| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийгэрийн Амартөгс |
| Хэргийн индекс | 182/2021/03259/И |
| Дугаар | 182/ШШ2022/00523 |
| Огноо | 2022-02-25 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 182/ШШ2022/00523
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ш.А-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “ТОСК” ТӨХХК -д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 12,667,025 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасны дагуу төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, Б.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгч Ш.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, давж заалдах шатны шүүхийн 2021 оны 731 дүгээр магадлалаар “ажилд эгүүлэн тогтоож, 12,305,280 төгрөгийг гаргуулж” шийдвэрлэсэн ба магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх байдлаар хамгийн сүүлийн байдлаар нэмэгдүүлээд, тэр нэмэгдүүлсэн үнийн дүнгээр шүүхийн шийдвэр гарч байсан.
Дээрх хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн хугацаа нь 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор байсан.
2021 оны 10 сарын 05-ны өдөр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн томилогдсон бөгөөд ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгодог.
Өмнө нь Ш.А-гийн авсан цалин бол 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр буюу ажлаас халсан өдрөөс нэхэмжлэлийн шаардлагыг хамгийн сүүлийн өдөр нэмэгдүүлсэн өдөр хүртэл буюу 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд оногдож байсан цалин 12,305,280 төгрөг болж байгаа.
Ш.А-гийн хувьд энэ байгууллагад ажилд эгүүлэн тогтоосны дараа ажлаасаа чөлөөлөгдсөн. Байгууллагын дотоод уур амьсгал зэргээс болоод цаашид ажиллах боломжгүй гэж үзээд хүсэлтээ өгөөд ажлаас чөлөөлөгдсөн.
Иймд 2021 оны 01 сарын 18-ны өдрөөс 2021 оны 10 сарын 05-ны өдрийг хүртэлх өдөр буюу Ажил эгүүлэн томилогдсон өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 12,667,025 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасны дагуу төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж шийдвэрлэж өгнө үү.” гэв
2.Хариуцагч “ТОСК” ТӨХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С, Т.Э нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Ш.Ад нийт 20,105,280 төгрөгийг өгсөн байдаг бөгөөд үүнийг тодруулбал “ТОСК” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/101 тоот тушаалаар түүний 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж буюу 7,800,000 төгрөгийг олгохоор мөн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр шүүхийн шийдвэрийн дагуу 12,305,280 төгрөгийг олгохоор болсон. Гэвч Ш.А нь манай байгууллагад 14,115,444 төгрөгийн үнэ бүхий Буянт-Ухаа хорооллын 1026-03 тоот гараашын өглөгтэй байсан тул тухайн гараашын үнийг суутган үлдэгдэл 5,989,836 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр түүний Хаан банкны 5020386277 тоот данс руу шилжүүлсэн.
Гэтэл өнөөдөр Ш.А нь 12,667,025 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд манай байгууллагын зүгээс 5,989,836 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, харин үлдэгдэл 6,677,189 төгрөгийн үнийн дүнд эвлэрлийн гэрээ байгуулан хугацаатай олгоход асуудалгүй болно.” гэжээ.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, Б.Н нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манайх 5,989,836 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. 6,677,189 төгрөг дээр эвлэрэх хүсэлтэй гэдгээ нэхэмжлэгч талд хэлсэн байгаа. Үндэслэл нь Ш.А өөрөө хүсэлтээрээ ажлаасаа чөлөөлөгдсөн.
“ТОСК” ТӨХХК болон Хамтын хүч үйлдвэрчний эвлэлийн хооронд байгуулагдсан гэрээний дагуу ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөгдөж байгаа ажилтанд түүний 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний төгрөгийг тэтгэмжээр олгох зохицуулалттай байдаг.
Хэдийгээр Ш.А нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн ч гэсэн манай зүгээс өөрсдийн санаачилгаар 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгохоор захирлын тушаалаар шийдвэрлэсэн. Ш.А өмнө нь манай дээр 14,115,444 төгрөгийн гараашийн үлдэгдэл төлбөртэй байсан. Өмнөх шүүхийн шийдвэрээр 12,305,280 төгрөгийг үүнд суутгаж тооцоод, тэтгэмж олгох байсан тушаалыг үндэслээд 7,800,000 төгрөг олгосон. Гараашийн үлдэгдэл төлбөр болох 1,810,164 төгрөгийг 7,800,000 төгрөгөөс суутгаад 5,989,836 төгрөгийг Ш.Агийн данс руу шилжүүлсэн байдаг. Манайхаас тэтгэмжээр олгосон 5,989,836 төгрөгийг 12,667,025 төгрөгөөс хасуулж тооцож үлдэгдэл төлбөр дээр эвлэрэх саналтай байгаа” гэв.
4.Нэхэмжлэгчээс нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, Төрийн орон сууцны корпорацийн гүйцэтгэх захирлын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/77 дугаар тушаал, иргэний үнэмлэхний хуулбар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2021/00556 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 731 дүгээр магадлал, итгэмжлэл, нэхэмжлэгчийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн тайлбар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх тухай, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 727 дугаартай тэмдэглэл, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2021/00727 дугаартай шүүгчийн захирамж, нэхэмжлэлийн шаардлага гардуулсан тухай баримт, Амарзаяа 1026-03 тоот авто зогсоол 2021/11/16 төлбөрийн тооцоо, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт гаргаж өгсөн.
5.Хариуцагчаас итгэмжлэл, Төрийн орон сууцны корпорацийн гүйцэтгэх захирлын 2021 оны 11 дүгээр сарын 19-ний Б/101 дугаартай “Ш.Ад тэтгэмж олгох тухай” тушаал, Төрийн орон сууцны корпораци ТӨХХК-ийн харилцагчийн өглөгчийн дэлгэрэнгүй гүйлгээ, 2021 оны 11 сарын 23-ны өдрийн Төлбөрийн даалгавар 2649 гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ш.А нь “ТОСК” ТӨХХК-д холбогдуулан “Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 12,667,025 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасны дагуу төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн томилогдсон бөгөөд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор буюу 2021 оны 01 сарын 18-ны өдрөөс 2021 оны 10 сарын 05-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах гэж тайлбарлажээ.
Хариуцагч тал нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн байна. Үүнд: 5,989,836 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Ш.А өөрөө хүсэлтээрээ ажлаасаа чөлөөлөгдсөн. Хамтын гэрээний дагуу ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөгдөж байгаа ажилтанд 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний төгрөгийг тэтгэмжээр олгох зохицуулалттай, Ш.Ад өөрсдийн санаачилгаар 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгохоор шийдвэрлэсэн.
Ш.А 14,115,444 төгрөгийн гараашийн үлдэгдэл төлбөртэй, шүүхийн шийдвэрээр 12,305,280 төгрөгийг суутгаж тооцоод, гараашийн үлдэгдэл төлбөр болох 1,810,164 төгрөгийг 7,800,000 төгрөгөөс суутгаад 5,989,836 төгрөгийг Ш.Агийн данс руу шилжүүлсэн байдаг.
Тэтгэмжээр олгосон 5,989,836 төгрөгийг 12,667,025 төгрөгөөс хасуулж тооцож үлдэгдэл төлбөр дээр эвлэрэх саналтай байгаа гэж маргажээ.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад дараах үйл баримт тогтоогдсон болно.
Нэхэмжлэгч Ш.А нь хариуцагч “ТОСК” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/47 дугаартай тушаалаар Борлуулалт, түрээсийн асуудал хариуцсан нягтлан бодогчийн ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн байх ба, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2021/00556 дугаартай шийдвэрээр Ш.Агийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Дээрх шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын дагуу Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 731 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2021/00556 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж “Ш.Аг “Төрийн орон сууцны корпораци” ХХК-ийн борлуулалт, түрээс хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч “Төрийн орон сууцны корпораци” ХХК-иас 12,305,280 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх урамшуулал 900,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Ш.Агийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр зохих бичилт хийхийг Төрийн сууцны корпораци” ХХК-д даалгаж шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан баримт зэргээр нотлогдож байна.
Шүүх Ш.Аг ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж, түүнийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацааны цалин 12,305,280 төгрөгийн олговор олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн байх ба шүүхийн дээрх магадлал хүчин төгөлдөр байна.
Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлохгүй болно.
Ажил олгогч “ТОСК” ТӨХХК нь нэхэмжлэгч Ш.Аг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилсон шийдвэрийг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/77 дугаар тушаалаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 731 дугаар магадлалыг биелүүлж Ш.Аг “ТОСК” ТӨХХК-ийн Борлуулалт, түрээс хариуцсан мэргэжилтнээр 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн томилсон болох нь нэхэмжлэгчийн тайлбар, “ТОСК” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/77 дугаар тушаал зэрэг баримтаар тогтоогдож байна.
Ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан учир Ш.Ад ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагч ”ТОСК” ТӨХХК-иас шаардах эрхтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гараагүй, эсхүл давж заалдах гомдлыг давж заалдах шатны шүүх хянаад гаргасан магадлалд хяналтын журмаар гомдол гараагүй, эсхүл давж заалдах шатны шүүхийн магадлалд гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн буюу өөрчилсөн тогтоол гаргасан бол анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болдог байна. Энэ утгаар ажил олгогч хууль бус шийдвэр гаргасны үр дагаврыг ажилтны ажилгүй байсан бүх хугацаанд, түүний дотор гурван шатны шүүхээр тухайн эрх зүйн маргаан хянан шийдвэрлэгдэх хугацааг багтаан хариуцах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан шаардлагад нийцнэ.
Өөрөөр хэлбэл, ажил олгогч ажилтныг ажлаас халах тухай хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргаагүй бол ажилтан шүүхэд эрхээ хамгаалуулахаар хандах үндэслэл үүсэхгүй байсны адил эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг ажил олгогч хүндэтгэн биелүүлэх, эсхүл эс зөвшөөрч, гомдол гаргах нь түүний эрхийн асуудал тул гомдол гаргасны үр дагаврыг хариуцах хууль зүйн үндэслэлтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 120 дугаар зүйлийн 120.4-т зааснаар хэргийн оролцогч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй ба шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй болно. Харин шүүхээр шийдвэрлэгдсэн маргаантай холбоотой боловч өөр үндэслэлтэй өөр шаардлагыг шүүхээр хянан шийдвэрлүүлэхэд шүүхийн урьд гарсан шийдвэр саад болох учиргүй юм.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ш.Аг ажлаас үндэслэлгүй халагдсан үйл баримтын талаар тухайн хэргийн оролцогчид дахин маргах эрхгүйгээс гадна түүнийг ажилд эгүүлэн тогтоох, ажлаас халагдсан өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг олгох зэрэг асуудлаар шүүх дахин шийдвэр гаргахгүй боловч шүүхийн шийдвэр гарснаас хойших хугацаанд ажилгүй байсан үеийн цалинтай тэнцэх нөхөх олговрын асуудлаар ажилтан шүүхэд хандах эрхтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан байх ба “ажилгүй байсан бүх хугацаа” гэдэгт ажилтныг ажлаас халах тухай ажил олгогчийн шийдвэр гарснаас хойш түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаа орохоос гадна шүүхийн шийдвэр гарснаас хойш уг шийдвэрийг биелүүлэх хүртэлх хугацаа мөн хамааралтай болно.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-т “Мэдэгдлийг хүлээн авсан ажил олгогч урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосноор гүйцэтгэх баримт бичгийн шаардлага биелэгдсэнд тооцно.” гэж заасан байх тул ажилтны ажилгүй байсан хугацаа түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарснаар бус харин шүүхийн шийдвэрийг биелүүлсэн ажил олгогчийн шийдвэр гарснаар дуусгавар болно.
Хариуцагч “ТОСК” ТӨХХК нь давж заалдах шатны шүүхийн магадлалыг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр биелүүлсэн тул нэхэмжлэгч Ш.Ад дээрх хугацаа хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг олгох үүрэгтэй болно.
Нэхэмжлэгч Ш.А нь 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл нийт ажлын 175 хоног ажилгүй байсан байна.
Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасны дагуу гомдлоо гаргана.
“ТОСК” ТӨХХК нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 731 дүгээр магадлалыг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр биелүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч Ш.А нь 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж үзнэ.
Хариуцагч “ТОСК” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/101 дугаар тушаалаар компанийн бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн баталсантай холбогдуулан Ш.Агийн гаргасан хүсэлтийн дагуу 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч Ш.Агийн хуульд заасны дагуу ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шаардах эрхийг хязгаарлахгүйгээс гадна талуудын тайлбараар нэхэмжлэгчийг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасантай холбоотойгоор олгосон тэтгэмж байна.
Иймд нэхэмжлэгч Ш.Агийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг хариуцагч “ТОСК” ТӨХХК-иас гаргуулах нь зүйтэй байна.
Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-ийн а-д Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүүг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно гэж заасны дагуу Ш.Агийн ажиллаж байсан нэг сарын дундаж цалин хөлс нь 1,556,250 төгрөг, нэг өдрийн дундаж цалин хөлс нь 72,383 төгрөг болох нь хэрэгт авагдсан Ш.Агийн Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байна. Шүүх нэхэмжлэгч Ш.Агийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо түүний бүтэн ажилласан сүүлийн гурван сар буюу 2020 оны 02, 03, 04 дүгээр саруудын цалингаас тооцсон болохыг дурдаж байна.
Нэхэмжлэгч Ш.Агийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор нь 12,667,025 төгрөг болж байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан “ТОСК” ТӨХХК-иас 12,667,025 төгрөг гаргуулан Ш.Ад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй.” гэж заасны дагуу хариуцагч “ТОСК” ТӨХХК-д нэхэмжлэгч Ш.Ад нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасаж тооцож, нөхөн бичилт хийхийг даалгах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 12,667,025 төгрөгийг хариуцагч “ТОСК” ТӨХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Ш.А-д олгосугай.
2.Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан дээрх олговроос Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, Нийгмийн даатгалын, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухайн бичилт хийхийг “ТОСК” ТӨХХК-д даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ш.А нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 217,662 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.АМАРТӨГС