| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Батчимэг |
| Хэргийн индекс | 183/2023/06197/И |
| Дугаар | 001/хт2026/00069 |
| Огноо | 2026-02-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2026 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 001/хт2026/00069
Ч.Т, П.М, Ц.О нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Э.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн
2025 оны 10 дугаар сарын 01-ний 192/ШШ2025/07791 дүгээр шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2025/02149 дүгээр магадлалтай,
Ч.Т, П.М, Ц.О нарын нэхэмжлэлтэй,
“Б” ХХК, Э.З, Д.Э, Г.Т нарт холбогдох,
Үндсэн нэхэмжлэл: Арилжааны гэрээний дагуу *** тоот, 8 дугаар давхрын 804 тоот, 10 дугаар давхрын 1001 тоот, 12 дугаар давхрын 1203 тоот, 14 дүгээр давхрын 1401 тоот хаягт байрлах 5 ширхэг орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, В-1 давхрын А-11, А-20, D-62, D-63, C-94, C-95, C-96 тоот хаягт байрлах автомашины зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгах тухай.
Сөрөг нэхэмжлэл: Хэлцлийн дагуу шилжүүлсэн газрын хэмжээ дутуугийн улмаас учирсан хохирол 1,002,251,532 төгрөг, 0.1 га газрын үнэд төлсөн 250,000 ам.доллар буюу 898,532,500 төгрөг, нийт 1,900,784,032 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулах тухай иргэний хэргийг
Хариуцагч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э-ын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Ч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, хариуцагч нарын өмгөөлөгч Э.Б нар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.Т, П.М, Ц.О нар нь хариуцагч “Б” ХХК, Э.З, Д.Э, Г.Т нарт холбогдуулан арилжааны гэрээний дагуу *** тоот, 8 дугаар давхрын 804 тоот, 10 дугаар давхрын 1001 тоот, 12 дугаар давхрын 1203 тоот, 14 дүгээр давхрын 1401 тоот хаягт байрлах 5 ширхэг орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, В-1 давхрын А-11, А-20, D-62, D-63, C-94, C-95, C-96 тоот хаягт байрлах автомашины зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан ба хариуцагч “Б” ХХК хэлцлийн дагуу шилжүүлсэн газрын хэмжээ дутуугийн улмаас учирсан хохирол 1,002,251,532 төгрөг, 0.1 га газрын үнэд төлсөн 250,000 ам.доллар буюу 898,532,500 төгрөг, нийт 1,900,784,032 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.
2. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний 192/ШШ2025/07791 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.3.5-д зааснаар нэхэмжлэгч Ч.Т-ыг *** орон сууцны барилгын 5 дугаар давхрын 503 тоот хаягт байрлах 216.8 м.кв талбай бүхий 4 өрөө, 8 дугаар давхрын 804 тоот хаягт байрлах 110.58 м.кв талбай бүхий 3 өрөө, 10 дугаар давхрын 1001 тоот хаягт байрлах 110.58 м.кв 3 өрөө, 12 дугаар давхрын 1203 тоот хаягт байрлах 281.79 м.кв талбай бүхий 4 өрөө, 14 дүгээр давхрын 1401 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцууд болон В2 давхрын А-11 тоот, А-20 тоот, В1 давхрын D-62, D-63, C-94, С-95, С-96 тоот автомашины зогсоолуудын өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхэд шаардлагатай баримтыг нэхэмжлэгч Ч.Т-т гаргаж өгөхийг хариуцагч “Б” ХХК, Э.З нарт даалгаж, нэхэмжлэгч П.М, Ц.О нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Т-аас хохирол 1,002,251,532 төгрөг, урьдчилгаа төлбөрт төлсөн 898,232,500 төгрөг, нийт 1,900,484,032 төгрөг гаргуулах тухай “Б” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Ч.Т, Ц.О, П.М нар хариуцагч Д.Э, Г.Т нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа, хариуцагч “Б” ХХК нь нэхэмжлэгч Ц.О, П.М нарт холбогдох сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзсан тул нэхэмжлэгч болон хариуцагч нарын татгалзлыг баталж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Т-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21,797,400 /70,200+21,727,200/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.З, “Б” ХХК нараас 21,797,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч “Б” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14,958,233 төгрөгөөс 9,946,975 төгрөгийг улсын орлогоос буцаан олгож, үлдэх 5,011,258 төгрөгийг болон 2025.09.15-ны өдөр төлсөн 4,650,613 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2025/02149 дүгээр магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний 192/ШШ2025/07791 дүгээр шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Т-ыг *** орон сууцны хотхон/ 5 дугаар давхрын 503 тоот хаягт байрлах 216,8 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, 8 дугаар давхрын 804 тоот хаягт байрлах 110,58 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, 12 дугаар давхрын 1203 тоот хаягт байрлах 281.79 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, 14 дүгээр давхрын 1401 тоот хаягт байрлах 110,58 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, тус барилгын В2 давхрын А-11, А-20 тоот, B1 давхрын D-62, D-63, C-94, С-95, C-96 тоот автозогсоолын өмчлөгчөөр тогтоож, уг үл хөдлөх эд хөрөнгүүдийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч “Б” ХХК, Э.З нарт тус тус даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас тус барилгын 10 дугаар давхрын 1001 тоот хаягт байрлах 110,58 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага болон нэхэмжлэгч Ц.О, П.М нарын нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 492 дугаар зүйлийн 492.1.1” гэснийг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1” гэж,
тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21,797,400 (21,727,200+70,200) төгрөг, хариуцагч “Б” ХХК-аас төлсөн 19,608,846 (14,958,233+4,650,613) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б” ХХК, Э.З нараас улсын тэмдэгтийн хураамжид 18,610,869 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Т-т олгож, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 9,718,825 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагч “Б” ХХК-д олгосугай. гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид 2025.11.13-ны өдөр урьдчилан төлсөн 31,459,271 төгрөгөөс 9,661,870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагад ногдох 21,797,401 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “ ...Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтуудыг илт буруу үнэлсэн, мөн хэрэглэх ёсгүй Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д заасныг хэрэглэсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.
4.1. Хэрэгт авагдсан, нэг цаг хугацаанд байгуулагдсан гэрээ бүхий бичгийн нотлох баримтыг хоёр шатны шүүх харилцан зөрүүтэй, буруу үнэлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримт үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасныг зөрчсөн, улмаар зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуульд заасан гэрээний өөр өөр харилцаагаар тодорхойлж дүгнэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй.
Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан 2014.12.18-ны өдрийн хамтран ажиллах гэрээгээр нэхэмжлэгч Ч.Т, хариуцагч Э.З, Г.Т нарын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн хэмээн эрх зүйн харилцааг буруу тодорхойлж, хамтран ажиллах гэрээний ногдол ашиг хэмээн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 5 ширхэг орон сууц, 7 ширхэг авто машин бүхий эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч Ч.Т-ыг тогтоож шийдвэрлэн дээрх бичгийн баримтыг илт буруу үнэлсэн байдаг.
Давж заалдах шүүх дээрх гэрээгээр зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн хэмээн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч гэрээний зүйлийг буруу дүгнэсэн буюу компанийн хувьцааг 1,500,000 ам.доллароор худалдахаар тухайн гэрээ байгуулагдсан хэмээн баримтыг буруу үнэлсэн гэж үзлээ.
4.2. Компанийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.2-т зааснаар компани нь хувьцааныхаа үнийг дүрэмдээ заавал тусгасан байхыг шаарддаг бөгөөд хэрэгт авагдсан 2014.12.26-ны өдөр нэхэмжлэгч Ч.Т, хариуцагч Э.З, Г.Т нарын байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээгээр “Б” ХХК-ийн нэгж хувьцааны нэг бүрийн нэрлэсэн үнэ нь дүрэмд зааснаар 1,000 (нэг мянга) төгрөг байсан болох нь тогтоогддог.
Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл, хариуцагч нарын татгалзлын агуулга, хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгч Ч.Т “Б” ХХК дахь өөрийн хувьцааг 1,500,000 ам.доллароор хариуцагч Э.З, Г.Т нарт худалдахаар 2014.12.18-ны өдөр хамтран ажиллах гэрээг байгуулсан бус энэ гэрээгээр тус компанийн Хан-Уул дүүрэг, Зайсан толгойн аманд байрлах улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт ашиглах эрхтэй 0,2 га газрыг дээрх дүнгээр худалдах зорилгоор талууд тухайн хамтран ажиллах гэрээг байгуулсан нь хэргийн бодит үйл баримт юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ч.Т нь өөрийн эзэмшлийн “Б” ХХК дахь 100 хувийн хувьцааг хариуцагч Э.З, Г.Т нарт компанийн дүрэмд заасан нэрлэсэн үнээр нь шилжүүлэх замаар тус хуулийн этгээдийн тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт ашиглах эрхтэй газрыг их хэмжээний буюу 1,5 сая ам.доллароор хариуцагч нарт худалдах зорилгоор тухайн хамтран ажиллах гэрээ байгуулагдсан.
Нэхэмжлэгч Ч.Т “Б” компанийн хувьцааг дүрэмд заасан нэрлэсэн үнээр худалдаж, хариу төлбөрийг авсан баримт хэрэгт байгаа тохиолдолд уг компанийн хувьцааг дахин 1,500,000 ам.долларын үнээр хариуцагч нарт худалдсан гэж үзэхгүй бөгөөд шүүхүүд хэргийн энэ үйл баримтыг буруу дүгнэсэн.
4.3. Хоёр шатны шүүх зохигч талуудын 2014.12.18-нд байгуулсан гэрээнд заасан 1,500,000 ам.долларыг хамтран ажиллах гэрээний ногдол ашиг, эсхүл хувьцааны хариу төлбөр үнэ гэх зэргээр дүгнэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн гэрээний өөр өөр харилцаагаар зөрүүтэй тодорхойлж, нотлох баримтыг өөрөөр дүгнэсэн боловч тухайн гэрээ нь хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэлд хамаарах талаарх хариуцагчийн тайлбарт үндэслэлтэй дүгнэлт өгөөгүй.
Зохигч талуудын байгуулсан гэрээ нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1-д “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан эрх эдэлнэ” гэж, Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд газар ашиглагч нь энэ хуулийн 35.1.1, 35.1.2, 35.1.5, 35.3.1-35.3.5-д заасан болон бусад хууль тогтоомжид заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж тус тус заасныг зөрчсөн байдаг.
Мөн Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн” гэж заасан. Тодруулбал, тусгай хамгаалалттай газрыг бусдад шилжүүлэхийг (хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч хувьцаа, хувьцааны эрхийг бусдад шилжүүлэх замаар газрыг худалдах) хуулиар зөвшөөрөөгүй байна. Хариуцагч “Б” ХХК-ийн зүгээс шүүх хуралдааны эхэнд /мөн нэхэмжлэлд бичгээр гаргасан тайлбарт 600 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй талаар дурдсан/ 609.17 м.кв талбайтай нийт 3 орон сууцыг нэхэмжлэгч Ч.Т-т хүлээлгэн өгч тухайн хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, энэ хүрээнд шүүхүүд дүгнэлт өгөх үндэслэлтэй талаар тайлбар гаргадаг боловч хоёр шатны шүүх хариуцагчийн тайлбарыг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй. Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдох талаарх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлд заасныг хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ баримтлаагүй.
4.4. Хэрэгт авагдсан 2017.03.15-ны өдрийн нэмэлт гэрээнд хариуцагч Э.З нь оролцож гарын үсэг зурсан агуулгаар Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д заасныг хоёр шатны шүүх баримталсныг хууль буруу хэрэглэсэн, дээрх бичгийн баримтыг буруу үнэлсэн гэж үзнэ. Тухайлбал, Улсын бүртгэлийн газраас ирүүлсэн баримтаар нэхэмжлэгч нарын өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүд нь хариуцагч “Б” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байхад хоёр шатны шүүхээс өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримтыг хариуцагч Э.З-оос гаргуулж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзнэ. Хариуцагч Э.З нь дээрх гэрээнд иргэний хувиар үүрэг хүлээхээр гарын үсэг зурж оролцсон бус тухайн үед хуулийн этгээд “Б” ХХК дахь эрх бүхий албан тушаалтны хувиар буюу хуулийн этгээдийн хэлцлийг батлах хүрээнд оролцсон гэж үзэх үндэслэлтэй. Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг ойлгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасан бөгөөд хэргийн нотлох баримтаар нэхэмжлэгч нарын өмчлөгчөөр тогтоолгохоор шаардсан үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Э.З бодитоор эзэмшиж, ашиглаагүй, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдээгүй, түүнчлэн “Б” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлын хувиар шийдвэр гаргах эрхтэй гэх нөхцөл байдал хэргийн үйл баримтаар тогтоогдоогүй үед хариуцагч Э.З-оос нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн баримт бичгийг гаргуулахаар шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэхгүй юм. Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрээс нэхэмжлэгч Ч.Т-ыг орон сууцны хотхоны 8-р давхрын 804 тоот хаягт байрлах 110.58 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоосон хэсгийг хүчингүй болгуулахаар хяналтын журмаар гомдол гаргав.” гэжээ.
5. Хариуцагч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э-ын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026.02.13-ны өдрийн 001/ШХТ2026/00184 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6. Хариуцагч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
7. Нэхэмжлэгч Ч.Т, П.М, Ц.О нар нь хариуцагч “Б” ХХК, Э.З, Д.Э, Г.Т нарт холбогдуулан арилжааны гэрээний дагуу *** тоот, 8 дугаар давхрын 804 тоот, 10 дугаар давхрын 1001 тоот, 12 дугаар давхрын 1203 тоот, 14 дүгээр давхрын 1401 тоот хаягт байрлах 5 ширхэг орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, В-1 давхрын А-11, А-20, D-62, D-63, C-94, C-95, C-96 тоот хаягт байрлах автомашины зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Э, Т.Түвдэндорж нарт холбогдох шаардлагаасаа татгалзаж, шаардлагын үндэслэлээ “... Нэхэмжлэгч Ч.Т, П.М, Ц.О нар нь хариуцагч Э.З-той хувьцаа худалдах худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ, хамтран ажиллах гэрээг тус тус байгуулж, 2000 м.кв талбай бүхий *** хороонд байрлах газрын эзэмших эрхтэй “Б” ХХК-ийн 70 хувийн хувьцааг Э.З болон Т.Түвдэндорж нарт шилжүүлж, газрын үнэд 250,000 ам.долларыг урьдчилгаа хэлбэрээр хүлээн авч, үлдэх төлбөрт нь дээр дурдсан 5 ширхэг үл хөдлөх хөрөнгө, автозогсоолын зориулалттай 7 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг авахаар тохиролцсон боловч хариуцагч нар үүргээ биелүүлээгүй. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлд заасан арилжааны гэрээний харилцаа үүссэн тул маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг нэхэмжлэгч нарт хүлээлгэн өгөхийг хариуцагч нарт даалгахаар шаардах эрхтэй. Хариуцагч “Б” ХХК нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэлтэй гэх үндэслэлээр, хариуцагч Э.З нь хамтран ажиллах гэрээ болон хувьцаа худалдах худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээний оролцогч гэх үндэслэлээр хариуцагчаар тодорхойлсон. Нэхэмжлэгч нарын хувьд гэр бүл төрөл садангийн холбоотой учир маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхтэй. ...” гэж тодорхойлжээ.
8. Хариуцагч “Б” ХХК, Э.З нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “…2014 оны үед “Б” ХХК-ний эзэмшиж байсан 3031 м.кв талбайтай газрыг худалдан авах зорилготойгоор компанийн хувьцааг худалдах худалдан авах гэрээг байгуулж, 1 га тутмыг нь 500,000 ам.доллароор үнэлж, 500,000 ам.долларыг бэлнээр, үлдэх төлбөрт 600 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Ч.Т-т өгөхөөр тохиролцсон. Гэвч маргаан бүхий газар нь 3 га хэмжээнд хүрэхгүйгээс гадна газрын хэмжээ “БА” ХХК болон Ус сувгийн удирдах газрын Цэнгэг усны газартай давхцалтай болж таарсан тул 1,500,000 ам.доллароор газрын үнийг тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй. Мөн 2014.12.05-ны өдрийн хамтран ажиллах гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарна. Учир нь маргаан бүхий газар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан дархан цаазат газарт хамаарах ба дархан цаазат газрыг худалдах арилжих, ашиг олохыг мөн хуулийн 33 дугаар зүйлд хориглосон ... улмаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан, суртахууны хэм хэмжээнд харшилсан хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иймд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасан үр дагавар үүсэх хэдий ч маргаан бүхий 2 га газарт “Б” ХХК 18 давхар орон сууц, үйлчилгээний зориулалттай барилга бариад 2023 оны 11 дүгээр сард ашиглалтад оруулчихсан тул компанийн хувьцааг буцаан шилжүүлэх замаар газрыг Ч.Т-ын эзэмшилд буцаан шилжүүлэх боломжгүй ба хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн шаардсан 5 орон сууцнаас 3 ширхгийг буюу 8 давхрын 804 тоот 110.58 м.кв, 5 давхрын 503 тоот 216.8 м.кв, 12 дугаар давхрын 1203 тоот 281.79 м.кв хэмжээ бүхий нийт 609.17 м.кв талбай бүхий орон сууцуудыг гэрээний заалтаар шилжүүлэхэд татгалзахгүй. Эсхүл Монгол Улсын Засгийн газрын 2018.06.20-ны өдрийн 182 дугаар тогтоолын дагуу 2000 м.кв газрын үнэлгээг 250,000,000 төгрөгөөр тооцож үнийг төлөх боломжтой, ...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. ...” гэжээ.
9. Хариуцагч Г.Т нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Миний хувьд анхандаа Э.З-той хамтран өөрийн газартай “Б” ХХК-ийг шилжүүлэн авч, барилга барих төсөл хэрэгжүүлэхээр анхны хөрөнгө босгож, хамтран ажиллах байсан боловч тухайн үед өөр ажил давхацсан учир цаашид хамтарч ажиллахаас татгалзаж, хөрөнгө оруулалтаа Э.З дангаар гаргаж, цаашид уг төслөө өөрөө хэрэгжүүлэхээр болсон. Иймээс миний хувьд цаашид хөрөнгө мөнгөний оролцоогүйгээс тус төслийг хэрэгжүүлэх, хөрөнгө мөнгийг захиран зарцуулахад хамааралгүй. ...” гэжээ.
10. Хариуцагч “Б” ХХК нь нэхэмжлэгч Ч.Т, П.М, Ц.О нарт холбогдуулан хохирол 1,002,251,532 төгрөг, 0.1 га газрын үнэд төлсөн 250,000 ам.доллар буюу 898,532,500 төгрөг, нийт 1,900,784,032 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц.О, П.М нарт холбогдох шаардлагаасаа татгалзаж, үндэслэлээ “... Талууд 3031 м.кв газрын үнийг 1,500,000 ам.доллар байхаар тохиролцож, барилгын ажлыг эхлүүлсэн. Гэтэл 1000 м.кв газрыг сунгах боломжгүй нөхцөл байдал бий болсон төдийгүй талбайн хэмжээгээ хэтрүүлэн ашигласан гэх үндэслэлээр зөрчлийн торгуульд 5,000,000 төгрөг, хэтрүүлэн ашигласан газрын нөхөн төлбөрт Цэнгэг усны газарт 45,734,532 төгрөг, “БА” ХХК-ийн 267.11 м.кв газрыг ашигласны төлбөрт 956,517,000 төгрөгийн үнэ бүхий 110 м.кв талбай орон сууцыг шилжүүлэн өгсөн. Үүний дараа 2017 онд зохих хүсэлтийг холбогдох зардлын хамт гаргаж, талбайн хэмжээг 597.86 м.кв хэмжээгээр нэмэгдүүлж, 2597.86 м.кв хэмжээтэй газрыг эзэмших болсон. Ийнхүү талууд гэрээ байгуулах цаг үед аман хэлцэл хэлбэрээр бодитойгоор шилжүүлэн өгөхөөр тохиролцсон хэмжээнээс бага хэмжээтэй газрыг шилжүүлсний улмаас учирсан хохирол гэж үзэж байгаа тул дээрх төлбөрүүдийг нэгтгэн 1,002,251,532 төгрөгийг нэхэмжлэгч Ч.Т-аас гаргуулахаар шаардах эрхтэй. 250,000 ам.доллар буюу 898,232,500 төгрөгийг гаргуулах шаардлагын хувьд, нэгэнт 1 га газрыг сунгаж авах боломжтой гэж ойлгуулж 500,000 ам.долларын урьдчилгаа авах нөхцөлийг бүрдүүлж, 250,000 ам.долларыг үндэслэлгүйгээр авсан. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар тухайн төлбөрийг буцаан шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.” гэж тодорхойлжээ.
11. Нэхэмжлэгч Ч.Т сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “… гэрээнээс учирсан бодит хохирол биш, баримтаар тогтоогдоогүй.” гэж маргажээ.
12. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ц.О, П.М нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ч.Т-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч “Б” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба шийдвэрт:
12.1. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: “... Ч.Т, Г.Т, Э.З нарын хооронд 2014.12.18-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулагдаж, “Б” ХХК-ийн эзэмшлийн *** хороо, Зайсан толгойн аманд байрлах 0.2 га газарт хөрөнгө оруулж барилга барихаар, хөрөнгө оруулагч тал болох Э.З, Г.Т нар нь Ч.Т-аас “Б” ХХК-ийн хувьцааг 1,500,000 ам.доллароор худалдан авахаар, урьдчилгаа төлбөрт 500,000 ам.доллар, үлдэгдэл төлбөрт 600 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хүлээлгэн өгөхөөр тохиролцсон болох нь тогтоогдсон. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.3-т зааснаар ... нэхэмжлэгч Ч.Т, хариуцагч Э.З нар хамтран ажиллах гэрээний ерөнхий нөхцөл хэсэгт гэрээний зорилгыг, талуудын хамтын ажиллагааны үндсэн нөхцөл хэсэгт хөрөнгө оруулагч болон хувьцаа эзэмшигчийн эрх үүргийг, талуудын хоорондох төлбөр тооцоо хэсэгт ашиг хуваарилах журмыг тусгаснаас гадна гэрээний үргэлжлэх хугацаа, талуудын хүлээх хариуцлага зэргийг тус тус харилцан тохиролцсон нь хуулийн дээрх зохицуулалтад нийцэж байна. Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.2-т зааснаар ... хамтран ажиллах гэрээний зорилгыг хэрэгжүүлэх үүднээс компанийн хувьцаа худалдах худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээ байгуулах замаар хариуцагч Э.З нь “Б” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлж, улмаар барилга барих хамтын үйл ажиллагааг хэрэгжүүлсэн болох нь тогтоогдож байгаа тохиолдолд уг үйл баримтыг хамтран ажиллах гэрээний хураамж төлөх хэлбэр гэж үзэв. ... Хариуцагч хамтран ажиллах болон хувьцаа худалдах худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаж, хувьцаа худалдах худалдан авах гэрээгээр халхавчилж газар эзэмших эрхийг худалдаж байгаа нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарна гэж маргах хэдий ч хувьцаа худалдах худалдан авах болон компанийн эрх шилжүүлэх гэрээг хамтран ажиллах гэрээний зорилгыг хэрэгжүүлэх үүднээс хураамж төлөх хэлбэр гэж дүгнэсэн тул хуульд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарахгүй. Иймд талууд хамтран ажиллах гэрээний үүрэгт нэхэмжлэгч Ч.Т-т ногдох ашгийн хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцсон болох нь бичгийн баримтаар тогтоогдсон гэж дүгнээд ... нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав. Хариуцагч “Б” ХХК нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хаяг байршлыг зааж, нэхэмжлэгчид хуваарилах орон сууцны талбайн хэмжээг тухай бүр П.М-тэй тохиролцож байсан нь бичгийн баримтаар тогтоогдох боловч уг бичгийн баримтыг “Б” ХХК үйлдэж байсныг харгалзан үзээд “Б” ХХК-ийн гэрээний үүрэгт маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэх хүсэл зоригоо илэрхийлсэн, тухайн илэрхийлэл хүчин төгөлдөр гэж үзнэ. Нэхэмжлэгч П.М, Ц.О нарын тухайд, маргаан бүхий эрх зүйн харилцааны оролцогч биш байх тул Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно гэж заасанд хамаарахгүй гэх үндэслэлээр тэдний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байна. ...”
12.2. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд “… Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заажээ. Хэргийн баримтаар 2014.12.18-ны өдөр Ч.Т, Г.Т, Э.З нарын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээнд “Б” ХХК нь Хан-Уул дүүрэгт Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалтын нутаг дэвсгэрт орших *** дугаар гэрчилгээ бүхий 0.2 га газрыг эзэмшдэг болохыг дурдсан, ... дээрх үйл баримт болон гэрээний заалтыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д заасанд нийцүүлэн харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгч Ч.Т нь хамтран ажиллах гэрээгээр тохиролцсон 2 га газрын эзэмших эрхийг хариуцагчид хувьцаа худалдах замаар шилжүүлэх үүргээ зөрчсөн, маргаан бүхий газар гэрээгээр тохиролцсон хэмжээнээс бага, эсхүл эрхийн доголдолтой байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Нөгөө талаас газрын хэмжээг хэтрүүлсэн, бусад хуулийн этгээдийн хууль ёсны эзэмших эрхтэй газартай тухайн газар нь давхацсаны улмаас дээрх хохирол учирсан болох нь бичгийн баримтаар тогтоогдохгүй байх тул хохирол 1,002,251,532 төгрөг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй. Маргаан бүхий хамтран ажиллах гэрээгээр газар дээр хөрөнгө оруулж хамтран ажиллах үйл ажиллагааны зорилгыг хэрэгжүүлэхдээ газар эзэмших эрх бүхий хуулийн этгээдийн эрхийг хувьцаа худалдах худалдан авах хэлбэрээр гэрээний нөгөө талдаа шилжүүлсэн нь хэлцэл хүчин төгөлдөр байх хуулийн дээрх зохицуулалтад хамаарахгүй, ... гэрээгээр 3031 м.кв газрыг шилжүүлэхээр аман хэлцэл хэлбэрээр тохиролцсон болох нь бичгийн болон бусад баримтаар тогтоогдохгүйгээс гадна хамтран ажиллах гэрээнд 2 га гэж дурдагдсан, газар эзэмших эрхийн гэрчилгээнд 2 га гэж дурдагдсан үйл баримтаар тус тус тус үгүйсгэгдэж байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1д заасан хэлцэл хүчин төгөлдөр бус байх, эсхүл 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй. ...” гэж тус тус дүгнэжээ.
13. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн ба магадлалд:
13.1. “... Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар нь хамтран хариуцагч Д.Э, Г.Т нарт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримт гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа, мөн хариуцагч “Б” ХХК нь П.М, Ц.О нарт холбогдуулан гаргасан хохиролд 1,900,784,032 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзсан байх тул шүүх дээрх татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасантай нийцжээ.
13.2. Анхан шатны шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн хэмээн зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж чадаагүй. Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээх бөгөөд Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар хоёр талын хүсэл зоригийн илэрхийлэл нэгдсэн байхыг шаардана. Хэрэгт авагдсан “Хамтран ажиллах гэрээ”-ний 2.1.1, 2.1.3, 2.1.6, 2.1.10, 2.2.3-д зааснаас үзвэл ... гэрээний тохиролцоо болоод нэг цаг хугацаанд хамт байгуулагдсан компанийн хувьцаа худалдах худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ, түүнчлэн энэ гэрээний дагуу урьдчилгаа 250,000 ам.долларыг нэхэмжлэгч хүлээн авсан байдал зэргийг харьцуулж, гэрээг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2, 198.5 дах хэсэгт заасан журмын дагуу тайлбарлавал талууд ашиглах эрхтэй газарт орон сууцны барилга барихын тулд хамтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр хамтран ажиллах үүрэг хүлээсэн гэж үзэхээс илүүтэйгээр харин ашиглах эрх бүхий газартай “Б” компанийн хувьцааг 1,500,000 ам.доллароор худалдах худалдан авах хүсэл зоригийг хэн аль нь илэрхийлсэн гэж дүгнэхээр байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.
13.3. Талуудын хооронд байгуулсан 2014.12.18-ны өдрийн гэрээний гол нөхцөл нь Худалдагч нь газар ашиглах эрхтэй “Б” ХХК-ийн 70 хувийн компанийн хувьцаагаа худалдан авагчид шилжүүлэх, худалдан авагч хувьцааны үнэд 1,500,000 ам доллар төлөх үүрэг хүлээсэн тул дээрх гэрээг байгуулахад Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1.1 дэх “ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулах ашиглуулах”-ыг хориглосон хуулийн хэм хэмжээ гэрээний хүчин төгөлдөр байдалд шууд хамааралгүй байна.
13.4. Анхан шатны шүүхээс хариуцагчийн гэрээний үүрэгт төлбөл зохих үүргийн хэмжээг 5 ширхэг 830,33 м.кв талбайтай орон сууц, 7 ширхэг авто зогсоол хэмээн тодорхойлж, улмаар нэхэмжлэгч Ч.Т-ын гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлж чадаагүй. Талууд 2014 онд байгуулсан гэрээндээ 2017.01.23-ны өдөр, 2017.03.15-ны өдөр тус тус нэмэлт оруулсан тул сүүлийн нэмэлт гэрээнд тусгагдсаны дагуу маргаан бүхий барилгаас 719.75 м.кв талбайд дүйцэх 4 ширхэг орон сууц болон 7 ширхэг автозогсоолыг нэхэмжлэгч шаардах нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасантай нийцнэ. Дээрх үндэслэлээр нэмэлт гэрээний дагуу 719,75 м.кв талбайд дүйцэх 4 ширхэг орон сууц /503, 804, 1203, 1401 тоот/, 7 ширхэг автозогсоолын /А-11, А-20, D-62, D-63, C-94, C-95, C-96 тоот/ өмчлөгчөөр нэхэмжлэгч Ч.Т-ыг тогтоож, харин үлдэх нэг ширхэг орон сууц буюу 10 дугаар давхрын 1001 тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгчөөр тогтоох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт энэ талаарх зохих өөрчлөлтийг оруулна.
13.5. Иргэн Э.З болон “Б” ХХК нар 2017.03.15-ны өдрийн нэмэлт гэрээнд оролцсоноор Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар үүргийг хамтран хариуцахаар хүсэл зоригоо илэрхийлж тохиролцсон гэж үзэх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
13.6. Анхан шатны шүүх хариуцагч “Б” ХХК-ийн гаргасан хохирол 1,900,484,032 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлсэн. Талуудын хоорондох 2014.12.18-ны өдрийн гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарахгүй тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар шаардах эрх үүсээгүй байна. Хэрэгт авагдсан гэрээний ерөнхий нөхцөлийн А-д газрын хэмжээ 0,2 га гэж дурдсан, гэрээ байгуулах үед “Б” ХХК-д Байгаль орчин аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 0,2 га талбайг таван жилийн хугацаагаар ашиглах эрхийг олгосон 2011.10.10-ны өдрийн гэрчилгээ олгогдсон байсан нь хэргийн баримтаар тогтоогдсон тул биет байдлын болон эрхийн доголдолгүй гэж үзсэн анхан шатны дүгнэлт Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д заасантай нийцнэ. Гэрээ байгуулагдах үедээ ашиглах эрхтэй 0,2 га газрын хэмжээгээ илүү гаргаж 0,3 га газраар хашаалсан байсан үйл баримтыг хариуцагч мэдэж байснаас гадна талууд гэрээний үнийг тогтоохдоо газрын хэмжээтэй уялдуулж 0,1 га тутамд 500,000 ам.доллар байхаар нөхцөлөө тохирсон болохоо хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлж чадаагүй байна. ...” гэжээ.
14. Дээрх байдлаар хоёр шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг өөр өөрөөр тодорхойлж, ялгаатай шийдэл гаргасан ба энэ талаарх хариуцагч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
15. Хоёр шатны шүүхийн дүгнэснээр хэргийн баримтаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
15.1. Нэхэмжлэгч Ч.Т болон хариуцагч Э.З, Г.Т нарын хооронд 2014.12.05-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж гэрээгээр Ч.Т нь “Б” ХХК-ийн 70 хувийн хувьцаа, түүнтэй холбоотой эрхийг Э.З, Г.Т нарт шилжүүлэх, худалдан авагч нар нь төлбөр 700,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн,
15.2. Талууд 2014.12.05-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж, гэрээнд Хувьцаа эзэмшигчийн 100 хувийн эзэмшлийн “Б” ХХК нь Улаанбаатар хот, *** 0,2 га газрыг Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас олгосон улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн *** дугаартай гэрчилгээ, гэрээний дагуу хууль ёсоор эзэмшдэг болохыг болон Хөрөнгө оруулагч нь ... зоорийн давхар бүхий 16 давхар орон сууцны барилгыг өөрийн хөрөнгөөр барих хүсэлтэй болохыг тус тус зааж, гэрээний 3.1-д “Хөрөнгө оруулагч нь “Б” ХХК-ийн хувьцааг 1,500,000 (нэг сая таван зуун мянга)-н ам.доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр Хувьцаа эзэмшигчээс худалдан авна.” 3.2-т зааснаар 300,000 ам.долларыг гэрээ байгуулснаас хойш 10 хоногийн дотор, 200,000 ам.долларыг 2015.05.31-ний өдрөөс өмнө тус тус төлөх, үлдэгдэл төлбөр 1,000,000 (нэг сая) ам.доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгт орон сууцны барилгаас 600 м.кв талбай бүхий орон сууц болон автомашины зогсоол авах, үүнд 4 айлын орон сууц (тухайлбал 4 өрөө сууц-2 ширхэг, 3 өрөө сууц 2 ширхэг) ноогдох, хувьцаа эзэмшигчийн сонгосон орон сууц болон автомашины зогсоол нь харилцан хамааралтай байх бөгөөд ... нийт 7 автомашины зогсоол байхаар тохиролцсон,
15.3. Ч.Т, Г.Т нарын хооронд 2014.12.26-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээ тус тус байгуулагдаж, гэрээгээр “Б” ХХК-ийн үндсэн хөрөнгө болон хувь нийлүүлсэн хөрөнгийн 35% хувьцааг шилжүүлэх, Ч.Т, Э.З нарын хооронд 2014.12.26-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээ тус тус байгуулагдаж, гэрээгээр “Б” ХХК-ийн үндсэн хөрөнгө болон хувь нийлүүлсэн хөрөнгийн 35% хувьцааг шилжүүлэх, хувьцааны тоог тус бүр 350 ширхэг, нэг бүрийн үнэ 1,000 төгрөг, нийт 350,000 төгрөг байхаар тохиролцсон,
15.4. 2017.02.22-ны өдөр Ч.Т болон Э.З нарын хооронд компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулагдаж, гэрээгээр эрх шилжүүлэгч тал өөрийн эзэмшлийн хувьцаанаас 100 хувийн хувьцааг эзэмших эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх, үүрэг, хариуцлага, эд хөрөнгийг эрх хүлээн авагч талд шилжүүлэхээр, мөн өдөр талуудын хороонд хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, гэрээгээр “Б” ХХК-ийн дүрмийн сангийн 30 хувийн хувьцааг шилжүүлэхээр, худалдаж буй хувьцаа нэг бүр нь 1000 төгрөгийн үнэтэй, 300 ширхэг нийт 300,000 /гурван зуун мянган төгрөг/-ийн үнэтэй байхаар тус тус тохиролцсон,
15.5. Хариуцагч Э.З нэхэмжлэгчид хувьцааны үнэд 250,000 ам.долларыг төлсөн,
15.6. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2023.11.20-ны өдрийн 2023/11 дүгээр дүгнэлт гарч хариуцагч “Б” ХХК нь *** хороонд баригдсан онцгой төвөгшилтэй ангиллын 16 агуулах, 104 автомашины зогсоол, 18 давхар бүхий аялал жуулчлал, зочид буудал, үйлчилгээтэй апартмент төвийн зориулалттай, 62 айлын барилга байгууламжийг ашиглалтад оруулсан зэрэг болно.
16. Зохигч дээр дурдсан тэдний хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон компанийн эзэмших эрх бүхий газар нь тохиролцсон хэмжээнээс бага байсны улмаас нэмэлт зардал гарч хохирол учирсан эсэх нь маргааны зүйл болжээ.
17. Анхан шатны шүүх зохигчийн хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзжээ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж, 476 дугаар зүйлийн 476.1-д “Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ.” гэж тус тус заасан.
Талууд байгуулсан гэрээгээ мөн дээрх байдлаар худалдах, худалдан авах, хамтран ажиллах гэх зэргээр нэрлэсэн бөгөөд тэдний хүсэл зоригийн илэрхийлэл, түүний агуулгыг тайлбарлах замаар үүссэн харилцааг тодорхойлох нь зүйтэй.
Дээрх гэрээний агуулгаас болон зохигчийн тайлбараас үзэхэд талууд газар эзэмших эрхтэй “Б” ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах, хувьцааны үнэд 1,500,000 ам.доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөг шилжүүлэхээр тохиролцсон, энэхүү хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр байна.
Нэхэмжлэгч Ч.Т болон хариуцагч Э.З, Г.Т нарын хооронд хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээ, хамтран ажиллах гэрээ тус тус байгуулагдсан, нэхэмжлэгч шаардлагаа Э.З болон “Б” ХХК-аас гадна Г.Т-д холбогдуулан гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүнд холбогдох нэхэмжлэлээс татгалзсан, Г.Т-ийн “... хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, цаашид төслийг Э.З хэрэгжүүлэхээр тохиролцсон ...” гэсэн агуулга бүхий тайлбарыг хариуцагч нар эсэргүүцээгүй нөхцөл байдал тогтоогдсон.
Иймээс нэхэмжлэгч Ч.Т болон хариуцагч Э.З нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх бөгөөд компанийн эзэмших эрхтэй газарт орон сууцны барилга барихын тулд хамтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр хамтран ажиллах үүрэг хүлээсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүйг анхан шатны шүүх анхаараагүй, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсныг давж заалдах шатны шүүх залруулсан нь үндэслэлтэй.
Өөрөөр хэлбэл талууд 2014.12.05-ны өдөр байгуулагдсан гэрээг хамтран ажиллах гэж нэрлэсэн боловч гэрээнд “Б” ХХК нь Улаанбаатар хот, ***0,2 га газрыг Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас олгосон улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн *** дугаартай гэрчилгээ, гэрээний дагуу хууль ёсоор эзэмшдэг, хөрөнгө оруулагч нь хувьцаа эзэмшигчийн эзэмшиж буй газар нь аялал жуулчлалын зориулалтаар олгогдсон болохыг мэдэж байгаа бөгөөд зохих төрийн захиргааны байгууллагын зөвшөөрлийг өөрөө авсны үндсэн дээр зоорийн давхар бүхий 16 давхар орон сууцны барилгыг өөрийн хөрөнгөөр барих хүсэлтэй байгаа гэж зааснаас үзэхэд энэ нь хамтран ажиллах гэрээний шинж болох ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах агуулгыг илэрхийлээгүй байна.
Түүнчлэн талууд газар эзэмших эрх бүхий компанийн хувьцааг худалдахдаа хувьцааны үнэд бэлэн мөнгө болон үл хөдлөх эд хөрөнгө авахаар тохиролцсон буюу тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээсэн нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д заасан арилжааны гэрээний шинжийг агуулсан, холимог гэрээ байх боловч давж заалдах шатны шүүх гэрээний агуулгыг тайлбарлахдаа Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт хамаарах хэм хэмжээг баримталсан нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5-д заасантай нийцсэн.
18. Улмаар давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Ч.Т-ыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар 2017.03.15-ны өдрийн гэрээний дагуу 719.75 м.кв талбайд дүйцэх 4 ширхэг орон сууц болон 7 ширхэг автозогсоолыг шаардах эрхтэй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчөөгүй, үндэслэл бүхий болсон.
Учир нь талууд анх 2014.12.18-ны өдрийн гэрээнд хувьцааны үнэд 600 м.кв талбай бүхий 4 ширхэг орон сууц, 7 автомашины зогсоол авахаар тохиролцсон байсан боловч сүүлийн байдлаар 2017.03.15-ны өдрийн гэрээгээр уг 600 м.кв талбай бүхий нийт 4 орон сууц гэснийг 719.75 м.кв талбай бүхий гэж нийт талбайн хэмжээг өөрчилж тусгасан талуудын хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр байх бөгөөд анхны тохиролцоог энэ гэрээгээр өөрчилсөн гэж үзнэ.
Талууд орон сууцны нийт талбайн хэмжээ, түүнд ногдох орон сууцны давхар, байршил, түүний талаар тохиролцож, 2017.01.23-ны өдөр болон 2017.03.15-ны өдөр тус тус гэрээг П.М-тэй байгуулсан байх боловч гэрээнд “уг гэрээ нь 2014 онд хийсэн гэрээний нэмэлт тул тус гэрээний салшгүй хэсэг нь мөн болно” гэж зааснаас үзэхэд болон гэрээнд хариуцагч “Б” ХХК-ийг төлөөлж Э.З оролцсон байдлыг харгалзан талуудын 2017.03.15-ны өдрийн гэрээгээр тохиролцсон хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.
Харин анхан шатны шүүх дээрх байдлаар талууд орон сууцны талбайн хэмжээ, байршил, тооны талаар П.М-тэй удаа дараа тохиролцож байсан хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр гэж үзсэн атлаа хариуцагч “Б” ХХК-аас 2023.08.17-ны өдөр П.М-д хүргүүлсэн албан бичгийг үндэслэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хуульд заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байна.
Тодруулбал, хариуцагч “Б” ХХК-аас 2023.08.17-ны өдрийн 172/23 дугаартай албан бичигтээ нийт 5 ширхэг орон сууц, 7 ширхэг авто зогсоол шилжүүлэхээр дурдсан боловч 2023.08.28-ны өдрийн 179/23 тоот албан бичгээр дээрх саналаа хүчингүй болгосон тухай мэдэгдсэн, энэ нь зөвхөн нэг талын хүсэл зориг байхаас гадна талууд уг албан бичигт заасан нөхцөлөөр тухайлан харилцан тохиролцож, гэрээний нөхцөлийг өөрчилсөн гэж үзэх үндэслэлгүй болохыг давж заалдах шатны шүүх дүгнэж, анхан шатны шүүхийн алдааг залруулсан нь үндэслэлтэй.
Мөн давж заалдах шатны шүүх 2017.03.15-ны гэрээний дагуу 719,75 м.кв талбайд дүйцэх 4 ширхэг орон сууц /503, 804, 1203, 1401 тоот/, 7 ширхэг автозогсоолын /А-11, А-20, D-62, D-63, C-94, C-95, C-96 тоот/ өмчлөгчөөр нэхэмжлэгч Ч.Т-ыг тогтоож, 10 дугаар давхрын 1001 тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгчөөр тогтоох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ талбайн хэмжээ адилхан гурван ширхэг орон сууцнаас талуудын тохиролцоог харгалзан орон сууцны байршил, давхар, талбайн хэмжээг тогтоосон нь Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2-т заасан хүсэл зоригийг тайлбарлах арга, зарчимд нийцсэн гэж үзнэ.
19. Нэхэмжлэгч Ч.Т болон Э.З нарын хооронд хамтран ажиллах гэрээ, хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээ байгуулагдаж байсан, тэдний хүсэл зоригийн илэрхийлэл хэрэгжиж, улмаар нэхэмжлэгчид ногдох орон сууцны нийт талбайн хэмжээ, давхар, байршлын талаар тохиролцоход хариуцагч Э.З нь “Б” ХХК-ийг төлөөлж оролцсон зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул хоёр шатны шүүх түүнийг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэн гэрээний үүргийг хариуцуулсан нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д нийцсэн, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн.
20. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.” бөгөөд талууд гэрээгээр газар ашиглах эрхтэй “Б” ХХК-ийн хувьцааг худалдах-худалдан авах, худалдан авагч хувьцааны үнэд 1,500,000 ам.доллар төлөх үүрэг хүлээхээр тохиролцсон нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан “ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулах ашиглуулах”-ыг хориглосон хуулийн хэм хэмжээг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй ба энэхүү нөхцөл байдал нь гэрээний хүчин төгөлдөр байдалд хамааралгүй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
21. Хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулагдсан гэрээ болон газар эзэмших эрхийн гэрчилгээнд газрын хэмжээг 0,2 га гэж тусгасан байх бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчид биет байдлын болон эрхийн доголдолтой хөрөнгө шилжүүлсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
22. Иймээс талуудын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан” хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүйн гадна хариуцагч “Б” ХХК-д Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан шаардах эрх үүсээгүй, эд хөрөнгийн доголдолтой холбоотой зардал гаргаж, хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй тул хоёр шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.
23. Эдгээр үндэслэлээр давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тогтоож, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2025/02149 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч “Б” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026.01.19-ний өдөр төлсөн 4,471,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАТЧИМЭГ
Э.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН