Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2500

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2018/01988 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Н.Г-ын хариуцагч “Ж” ХХК-д холбогдуулан гаргасан гэм хорын хохирол 5 989 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 7 дугаар сарын 07-ны өдөрт шилжих шөнө 03-04 цагийн орчимд Говь-Алтай аймгаас 22 км-ийн зайд, төв засмал зам дээр баригдаж байгаа байгууламжийн орчим явж байхад чиглэлийн тэмдэг тавьсан /хаалт/ овоолсон шороо гарч ирсэн. Уг хаалт нь барьж байгаа байгууламжийн баруун талд байсан тул байгууламжийг тойроод шороон зам руу ороод явж байгаад хаалт дуусахад зам хоёр салсан. Нэг зам нь гүвгэр дээгүүр даваад, нөгөө зам нь салаад байгууламжаа тойроод хар зам руу орсон. Тухайн үед харанхуй байсан учраас замаа алдахгүйн тулд би засмал зам руу буцаж ороход ямар нэгэн хориглосон тэмдэг, тэмдэглэгээ байгаагүй тул гэрлээ шилжүүлээд засмал зам руу орсон. Уг байгууламжаас 50-100 метрийн зайд хаалт харагдсан. Хаалт гэх овоолсон шорооны тал хэсэг нь засмал замтайгаа тэгширч, тал нь сэтэрсэн, байнгын машин явдаг байдалтай, асфальтан зам дагтаршсан байсан бөгөөд хаалтад тулж очиход өмнөөс Приус маркийн машин ирж байсан. Уг хаалт нь газраас дээш 1 м орчим өндөртэй байсан. Тэмдэг нь замын баруун гар талын овоолсон шороон дээр нь цаашаа буюу зүүн тийшээ харуулж Р буюу зогсоолын тэмдэг тавьж, Р үсэгний доор нь цаашаа харуулсан байдалтайгаар хойшоо буюу баруун тийш заасан чиглэлийн тэмдгийг байрлуулсан байсан. Би тухайн ирж байгаа машинд цааш нь харуулсан тэмдэг нь үйлчлэх юм байна, тэмдгийн дагуу зүүн тийш салсан шороон замаар салах юм байна гэж бодоод хаалтад тулаад очтол ирж явсан Приус маркийн машины жолооч тэр чигээрээ ирж мөргөсөн. Хэрэв тэр хаалт, хашилт стандартын шаардлага хангасан байсан бол би хаалтад тулж, буцаад эргэх байсан. Иймд зам тээврийн осол гарах болсон гол буруутан “Ж” ХХК гэж үзэж байна. Учир нь тус компани зам дээр шинээр байгууламж барих ажлыг гүйцэтгэж байсан бөгөөд замын хаалт, заах тэмдэг, тэмдэглэгээг зохих журмын нь дагуу байрлуулаагүйн улмаас тээврийн хэрэгсэл хоорондоо мөргөлдөж, зам тээврийн осол гарч, эд хөрөнгөд 5 754 000 төгрөгийн хохирол учирсан. “Ж” ХХК нь замын хоёр талдаа авто машин орох боломжгүйгээр хаалт хийн засварын ажил, үйлчилгээ хийж байгаа үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах баруун тийш эргэх заах тэмдэг, энэ тэмдэгний дээр нь зогсоолын тэмдэг тавьсан. Энэ хаалтан дээр зогсоолын тэмдэг тавигдахгүй. Баруун гар тийш эргэх чигийг заасан тэмдэг нь тухайн арал хашилт болон тусгаарлах зурвасын эхлэл дээр зорчих хэсгээс гаргаж байрлуулна. Уг байрлуулах газарт дотроосоо гэрэлтүүлэгтэй суурь байвал тэмдгийг түүн дээр байрлуулна гэж заасан заалтыг зөрчсөн гэсэн. Иймд хариуцагч “Ж” ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас зам тээврийн осол гарсан гэж үзсэн тул авто машинд учирсан хохирол 5 754 000 төгрөг, үнэлгээний хөлс 235 000 төгрөг, нийт 5 989 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж” ХХК нь Говь-Алтай аймгийн Алтай хотын “Сайн байна уу” хаалгыг шинээр барих ажлыг гэрээний дагуу гүйцэтгэж, 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээлгэж өгсөн. Дээрх хаалганы барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд улсын чанартай авто замыг тодорхой хугацаагаар хаах, түр зам гаргах, тэмдэг тэмдэглэгээ хийх ажлыг хийлгэх хүсэлтийг Говь-Алтай аймгийн авто замыг хариуцсан компаниас зөвшөөрөл хүссэн. Тухайн компаниас олгосон зөвшөөрөлтэйгээр замын зорчих хэсгийг түр хааж, тэмдэг тэмдэглэгээг байршуулан замыг хаасан хэсэгт засмал замаас доош буух, буцаж засмал зам руу гарах, зориулалттай шороон замыг засаж, зохих ёсны тэмдэг байршуулан хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллаж, ажлаа хийж гүйцэтгэж байхад 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 7 дугаар сарын 07-ны өдөрт шилжих шөнө осол болсон байсан. Говь-Алтай аймаг дахь Замын цагдаагийн хэлтэс зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж шийдвэрлэсэн. Дээрх ажлыг хийж байгаатай холбоотойгоор асфальтан замыг хаасан байсан бөгөөд уг осол нь замын зүүн талын шороон хаалтан дээр болсон байдаг. Н.Г-ын талаас тэмдэгтэй хаалт харагдаж байгаа. Тэрээр овоолсон шороогоор бууж, шороон зам руу орж, дараагийн тэмдэг тэмдэглэгээ буюу замын тусгаарлах зурвас хүрээгүй, асфалтан зам руу буцаж гарсан. Н.Г нь замын тэмдэг тэмдэглэгээг үл ойшоож оруулахыг хориглосон овоолсон шороог давж, засмал зам руу урсгал сөрж, цаанаас нь чигээр явж байгаа машинтай мөргөлдөн, зам тээврийн осол гарсан байгаа. Н.Г 42-47 ДАХ улсын дугаартай Тоёота Клугер маркийн авто машин жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2-т эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэж заасан заалтыг зөрчсөн. Н.Г нь Замын хөдөлгөөний дүрмийг биелүүлээгүйгээс болоод дээрх асуудал, үүссэн. Иймд тухайн зам тээврийн осолд “Ж” ХХК буруугүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 774 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Зам тээврийн ослын улмаас эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол болох 5 989 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн үндэслэлээ "..."Ж" ХХК нь тухайн зам дээр шинээр байгууламж барих ажлыг гүйцэтгэж байхдаа замын заалт хаалт, тэмдэг, тэмдэглэлийн заалт, хаалтын байрлалыг зохих журмын нь дагуу байрлуулаагүйгээс хоёр машин хоорондоо мөргөлдөж хохирол учруулсан гэж мэтгэлцсэн. Нэхэмжлэгч нь шүүхэд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар зүйлийн 8.2-д "эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэх заалтыг зөрчсөн гэх нэгэнт тогтоосон эрх зүйн актын талаар маргаагүй. Харин энэхүү заалтыг нэхэмжлэгч зөрчих болсон шалтгаан нь хариуцагч замын хаалт, тэмдэг, тэмдэглэлийн заалт, хаалтын байрлалыг зохих журмын нь дагуу байрлуулаагүйтэй шууд шалтгаант холбоотой гэж маргасан. Зөрчлийг хянан шийдвэрлэсэн материалд нэхэмжлэгч нь Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь хэсгийг зөрчсөн хэдий ч энэхүү осолд Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч байсан нь зөрчлийг шийдвэрлэсэн материалаар нотлогдсон. Хэргийн баримтаар осол болсон замд хариуцагч “Ж” ХХК нь Говь-Алтай аймагт “сайн байна уу” хаалганы барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байсан тухайн осол гарахад “Ж” ХХК-ийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэх шалтгаант холбоо тогтоогдохгүй, мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэл, гэм хор учирсан нөхцөл байдлын хооронд шалтгаант холбоо байхгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.Учир нь хариуцагч замын ажил хийж гүйцэтгэж байхдаа замын зорчих хэсгийг түр хугацаагаар хааж тэмдэг тэмдэглэгээг байрлуулан замыг хаасан байх ба замыг хаасан тухайн хэсэгт засмал замаас буух, буцаж засмал зам руу гарах орох шороон замыг засаад, зохих ёсны тэмдэг байршуулсан гэх боловч техникийн шинжээчийн дүгнэлтийн 3 дугаар заалтаар зам дээр шинээр байгууламж барьж байгаа “Ж” ХХК нь замын хоёр талдаа автомашин орох боломжгүйгээр хаалт хийн засварын ажил, үйлчилгээ хийж байгаа үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах баруун гар тийш эргэх заах тэмдэг, энэ тэмдэгний дээр нь зогсоолын тэмдэг тавьсан. Энэ хаалтан дээр зогсоолын тэмдэг тавигдахгүй. Баруун гар тийш эргэх чигийг заасан тэмдэг нь тухайн арал, хашилт болон тусгаарлах зурвасын эхлэл дээр, зорчих хэсгээс гаргаж байрлуулна. Уг байрлуулах газарт дотроосоо гэрэлтүүлэгтэй суурь /тумба/ байвал тэмдгийг түүн дээр байрлуулна гэж заасныг зөрчсөн гэж буруутгасан. Хохирогч Н.Г мөн гэрч н.Түмэнжаргал нарын тайлбарт: “шөнө, хөдөөний замд засч байгаа байгууламж орчим тавигдсан замын тэмдэг, тэмдэглэгээ нь ойлгомжгүй байсан, түүнчлэн хариуцагч компанийн байрлуулсан тэмдэг, тэмдэглэгээ ойлгомжгүй байсан учраас шөнө, өдөргүй тэдний овоолсон гэх шороон дээгүүр машин байнга гарч явдаг байсан” талаар мэдүүлсэн. Хариуцагч компанийн захирал н.Ганхөлөг “овоолсон шороон дээгүүр машин байнга гарч явдаг учраас бид өдөр нь жолооч нарыг овоолсон шороог тойроод яв гэдэг байсан, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах эрх зүйн акт, стандарттай танилцаагүй гэж мэдүүлж тэднийг энэхүү осол гаргахад тэмдэг, тэмдэглэгээг буруу байршуулсан буруутайд тооцон шийтгэл ногдуулсныг хүлээн зөвшөөрч шийтгэвэрт зохих журмын дагуу гомдол гаргаагүй. Хариуцагч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “замын хөдөлгөөнтэй холбоотой аливаа үйл ажиллагаа явуулахдаа зам, тээврийн осол гаргах, Замын хөдөлгөөний дүрэм зөрчигдөх нөхцөл бүрдүүлэхгүй байх арга хэмжээг авах үүрэгтэй”. Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 52.2 дахь хэсэгт заасан зам дээр, түүний ойр орчимд ажил үйлчилгээ хийхдээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүй гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Ийнхүү зам дээр, түүний ойр орчимд ажил үйлчилгээ хийхдээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөнтэй холбоотой аливаа үйл ажиллагаа явуулахдаа зам, тээврийн осол гаргах, Замын хөдөлгөөний дүрэм зөрчигдөх нөхцөл бүрдүүлэхгүй байх арга хэмжээг авах үүрэг бүхий хариуцагч компани нь тухайн үед замын тэмдэг, тэмдэглэгээг зохих журмын дагуу байрлуулаагүйн улмаас зам тээврийн осол гаргасан нь нотлогдож байхад шүүх тухайн осол гарахад хариуцагч болох "Ж" ХХК-ийн буруутай үйл ажиллагаа шууд нөлөөлсөн гэх шалтгаант холбоо тогтоогдоогүй байна гэж үзсэн нь буруу юм. Хариуцагч "Ж" ХХК нь нь Говь-Алтай аймгийн Алтай хотын "Сайн байна уу" хаалганы барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр Говь-Алтай аймгийн авто зам засвар "Арчлалт" ХК-иар тухайн улсын чанартай авто замыг түр хаах, тэмдэг тэмдэглэлийг байрлуулан, тээврийн хөдөлгөөн нэвтрүүлэх түр замыг гаргаж, барилгын ажлыг гүйцэтгэж байсан болох нь зохигчдын тайлбар, "Ж" ХХК-ийн 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 49 тоот албан бичиг, Говь-Алтай авто зам засвар "Арчлалт" ХК-ийн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 39 тоот албан бичиг зэргээр тогтоогдож байгаа талаар маргаагүй. Шүүх хариуцагчаас гаргасан баримтыг үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэгчийн шинжлэн судлуулсан нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа нотолсон, гэм хор учруулах үндэслэл болсон үйл баримтуудыг нотлох хариуцагчид ногдуулсан шийтгэвэр, зөрчлийн хэрэгт холбогдогч нарын тайлбар, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, хохирогчийн тайлбар, техникийн шинжээчийн дүгнэлтийн 3 дахь заалт, гэрэл зургийн үзүүлбэр зэргийг ямар баримт, үндэслэлээр няцааж байгаагаа шийдвэртээ тусгаагүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсгийг зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн 42-47 ДАХ улсын дугаартай Клугер маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа тухайн замыг түр хаасан хэсэгт байршуулсан тэмдэг тэмдэглэгээгээр замаас доош бууж, шороон зам руу орсон атлаа тухайн хориглосон замыг дуусгаагүй буюу дараагийн тэмдэг тэмдэглэгээг хүрэхгүйгээр буцаж төв засмал замд орж, урсгал сөрөн, зам тээврийн осол гаргасан явдалд хариуцагч "Ж" ХХК-ийг буруутгах боломжгүй гэсэнд гомдолтой байна. Гомдолд хавсаргасан схем зураг, хэрэгт авагдсан гэрэл зураг бусад бичгийн нотлох баримт зэргээр хариуцагч нь тухайн замаар зорчиж байсан жолооч нарыг төв зам руу орохыг хориглоод түр хаасан зам дуусаагүй, энэхүү шороон салаа замын уулзвар дээр та чигээрээ дараагийн тэмдэг, тэмдэглэгээ хүртэл явна, зам салж байгаа тул аль нэгээр нь буцаж төв засмал замд орохыг хориглоно гэсэн агуулга бүхий ямар ч тэмдэг, тэмдэглэгээ тавиагүйн улмаас жолооч Н.Г хориглосон тэмдэг байхгүй байсан шороон замаар буцаж төв замд орсон. Мөн урсгал сөрж орохыг хориглосон гэх тэмдэг, тэмдэглэгээ болох овоолсон шороо нь стандартын дагуу тавигдаагүй, тухайн шороон дээгүүр нь өдөр, шөнөгүй машин зорчдог тул тэр овоолсон шороо гэгч нь элэгдэж төв замтайгаа адилхан болсон байсан учраас нэхэмжлэгч шороон хаалтыг шөнийн цагаар давж гарах үйлдэл хийсэн нь урсгал зөрсөн гэж үзэхэд хүргэсэн. Овоолсон шороогоор тэмдэг тэмдэглэгээ тавьсан гэх хариуцагчийн тайлбар нь үндэслэлгүй бөгөөд овоолсон шороогоор тэмдэг тавих талаар Замын хөдөлгөөний дүрэмд заагаагүй байх тул үүнийг тэмдэг тавьсан гэж үзэхгүй. Иймд зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан зөрчлийн нотлох баримтуудад үндэслэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 4.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Н.Г нь хариуцагч "Ж" ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас осол гарсан тул эд хөрөнгөд учирсан хохиролд 5 989 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч "Ж" ХХК эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Н.Г 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнийн 03-04 цагийн орчим Ховд аймгаас Улаанбаатар явах замдаа Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн 42-47 ДАХ улсын дугаартай Тоёото Клугер маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг, мөн 77-61 ДАХ улсын дугаартай Приус маркийн автомашиныг жолоодож явсан Л.Галбадрах нь тус дүрмийн 15.1.а-д заасныг зөрчсөнөөс осол гарч автомашинд 5 989 000 төгрөгийн эвдрэл хохирол гарсан болох нь талуудын тайлбар, ослын үзлэгээр тогтоосон акт, осол гарсан газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, зөрчлийн хэргийг шалгасан материал/40-98/, автомашины эвдрэл хохирлын үнэлгээ зэрэг бусад нотлох баримтаар тогтоогджээ./хх16-18, 105-108/

Нэхэмжлэгч Н.Г нь осол гарч 5 989 000 төгрөгийн хохирол учирсанд хариуцагч "Ж" ХХК-ийн тухайн замд шинээр барилга байгууламж барихдаа замын тэмдэг тэмдэглэгээ, замын хаалтыг зохих журмын дагуу байрлуулаагүй буруутай ажиллагаа шууд нөлөөлсөн тул хохирлыг төлүүлнэ гэж, нэхэмжлэгч нь автомашин жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийг зөрчсөний улмаас осол гарсан гэж хариуцагч маргаж гэм хорын хохирол шаардах эрхгүй гэж мэтгэлцжээ.

Хариуцагч "Ж" ХХК Говь-Алтай аймгийн Алтай хотын “Сайн байна уу” хаалганы барилга угсралтын ажил хийж гүйцэтгэхдээ  авто замыг түр хааж, тээврийн хөдөлгөөн нэвтрүүлэх түр замыг гаргасан, нэхэмжлэгч Н.Г тухайн замыг түр хаасан хэсэгт байршуулсан тэмдэглэгээгээр замаас доош бууж, шороон зам руу орсон атлаа тухайн тэмдэглэсэн замыг дуусгахгүйгээр буцаж төв засмал замд орсон гэж хариуцагч тайлбарлажээ.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор замын хөдөлгөөнийг зохион байгуулах, урсгал чиглэлийг түр өөрчлөх, хязгаарлах, хаах үүрэг нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.2-т зааснаар цагдаагийн байгууллагад, зам, замын байгууламжийг шинээр барих, өргөтгөх, завсарлах, тоноглох, замын гэрэлтүүлэг, тэмдэг тэмдэглэл хийх ажил нь холбогдох хуульд болон замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагад нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж, зөрчлийг арилгуулах үүргийг мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.6, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсгээр холбогдох Засаг дарга, хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ногдуулсан, "Ж" ХХК-иас Говь-Алтай аймгийн авто зам засвар "Арчлалт" ХК-д явуулсан 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 49 дугаартай албан бичиг /хх151/ болон 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хариуцагчид ирүүлсэн хариу албан бичиг /хх150/ зэргээс үзвэл тэмдэг тэмдэглэгээг тавиагүй хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчид хохирол учруулсан гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байна. Тодруулбал, осол гарсныг "Ж" ХХК-ийн гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэхгүй, гэм хорыг хариуцан арилгах Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүх "Ж" ХХК-ийг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь зөв, нотлох баримтыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журамд нийцүүлэн үнэлжээ.

Иймд хариуцагч "Ж" ХХК-иас гэм хорын хохиролд 5 989 000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Н.Гын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

Харин шүүх гэм хор учруулснаас хариуцлага хүлээлгэх үндэслэл тогтоогдохгүй талаарх хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглээгүйг зөвтгөж, шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх заалтыг баримталсан өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дүгээр сарын 09-ний өдрийн 182/ШШ2018/01988 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэг” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 110 774 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   М.НАРАНЦЭЦЭГ

 

       ШҮҮГЧИД                                    Э.ЗОЛЗАЯА

 

            А.ОТГОНЦЭЦЭГ