| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийгэрийн Амартөгс |
| Хэргийн индекс | 182/2021/03439/И |
| Дугаар | 182/ШШ2022/00373 |
| Огноо | 2022-02-14 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 182/ШШ2022/00373
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х.Б-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээний үүрэгт 1,500,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.Б,
Хариуцагч Х.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Марал-Эрдэнэ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Х.Б-гээс зээлийн гэрээний үүрэгт 1,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч Б.Б нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
Б.Б нь Х.Бтэй 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан. 4,000,000 төгрөгийг 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаатайгаар зээлдүүлсэн. Солонгос явах виз гаргах зорилгоор 4,000,000 төгрөгийг Х.Б-д зээлсэн.
2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр визийг гаргаж өгнө, гаргаж өгөхгүй бол мөнгийг чинь буцааж өгнө гэж зээлийн гэрээ хийсэн. 2019 оны 11 сард 1,500,000 төгрөгийг, 12 дугаар сард 1,000,000 төгрөгийг Н.Б-гийн ээжээс нь Х.Бгийн зээлсэн мөнгө нь шилжүүлсэн. Үлдсэн мөнгө 1,500,000 төгрөгийг одоо хүртэл авч чадаагүй.” гэв.
2.Хариуцагч Х.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Х.Б миний бие БНСУ-руу гэрээт ажилтан зуучлан үйл ажиллагаа явуулж байсан Г.Бат-Амгалан захиралтай “Амгалан агада” ХХК-д бүртгэлийн ажилтнаар ажиллаж байсан бөгөөд ажиллаж байх хугацаандаа иргэн Б.Б 2019 оны 03 дугаар сарын 06-өдөр бүртгэж авсан байдаг.
Солонгос руу виз гаргана нийт 7,000,000 төгрөг, тухайн үед бүртгэлийн урьдчилгаа төлбөр 4,000,000 төгрөгийг Б.Б өгсөн. Г.Бат-Амгалантай холбогдоод асуухад одоогоор зуучлалын гэрээ бэлэн болоогүй, зээлийн гэрээ байгуул гэсний үндсэн дээр Б.Бтэй зээлийн гэрээ байгуулж байсан. Дээрх мөнгө миний данс руу шилжсэн боловч захирал Г.Б-гийн данс руу шилжүүлсэн, Б.Б мэдэж байсан. Зуучлалын урьдчилгаа 4,000,000 төгрөгөөс Г.Бат-Амгалан нь 2,500,000 төгрөгийг Б.Б-д буцаан өгсөн, үлдэгдэл мөнгийг өгөөгүй байсан талаар би мэдээгүй байсан. Би Б.Б-эс 4,000,000 төгрөгийг зээлж аваагүй. 2,500,000 төгрөгийг би өгөөгүй, Г.Б гэдэг хүн өгсөн. Г.Бат-Амгаланд зээлийн гэрээг үндэслээд намайг хариуцагчаар татсан байна мөнгийг нь удахгүй өгнө гэсэн” гэв.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт, 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээ гаргаж өгсөн,
4.Хариуцагчаас хариу тайлбарыг гаргаж өгсөн,
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Х.Б-д холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 1,500,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...Бүгд найрамдах Солонгос улс руу гэрээний дагуу виз гаргаж өгнө гэсний дагуу урьдчилгаа 4,000,000 төгрөгийг Х.Бд шилжүүлж, виз гарахгүй бол мөнгийг буцааж өгнө гэж зээлийн гэрээ байгуулсан, 2,500,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 1,500,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэж тодорхойлсон
Хариуцагч Х.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...зуучлалын үйл ажиллагаа явуулдаг компанид бүртгэлийн ажилтнаар ажиллаж байсан, урьдчилгаа төлбөр 4,000,000 төгрөгийг Б.Б өгснийг Г.Бат-Амгалангийн данс руу шилжүүлсэн, 4,000,000 төгрөгийг зээлж аваагүй, 2,500,000 төгрөгийг би өгөөгүй, Г.Б гэдэг хүн өгсөн...” гэх тайлбар гаргаж тус тус мэтгэлцэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй ба мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.
Зохигчид хэн алин нь өөрсдийн гаргаж байгаа шаардлагын үндэслэлийг нотлох үүрэг хүлээдэг ба хариуцагч өөрийн татгалзал тайлбараа өөрөө нотлох үүрэгтэй болно.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Б.Б болон Х.Б нарын хооронд 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулагджээ. Уг гэрээгээр 4,000,000 төгрөгийг 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хүүгүй зээлдүүлэхээр тохиролцсон байна.
Хариуцагч Х.Б нь нэхэмжлэгч Б.Бэс 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос улсад хөдөлмөр эрхлэх /гэрээгээр ажиллах ажлын виз/ зөвшөөрөл гаргаж өгөх нэрийдлээр 4,000,000 төгрөгийг үндэслэлгүйгээр олж авсан болох нь зохигчийн тайлбар, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, тэдний хооронд байгуулагдсан гэх 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээ болон хэргийн үйл баримт зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Зохигчдын хооронд 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан байгаа боловч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасан гэрээний үүргийн харилцаа үүсээгүй гэж үзэх ба харин хариуцагч Х.Б нь бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө, төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө, эсхүл мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээдэг. Гэтэл зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1.-д зааснаар талууд хэлцлийн гол нөхцлийн талаар буюу дээрх зээлийн гэрээний гол нөхцлийн талаар хэлэлцэн тохиролцсон гэж үзэх боломжгүй байна.
Түүнчлэн, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зохигчдын хооронд мөнгө шилжүүлэх, зээлдэгч мөнгийг буцаан төлөх эрх, үүрэг үүссэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс 4,000,000 төгрөгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэн зээлүүлсэн, хариуцагч нь тодорхой хугацааны дараа уг мөнгийг буцаан төлөх үүргийг хүлээгээгүй, харин нэхэмжлэгч БНСУ-д хөдөлмөр эрхлэх, зөвшөөрөл авахтай холбоотой үйл ажиллагаанд зарцуулахаар хариуцагчид мөнгө шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.
Иймээс талуудын хооронд 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй юм.
Шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээ бус харин хуульд нийцсэн үүрэг үүсээгүй байхад үндэслэлгүй хөрөнгө шилжүүлсэн харилцаа бий болсон гэж дүгнэв.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд хөрөнгө олж авсан этгээдээс тэдгээрийн хооронд үүрэг үүсээгүй эсхүл үүрэг үүсгэсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байснаас үүрэг дуусгавар болсон бол уг эд хөрөнгийг буцаан шаардах эрхтэй.
Хариуцагч Х.Б нь гадаадад ажиллах хүч гаргах, оршин суух зөвшөөрөл олгох ямар нэгэн эрхгүй, боломжгүй атлаа БНСУ руу гэрээт ажилчнаар явах, оршин суух зөвшөөрөл /виз/ гаргаж өгөхөөр нэхэмжлэгчээс 4,000,000 төгрөгийг авсан нь бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж үзэх үндэслэлтэй.
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу хариуцагчаас гадаад улсад гэрээгээр ажиллахын тулд тухайн улсад оршин суух, амьдрах зөвшөөрөл /виз/ гаргуулах зорилгоор өгсөн 4,000,000 төгрөгийг буцаан нэхэмжлэх эрхтэй байх тул дээрх мөнгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иймд хуульд зааснаар хариуцагч Х.Бгээс 1,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Бд олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Х.Б-гээс 1,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Бд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Б-гээс 38,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.АМАРТӨГС