллын 10 дугаар байр 38 тоотод байрлах, 28 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэлтэй орон сууцыг нийт 200,000,000 төгрөгт тооцож П.ГЭ-ийн өмчлөлд шилжүүлсэн. Харин хариуцагч нар ирээдүйд худалдан авах өмчлөх эрхийн гэрчилгээ гарах хүртэл хугацаанд баталгаа болгож *** тоот байр, 7 дугаар давхарт байрлах, 107.26 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай эд хөрөнгийг миний өмчлөлд шилжүүлсэн. Хариуцагч нар гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул 2023.09.19-ний өдөр ирээдүйд эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг ... дээрх үл хөдлөх эд хөрөнгийг ... өмчлөлд шилжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино гэж зорилгоо өөрчилж, нэмэлт оруулсан ба ... гэрээнд заасан үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулахаар чөлөөлж өгөхийг шаардсан боловч өнөөдрийг хүрч, хууль ёсны өмчлөгч миний эрхийг зөрчиж байна. Мөн миний өмчлөлийн байсан 2 орон сууцны нэгийг нь 1,200,000 төгрөгөөр, нэгийг нь 8,000,000 төгрөгөөр тус тус бусдад хөлслүүлж, сар бүр 2,000,000 төгрөгийн орлого олж байсан тул хариуцагч П.ГА-аас 9, 10, 11 дүгээр сарын түрээсийн төлбөр буюу ... олох байсан орлогод 6,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэж тодорхойлжээ.

8. Хариуцагч П.ГА нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “… Д.Г нь 2023 оны 03 сард *** ойролцоо хотын захад байрлалтай 2 орон сууцаа, байрлал гайгүй газарт 2 өрөө орон сууц болгох зорилгоор бид хоорондоо харилцан тохиролцсон. Миний өгөхөөр тохиролцсон *** хотхонд байх 50 м.кв талбай бүхий орон сууц ашиглалтад орохгүй байсан тул П.ГЭ-ийн өмчлөлийн Улаанбаатар хот, *** тоот хаягт байрлах, үйлчилгээний зориулалттай 107,26 м.кв талбай, Ү-*** дугаарын гэрчилгээ бүхий Дуплекс загварын үл хөдлөх хөрөнгийг түр хугацаагаар барьцаалж, гэрээ байгуулсан. П.ГЭ-ийн өмчлөлийн хөрөнгийг Д.Г-д баталгаа болгон барьцаалсан хэлцэл байсан болохоос биш үнэн хэрэгтээ хөрөнгөө өмчлөлд нь шилжүүлээгүй гэдгийг Д.Г, сайн мэдэж байсан. Энэ үл хөдлөх хөрөнгө бол бидний хийсэн гэрээ хэлцлийн үнэтэй харьцуулахааргүй ханштай буюу 800,000,000 төгрөгийн үнэ бүхий хөрөнгө юм.” гэж маргажээ.

9. Хариуцагч П.ГЭ нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “…2023 оны 3 дугаар сард Д.Г нь П.ГА-тай тохиролцохдоо хотын захад байрлалтай 2 орон сууцаа төв рүү 2 өрөөтэй нэг орон сууц болгомоор байна гээд Арцатын байранд гэрээ хийгдсэн юм билээ. Надтай тохиролцохдоо баталгаа буюу *** ашиглалтад ортол л нэр дээр нь байлгана гэж хэлсэн. Ингээд 80 хувийн гүйцэтгэлтэй барилгаа барьцаалуулахыг зөвшөөрсөн болохоос зарах санаа зорилго байгаагүй. Мөн 107,26 м.кв байр бол дээшээ дуплекс загвартай учраас одоо 206 м.кв болчихсон. Манайх уг барилгад хөрөнгө оруулалт хийчихсэн, ... энэ худалдан авах гэрээ бол халхавчилсан хүчин төгөлдөр бус учраас хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 800,000,000 төгрөгийн үнэтэй эд хөрөнгийг 200,000,000 төгрөгөөр авна гэж байхгүй, хохиролтой. Мөн төлбөртөө байр шилжүүлчхээд тэрнээсээ олох байсан орлого нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, ийм тохиролцоо байхгүй. ...” гэж маргажээ.

10. Анхан шатны шүүх “... Эд хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлж байгаа харилцаа нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээ бөгөөд талуудын хамгийн сүүлд буюу 2023.09.19-ний өдөр “Ирээдүйд эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” гэрээ нь дээрх шинжийг агуулж байна. Тодруулбал, талууд анх хариуцагч талын тайлбарлаж байгаа шиг ***-2 хотхонд байршилтай орон сууцны гэрчилгээг гаргаж өгөх хүртэл хугацаагаар баталгаа болгож маргаж буй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Д.Г-ын нэр дээр шилжүүлэхээр тохиролцож, улмаар уг үүрэг биелэгдээгүйн улмаас гэрээний зүйлийг өөрчилж, *** тоот байр 7 дугаар давхарт байрлах 107.26 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч нар нь нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон байна. … Хэрэгт авагдсан баримтаар талууд 2023.03.15-ны өдрийн анхны тохиролцоог биелүүлэх боломжгүй болсон учраас уг гэрээнд 2023.09.19-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, маргаан бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг арилжааны гэрээний зүйл болгосон байх тул нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулагдсан 2023.09.19-ний өдөр байгуулагдсан арилжааны гэрээг өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхгүй. Улмаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. ... хариуцагч П.ГЭ, П.ГА нарыг үүрэг зөрчсөн гэж үзэж 6,000,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй, энэ талаарх хариуцагч нарын татгалзал үндэслэлтэй. ...” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагаасүйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлөх шаардлагыг хангаж, үлдэх шаардлага хохиролд 6,000,000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

11. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба магадлалд “... Анхан шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй ... Талуудын хооронд байгуулсан 2023.03.10-ны өдрийн Арилжааны гэрээ болон 2023.09.19-ний өдрийн “Ирээдүйд эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” гэрээний агуулгыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2 дахь хэсэгт заасан зарчмаар тайлбарлаагүй алдаа гаргаснаас маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг зөвхөн Д.Г-ын өмч гэж дүгнэж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь буруу. Дээрх гэрээний талуудын анхдагч хүсэл зориг нь үл хөдлөх хөрөнгүүдийг арилжих агуулгагүй, харин *** хотхонд байрлах 50 м.кв талбайтай 2 өрөө орон сууц худалдан авах зорилгоор нэхэмжлэгч Д.Г өөрийн өмчлөлийн 2 ширхэг орон сууцыг хариуцагч П.ГЭ-ийн өмчлөлд шилжүүлж, хариуцагч П.ГЭ-ийн өмчлөлийн маргаан бүхий 107.26 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг баталгаа болгож нэхэмжлэгчид шилжүүлсэн гэж үзэхээр байна. Тодруулбал, талууд ... үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг түр хугацаагаар шилжүүлэх хүсэл зориг илэрхийлэгдсэн. Хариуцагч П.ГА нь *** хотхоны 50 м.кв талбайгаас доошгүй хэмжээтэй орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэн өгөх гэрээний үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тул талууд хожим харилцан тохирч гэрээний үүргийг сольсон эсэх нь маргаантай. ... нэхэмжлэгчийн хүлээж авах үүргийн хэмжээ 50 м.кв талбайтай хөрөнгө байхад, хүлээж авсан нь 107.26 м.кв талбайтай хөрөнгө байх тул нэхэмжлэгчийн хүлээж авах ёстой байсан үүргийн хэмжээ, маргааны зүйл болсон хөрөнгийн хэмжээ эрс зөрүүтэй гэж үзнэ. Мөн 2023.09.19-ний өдөр Ирээдүйд эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээнд заасан ... тохиролцоо нь үүргийн шилжилт бус нэхэмжлэгчид 50 м.кв орон сууц шилжүүлэх хариуцагч нарын үүргийг нэмэгдүүлж гэрээний үүргийг өөрчилсөн шинжтэй байна. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон бол үүрэг дуусгавар болох боловч үүрэг солигдсон гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй тул 2023.09.19-ний өдрийн гэрээгээр талууд үүрэг солихоор харилцан тохиролцсон гэж үзэхгүй. Эдгээрийг нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгчийг маргааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг олж авсан гэрээний талаар үлэмж маргаантай байх тул хариуцагч хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэл бүрдээгүй тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас хөрөнгийг шаардах эрхгүй. ...” гэсэн дүгнэлт хийжээ. 

12. Дээрх байдлаар хоёр шатны шүүх талуудын гэрээгээр тохиролцсон өмчлөх эрх шилжүүлэх тухай хүсэл зоригийн агуулгыг өөр өөрөөр тайлбарлаж, улмаар нэхэмжлэгчийн өмчлөх эрх зөрчигдсөн эсэх талаар ялгаатай шийдэл гаргасан ба энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

13. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Д.Г болон хариуцагч П.ГЭ, П.ГА нарын хооронд 2023.03.10-ны өдөр “Арилжааны гэрээ” нэртэй гэрээ, 2023.03.15-ны өдөр “Ирээдүйд эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”, 2023.09.19-ний өдөр “Ирээдүйд эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ буюу тус тус 3 гэрээ байгуулагдсан, эдгээр гэрээгээр нэхэмжлэгч Д.Г-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэлтэй, *** тоот, 32.2 м.кв хэмжээтэй, орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэлтэй, *** тоот, 28 м.кв хэмжээтэй, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус хариуцагч П.ГЭ-ийн өмчлөлд, түүний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, *** тоот, 7-р давхар, 107.26 м.кв хэмжээтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Д.Г-ын өмчлөлд тус тус шилжүүлэхээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл баримт тогтоогдсон.

14. Нэхэмжлэгч нь 2023.09.19-ний өдрийн “Ирээдүйд эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэлтэй, *** хаягт байршилтай, 107.26 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардлага гаргаж, зохигч уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон хариуцагчийн эзэмшил хууль бус эсэх асуудлаар маргасан.

15. Зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлохдоо анхан шатны шүүх Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д заасан арилжааны гэрээ байгуулагдсан гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх талуудын хүсэл зориг нь үл хөдлөх эд хөрөнгийг арилжих агуулгагүй ба нэхэмжлэгч худалдах-худалдан авах зорилгоор, хариуцагч өөрийн хөрөнгийг баталгаа болгож, харилцан шилжүүлсэн гэж дүгнэжээ.

Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д зааснаар арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээдэг бол хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2-т зааснаар “Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна.”, “Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана.”

Иймээс зохигчийн хооронд байгуулагдсан дээрх 3 гэрээнд тусгагдсан хүсэл зоригийн агуулгыг тайлбарлах замаар тэдний хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлох нь зүйтэй.

16. Зохигч талууд эхний гэрээгээр нийт 200,000,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон бол 2023.03.15-ны өдрийн гэрээнд зорилгыг “талууд *** хотхон-д байх 50 м.кв талбайтай орон сууц худалдан авах худалдах гэрээний төлбөр тооцоог төлөх тухай харилцааг энэхүү гэрээгээр зохицуулна.” гэж тодорхойлж, нэхэмжлэгчээс ирээдүйд худалдан авах орон сууцны урьдчилгаа төлбөрт 2 ширхэг орон сууцыг 200,000,000 төгрөгт тооцож шилжүүлэх, хариуцагч үүргийн гүйцэтгэл хангах, худалдаж байгаа орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гарах хүртэл хугацаанд барьцаа баталгаа болгож үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч Д.Г-д шилжүүлсэн талаар дурдсан.

Улмаар зохигч 2023.09.19-ний өдөр дээрх гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд ингэхдээ гэрээг “арилжааны гэрээ” гэж нэрлэж, зорилгыг тус тус өмчлөлд байгаа үл хөдлөх эд хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулах гэж дурдаад, нэхэмжлэгчээс нийт 2 шихрэг орон сууцыг 200,000,000 төгрөгт тооцож, Б тал буюу хариуцагчийн өмчлөлд, хариуцагчаас үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 200,000,000 төгрөгт тооцож, А талын өмчлөлд тус тус шилжүүлсэн, хариуцагч буюу Б тал нь *** хотхоноос авах орон сууцыг 2023.10.30-ны дотор нэхэмжлэгч буюу А талд шилжүүлсэн тохиолдолд талууд өмнө шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг буцаан шилжүүлэх, харин энэ нөхцөл хэрэгжээгүй бол нэхэмжлэгч үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээдэд захиран зарцуулах, өмчлөх эрхийг шилжүүлэх, эзэмшил ашиглалтыг шилжүүлэх, шилжүүлэн авах эрхтэй байхаар тус тус тохиролцсон.

Дээрх гэрээнүүдийн агуулга, зорилго, зохигчийн тайлбараас тус тус үзэхэд нэхэмжлэгч *** хотхонд 50 м.кв талбай бүхий орон сууцыг худалдан авах зорилгоор урьдчилгаа төлбөрт өөрийн өмчлөлийн 2 ширхэг орон сууцыг хариуцагч П.ГЭ-ийн өмчлөлд шилжүүлсэн, хариуцагч П.ГА нь *** хотхоныг барьж ашиглалтад оруулж, нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг хүлээж, үүний баталгаа болгож П.ГЭ-ийн өмчлөлийн үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн ба *** хотхоныг барьж ашиглалтад оруулж, нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэний улмаас талууд гэрээг өөрчилж, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, талуудын хүсэл зоригийн илэрхийллийн агуулга нь ***-хотхонд 50 м.кв талбай бүхий орон сууцыг худалдах, худалдан авах зорилготой байсан боловч хариуцагч талаас энэ үүргээ биелүүлээгүйгээс талууд харилцан тохиролцож гэрээнд өөрчлөлт оруулан аль аль талаас нийт 200,000,000 төгрөгт тооцож үл хөдлөх эд хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэхээр тохиролцож шилжүүлсэн байх тул зохигчийн хооронд арилжааны гэрээ байгуулагдсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д нийцсэн.

Хоёр шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн нь зөв бөгөөд харин давж заалдах шатны шүүх талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, түүний агуулгыг зөв тайлбарлаж чадаагүйгээс хуулийг буруу хэрэглэсэн.

17. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчимтай.

Хариуцагч талаас *** хотхонд 50 м.кв талбай бүхий орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, энэхүү үүрэг биелэгдэх боломжгүй талаар хариуцагч нар тайлбарласан тул гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч өмчлөх эрхээ хэрэгжүүлэхээр шаардах эрхтэй байна.

Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байх бөгөөд нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс гаргуулахаар шаардах эрхтэй гэж үзсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д нийцсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн.

18. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.” бөгөөд энэ шаардах эрхийн хүрээнд нэхэмжлэгч нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байхын зэрэгцээ нөгөө талаас үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшилдээ байлгаж байгаа хариуцагч нарын хувьд тэдний эзэмшил хууль ёсны эсэх асуудал хамааралтай.

Тодруулбал, нэхэмжлэгч Д.Г нь *** хаягт байршилтай, 107.26 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хүчин төгөлдөр хэлцлийн үндсэн дээр олж авсан тул түүнийг маргаан бүхий хөрөнгийн хувьд өмчлөгч гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардах эрхтэй байна.

19. Давж заалдах шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан 3 гэрээг тайлбарлахдаа үүрэг солигдсон гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг олж авсан гэрээний талаар үлэмж маргаантай гэсэн үндэслэл дурдаж, хариуцагч нарын эзэмшлийг хууль ёсны гэж үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй гэж үзнэ.

Учир нь дээрх 3 гэрээ нь хоорондоо уялдаа холбоо бүхий өөр өөр агуулгыг илэрхийлсэн бөгөөд талууд гэрээгээр үүргийг солихоор тохиролцсон гэж үзэхээс илүүтэй эхний гэрээгээр үл хөдлөх эд хөрөнгийг харилцан шилжүүлэх, дараагийн гэрээгээр 2 ширхэг орон сууцны хувьд худалдаж авах үл хөдлөх эд хөрөнгийн урьдчилгаа төлбөрт шилжүүлэх, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хувьд уг худалдаж авах үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчид шилжүүлэх хүртэл хугацаанд үүргийн гүйцэтгэлийг хангах агуулгаар нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон байсан боловч гэрээнд заасан энэхүү нөхцөл хэрэгжих боломжгүй болсноор сүүлийн байдлаар талууд өмнө үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг харилцан шилжүүлснийг хэвээр үлдээхээр хүсэл зоригийг илэрхийлсэн байна.

Талуудын сүүлд байгуулсан 2023.03.19-ний өдрийн гэрээнд нийт 2 ширхэг орон сууцыг болон үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг харилцан шилжүүлэхээр тохиролцсон, уг 2 ширхэг орон сууц тус бүр 100,000,000 төгрөгийн үнэтэй, үйлчилгээний зориулалт бүхий 1 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 200,000,000 төгрөг болох талаар тухай бүр дурдсан, мөн “... *** хотхоноос 42 м.кв талбайтай хоёр ширхэг орон сууцыг 1м.кв талбайн үнэ нь 2,500,000-2,800,000 төгрөгөөр тооцохоор талууд тохиролцов ..., ... гэрээг байгуулснаас хойш үл хөдлөх эд хөрөнгийн үнэд өөрчлөлт оруулахгүй байхаар тогтов. ...” гэж заасан.

Энэ нь давж заалдах шатны шүүхийн дүгнэсэнчлэн үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ, үнэ эрс зөрүүтэй, энэ нь нэхэмжлэгчийг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг олж авсан гэрээний талаар үлэмж маргаантай гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд талууд гэрээний үнийг 200,000,000 төгрөг болохыг гэрээнд тодорхой заасан, мөн харилцан шилжүүлэх үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээг эрс зөрүүтэй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Өөрөөр хэлбэл үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээ, үнийн талаар хариуцагчийн тайлбарт дурдсанчлан 800,000,000 төгрөгийн үнэ бүхий 107,26 м.кв дээшээ дуплекс загвартай болгож, хэмжээ нь 206 м.кв болсон гэсэн тайлбар хэргийн баримтаар тогтоогдоогүй болохыг давж заалдах шатны шүүх анхаараагүй, хариуцагчийн эзэмшлийг хууль ёсны гэж үзсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д нийцээгүй.

20. Түүнчлэн хариуцагч талаас үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийг үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож, нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн гэх ба талуудын хооронд байгуулагдсан 2023.03.15-ны өдрийн гэрээнд энэ агуулга тусгагдсан боловч 2023.09.19-ний өдрийн гэрээгээр ***-2 хотхонд орон сууц шилжүүлсэн тохиолдолд уг үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч буцаан шилжүүлэхээр өөрчлөлт оруулсан хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр байна.

21. Хэргийн баримтаар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэлтэй, *** тоот хаягт байршилтай, 107.26 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө нь 2017.04.10-ны өдөр хариуцагч П.ГЭ-ийн өмчлөлд бүртгэхэд 80 хувийн гүйцэтгэлтэй талаар гэрчилгээнд тэмдэглэгдсэн, харин нэхэмжлэгч Д.Г-ын өмчлөлд 2023.03.13-ны өдөр бүртгэхэд үл хөдлөх эд хөрөнгийн гүйцэтгэлийн хэмжээ тэмдэглэгдээгүй байх ба энэ нь талуудын гэрээний нөхцөлийг өөрчлөх, тэдний хүсэл зоригийн агуулгыг гэрээнд зааснаас өөрөөр тайлбарлах үндэслэл болохгүй.

22. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгч өөрийн нэр дээр бүртгэлтэй, өмчлөх эрхийг гэрээний дагуу олж авсан, хүчин төгөлдөр гэрээний үүргийг хариуцагч нараас шаардах эрхтэй тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна. 

23. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 210/МА2025/02007 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны 192/ШШ2025/06911 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э, өмгөөлөгч Б.Ц нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч Д.Г-ын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025.12.30-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.УНДРАХ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                                      Н.БАТЧИМЭГ

                                                                                            Д.ЦОЛМОН

                                                                                            Х.ЭРДЭНЭСУВД